Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батхуяг: Хүссэн бүх мэдээллээ нэг дороос авах ньюс платформ үүсгэж чадвал гадагшаа гарах мөнгөн урсгалыг татах боломжтой

Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, дэд профессор, доктор Г.Батхуягтай ярилцлаа. Нийгмийн сүлжээний зар сурталчилгаанд монголчууд багагүй хөрөнгө зарцуулдаг. Өнгөрсөн онд гэхэд “Фэйсбүүк” компанийн сурталчилгааны төлбөрт 500 сая ам.доллар төлсөн мэдээллийг салбарын мэргэжилтнүүд ярьж байна. Энэ мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэх боломжийн талаар ийнхүү ярилцлаа.


-Нийгмийн сүлжээний зар сурталчилгаанд Монголоос гарч байгаа мөнгөн урсгал олны анхаарлыг татаж байгаа. Дижитал сурталчилгааны олон улсын нөхцөл байдал ямар байдаг талаар товч мэдээлэл өгөхгүй юү?

-Фэйсбүүк, Инстаграмм, Гүүгл зэрэг нийгмийн сүлжээнүүд зар сурталчилгааны маш том хэрэгсэл болчихоод байна. Ер нь дэлхий дахинд зар сурталчилгааны 70 хувь нь дижитал хэлбэрт шилжчихсэн. Хамгийн олон захиалагчтай сонин гэхэд 100 сая уншигчтай байхад фэйсбүүк гэхэд гурван тэрбум орчим хэрэглэгчтэй. Тус компанид хэрэглэгчийн маш олон дата байдаг. Юунд дуртай, хэдэн настай, эрэгтэй, эмэгтэй гэх мэт бүх төрлийн мэдээлэл байдаг учраас хүссэн бүлэг хүмүүс рүүгээ хүссэн мэдээллийг өгч чадах технологид суурилсан давуу талтайгаараа онцлогтой. Үүнтэй холбоотойгоор зар сурталчилгаа явуулах гэж байгаа хүмүүст маш сайн, онцгой үнэ цэнэ санал болгож чаддаг. Ингэхээр уламжлалт сурталчилгааны системээс хамаагүй давуу талтай болчихож байгаа юм. Түүнчлэн сурталчилгааг хэдэн секунд үзэв, цааш шейр хийж байна уу, лайк дарж байна уу, худалдан авалт хийгдэж байна уу гэдгийг үнэлээд явдгаараа онцлог. Ингэхээр зар сурталчилгааны салбарын хөгжлийг үндсээр нь өөрчилсөн нэг том бизнес модел болоод ороод ирсэн. Тэр утгаараа бүх сурталчилгаа хүссэн хүсээгүй дижитал хэлбэрт шилжээд байгаа юм.

-Монголчуудын фэйсбүүк хэрэглээг харуулсан тоон үзүүлэлт маш өндөр байдаг. Ийн хошуурч байгаа үндэслэлийг мэргэжлийн хүмүүс юу гэж хардаг юм бол?

-Фэйсбүүк бол хэрэглэгчдэд гурван үндсэн давуу талыг санал болгодог. Нэгдүгээрт, хүмүүстэй холбогдох, хоёрдугаарт, өөрийгөө илэрхийлэх, гуравдугаарт, шинэ зүйл олж мэдэх, сонсох зэрэг юм. Манайд өмнө нь ашиглаж байсан нийгмийн сүлжээ байгаагүй. Өрсөлдөгч байхгүй гэсэн үг. Хэрвээ Хятад руу орсон бол We chat гэх томоохон өрсөлдөгч байх байлаа. Харин манайд ийм сүлжээ байхгүй учраас Фэйсбүүк рүү шууд хурдан орж байгаа нэг шалтгаан энэ юм.

-Саяхан л бид ийм цөөн хүн амтай улс нийтээрээ фэйсбүүк хэрэглэгч болчихсоныг хараад зогтусаж байсан бол өнөөдөр энэ сүлжээнд төлж буй мөнгөн урсгал анхаарал татаж эхэллээ. Өнгөрсөн жил гэхэд 500 сая ам.долларыг “Фэйсбүүк” компанид төлсөн байна. Ер нь энэ талаарх судалгаа, мэдээлэл хэр нээлттэй байна вэ?

-Зарцуулалттай холбоотой яг бодитой судалгаа байхгүй. Ер нь ховор, нууц талдаа. Танай байгууллага хэдэн төгрөг ямар барааны сурталчилгаанд зарцуулав гэдгийг байгууллага, хувь хүн бүрээс судалгаа авч байж гарна гэсэн үг. Сонгуулийн үеийн сурталчилгаа гэвэл бүр нууц. Тэгэхээр хэмжиж гаргахад хэцүү ч гаднаас ирж байгаа мэдээллүүдийг харахад 500 сая орчим ам.доллар зарцуулагджээ гэсэн мэдээлэл гараад байгаа байх. Дэлхийн хандлага бол бүгд дижитал руу орчихсон учраас утсанд зарцуулж байгаа цаг ихсэх тусам фэйсбүүкт боломж нэмэгдэж байгаа гэсэн үг. Зар сурталчилгаанд зарцуулж байгаа мөнгө эргээд түүнээс олох ашгаар л хязгаарлагддаг. Тэгэхээр тэр хэмжээний ашигтай ажиллахаар төлөвлөсөн байна. Мэдээллийн хэрэгслүүдийг нийгэмд үзүүлж байгаа нөлөөллөөр бас хэмжиж болдог. Телевиз, сонингийн нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл жил ирэх тусам буурсаар байна. Телевиз бол хамгийн их буурсан. Харин сошиал сувгууд өссөн. Тэгэхээр сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигч аль нөлөөтэйг л сонгоно гэсэн үг шүү дээ.

-Тэгвэл энэ мөнгөн урсгалыг дотогшоо чиглүүлэх үндэсний платформ байгуулъя гэсэн санаачилгыг манай сонин бичиж ирсэн. Мэргэжлийн хүний хувьд энэ талаарх байр сууриа илэрхийлээч?

-Мэдээж боломжтой, хийх хэрэгтэй. Гэхдээ дэлхийн хэмжээний ийм том давуу талтай систем байхад түүнийг хаяад орж чадах хэмжээний супер систем байх хэрэгтэй. Твиттер, фэйсбүүкийн хоёр дахь хувилбар хэрэггүй шүү дээ.

-Мэдээж…

-Хийгээд амжилттай болох эсэх л хэцүү. Фэйсбүүк хамгийн чадварлаг инженерүүдтэй, томоохон туршлагатай компани. Түүнтэй өрсөлдөх залуус цоо шинэ, инновацилаг үнэ цэнийг бий болгох замаар өрсөлдөх нь илүү боломжийг авчирна. Гүүгл компанийг гэхэд анх байгуулагдахад АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр дэмжиж байсан. Тус компани одоо дэлхийн мэдээллийн урсгалыг атгаж байна шүү дээ. Энэ бол зөв. Одоо үр шимийг нь улс үндэстнэрээ хүртээд явж байна.

