Categories
мэдээ нийгэм

2021 онд Монгол Улсын хүн ам 70 мянгаар нэмэгджээ

2021 онд шинээр мэндэлсэн болон нас баралтын талаар статистик мэдээллийг хүргэж байна.

2021 онд Монгол Улсад ойролцоогоор 70 мянга /ойролцоогоор/ гаруй хүүхэд шинээр мэндэлсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хүн амын тоо 3,418,097 болжээ.

Харин өнгөрөгч онд 19 мянга орчим хүн нас баржээ. Үүнээс 1986 нь зөвхөн “Ковид 19” цар тахлын улмаас нас барсан байна. Нийт нас баралтын тоо өмнөх оны мөн үеэс 3.4 мянга буюу 19 хувиар өсөхөд цар тахал нөлөөлсөн аж.

Харин хавдар болон амиа хорлолтоор нас барагсдын тоон судалгаа жилээр хоцорч гардаг. Өөрөөр хэлбэл 2020 оны тоон мэдээ 2021 оны сүүлээр гардаг аж. Үүнийг танилцуулъя.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд таваас дээш насны 2243 хүн амиа хорложээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлснээр 2016 онд 450 хүн, 2017 онд 450 хүн, 2018 онд 445 хүн, 209 онд 447 хүн, 2020 онд 451 хүн амиа хорлосон байна. Амиа хорлосон хүмүүсийн 90 орчим хувь эрэгтэй хүмүүс байгаа нь анхаарал татаж байв.

Насаар нь авч үзвэл, 15-44 насныхан буюу залуу үе хамаарч байна. Тодруулбал, 2020 онд гэхэд 15-24 насны 70 хүн, 25-29 насны 79 хүн, 30-34 насны 65 хүн, 35-39 насны 61 хүн, 40-44 насны 62 хүн амиа хорлосон байна.

Улсын хэмжээнд 2019 онд хавдрын шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо 6381 байсан бол 2020 онд 6702 болжээ. Харин хавдрын шалтгаант нас баралтын тохиолдлын тоо 2019 онд 4801 байсан бол 2020 онд 4260 байгаа юм.

Хамгийн сүүлд бүртгэгдсэн 2020 оны тоог жилийн 365 хоногт хуваан авч үзвэл өдөрт 11 хүн хорт хавдраар нас барсан байна. Бид цөөхөн хүн амтай ч энэхүү тоон үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэх оронд багтаж байна.

Categories
мэдээ нийгэм

Өршөөлөөр сулласнаас хойш 200 иргэнээс 70 гаруй сая төгрөг залилсан этгээдийг дайчлан баривчилжээ

Цахим орчинд орон сууц түрээслэх болон, бараа материал худалдах нэрийдлээр хуурамч зар байршуулан энэ оны долдугаар сараас хойш 200 гаруй иргэнийг хохироосон этгээдийг баривчилжээ.

Ховд аймгийн харьяат Б-д оноосон хоёр жилийн хорих ялыг Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, Зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж хорих ангиас суллажээ.

Гэвч Б гэгч нь суллагдсан даруйдаа залилах гэмт хэрэг үйлдэж өнгөрч долдугаар сараас хойш 200 орчим иргэнийг мэхэлж, 70 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан тул Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 29-ний өдөр дайчлан баривчилжээ.

Тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хурандаа М.Болдбаатар “Ховд аймгийн харьяат уг этгээд зарын дагуу бараа материал хүргэж өгнө, ажил үйлчилгээ эрхэлнэ гэх байдлаар гэмт хэрэг үйлдсэн. Улмаар Өмнөговь, Дорноговь, Баянхонгор, Дархан-Уул болон нийслэлийн зургаан дүүрэгт оршин суух иргэдийг хохироосон байна.

Иймд иргэд, олон нийт цахимаар худалдан авалт хийхдээ баталгаатай, найдвартай газарт хандаж, үйлчлүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлье” гэлээ.

Categories
мэдээ спорт

2022 онд болох спортын онцлох үйл явдлууд

2021 он зуны 32-р олимп, хөл бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн зэрэг спортын томоохон үйл явдал, сэтгэл баясгасан амжилтуудаар дүүрэн өнгөрлөө.

