Categories
мэдээ нийгэм

Дипломат ёслолын алдаа гаргасандаа уучлал гуйжээ

Чингис хааны зурагтай хивсэн дээр тавагтай идээ тавьсан зураг нийгмийн сүлжээнд нийтлэгдэж, олон нийтийн шүүмжлэлд өртсөн.

Уг зураг нь Куба улс дахь Элчин сайдын байранд болсон Цагаан сарын ёслолын үеийн зураг байсан ба шүүмжлэлд өртсөн сайд Ш.Батцэцэг нийгмийн сүлжээгээр дамжуулан уучлал хүсчээ.

Тодруулбал, Цагаан сарын баярыг тохиолдуулан улс орноо сурталчилах, иргэдтэйгээ золгох явцад дипломат ёслолын алдаа гаргасан үйлдэлдээ албан ёсоор өргөн олон түмнээсээ уучлал гуйж байна гэжээ.

Categories
мэдээ спорт

Брүүклин Нетс 8 дараалан хожигджээ

Денвэр Наггетс, Брүүклин Нетс багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж, 124:104 харьцаагаар Наггетс хожлоо. Ингэснээр Брүүклин Нетс баг сүүлийн найман тоглолтдоо дараалан хожигдоод байгаа юм.

Өнөөдрийн тоглолтод Наггетсаас Никола Йокич 27 оноотой трибл дабл, Вилл Бартон 21 оноо 6 самбар авсан байна. Харин Нетсээс Кайри Ирвинг 27 оноо 11 дамжуулалт, Блэйк Гриффин 19 оноо 4 самбар авчээ.

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Хичээл эхлэхтэй холбоотойгоор нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөн нэмэгдэж байна

Цагдаагийн байгууллагаас олон улсын болон улсын чанартай 10,200 км хатуу хучилттай авто зам болон 360 сум, суурин газрыг холбосон замуудад цагийн менежментээр цагдаагийн төрөл, мэргэжлийн албадын алба хаагчид 50 км тутамд, удирдах бүрэлдэхүүн 100 км тутамд хяналт тавин ажиллажээ.

24 цагаар орон нутагт 231 хяналтын цэгт 550, нийслэл хотод 247 цэгт 800-1,000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажилласны үр дүнд олон улсын болон улсын чанартай авто замд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй бөгөөд баярын өдрүүдэд гарсан хоёр хүний амь хохирсон осол нь суурин газар /хашаан дотор/-т бүртгэгдсэн байна.

Эдгээр өдрүүдэд нийслэл хотоос 30 мянган тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд хөдөлгөөнд оролцжээ.

Оюутан, сурагчдын улирлын амралт дуусаж, хичээл эхлэхтэй холбоотойгоор нийслэл хот руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ачаалал ихсэх хандлагатай байгаа тул иргэд жолооч та бүхэн аюулгүй байдлаа хангаж, зам орчны байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хулгайлсан эмэгтэй “Согтуу байсан учир юу ч санахгүй байна” гэж мэдүүлжээ

Сонгинохайрхан дүүрэг, Био комбинат орчим байрлах 40-р байрны гаднаас бага насны хүүхэд алга болсон тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал 13:00 цагийн үед долоон настай М охиныг байрных нь гаднаас 25-30 орчим насны үл таних эмэгтэй хүн дагуулан авч явсныг олсон бөгөөд тухайн эмэгтэйг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж буй тухай хүүхдийн ар гэрээс мэдээлсэн.

Харин цагдаагийн байгууллагаас тодруулахад:

“7 настай, эмэгтэй М-ийг төрсөн ээжийнх нь найз болох 28 настай, эмэгтэй С.А гэгч нь 2022.02.05-ны өдөр хүүхдийн оршин суугаа хаягт ирж “Хамт тоглоомын талбайд тоглоё,” гэж хуурч гэрээс нь гаргаад авч явсан” гэх мэдээллийг өгөөд буй.

Тэгвэл тухайн эмэгтэй өмнө залилангийн хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд согтуу байсан учир юу ч санахгүй байна хэмээн мэдүүлжээ. Сэжигтэн А ээжийг нь эзгүй байгааг далимдуулан охиныг нь хуурч зочид буудалд хоносон гэх бөгөөд зодож, хүчирхийлсэн шинжгүй байна. Гэвч өдгөө охины бие гэмтсэн эсэхийг шалгуулахаар ШШҮХ-д хандаад байгаа аж.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, ганцааранг нь дэлгүүр явуулахгүй, тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм

Хулгайн гэмт хэрэг 5.5 дахин ихэсчээ

Улсын хэмжээнд 1-р сарын 31-нээс энэ сарын 6-ныг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага 11 017 дуудлага хүлээн авчээ. Тэдгээрийг задалбал, гэмт хэргийн шинжтэй 547, зам тээврийн ослын шинжтэй 1259, зөрчлийн шинжтэй 9211 дуудлага мэдээлэл байсан байна.

Сар шинийн баярын өдрүүдээр буюу шинийн нэгний нар харах, уул, овоонд гарч ёслол үйлдэх гэж иргэдийн олноор очдог 84 байршилд цагдаа нар хэв журам сахиулж, зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлж ажиллажээ.

Мөн гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээллийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал, хулгайн гэмт хэрэг 5.5 дахин, хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг 31.2 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 70 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 68 хувиар тус тус ихэссэн байна.

