Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг хэрэгжүүлэхэд 9.871 га талбай усанд автахаар байна” гэв

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонслов. Хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Бид аливаа маш болгоомжтой авахгүй бол гадны орнуудын дайрлагад бишгүй өртлөө. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдахыг ерөнхийд нь дэмжиж байна.

Гэхдээ 90 МВт-ын усан цахилгаан станцын өртөг 270 сая доллар байгаа нь нүүрснийхээс гурав дахин их үнэтэй байна. 19 жилд өртгөө нөхнө гэж байна. Энэ бол бизнес биш. 10 жил дотор өртгөө нөхөж байж үр ашигтай явах ёстой. Энэ тал дээр юу хэлэх вэ? 10 мянган га газрыг усанд автуулах юм байна. Үүнд ашигт малтмал, түүх соёлын дурсгалууд өртөнө. Баян-Өлгий аймагт гэхэд дунджаар 150 айлын асуудал яригдаж байна. Энэ хүмүүсийн ажил, амьдралд өөрчлөлт орно” гэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ” Албан бус мэдээллээр, нэг иргэнд гурван сая төгрөг гэдэг ойлголт тухайлсан иргэн бүрээр гараагүй. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг 9.5 тэрбум гэж тооцоолж гаргаад буй учраас тухайн гурван аймаг, дөрвөн сумын зургаан багийн 1100 хүнд хамаарал бүхий эдийн засгийн тооцоог хэрхэн яаж, гаргах тал дээр Эрчим хүчний яам нямбай ажиллаж, нөхөн олговортой холбоотой зардлыг өсгөх шаардлагатай гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг урьдчилсан байдлаар гаргасан. Хүн тус бүрт 3-5 сая төгрөг гэдэг нь албан бус мэдээлэл. Цаашдаа нөхөн олговортой холбоотой зардлыг илүү нарийвчилж гаргах шаардлагатай.

9,871 га талбай усанд автана. Эко системийн хувьд ижил төстэй газрыг хамгаалалтад авах, нөхөн сэргээх талаар хуулиар зохицуулсан.

Төслийн нөлөөллийн хүрээнд усанд автах уг талбайгаас 4.7 дахин их газрыг хамгаалахаар хүсэлт хүргүүлсэн. Ялангуяа тусгай хамгаалалттай газар нутгуудад 4.7 их газар нутгийн дүйцүүлэн хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр төлөвлөгөөнд тусган ажиллаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гэрийн үйлчлэгч, туслах малчинтай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж ажиллана

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр УИХ-аас баталсан бөгөөд ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад олон харилцааг шинээр зохицуулахаар тусгасан. Тухайлбал, туслах малчин, гэрийн үйлчлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахаар заасан нь тэдний эрх ашгийг хуулиар хамгаалсан өөрчлөлт болжээ. Мөн уул уурхайд ажиллагсдын ажил, амралтын хугацааг тус бүр 14 хоногоор тогтоосон, ажилтан үндсэн ажлын цагаасаа бусад цагт өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болно, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил гүйцэтгэх тохиолдолд тохирсон цалин хөлс авах эрхтэй гэхчилэн онцлог заалтууд тусгагджээ.

Ийнхүү Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуулийг мөрдөж эхлэхтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах зорилготой сургалт зохион байгуулж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын хөдөлмөрийн хяналтын 78 улсын байцаагч улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 65 мянга гаруй аж ахуйн нэгжид хяналт тавьж ажилладаг.

Categories
гадаад мэдээ

Гоо сайхны тэмцээнд бүртгүүлсэн 40 тэмээ ботокс, мэс ажилбар хийлгэсэн гэж хасагджээ

Саудын Арабт болсон сайхан тэмээ шалгаруулах тэмцээнээс 40 тэмээг ботокс болон гоо сайхны ажилбар хийлгэсэн хэмээн хасжээ.

Абдул Азиз хааны тэмээний наадмын гол арга хэмжээний нэг болох гоо сайхны энэ тэмцээний шагналын сан нь 66 сая доллар байдаг байна.

Урт унжсан уруултай, том хамартай, сайхан хэлбэртэй бөхтэйг нь хамгийн сайхан тэмээгээр шалгаруулдаг. Ямар нэг булхай гаргахгүйн тулд ихэнх оролцогчдыг тусгай хяналтаар оруулдаг байна. Мэргэжилтнүүд оролцогчдыг сайтар шалгаж, рентген гэрэл болон хэт авиан шинжилгээгээр хүзүү, цээж, толгойг нь хардаг ажээ. Эзэд нь тэмээнийхээ биеийн зарим хэсгүүдийг татуулж янзлуулсан хэмээн 27 “оролцогчийг” шалгалтын явцад тэмцээнээс хасжээ. Мөн 16-д нь ботокс, коллаген тариулсныг илрүүлсэн байна. Өмнө нь тэмцээнийг луйвардах иймэрхүү зүйлс мэр сэр илэрдэг байсан ч энэ жилийн тухайд хамгийн их зөрчил гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Натурын замыг Нарны замтай холбосон хороолол дундах замыг түр хаалаа

Дулааны шугамд гэмтэл гарч ойр хавийн байрны дулаан тасалдаж, аваарын нөхцөл байдал үүсжээ.