Тэгвэл үзэгч, дэмжигчид 2022 онд спортоос юу хүлээх вэ?

Спортын ертөнцөд 2022 онд болох тэмцээн уралдаан, үйл явдлуудыг он цагийн дарааллаар нь танилцуулж байна.

НЭГДҮГЭЭР САР

Нэгдүгээр сарын 1-14. Францын ASO байгууллагаас зохиодог бартаат замын дэлхийн хамгийн том уралдаан “Dakar Rally” Саудын Араб улсад болно.

Тус тэмцээнд Монголын гурван тамирчин оролцохоор Ойрх Дорнодыг зориод байна.

Нэгдүгээр сарын 8-17. Нэгдсэн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн

Монголын спортын корпорацаас спортын 15 холбоог нэгтгэсэн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Мөсөн өргөөд зохиохоор болсон.

Тэмцээнд Монголын гимнастикийн холбоо, Монголын рөүингийн холбоо, Монголын тэргэнцэртэй сэлэмний холбоо, Монголын жиү жицүгийн холбоо, Монголын шатрын холбоо, Монголын электрон спортын холбоо, Монголын бүжгийн спортын холбоод хамтран оролцож аваргаа шалгаруулна.

Нэгдүгээр сарын 9-Хоёрдугаар сарын 6. Африкийн цом

Африк тивийн хөл бөмбөгийн холбооноос зохиодог 33 дахь удаагийн Африкийн цомын тэмцээн Камерун улсад болно.

2020 оны Африкийн цом цар тахлын улмаас цуцлагдсан бол 2019 оны тэмцээнд Алжирын шигшээ баг түрүүлж байсан.

Тэмцээнд 24 улсын шигшээ баг зургаан хэсэгт хуваагдан оролцоно.

Нэгдүгээр сарын 17-30. Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотноо болно.

2021 оны Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Сербийн Новак Жокович, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Японы Наоми Осака түрүүлсэн.

Нэгдүгээр сарын 21-23. PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “PUBG Mobile Global Championship 2021”-т Монгол улсыг төлөөлөн “Stalwart Esport” баг оролцож байна.

Тэд дэлхийн аваргын “Grand Final”-д шалгарч дэлхийн шилдэг 15 багтай аваргын цомын төлөө тоглохоор болсон. Шагналын сан 3.5 сая ам.доллар.

Дэлхийн аваргын тэмцээн Баруун болон Зүүн бүсэд хуваагдан болж буй. Ази, Африкийн шилдэг 20 баг оролцсон Зүүн бүсэд “Stalwart Esport” өрсөлдөж бүсийнхээ гуравдугаар байраар шалгарсан юм.

Нэгдүгээр сарын 22. Н.Төгсцогт

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга асан, WBA холбоонд тоглодог “King Tug” хочит Н.Төгсцогт ээлжит тулаанаа хийнэ. Түр аваргын бүсийн төлөө Крис Колбертод ялагдаад байсан тэрээр мөн түр аваргын бүсийн төлөө тулаанд ялагдсан АНУ-ын Виктор Пасильястай тулалдана.

Тулаан АНУ-ын Атлантик хотын “Borgata”-д болох бөгөөд ялсан нь аваргын бүсийн төлөө тулаан хийхэд ойртох юм. “Vicious” хочит 29 настай Пасильяс мэргэжлийн боксын замналдаа 17 тулаан хийхдээ 16 ялсан бол Н.Төгсцогт 14 тулааныхаа хоёрт нь шүүгчийн саналаар ялагдсан.

ХОЁРДУГААР САР

Хоёрдугаар сарын 3-6. Чөлөөт бөхийн чансаа олгох эхний тэмцээн. Маттео Пелликоны нэрэмжит тэмцээн Италийн Ром хотод болно.

Хоёрдугаар сарын 4-20. Өвлийн олимп

24 дэх удаагийн өвлийн олимп Хятадын Бээжин хотноо болно. Олимпын долоон спортын 15 төрөлд 109 тэмцээн болох бөгөөд гурван мянга орчим тамирчин оролцох төлөвтэй байна.

Бээжин хот нь 2008 онд Зуны олимпыг зохион байгуулж байсан туршлагатай. Зуны олимп болж байсан хотод Өвлийн олимп зохиогдож буй анхны тохиолдол энэ юм.