2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр

  • согтууруулах ундаа худалдан борлуулсан, түүгээр үйлчилсэн талаарх иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу 7,
  • тусгай зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн 2,
  • насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн 2,
  • гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 32, нийт 43 зөрчил илрүүлж, 3 хуулийн этгээд, 29 хүнд 2.9 сая төгрөгийн торгууль оногдуулж, 11 зөрчилд шалгалтын ажиллагаа явуулж байна.

Мөн улсын хэмжээнд гудамж замын хяналт шалгалтаар нийт 6.712 зөрчил илрүүлснээс:

  • жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 78,
  • согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 475 зөрчил илрүүлж,
  • эрэн сурвалжлагдаж байсан 52 хүнийг саатуулж,
  • 6 137 хүнд 375.1 сая төгрөгийн торгууль оногдуулж,
  • зөрчилтэй 207 хүний жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан байна.
Categories
мэдээ нийгэм

Сар шинийн өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 31 хүн гэмтжээ


Сар шинийн баярын өдрүүдээр буюу хоёрдугаар сарын 01-05-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 299 дуудлага мэдээллийг ирүүлжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэл болон орон нутагт 31 хүн гэмтэж бэртсэн байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 414 зөрчил бүртгэгдсэний

  • нийслэлд 228,
  • орон нутагт 168 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

2022 оны сар шинийн баяр, амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн осол хэргийн үзүүлэлтийг 2019 оны сар шинийн баяр, амралтын өдрүүдтэй харьцуулахад:

  • Гэмтсэн хүн улсын хэмжээнд 27.9%, нийслэлд 50.0%,
  • согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил улсын хэмжээнд 3.7%, нийслэлд 21.1% буурч,
  • гэмтсэн хүн орон нутагт 23.1%, нийслэлд 2 дахин,
  • согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн илрүүлэлт орон нутагт 31.9% өссөн үзүүлэлттэй байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

Гадаад иргэний визийг хүчингүй болгох үндэслэлүүд юу вэ?

Виз, визийн зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлийг Гадаадын иргэн, харьяатын газраас танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоол, Монгол Улсын виз олгох журмын наймдугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан дараах үндэслэлээр виз, визийн зөвшөөрлийг хүчингүй болгох аж.

Үүнд:

  1. Монгол Улсад орохыг үл зөвшөөрсөн хуульд заасан үндэслэл байгаа тохиолдолд;
  2. Уригчийн үндэслэл бүхий хүсэлтийг харгалзан;
  3. Эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн саналыг харгалзан;
  4. Визийн хуудас засвартай, бичилт, тэмдэглэгээ алдаатай;
  5. Албадан гаргаж байгаа;
  6. Визийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй олгосон;
  7. Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон;
  8. Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн санал, дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгоно.

Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн нь гадаадын иргэн, уригч, ажил олгогчид виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болдог байна. Визийг хүчингүй болгохдоо визийн хуудас дээр “хүчингүй” буюу “void” тэмдэг дарна.

Монгол Улсын виз олгох журмын 8.1.1-д заасан шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн нь тогтоогдсон үндэслэлээр виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан, 8.2.7-д заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон үндэслэлээр виз, визийн зөвшөөрлийг хүчингүй болгосон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дараа хүсэлтээ дахин гаргаж болно гэж заажээ.
Categories
мэдээ нийгэм

“Улаанбуудайн урамшуулалд нийт 21.5 тэрбум төгрөг олгоно” гэв

2021 оны ургацаас стандартын шаардлага хангасан 269 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 12 аймгийн 613 иргэн, байгууллагад мөнгөн урамшуулал олгох ажил энэ сарын 1-нээс эхэлжээ.

Эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүд Хөдөө аж ахуйг дэмжих сан, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газар болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд шаардлага хангасан буудай нийлүүлсэн байна.

Урамшуулал олгохдоо нэг тонн тутмыг нь 80 мянган төгрөгөөр тооцож, нийт 21.5 тэрбум төгрөгийг олгож байна хэмээн Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.

Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 мянган төгрөг байхаар Засгийн газраас шийдвэрлэсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан болно

Монгол Улсын Консерваторийн БЦМС, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдааныг зохион байгуулахаар болжээ. Монгол Улсын Консерваторийн 85 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ардын багш, гавьяат жүжигчин, профессор Гарамын Долгорсүрэнгийн нэрэмжит Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан ирэх гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 28-нд зохион байгуулагдахаар болсон байна. Г.Долгорсүрэн өөрийн амьдралыг бүжгийн урлагт зориулж, түүнээс 50 гаруй жил МУ-ын Консерваторид үр бүтээлтэй ажиллахдаа, монгол бүжгийн системтэй дэг сургалтын суурийг тавьсан алдарт багш, сурган хүмүүжүүлэгч юм. 2023 онд тохиох түүний мэндэлсний 100 жилийн ойг угтсан тус уралдааныг цаашид гурван жил тутамд тогтмол зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах боловч, 9-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 02 сарын 07-ны 20 цагаас 02 сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 35-40 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10-15 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.


2022 оны 02 дугаар сарын 09-нөөс 02 дугаар сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зарим газраар, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар, 11-нд говь, талын нутгаар, 12-нд говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 9-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 29-34 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар