Categories
мэдээ улс-төр

Д.Монголхүүг “Хүний Эрхийн хамгаалагч”-аар тодруулав

Ардчилсан намаас Олон улсын хүний
эрхийн өдрийг тохиолдуулан өнөөдөр
/2021.12.10/ тайван жагсаал зохион
байгуулж байгаа юм.

Жагсаалын үеэр “NoDoublestandart” хөдөлгөөний
үүсгэн байгуулагч Д.Монголхүүд Ардчилсан
намын зүгээс оны шилдэг “Хүний Эрхийн
хамгаалагч”-аар тодруулж дурсгал хүндэтгэлийн
зүйлийн хамт гардууллаа.

Шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн Монгол
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын
бүлгийн дарга Д. Ганбат “Өнөөдөр Монголын ард түмэн хууль шүүхийн
өмнө тусдаа өөр нэг эрхтэй, харин МАН-ын дарга
нар тусгай эрхтэй болсон байна. Энэ байдлыг
эсэргүүцэж хүний эрхийн төлөө тэмцсэн
Д.Монголхүүд Монголчууд бид болон Ардчилсан
намын зүгээс маш их талархаж байна. Өөрийнхөө
эрхийн төлөө
тэмцэж байгаа
Д.Монголхүү байгаа болохоор, үүний ард мянга
мянган “МОНГОЛХҮҮ” байгаа. “Doublestandart”
дарга нарт нэг өөр ханддаг, иргэдэд бас нэг өөр
ханддаг ийм хууль байх ёсгүй. Нэг ардчилалтай
гэдгийг зарлан тунхаглая аа” гэсэн юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Манай улсын гадаад худалдааны бараа эргэлт 27.9 хувиар өсчээ

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 11 сарын байдлаар 15 тэрбум ам.долларт хүрч, 27.9 хувиар өссөн байна.

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, экспорт 8.83 тэрбум ам.доллар, импорт 6.2 тэрбум ам.долларыг эзэлжээ. Тодруулбал, экспортын үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.8 хувь, импорт 26.6%-иар тус тус өссөн дүнтэй гарсан байна.

Улсын нийт экспортын 86 орчим хувийг зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, алт, нефтийн худалдаа бүрдүүлж байна.

Эрдсийн экспортод зэсийн баяжмал орлогын дүнгээр тэргүүлсэн хэвээр байгаа юм. Тодруулбал, оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспорт жингийн үзүүлэлтээр өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд буй ч орлого 2.8 тэрбум ам.долларт хүрч, 85.5 хувиар дээшилжээ. Тунгаасан зэсийн экспортын орлого 83.3 сая ам.доллартай тэнцэж 141.3%-иар нэмэгдсэнээр хамгийн өсөлттэй түүхий эдээр нэрлэгдэж байна.

Нүүрсний экспорт оны эхний 11 сарын байдлаар 15.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэвч орлогын дүнгээр 2.6 тэрбум ам.доллартай дүйсэн мэдэгдэхүйц өсөлттэй байна.

Нүүрсний экспортын орлого нэмэгдэх болсон нь зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улс 1.71 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн болов.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д зодуулсан Монгол охинд өмгөөлөгч авахаар болжээ

Солонгос Улсад 13 настай Монгол охин хүчирхийлэлд өртөж зургаан цагийн турш зодуулсан хэрэг нийгмийг цочроосон. Тэгвэл Солонгос улс дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах байгууллага охины хэрэгт Олон Улсын хүүхдийн мэргэшсэн өмгөөлөгч авч ажиллахаар болсон байна.

