Categories
мэдээ нийгэм

“Н.Мөнхбатыг шүүхээс гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгосон” гэв

Хөгжлийн банк"-ны Н.Мөнхбатын хэргийг хэрэгсэхгүй болгов

Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан 52 зээлийг шалгаж эхлэхээс өмнө АТГ тус банктай холбоотой хэд хэдэн хэргийг шалгасан гэдгийг АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн хэллээ.

Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Бэрэн компанийн захирал Б.Мөнхтөр, ТОСК-ын захирал А.Гантулга, хэлтсийн дарга асан н.Батбаатар, н.Гэрэлт-Од, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг шүүхээр шийдэгдсэн.

Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүхээс хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглахад хамтран оролцсон гэх үндэслэлээр нийтийн албад томилогдох эрхийг гурван жилээр хасаж, нийт 4 жил хорих ялаар шийтгэгдсэн байгаа. Хөгжлийн банктай холбоотой ийм хэргийн жишээ байна.

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг шүүхээс гэм буруутайд тооцож, улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Түүний албан тушаалтай байхдаа давуу байдал олгосон нэр бүхий компаниас 8 орчим тэрбум төгрөгийн хохирлыг Хөгжлийн банканд буцаан төлүүлэх шийдвэр гаргасан” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Ч.Отгочулуу: Хөгжлийн банкны асуудал бол эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон

Ч.Отгочулуу | News.MN

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус намын дэд дарга Ч.Отгочулуу “Тэтгэвэр нэмэгдсэн асуудал дээр нэг зүйлийг хэлье. Өнгөрсөн онд инфляц 15 хувьд хүрсэн. Гэтэл тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлж байгаа нь өнгөрсөн онд оногдох худалдан авах чадварыг нөхөх хэмжээнд л өсгөж байгаа гэсэн үг юм. Тэтгэврийг хангалттай хэмжээнд нэмэх боломж байсан.

Дараагийнх нь Хөгжлийн банкны асуудал. Тухайн банкны үйл ажиллагаа уг нь эдийн засгийг тэлэхэд зориулагдах байсан ч эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон болж хувирлаа.

Хөгжлийн банкны асуудлаар хууль, шүүхийнхний ажлыг нь хийлгэмээр байна. Хийрхэл үүсгээд байх юм. Зээлдэгч нар бүгд муу хүмүүс биш. Ажлын байр бий болгоод бизнесийг тэлж байгаа хүмүүс зөндөө бий. Долларын ханшийн уналтаас болж анх авсан зээлээ хэд дахин илүү төлөөд алдагдлаа чимээгүй үүрч яваа зээлдэгч нар ч бий. Долларын ханшийг унагахгүй байх нь зээлдэгч нарын биш төрийн үүрэг. Энэ ханш сулрахын цаана урт хугацаагаар бүтээн байгуулалт хийж буй компаниуд асар их алдагдал хүлээж байгаа гэдгийг хэлмээр байна. Мэдээж хэрэг хулгайч нарыг өмөөрөхгүй. Гэхдээ шударгаар хөдөлмөрлөж буй бизнес эрхлэгчдийг харлуулж болохгүй.

Хөгжлийн банкны асуудал бол эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон. Бохир хэрүүлдээ АН-ыг оролцуулах гэсэн оролдлогоо зогсоох шаардлагыг бид хүргүүлнэ.

Цар тахлын хуулийг хулгайгаар сунгасан. Бүх улс орнууд аажмаар хэвийн байдалдаа орсон. Гэтэл яагаад Монгол Улс энэ онцгой зохицуулалтыг хадгалж үлдэв? Уг хуулийн цаана Засгийн газар төсвийн ерөнхийлөн захирагч нар УИХ-ын хяналтгүйгээр зохицуулалт хийж болох боломж бий. Хуулийг анх ганцхан удаа сунгаж болохоор түр хугацаагаар баталсан. Үүнээс хойш хэдэн удаа сунгав. Сүүлдээ бүтэн жилээр сунгагдаж байна.

Хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар Засгийн газар сар бүр УИХ-д ажлаа тайлагнах ёстой ч хуулийг биелүүлэхгүй байгаа юм. Цар тахлаар далимдуулж асар их алдагдалтай төсөв баталдаг. Эрх баригчид өөрсдөө алдаагаа зас. Ард түмэнд битгий зовлон нэм” гэв.

АН-ын дэд дарга Д.Ганбаяр “2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх дээр Э.Бат-Үүлтэй холбоотой шүүх хурал болж, дөрвөн жилийн хорих ял оноосон.

Эрүүгийн хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1.13-т шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг гардуулж өгнө гэж заасан. Э.Бат-Үүлийг 38 хоног шүүхийн шийдвэргүйгээр хорьсон гэж үзэж байна. Шүүхийн тогтолцоо ийм байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Увс аймгийн МАН-ын байран дээр Төрийн 86 шагнал тараажээ

Монгол Улсын төрийн шагналыг МАН-ын шагнал мэтээр үнэ цэнэгүйдүүлж, хавтгайруулан тараасан үйл явдал Увс аймагт болж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Төсвийн Байнгын Хорооны дарга Ч.Хүрэлбаатар Увс аймагт ажиллах үеэрээ төрийн дээд одон медалиар нийт 86 иргэнийг шагнаж, жинхэнэ утгаар нь шагналын хур буулгажээ. Дээрх шагналын дийлэнх нь Алтангадас одон бол цөөн тооны Хөдөлмөрийн хүндэт медаль байсан аж.

Шагналыг Увс аймаг дахь МАН-ын байранд гардуулсан нь “төрийн шагналыг МАН-ын шагнал мэт болгож, үнэ цэнийг нь алдагдууллаа. Хавтгайруулан шагнал тараасан нь улс төрийн оноо авах үйлдэл болж байна” зэргээр Увсын иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна.

Categories
мэдээ нийгэм

124 тээврийн хэрэгсэл, 186 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан

АТГ: Эрүүгийн 506 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар АТГ-аас өнөөдөр /2022.02.10/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамаатуулсан 52 зээл нь Хөгжлийн банкны тухай хууль, зээлийн бодлогын баримт бичигт нийцүүлж олгосон эсэх, зээл олгосон албан тушаалтнууд нь зээлдэгчдэд давуу байдал бий олгосон эсэх, ААН байгууллагуудаас авилга авсан эсэх мөн төрд хохирол учруулсан эсэхэд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүллээ.

Хөгжлийн банкинд учирсан хохирлыг арилгуулахаар дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Үүнд, зээлийн зарцуулалтыг шалгаж зориулалтын бусаар ашигласан тохиолдолд гэрээг цуцлах, эргэн төлүүлэх, зээлдэгч компанийн болон тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө, дансыг захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоох, ААН болон эздийн нуугдмал хөрөнгийг илрүүлж битүүмжлэх, төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг төлөвлөн явуулж байгаа юм. Энэ хугацаанд 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн.

186 үл хөдлөх хөрөнгө, 124 тээврийн хэрэгсэл, 1 үйлдвэрийн барилга, 1 лиценз, 13 дансыг битүүмжилж захиран зарцуулах эрхийг хязгаарласан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ХАСХОМ бүртгэл 85 хувьтай үргэлжилж байна

АТГ: Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 28 гомдол хүлээн авчээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 278 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 107 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 171 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 14 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 5 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 9 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

Монгол Улсад бий болсон коронавирус /омикрон хувилбар/-ийн цар тахлын үеийн нөхцөл байдалтай зохицуулан албан тушаалтнаас 2021 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тус газраас уг мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд болон мэдүүлэг гаргагч нарт онлайн сургалтыг тухай бүр зохион байгуулж, холбогдох албан тушаалтнуудад нэгдсэн заавар зөвлөмж өгч, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. ХАСХОМ-ийг шинэчлэн гаргаж бүртгүүлэх үйл ажиллагаа улсын хэмжээнд үргэлжилж байгаа бөгөөд уг ажлын явц 85 орчим хувьтай байна.

ХАСХОМ бүртгүүлэх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ. Хуулийн хугацаанд багтаан мэдүүлгээ бүртгүүлэхийг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Германчууд багийн дүнгээр тэргүүлж эхэллээ

Олимпын наадмын тав дахь өдөр буюу хоёрдугаар сарын 9-нд зургаан багц медалийн эзэд тодорлоо. Германчууд хоёр алт авснаар нийлбэр дүнгээр тэргүүлж эхэлсэн бол Норвеги алт, мөнгөн медаль нэжгээдийг хүртсэн амжилтаар тавдугаар байраас хоёр руу дэвшив.

Түүнчлэн анхны алтан медалиа авсан Словак, БНСУ 15, 17-р байрт бичигдэж эхэллээ. Ингээд өнөөдөр юу болоод өнгөрснийг тоймлон хүргэе.

УУЛЫН ЦАНА

Эмэгтэйчүүдийн слалом төрөл

1.Петра Вльгова /Словак/ 1:44.98

2.Катарина Линсбергер /Австри/ 1:45.06

3.Венди Холденер /Швейцар/ 1:45.10

Бусад төрлөө бодвол илүү хурдтай буухаас гадна богино эргэлтээр туг сүлждэг гэдэг утгаараа слалом нь уулын цанын амаргүй төрөлд тооцогддог. Тамирчдаас өндөр ур чадвар шаарддаг тус төрөлд словак бүсгүй Вльгова түрүүлж, улсынхаа түүхэнд уулын цанаар алт авсан анхны тамирчин боллоо. Гэхдээ тэрбээр өнгөрсөн улиралд Дэлхийн цомд нийлбэр дүнгээр тэргүүлсэн, Бээжинд гарцаагүй алтын төлөө өрсөлдөх тамирчнаар нэрлэгдэж байсан нэгэн юм.

Өнгөрсөн жил дэлхийн аваргын энэ төрөлд түрүүлсэн Австрийн Линсбергер мөнгө дээр буусан бол Пёнчаны олимпын алт, мөнгө, хүрэл медальт Холденер Бээжингээс анхны медалиа зүүв.

ФРИСТАЙЛ

Эрэгтэйчүүдийн биг эйр төрөл

1.Бирк Рууд /Норвеги/ 187.75

2.Колби Стивенсон /АНУ/ 183.00

3.Хенрик Харлаут /Швед/ 181.00

Биг эйр бол агаар дээр өндөр үсрэх явцдаа нарийн төвөгтэй элемент хийж гүйцэтгэдэг фристайлын амаргүй төрөл бөгөөд энэ жил олимпын наадмын хөтөлбөрт анх удаа багтсан юм. Тус төрөлд Норвегийн тамирчин, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Бирк Рууд итгэл төгс түрүүллээ. Хоёр оролдлогын дараа тэрбээр түрүүлэх нь тодорхой болсон тул сүүлийн гараанд улсынхаа далбааг атган үзүүлбэрээ толилуулав.

Өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Америкийн К.Стивенсон эхний гүйцэтгэл дээрээ бүтэлгүйтэж, сүүлээсээ гуравт жагсаж байсан ч удаах хоёр оролдлогоо төгс гүйцэтгэснээр мөнгө дээр буув.

Хүрэл медалийн төлөө Шведийн хоёр тамирчин өрсөлдөж, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Харлаут гурван онооны илүүгээр дээр нь бичигдлээ. Италийн залуу тамирчин Р.Донаггио гуравт явж байсан ч сүүлийн үзүүлбэр дээрээ унаж, медалиа тавиад туучихав.

ЦАНЫН ХОЁР ТӨРӨЛТ

Normal hill/10км

1.Винценц Гайгер /Герман/ 25:07.7

2.Йорген Гробак /Норвеги/ 25:08.5

3.Лукас Грайдерер /Австри/ 25:14.3

Пёнчаны олимпын багийн тэмцээний аварга Гайгер трамплиндаа 11-р байр эзэлж, цанын 10 км-т тэргүүлэгчээс 1:26 минут хоцрон гараанаас гарсан ч хурдан тэшилтийнхээ ачаар аваргалж чадлаа.

Сочигийн олимпын хошой аварга Гробак түүнтэй эцсийн мөч хүртэл тэмцээд үзүүрлэсэн бол Австрийн Грайдерер олимпын наадмын анхны медалиа өөрийн болгов.

ШОРТ-ТРЕК

Эрэгтэйчүүдийн 1500 метр

1.Хван Дае-Хён /БНСУ/ 2:09.219

2.Стивен Дубоис /Канад/ 2:09.254

3.Семён Элистратов /Оросын ҮОХ/ 2:09.267

Дэлхийн аваргын дөрвөн алт, нийт долоон медальтай солонгос залуу 1500 метрт анхны томоохон амжилтаа гаргаж, олимпын аварга боллоо. Тэрбээр Пёнчаны олимпын 500 м-т аман хүзүүдэж байв.

