Categories
мэдээ нийгэм

Төсөл хэрэгжүүлэгчдэд батламж гардуулж, гэрээ байгуулах эрх олгов

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлын гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдэд Нийслэлийн Засаг даргын захирамж, төсөл хэрэгжүүлэх батламжийг гардуулж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олголоо. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар байгуулсан үнэлгээний хорооны 2022 оны дүгнэлтийг үндэслэн ийн батламж гардуулсан байна.

Төслийн хүрээнд одоо байгаа зургаан хуучин орон сууцны барилгыг буулган, шинээр төлөвлөн барилга барих юм. Ингэснээр 204 өрхийн 816 иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлнэ.

БАГЦ

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ

БАЙРШИЛ

1

ХУД-11

“Монтекарло голд” ХХК

Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын 20-р байр

2

СХД-01

“Хур алтан өргөө” ХХК

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо СТ-01, СТ-02, СТ-03-р байр

3

СХД-02

“Хур алтан өргөө” ХХК

Сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хороо СТ-04, СТ-05-р байр

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг нийслэлийн хэмжээнд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126-р тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын дагуу үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байгаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон байдаг. Тэдгээрээс 170 барилгыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу 48 барилгын 892 айлын орон сууцыг буулган 15 барилгын 2478 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Сүндийд оноосон гурван жилийн хорих ялыг зургаан сар болгов

ЖИ ТАЙМ”-ын шүүх хурал хойшлов

“Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий нарт холбогдох нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болжээ.

Шүүхээс Д.Сүндийд оногдуулсан гурван жилийн хорих ялыг зургаан сар болгон өөрчлөх шийдвэр гаргасан байна.

Өмнө нь ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

  • Шүүгдэгч Д.Сүндийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял,
  • Шүүгдэгч Д.Баттөгсийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял,
  • Шүүгдэгч Г.Даваажавыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял,
  • Шүүгдэгч Т.Батсайханыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял тус тус оноосон юм.
Хэргийн талаар тодруулбал, Д.Сүндий нь өөрийн эхнэр У-г 2019 онд хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт хээл хахууль өгч, хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдоод байв.
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарын суурьшлын бүсэд тархац нутаггүй болсон 52 тарвагыг Багануур дүүрэгт шилжүүлжээ

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор тарваганы тархац нутаг хумигдаж, улмаар идэш тэжээл хайн хот руу орж ирэх тохиолдлууд гарах болсон. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газар, БОАЖЯ-наас тархац нутаггүй болсон Монгол тарвагыг шилжүүлэн нутагшуулах зөвшөөрлийг авч Улаанбаатар хотын суурьшлын бүсэд тархац нутаггүй болсон Монгол тарвагыг нүүлгэн шилжүүлэв.

Тодруулбал Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 52 бодгаль Монгол тарвагыг барьж Багануур дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлж, нутагшилтын байдалд хяналт, судалгаа хийжээ.

Судалгаа хийхэд тухайн нүүлгэн шилжүүлсэн бодгаль тарвагануудын тоо толгой өсөж, үржсэн байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм спорт

ОУХМ А.Энхтуул 79-рт орлоо

Бээжин 2022: ОУХМ А.Энхтуул 79-рт орлоо

“Бээжин-2022” өвлийн олимпын Монголын багийн салхийг хагалж ОУХМ А.Энхтуул өнөөдөр 16.00 цагт уралдлаа. Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн спринт төрөлд 34 улсын 91 тамирчин хурд сорьсноос манай тамирчин 84-рт эрэмбэлэгдэн гараанаас гарав.

1.5 км-ийн уралдааны урьдчилсан шатыг Шведийн Йонна Сундлинг 3:09.03 минутын амжилтаар өнгөлсөн бол А.Энхтуул 3:58.25 минутын амжилтаар 79-р байрт эрэмбэлэгдэв. Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөнө.