Тус байгууллага охины ээжтэй анх уулзан бичлэгийг Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгч цацуулсан. Энэ талаар тус байгууллагаас тодруулахад “Монгол Улсад энэ бичлэгийг задрааснаас илүү Солонгос Улсад цацвал илүү эрх нь хамгаалагдана” гэлээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчид уламжлах хэмжээний иргэний /200 мянган/ санал бүрдэж, 2022 оны нэгдүгээр сард уламжлахаар болсон аж.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч үүрэгт ажилдаа оров

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Эварист Куасси-Комлан 12 дугаар сарын 9-ний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Итгэмжлэх захидлаа гардуулж, үүрэгт ажилдаа оров.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтууд, ялангуяа хүүхдийн хөгжил, эрх ашгийг хамгаалах үйлсэд НҮБ-ын Хүүхдийн сан олон жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, КОВИД-19 цар тахлын үед иргэдийг вакцинжуулах, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч үүрэгт ажилдаа орлоо

Суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг бууруулах, Ерөнхий боловсролын сургуулийн интернэт сүлжээг сайжруулах зэрэг НҮБ-ын Хүүхдийн сангаас амжилттай хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.

Суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан нь Того Улсын иргэн бөгөөд цэвэр ус, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлаар мэргэшсэн, манай улсад томилогдохын өмнө Тайланд Улсын Бангкок хот дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн төвийн даргаар, мөн Мьянмар, Мадагаскар зэрэг улсад ажиллаж байсан туршлагатай юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Хотын аварга тогооч” шалгаруулах уралдаанд 50 гаруй тогооч оролцож байна

Худалдаа, хоршоо, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын Мастер тогоочдын холбоо, Монголын ахлах тогоочийн академи хамтран зохион байгуулсан “Хотын аварга тогооч” шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан өнөөдөр Хангарди ордонд болж байна.

Уралдааны зорилго нь монгол хоол, хэрэглээний уламжлал, орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг олон нийтэд сурталчлах, сэргээн хөгжүүлэх, шинэ арга хэлбэрээр баяжуулахад оршиж буй юм. Түүнчлэн тогооч нарын мэргэжил, мэргэшлийн ур чадвар, бүтээлч хандлагыг дээшлүүлэх, хоол үйлдвэрлэлийн уламжлалт болон орчин үеийн технологийг оновчтой болгож хоол хүнсний шинэ хэрэглээг бий болгох, хоол хийх урлагийг хөгжүүлэх, тогооч нар харилцан туршлага солилцох давуу талтай.

“Хотын аварга тогооч” шалгаруулах ажил мэргэжлийн уралдааныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлсийн дарга Т.Золжаргал нээж “Монгол улсад хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хоршооны салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд угтаж “Хотын аварга тогооч” уралдааныг зохион байгуулж байна. Хоол бол тухайн үндэстний өв соёлын хадгалж ирсэн том уламжлал. Энэ цаг үед өөрсдийн уламжлал болсон хоолны мөн чанар, үндсэн соёлыг авч үлдэнэ гэдэг том ач холбогдолтой үйл явдал юм” хэмээв.

Уралдааны үеэр Монголын Мастер тогоочдын холбооны ерөнхийлөгч Д.Буяндэлгэр “Энэхүү арга хэмжээнд 50 гаруй тогооч оролцож байна. Ингэхдээ уралдаан, тэмцээнд орж байгаагүй, голдуу төрийн үйлчилгээнд ажилладаг тогооч нар оролцлоо. Ажил, мэргэжлийн уралдаан хүнд тухайн мэргэжлээрээ бахархах, харилцан суралцах боломж бүрдүүлж, урам зориг өгдөг. Хоол үйлдвэрлэлээр ажиллаж буй алдартай рестораны тогооч нар шүүгчээр ажиллаж байна. Энэ жилийн уралдаан монгол үндэстний идээ, ундаа, хоолыг хөгжүүлэхэд чиглэсэн гэдгээрээ онцлог боллоо” гэлээ.