-Тэгвэл манайд үндэсний платформын ямар сүлжээ байгуулах боломжтой вэ?

-Одоо байгаа Фэйсбүүк, Инстаграмаас өөр, сул талуудыг нь шийдсэн байвал хүмүүс сонирхоно. Фэйсбүүк гэхэд ирэх оноос META болчихлоо, дараагийн шинэ шатанд гарчихаж байна. Түүнээс л ялгарах учиртай. Шинэлэг, өвөрмөц, онцгой хувилбар олж, тэрнийхээ хүрээнд хүмүүсийг цуглуулж болох систем байж болох юм.

-Технологийн хувьд монгол залуус дэлхийтэй эн тэнцүү хөгжиж, ажиллаж байна. Засгийн газраас дижитал шилжилт хийгдэж байна гэж зарлаад байгаа. Гүүглийг АНУ-ын Засгийн газар дэмжсэн шиг манай Засгийн газрын дэмжлэгтэйгээр том сүлжээ байгуулж болох нь?

-Бизнес гэдэг органик байх ёстой. Гүүгл гэхэд хоёр залуу “Манайх хайлтын супер систем” гээд цаасан дээр маш тодорхой харуулаад хөрөнгө татчихсан. Ийм бодит тооцоолол байвал Засгийн газар дэмжих хэрэгтэй.

-Бидэнд иймэрхүү нийгмийн сүлжээ үүсгээд гадагшаа гарах мөнгөний урсгалыг дотооддоо хадгалах боломж байгаа юу. Ялангуяа манай хэвлэл, мэдээллийнхний хувьд?

-Байж болно. Гол нь Фэйсбүүк, Инстаграм бол өөрөө контент хийдэг газар биш. Гэтэл манай хэвлэл, мэдээллийнхэн өөрсдөө контент үйлдвэрлэдэг учраас та бүхэн энэ давуу талаа ашиглах ёстой. Ингэхдээ хүмүүс өөрт таалагдсан бүх төрлийн мэдээллийг нэг дороос авч болдог ньюс платформ байж болно. Жишээ нь, “Өдрийн сонин”-ы ярилцлагын дугаар таалагддаг гэвэл түүнийгээ сонгоод, “Зууны мэдээ”-гийн шинжлэх ухааны булан зүгээр, “Тойм” сэтгүүлийн мэдээний дугаарыг үздэг гээд сонгоод явчих боломжтой. Хүн бүр өөрийн хүссэн мэдээллийнхээ багцыг үүсгээд түүгээрээ дамжуулж хэрэгтэй, дуртай мэдээллээ нэг дороос авдаг платформ байж болно. Хүн бүр өөр өөрсдийнхөө сонирхолд тааруулаад мэдээллийн хүрээллээ үүсгэчихэж болох юм. Сонингуудын булан байхаас гадна олны танил хүмүүсийг дагадаг байж болно, тэрхүү багцад нь. Тэднийг л нэгтгэдэг платформ байвал хүмүүс гишүүн болж ороод явна.

Ингэснээр янз бүрийн сонин сэтгүүл эргүүлж тойруулж, сайт гүйлгэж сонирхож байгаа юмаа хайхгүйгээр сонирхсон мэдээгээ шууд үзэх болно. Шууд л хүссэнээ үзээд явчих сүлжээ гэсэн үг. Иймэрхүү л инновацилаг, шинэлэг зүйл хэрэгтэй. Хүмүүс энд цагаа зарцуулаад эхэлбэл зар сурталчилгааны боломжууд нэмэгдээд, нөгөө гадагшаа урсах мөнгөнөөс ийшээ орж эхэлнэ.

-Хэвлэл мэдээллийнхний хувьд ч дата үүсэх давуу талтай юм байна?

-Хэвлэл мэдээллийн хувьд уншигчдаа хувийн мэдээлэл болон сонирхлоор нь ялгах боломж бүрдэнэ. Дээр нь хэвлэлийнхэн яг ямар контентыг хүмүүс илүүтэй захиалж байгааг мэдэж болно. Ямар контент уншигддаггүйг ч мөн мэдэж эхэлнэ. Орон нутгийнхан, ийм насныхан тийм мэдээллийг сонирхдог юм байна гэх мэтээр. Тэр мэдээлэл чинь эргээд яг хүссэн, сонирхсон зорилтот хэрэглэгчид хүрэх зар сурталчилгааны боломжийг нээнэ гэсэн үг. Магадгүй олон нийтийн санхүүжилт, IPO эсвэл Засгийн газрын дэмжлэгээр ч хөрөнгө босгож энэхүү платформ байгуулж болох юм. Хүмүүс ямар мэдээллийг үздэг юм бэ гэдгийг илүү бодитоор мэдэх боломж бий болоод эхэлнэ. Сонин, сэтгүүл гээд бүхлээр нь биш, задлаад контент бүрээр нь “худалдах” боломжийг олгож байгаа гэсэн үг. Өдөр бүр сонин гаргаад байдаг. 30 хувийнх нь мэдээллийг хэн ч сонгохгүй байгаа бол та бүхэн түүн дээрээ анализ хийх боломжууд үүснэ.

Өөр нэг хувилбар бол Фэйсбүүк, Гүүглээс мөнгө авах, дэмжлэг хүсэх тухай. Фэйсбүүк контент хийдэг компани биш. Харин хүмүүсийн контентыг ашиглаад түүнийг үзэж байх завсраар нь реклам цацдаг. Эндээс дэлхийн улс орнууд манай контентыг Фэйсбүүк, Гүүгл ашиглаад мөнгө олж байна гэсэн хандлага гарч эхэлсэн. Сонингууд орлогоос нь тодорхой хувь авъя гэдэг асуудал ч гарч ирсэн. Австрали, Европын орнууд хууль ёсны шаардлагаа тавиад эхний мөнгөө аваад эхэлчихсэн. Өнгөрсөн жил гэхэд Фэйсбүүк, Гүүгл дэлхийн хэмжээнд тухайн орон нутагт мэдээ бэлддэг хүмүүс рүү 600 сая ам.доллар тарааж өгсөн байдаг. Тэгэхээр Монголын хувьд Фэйсбүүк рүү хүсэлт гаргаж болно. Манай контент ашиглагдаж байна, бид эндээс хувь авъя. Манай сэтгүүлчдийн болон контент бэлтгэгчдийн чанарыг сайжруулахад зориулаад мөнгө авъя гэвэл авах бүрэн боломжтой. Гэхдээ энэ тохиолдолд яг авах хэмжээ бол бага л даа. Энэ асуудал шүүмжлэл дагуулсаар байгаа. “Фэйсбүүк” компанийн өнгөрсөн жилийн орлого 86 тэрбум ам.доллар байсан. Монгол Улсын төсвөөс бараг найм дахин их гэсэн үг. Тэрний 300-хан саяыг эргээд тухайн орон нутгийн контент үйлдвэрлэгчдэд өгсөн гэсэн үг.