Хятад аав, унгар ээжтэй Шандор Лю урьдчилсан шатанд олимпын рекордыг шинэчлэн тогтоосон ч финалд тааруухан байж зургадугаар байр эзлэв.

Оросын Элистратов Сочигийн алтан медаль дээрээ Бээжингийн хүрэл нэмлээ.

СНОУБОРД

Эмэгтэйчүүдийн кросс төрөл

1.Линдси Жекобеллис /АНУ/

2.Хлоя Треспеш /Франц/

3.Марета О’Дайн /Канад/

Дэлхийн зургаан удаагийн аварга, сноубордын домог болсон тамирчдын нэг Жекобеллис олимпын анхны алтаа Бээжингээс авлаа. Сочид түүнтэй хамт медалийн тавцанд зогсож байсан (хүрэл авсан) Треспеш энэ удаад мөнгө дээр буув. Харин Канадын О’Дайн дэлхийн хэмжээний анхны амжилтаа гаргасан нь Бээжингийн олимпын хүрэл медаль болов.

ХОККЕЙ

Эрэгтэйчүүдийн хэсгийн шат

Оросын ҮОХ-Швейцар 1:0

Дани-Чех 2:1

Эрчүүдийн хоккейн тэмцээн В хэсгийн хоёр тоглолтоор эхэллээ. NHL-ийн шилдгүүдийн эзгүйд олимпын хоккей тааварлахын аргагүй өрнөх шинжтэй. Даруухан Данийн баг медалийн тааварт явсан Чехийг хожиж, анхны сенсаацыг дэгдээв.

Categories
мэдээ нийгэм

 Гурван хүн нас барж, 1230 иргэнээс халдвар илэрлээ

Түргэвчилсэн болон PCR шинжилгээ авах 18 цэгийн байршил - Said.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.

Сүүлийн 24 цагт 1230 /Улаанбаатарт 602, орон нутагт 628/ иргэнээс халдвар илэрч, гурван хүн нас баржээ. Улмаар Монгол Улсад коронавируст халдварын улмаас нас барсан хүний нийт тоо 2065 болов.

Биеийн байдал нь:

  • Хөнгөн 1462
  • Хүндэвтэр 3703
  • Хүнд 582
  • Нэн хүнд 53 иргэн эмчлүүлж байна.

Хэвтэн эмчлүүлж буй 5800 хүний 1074 нь хүүхэд, 383 нь жирэмсэн эх байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны удирдлагаас гадна түүнийг томилсон, нөлөөлсөн бүх хүнийг шалгах хэрэгтэй

Т.Аюурсайхан: Тээврийн хэрэгслийн хохирлыг газар дээр нь барагдуулах  тогтолцоо бүрдүүлнэ

Хөгжлийн банктай холбоотой асуудал олон нийтийн дунд өрнөсөөр байна. Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгч нарын талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк улс төрчдийн гар хөл болсон. Үүгээрээ улсын эдийн засгийг эрсдэлд оруулах байна. Үүний үр дүнд эдийн засгийн хямрал болж дампуурлын эрмэгт авч ирж байна. Энэ асуудал зөвхөн эрх зүйн асуудал биш. Хөгжлийн банкийг өмнө нь удирдаж явсан хүмүүс хууль, хяналтын байгууллагад хэрхэн шалгагдаж байгааг анхаарах хэрэгтэй.

Зөвхөн банк удирдаж байсан бус энэ хүнийг томилсон, томилуулсан, нөлөөлсөн, оролцсон байж болзошгүй этгээдүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах, улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан сайд өнөөдөр эцэг, эхчүүдтэй уулзана

Л.Энх-Амгалан: Хүүхэд дээрэлхэж буй сурагчид хариуцлага тооцдог болгоё

Ирэх долоо хоногийн даваа гарагаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхэлнэ. Үүнтэй холбогдуулж, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өнөөдөр эцэг эх, асран хамгаалагчидтай уулзахаар болсон байна.