Тус уралдаанд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж буй олон улс, улсын аварга тогооч шалгаруулах уралдаанд оролцож байгаагүй тогооч нар оролцож байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Ц.Магалжав: Надад Э.Оюунболд юмуу, хэн нэгнийг хэлмэгдүүлж, хохироох эрх, бас шаардлага байхгүй

Э.ОЮУНБОЛДЫН ДЭМЖИГЧИД, МӨН НАМАЙГ ШҮҮМЖЛЭГЧИД ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ГЭЖ ХАРДААД БАЙГАА 38 БӨХИЙН НЭРИЙГ ПРОКУРОРООС ГАРГУУЛААД ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ТАВЬЧИХ Л ДАА-

МҮБХны тэргүүн, улсын заан Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан шийдвэрийг МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж гаргав уу. Үндэслэл нь юу байв?

-Тийм. МҮБХ-ны Бага хурал буюу Цэцдийн зөвлөлийн тав болон зургадугаар сард болсон хурлаар хэлэлцэж баталсан дүрмийн дагуу допинг хэрэглэвэл дөрвөн жил, давтан бол найман жил эрх хасна гэж заасны дагуу шийдвэрлэсэн. Үндэслэл нь энэ.

-Улсын арслан Э.Оюунболдыг хэлмэгдүүлж байна, МҮБХ-ны зүгээс захиалгаар ийм шийтгэл оногдууллаа гэх шүүмжлэл их явж байна. Энэ асуудал дээр таны байр суурийг сонсъё. Ер нь Ц.Магалжав Э.Оюунболдыг хэлмэгдүүллээ гэх байр суурийг олон хүн илэрхийлж байна шүү дээ.

-Надад хүнийг хэлмэгдүүлж, хохироох эрх бас шаардлага бүр байхгүй. Мөн би хэн нэгний захиалгаар ажил явуулж, түүнийхээ дагуу хурал удирдаж шийдвэр гаргахгүй. Ийм зүйлийг надад захиалга өгөөд сууж байх хүн ч байхгүй нь мэдээж. Энд хувь хүнийг онцолж ярих шаардлага ч үгүй. Харин монгол бөхөөс болж бүтэхгүй зүйлийг нь бага боловч арилгах үүргийг бөхийн хамт олноос надад өгсөн тул үүргийн дагуу хатуу хариуцлага тооцохоос аргагүй.

Энэ нь аль нутаг, хэний шавь, хүрээ нөлөөлөл ихтэй, ямар цолтой бөх байх нь нөлөөлөхгүй. Сарын 20 сая төгрөгийн цалин байтугай хольцгүй талх идээд, бэлтгэлээс гадна давхар ажил хөдөлмөр хийгээд, хотын захын гэр хороололд амьдраад бөхөөр хичээллэж байгаа мянга, мянган залуучууд байна. Эд нарын хүсэл тэмүүлэл, эрх ашиг гэж бий. Бөхөд шударга зүйл байх ёстой. Тохиолдлоор нэг хүн хоёр удаагийн үйлдэлтэй болсон нь сенсаац үүсгээд байна уу? Надад ч, бусад олон бөхөд ч энэ дөрвөн залуу шийтгэгдэж байгаа нь харамсалтай байна. Тэдэнд допинг хэрэглэхгүйгээр амжилт гаргах боломж байсан уу, байсан. Өөрсдийгөө ч хохироож, бас бөхийн нэр хүндийг ч харлуулах үйлдэл гаргалаа. Цахим сүлжээнд ямар зүйл бичигдэж байгааг би үзэх шаардлагагүй. Дэмжигчид нь харамсаж, бас хардаад байгаа бол аймгийн үндэсний бөхийн холбоо, “Хан Хэнтий” аварга дэвжээндээ санал хүсэлт гарга. Тэд асууж, тодруулах зүйл байвал МҮБХ-нд албан ёсоор ханд. Бид тайлбарлаад өгнө. Энэ тухай холбооны пэйж хуудсаар мэдээлсэн байгаа. Допингийн зөрчил гаргасан бурууг бөхийн холбооноос биш, ойрын хүмүүс, дэмжигчид мөн багш нараас нь асууж хайсан нь зөв байх.