-Манайхны фэйсбүүк хэрэглээ чанарын хувьд чамлалттай. Нэгнийгээ харлуулдаг, зүхдэг явдал гаарчихсан. Тролл, бот гэж хүртэл яригддаг болчихлоо. Глобал хэлтэй улс орнуудад ийм тохиолдолд хариуцлага хүлээдэг шүү дээ?

-Тийм зүйл бий. Технологи хөгжөөд хүн бүр news agency буюу мэдээллийн агентлаг болчихсон. Ямар нэгэн цензургүй. Урьд нь бол редакциар хянагдаад гардаг байсан. Хүн бүр одоо лайв хийгээд явах боломжтой. Жишээ нь, нийгмийн сүлжээнд Осоржамаа гээд хүүхдийн лайв байна. Тэгэхээр мэдээллийн баталгаатай, найдвартай байдал гэдэг тал дээр асуудал үүсч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор “fake news”гэдэг асуудлууд гарч ирсэн.

Уг нь фэйсбүүк этик тал дээр хатуу дүрэм журамтай. Арьс өнгөний үзэл гаргах, буруу зүйлд турхирсан, уруу татсан агуулгатай пост хийхэд сувгийг нь хаадаг. АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп гэхэд сонгуулиар ялагдахдаа хүмүүсийг үймээн самуун, төрийн эргэлтэд уриалсан агуулгатай “Бүгдээрээ Цагаан ордон руу дайрцгаая, өөрсдийн эрхээ хамгаалцгаая” гэсний төлөө түүнийг “Фэйсбүүк”-ээс life time буюу насан туршдаа нийгмийн сүлжээнд оролцох боломжгүй болгоод хасчихсан. Тиймээс Д.Трамп өөрийнхөө фэйсбүүк шиг сүлжээ бүтээж байх жишээтэй.

Categories
мэдээ спорт цаг-үе

“Бөртэ чоно-2021”-т өрсөлдөх нэр дэвшигчид тодорлоо

Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно-2021” гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 13-нд болно.

Тив дэлхийн тэмцээн, уралдаанд эх орноо төлөөлөн амжилт үзүүлсэн шилдэг тамирчдыг гурван номинацад өрсөлдүүлэн шилдгүүдийг шалгаруулна.

Нэр дэвшигчдийн нэрсийг танилцуулж байна.


Шилдэг эмэгтэй тамирчинд нэр дэвшигчид:

  1. М.Анхцэцэг (хүндийг өргөлт) – Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпийн наадмын IV байрын шагналт
  2. Ц.Анударь (буудлага) – Индонез, Бангладешийн ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, “Токио-2020” олимпын наадмын 10 метрийн хийн гар бууны дасгалд 9-р байрт шалгарсан
  3. З.Болортунгалаг (чөлөөт бөх) – Ази тивийн аварга, Иван Ярыгины ОУТ-ий аварга
  4. Б.Болортуяа (чөлөөт бөх) – “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт
  5. Б.Болор-Эрдэнэ (ширээний теннис) – Олимпийн наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн
  6. Э.Гантуяа (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины ОУТ-ий хүрэл медальт
  7. О.Гүндэгмаа (буудлага) – Токио 2020 Олимпийн наадамд оролцсон. Нийт 7 Олимпийн наадамд оролцсон Монголын анхны тамирчин
  8. Э.Даваачимэг (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины ОУТ-ий мөнгөн медальт
  9. М.Дөлгөөн (чөлөөт бөх) – Ази тивийн аварга
  10. Д.Отгонжаргал (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт
  11. Б.Урантунгалаг (байт харваа) – Олимпийн эрх олгох тэмцээнд V байр эзэлж, “Токио-2020” олимпын наадамд оролцсон. Дэлхийн цомын тэмцээнд 663 оноогоор улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон
  12. М.Уранцэцэг (жүдо) – “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТий хүрэл медальт, Тбилиси, Ташкентийн Их дуулгын аварга, Мастерс тэмцээний хүрэл медальт
  13. Б.Шоовдор (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины ОУТ-ий аварга
  14. Б.Энххүслэн (усанд сэлэлт) – “Токио-2020” олимпийн наадмын 50 метрийн чөлөөт сэлэлтэд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон

Шилдэг эрэгтэй тамирчинд нэр дэвшигчид:

  1. Ё.Басхүү (жүдо) – “Токио-2020” олимпийн VII байрын шагналт, ДАШТ-ий хүрэл, Ташкентн Их дуулгын мөнгө, Абу Дабигийн Их дуулгын хүрэл медальт
  2. Д.Батгэрэл (холимог тулаан) – 2021 онд UFC Холимог тулаанд 2 тулаан дараалан цэвэр ялалт байгуулсан
  3. Г.Ганбаяр (хөлбөмбөг) – Унгарын дээд лигт “Пушкаш” багийнхаа хамтаар мөнгөн медаль хүртсэн
  4. Э.Даваахүү (буудлага) – Индонез, Бангладешийн ОУТ-ий аварга, “Токио-2020” олимпын наадмын хийн гар бууны 10 метрийн дасгалд 12-р байр эзэлсэн
  5. Д.Дашнамжил (байт харваа) – ДАШТ-ий урьдчилсан харваанд 652 оноо авч хувийн амжилтаа шинэчлэн, 102 тамирчнаас 9-д эрэмбэлэгдсэн. Хувийн төрөлд шилдэг 16-д, холимог багийн төрөлд А.Отгонжаргалын хамтаар шилдэг наймд шалгарсан
  6. М.Лхагвагэрэл (чөлөөт бөх) – “Токио-2020” олимпийн V байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт
  7. Э.Лхагвасүрэн (ширээний теннис) – Олимпийн наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн
  8. Т.Тулга (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт, Ромын ОУТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпийн наадмын оролцогч
  9. С.Моллаей (жүдо) – “Токио-2020” олимпийн мөнгөн медальт, Тель-Авивын Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн
  10. Б.Чинзориг (бокс) – Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт, “Токио-2020” олимпийн наадмын оролцогч
  11. Ц.Цогтбаатар (жүдо) – “Токио-2020” олимпийн хүрэл медальт, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгын аварга, Бакугийн Их дуулгын хүрэл медальт
  12. Э.Цэндбаатар (бокс) – “Токио-2020” олимпийн V байрын шагналт, Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний аварга
  13. С.Жамбалжамц (дугуй) – Дугуйчдын Ази тивийн чансааны хоёрдугаар байранд бичигдэж байгаа, Тour of Thailand тэмцээний аварга
  14. Х.Энх-Амар (бокс) – Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний мөнгөн медальт

