Categories
мэдээ нийгэм

“Toyota” компани “COVID-19” цар тахлын улмаас үйлдвэрлэлийн зорилтоо бууруулжээ

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани “COVID-19” цар тахлын улмаас үйлдвэрлэл саарч, чипний хомсдол нүүрлээд байгаатай холбогдуулан жилд үйлдвэрлэх автомашины зорилтоо хагас саяар бууруулж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.

“Манай компани ирэх гуравдугаар сарын 31 хүртэлх санхүүгийн жилд 8.5 сая тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа нь өмнөх тооцооноос /9 сая/ буурсан үзүүлэлт болж байна” гэж дэлхийн автомашин үйлдвэрлэгч хамгийн том компани мэдээлжээ. Тус компанийн үйл ажиллагааны ашиг өнгөрсөн оны сүүлийн улиралд 21 хувиар буурсан юм.

“Бид чипний нийлүүлэлт богино хугацаанд тогтворжино гэж үзэхгүй байгаас гадна коронавирусний цар тахлын нөхцөл байдал тодорхойгүй байгааг харгалзан ийнхүү шийдвэрлэсэн. Мөн тодорхойгүй байдлыг ирэх санхүүгийн жилийг дамнан үргэлжилж болзошгүй хэмээн таамаглаж байна” гэж “Toyota” компанийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ.

Энэ санхүүгийн жилд дэлхийн хэмжээнд 9.3 сая тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхээр төлөвлөж байсан “Toyota” нь дэлхийн бусад томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэгэн адил “COVID-19” цар тахлын үр дагаврын улмаас үйлдвэрлэлийн зорилтоо бууруулахаас өөр аргагүйд хүрсэн юм. Мөн тээврийн хэрэгсэл тутмаас олох орлогоо нэмэгдүүлэхийн тулд зардлаа бууруулсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Brit Awards” хөгжмийн наадмын шилдгүүд тодорчээ

Их Британийн “Brit Awards” хөгжмийн наадмын 42 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лондон хотын “O2 Arena” цогцолборт мягмар гаргийн орой боллоо.

Энэ удаагийн наадмаас Английн дуучин Адель нэр дэвшсэн дөрвөн шагналынхаа гурвыг нь гардан авснаар хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлчээр тодорчээ. Тэрбээр “Оны шилдэг цомог”, “Оны шилдэг уран бүтээлч” шагналаас гадна “Easy On Me” дуугаараа “Оны шилдэг дуу” шагналын эзэн болжээ.

Мөн Их Британийн рэпер Литтл Симз “Шилдэг шинэ уран бүтээлч, Английн “Wolf Alice” хамтлаг “Оны шилдэг хамтлаг”-аар тус тус тодорсон байна.

Brit Awards-2022” наадмын шилдгүүд

“Оны шилдэг цомог”: Адель – 30

“Оны шилдэг дуу”: Адель – “Easy On Me”

“Оны шилдэг уран бүтээлч”: Адель


“Оны шилдэг хамтлаг”: “Wolf Alice”


“Гадаадын шилдэг уран бүтээлч”: Билли Айлиш


“Гадаадын шилдэг хамтлаг”: “Silk Sonic”


“Гадаадын шилдэг дуу”: Оливиа Родриго – “good 4 u”


“Шилдэг шинэ уран бүтээлч”: Литтл Симз


Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: “Омикрон” хувилбар энгийн ханиад биш, үхэлд хүргэх аюултай

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр Covid-19-ийн омикрон хувилбарын эрсдэл өндөр. Түүгээр ч зогсохгүй халдварын тархалт эрчимжиж, нууц үе богиносч байгаа нь өвдсөн хүмүүс дахин өвдөх магадлалыг нэмэгдүүлж буй аж. Хэдийгээр омикроны дөрөвдүгээр давлагаа намжиж байгаа ч энэ хувилбар энгийн ханиад биш, зарим тохиолдолд шууд үхэлд хүргэж буйг Эрүүл мэндийн яамнаас анхааруулав.

Монгол Улсад одоогийн байдлаар омикроны 36 тохиолдол батлагдсан байна. Гэхдээ энэ нь лабораторийн хэмжээнд баталгаажуулсан сорьц. Харин эрсдэл өндөр, сэжигтэй кластер тархалтуудад батлагдаагүй омикрон байх эерэг тохиолдол олон бий. Мөн сар шинийн золголттой холбоотойгоор тархалт нэмэгдсэн байх эрсдэл өндөр. Одоогийн байдлаар хоногт батлагдах халдварын тархалтын тоон мэдээ 1000 даваад буй юм. Харин 1-2 долоо хоногийн дараа энэ тоо хэд дахин нэмэгдэх эрсдэлтэй аж. Учир нь шинжилгээгээр батлагдаагүй ч шинж тэмдэгтэй омикрон байх магадлалтай гэж үзэж буй хүмүүс өрхийн эмнэлэгт хандах нь өдөр ирэх бүр нэмэгдэж буй юм байна. Эдгээр шалтгаанаас үүдэж иргэдийн дунд омикрон хувилбар энгийн ханиадтай ижил гэсэн ойлголт түгээмэл байгаа юм. Эрдэмтэн, судлаачид энэ талаар нэгдсэн мэдээлэл өгч, Covid-19-ийн омикрон хувилбар энгийн ханиад биш гэдгийг анхааруулж байна.