Уулзалт орой 19.00 цагаас онлайнаар болох бөгөөд ЕБС-д хүүхэд нь сурдаг бүх аав, ээжүүд оролцох боломжтой аж. Энэ хүрээнд сайд хичээлийн хоцрогдлын түвшин болон аав, ээжийн зүгээс үзүүлэх сэтгэл зүйн дэмжлэг зэрэг сэдвийн хүрээнд санал солилцох юм байна.

Онлайн уулзалтад сургууль бүрийн эцэг, эхийн зөвлөл ZOOM холболтоор оролцох бол бусад асран хамгаалагчид:

https://www.facebook.com/MinistryofEdu

https://www.facebook.com/LEnkhamgalan

https://www.facebook.com/education.agency.mongolia хаягаар дамжуулан фэйсбүүк шууд дамжуулалтыг хүлээн авах, сэтгэгдэл хэсэгт асуултаа илгээх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо: 2021 он сэтгүүлчдийг заналхийлсэн жил байсан

Өнгөрсөн жил дэлхий даяар албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн нас барсан тохиолдлын тоо сүүлийн гучин жилийн ихэнхтэй харьцуулахад бага байсан ч хэвлэл мэдээллийнхэнд үзүүлсэн дарамт, шахалт дээд амжилтыг эвдсэн хэмээн Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо /IFJ/ лхагва гараг /2022.02.09/-т гаргасан тайландаа дурджээ.

Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны 31 дэх жилийн тайланд, сэтгүүлчдийг гол бай болгон онилсон халдлага, бөмбөгдөлт, буудалцааны улмаас 47 сэтгүүлч амь насаа алдсан, мөн санамсаргүй байдлаар хоёр сэтгүүлч амь эрсэдсэн талаар дэлгэрэнгүй дурджээ. 2021 онд сэтгүүлчдийн амийг бүрэлгэсэн хүн амины хэрэг 2020 онтой харьцуулахад 18 хувиар буурсан ажээ.

Philippines deadliest country for journalists in Southeast Asia – IFJ

“Хэдийгээр 2021 онд хүн амины хэрэг 18 хувиар буурсан ч сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд заналхийлэх заналхийлэл эрс нэмэгдсэн” хэмээн тайланд онцолжээ.

“Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн сэтгүүлчдийг саатуулсан үзүүлэлт дээд амжилт тогтоосон. 365 сэтгүүлч сурвалжилга хийж, мэдээлэл хүргэснийхээ төлөө шоронд хоригдсон нь өмнөх 2020 оныхоос мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт. Тодруулбал, 2020 онд 235 сэтгүүлч хоригдсон. Хэвлэлийн эрх чөлөөнд ноцтойгоор халдсан эдгээр халдлагууд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд маш сөрөг нөлөө үзүүлсэн” гэжээ.

Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны мэдээлснээр, сэтгүүлчдийг зүгээр л эсэргүүцлийн хөдөлгөөнийг сурвалжилсан эсхүл коронавирусийн хямралын талаар олон нийтийн ашиг сонирхлын талаар мэдээлэхийг оролдсоных нь төлөө баривчилж, гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа нь улс орнуудын эрх баригчдын хууль дүрэмд нийцэхгүй бусармаг үйлдэл гэж буруутгалаа.

“2021 онд сэтгүүлчдийн мэдээлэлд халдахдаа “Пегасус” /Pegasus/ гэх гар утасны тагнуулын программ ашиглаж, хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлсэнийг бид олж мэдсэн” хэмээн Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо онцлон тэмдэглэжээ.

“Эх сурвалжийн нууцлал болон сэтгүүлчдийн хувийн мэдээлэлтэй холбоотой нууц гэх зүйл цаашид нууц гэж үзэх үндэслэлгүй боллоо” хэмээн дурджээ.

“Сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн багадаа долоон эмэгтэй сэтгүүлч дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, ажлаа хийж байгаад амь үрэгджээ. Ялангуяа, Афганистан бол хамгийн олон сэтгүүлчийн амийг авч одсон улс” хэмээн Олон Улсын Сэтгүүлдчийн Холбоо мэдэгдээд, дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэй сэтгүүлчдийг онлайнаар, сошиалаар ил, далд хэлбэрээр дарамталсан заналхийлэл байгааг буруутгаж, редакц болон Засгийн газрууд хэвлэлийн эрх чөлөөнд халдсан заналхийлэл, дарамтыг арилгахад дорвитой арга хэмжээ авахыг тус байгууллага уриаллаа.