Шилдэг багт нэр дэвшигчид:

  1. 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг – Токио 2020 Олимпийн наадамд оролцсон
  2. Атлетик 220 хөлбөмбөгийн клуб – МХБХ-ны дээд лигийн аварга, AFC CUP тэмцээний хэсгийн шатанд өрсөлдсөн
  3. Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг – FIFA 2022 Азийн бүсийн сонгон шалгаруулалтад өрсөлдсөн
  4. 3×3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг – Токио 2020 Олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээнүүдэд оролцсон
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баданга хүдрийг сэргээн нутагшуулж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь”-ENSURE төсөл хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь хууль бус хулгайн ан агнуурын улмаас ховордоод байгаа Баданга хүдрийг хуучин тархац нутагт нь сэргээн нутагшуулах зорилготой ажээ.

Монгол орны нэн ховор амьтан баданга хүдэр (Moshus moshiferus)-ийг Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл сумын нутаг Бөхөн шарын нуруунд сэргээн нутагшуулах ажлыг эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, судлаачид удирдан барих, зорилтот газар нутагт нутагшуулах ажлыг 2021 оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулж буй юм байна.

БОАЖЯ-наас олгосон зөвшөөрлийн дагуу Архангай аймгийн Булган, Ихтамир сумын нутгаас баданга хүдэр барьж, Бөхөн шарын нуруунд сэргээн нутагшуулах хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа аж.

Байгалиас хүдэр барих, тээвэрлэх, шинэ нутагт сэргээн нутагшуулах ажлыг МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн хөхтөн амьтан судлалын баг, Монгол орны хөхтөн судлалын нийгэмлэг ТББ, ХААИС, Говийн гайхамшигт амьтад ТББ-ын хамтарсан баг гүйцэтгэж байгаа бөгөөд орон нутгийн зүгээс Архангай аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, нутгийн иргэд хамтран оролцож байна.

Хүдэр нь аюул тохиолдох, айж сандрахдаа исгэрэх, уйлах мэт дуугардаг. Түүний энэ дуугаар бусад амьтад хамгаалалтад орон, хурдаа авч, аюулгүй газар руу зугтдаг байна. Өөрөөр хэлбэл, хүдэр нь “Ойн амьтдын цагдаа” юм гэж Хүдэр судлалын доктор Д.Дэлэгням тодорхойлжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Отгочулуу: “Шинэ сэргэлтийн бодлого” бол байдаг л нэг хоосон пи ар

-МАН МЕГА ТӨСӨЛГҮЙГЭЭР ЭДИЙН ЗАСГАА ТЭЛЖ ЧАДАХГҮЙГ УХААРСАН НЬ ШИНЭ БОДЛОГЫНХ НЬ ГЯЛТАЙХ ТАЛ БОЛЖЭЭ-

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого” гэж зарлаад, хэрэгжилтэд нь зориулж 120-180 их наяд төгрөг босгоно гэчихлээ. Бодит хөрсөн дээр буулгаад харахад энэ хэмжээний мөнгийг босгох боломж бидэнд бий юү?

-Шинэ гэдэг үг чинь их сонин л доо. Жишээлбэл, манжууд Чин гүрнийхээ сүүлийн жилүүдэд шинэ сэргэлтийн бодлого гэж зарлаж байсан юм. Тэр хөтөлбөрөөрөө Хятадын асар их хөрөнгийг Монгол руу татна гэж зарласан нь монголчуудын дургүйцлийг хүргэх нэг шалтгаан болсон түүх өнгөрсөнд бий. Ленин “Шинэ эдийн засгийн бодлого” гэж зарлаж байсан. Тэрийгээ зарлахдаа “Амины өмчийг хүлээн зөвшөөрнө. Хувийн хөрөнгө оруулалтыг татна” гэж тодотгосон нь мөн л түүхэнд үлдчихсэн. Америкийн ерөнхийлөгч Теодор Рузвельт нийгмийн хамгааллыг сайжруулна гээд “Шинэ хэлцэл” гэж зарласныг санаж байна. Энэ мэт жишээнээс харахад их гүрнүүд шинэ гэх тодотгол ашиглаж том бодлогууд хэрэгжүүлж байсан. Манай улсын хувьд яг ийм “шинэ” гэсэн тодотголтой сонгуулийн уриа, мөрийн хөтөлбөр өчнөөн л дөө. Харамсалтай нь хэрэгжсэн нь тун цөөн. 100 их наяд төгрөгийг одоогийн ханшинд хөрвүүлбэл бараг 40 тэрбум ам.доллар. Энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг татах боломж маш ховор. Манай эдийн засаг одоогоор 14 тэрбум ам.доллар. Гадаадын ганц хөрөнгө оруулалт нь “Оюу толгой”. Жил тутам тэрбум ам.доллар оруулъя гэсний цаад эрх зүйн баримт бичиг нь Дубайн төлөвлөгөө байсан. Гэтэл энэ төлөвлөгөөгөө цуцална гэчихсэн яваа.

-Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлнэ гэвэл МАН-д тодорхой эх үүсвэр хэрэгтэй. Энэ их мөнгийг олох эх үүсвэрүүд гэвэл та юуг онцлох вэ?

-Ер нь тун цөөхөн эх үүсвэр бий. Нэгдүгээрт, улсын төсөв. Гэтэл улсын төсвийн алдагдал ямар байгаа билээ. Засгийн газрын гадаад өр сүүлийн дөрөв, таван жилийн дотор дөрвөн тэрбум ам.доллараас найман тэрбум ам.доллар болоод өсчихлөө. Эдийн засгийнхаа 70 хувьтай тэнцэх өртэй улсад гадныхан хөрөнгө оруулалт хийхгүй. Хятадууд нөлөөгөө тогтоох зорилгоор хямд хүүтэй зээл өгч магадгүй юм. Гуравдагч хөршүүдийн хувьд дампуурчихгүй байгаасай гэсэндээ хүмүүнлэгийн зорилгоор тусламж л өгнө. Товчхондоо том хэмжээний төслийн хөрөнгө оруулалтыг төсвөөр дамжуулж хийх боломжгүй. Хувийн хэвшил хөрөнгө оруулалт татах бас нэг эх үүсвэр байх боломжтой. Гэхдээ хувийн хэвшлийнхэн маш хүнд байдалтай байгаа.

-Хөгжлийн банкаар дамжуулж том төслүүдээ хэрэгжүүлэх гарц байж болох юм…?