Хоёрдугаар сарын 5-6. Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээн Францын нийслэл Парис хотноо болно.

Хоёрдугаар сарын 17-19. Жүдо бөхийн Тель Авивын их дуулга тэмцээн Израилын Тель Авив хотноо болно.

Хоёрдугаар сарын 24-27. Чөлөөт бөхийн чансаа олгох хоёр дахь тэмцээн. Ясар Догу, Вехби Эмре, Хамит Капланы нэрэмжит тэмцээн Туркийн Истанбул хотод болно.

ГУРАВДУГААР САР

Гуравдугаар сарын 18-20. Formula 1-ийн 72 дахь улирлын нээлтийн гараа буюу Бахрейны Гран-При тэмцээн “Bahrain International Circuit” зам дээр болно. Нисгэгчид 5.412 км урттай замыг 57 удаа тойрно.

2021 оны Бахрейны Гран-Прид Льюис Хэмилтон түрүүлж, өнгөрсөн улирлын аварга Макс Ферстаппэн удаалсан.

Гуравдугаар сарын 25-27. Жүдо бөхийн Тбилисигийн их дуулга тэмцээн Гүржийн нийслэл Тбилиси хотод болно.

Гуравдугаар сарын 25-27. Formula 1-ийн 72 дахь улирлын хоёр дахь гараа Саудын Арабын Гран-При тэмцээн “Jeddah Corniche Circuit” зам дээр болно. Нисгэгчид 6.174 км урттай замыг 50 удаа тойрно.

2021 оны Саудын Арабын Гран-Прид Льюис Хэмилтон түрүүлж, өнгөрсөн улирлын аварга Макс Ферстаппэн удаалсан.

ДӨРӨВДҮГЭЭР САР

Дөрөвдүгээр сарын 1-3. Жүдо бөхийн Анталиягийн их дуулга тэмцээн Туркийн Анталия хотод болно.

Дөрөвдүгээр сарын 8-10. Formula 1-ийн 72 дахь улирлын гурав дахь гараа буюу Австралийн Гран-При тэмцээн “Melbourne Grand Prix Circuit” зам дээр болно. Нисгэгчид 5.303 км урттай замыг 58 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2019 оны Австралийн Гран-Прид Валтьери Боттас түрүүлж, Льюис Хэмилтон удаалсан.

Дөрөвдүгээр сарын 19-24. Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн

Чөлөөт бөхийн 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болохоор товлогдсон.

Тэмцээн 2022 оны дөрөвдүгээр сарын 19-24-ний хооронд болох бөгөөд Монголын шигшээ баг өргөн бүрэлдэхүүнээрээ оролцох боломжтой.

Дөрөвдүгээр сарын 22-24. Formula 1-ийн 72 дахь улирлын дөрөв дэх гараа буюу Эмилия Романьягийн Гран-При тэмцээн “Autodromo Enzo e Dino Ferrari” зам дээр болно. Нисгэгчид 4.909 км урттай замыг 63 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Эмилия Романьягийн Гран-Прид Макс Ферстаппэн түрүүлж, Льюис Хэмилтон удаалсан.

ТАВДУГААР САР

Тавдугаар сарын 6-8. Formula 1-ийн 72 дахь улирлын тав дахь гараа буюу Майамигийн Гран-При тэмцээн шинэхэн “Miami International Autodrome” зам дээр болно. Нисгэгчид 5.41 км урттай замыг 57 удаа тойрно.

АНУ-ын Майами хотноо анх удаа Formula 1-ийн Гран-При тэмцээнийг зохиох бөгөөд уг гараа нэмэгдсэнээр Formula 1-ийн улирал түүхдээ хамгийн олон буюу 23 гараатай болж байна.

Тавдугаар сарын 20-22. Жүдо бөхийн Казанийн их дуулга тэмцээн ОХУ-ын Казань хотноо болно.

Тавдугаар сарын 20-22. Formula 1-ийн 72 дахь улирлын зургаа дахь гараа буюу Испанийн Гран-При тэмцээн “Circuit de Barcelona-Catalunya” зам дээр болно. Нисгэгчид 4.675 км урттай замыг 66 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Испанийн Гран-Прид Льюис Хэмилтон түрүүлж, Макс Ферстаппэн удаалсан.

