Categories
мэдээ цаг-үе

Төрийн албаны шалгалт дөрөвдүгээр сарын 1-нд эхэлнэ

Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэв.

Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн Салбар зөвлөл, Төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулна.

Шалгалтын бүртгэл 2022 оны 2 дугаар сарын 17-ны 09:00 цагаас 3 дугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдана.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

БҮХ ШАТНЫ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ САРЫН 14-НӨӨС 100 ХУВЬ ТАНХИМААР ЭХЛҮҮЛНЭ

Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 56, ПГУ шинжилгээний эерэг илрүүлэлтийн хувь 30 хувиар тус тус буурсан талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нийт хүн амын 31, зорилтот бүлгийн иргэдийн 52 хувь нь коронавирусийн эсрэг нэмэлт тунд хамрагджээ.

Зорилтод бүлгийн дархлаажуулалт 50 хувьд хүрсэн, халдвар буурч байгаа тул 2022 оны хоёрдугаар сарын 14-нөөс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 100 хувь танхимаар эхлүүлэхээр шийдвэрлэв.

МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙГ АШУҮИС-ИЙН ХАРЬЯАНД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Монгол-Японы эмнэлгийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд шилжүүлж, тус эмнэлгийн үйлчлэх хүрээг тогтоох, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд нарт даалгалаа.

Их сургуулийн эмнэлэг нь эмнэлгийн болон бусад мэргэшлээр суралцаж буй оюутан, эмч, эрүүл мэндийн ажилтанд анагаах ухаан болон эрүүл мэндийн боловсрол олгох, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, давтан сургах, эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхлэхийн зэрэгцээ үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

ХИЛ ДЭЭР ХУРИМТЛАГДСАН НҮҮРСИЙГ ГАРГАЖ ЭХЭЛЖЭЭ

Монголын цагаан сар, Хятадын хаврын баяраар хилийн боомтыг гурван өдөр хааж, энэ сарын 4-нөөс хэвийн ажиллаж эхэлжээ.

Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор 2022 оны хоёрдугаар сарын 4-8-нд 268 чингэлгээр 4000 орчим тонн ачаа татсан байна. Мөн энэ сарын 9-нөөс эхлэн задгай нүүрс гаргаж эхэллээ. Хил дээр 1100 орчим вагон нүүрс хуримтлагдсан, цаг агаар дулаарснаас шатаж уугих эрсдэл үүсэхээр байжээ.
Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги, Булган боомтуудаар экспортын ачаа тээвэрлэлт хэвийн явагдаж байна.

Товч мэдээ:

  • Олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд зөвшилцөх, хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг эрчимжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
  • Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

​DNN-ЯРИЛЦЛАГА: Аварсан амьтдаа хоолоо сайн идэж, тоглож байхыг хараад л аз жаргал мэдэрдэг

Өвдөж шаналсан, эзэндээ хаягдсан олон амьтдыг асарч хамгаалж, амьдралаа зориулж яваа М.Ариунсанаатай ярилцлаа. Тэрээр “UB Shelter” ТББ-ын тэргүүн юм.


-Танай байгууллага хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?

-Амьтанд хайртай залуус золбин гэх тодотголтой зовж шаналсан амьтдыг аварч хамгаалан, нийгэмд тэдний дуу хоолой болж хүн амьтанд ээлтэй эерэг нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулах зорилгоор 2017 онд байгуулагдсан. Манай байгууллага эзэндээ гологдож хаягдсан, харгислалд өртөн амь тэмцэж явсан амьтдыг авран хамгаалж, эмнэлгийн тусламж, асаргаа үзүүлж, хайр халамжаар тэтгэн сайн эзний гарт хүлээлгэн өгөх зорилготой.

-Хэдэн гишүүнтэй вэ?

-Манай ТББ дөрвөн гишүүнтэй. Манай гэр бүлийн хүн, тэгээд амьтанд хайртай, санаа зорилго нэгтэй бас хоёр хүн бий. Нэг нь төрийн албан хаагч, нөгөө нь хувийн компанид ажилладаг. Энэ хоёр маань ажлаа хийгээд тусалж дэмжээд үйл ажиллагаагаа хариуцан өргөжүүлдэг. Эхнэр бид хоёр эндээ амьтдаа асарч халамжлаад тэдэнтэйгээ хамт амьдарч байна.

-Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Мөнхжаргалын Ариунсанаа гэдэг. Одоо 30 настай. 2012 онд компьютер график дизайны чиглэлээр төгссөн. Мэргэжлээрээ ажиллаж байгаад амьтдыг аварч, асарч хайрлахын төлөө бүхий л амьдралаа зориулахаар шийдэж ажлаасаа гараад одоо “UB Shelter” ТББ үүсгэн байгуулж хариуцан ажиллаж байна даа.

-Өдийг хүртэл нийт хэчнээн амьтдыг аварч, асран амгаалсан бол?

-2017 оноос хойш 300-аад орчим амьтдыг аварч, асран хамгаалсан. Тэднээс 100-аад амьтдыг гэр бүлтэй болгож үрчлүүлсэн. Одоо манайд 70 нохой, 8 муур байна. Эд маань бүгд гудамжнаас олдож аврагдсан амьтад.

No description available.

-Хамтарч ажилладаг эмнэлэг, байгууллага байдаг уу?

-Одоогоор хамтарч ажилладаг эмнэлэг байхгүй ээ. Гэсэн хэдий ч амьтны эмнэлгүүд биднийг сайн таньдаг учир хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх үе бий. Гэхдээ үндсэн үнэ өртөгөөр нь эмчлүүлдэг. Тухайн газартаа бас хүндрэл учруулахгүй байх хэрэгтэй. Ер нь аль болох өөрсдөө эмчилж эдгээхийг хичээдэг. Бүр болохгүй болсон тохиолдолд л эмнэлэг бараадна даа.

-Амьтаддаа сард хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Хоол, эм тариа жижиг хэрэгсэл гэх мэт зүйлсээс эхлээд хэрэглээний зардалд л гэхэд сардаа 3 сая гаруй төгрөг зарцуулдаг.

Хүмүүсийн бидэнд тусалж байгаа сэтгэлд талархаад барамгүй. Сэтгэлээрээ ирээд цэвэрлэгээ хийгээд өгнө. Жижиг сажиг хэрэглүүрүүд хандивлана. Хоол хүнс өгнө. Тэр болгон маш том тус дэм болдог.

-Амьтан үрчилж авч буй хүмүүс үүлдэртэй нохдыг илүү авах сонирхолтой байдаг уу?

-Тийм. Хүмүүс их царай хардаг. Тэгээд шууд л үүлдэр асууна. Өсдөггүй, үс унадаггүй амьтан байна уу гэж хүртэл асууна. Тиймэрхүү хүмүүст байсан ч байхгүй гэдэг. Тийм сэтгэл, сэтгэхүйтэй хүмүүст яаж амьтдаа өгч явуулчихаад санаа амар байхав дээ.

No description available.

-Үрчлүүлсэн амьтдынхаа эзэдтэй хэр холбоотой байдаг вэ?

-Манай байгууллагын гол шаардлагуудын нэг бол эргээд холбоо харилцаатай байх явдал. Даанч хүмүүс хэлсэн амандаа байж чаддаггүй. Анх авахдаа зөндөө сайхан үг хэлж, итгэл төрүүлж авчихаад дараа нь ингээд алдчихсан, эсвэл бүр эндчихсэн гэх мэт хайхрамжгүй үгсийг хэлдэг. Тиймээс одоо маш сайн судалж, үрчилж авах хүмүүсийнх нь гэрт нь очиж гишүүдтэй нь биечлэн уулзаж бүгд зөвшөөрсөн эсэх, бага насны хүүхэд байдаг, байдаггүй гэх мэтээр маш сайн судалгаа хийж байж үрчлүүлдэг болсон. Олон хүмүүсийн үйлдлээс хаширч суралцсаны эцэст одоо арвин их туршлагатай болсон доо(инээв).

-Амьтан үрчилж авах хүсэлтэй хүмүүст таны зүгээс өгөх зөвлөгөө байна уу?

-Хамгийн сүүлд л гэхэд нэг хүн холбогдоод “Хүүхэд маань дөрвөн настай. Удахгүй төрсөн өдөр нь болох гэж байгаа юм. Амьтан авч өгмөөр байна. Үрчлүүлэх амьтан байна уу” гэсэн. Би хариу бичээгүй. Иймэрхүү амьд амьтанг тоглоом болгож хардаг хүмүүст хандаж хэлэхэд таны хүүхдээс ялгаагүй шүү дээ. Хүүхдээ нас биед хүрэхээр нь юмны наадах цаадах учрыг мэддэг болсон хойно нь амьтанг хайрлах ухаанд суралцуулаарай гэж зөвлөмөөр байна.