Олимпын наадамд өрсөлдөж буй манай тамирчин Б.Ачбадрах 17:05 цагт гараанаас гарах юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Бат-Эрдэнэ нарын таван гишүүн Хөгжлийн банкийг шалгана

Б.Бат-Эрдэнэ нарын таван гишүүн Хөгжлийн банкийг шалгана

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд хяналт тавьж, шалгах хийх УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагджээ. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахлах бөгөөд мөн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нар мөн багтаж байна.

Эдгээр гишүүд Хөгжлийн банкад хяналт, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж УИХ-д танилцуулах юм.

Categories
мэдээ нийгэм

БШУЯ-нд 435 сая төгрөгийн ариутгал, ариун цэврийн багцыг хүлээлгэн өгчээ

БШУЯ-нд 435 сая төгрөгийн ариутгал, ариун цэврийн багцыг хүлээлгэн өгчээ

НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын ОУ-ын хөгжлийн агентлаг хамтран Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр тусгаарлах өрөөний халдвар, хамгааллын дэглэмийг сайжруулах зорилгоор 1461 ширхэг, 435,6 сая төгрөгийн үнэ бүхий ариутгалын болон ариун цэврийн багцыг БШУЯ-нд хүлээлгэн өгчээ.

Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагаа 2022 оны 2 дугаар сарын 14-нөөс эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн.

Хүүхдийн сурч боловсрох эрхийг ямар ч цар тахал таслах ёсгүй. Тиймээс сургууль цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа эхлэх бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэлийн ЕБС, цэцэрлэг, сургуулийн дотуур байрны тусгаарлах өрөөний халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах шаардлага тулгарсан.

Урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмд тавигддаг шаардлагыг хэрэгжүүлэхэд улсын төсвийн хөрөнгөөр 100 хувь шийдвэрлэх боломжгүй энэ цагт НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын ОУ-ын хөгжлийн агентлаг хамтран Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр 948 цэцэрлэг, 672 сургууль, 540 дотуур байранд нийт 435,6 сая төгрөгийн ариутгал, ариун цэврийн багцыг нийлүүллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Ачбадрах 77-р байрт эрэмбэлэгдлээ

Бээжин 2022: ОУХМ Б.Ачбадрах 77-р байрт эрэмбэлэгдлээ

Хоёр дахь олимпдоо оролцож буй цанын ОУХМ Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт зайд хурд сорилоо. Энэ төрөлд 91 тамирчин өрсөлдөхөд Францын Лукас Шанават 2:45.03 минутын амжилтаар урьдчилсан шатыг өнгөлөв.

Манай тамирчин Б.Ачбадрах 83-т эрэмбэлэгдэн гараанаас гарсан бөгөөд 3:11.60 минутын амжилтаар 77-р байрт бичигдлээ. Урьдчилсан шатнаас шалгарсан 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх юм.

Манай тамирчдын хувьд хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км, 11-нд Б.Ачбадрах эрчүүдийн 15 км-т хурд сорих болно.

Categories
мэдээ нийгэм

Хурдан морины уралдаан зохион байгуулсан уяачдад шалгалтын ажиллагаа явуулж байна

Өвлийн улиралд хурдан морины уралдаан...

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг Баянгол гэдэг газар энэ сарын зургааны өдөр 9 уяач нийлж гурван насны бооцоот уралдаан зохион байгуулжээ. Нэр бүхий уяачдад Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Монгол Улсын Засгийн газрын Хурдан морины уралдааны талаар авах зарим араг хэмжээний тухай жил бүрийн 11 сарын 1-ээс 5 дугаар сарын 1-ий өдөр хүртэл хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Боксчин Б.Буяндалайд хүндэтгэл илэрхийллээ

Ази тивийн аварга шалгаруулах Боксын тэмцээнд амжилттай оролцсон, Ховд аймгийн харьяат, залуу тамирчин Б.Буяндалайд хүндэтгэл үзүүллээ.