ХӨСҮТ: ХАЛДВАРЫН ТАРХАЛТ, КЛАСТЕР ӨВЧЛӨЛИЙГ БУУРУУЛАХАД ИРГЭДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

ХӨСҮТ-ийн захирал, доктор Ц.Билэгтсайхан:

-Тохиолдлын тооноос харвал халдварын тархалт буурч байгаа мэт харагдаж байна. Гэсэн ч эрсдэл огт буураагүйг иргэд анхаарах хэрэгтэй. Шинж тэмдэг, хүндрэх магадлал бага байлаа гээд халдварын тархалт хумигдана гэж ойлгож болохгүй. Нийт халдварын батлагдах тохиолдлын ихэнх хувь хөдөө, орон нутагт бүртгэгдэж байна. Омикроны давлагаа дельта болон альфа хувилбартай харьцуулахад нэн хүнд, хүнд хүмүүсийн тоо бага байна. Гэхдээ кластер өвчлөл тархаж байна. Мөн үүнээс гадна томуу, томуу төст өвчний халдвар ихэсч байна. Тодруулбал, зургаан аймаг томуугийн өндөр эрсдэлтэй, 12 аймаг бага, зургаан аймаг алаг цоохор буюу улбар шар түвшинд байна. Халдварын дэглэмээ сахих чухал. Орон нутагт кластер өвчлөлийн тархалт өндөр байгаа учир аль болох халдварын дэглэм сахих хэрэгтэй.

Дархлаажуулалтын тухайд иргэд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаж байна. Цаашид ч вакцины бүрэн тунд хамрагдахыг хүсч байна. Энгийн ханиад гэж хандаад байвал халдварын тархалт эрчимтэй өснө. Хяналтад байлгахын тулд хүн бүр хичээх хэрэгтэй.

Харин ЭМЯ-наас омикроноос үүдэлтэй Covid-19 хөнгөн, эсвэл хүнд ямар ч хэлбэрээр илэрч болно. Зарим тохиолдолд үхэлд хүргэх аюултай байж болох тул та өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж халдвар хамгааллын дүрмээ мөрдөж хэвшихийг анхааруулсан байна. Тодруулбал, вакцин хийлгэх, хүн хоорондын зай барьж, цугларалт, бөөгнөрөлөөс зайлсхийх, амны хаалтыг тогтмол зүүх, өрөө, тасалгааг агааржуулах, ханиалгах, найтаах үед ам, хамраа дарах, гараа ойр ойрхон угааж, ариутгахыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

“Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь тэтгэврийн хэмжээнээс доогуур байж болохгүй“ гэв

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох албаныхан мэдээллээ. Энэ үеэр тэтгэврийн нэмэгдэл ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэрхэн уялдуулах талаар сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан “Сүүлийн хоёр жил тэтгэврийн нэмэгдэл хийгдээгүй байсан. Тулгамдаж буй эрсдэлтэй асуудлуудтай уялдуулан тэтгэврийн нэмэгдлийг хийсэн. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эргэн харах шаардлага үүсч буй юм. Энэ жил тэтгэвэр нэмсэнтэй холбоотойгоор бүтээн байгуулалтуудын хөрөнгө оруулалт дээр хэмнэлтийг хийхээр төсөвтөө тодотгол хийж байгаа юм. Энэ нь ирэх жилийн төсөв дээр орж ирнэ гэсэн үг.

ХНХЯ-наас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбоотой асуудлуудыг судална. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь тэтгэврийн хэмжээнээс доогуур байж болохгүй нь ойлгомжтой. Үүнийг судалж байж шийдэх ёстой. Энэ бол цаг хугацааны л асуудал” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг түдгэлзүүлэв

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.8.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй иргэдийн материалыг 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд хүлээн авахаар Улсын дээд шүүхийн цахим хуудсаар мэдээлсэн.

Гэвч, Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолоор нэр бүхий иргэний мэдээлэлд үндэслэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, улмаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай Улсын дээд шүүхэд мэдэгдсэн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.8.7-д заасны дагуу явагдаж байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа түдгэлзэх болсныг мэдэгдэж байна.