-Э.Оюунболд улсын аварга цолоо хураалгаж, барилдах эрхээ найман жилээр хасууллаа. Нөгөө талд ижил асуудалд холбогдсон Н.Батсуурь барилдах эрхээ 11 сараар хасуулж, нөхөж даян аварга цол хүртсэн. Хүмүүс үүнд эгдүүцэж, бухимдаад байх шиг…

-Бухимдаад байгаа нөхөд нь бичиг үсэг мэдэх бол бөхийн цолыг Үндэсний бөхийн холбоо олгодог, дараа нь санал оруулдаг байсан нь болиод их олон жил болсоныг мэдэж авах хэрэгтэй. Одоо хуульчлагдаад цол олгодог газар нь өөр газар болсон. 11 сарын шийтгэлийг мөн бөхийн холбоо гаргаагүй. Бөхийн салбар хорооны гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргаж, түүнийг нь Баяр наадмын комиссын гишүүд дэмжиж баталсан. Дээрх шийдвэрүүдийг гаргасан Ерөнхийлөгчийн тамгын газар, Баяр наадмын комисс одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд шийдвэр гаргасан. Харин 11 сар нь зөв үү, буруу юу гэдгийг шийдвэр гаргасан хүмүүсээс нь дэмжигч, бухимдагсад нь асуух хэрэгтэй. Нэг өнцгөөс харвал хэт жижиг гэхээр бөхийн шийтгэл, барилдах эрх хасах, цол чимэг олгох зэрэг иймэрхүү зүйлд төрийн нэрийн өмнөөс, төрийн хэсэг албан хаагчид оролцоод янз бүрийн шийдвэр гаргаад харин бухимдагсдыг бий болгоод байгаа нь эргээд төрийн болон өөрсдийнх нь нэр хүндэд ч халтай. Өөр хийх ажил их байгаа байх даа.

-АТГ-ын зүгээс 2009-2019 оны хооронд 38 бөх допингийн зөрчил гаргасан. өөрөөр хэлбэл, авлига өгч нуун дарагдуулж байсан байж болзошгүй хэргийг шалгаж байгаагаа мэдэгдсэн. Эмч, албан тушаалтнуудад холбогдох энэ хэргийг нийтэд ил болгохыг МҮБХ-ноос шаардсан байна лээ.

-Шаардаад байгаа бол анх 38 бөхийн допингийн зөрчил гэдгийг төрийн байгууллага гаргаж тавьсан. Миний зүгээс болон холбооноос энэ тухай Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газарт 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд энэ 38 бөхийн зөрчил, үүсгэсэн хэргийнх нь талаар зургаан удаа хандсан. Тэд нэг хариултаа гурван удаа хуулбарлаж өгсөөр 2021 оны тавдугаар сард иргэн Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Биеийн тамир спортын хорооны албан тушаалтан, эмч нарт үүсгэсэн хэрэг хаагдсан гэсэн хариуг өгсөн. Одоо Э.Оюунболдын дэмжигчид мөн намайг шүүмжлэгч хэсэг нь надаас бас холбооноос биш, Нийслэлийн прокурорын газраас 38 бөхийн нэр байдаг бол гаргуулж аваад хоорондоо мэдээлэл, хов яриа, таамгаа хөөрөлддөг олон нийтийн сүлжээндээ гаргаад тавьчих. Энэ дашрамд хэлэхэд, одоо барилдаж байгаа залуу бөхчүүд дүү нар хэн нэгний хууран мэхлэлт, ашиг орлогын золиос болж элдэв тариа хийлгэхгүй цэвэр шударгаар бэлтгэл сургуулилтаа хийж өөрсдийн болон бөхийн нэр хүндээ унагахгүй байхыг тун хичээх хэрэгтэй. Онгоц шиг хурдтай гүйдэг, танк мэт бяртай болно, илэрдэггүй тариа гэх зэргээр итгүүлж, хайран нэр хүндийг нь маш харамсалтайгаар унагаж, хамгийн дотно хүмүүс гэр бүл, ах дүүгээс чинь хүртэл нууж тариа хийдэг нөхдөөс өөрсдийгөө хохирогч болохоос хамгаал. Угаас монгол эр хүний арай дөнгүүр бие бялдартай залуучуудын дийлэнх нь тамирчид бас бөхчүүд та бүхэн. Бяр, хурд, авьяас хүн бүрд таарсан хэмжээндээ байгаа. Түүнийгээ л цэвэр шударгаар үргэлж өнгөлбөл хөдөлмөрийн үр дүнгээ хүртэнэ.

