Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажлын байрны нээлттэй өдөрлөг болно

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж байна. Уг бизнес төлөвлөгөөний дагуу үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлээд байгаа юм.

Төслүүд хэрэгжиж эхэлснээр 7200 орчим ажлын байр шинээр бий болно хэмээн тооцож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан нээлттэй ажлын байрыг зарлах, залуусыг ажлын ажлын байранд зуучлах зорилгоор “ETT Events 2022” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

“ETT Events 2022” арга хэмжээг 2022 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд White Rock Center-д зохион байгуулна.

Эхний өдөр онлайн хэлбэрээр 2022 оны 02 сарын 11-ний өдөр 18:00 – 20:30 цагийн хооронд явагдах бөгөөд:

Компаниас зарлах гар утасны аппликэйшн нээлтээ хийнэ.

“А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийг олон нийтэд танилцуулна.

Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг технологийн шинэ шилжилт болох Metaverse орчинд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна.

Шинэ гишүүд бүхий Бизнесийн зөвлөлөө танилцуулна.

Арга хэмжээний 2 дахь өдөр буюу 2022 оны 02 сарын 12-ны өдөр 11:00 – 18:00 цагийн хооронд White Rock Center-д “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” зохион байгуулна. Энэ үеэр “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК болон бүрэлдэхүүн компаниудаас нээлтэй ажлын байруудыг танилцуулах юм. Ингэснээр компаниудын Хүний нөөцтэй шууд харилцаж сонирхсон ажлын байран дээрээ анкет бөглөн ажлын байр, компанийн талаар мэдээллийг авах боломжтой.


“ETT Events” арга хэмжээг цаашид жил бүр тодорхой сэдвийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулна.

Ажлын байрны нээлттэй өдөрлөгтэй холбоотой мэдээллийг:

1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/

https://www.facebook.com/events фэйсбүүк хаягаас аваарай.

Categories
мэдээ нийгэм

Алтны эрэлт өсч, үнийн сэргэлт удаан үргэлжилнэ

Алтны эрэлт өсч, үнийн сэргэлт удаан үргэлжлэх үү?

Дэлхий даяар цар тахлын илүү хүчтэй давлагаа дэгдэх болсноор нислэгүүд цуцлагдан, оффисууд хаагдаж, үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн гинжин хэлхээнд доголдол үүсэх эрсдэл түгээмэл тохиолдож буй. Энэ нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийг удаашруулах, цаашлаад 2022 оны өсөлтийн төсөөллийг сааруулах эрсдэл болж байна.

Тоон мэдээллээс харахад, омикрон хувилбар өмнөх хувилбаруудаас аюул багатай гэсэн урьдчилсан таамаглал бий ч цаашид цар тахлын тохиолдлын болон нас баралтын тоо хэрхэн өөрчлөгдөхөөс 2022 оны өсөлтийн төлөв ихээхэн хамаарах юм.

Дэлхийн зах зээл дээр экспортын гол нэрийн түүхий эдийн үнийн өөрчлөлт анхаарлын төвд байна. Тухайлбал, алтны үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1829 ам.долларт хүрч өсөв. АНУ-ын инфляци 6.8 хувьд хүрч, инфляцийн дарамт өндөр, омикроны тархалт эдийн засагт тодорхой бус байдлыг нэмэгдүүлсэн зэргээс шалтгаалж алтны үнэ нэмэгджээ.

Холбооны нөөцийн банк гуравдугаар сараас бодлогын хүүгээ өсгөх дохио өгсөн нь уруудаж байсан алтны үнийг эргэн сэргэхэд нөлөөлөв. Бид “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа энэ удаа алтны ирээдүйн төлөвийн талаарх мэдээллийг онцоллоо.

Хоёрдугаар сарын эхний долоо хоногийн арилжааны анхны өдөр алтны үнэ 0.3 хувиар өсч, унц нь 1797 ам.долларт тогтворжив. Гэвч “Oanda” байгууллагын шинжээчид үнийн энэ сэргэлт удаан үргэлжлэхгүй гэж таамаглаж буйгаа танилцуулсан юм.

Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг ч өмнө нь алтны үнэ дунд хугацаандаа буурна гэж таамагласнаа танилцуулсан. Тус агентлагийн шинжээчид “Бид нэг унц алтны үнэ 2023 он гэхэд 1200 ам.доллар болж буурна гэж таамаглаж байна” хэмээн мэдэгдсэн билээ.

Шинжээчид АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогоо чангатгасан, мөн Covid-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөө алтны үнийн өсөлтийг хязгаарлаж, 1800 ам.доллараас дээш гарах боломж олгоогүй гэж үзжээ.