-Уг нь том төслүүдээ санхүүжүүл гээд байгуулсан л даа, Хөгжлийн банкийг. Харамсалтай нь энэ банкийг сүүлийн дөрвөн жилд Сангийн сайдын хамаатан садан, найз нөхөд, нууц амрагууд очиж тансагладаг байгууллага болгоод хувиргачихсан. Танил тал харж их хэмжээний зээл гаргаснаас болж ямар байдал үүссэнийг та ч мэдэж байгаа. Шуудхан хэлэхэд, Хөгжлийн банкаар дамжуулж төслүүд хэрэгжүүлэх боломжгүй.

-Тэгвэл арилжааны банкуудаараа дамжуулж хэрэгжүүлэх гарц байна уу?

-Та ч анзаарч байгаа байх, арилжааны банкуудын амыг хааж байна шүү дээ. Маш хүнд нөхцөлөөр торгож байна. Яг үнэндээ хэрэглээний зээлүүд дээр л өрсөлдөж байна. Шуудхан хэлэхэд, Л.Оюун-Эрдэнийн яриад байгаа 100 их наядынх нь хөтөлбөрт нэмэр болохуйц төсөлд зээл гаргаж чадахгүй. Ингээд харахаар зуун их наядын гэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг би хувьдаа байдаг л нэг хоосон пиар гэж харж байна. Энэ зуунд дэлхий хавтгай болчихлоо. Өнгөрсөн зуун шиг хоосон пропоганда, уран гоё үгээр явахаа больчихсон. Тэр утгаараа хэрэгжих боломж муутай хөтөлбөр.

-Та ярилцлага эхлэхийн өмнө “МАН хэдэн жилийн өмнө боловсруулсан төслөө л зарлачихлаа, тоонуудыг нь өнөөгийн инфляцид уяж хоёр дахин үржүүлж тавьснаас өөр өөрчлөлт алга” гэсэн дээ. Хэзээ зарласан ямар хөтөлбөр билээ?

-Аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар эдийн засгаа тэтгэнэ гээд явж байсан бодитой жишээ бий. Цаг хугацааг нь хэлбэл 2012 оны сонгуулийн өмнө. Мөн л том төслүүдээ хөдөлгөнө, тэр төслүүддээ хөрөнгө оруулалт татна гэж байсан юм. Тооцоогоо 60 гаруй их наяд төгрөг гэж гаргасан санагдаж байна. Сая танилцуулсан хөтөлбөрийг нь харахаар тэр үед зарлаж явсан өнөө хэдэн төслөө, яг тэр үед тодотгож байсан санаагаа жагсаачихсан байх жишээний. Ялгаа нь гэвэл шаардлагатай хөрөнгө оруулалт нь хоёр дахин өссөн байна. Энэ хугацаанд инфляци хэрхэн цойлсон, мөнгөний үнэ цэнэ яаж унасныг хүлээн зөвшөөрчихсөн байгаа юм. Арваад жил, бүр нарийвчилж хэлбэл, арав хүрэхгүй жилийн өмнө Солонгосын нэг вон Монголын нэг төгрөгтэй тэнцдэг байлаа. Гэтэл өнөөдөр вон хэдтэй байгаа билээ. Монгол төгрөгийн ханш дор хаяж хоёр дахин уначихсан яваа. Долларын ханш тэр үед 1100 төгрөг байсан. Одоо 2800 төгрөг даваад явчихсан. Ингээд харахаар төгрөгийн ханшийн уналтаа тооцоод өнөө хэдэн тоогоо солиод тавьчихсан байна л даа. Шинэ зүйл огт алга.

-“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх гол гарц бол хөрөнгө оруулалт татах. Тэгвэл энэ засаг хөрөнгө оруулалт татах талд яаж анхаарч байна вэ. Ер нь хөрөнгө оруулалт татах чиглэлд анхаарсан он жилүүд гэвэл та аль үеийг онцлох вэ?

-Хөрөнгө оруулалтыг хэн нь татаж байж вэ гээд харахаар муу нэртэй, луу данстай АН-ыг л дурсах хэрэгтэй болчихоод байна л даа. Дубайн төлөвлөгөөг батлаагүй бол өнөөдөр бид яах байсныг төсөөлөхөд хэцүү. Энэтхэгээс зээл олж ирээд газрын тос боловсруулах үйлдвэр бариад эхэлчихлээ гээд байгаа. Яг үнэндээ энэ зээлийн эхлэлийг АН-ын үед шийдсэн. Зэс баяжуулах үйлдвэрийг дагаад зэс хайлуулах үйлдвэр байгуулах төсөл мөн л АН-ын үед эхэлсэн. Бүр гурван газар сонгоод гаднаас хөрөнгө оруулалт татъя гээд явж байлаа. Товчхондоо АН-ын үед эхлүүлсэн зөв санаачилгуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж яваа нь олзуурхууштай. Нэг зүйл их тод анзаарагдаад байгаа. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг харахаар 2020 оны АН-ын мөрийн хөтөлбөрийг тэр чигт нь хуулаад тавьчихсан байдаг. Тэрийг та анзаарсан уу?

-Үгүй юм байна. Яг ямар заалтуудыг нь хуулсан гэж?

-Баялагтаа эзэн Монголоос эхлээд өчнөөн санаа бий, анзаарч судлаарай. Л.Оюун-Эрдэнийн саяын хөтөлбөрийг харахаар өнөө л Хүрэлсүх стайл үнэртэж байна. Энгийн жишээ хэлэхэд “Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй” гэсэн заалт байна.

-Энэ заалт АН-ын яг ямар баримт бичигт байдаг юм бол?