Тавдугаар сарын 22-Зургаадугаар сарын 5. Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Францын нээлттэй тэмцээн буюу Роланд Гаррос Парис хотноо болно.

2021 оны Францын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Сербийн Новак Жокович, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Чехийн Барбара Кречикова түрүүлсэн.

Тавдугаар сарын 27-29. Formula 1-ийн 72 дахь улирлын долоо дахь гараа буюу Монакогийн Гран-При тэмцээн “Circuit de Monaco” зам дээр болно. Нисгэгчид 3.337 км урттай замыг 78 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Монакогийн Гран-Прид Макс Ферстаппэн түрүүлж, Карлос Сайнз удаалсан.

ЗУРГААДУГААР САР

Зургаадугаар сарын 2-5. Чөлөөт бөхийн чансаа олгох гурав дахь тэмцээн. /Хаана болох нь тодорхойгүй байна/

Зургаадугаар сарын 3-5. Жүдо бөхийн Дюссельдорфын их дуулга тэмцээн Германы Дюссельдорф хотноо болно.

Зургаадугаар сарын 10-12. Formula 1-ийн 72 дахь улирлын найм дахь гараа буюу Азербайжаны Гран-При тэмцээн “Baku City Circuit” зам дээр болно. Нисгэгчид 6.003 км урттай замыг 51 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Азербайжаны Гран-Прид Серхио Перез түрүүлж, Себастиан Веттел удаалсан.

Зургаадугаар сарын 17-19. Formula 1-ийн 72 дахь улирлын ес дэх гараа буюу Канадын Гран-При тэмцээн “Circuit Gilles-Villeneuve” зам дээр болно. Нисгэгчид 4.361 км урттай замыг 70 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2019 оны Канадын Гран-Прид Льюис Хэмилтон түрүүлж, Себастиан Веттел удаалсан.

Зургаадугаар сарын 24-26. Жүдо бөхийн Улаанбаатарын их дуулга тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно.

Зургаадугаар сарын 27-Долоодугаар сарын 10. Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг “Wimbledon” Английн Лондон хотноо болно.

Wimbledon 2021-ийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Сербийн Новак Жокович, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Австралийн Эшли Барти түрүүлсэн.

ДОЛООДУГААР САР

Долоодугаар сарын 1-3. Formula 1-ийн 72 дахь улирлын арав дахь гараа буюу Британийн Гран-При тэмцээн “Silverstone Circuit” зам дээр болно. Нисгэгчид 5.891 км урттай замыг 52 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Британийн Гран-Прид Льюис Хэмилтон түрүүлж, Чарьлз Леклер удаалсан.

Долоодугаар сарын 1. Дугуйн хамгийн том уралдаан болох 109 дэх удаагийн “Tour de France” Данийн нийслэл Копенхаген хотод эхэлнэ.

Долоодугар сарын 8-10. Жүдо бөхийн Будапештын их дуулга тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо болно.

Долоодугаар сарын 8-10. Formula 1-ийн 72 дахь улирлын 11 дэх гараа буюу Австрийн Гран-При тэмцээн “Red Bull Ring” зам дээр болно. Нисгэгчид 4.318 км урттай замыг 71 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Австрийн Гран-Прид Макс Ферстаппэн түрүүлж, Валтьери Боттас удаалсан.

Долоодугаар сарын 14-17. Чөлөөт бөхийн чансаа олгох дөрөв дэх буюу сүүлийн тэмцээн. /Хаана болох нь тодорхойгүй байна/

Долоодугаар сарын 22-24. Formula 1-ийн 72 дахь улирлын 12 дахь гараа буюу Францын Гран-При тэмцээн “Circuit Paul Ricard” зам дээр болно. Нисгэгчид 5.842 км урттай замыг 53 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Францын Гран-Прид Макс Ферстаппэн түрүүлж, Льюис Хэмилтон удаалсан.

Долоодугаар сарын 29-31. Formula 1-ийн 72 дахь улирлын 13 дахь гараа буюу Унгарын Гран-При тэмцээн “Hungaroring” зам дээр болно. Нисгэгчид 4.381 км урттай замыг 70 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Унгарын Гран-Прид Даниэл Риккиардо түрүүлж, Ландо Норрис удаалсан.

