Categories
мэдээ нийгэм

Таван олимп дараалан аваргалсан домогт Ирен Вюст

Бээжин 2022: Таван олимп дараалан аваргалсан домогт Ирен Вюст

Нидерландын гүйлтийн тэшүүрийн домог Ирен Вюст эмэгтэйчүүдийн 1500 метрийн гүйлтийн тэшүүрийн төрөлд түрүүлж, сүүлийн таван олимп дараалан алтан медаль хүртсэн тамирчин боллоо.

Тэрбээр энэ зайг 1 минут 53.28 секундэд туулж, олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Мөнгөн медалийг Ирен Вюстаас 0.44 секундээр хоцорсон Японы Михо Такаги хүртлээ. Хүрэл медалийг Голландын Антуанетта де Йонг хүртсэн байна.

Өдгөө 35 настай Ирен Вюст өмнө нь Турин-2006 (3000м), Ванкувер-2010 (1500м), Сочи 2014 (3000м ба баг), Пёнчан-2018 (1500м)-д түрүүлж байжээ.

19 настайдаа анх олимпын наадамд оролцож байсан тэрбээр одоогийн байдлаар нийт таван олимпоос зургаан алт, таван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Бээжингийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн 1000 метрийн төрөлд өрсөлдөх бөгөөд медаль хүртэх өндөр магадлалтай тамирчдын тоонд зүй ёсоор тооцогдож буй юм.

Categories
мэдээ нийгэм

Түрүүлсэн хятад гаралтай тамирчныг тэмцээнээс хасчээ

“Бээжин-2022” өвлийн олимпын наадам багагүй маргаан, шүүмжлэлтэй үргэлжилж байна.

Шорт-трекийн эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд Унгарын тамирчин Шандор Лю Шаолин түрүүлсэн. Уралдааны дараа шүүгчид хянаж үзээд түүнийг дүрэм зөрчсөн гэж үзжээ. Түүгээр л үл барам хятад эцэгтэй, унгар эхтэй түүнийг тэмцээнээс хассан байна.

Улмаар хоёрдугаар байрт орсон, БНХАУ-ын тамирчин Жэньд алт, мөн урд хөршийн тамирчин Вэньлунд мөнгө, Шаоан Лю хүрэл медаль хүртлээ. Хүрэл медаль авсан Шаоан Лю түрүүлсэн ч тэмцээнээс хасагдсан Шандор Люгийн төрсөн дүү нь.

Шүүгчид эзэн орны тамирчдад ээлтэй хандаж, нэг талд шийдвэр гаргаж байна гэх шүүмжлэл тэмцээний улам нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Юзүрү Ханюг март, Натан Чен дэлхийн рекорд эвдлээ

Юзүрү Ханюг март, Натан Чен дэлхийн рекорд эвдлээ

Бээжин-2022 өвлийн олимпийн эрэгтэйчүүдийн уран гулгалтын богино үзүүлбэр өнөөдөр/2022.02.08/ боллоо. Натан Чен ч Бээжингийн мөсөн талбайд гал шиг дүрэлзлээ. Өдгөө 22 настай, америк залуу дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, 113.97 оноо авав. Сүүлийн гурван дэлхийн аваргад дараалан түрүүлээд буй тэрбээр дөрвөлсөн флип, гурвалсан аксель, каскад дөрвөлсөн лутц, гурвалсан тулуп гүйцэтгэж, Юзүрү Ханюгийн тогтоосон дэлхийн рекорд болох 111.82 оноог эвджээ.

Канадын “СВС” телевизийн тайлбарлагч Натан Чен үзүүлбэрийн үеэр “Тэр дэлхийн рекордыг эвдсэнгүй. Тэр бүр нунтаглаад хаячихлаа” гэжээ.

