Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын хуралдаанаар ачаа тээврийг эрчимжүүлэх талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц, төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааны явц, хэрэгжилт, санхүүжилтийн гүйцэтгэл, аж үйлдвэржилтийн сэргэлт болон эрчим хүчний сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

​Өсвөр насны хүүхдүүд архидан согтуурч нэгнийхээ амийг хөнөөжээ

Хан-Уул дүүрэгт байрлах “Буянт-Ухаа” хорооллын орон сууцны орцонд хүүхдүүд нэгнийгээ хутгалж, амийг нь хөнөөжээ.16 настай Б нь найзынхаа цээжинд хутгалж, амийг нь хохироосон бөгөөд хүүхдүүдийн байсан газраас архи согтууруулах ундааны сав, тамхи зэргийг олж хураан авсан байна.Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Categories
гадаад мэдээ

Украины асуудлыг тойрсон дипломат уулзалтууд үргэлжилсээр байна

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр Москвад айлчлан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй зургаан цаг орчим уулзаж Украины асуудлыг хэлэлцлээ. Уулзалтын дараа Эммануэл Макрон, Владимир Путин хоёр хамтарсан хэвлэлийн хурал хийсэн нь сүүлийн үед болж байгаагүй үйл явдал болов. В. Путин уулзалт ажил хэрэгч болсныг онцолж, АНУ, NATO Оросын аюулгүй байдлын шаардлагуудад баталгаа өгөх ёстой гэдгийг дахин цохон тэмдэглэсэн байна. Тэрбээр NATO-гийн зүүн тийш өргөжин тэлж, Оросын хилд тулж ирсэн нь олон улсын аюулгүй байдлын гэрээ хэлцлийг зөрчсөн үйлдэл бөгөөд барууныхны түрэмгийллийн эсрэг ОХУ-аас өөрийгөө хамгаалах арга хэмжээ авч байгаа гэж тайлбарлав. Мөн В.Путин “Ирак, Ливи, Афганистаны ард иргэд өөрсдийн туршлагаас суралцах ёстой” гэж тусгаар улсын дотоодын хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцсон үр дүнгийн талаар хошигнож ярьсан байна. Мөн 1999 онд хуучин Югославыг бөмбөгдсөн NATO-гийн цэргийн ажиллагааг ч сануулжээ. Мөн тус улс Украины хилд цэргийн хүчээ зузаатгасан нь Киевийг булаан эзлэхийг хүссэн биш NATO-г Москвагийн хилд улам ойртохоос сэргийлж, айлгах арга хэмжээ гэдгийг онцлов. ОХУ нь Украиныг NATO-д элсүүлэхгүй гэх баталгааг шаардаж байгаа ч АНУ болон барууны цэргийн эвслээс “Ардчилалд харшилж бусад улсын эрхийг зөрчсөн явдал болно” хэмээн шаардлагыг нь хүлээж авахгүй байгаа юм. Улмаар Украинд дайн үүсэхээс сэргийлж, АНУ болон барууны улсууд Киевээс дипломатуудаа эргүүлэн татаж эхэлсэн. Украин нь 2014 онд Оросын талыг баримтлагч засгийн газрыг түлхэн унагааж, төрийн эргэлт хийснээс хойш NATO-д элсэх оролдлогыг хийж, лоббидсоор байгаа юм.

Францын ерөнхийлөгч уулзалтын дараа “Европт аюулгүй байдал, энх тайвныг хамгаалах шинэ баталгааг гаргахад ирэх өдрүүд шийдвэрлэх үе болно. Бидэнд хамтарсан хэлэлцээ хэрэгтэй” гэж мэдэгджээ. Макрон, Путин нарын уулзалт хэдэн цагийн турш үргэлжилж, цаа буга эсвэл хилэм загасны мах сонгон амтат төмс, тоорын бялуу, ваниллатай зайрмагны цэсээр зоог барьжээ. Макрон Киевийн талтай уулзахаар Москвагаас өчигдөр шууд Украин руу нислээ. Тэрбээр ОХУ-д айлчлахынхаа өмнө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярилцсан юм. Мөн нөгөө талд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд Германы шинэ канцлер Олаф Шольцтой уулзаж, ОХУ-аас Украин руу довтолсон нөхцөлд авах арга хэмжээг ярилцсан байна. Уулзалтын дараа Жо Байден мэдэгдэл хийж, ОХУ-аас Украин руу цэрэг хөдөлгөсөн нөхцөлд “Хойд урсгал-2” хийн хоолойн төслийг зогсооно гэдгийг анхааруулжээ. Цагаан ордны зүгээс дайны үр уршгийн талаар байнга сануулж, Европын холбоотнуудтайгаа нэгдмэл байр суурь илэрхийлэхээр хичээн ажиллаж байгаа юм. Тэд ОХУ-аас Украин руу довтолсон нөхцөлд Москваг эдийн засгийн хатуу хоригт оруулахаар тохиролцоод байгаа билээ. Энэ талаар Жо Байден хэлэхдээ, “Бид бүгд бэлэн болсон. NATO ч бэлэн байна” гэж нэгдсэн байр сууриа илэрхийлжээ. Украин нь NATO буюу Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн биш боловч холбооотон улсын хувьд Киевийг хамгаалахаар тодорхой алхмуудыг хийж эхэлсэн бөгөөд АНУ-аас 3000 орчим цэргээ NATO-гийн гишүүн улсуудад илгээж, хүч нэмэгдүүлээд байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь


Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2022 оны хоёрдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг гаргасан байна.

Энэ сард ихэнх тэтгэвэр, тэтгэмжийг 15-наас эхэлж олгох нь.

Харин хүүхдийн 100,000 төгрөг болон эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг хоёрдугаар сарын 17-ноос олгох хуваарьтай байна.

Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтийг EHalamj, Ebarimt системээр дамжуулан бүх сараар нь гаргах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

АТГ: ХОМ-ээ тайлагнаагүй албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлнө

Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн урьдчилсан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас өчигдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 08:40 цагийн байдлаар 38.1 мянган албан тушаалтан буюу 81.4 хувь нь мэдүүлгээ гаргаад байгаа талаар АТГ-аас мэдээлсэн. Хэрвээ хуулийн хугацаандаа мэдүүлгээ гаргахгүй бол албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах талаар АТГ-аас мэдээлж буй юм.

Тодруулбал, дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байгаа аж. Тухайлбал,

  • Шүүхийн ерөнхий зөвлөл,
  • Эрүүл мэндийн яам,
  • Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • Ашигт малтмал, газрын тосны газар,
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • Соёл, урлагийн газар
  • “Эрдэнэс Монгол” ХХК
  • Оюуны өмчийн газар
  • Биеийн тамир, спортын улсын хороо
  • Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар
  • Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар

Албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул хуулийн хугацаанд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахыг уриалж байна. Хуулийн хугацаа дуусахад зургаа хоног үлдлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгчөөр Б.Нямдоржийг томиллоо

Монголын өдөр тутмын сонинуудын холбоо энэ сарын 7-ны өдөр хуралдаж шинэ удирдлагуудаа томиллоо. Тус холбооны ерөнхийлөгчөөр “Өдрийн сонин”-ы Тамгын газрын дарга Б.Нямдорж сонгогдлоо. Б.Нямдорж нь хэвлэл мэдээллийн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай боловсон хүчин юм. Тэрээр “Өдрийн сонин”-д газар менежер, ахлах менежерээр ажиллаж байсан бөгөөд өдгөө тус сонины Тамгын газрын даргаар ажиллаж байна. МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Сонин сэтгүүл хариуцсан дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Мөн удирдах зөвлөлийн шийдвэрээр тус холбооны гүйцэтгэх захирлаар “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн албаны дарга Г.Цолмонг, ерөнхий менежерээр “Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал нарыг тус тус томиллоо. Мөн “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн (МУСГЗ), “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч асан Б.Ганболд (МУСГЗ) нарыг хүндэт ерөнхийлөгчөөр баталлаа.

Монголын өдөр тутмын сонины холбоонд “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан”, “Монголын мэдээ”, “Өглөөний сонин”, “Монголын үнэн” зэрэг Монголын өдөр тутмын тэргүүлэх сонинууд гишүүнчлэлтэй юм. Тус холбооны ерөнхийлөгчөөр нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан, “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн, “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд, “News” агентлагийн захирал Б.Тэмүүлэн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч асан С.Батбаатар, “Монголын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч С.Гантогоо, “Монголын үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат, “Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгч Э.Долгион болон Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр нар томилогдон ажиллаж байв.

Тус холбоо нь Хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа өдөр тутмын сонинуудын хараат бус байдал, сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулах, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, уншигчдын мэдэх эрхийг хамгаалахын төлөө олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллага юм.