-АН-ын дүрэмд байдаг юм. Яг тэр чигээр нь аваад тавьчихсан байна лээ. Ер нь бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн АН-ын мөрийн хөтөлбөрийн санааг маш их хуулж. Ингэж хуулсанд нь нэг талаас баяртай яваа шүү. Зуун жилийн ойгоо тэмдэглэж байгаа МАН хэмээн зомби нам маань оюун санаа, үзлийн хувьд үхмэл болчихсон нь хэнд ч ил үнэн. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэгчээр АН-ын зөв үзэл санааг хүлээн зөвшөөрч байгаа нь сайн хэрэг. Улс төр сонирхдог хүмүүс 2016, 2017, 2020, 2021 оны АН-ын мөрийн хөтөлбөрүүдийг цаг гаргаад харвал эдийн засгаа яаж томруулах вэ, хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ гэсэн асуулт тавиад бодитой нэмэр болохуйц төслүүдийг жагсаасан байгаа. Тэр төслүүдийг хуулаад тавьчихсан харагдсан. Ер нь мега гэлтгүй төслүүдийн 30 хувь нь амжилтгүй болдог. Том төслүүдэд ч амжилтгүй түүх өчнөөн. Жишээ нь, твиттер гэхэд л анхныхаа жилд хөрөнгө оруулалтаа нөхчихнө, ашигтай ажиллана гэж байсан. Гэтэл арван жилийн дараа л арайхийж зардлаа нөхөж чадсан. Apple гэхэд утасгүйгээр цэнэглэдэг суурь бүтээж хэрэглээнд оруулна гэж зарлаад маш олон жил ажилласан. Хугацаа хэтэрсэн, үнийн дүн нь хэтэрч өссөн. Эцэст нь бүтэлгүйтсэн. Юуханд ч хянамгай ханддаг Германд хүртэл ашиглалтад орох хугацаа нь арав, хорин жилээр хэтэрсэн том төслүүд байж л байна. Товчхондоо мега төслийн мөн чанар нь амжилттай, амжилтгүй болох магадлал нь 50, 50 хувь байдаг. Амжилттай боллоо гэхэд зардал өсөх, хугацаа хэтрэх магадлал нь дахиад тавь, тавин хувь байдаг л даа. Энэ мөн чанарыг МАН огт ойлгодоггүй. Зүгээр л улс төр хийж, хийрхэж, популизмддаг байсан юм. Одоо өөрсдөө энэ алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа нь сайн хэрэг. Ийм том төслүүдгүйгээр манай эдийн засаг тэлэхгүй гэдгийг ойлгочихсон нь үнэхээр олзуурхууштай. Энэ хүлээн зөвшөөрлөө аятайхан ойлгуулж, пропоганда хийхийн тулд “Шинэ сэргэлт” гэх мэт гоё нэр өгчихлөө л дөө. Яг үнэндээ мега төслийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрснөө л харууллаа. Уг нь улс төрийн соёлтой том нам бол өөрсдөө шууд “Том төслүүд зовлонтой байдаг юм байна, бид үүнийг нь ойлгохгүй хийрхэж алдаж явжээ” гээд хүлээн зөвшөөрчихсөн бол гоё харагдах байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй. Өнөө л большевик аргаараа, түүхийг гуйвуулж бичдэгээрээ хандаж байна. Огт өөр, шив шинэ юм гаргаж ирж байгаа мэт худлаа суртал ухуулга хийж байна. Гэхдээ наанаа ингэж хоосон улс төр хийж яваа ч цаанаа эдийн засгийг тэлэх том төслүүдийг үнэхээр дэмжиж байгаа бол юу хэлэхэв.

-Гэхдээ манайд хэрэгжиж байгаа том төслүүдэд улс төрийн нөлөө их шүү. Улстөржилтөө дагаад олны эсэргүүцэл ч их байх шиг анзаарагддаг…?

-Манайд хэрэгждэг том төслүүдийн тухайд сонгуулийн өмнө улстөржүүлдэг нь түгээмэл үзэгдэл. Гэхдээ “Сантмарал” гэх мэт томоохон судалгааны төвүүдийн судалгаанаас харахад ард түмэн нэг их улстөрждөггүй нь ажиглагддаг. Энэ мэт гоё уриалгуудын цаана бизнесээс улс төр рүү орж ирсэн том бүлэглэлүүдийн зөрчилдөөн л байдаг. Шулуухан хэлэхэд нэг талд Сү.Батболдын бүлэглэл, нөгөө талд Х.Баттулгын бүлэглэл байх жишээний. Тэд том төслүүдэд нөлөөллөө тогтоох сонирхолтой аж төрдөг. Асар их мөнгө эргэлддэг учраас энэ том мөнгөний машин дээр байр сууриа бэхжүүлэх сонирхолтой байдаг. Энэ бүлэглэлүүдийг ашиглаж хямд аргаар улс төрд тогтож үлдэх, улс төрд байх цаг хугацаагаа уртасгах гэсэн зальтай улстөрчид бас бий.

-Жишээ нь, хэн хэн байна вэ?

-Н.Алтанхуяг, Ц.Нямдорж гээд нэрлэвэл олон хүн бий. Н.Алтанхуяг 2014 онд ард түмэндээ хандаж том төслүүдээ хэрэгжүүлье, улстөржихөө больё гэсэн мэдэгдэл хийчихээд “Рио тинто”-д буулт хийсэн захидлыг өөрөө дур мэдээд явуулж байсан. Тэр үед улс төрийн алдаа хийснийхээ төлөө огцорчихоод одоо болохоор “Дубай, Таван толгойгоос болж огцорсон” гэх мэтээр өөрөө өөрийнхөө эсрэг юм яриад явчихаж байгаа юм. Мань эр Таван толгойг хятадуудад өгөх гэлээ гэж их улстөржсөн. Яг үнэндээ хятадуудад өгөх Засгийн газрын тогтоолыг өөрөө гаргачихаад буусан шүү дээ. Сонгон шалгаруулалтын тогтоолыг нэг компанид зориулж, бүр тодруулж хэлбэл “Шинхуа”-гаас өөр компани шалгарах аргагүй хатуу байдлаар баталсан нь Н.Алтанхуягийн Засгийн газар. Иймэрхүү өнгөөр, нийгмийг, хөгжлийг гацаах замаар паразиталдаг хүмүүс аль ч нийгэм, ямар ч улсад байдаг. Манайд иргэний оролцоо, хэвлэл мэдээлэл, хараат бус шүүх муу хөгжсөн учраас иймэрхүү хүмүүс улам даварч, оодорсоор яваа. Бусад улсад бол ингэж давруулахгүй. Тогтолцоо сайтай учраас хог шааруудаа гаргаад хаячихдаг дадал суучихсан байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ, хог шаарууд нь эх оронч болж харагдаад явдаг болчихсон байна л даа.

-Бид яагаад ийм байдалд хүрчихэв?

-Нэг жишээгээр хариулъя. Арван жилийн өмнө манай эдийн засаг 12 тэрбум ам.доллар байсан. Одоо 13 тэрбум ам.доллар. Гэтэл Вьетнамын эдийн засаг энэ хугацаанд хоёр дахин өссөн байх жишээний. 125 тэрбум ам.доллараас 327 тэрбум ам.доллар болоод өсчихсөн. Нэг хүнд оногдох ДНБ гэсэн ойлголт байдаг. Манай улс буурах хандлага руугаа орчихсон яваа. Казахстан өссөөр байгаад олон улсын жишигт хүрчихлээ. Уг нь яг ижил улсууд. Миний хувьд 1996 оноос нэг зүй тогтол ажигласан. Манайд доллараар илэрхийлснээр нэг хүнд оногдох ДНБ-ий арван хувь нь л дундаж цалин болоод байгаа. Өдгөө монголчуудын дундаж цалин өсөөд нэг сая төгрөг болсон гэж байгаа ч доллар руу шилжүүлээд үзвэл буурчихсан. Жилд 30 мянган оюутан Их, дээд сургууль, 40 мянган залуу МСҮТ-ийг төгсч байгаа. Ингээд харахаар жил бүр 70 мянган залуус хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэгдэж байна. Манай эдийн засаг энэ хэмжээний ажлын байрыг бий болгож чадаж байна уу гэхээр үгүй гэсэн хариу гардаг. Өндөр татвар, зээлийн дарамтад байгаа хувийн хэвшлийнхнийг энэ тохиолдолд буруутгах аргагүй. Хууль зөрчихгүйгээр цалингийн зардлаа бууруулахын тулд дадлагажигч аваад хоёр сар ажиллуулах маягаар амь зууж байна.