-Ноход нь сонин содон нэртэй юм. Жишээлбэл мантуу, галуу гэх мэт…

-Тухайн амьтанг хаанаас ямархуу байдалтай олсон онцлогоос нт шалтгаалж нэрлэдэг. 22 товчооноос олдсон нохойг маань 22 гэдэг. Итгэл төрүүлж бидэнд ирсэн нохойг маань Итгэл гэнэ.Панда шиг биетэй ч хүүхэлдэйн кинонд мантуу иддэг панда гардаг учир Мантуу гэж нэр авсан нохой ч бий.Бүгд өөр өөрийн онцлог, содон дуудлагатай.

No description available.

-Итгэл нохойг хүмүүс андахгүй байх. Түүний түүхээс хуваалцаач?

-Жаахан гөлөг байхдаа машинд дайруулчихсан байхад нь таньдаг эгч маань олж авсан. Тэгээд эмнэлэгт үзүүлтэл хойд хоёр хөл нь ажиллагаагүй болсон. Үрчилж авч хайрлах хүн ч олдохгүй. Тиймээс унтуул гэсэн. Тэр үед би нэгэнт л энэ нохойг унтуулахаар болсон юм чинь хэдхэн хоног ч болов аз жаргал, халуун дулаан хайрыг мэдрүүлье гэж бодоод өөр дээрээ авсан. Хүнээр хайрлуулж, тэврүүлж унтах, бусадтайгаа тоглох зэрэг мэдрэмжүүдийг өгөхийг хүссэн. Гэсэн ч Итгэл маань тэр хэд хоногт огт зовуурлаж зоволгүй, маш цовоо сэргэлэн, хоол ундаа сайн идэж байсан учир унтуулах зориг хүрээгүй. Харин ч улам их хайрлаж, аврахыг хүссэн. Түүний нүднээс өвчин зовлон гунигийг биш амьдрах итгэлийг олж харсан учир Итгэл гэж нэрлэсэн.

Аварсан амьтдаа эрүүл саруул хоолоо сайн идэж, хоорондоо тоглож байхыг нь хараад л аз жаргалыг мэдэрдэг. Заримдаа бараг Итгэлийнхээ памперсийг хамт хэргэлчихнэ(инээв). Их л хөгжилтэй, жаргалтай амьдарцгааж байна даа 80-уулаа.

-Спэй заслагын талаар өөрийн тань бодол?

-Үржил хаалгаагүйн улмаас одоо ингэж замбараагүй амьтад төрж, үхэж, хаягдаж байна. Амьтдадаа спэй хийлгэх хэрэгтэй. Манай амьтдын 80 гаруй хувь нь үржлээ хаалгасан. Үлдсэн хэд маань нас нь болоогүй, зарим ньэрүүл мэндийн шалтгаантай учир спэй хийлгэж амжаагүй байна.


Хүнийг таних хамгийн хэцүү юм. Амьтдыг бол таниад болоод байгаа


-Амьтдаа асарч хамгаалахад ямар бэрхшээлүүд тулгардаг вэ?

-Нэн түрүүнд нохой муурны буудлага их хэцүү. Байнга санаа зовж, шөнө хүртэл босож хардаг. За тэгээд сайн гэр бүл олох бас хэцүү. Хайртай, дуртай гэж авчихаад л олон шалтаг хэлээд алчихна, алдчихна. Сэтгэлгүй хүмүүсийн балгаар олон амьтад хохирч байна даа.

No description available.

-Хүмүүс хэр их амьтан авчирч өгдөг вэ. Тэр болгоныг авах уу?

-Зөндөө их авчирч өгнө. Бараг л бүгдийг нь авдаг байлаа. Гэхдээ сүүлийн жилд авахаа больсон. Амьтдын маань тоо ихсэж, бидний хүн хүч хүрэлцэхгүй байна. Иймэрхүү асуудлаа хэлэхээр зарим хүмүүс “Тэгвэл яах гэж ийм газар ажиллуулдаг юм, чадахгүй байж” гэх муухай үгсийг хэлдэг. Зарим нь ч ойлгоод явдаг. Бид өөрсдийн гэсэн хашаа талбайтай болчихвол байсхийгээд нүүж суугаад байхгүй учир авчирч өгсөн амьтан болгоныг нь л авч асармаар байна.