Гэхдээ ажил дуусаагүй. Чөлөөт үзүүлбэр ирэх Пүрэв гаригт болно. Натан Чений араас 108.12 оноотой Японы Юма Кагияама, 105.90 оноотой Шома Үно нар бичигдэж байна. Харин сүүлийн хоёр олимпод дараалан түрүүлээд буй “Мөсний хаан” Японы Юзүрү Ханю хүлээлтэд хараахан хүрсэнгүй, 95.15 оноо авчээ. Харин Оросын битүү морьд болох Евгения Семененко 95.76 оноотой долдугаарт, энэ жилийн Европын аварга Марк Кондратюк 15-рт тус тус жагслаа.

Мэргэжилтнүүд уран гулгалтын ганцаарчилсан төрлийн алтан медалийн төлөөх гол өрсөлдөөн Юзүрү Ханю, Натан Чен нарын хооронд болно гэж таамаглаж байсан ч Натан Чен хол тасарчихлаа.

Categories
мэдээ нийгэм

“ЛЭНДМН ББСБ” ХК 1.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар боллоо

“ЛэндМН ББСБ” ХК (“Компани” гэх) нь 2021 онд (Ковид-19) цар тахлаас үүдэлтэй нийгэм эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалд оновчтой шийдвэрийг тухай бүр гаргаж, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийн эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах, харилцагч нартаа уян хатан, боломжит нөхцөлийг санал болгох, системийн шинэчлэлтийг хийж, шинэ бүтээгдэхүүн гаргах дэд бүтцийг бий болгох, бизнесийг өсөлтийг хангах зэрэг шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллалаа.

Ингэснээр 2021 онд цэвэр зээлийн багц 28%-иар өсөж, компанийн цэвэр ашиг 4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь цэвэр ашиг (Ковид-19)-ийн өмнөх үеийн түвшинд хүрч бизнес сэргэж байгааг харуулсан үзүүлэлт болжээ. 2021 оны цэвэр ашиг зорилтот түвшинд хүрсэн тул Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ” гэх) нь 2022 оны 02 сарын 07-ны өдрийн ээлжит хурлаар хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа.

Компанийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу “ЛэндМН ББСБ” ХК-ийн 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1.5 төгрөг буюу нийт 1,108,952,525.50 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилахаар болсон байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2022 оны 02 сарын 25-ны өдрөөр тасалбар болгон гаргаж, 2022 оны 04 сарын 30-ны өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулан олгохоор шийдвэрлэв.

Цаашид бизнесийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах, дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, байгууллагын хөгжлийг шинэ шатанд гаргах тал дээр хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

​”Гэм зэм” жүжгийг дахин тайзнаа тоглоно

Гэм зэм” жүжгийн найруулагч М.Батболд СТА боллоо

Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан их зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн пост-драмын жүжгийг дахин тайзнаа тоглох гэж байна. “Гэм зэм” постдрамын жүжиг нь театрт дурлагчдын сэтгэл зүрхийг эзэмдэж судлаач шүүмжлэгчид болон үзэгчдийн сайшаалыг хүртсэн. Энэ жүжгийг үзэгчдийн хүсэлтээр ирэх сарын 3-27-ны өдрүүдэд РЦНК-д тоглохоор болжээ.

Романыг яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлсэн. Найруулагч М.Батболд өмнө нь Германы суут зохиолч В.И.Гётегийн “Фауст” жүжгийн Монголд анхлан хүргэж байсан найруулагч. Тэрбээр “Гэм зэм” жүжгийн талаар “Би сэтгэцийн эмч мэргэжлээр суралцаж байсан. Тиймээс “Гэм зэм” роман надаар дамжиж хүмүүст хүрэх нь илүү тохиромжтой байх гэж бодсон. Мөн Ф.М.Достоевскийн“Гэм зэм” романы үйл явдал, утга санаа өнөөдрийн цаг үетэй яг нийцэж байгаа юм. Түүнчлэн энэ жүжиг пост-драм хэлбэрээр үзэгчдэд хүрнэ” гэсэн юм.

Энэ жил Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болон зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Оросын шинжлэх ухаан, соёл төвөөс /РЦНК/ энэхүү жүжигт онцгой ач холбогдол өгч хамтарч ажиллаж буй.