-Энэ удаа Э.Оюунболд нарын дөрвөн хүний эрхийг хассанаар допингийн асуудал цэгцэрнэ гэдэгт эргэлзэж байна. Явцын шинжилгээ тогтмол авах талаар МҮБХ-ны зүгээс мэдэгдсэн байна лээ. Та энэ талаар тодруулахгүй юу?

-Спортын холбоод тэмцээн уралдаан, бэлтгэлийн үед явцын шинжилгээ авдаг, зөрчил гарвал хариуцлага тооцдог журамтай. МҮБХ ч ялгаагүй 2017, 2018 онуудад нийт 42 бөхөөс шинжилгээ авсан байсан. Үүнээс долоон бөх, мөн чөлөөт бөхийн холбооноос тэмцээний үед 21 бөхөөс шинжилгээ авснаас үндэсний бөхийн хоёр бөх зөрчил гаргаж хариуцлага тооцогдсон. МҮБХ хоёр жилээр, чөлөөт бөхийн холбоо нэг жилээр эрх хассан. Допингийг багасгах, арилгах ажилд явцын шинжилгээ үр дүнгээ өгөх нь тодорхой тул барилдааны дүрэмд заасны дагуу дэвжээдийг татан оролцуулж шинжилгээг авна.

-Допингийн эсрэг үндэсний байгууллага бөхчүүдийн шинжилгээний хариуг удаадаг асуудал бий. Үүнд мөн л МҮБХ, Ц.Магалжавыг буруутгадаг.

-Допингийн эсрэг байгууллага допингтой тэмцэх, сургалт семинар таниулга хийх зэрэг төлөвлөсөн ажилдаа төсвөөс багагүй хэмжээний мөнгө болох 450 гаруй сая төгрөг жилд авдаг мэдээллийг өчигдөр гаргасан байсан. Наадмын бөхийн барилдаанд улсаас, бусад барилдаанд бөхийн холбоо шинжилгээний төлбөрийг хандив, өөрийн орлогоос гаргаж шинжлүүлдэг. Төлбөрөө төлсөн тул шинжилгээний хариуг бид хурдан гаргуулж авах зүй ёсны шаардлагыг тавьдаг. Харамсалтай нь тэд Солонгосын итгэмжлэгдсэн лаборатори шинжилж байна аа л гэдэг. Холбогдох хууль, хяналтын газрууд энэ байгууллагын мөнгө санхүү, ажиллагсдыг олон шалгасан байх. Тэд яаж шалгадаг, хоорондоо ямар харилцаа үүсгэдгийг даан ч мэдэх аргагүй. Шалгалтын үр дүнг манай холбоонд мэдээж тэд өгөхгүй. Харин одоо арванхоёрдугаар сарын 11-ний өдөр 11:00 цагаас МҮБХ, БТСУХ, Допингийн эсрэг байгууллагын дарга удирдлагууд ирж уулзалт, сургалт семинарыг багш дасгалжуулагчид, бөхчүүдэд нээлттэй хийхээр төлөвлөсөн байгаа. Олон зүйлд энэ уулзалтаар мэдээлэл авч болох байх гэж бодож байна.