Дэлхийн алтны зөвлөл (WGC) “Алтны эрэлтийн хандлага” тайландаа алтны үнэ 2022 онд өснө гэсэн таамаглал дэвшүүлснээ танилцуулав. Тус тайланд өгүүлснээр, өнгөрсөн онд алтны эрэлт 4021 тоннд хүрч өсчээ. Тус байгууллага 2020 оны хувьд цар тахлын нөлөөгөөр алтны эрэлт 14 хувиар буурч, 3760 орчим тоннд хүрсэн нь 2009 оноос хойших доод үзүүлэлт. 2021 онд нийт эрэлт 4000 тонноос давж, цар тахлаас үүдэн гарсан бууралтыг нөхөж чадсан” гэж онцлов. Эрэлтийн энэхүү өсөлтөд дөрөвдүгээр улирлын сэргэлт голлон нөлөөлжээ.

“Business standard”-д мэдээлснээр, хэдийгээр тус зөвлөл 2022 онд дэлхийн алтны эрэлт өсөх хандлагатай гэж төсөөлсөн ч Covid-19 цар тахалтай холбоотойгоор Энэтхэгт энэ онд алтны эрэлт буурах төлөвтэй байгааг тайландаа дурджээ.

Өнгөрсөн онд гулдмай, зоосны эрэлт 1180 тоннд хүрсэн нь өмнөх оныхоос 31 хувиар өссөн дүн бөгөөд сүүлийн найман жилийн хугацаан дахь дээд үзүүлэлт юм. Тоон мэдээллээс харахад, 2019 онд алтны нийт эрэлт 4355.7 тоннд хүрч байв.

Өнгөрсөн онд төв банкууд нийтдээ 463 тонн алт худалдан авсан нь 2020 оны дүнгээс 82 хувиар дээшилж, 30 жилийн дээд үзүүлэлтэд хүрчээ. Технологийн салбарын алтны эрэлт 2021 онд 330 тоннд хүрсэн нь мөн л сүүлийн гурван жилийн дээд үзүүлэлт болов.

Дэлхийн алтны зөвлөл 2022 онд өнгөрсөн онтой адил алтны ханш хэлбэлзэнэ гэсэн таамаг дэвшүүлжээ. Энэ нь төв банкууд инфляцийг бууруулахын тулд мөнгөний хатуу бодлого явуулах төлөвтэй байгаатай холбоотой аж. Тус зөвлөл инфляцийн түвшин өндөр хадгалагдах нөхцөлд алтны ханш өсөх боломжтойг тэмдэглэжээ.

Өнгөрсөн онд алтны нийт нийлүүлэлт 1 хувиар буурч, 4666 тоннд хүрсэн нь 2017 оноос хойших доод үзүүлэлт болов. Хэдийгээр дэлхийн алтны уурхайнуудын олборлолт өнгөрсөн онд 3560.7 тонн болж, 2 хувиар өссөн ч дахин боловсруулсан алтны нийлүүлэлт 11 хувиар буурч, 1149.9 тоннтой тэнцсэн нь нийт нийлүүлэлт буурахад хүргэжээ.

Цар тахал эхэлснээс хойш буюу өнгөрсөн 2020 онд Азийн биржүүдэд алтны үнэ нэг трой унц нь түүхэнд байгаагүй дээд хэмжээнд буюу 1923 ам.долларт хүрч өсч байв.

Монгол Улсын хамгийн том зэс, алтны “Оюутолгой” уурхайгаас Канадын “Туркойз Хилл Ресурс” компани өнгөрсөн 2021 онд 468 мянган унц алт олборлосноо мэдээлсэн. Тус компанийн 2021 оны үйл ажиллагааны тайланд дурдсанаар, өнгөрсөн онд 400-480 мянган унц алт олборлохоор төлөвлөсөн бөгөөд алтны гарц төлөвлөсөн хэмжээндээ хүрсэн байна. Тодруулбал, 2021 онд баяжмал дахь алтны агуулга 157 хувиар өсч, 468 мянган унц болжээ.

Оюутолгойн ил ба далд уурхайнуудын алтны олборлолтын хэмжээ

“Алт 2025” хөтөлбөрийн суурь судалгааны тайлан

Гаалийн ерөнхий газраас өнгөрсөн 2021 онд боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны 15.4 хувийг БНСУ-д, 84.6 хувийг Швейцарт тус тус экспортолсон талаар мэдээлсэн билээ.