НАЙМДУГААР САР

Наймдугаар сарын 7-13. Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо болно.

Наймдугаар сарын 26-28. Formula 1-ийн 72 дахь улирлын 14 дэх гараа буюу Бельгийн Гран-При тэмцээн “Circuit de Spa-Francorchamps” зам дээр болно. Нисгэгчид 7.004 км урттай замыг 44 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Бельгийн Гран-Прид Макс Ферстаппэн түрүүлж, Жорж Рассел удаалсан.

Наймдугаар сарын 29-Есдүгээр сарын 11. Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг АНУ-ын нээлттэй тэмцээн Нью Йорк хотноо болно.

2021 оны АНУ-ын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Оросын Данийл Медведев, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Их Британийн Эмма Радукану түрүүлсэн.

ЕСДҮГЭЭР САР

Есдүгээр сарын 2-4. Formula 1-ийн 72 дахь улирлын 15 дахь гараа буюу Нидерландын Гран-При тэмцээн “Circuit Zandvoort” зам дээр болно. Нисгэгчид 4.259 км урттай замыг 72 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Нидерландын Гран-Прид Макс Ферстаппэн түрүүлж, Льюис Хэмилтон удаалсан.

Есдүгээр сарын 9-11. Formula 1-ийн 72 дахь улирлын 16 дахь гараа буюу Италийн Гран-При тэмцээн “Autodromo Nazionale Monza” зам дээр болно. Нисгэгчид 5.793 км урттай замыг 53 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Италийн Гран-Прид Даниэл Риккиардо түрүүлж, Ландо Норрис удаалсан.

Есдүгээр сарын 10-18. Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотноо болно. Тэмцээнд дэлхийн шилдэг тамирчид цуглан чансаа ахиулж, дараа дараагийн тэмцээнүүдэд оролцох эрхээ авна.

Есдүгээр сарын 10-25. Азийн наадам

19 дэх удаагийн Азийн наадам Хятадын Ханжоуд 15 хоног үргэлжлэх бөгөөд 40 спортын 482 төрөлд тамирчид өрсөлдөнө.

Азийн наадмыг Хятад улсад зохиож буй гурав дахь тохиолдол нь энэ бөгөөд Номхон далайн орнуудын төлөөлөл анх удаа оролцоно.

Наадмаар волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн төрлүүдэд 2024 оны Парисын зуны олимпод оролцох эрхийг олгоно.

Есдүгээр сарын 23-25. Formula 1-ийн 72 дахь улирлын 17 дахь гараа буюу Оросын Гран-При тэмцээн “Sochi Autodrom” зам дээр болно. Нисгэгчид 5.848 км урттай замыг 53 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Оросын Гран-Прид Льюис Хэмилтон түрүүлж, Макс Ферстаппэн удаалсан.

Есдүгээр сарын 30-Аравдугаар сарын 2. Formula 1-ийн 72 дахь улирлын 18 дахь гараа буюу Сингапурын Гран-При тэмцээн “Marina Bay Street Circuit” зам дээр болно. Нисгэгчид 5.063 км урттай замыг 61 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2019 оны Сингапурын Гран-Прид Себастиан Веттел түрүүлж, Чарьлз Леклер удаалсан.

АРАВДУГААР САР

Аравдугаар сарын 7-9. Formula 1-ийн 72 дахь улирлын 19 дэх гараа буюу Японы Гран-При тэмцээн “Suzuka International Racing Course” зам дээр болно. Нисгэгчид 5.807 км урттай замыг 53 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2019 оны Японы Гран-Прид Валтьери Боттас түрүүлж, Себастиан Веттел удаалсан.

Аравдугаар сарын 21-23. Жүдо бөхийн Абу Дабигийн их дуулга тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод болно.

Аравдугаар сарын 21-23. Formula 1-ийн 72 дахь улирлын 20 дахь гараа буюу АНУ-ын Гран-При тэмцээн “Circuit of The Americas” зам дээр болно. Нисгэгчид 5.513 км урттай замыг 56 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны АНУ-ын Гран-Прид Макс Ферстаппэн түрүүлж, Льюис Хэмилтон удаалсан.