-Ингээд харахаар хувийн хэвшлийнхэнд ч асуудал байх шиг…?

-Энэ тохиолдолд хувийн хэвшлийнхэнд буруу өгөх боломжгүй. Сарын мянган долларын цалинтай ажлын байр бий болгохын тулд тэдэнд дор хаяж арван мянган долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Одоо нэг бяцхан тоо бодъё. Жил бүр далан мянган ажлын байр бий болгохын тулд 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байх ёстой. Бид энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж чадахгүй байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт тэр орчимд л доо. Харамсалтай нь тэр мөнгө тендерчдэд очдог. МАН-ын дарга ангийнхныг тэтгэдэг, тэднийг дагаж амьдралаа залгуулдаг, сонгуулиар өгсөн хэдэн цаасныхаа хариуд өөрсдийн хүмүүсээ төрийн том албаны даргаар тавьдаг нөхдүүдэд. Тэд төсвөөс мөнгө авангуутаа Эрээн рүү гүйдэг. Тэгээд хөшөө гэх мэт стандарт төсөв, зардал тооцоход хэцүү юм руу оруулаад, сонгуульд зарсан мөнгөө буцаагаад авчихдаг. “Сонгуулийн халтрууд” гэсэн нэршилтэй энэ нөхөд хил гаалийнханд элдэв хахууль өгөөд өөрсдийн бараа, материалаа хувийн хэвшлийнхний урдуур оруулж ирээд байгаа нь бодитой үнэн. Ингээд харахаар хоёр талын сөрөг нөлөө гарч байна л даа. Нэгдүгээрт, МАН-ыг дагавал бизнес нь асар хурдан томордог, дарга ангийн эгнээнд ордог гэсэн маш буруу дохиог залуу бизнес эрхлэгчдэд өгөөд байна. Нөгөө талд бор зүрхээрээ хөдөлмөрлөдөг, дундаж давхаргыг бий болгодог бизнесийнхэнд ямар ч боломж олдохгүй яваа. Манай эдийн засаг томрохгүй байгаагийн үндсэн шалтгаан ерөөсөө л энэ. Татвар төлөгчид нь мөнгөө төлөөд байдаг. Татвар төлөлтөөс бүрдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт нь эдийн засагтаа шингэхгүй, нэг бол Эрээн рүү гараад, эсвэл улс төр, бизнесийн бүлэглэлүүдийг улам баяжуулах эх үүсвэр болоод байна. Татвар төлөгчдөөс төлдөг мөнгө буюу татварын орлого жил бүр 30 хувиар ихэсч байгаа. Миний цалингийн 30 хувь төр рүү явчихдаг. Миний авдаг талхны 50 хувь нь бас л төрийн халаас руу НӨАТ ба бусад хэлбэрийн татвар хэлбэрээр ордог. Товчхондоо миний зарлагын 50 хувь, орлогын 30 хувь төр рүү явж байна. Энэ мэтээр татвар төлөгч жирийн иргэд төсвийн орлогыг бүрдүүлдэг ч өнөө төсөв нь эргээд бидний төлөө биш, дарга ангийн төлөө яваад байгаа. Эцэст нь хэлэхэд, дарга ангийг хамгаалж бэхжүүлдэг хамгийн том бүтэц нь МАН болчихсон. Үүнийгээ зассаны эцэст л одоо яриад байгаа шинэ сэргэлтийн бодлого нь хэрэгжих байх.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар луу өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 10, Сугар гариг. Билгийн тооллын 7, чөдөр одтой, хар луу өдөр. Өдрийн наран 8:31 цагт мандан, 16:59 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 9-11 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 12-14 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурна. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурна. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Ардчилсан орнууд хориг арга хэмжээг хувь хүмүүст тавьдаг болно” хэмээн өгүүллээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Буруу
талдаа жолооны хүрдтэй
автомашиныг улсын бүртгэлд
нэмж бүртгэхгүй. Одоо
явж байгаа нь хөдөлгөөнд
чөлөөтэй оролцоно”
гэснийг I, II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Монгол Улсын үйлчилгээний гавьяат
ажилтан Цагааны Хэнмэдэх “Манай улс худалдааны яамгүй,
олон улсын худалдааны
хуульгүйн улмаас өнөөдөр тамд
унаж байна” гэлээ.

мэдээлэлтэй холбогдуулан
Гадаад харилцааны дэд
сайд Б. Мөнхжин “Эрээн хилээ өнөөдрөөс нээж,
авто замын тээвэрлэлт хийгдэж эхэлнэ” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ардчилсан орнууд хориг арга хэмжээг хувь хүмүүст тавьдаг болно” хэмээн өгүүллээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “Түлэнхийн төв эмнэлгийн барилга хэзээ ашиглалтад
орох нь асуултын тэмдэг хэвээр байна” гэлээ.

Хууль зүйн ухааны
доктор, хуульч, улс төр
судлаач Г.Жаргалбаяр “УИХ зөвхөн Төрийн ордонд хуралдаж байж гаргасан
шийдвэр нь эрх зүйн талаасаа хүчин төгөлдөр болдог” V нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМ


Categories
мэдээ нийгэм

Ирэх онд 99 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

Ховд аймагт ирэх 2022 онд улсын төсвийн 90 тэрбум, орон нутгийн төсвийн 9 тэрбум гээд нийт 99 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт, төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ.

Мэргэжлийн байгууллагууд Ховд аймгийн 2022 оны төсвийн төслийг боловсруулахдаа эрх зүйн шинэтгэлийн хүрээнд төсөв мөнгө зөв хуваарилж, зөв төлөвлөлт хийхэд анхаарч ажилласан бөгөөд энэ жил хөдөөгийн сумдад олгох санхүүгийн дэмжлэг, сумдын орлогын эрх, төрөл нэмэгдсэн гэж албаныхан хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Хүний хөгжлийг дэмжсэн стандарттай шинэ Ховдын төлөө” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар ирэх 2022 онд хэд хэдэн томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн.