-Допингийн асуудалд хариуцлага тооцохдоо цолыг хураагаад барилдуулдаг жишиг байж болох уу. Сумо бөхөд озеки цолтой бөх л хамгийн доод зиндаа хүртэл унаад л дээшээ гараад ирдэг жишиг байдаг шүү дээ. Тод жишээ нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ байна.

-Яг одоо энэ талаар тодорхой зүйл хэлж мэдэхгүй юм. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд л шийдсэн асуудал.

-Үндэсний бөхийн барилдааны дүрмээс барьц сонгоог халаад хагас жил орчмын хугацаа өнгөрлөө. Ямар үр дүн гарав?

-Бөхчүүд бэлтгэл нь өөрчлөгдсөн тул их жин хэрэггүй, мөн мэх давтах, ажиллах чадвараа дээшлүүлэх барилдааны бэлтгэлээ түлхүү хийж байгаа байх. Сүүлийн барилдаануудын нийт үргэлжлэх хугацаа 1-2 цагаар багассан, харьцангуй жин багатай бөхчүүд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрч байгаа нь анзаарагдаж л байна. Харин хоёр бөх хаялцахгүй удвал яах вэ гэдэг асуудалд хөлийн цэцүүд маань их үүрэгтэй ажиллах шаардлагатай болж байгаа. Үүнийг дахин дүрмэндээ нэг бүрчлэн зааж цэцийн шаардлага биелүүлэхгүй ухрах, барьц өгөхгүй байх, элэг бүсээ зориуд тайлж амарч зогсох, эмч рүү хоёроос дээш удаа явах зэргийг харгалзан эдгээр үйлдлүүдийг гаргасан бөхийг хасах гэдэг нэг талдаа хүчээр ч гэх юмуу барилдааны үр дүнг шийдвэрлэхээс өөр аргагүй болж байна. Төгс зүйл гэж байхгүй.

-Сүүлд нь нэг зүйл тодруулахад Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэ төсөлд онцгой цаг үед наадам хэрхэн зохион байгуулах талаар заалт орсон байна лээ. Энэ төсөл батлагдвал МЗХ-ны 100 жилийн ойд шөвгөрсөн бөхчүүдэд цол чимэг олгох боломж бий юү?

-Хуулийн төсөлд тавдугаар сард саналуудаа хүргүүлсэн боловч хууль батлагдаж амжаагүй. Цаг үеийн нөхцөл байдал, гэнэт тархдаг энэ цар тахлын давагдашгүй хүчин зүйл зэрэг асуудлууд шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул ХЗДХЯ руу дахин санал хүргүүлж байгаа. Үүнийг маань хүлээн авч нягт нямбай сайн хууль гаргаасай гэж хүсч байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Суудлын автомашин мөргөлдөж, дөрвөн хүн нас баржээ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн Гялааны тойром гэдэг газарт хоёр суудлын автомашин мөргөлдөж гурван хүн гэмтэж, дөрвөн хүн нас барсан тухай дуудлагыг онцгой байдлын алба энэ сарын 9-ний 13:05 цагт хүлээн авчээ.

Аврагчид очиход УБ-Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн эзэмшлийн приус-20 суудлын автомашин, Өмнөговь-УБ чиглэлд таван зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн вингроад суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас Вингроад автомашинд зорчиж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/, М /11 настай, эрэгтэй/, Н /8 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэжээ.

Иргэн Д /44 настай, эрэгтэй/, М /40 настай, эмэгтэй/, А /16 настай, эмэгтэй/, “Приус-20” загварын суудлын автомашины жолооч нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн М /36 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн тухай ОБЕГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ дахь ажлын хэсгийн хуралдаан болон УИХ-ын чуулган хуралдана.

Хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сарын 1-нээс хэрэгжих Хөдөлмөрийн тухай хуульд орсон гол гол өөрчлөлтүүд

Ирэх сарын 1-ний өдрөөс шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хууль мөрдөгдөнө. Ажил олгогч, ажилчны хоорондын зарим нэгэн маргаантай харилцааг Хөдөлмөрийн тухай шинэ хуулиар зохицуулсан.