-Одоо байгаа энэ хашаа та нарын эзэмшлийнх биш гэсэн үг үү?

-Тийм ээ. Биднийх биш. Анх энэ газрын жижигхэн хэсгийг нь 200 мянган төгрөгөөр түрээслэхээр тохирсон юм. Тэгээд сүүлдээ давраад энэ том хашааруугаа орж өргөжсөн(инээв).Энэ газрын эзэн ах их сайн хүн байдаг тулдаа намайг ойлгож дэмжиж туслаад өдий зэрэгтээ байлгаж байна. Даанч одоо энэ хашаа талбай маань зарагдах гэж байгаа учраас бид дулаан ортол л эндээ байх боломжтой болсон. Түрээсийн хашаа, талбай хайж л байна. Олон амьтантай үйл ажиллагаа явуулна гэхээр зөвшөөрөх хүн тун ховор. Өөрсдийн гэсэн газартай болчихвол санаа амар үйл ажиллагаагаа явуулж, олон шинэ зүйлсийг хийж үйл ажиллагаагаа өргөжүүлмээр байх юм. Бодсоноор болохгүй юм аа.

-Хүн хүчээ нэмж, байгууллагадаа үндсэн ажилтан авах бодол бий юү?

-Сарын 800 мянган төгрөгийн цалин өгөөд ажиллуулж үзсэн. Шантраад л яваад өгдөг. Сүүлдээ бүр ирсэн хүмүүсээ явуулчихгүйн тулд татдаг тамхийг нь хүртэл барьж гүйдэг байлаа. Тэгсэн ч яваад өгдөг. Нэмэргүй(инээв).

-Цаашдын ажил, зорилгынхоо талаар яриач?

-Хамгийн эхэнд байрлах байр олно. Тэгж байж санаа амар дараа дараагийнхаа ажлыг эрч хүчтэй хийнэ. Фэйсбүүк пэйжээ хөгжүүлж влог хийх бодолтой байгаа. Энэ нь амьтанд хайртай хүмүүстэй ойр байж амьтдадаа сайн эзэн олж, үрчлүүлэхэд их тус нэмэртэй болов уу.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс хилээр задгай нүүрс гаргаж эхэлжээ

Монголын цагаан сар, Хятадын хаврын баяраар хилийн боомтыг гурван өдөр хааж, энэ сарын 4-нөөс хэвийн ажиллаж эхэлжээ.

Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор 2022 оны хоёрдугаар сарын 4-8-нд 268 чингэлгээр 4,000 орчим тонн ачаа татсан байна. Мөн энэ сарын 9-нөөс эхлэн задгай нүүрс гаргаж эхэлсэн байна.

Хил дээр 1,100 орчим вагон нүүрс хуримтлагдсан, цаг агаар дулаарснаас шатаж уугих эрсдэл үүсэхээр байжээ. Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги, Булган боомтуудаар экспортын ачаа тээвэрлэлт хэвийн явагдаж байна хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Х.Бат-Ялалтыг гэм буруутайд тооцож, 15 сая төгрөгөөр торгох ял оногдууллаа

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Х.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 15 сая төгрөгийн торгох ял оногдууллаа.

17.6 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх
1.Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Бээжин-2022: Их Британи улсын хамгийн залуу тамирчин фристайл төрөлд V байр эзэллээ

Их Британийн шигшээ багийн хамгийн залуу тамирчин Кирсти Муир Бээжин-2022 олимпын фристайл төрөлд тавдугаар байр эзэллээ. 17 настай тэрбээр харайлтдаа 90.25 оноо авч нийт 169 оноогоор аваргуудын ард жагсжээ. Муир ” Би маш их баяртай байна. Өөрийгөө тавдугаар байранд шалгарна гэж төсөөлөөгүй. Би дөнгөж 17 настай. Цаашдаа бэлтгэлээ сайн хийж олимпоос заавал алтан медаль авах болно” гэжээ.