Үүнээс тоймлон танилцуулбал, Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын усан цахилгаан станцын барилга угсралтын ажил эхэлнэ. “Ховд эко цементийн үйлдвэр”-ийн барилга угсралтын ажил дуусаж, ашиглалтад орно. “Үйлдвэр технологийн парк”-ын дэд бүтцийн угсралтын ажил хийж, хувийн хэвшлийн үйлдвэрийн суурь тавих ажил эхэлнэ.

Мөн босоо тэнхлэгийн авто замтай Эрдэнэбүрэн, Ховд сум, хэвтээ тэнхлэгийн авто замтай Чандмань сумыг холбох ажлууд эхэлнэ. Эрдэнэбүрэн, Алтай суманд услалтын систем баригдаж, Мянгад сумын услалтын системийн зураг төсвийг хийж, Зэрэг, Цэцэг, Үенч сумын услалтын системийн өргөтгөл, шинэчлэл хийгдэнэ.

Үүнээс гадна Манхан суманд шинээр дотуур байр, Жаргалант суманд бага сургууль, гурван цэцэрлэгийн барилгын барилга угсралтын ажил эхэлж, 2023 онд ашиглалтад хүлээн авахаар төлөвлөсөн байна. Мөн ирэх онд Дарви сум Хөшөөтийн нүүрсний уурхайд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж, ашиглалтад хүлээн авна.

Ховд хотод шинэ кино театр, олон угсаатны урлагийн театр шинээр барьж эхлэх зэрэг эдийн засаг, нийгмийн хөгжилд ач холбогдолтой, хэтийн хөгжлийн зорилтод гол байр суурь эзлэх, олон ажлын байр гарах төсөл, арга хэмжээнүүд тусгасан аж.

Categories
мэдээ нийгэм

Ц.Мөнхбаатар: Сайжруулсан түлшний материалуудад лабораторын шинжилгээ хийх шаардлагатай

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдал, омикрон хувилбарын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний хэрэгжилт, төлөвлөгөөний талаар өчигдөр /2021.12.08/ холбогдох албаныхан мэдээлэл хүргэсэн. Энэ үеэр Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар агаарын бохирдолд хэрхэн анхаарч байгаа талаар иргэдийн асуултад хариулсан юм. Ингэхдээ “Шадар сайд агаарын бохирдлыг үүсгэж буй хүчин зүйлийг нарийвчлан судлах чиглэлийг албаныханд өгсөн. Мөн сайжруулсан түлшний гол бэлдэц болсон барьцалдуулагч гэх мэт материалуудад лабораторын шинжилгээг зайлшгүй хийх шаардлагатай. Үйлдвэрлэлийн явцад ямар нэгэн алдаа гарах вий гэдэг асуудал хэлж байсан. Энэ төрлийн судалгааны ажил хийгдэж байгаа гэдгийг хэлье” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​ “Apple” компани iPhone утасны үйлдвэрлэлээ зогсоожээ

“Apple” компани эд ангийн хомсдол орсны улмаас 10 жилийн дотор анх удаа iPhone утасны үйлдвэрлэлээ зогсоосон тухай “Nikkei” агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн сэтгүүлчид Америкийн компанийн туслан гүйцэтгэгч, эд анги нийлүүлэгч үйлдвэрийн ажилтнуудтай уулзаад тэдгээрийг уламжлал ёсоор аравдугаар сараас нэмэлт цагаар ажиллаж эхлээгүй болохыг олж мэджээ. Олон жилийн туршид Зул сарын баяраар бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд Хятадын үйлдвэрүүд сарын өмнөөс эхлээд 24 цагаар ажиллаж эхэлдэг уламжлалтай байсан. Тэгвэл 10 жил үргэлжилсэн энэ уламжлал 2021 онд анх удаа эвдэгдэж, үйлдвэрүүд нь илүү цагаар ажиллах нь бүү хэл үйлдвэрлэлээ бүр зогсооход хүрсэн байна.

Сэтгүүлчидтэй уулзсан хүмүүс үйлдвэрүүдийг ажиллуулъя гэсэн ч угсрах шаардлагатай эд ангиуд байхгүй тул нэг ч утас угсарч чадахгүй болоод байгааг онцолжээ. Үүнээс болоод “Apple” компани сая гаруй утас дутуу авч байгаагаас болоод олон тэрбум доллароор тоологдох орлогоо авч чадахгүй болох эрсдэлтэй тулгарчээ. Түүнчлэн энэхүү хомсдолыг дагаад зул сарын баяраар смартфон, айпад захиалсан хүмүүс 2022 он гартал захиалгаа хүлээж авч чадахгүйд хүрчээ.

“Nikkei” агентлагийн сэтгүүлчид “iPhone 13 Pro Max” смартфонд шаардлагатай ханган нийлүүлэлтийг гинжин хэлхээг даган гурван тивийн 20 гаруй үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж. Ингэхэд “iPhone 13 Pro Max” утсыг үйлдвэрлэхэд 2000 гаруй эд анги шаардлагатай байдгийг олж тогтоосон байна. Хамгийн сонирхолтой нь энэ олон эд анги дундаас хамгийн хямд, түгээмэл гэж болохоор дэлгэц, 5G модуль, процессоор гэсэн эд ангиуд нь хамгийн ховор байгааг илрүүлж.

“Nexperia” үйлдвэрийн мэргэжилтнүүд нөхцөл байдлыг тайлбарлахдаа “Түүхий эдийг нийлүүлэх хугацаа нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас үүссэн асар их эрэлтийг хагас дамжуулагчийн бүх үйлдвэрлэл бүрэн чадлаараа ажиллаад ч хангаж дийлэхгүй болсон” гэсэн байна. Америк дах өөр нэг ханган нийлүүлэгч компанийн удирдагч “Угсрахад шаардлагатай эд ангийн 99 хувь нь бэлэн байлаа ч ердөө ганц эсвэл хоёр эд анги дутуу байхад л бүтээгдэхүүнийг эцсийн байдлаар угсрах ажлыг эхлүүлэх боломжгүй байдаг” гэсэн байна.

Сэтгүүлчидтэй уулзсан бүх үйлдвэрийн эзэд “Apple” компанид нийлүүлэх ёстой ангиас аль нэгийг нь тодорхой хэмжээнд дутуу нийлүүлсэн гэж мэдэгдсэн байна. Гэхдээ зөвхөн “Apple” гэлтгүй “Samsung”, “Xiaomi”, “Oppo”, “HP”, “Dell”, “Acer”, “Nintendo” гээд электрон бараа бүтэгдэхүүний бусад үйлдвэрлэгчид ч эд ангийн хомсдолтой тулгараад байгаа аж.