Ф.М.Достоевский ОХУ төдийгүй дэлхийн утга зохиолд алдар нэрээ үлдээсэн зохиолч билээ. Түүний “Гэм зэм” роман 1866 оны Оросын бурангуй нийгэмд амьдрахын төлөө тэмцэж буй эрийнсэтгэл зүйг өгүүлдэг. Энэхүү бүтээл нь нэрт зохиолчийн Эзэн хааныг алах хуйвалдаанд оролцсоныхоо төлөө шийтгэл хүлээж, Сибирийн цөллөгт явж ирснээсээ хойш бичсэн томоохон бүтээлүүдийн нэг юм.

Жүжгийн гол дүрд Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Д.Ганцэцэг, П.Эрдэнэзаан болон жүжигчин Д.Лхагва, Х.Баярмаа, Д.Түвшинбаяр нар тоглосон.

Categories
мэдээ нийгэм

Хоёр жил өнжсөн “Хөх сувд”-ыг ирэх сард зохион байгуулна

Хоёр жил өнжсөн

“Хөх сувд-2022” мөсний баярыг 2022 оны гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд Хатгал тосгонд зохион байгуулахаар ажлын хэсэг өнөөдөр /2022.02.08/ хуралдаж шийдвэрлэжээ. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр 20 дахь жилдээ болно.

Энэ жилийн хувьд 20 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Тодруулбал, 2014 онд Хөвсгөл нуурын мөс баяр зохион байгуулах хэмжээнд хүрээгүй нимгэн байсан бол 2020, 2021 онд цар тахлын улмаас зохион байгуулаагүй.

Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар мөсний баяр хийж, 10 орчим чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан.

Харин дараа жилээс нь буюу 2001 оноос мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал ажил болж өргөжин хөгжиж байгаа юм. Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, “Аав, ээж би” тэмцээн, тахтай хатирах морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг үйл ажиллагаа тогтмол болдог уламжлалтай билээ.

Categories
мэдээ нийгэм

Осака хотод “Монгол Улс 100 жилийн өмнө ба одоо” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэнэ

Япон улсын Осака хотод “Монгол Улс 100 жилийн өмнөх ба одоо” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн гарахаар болжээ. Уг үзэсгэлэнгийн талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодрууллаа.

Тэрбээр “Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Монгол Улс 100 жилийн өмнө ба одоо” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэнэ. Тухайлбал, гуравдугаар сарын 17-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Осака хотноо болох юм. Үзэсгэлэнд түүхэн он цагийг харуулсан гэрэл зургууд байрлана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал илгээв

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал илгээв

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан захидал илгээжээ.

Сар шинийн баярын өмнө ирсэн уг захидлын эхэнд АНУ нь Монгол Улсын стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг хэмээн тэмдэглэжээ.

Захидалд “…Бид ирээдүйгээ төсөөлөхдөө Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхий дахинаа эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах, эдийн засгийн тогтвортой бөгөөд тэгш өсөлтийг хангахад нэн чухал түнш орон гэж үзэж байгаагаа илэрхийлье” хэмээн онцолсон байна.

Түүнчлэн Монгол Улс нь 20 гаруй жилийн олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж ирсэнд талархаж, “…Монгол цэргийн албан хаагчид олон улсад мэргэжлийн энхийг сахиулагчид, дайчид гэдгээрээ нэр хүндтэй болсон бөгөөд энэхүү хамтын ажиллагаагаа хамтарсан цэргийн сургууль хийх зэргээр цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна” хэмээжээ.

Монгол цэргийн албан хаагчид мэргэжлийн энхийг сахиулагчид, дайчид гэдгээрээ олон улсад нэр хүндтэй болсон бөгөөд энэхүү хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна.