МОНГОЛЫН ӨДӨР ТУТМЫН СОНИНЫ ХОЛБОО

Categories
мэдээ нийгэм

​Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр болно


Хуралдаанаар Ардын чуулган нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын Төв нам үүсгэн байгуулсныг бүртгэх эсэхийг хэлэлцэх юм. Мөн МАН-ын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт, АН-ын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргыг бүртгэх талаар хэлэлцэнэ.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай тогтоолын төсөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2-т заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн санал үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх, Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэх аж.

Түүнчлэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд заасны дагуу Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг тайлбарлах тухай “хууль тайлбарлах хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон” Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөгжлийн банк, ЖДҮ зэрэг хэрэг явдал хуульгүй, эсвэл хуулийг эс хэрэгсдэгээс л үүдэлтэй

2019 онд ЖДҮ гэх нэршил манай улс төр, нийгмийг бүхэлд нь доргиосон. Өндөр албан тушаал, эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаа урвуулан ашиглаж УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, нэг дэд сайд тэргүүтэй улс төрийн хүрээнийхэн жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмждэг сангаас ямар ч шалгуур нөхцөлгүйгээр гарын үсэг төдийхнөөр л өөрсдийн компанидаа тэрбум тэрбумаар нь зээл авчихсан байсан нь илэрсэн. Гэтэл бантсан гишүүд хулгай нь илрэнгүүт тэр дор нь “Буцаагаад зээлээ төлчихлөө шүү, хөөш. Сүртэй ш дээ” гэж дуу дуугаа аван мэдэгдэж, нүдний булай болж байсан даг. ЖДҮ-г дандаа сайд, гишүүд, дарга нар нь аваад байсан учир жинхэнэ үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид юу ч хүртдэггүй байснаа тэр үед л өнгөтөөр харсан даа. Гэтэл ЖДҮ-гийн шуугиан намжаад удаагүй байтал араас нь Хөгжлийн банкнаас дарга, улстөрчид тэрбум тэрбумаар нь зээл аваад эргүүлж төлөөгүй учир шүүхэд шилжсэн нь, тун болохгүй бол тэр их өр төлбөр, зээлийг Засгийн газар төлнө дөө гэх шуугиан сошиалаар түгсэнд ард түмэн маш ихээр дургүйцэж байна.

Монгол Улсын Хөгжлийн банк банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий 26 чанаргүй зээлдэгчийг нэгдүгээр сарын 20-нд зарласан. Уг банк үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой гэх боловч дээрх 26 зээлдэгчийн жинхэнэ эздээс нь харвал юуных нь тэргүүлэх салбар байх вэ дээ гэмээр дүр зураг гарсан билээ. Анх зээл авахдаа хэлж байснаасаа тэс өөр зүйлд зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн, эргэн төлөлт хийгээгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан бөгөөд ихэнх нь чанаргүй зээлдэгч гэх нэр зүүгээд шүүхийн шатанд яваа юм. Ер нь Монголд ямар зээлдэгч ийм том толгойтой байх вэ. Мэдээж сайд, дарга нар, нөлөө бүхий улстөрч эзэн, артай компаниуд шүү дээ. Улстөрч, нөлөө бүхий дарга, эрх мэдэлтнүүд ЖДҮДС-г цөлмөсөн шиг нэр нөлөө бүхий хүмүүс Хөгжлийн банкны хэвийн үйл ажиллагааг 50 гаруй хувьтай болтол нь доройтуулж зээл авсанд олон нийт дургүйцэх ч багадаад жигшиж байна. Ард түмэн яагаад тэдэнд дургүйцэв гэхээр ард түмнээс илүү боломж, бололцоо, эрх мэдэлтэй мөртлөө мэдээлэлд ойр байдлаа ашиглаж татвар төлөгчдийн мөнгийг сүйтгэж байгаад нь л зэвүүцэн шударга ёсыг нэхээд байгаа юм.

Тухайн үедээ ЖДҮ-д нэр холбогдсон өндөр албан тушаалтнуудад арга хэмжээ авахчаа аядсан. Дахиж нэр дэвшихийг нь болиулсан ухаантай. Ийм арга хэмжээ ч гэж юу байхав дээ. Энэ удаад Хөгжлийн банкнаас зээл авч, чанаргүй зээлдэгч гэх гуншин зүүгээд байгаа хүмүүсийн нэр илчлэгдэж, ид шуугиан дэгдээж байна. МАН-ынхан мөн л ярьдгаараа “Эдэнд арга хэмжээ авна” л гэх байх. Яаж арга хэмжээ авахыг нь харж л байя.