Төв банкны алт худалдан авах үнэ өнөөдөр (2022.02.08)-ийн байдлаар 166,087.75 төгрөг байна. Монголбанк 2021 оны арванхоёрдугаар сард 780 кг үнэт металл худалдан авчээ. Өнгөрсөн оны аравдугаар сард 3.2 тонн алт худалдан авсан нь сарын дүнгээр хамгийн өндөр дүн болжээ. 2021 онд нийт 20.8 тонн үнэт металл худалдан авсан байна. Төв банкны 2020 онд худалдан авсан үнэт металлын хэмжээ 23.6 тонн болж, түүхэн дээд түвшинд хүрч байв.

Сүүлийн 5-6 жилийн хугацаанд Монголбанкны алт худалдан авалт 100 орчим тонн хүрч, нөөцийг 3.7 тэрбум ам.доллараар нэмэгдүүлжээ. Үнэт металлын худалдан авалт нэмэгдэх нь гадаад валютын албан нөөцийн хэмжээ өсөхөд эергээр нөлөөлдөг. Цаашлаад төгрөгийн тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтой.

Categories
мэдээ нийгэм

Оюутан цэрэгт бүртгүүлэх оюутнуудын анхааралд

цэргийн бүртгэл | News.MN

Их, дээд сургуулийн оюутнууд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг олгодог “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ жилээс хэвийн үргэлжлэхээр болжээ. Засгийн газрын 2017 оны оны 32 дугаар тогтоолд “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрхэн зохион байгуулах, ямар хүмүүсийг хамруулах, хамрагдах хүмүүс ямар шалгуур хангасан байх талаар тодорхой заасан байдаг. Оюутан цэрэгт их, дээд сургууль болон МСҮТ-д суралцаж буй оюутнууд хамрагдана. Өнгөрсөн хоёр жил цар тахлаас шалтгаалж бүртгээгүй ч 2022 онд хөтөлбөр үргэлжилнэ гэдгийг албаны хүмүүс хэллээ.

Бүртгэл гуравдугаар сарын 1-10-ны хооронд үргэлжилнэ. Бүртгүүлэх оюутнууд:

18 насанд хүрсэн нэгдүгээр курсийн суралцагч байх,

Кредит үнэлгээ нь 2.8-аас дээш,

Сургуульдаа өргөдөл гаргахгүйгээр E-Mongolia сайтад хандаж өөрсдөө бүртгүүлэхюм байна.

Энэ жилээс өөрчлөгдсөн нэг зүйл бол бүртгэлийн ажлыг цахимжуулсан явц аж. Тухайлбал, оюутнууд өмнө нь сурч буй их, дээд сургуулийнхаа сургалтын албанаас энэ талаарх бичиг аваад дүүргүүдийн цэргийн штаб дээр очиж бүртгүүлдэг байсан. Харин ирэх сард биечлэн бүртгэл хийлгэх шаардлагагүй байна.

Засгийн газрын тогтоолын дагуу “Оюутан цэрэг”-ийн бүртгэл гуравдугаар сарын 01-нд эхлэх журамтай ч халдварын тархалтаас шалтгаалж бүртгэлийн хугацаанд өөрчлөлт орж магадгүй. Гэхдээ одоогоор товлолт хугацаанд зайлшгүй нөхцөл байдал үүсэхгүй бол цахим учраас өөрчлөлт оруулахгүй гэлээ. Цэргийн сургуулиас бусад их, дээд сургуулийн эрэгтэй оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн эрэгтэй суралцагч сайн дурын үндсэн дээр цэргийн мэргэжил олгох “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдаж боломжтой гэж Цэргийн албаны тухай хуулийн 7.7-т заасан байдаг. Энэ хөтөлбөр нь суралцах хугацаандаа цэргийн алба хаших боломж олгодгоороо давуу талтай. Тухайлбал, оюутан байх хугацааны зуны хоёр сард багтаж цэргийн боловсрол олж авдаг билээ. Энэ боломжийг 2014 оноос эхлэн олгоод байгаа. 18 насанд хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэгдүгээр дамжааны оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч байх нь гол шаардлага юм.

Төлбөрийн хоёр багц цагийн төлбөр төлсөн байх ёстой бөгөөд карантенд байх хоёр сараас гадна дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хоёр сарын тэнхимийн хичээлд Бямба, Ням гаригт хамрагдсан байх шаардлага нь хэвээрээ үргэлжлэх байна.