Хуулийн гол зохицуулалт болоод шинээр нэмэгдсэн онцлог заалтуудын талаар мэдээлэл хүргэж байна.

Categories
мэдээ улс-төр

АН: 2021 он хүний эрх хамгийн их зөрчигдсөн жил боллоо

АН-аас хүний эрхийн зөрчилтэй холбоотой мэдэгдэл хийж байна.

АН “2021 он Монгол Улсад хүний эрх хамгийн их зөрчигдсөн жил боллоо гэж дүгнэж байна. Эхлээд хүний эрх зөрчсөн хэдхэн жишээ танилцуулъя.

  • 2020 оны 12-р сарын 2-ны өдөр ЭХЭМҮТ-д эмнэлгийн тусламж Сэлэнгэ аймгаас ээжтэйгээ ирсэн 10 настай охин 22-ын товчоонд 2 цаг гаруй хүлээгдсэний дараа эмнэлэгт хүргэгдээд нас барсан. Ковидын шинжилгээний хариу гараагүй гэж ээжийг нь өөр өрөөнд оруулсан. Охин ээжтэйгээ уулзаж чадалгүй бурхан болсон.
  • 12-р сарын 4-ний өдөр аав, ээжээс нь халдвар илэрсэн хүүхдийг тусгаарлалтын хугацаа дуусаад гэртээ орох гэтэл оруулаагүй.
  • 12-р сарын 7-ны өдөр Архангай аймгаас ирсэн хүнд өвчтэй эмэгтэй 22-ын товчоонд ирээд PCR шинжилгээний хариуг хүлээж байхдаа нас барсан.
  • БНСУ-аас ирсэн иргэн Мөнхцэцэг хүнд өвчтэй аавтайгаа уулзах хүсэлт тавьсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Тэр хүн 3-4 удаа шинжилгээ өгсөн ч хариу сөрөг гарсан гэх мэт хүний эрх зөрчигдсөн хэд хэдэн хэрэг гарсан байна” гэв.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “Хүний эрх бол ардчиллын амин сүнс. Өнөөдөр Монголд төрийн байгууллагын чих дүлийрч, 11-11 төвд гомдол, санал гаргасан иргэдэд хариу өгөхөө больсон. Монгол хүн төрийн байгууллагад хандаад хариу авахаа больсон. Талбай дээр цаас өргөж зогслоо гээд 500 мянган төгрөгөөр торгож байна. Тэр ч болоогүй өмгөөлөгчийн эрхээ эдэлж буй хүнийг яллагдагчаар татаж байна.

Монгол хүн та халдашгүй эрхтэй байхаа больсон. Монгол хүний эрхийг уландаа гишгэж, амьд явах эрхээ ч эдлэхэд хүндрэлтэй цаг үед амьдарч байна.

Иргэд төдийгүй МАН-ын эсрэг байр суурь хүргэснийхээ төлөө сэтгүүлчид хүртэл цагдаагийн байгууллагад олноор шалгагдаж байна. Үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүрийг шүүх яллагдагчаар татаж байгааг юу гэж ойлгох вэ? Аймгийн хүн амтай дүйцэхүйц хороог гэнэт нэг өглөө хашсан. Энэ бүхнийг дүгнэж үзвэл Монгол Улсад хүний эрх Улаанбаатарын агаарын бохирдол шиг замхарч байна. Чанарын индекс харахаар агаарын бохирдол өндөр байхад эрх баригчид утаагүй гэж худал ярьдаг. Яг л ийм нөхцөл байдалд иргэд, ардчилал угаартаж байна. Дарангуйлал руу шилжиж байгааг зогсоох цаг болсон. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдлэх хэлбэрээр жил ирэх бүр байр ухарсаар байна” гэв.