Тус төрөлд талбайн эзэн Эйлин Гу 188.25 оноогоор алт авч, Францын тамирчин Тесс Ледеус 187.50 оноогоор мөнгөн медаль хүртжээ. Харин хүрэл медалийг Швейцарын Матильд Гремауд хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Шинийн 8-ны энэ өдөр Шилийн богд ууланд 500 тээврийн хэрэгсэл, 2000 орчим хүн очжээ

“Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн шинийн 8-н буюу өнөөдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Шилийн богд ууланд 500 тээврийн хэрэгсэл, 2,000 орчим иргэн очжээ.

Иргэд олноор нэг дор цугласан байгаа тул Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулга, санамжийг өгч, хяналт тавьж ажиллаж байна хэмээн мэдээллээ.

Орон нутаг болон нийслэл хот руу зорчих иргэд, жолооч нар гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангах, хамгаалах бүс, хүүхдийн суудлыг хэрэглэх, хүн тээвэрлэх журмыг мөрдөх, гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг анхаарал болгоомжтой хийх, шөнийн буюу үзэгдэлт хангалтгүй үед гэрэл шилжүүлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна
Categories
мэдээ эдийн-засаг

Б.Солонгоо: Хөгжлийн банкны 20 зээлдэгч 520 тэрбумыг зориулалтын бусаар зарцуулсан

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой зарим мэдээлэл сонсож, Ерөнхий сайд чиглэл өгсөн. Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар Хөгжлийн банк нийт санхүүжүүлэх дүнгийн дор хаяж 60 хувь нь Монгол Улсын экспортыг дэмжсэн зээлийг олгох ёстой. Улс орны хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох тодорхой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой байгуулагдсан банк. Өнөөдөр өгсөн мэдээллээр нийт 3.1 их наяадын зээлийн багцтай бөгөөд үүнээс 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй зээлд багтаж буй. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкнаас тодорхой арга хэмжээ авч байгаа. Нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 14 зээлдэгчтэй холбоотой асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.

Хөгжлийн банкны төлөөлөл өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулга өгөхдөө шүүхийн шатанд нэхэмжлэл гаргаж, асуудлыг шийдвэрлэхдээ маш их хугацаа алдаж байгаа талаар хэлсэн. Тухайлбал хамгийн ихдээ 69 сар шүүхэд маргаан шийдвэрлэгдэж байгаа аж. Мөн чанаргүй зээлтэй холбоотойгоор шат дараатай авсан арга хэмжээнүүд үр дүнд хүрч байна. Нэгдүгээр сарын 24-нөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн гэх мэдээллийг өгсөн” гэлээ.

Мөн асуудалтай байгаа зээлийн хувьд 20 зээл буюу 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байгаа бөгөөд үүнийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ Хөгжлийн банкнаас илэрхийлсэн байна.

Хөгжлийн банк Монгол Улсын хөгжилд шаардлагатай экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжсэн институц. Иймээс Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг цаашид дэмжинэ. Харин чанаргүй зээлдэгчидтэй хариуцлага тооцно. Мөн зээлийн эргэн төлөлтийн асуудалд анхаарал хандуулна. Хөгжлийн банкнаас зээл авсан, хариуцлагагүй байгаа, албан тушаал эрх мэдлээ ашиглан зээл авсан, эсвэл авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан зээлдэгч нарт хариуцлага тооцох асуудлыг Засгийн газраас холбогдох хуулийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан хуулийн байгууллагад бүхий л дэмжлэг үзүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк өнгөрсөн сард 1.6 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк энэ оны нэгдүгээр сард 1.6 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 312 кг-аар өссөн үзүүлэлт аж. Нэгдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 48.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 64.1 кг үнэт металл худалдан авсан байна.

Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны нэгдүгээр сард 166,244.80 төгрөг байв.

График 1. 2018-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)

Монголбанк

График 2. 2010-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

Монголбанк

График 3. 2022 оны нэгдүгээр сард Монголбанкны худалдан авсан алтны үнэ (төгрөг/грамм)

Монголбанк
Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн бүртгэл хийх 13 цэгийн хаяг, цагийн хуваарь

Нийслэлд тээврийн хэрэгслийн бүртгэлийн 13 салбар хэлтэс ажиллаж байна. Тодруулбал, Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс нь автомашин эзэмшигчдэд улсын дугаар шинээр олгох, шилжилт хөдөлгөөн хийх, ашиглах боломжгүй гэрчилгээ, улсын дугаарыг нөхөн олгох зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой улсын бүртгэлийн үйлчилгээг нийт 13 салбар цэгээр дамжуулан дараах цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байна.