Аравдугаар сарын 28-30. Formula 1-ийн 72 дахь улирлын 21 дэх гараа буюу Мехикогийн Гран-При тэмцээн “Autódromo Hermanos Rodríguez” зам дээр болно. Нисгэгчид 4.304 км урттай замыг 71 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Мехикогийн Гран-Прид Макс Ферстаппэн түрүүлж, Льюис Хэмилтон удаалсан.

АРВАННЭГДҮГЭЭР САР

Арваннэгдүгээр сарын 4-6. Жүдо бөхийн Бакугийн их дуулга тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод болно.

Арваннэгдүгээр сарын 11-13. Formula 1-ийн 72 дахь улирлын 22 дахь гараа буюу Сан Паулугийн Гран-При тэмцээн “Autódromo José Carlos Pace” зам дээр болно. Нисгэгчид 4.309 км урттай замыг 71 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Сан Паулу Гран-Прид Льюис Хэмилтон түрүүлж, Макс Ферстаппэн удаалсан.

Арваннэгдүгээр сарын 18-20. Formula 1-ийн 72 дахь улирлын сүүлчийн буюу 23 дахь гараа Абу Дабигийн Гран-При тэмцээн “Yas Marina Circuit” зам дээр болно. Нисгэгчид 5.281 км урттай замыг 58 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Абу Дабигийн Гран-Прид Макс Ферстаппэн түрүүлж, Льюис Хэмилтон удаалсан.

Арваннэгдүгээр сарын 21-Арванхоёрдугаар сарын 18. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Олон улсын хөл бөмбөгийн холбооноос (FIFA) зохиодог 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катар улсад болно.

Ази тивд хоёр дахь удаа, анх удаа Арабын оронд, өвөл зохиогдож буйгаараа онцлог уг тэмцээнд дэлхийн шилдэг 32 улсын шигшээ баг өрсөлдөнө.

Тоглолтууд таван хотын найман цэнгэлдэх хүрээлэнд болох ба 32 баг оролцсон сүүлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байх болно. Учир нь 2026 оны ДАШТ-д 48 баг оролцох юм.

Арваннэгдүгээр сарын 25-27. Жүдо бөхийн Токиогийн их дуулга тэмцээн Японы нийслэл Токио хотод болно.

Categories
мэдээ нийгэм

Дүүжин тээврийн захиргааг татан буулгажээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр /2021.12.30/ болж, “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгах шийдвэр гаргажээ.

Улаанбаатар хотод анх удаа “Агаарын дүүжин тээвэр” нэвтрүүлнэ хэмээн Шадар сайд С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байх үедээ танилцуулахдаа “2021 оны зургадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4 дүгээр хороолол чиглэлд ашиглалтад орно” хэмээн хэлж байв.

Дээрх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байх талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр мэдээлсэн.

Улмаар 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулсан билээ.

Түүнээс хойш сар орчмын дараа төслийн гүйцэтгэгч компани болох “Пома” групп рүү 16.2 тэрбум төгрөг “Эжис рэйл” ХХК руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн мэдээлэл “Шилэн данс” системд байршсан байдаг.

НИТХ-ын хуралдаанаар,

  • Нийслэлийн өмчийн бүртгэлээс Баянгол дүүргийн 25 дугаар хорооны “Май таун” орон сууцны хорооллын 108 дугаар байрны 181 тоотод байрлах 67.9 мкв талбайтай гурван өрөө сууцыг хасч,
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга шинээр барихаар болсонтой холбогдуулан тус төвийн балансад бүртгэлтэй хоёр барилга, байгууламжийг төрийн өмчид шилжүүлж,
  • Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн балансад бүртгэлтэй барилгыг 89 дүгээр сургуулийн балансад шилжүүлсэн байна.
  • Мөн улс, нийслэлийн хөрөнгө оруулалт болон төрийн өмчийн концессын “зураг төсөл боловсруулах, буулгах, барих, шилжүүлэх” төрлөөр Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дөрвөн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авч,
  • “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК байгуулахыг тус тус дэмжсэн байна.
Categories
мэдээ эдийн-засаг

“E-Mongolia” төрийн 606 үйлчилгээг нэгтгэж, 8 аймгийг цахимжуулжээ

“E-Mongolia” төрийн 59 байгууллагын 606 үйлчилгээ болон найман аймгийн нутгийн захиргааны 498 үйлчилгээг цахимжуулжээ. Тус системд цахимжаад буй 606 үйлчилгээний 164 нь лавлагаа, тодорхойлолт, 436 нь олон шатлалт үйлчилгээ юм.