Гэтэл дараагийн сонгуулиар бүрдсэн парламентын гишүүд бусадтайгаа нийлээд дахиад л татвар төлөгчдийн мөнгийг ингэж нийлж идсээр байх юм уу, яах юм. Үе үеийн эрх баригчид улсыг ийн тонон дээрэмдсээр л байх юм уу. Тэгээд тухайн үедээ шуугианыг намжаах гэж “Арга хэмжээ авсан” болоод өнгөрөөгөөд байх уу. Ийм тасралтгүй хулгай үеийн үед Монголын төрд үргэлжлэх болж байна уу? Үүнд ямар хариулт байна вэ?

Тавган дээрх үнэгүй хоолыг иддэг нь хүн төрөлхтөн, хүний жам юм. Бололцооны бэлэн олзыг зүгээр орхиод явдаг хүн тун ховор. “Та ийм зээл авах боломжтой, хүү нь ийм бага. Ингээд л зүгээр авчихдаг юм. Олуулаа ингээд зээлчихээр яваандаа чанаргүй зээл болгоод хэрэгсэхгүй болгуулаад зээл тань танд үлдэнэ. Их ашигтай шүү. Энэ зээлийг улс төрийн дэмжлэгээр түвэггүй авчихдаг юм аа” гэхээр аль ч намд байгаа хэн ч тэр бэлэн зээл авахыг л бодно. Ийм хулгайг зогсоохгүй бол байн байн давтагдаад байх уу, үе үеийн эрх баригчид хулгайчдын толгойг илсээр яваад байх юм уу. Энэ бүхнээс яаж ангижрах вэ. Ямар хувилбар байна вэ?

Арга хэмжээг хэнд авав гэхээс илүүтэй яагаад ийм үйл явдал байсхийгээд гараад байна вэ гэдэг уг шалтгааныг нь эхэлж олох ёстой.

Гол нь, хуульгүйг далимдуулж ийм хэргүүдийг бүлэглэн, хүч түрэмгийлж хийдэг. Эрх мэдлээ ашиглаж, бүлэглэж, үгсэж, улс төрийн дэмжлэгээр улсаас их хэмжээний зээл авч болохгүй гэсэн тодорхой хууль байдаггүй. Харин хууль хийсэн нэрээр энд тэндхийн хуульд бүдэгхэн, бадагхан оруулга маягаар хавчуулж хийсэн зүйл, заалт мэр сэр дурдагдаж л байдаг. Эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулж болохгүй гэдэг эрхбиш ганц нэг зүйл заалт байгаа байх гэж горьдож байна. Хэрэв тийм зүйл байгаа бол түүнийгээ буюу хуулийг үл хэрэгссэнээс л энэ бүх хэрэг гараад байгаа юм.

Уг нь “Төрийн албаны бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн сахина” гэж эх хуульдаа заачихсан байгаа. Мөн Төрийн албаны тухай хуульд “Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын

Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” гэчихсэн байгаа. Гэтэл төрд байгаа эрх мэдэлтнүүд өөрийн давуу байдлаа ашиглаж ингэж зээл авах нь хууль бус. Хууль бусыг нь мэдсээр байж улсад хохирол учруулж байгаа нь хуулиуд, Үндсэн хуулийг юман чинээ ч үл тоож, сүрдэхгүй байгаатай холбоотой л доо.

Тиймээс төрд, татвар төлөгчдийн мөнгөнд хулгай давтамжтайгаар орж байгаа энэ үйл явдлуудыг таслан зогсоохын тулд хууль, эрх зүйн орчныг нь яаралтай бүрдүүлэх цаг нь болсон. Ёс зүйн код ч юмуу, хууль зүйн талаас нь ийм үйлдэл гаргуулахгүйн тулд төрийн албан хаагчдад зориулсан тусдаа хууль хэрэгтэй байна.

Улс төрийн эрх мэдэл, нэр нөлөөгөө ашиглаж, өөрийн нөлөөллийн хувийн компаниуддаа төр, татвар төлөгчдийн мөнгөнөөс зээл олгодгийг хориглодог болох хэрэгтэй. Аж ахуй эрхэлдэг бол тэрийгээ л хий. Улс төр хөөдөг бол улс төрөөрөө л дагна. Улс төрд оччихоод амин хувийн эрх ашиг, компани, аж ахуйгаа үргэлжлүүлнэ гэдэг бол үнэхээр шударга бус.