Эх сурвалж: Улсын дээд шүүхийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төслийг 68 суманд хэрэгжүүлнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгаар ахлуулсан Ажлын хэсэг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Элейн Конкиевич болон түүний баг бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар байгалийн нөөцөөс хамааралтай хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэх зорилгоор “Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол орны хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” төслийн 2021 оны явц, үйл ажиллагааг хэрхэн эрчимжүүлэх, 2022 оны төлөвлөлт, тулгамдсан асуудлын талаар харилцан санал солилцов.

2021-2028 оны хооронд Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгийн 68 суманд хэрэгжих уг төсөл нь

  • Үндэсний болон бүс нутгийн түвшинд газар, усны ашиглалтыг уур амьсгалын мэдээлэлд тулгуурлан төлөвлөж, хэрэглэдэг болох,
  • Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон ус, хөрсний менежментийн арга ажиллагааг өргөн хүрээнд нэвтрүүлэн байгалийн нөөцийн менежментэд малчдын оролцоог нэмэгдүүлэх,
  • Гарал үүсэл нь тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх малчдын чадавхыг нэмэгдүүлж, бэхжүүлэх гэсэн үндсэн гурван бүрэлдэхүүн хэсгээр хэрэгжинэ.

Үүний үр дүнд:

  • Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг иргэд, орон нутаг, бүс нутгийн өртөмтгий байдал багасч, даван туулах чадвар нэмэгдсэн байна.
  • Мөн эко системийн даац, үйлчилгээ сайжирсан байна.
  • Түүнчлэн уур амьсгалын мэдээлэлд түшиглэсэн төлөвлөлтийг дэмжсэн институцийн болон зохицуулалтын тогтолцоо бэхэжсэн байх юм.
Categories
мэдээ нийгэм

Монгол-Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд шилжүүлжээ

Монгол-Японы эмнэлгийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд шилжүүлж, тус эмнэлгийн үйлчлэх хүрээг тогтоох, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд нарт даалгажээ. Их сургуулийн эмнэлэг нь эмнэлгийн болон бусад мэргэшлээр суралцаж буй оюутан, эмч, эрүүл мэндийн ажилтанд анагаах ухаан болон эрүүл мэндийн боловсрол олгох, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, давтан сургах, эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхлэхийн зэрэгцээ үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм

Categories
мэдээ цаг-үе

АИ-92 шатахууны 30 хоногийн нөөц байна

Нэгдүгээр сарын 28-аас хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд авто замаар 188, төмөр замаар 950 чингэлэг нийт оны эхнээс 648.9 мян.тн нүүрс, авто замаар 96 чингэлэг, төмөр замаар 401 чингэлэг буюу оны эхнээс 90.5 мян.тн зэсийн баяжмал экспортлов. Мөн дээрх хугацаанд 88.0 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ.

Төв банк оны эхнээс 1,663.0 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 9.6 хувийн өсөлттэй байна.

Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар нийт 149,726 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 10,520 тн, АИ-92 автобензин 35,945 тн, ДТ 97,836 тн байгаа бөгөөд АИ-92 /95,98/ автобензиний 30, А-80 автобензиний 63, ДТ-ний 36 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 78,472 тн буюу АИ-92 автобензиний 19, ДТ-ний 49 хоногийн нөөцтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 400 сая давжээ

Дэлхий даяар бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо цар тахал дэгдсэнээс хойш 400 сая давсан тухай АНУ-ын Жонс Хопкинсийн Их сургууль мэдээлжээ.

Мягмар гаргийн шинэчилсэн мэдээллээр, дэлхий даяар коронавирусний халдварын 400 244 031 тохиолдол бүртгэгдэж, 5 761 208 хүн халдварын улмаас нас барсан байна.

Коронавирусний халдварын тохиолдлын тоо сар гаруйхны өмнө буюу нэгдүгээр сарын 7-ны өдөр 300 саяыг давсан байна. Өнгөрсөн сард халдварын хамгийн тохиолдол АНУ-д (15 149 517) бүртгэгдсэн бол Франц (8 623 947) хоёрдугаарт, Энэтхэг улс гуравдугаарт (6 463 821) оржээ.

Categories
мэдээ нийгэм

ХБНГУ-ын Элчин сайдын яам шинээр “C” ангиллын визийн мэдүүлэг хүлээн авахгүй

2022 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Монгол Улс нь өндөр эрсдэлтэй улсын жагсаалтад орсон бөгөөд ХБНГУ-д нэвтрэх тохиолдолд 10 хоног тусгаарлагдах юм байна. Улаанбаатар хот дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамны Визийн хэлтсээс одоогийн байдлаар шинээр “C” ангиллын (айлчлал, бизнес, аялал жуулчлалын виз, хойшлуулж болох эмчилгээ) визийн мэдүүлгийг хүлээн авах боломжгүй хэвээр байгааг мэдэгдлээ. Эрүүл мэндийн шалтгаанаар болон өөр онцгой үндэслэл бүхий тохиолдолд визийн мэдүүлгийг хүлээн авах аж.