Үүний зэрэгцээ “e-Mongolia” систем нь 2021 оны аравдугаар сарын 1-нд шинэчлэгдсэн “e-Mongolia 2.0” хувилбарыг танилцуулж, иргэн бүрт Digital ID үүсгэж, эхний ээлжид иргэний болон жолооны үнэмлэхийг цахимжуулаад байгаа юм.

Монгол Улсын иргэн бүрт дунджаар 10-12 бичиг баримт байдгийг цахимжуулах ажлыг ирэх 2022 онд хийхээр төлөвлөж байна. Цахим баримт бичгийг цаасан баримттай адилтан үзэх хууль эрх зүйн орчин нь бүрдсэн бөгөөд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар энэхүү зохицуулалтыг хийх юм.

Мөн ирэх 2022 онд гадаад амьдарч буй Монгол Улсын иргэд, Монгол Улсад амьдарч буй гадаад иргэдийг “e-Mongolia” системд бүртгэж, төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ.

“e-Mongolia” нь олон нийтэд танилцуулагдаад нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд 2 сая орчим хэрэглэгчид давхардсан тоогоор 7,5 сая төрийн үйлчилгээг цахимаар үзүүлсэн байна. Үүний 56 хувь нь нийслэлчүүд бол 44 хувь нь орон нутгийн иргэд байгаа юм.

Мөн энэ хугацаанд төлбөртэй үйлчилгээнээс 4.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Иргэн төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах үйл ажиллагааны зардал, төрийн үйлчилгээ авахад зарцуулж буй хугацаа, шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал гээд нийт 65.1 тэрбум төгрөгийг иргэнээс хэмнэсэн байна.

Үүний зэрэгцээ “e-Mongolia” системийг ашиглахад хүндрэл, бэрхшээл тулгамдаж буй иргэдэд зориулан иргэд олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвийг Төв шуудангийн 1 давхарт нээгээд даруй хагас жил болж байна.

Тус төвөөр өдөрт 100 орчим хүн үйлчлүүлж, төрийн үйлчилгээг цахимаар авч байгаагийн дийлэнх нь ахмад настнууд байдаг ажээ. “e-Mongolia” иргэд, олон нийтэд тусламж, заавар, зөвлөгөө өгөх төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг биечлэн хүргэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр, маргааш ажиллах шинжилгээний цэгүүд

Өнөөдөр маргааш ажиллах шинжилгээний цэгүүдийн байршлын мэдээллийг хүргэж байна. Шинжилгээний цэг 09:00-12:00 цаг хүртэл ажиллана

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байх боловч, 3-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний хүйтний эрч бага зэрэг суларна.

2022 оны 01-р сарын 01-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас хялмаална. Салхи баруун хойноос 3-8 м/с. 15-17 хэм хүйтэн байна.


2022 оны 01 сарын 01-ний 20 цагаас 2022 оны 01 сарын 02-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2022 оны 01 дүгээр сарын 03-наас 2022 оны 01 дүгээр сарын 07-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 4-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Дархлаа сэргээх нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалж байна

Дархлаа сэргээх нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж коронавирусний “Омикрон” хувилбараас сэргийлцгээе.

Халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих нь коронавирусний аль ч хувилбараас сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга хэвээр байсаар байна.
Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб
Categories
гадаад мэдээ

Итали, Грек, Францад өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ

Итали, Грек, Францад баасан гарагт “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш халдварын хамгийн олон тохиолдол шинээр илэрчээ.

Тодруулбал, Францад 232 200 хүнээс коронавирусийн халдвар илэрснээр Европын орнуудын хэмжээнд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтийг дахин шинэчилсэн байна.