Татвар төлөгчдийн мөнгөнөөс зээл авч байгаа дарга, сайд, гишүүдэд ажил хийнэ, юм бүтээнэ гэсэн өчүүхэн ч сэтгэхүй байдаггүй. Улстөрчдийн бизнесмэнүүдээс ялгагддаг гол ялгаа нь ердөө энэ. Харин бизнес эрхлэгчид зээл авбал юм хийнэ, юм бүтээнэ, ажлын байр нэмэгдүүлнэ, үйлдвэрээ өргөжүүлнэ гэж харьцангуй ирээдүйтэй, зорилготой зүйл рүү чиглэдэг. Улс төрийхөн бол ажил хийх талаар юу ярихаа ч мэддэггүй. Зээл нэрээр хулгай хийхдээ л гаргууд, тэр талдаа бүлсэг. Зээл авч байгаа хүмүүсийг улс төрийнхөн ба бизнес эрхлэгчид гэж ялгаж салгаж зааглаж, цаад эздийг нь илрүүлж байх жишиг тогтоох хэрэгтэй. Төрд нүүрлэсэн хулгайг таслан зогсооё, хулгайн энэ тасралтгүй үргэлжилсэн гинжин холбоог тасалъя гэвэл төрийн албан хаагчдын ёс зүйг заасан хуультай болох хэрэгтэй байна. Хуульгүй, хууль байлаа ч эс хэрэгсээд байвал Хөгжлийн банк, ЖДҮ зэрэг иймэрхүү төрлийн, өндөр мөнгөн дүнтэй хэргүүд гарсаар л байх болно

Categories
мэдээ цаг-үе

“Омикрон хувилбараар өвчилсөн тохиолдолд хоолой сөөх, үе мөч өвдөх шинж тэмдэг илэрнэ” гэв

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги харшлын төвийн эмч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй их эмч Ц.Батцэнгэл омикрон халдварын үед илэрч буй онцлог шинж болоод өвдөөд эдгэсэн иргэдэд зөвлөмж өглөө.

Вакцин хийлгээгүй хүмүүс омикрон хувилбараар өвдсөн тохиолдолд уушгинд халдвар орж хүндрэх, нас барах эрсдэл өндөр байна. Омикрон хувилбар нь томуу, томуу төст өвчинтэй ижил шинж тэмдгээр илэрч байгаа учир заавал PCR шинжилгээ өгөх нь хэрэгтэй. Ковид19 халдвараар өвдсөн хүмүүсийн 59-80 хувьд нь ханиалга намдахгүй байх шинж тэмдэг ажиглагдаж байна.

Омикрон хувилбарын шинж тэмдэг:

  • Хоолой өвдөх
  • Хоолой сөөх
  • Хоолой сэрвэгнэж ханиах
  • Ядрах, сульдах, хөлрөх
  • Үе мөч өвдөх

Шинж тэмдэг ханиалга:

  • Цочмог ханиалга гурван долоо хоног
  • Архаг ханиалгах найман долоо хоног
  • Халдварын хүндрэл цэр их байх
  • Харшлын сэдрэл үүсэх эрсдэлтэй байна.

Өвдөөд эдгэсэн иргэд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, уушгины рентген зураг авахуулах, спирограмма, цусны хүчилтөрөгчийн хангамж тодорхойлох шинжилгээ, эхокардиографи зэрэг шинжилгээг хийлгэх хэрэгтэй. Мөн цус шингэлэх эмийг 2-3 сар хэрэглэхийг зөвлөж байгаа. Ковид19 халдвар нь мэдрэлийн эд эсийг маш ихээр гэмтээдэг учир ядрах, сульдах шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилж байгааг анхааруулж буй. Энэ үед биологийн идэвхт хүнсний бүтээгдэхүүн, нэмэлт витаминуудыг хэрэглэх нь зүйтэй.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр Натурын замыг түр хаана

Дулааны шугамын гэмтлийг засахын тулд Натурын замыг өнөөдөр 10:00-22:00 цагийн хооронд хаахаар болжээ.

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж буюу Натурын замд дулааны шугамын гэмтэл гарсныг яаралтай засварлах шаардлагатай болсон аж. Тиймээс зорчих хэсгийн баруунаас зүүн чиглэлийн хоёр эгнээг түр хааж засварын ажил хийгдэх талаар ТЦА-наас мэдээллээ.