Categories
мэдээ нийгэм

Далай ээж орчим нутагладаг 400 өрхтэй хариуцлагын гэрээ хийлээ

Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанаас далай эрэг дагуу амьдардаг 198 өрхтэй хариуцлагын гэрээ хийлээ. Ингэснээр Хатгалаас Жиглэгийн ам хүртэлх 100 км газартай эзэнтэй болж байна. Иргэд гэрээний хүрээнд хариуцсан газраа хоггүй байлгах, хожуул цэвэрлэх, хууль бус загасчлалаас сэргийлэх үүргийг хүлээж байна. Эдгээр айл өрхүүд бүгд далай ээжээ бараадан аж ахуй, өрхийн бизнес эрхлэн амьдардаг бөгөөд хамгаалалтын захиргаа эл гэрээг “ иргэд өөрсдийн ашиг орлого, амьдралын эрх ашгаа хамгаалж байгаа” гэж тодотголоо. Тус захиргаанаас мөн Жиглэгийн амаас Ханх хүртэл далайн эрэг орчим амьдардаг 200 өрхтэй хариуцлагын гэрээ хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Дундговь аймгийн: ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг нэг сая төгрөгөөр урамшуулах шийдвэр гаргажээ

Элсэлтийн ерөнхий шалгалт МАРГААШ орон даяар эхэлнэ

2021 оноос эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авч, амжилттай суралцсан сурагчдад нэг сая төгрөгийн урамшуулал олгох шийдвэрийг Дундговь аймгийн Засаг дарга гаргажээ.

Тус шийдвэрийг үндэслэн 2020-2021 оны хичээлийн жилд амжилттай суралцаж, нийгмийн ухааны хичээлээр 800 оноо авсан “Цэгц билиг” сургуулийн 12а ангийн төгсөгч Цэцэгбаярын Сэвжиджалмаа, “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн 12б ангийн төгсөгч Батбуянгийн Одончимэг нарт өргөмжлөл, 1,000,000 төгрөгийг гардуулан өгөв.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оюутнуудад сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсээд, “Чадварлаг боловсон хүчин болж, төрөлх нутагтаа ирж ажиллан, нутаг орныхоо хөгжилд гар бие оролцохыг хүсье” гэлээ.

Ц.Сэвжиджалмаа, Б.Одончимэг нар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нэгдүгээр курсэд суралцаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван хүн “Хүрэл донор”-оор тодорлоо

Өдөрт 120 донор цусаа өгвөл эмнэлгүүдийн хэрэгцээг хангана”

“Цусаа бэлэглэх өдөр”-ийн 82 дахь удаагийн арга хэмжээ өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд боллоо.

Арга хэмжээний үеэр сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, алдаршуулж урамшуулах зорилгоор дараах хүмүүсийг тодруулав.

  1. “Хүрэл донор”-оор “Хүндэт донор” Н.Лхажий, Д.Ганбаатар, Т.Мөнхжаргал нар,
  2. “Бахархал 50” тэмдгээр “Хүндэт донор” Э.Дашгарав,
  3. “Бахархал 40” тэмдгээр “Хүндэт донор” Г.Энхчимэг,
  4. ”Бахархал 40” тэмдгээр донор Д.Бадрах,
  5. ”Бахархал 20” тэмдэгээр донор Т.Баатарсүх,
  6. “Бахархал 10” тэмдгээр Я.Өлзийтогтох нар тус тус тодорч шагнагдлаа.

Бусдын амь аврах, эрүүл мэндийг дэмжих энэрэнгүй хүмүүнлэг үйлсийн эзэд эрхэм доноруудаа талархал илэрхийлж, нийт ард иргэд, байгууллага хамт олныг цусны донорын эгнээнд нэгдэхийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс уриалж байна.

“Сэтгэлийн 1,000 үйлс” ТББ зургаа дахь жилдээ тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Ю.Цэдэнбал агсны унаж байсан “Зил-114” лимузинг дуудлагаар худалдана

Монголын төрд 44 жил зүтгэсэн, БНМАУ-ын баатар, маршал Ю.Цэдэнбал агсны унаж байсан “Зил-114” маркийн лимузинг дуудлагаар худалдахаар болжээ. Дуудлага худалдааг Парис хотод зохион байгуулна.

Тус “Зил-114” лимузинг Москва дахь Ликачевын машины үйлдвэрт үйлдвэрлэжээ.

Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” УСК бүтээнэ – updown.mn

Уг лимузин нь “УБ 0001” улсын дугаартай, 2004 оныг хүртэл төрийн тэргүүний автомашины музейд хадгалж байсан.

Ю.Цэдэнбал тэргүүтэй дээд удирдлагууд өдөр тутамдаа илүү даруухан загварын машинуудыг ашиглаж, “Зил-114” лимузинг онцгой арга хэмжээ, төрийн айлчлалын үеэр ашигладаг байжээ.