Мөн Италид халдварын хамгийн олон буюу 144 243 тохиолдол бүртгэгдсэнээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо зургаан сая давжээ. Түүнчлэн Грект 40560 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ.

Гэхдээ эдгээр оронд бүртгэгдэж буй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд, нас барсан тохиолдлын тоог халдварын өмнөх давлагаануудынхтай харьцуулж үзэхэд харьцангуй доогуур үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарын 2021 оны онцлох 10 ажил

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн салбарын 2021 онд хэрэгжүүлсэн онцлох 10 ажлыг тодотгон нэрлэж байна.

  1. Бүх бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийг Ангиографийн аппаратаар хангав. Аймаг бүрт “Ковид-19” цар тахал өвчний оношлогооны ПГУ шинжилгээний аппараттай болов. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад 3000 компьютер хүлээлгэн өглөө.
  2. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021 оны 03 дугаар сараас санхүүжилтийн шинэчлэлийг хэрэгжүүлэв. Энэ хүрээнд нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлж, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлсэн анхдагч салбар болов.
  3. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг хариу арга хэмжээг цаг тухай бүрт нь шинэчлэн хэрэгжүүлж 2021 оны 02 сарын 23-ны өдрөөс эхлэн нийт хүн амыг вакцинжуулж эхлүүлэв.
  4. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эхлүүлснээр иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илүү ойртож хүлээгдэл чирэгдлийг бууруулсан. Тухайлбал эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын үйлчилгээ, лабораторийн шинжилгээний хариу, эмнэлгийн магадалгаа, вакцины гэрчилгээ, вакцинжуулалтад хамрагдсан талаарх QR код, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт гэх мэт үйлчилгээг бүрэн цахимжуулж e-mongolia системээс авах боломжтой боллоо.
  5. Эрүүл мэндийн сайдын А/595 тоот тушаалаар “Ор зохицуулах баг”-ийг томилж КОВИД-19 өвчний өвчтөн хүлээн авч эмчлэх 22,000 ор дэлгэн ажиллуулав. Эмнэлгийн орны эргэлт сайжирч, хүлээгдэл 0-1 хоног, шаардлагатай өвчтөн / хүүхэд, жирэмсэн, ахимаг настан /-д цаг алдалгүй эмнэлгийн тусламжийг үзүүлсэн ба 2021 оны 10 дугаар 02-ны өдрөөс эхлэн Нийслэлд Коронавируст халдвар (КОВИД-19) шалтгаант гэрийн нас баралт бүртгэгдээгүй.
  6. “Даатгуулагч иргэний, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа, шинэчлэн батлах тухай” ЭМС , ХНХС-ын хамтарсан А 758/А197 дугаар тушаалыг баталсан. Энэхүү тушаалд “Хугацаагүй” ангиллаар тогтоож буй өвчний тоог нэмэгдүүлж, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал болон элэг, бөөр шилжүүлэн суулгах донорын хагалгааны заалтыг шинээр нэмж тусгасан.
  7. 2021 оны 02-р сарын 23-ны өдөр Монгол Улс “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх вакцины эхний тунг хүлээн авсан. Манай улс БНЭУ Оксфорд/АстраЗенека, БНХАУ Вероцелл, АНУ Пфайзер вакциныг хүлээн авсан. Улсын хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Ковид-19-ын эсрэг вакцинд нийт хүн амын 1-р тун 69,6 хувь, 2-р тун 66,5 хувь, 3-р тун 28 хувь тус тус хамрагдсан байна.
  8. 2021оны 1-р сарын 1-нээс Резидент эмч нар цалинтай ажиллах болов. Ингэснээр суралцангаа ажиллах таатай орчин бүрдэж, чадварлаг нарийн мэргэжлийн эмч бэлтгэхэд ихээхэн ахиц болж байна.
  9. Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлэгт Төлөөлөн удирдах зөвлөл байгуулахтай холбоотой журам, удирдамжийг шинэчлэн батлав. 2021 онд ГССҮТ, ХСҮТ, УХТЭ, Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний Төв, Сонгино-Хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд Төлөөлөн удирдах зөвлөл байгуулах үйл ажиллагааг дуусгаад байна.
  10. Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв. Эрүүл мэндийн салбараас 2 Хөдөлмөрийн баатар төрлөө.