Мөн “АНУ-ын зүгээс Монгол Улсад 1 сая гаруй тун Файзер вакцин тусламжаар олгож, цар тахалтай тэмцэх Монгол Улсын чадавхийг дэмжих ажлын хүрээнд амьсгалын аппарат, нэг удаагийн хувийн хамгаалалтын өмсгөл хандивлах, сэхээн амьдруулах болон коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж олон нийттэй харилцах сургалт явуулах зэргээр нийт 8 сая гаруй ам.долларын өртөг бүхий тусламжийг үзүүлсэндээ баяртай байдаг” гэжээ.

Харин Монгол Улсын зүгээс АНУ-ын ард иргэдэд цар тахлын үед хамгаалалтын хэрэгсэл тусламжаар өгсөнд Америкийн ард түмэн талархаж байгааг илэрхийлж, эдгээр нь КОВИД-19 цар тахлын улмаас ихээхэн хэмжээний хохирол үзсэн Аризона муж дахь Навахо омгийн иргэдэд ач тустай зүйл болсон гэдгийг дурджээ.

АНУ-ын Энхтайвны корпусын 1500 орчим сайн дурын ажилтан Монгол Улсад ажилласан юм. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн захидалд энэхүү хөтөлбөрийг ойрын хугацаанд сэргээх болно гэдгийг илэрхийлжээ.

Захидлын төгсгөлд, “Манай хоёр улсын дипломат харилцааны чухал мөчийг тэмдэглэж буй энэ үед бидний хамтын ололт, амжилтыг эргэн харахад сэтгэл хангалуун байна. Ирэх он жилүүдэд бидний харилцааг улам бүр бэхжүүлэх болно гэдэгт итгэл төгс байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлгын ёслол болов

Тэнгэр заяат Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж, төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулахаар мөнх тэнгэрээс илгээсэн Цэргийн хар сүлдээ бүх Монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, түг түмэн цэрэг, баатар эрсийнхээ манлайд залж явсны учир түүнийг өдгөө бид уламжлан авч, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залж, жил бүр цагаалах тайлгыг зохион байгуулдаг уламжлалтай.

Эрт цагаас нааш үеийн үед дамжин ирсэн энэхүү ёслолыг үйлдсэнээр өдгөө Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон тив, дэлхийд энхийг сахиулах эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдынхаа үйл хэрэг, буян заяаг даатгадаг байна.

Энэхүү тайлгын ёслолд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

8 тэрбумыг залилсан Д.Гүрсоронз маргааш давж заалдана

Маргааш Х.Тамирыг шүүх хуралтай...

“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз, Д.Дариймаа нар нь 457 иргэнээс байрны урьдчилгаа нэрээр найман тэрбум гаруй төгрөг залилсан хэрэг 2019 оны наймдугаар сард гарсан. Улмаар 2021 оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Гүрсоронзонд 10 жил хорих ял оноож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Д.Одгэрэлд 6 жил хорих ял, шүүгдэгч Б.Батбаярт 6 жил хорих ял шийтгэж тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч нараас мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос үлдэх 7 тэрбум 265 сая 839 мянга 273 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл маргааш /2022.02.08/ Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд цахимаар болно.

Шүүгдэгч нар нь холбогдох эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрөл албан ёсоор аваагүй байхдаа буюу барилга баригдах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байхад “Орон сууцны хотхон барьж байгаа” гэж бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар барилгын зураг, загвар бүхий тараах материалыг бэлтгэжээ. Улмаар түүнийгээ ашиглан иргэдэд “Хямд байр зарна, урьдчилгаа төлбөрийн дүн ихсэх тусам 1 мкв үнэ багасна, барьцаа хөрөнгө шаардахгүй, өрхийн орлого нотлох шаардлагагүй, жилийн таван хувийн хүүтэй лизингийн гэрээ компанитай байгуулна” гэх мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож “Орон сууц захиалгын гэрээ”-ний урьдчилгаа гэж 457 иргэнээс 8 тэрбум 644 сая 301 мянга 580 төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.

Прокурорын байгууллагаас битүүмжилсэн байсан шүүгдэгч нарын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, дансны гүйлгээ хязгаарласан арга хэмжээг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах зорилгоор шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэртээ заажээ.