Дуудлага худалдааны газар Ю.Цэдэнбал агсны унаж байсан Зил-114 машиныг 46-67 мянган ам.долларын үнэд хүрнэ гэж тооцоолсон гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Т.Ням-Очир: Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах гурван жилийн цогц төлөвлөгөө бий

Т.Ням-Очир: Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах гурван жилийн цогц төлөвлөгөө бий

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх төлөвлөгөөний талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах гурван жилийн цогц төлөвлөгөө боловсруулсан. Энэ төлөвлөгөөг 2021 оны тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, БШУ-ны сайд баталсан. Уг төлөвлөгөөний

  • 30 гаруй хувь нь багш нарын арга зүй, сургуулийн хөтөлбөрөөр дамжиж хэрэгжинэ
  • 70 хувь нь техник, тоног, төхөөрөмж, суралцах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд батлагдсан.

Эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй уялдуулаад сургалтын орчин нөхцөл, дэд бүтцийг сайжруулах ажлууд хийгдэнэ.

Хоцорч байгаа агуулгад багш нарт ямар арга зүйн дэмжлэг хэрэгтэй байгаа талаарх сургалтуудыг өгч байна. Цаашдаа сургалтын хөтөлбөрт ямар чадваруудыг түлхүү үзэхийг сургууль бүр дотооддоо тусгана. Одоо хичээл эхлэхэд хүүхдүүд сургуульдаа дасан зохицож, багшдаа ээнэгших нөхцөл байдалд нь анхаарна. Үүнээс цааш сурагчдын мэдлэгийг системтэй болгоход мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана.

Энэ бодлого цаашдаа боловсролын салбарт нутагших юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

МХБ: Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журмыг батламжиллаа

Монголын хөрөнгийн зах зээл хамгийн өсөлттэй байна

Монголын хөрөнгийн бирж нь бүртгэлтэй үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах, шинэ үнэт цаасны үнийг тогтворжуулах үүрэг бүхий зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг зах зээлд шинээр нэвтрүүлсэн. Үүний дагуу үйл ажиллагааг олон улсын жишгийн дагуу зохицуулах зорилгоор “Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам”-ыг шинээр боловсруулж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 29 тоот тушаалаар батламжиллаа.

Энэхүү журмын дагуу

  • тодорхой шаардлага хангасан МХБ-ийн гишүүн үнэт цаасны компани тодорхой үнэт цаасны market maker буюу зах зээл үүсгэгчийн үүрэг гүйцэтгэж,
  • тухайн үнэт цаасны хөрвөх чадварыг хангах зорилгоор худалдах, худалдан авах захиалгыг нэгэн зэрэг системд оруулж, биелүүлэх үүрэгтэйгээр зах зээлд оролцох бөгөөд
  • МХБ нь зах зээл үүсгэгчээр сонгогдсон үнэт цаасны компани, тухайн оролцогчийн гүйцэтгэсэн арилжааны мэдээллийг тухай бүр нийтэд мэдээлэх юм.
Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны бага хурал болж байна

Нийслэлийн Монгол Ардын Намын байгууллага анхдугаар хурлаа 97 жилийн тэртээ “Намын Улаанбаатар хотын хороо” нэртэйгээр хийж, ажлаа эхлүүлсэн Жанжин соёлын ордонд тус хурал болж буйгаараа онцлогтой.

Бага хуралд дүүргийн МАН-ын 10109 гишүүнийг төлөөлж 269 төлөөлөгч сонгогдон оролцож нэг төлөөлөгч 37 гишүүнийг төлөөлж байгаа юм. Үүнд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл дүүргийн төлөөлөгч, хорооны төлөөллүүд багтаж байна.

Хурлын төлөөлөгчдийг коронавирусийн шинжилгээнд хамруулж, халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталж, цахим болон танхим хосолсон хэлбэрээр явуулж байна.

Бага хурлын төлөөлөгчдийн 46.8 хувь нь эрэгтэй бол 53.2 хувь нь эмэгтэй гишүүдийг сонгосноороо жендерийн тэгш байдлыг хангасан.

Төлөөлөгчдийг насаар нь авч үзвэл 17.1 хувь нь 20-34, 59.1 хувь нь 35-60, 23.7 хувь нь 61-ээс дээш насныхан байгаа нь ахмад, дунд, залуу үеийнхнийг хамруулжээ.

Хурлаар намын хорооны хурлын дарга, дэд даргыг сонгохоос гадна Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны тайлан, Хяналтын хорооны тайлан, зохион байгуулалтын асуудал зэргийг хэлэлцэж шийдвэрлэнэ.