Тодруулбал, 13 насандаа Ховд аймгийн “Болор бээлий” клубт элсэж, боксын спортын тамирчин болох гараагаа эхэлсэн Б.Буяндалай нь Узбекстан улсын Ташкент хотноо энэ оны нэгдүгээр сарын 20-30-ны өдөр зохион байгуулсан U-22 Ази тивийн аварга шалгаруулах Боксын тэмцээний 60 кг жинд оролцож, хүрэл медаль хүртсэн байна.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн удирдлагууд өнөөдөр тамирчин Б.Буяндалай, дасгалжуулагч багш А.Магсаржав нарыг хүлээн авч уулзжээ.

Тамирчин Б.Буяндалай өмнө нь улс, ази тив, олон улсын аварга шалгаруулах тэмцээнд хэд хэдэн удаа амжилт үзүүлж байсан.

Иймээс залуу тамирчин Б.Буяндалайд “Спортын аварга” дэд хөтөлбөрөөс 5.0 сая төгрөг, дасгалжуулагч багшид 2.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр “батламж” гардууллаа.

Б.Буяндалай нь 2017 онд Ховд аймгийн Жаргалант сумын III сургууль, 2021 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг Боксын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн байна.

Categories
мэдээ нийгэм

“Халдварт өвчин бүртгэгдсэн аймгаас нөөцийн мах аваагүй” гэв

Махны үнэ нэмэгдээгүй байна | News.MN

Ихэнх аймгуудад шүлхий болон малын гоц халдварт өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор Мал эмнэлгийн ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тавих хяналт энэ жил чангарсан. Үүнтэй холбоотойгоор нөөцийн мах бэлтгэх ажилд онцгой анхаарч байгаа бөгөөд, хэчнээн аж ахуй нэгж аль аймгаас татан авалт хийж байгааг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас тодрууллаа.

Салбар яамны өгсөн мэдээллээр энэ хавар цаг агаарын нөхцөл байдал сайн байх учир мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүс олон тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Засгийн газраас бэлтгэсэн нөөц, өвс тэжээлийг одоогоор гаргаагүй байгаа. Нөөцийн махны тухайд хэрэгцээг бүрэн хангана гэж тооцоолсон гэв.

2022 онд нийслэлчүүдийн хэрэглэх нөөцийн махыг бэлтгэх, ханган нийлүүлэх ажлыг өнгөрсөн долдугаар сараас эхлүүлсэн. Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил нийт 13 мянган тонн махыг бэлтгэхээр төлөвлөсөн. Махны шим тэжээлийг алдагдуулалгүйгээр урт хугацаанд хадгалдаг тул махны эрүүл ахуйн чанарыг сайн шалгаж хадгалалтын горимыг нарийн төлөвлөдөг. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд мах нийлүүлэх хүсэлтээ гаргаж өгсөн аж ахуй нэгжүүдээс эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэл, хадгалах агуулахын шаардлагыг хангасан 20 гаруй компани мах нийлүүлэхээр болсон. Одоогийн байдлаар бэлтгэгдэн ирсэн 11 мянган тонн махыг нөөцлөхөд бэлэн болоод байгаа бол хоёр мянган тонн махыг шинжилж стандартад нийцэх эсэхийг шалгаж байгаа.

Махны тухайд хонь, үхэр, ямааны мах бэлдсэн. Нийслэлийн хүн амын хэрэгцээнд нөөцийн мах хангалттай хүрнэ гэж тооцоолж байгаа. Энэ жилийн хувьд малын гоц халдварт өвчин бүртгэгдээгүй аймаг, сумаас татан авалт хийж байгаагаараа онцлог. Үнийн хувьд судалгаа хийж байна. Урьдчилсан байдлаар ирэх сараас худалдаанд гаргана.

Нөөцийн мах бэлтгэлд 100 тэрбум төгрөгийн зээлийг аж ахуй нэгжүүдэд олгосон. Нийт махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхэр, 10 хувь нь ямааны мах бөгөөд 1-2 килограммаар савалж зарахаар төлөвлөсөн гэлээ