Иймд дулааны шугамыг засварлах зорилгоор Натурын замаас Нарны замтай холбогдсон хороолол дундуур явдаг авто замыг түр хугацаагаар хаалаа. Иргэд жолооч та бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Categories
мэдээ нийгэм

“Хил дээр бүх автомашиныг хүргэсний дараа татан авалт хийнэ” гэв

Замын-Үүдээс Эрээн рүү гарсан ачаатай 150 орчим автомашиныг өнөөдөр Хятадын талаас хилийн цэг дээр хүргэж эхэлжээ. Ингэхдээ өдөрт 20-30 автомашин байршуулах аж.

Манай талаас автомашиныг өдөр өдөрт нь татаж авах хүсэлт гаргасан ч Хятадын тал халдварын дэглэм зөрчинө гэж үзсэн байна. Тиймээс урд байгаа бүх автомашиныг хилийн цэг дээр ирсний дараа татан авалт хийхээр болсон талаар Хилийн 108 дугаар ангийн Штабын дарга, дэд хурандаа Н.Баяржаргал мэдээллээ.

Тэрээр “Өнөөдөр 25-30 машин оруулна гэж Эрээний боомтоос мэдээлсэн. Одоогоор 20 орчим автомашин хилийн шугам дээр ирсэн байна. Манай талаас автомашинуудыг шалгаж, нэвтрүүлээгүй байна. Хилийн хяналтын байгууллагууд бэлэн байдлаа хангаад нөгөө талын шийдвэрийг хүлээж байна. Уг нь хил дээр ирсэн автомашиныг өдөр өдөрт нь татаж авах хүсэлт гаргасан ч Хятадын тал халдвар дамжих эрсдэлтэй гэж үзсэн.Тиймээс 2-3 хоногийн дараа бөөнд нь татаж авах тухай яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, нөгөө талаас автомашинуудыг хил дээр хүргэсний дараа бид татан авалтаа хийнэ. Үүнд 2-3 өдөр зарцуулна байх” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Оросын худалдааны үзэсгэлэн нээгдэв

Монгол Улс, ОХУ-ын бизнес эрхлэгчдийн дунд “Ази руу гарах хаалга” (“Ворота в Азию”) үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг. Дээрх үйл ажиллагааны хүрээнд өнгөрсөн 11 жилд хоёр орны мянга шахам ААН, үйлдвэр бизнес харилцаа тогтоожээ. Энэ удаагийн үйл ажиллагаа өчигдөр нээгдэж хоёр талын 30 компанийн 40 орчим төлөөлөл оролцож байна. Олон талт үзэсгэлэн гарч, ОХУ-ын хамтын ажиллагааны байгууллага “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь “Русский дом”, Монгол-Оросын ажил хэргийн зөвлөл зохион байгууллаа. ОХУ-аас уг үзэсгэлэнд Өвөр Байгалийн хязгаар, Бүгд найрамдах Буриад улс, Эрхүү муж гэсэн 3 бүсээс оролцож байна. Энэ жилийн үзэсгэлэн, үйл ажиллагаа Монгол, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд болж байна.

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев хэлэхдээ, “Оросын бага, дунд бизнесийг Монголын зах зээлд нэвтрүүлэх нь эдийн засгийн анхаарвал зохих салбар юм. “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар хоёр орны бараа эргэлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг ямагт дэмжиж ирсэн. Энд жил бүр зохион байгуулдаг “Азийн хаалга” үзэсгэлэнг нэрлэж болно. Энэ нь Орос-Монголын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх сайхан боломж юм. Мөн бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд илүү анхаарал тавих хэрэгтэй” гэлээ.

Ковид-19-ийн цар тахлын улмаас хоёр орны бараа эргэлтийн хувь хэмжээ буурсан. Тиймээс экспорт, импортын хэмжээг өсгөн нэмэгдүүлэх шаардлага нэгэнт тулгарч энэ онд өргөжүүлэх боломж гарч ирж байна. Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч Максим Васильев хэлэхдээ, “Энэ жилийн бараа эргэлт түүхэндээ хамгийн их хэмжээнд хүрэх боломжтой боллоо. Тодруулбал, 1.7-1,8 тэрбум долларт хүрч болохоор байна” гэж хэлэв.

Энэ удаагийн “Азийн хаалга” үзэсгэлэн энэ сарын 14 хүртэл үргэлжилж, ЖДҮ эрхлэгчдийн “Орос-Монгол: Хил орчмын хамтын ажиллагаа” бизнес-чуулга уулзалт болж, Улаанбаатар дахь “Русский дом”-ийн гадаад талбайд одон орны дуран байрлуулж од гаригийг харах боломжийг сонирхсон иргэдэд олгож байна. Мөн “Цагийн урсгалаар шалгарсан найрамдал” Монгол, ОХУ-ын залуу зураачдын үзэсгэлэн-уралдаан, “Монгол, ОХУ зураачдын найрамдал, хамтын ажиллагааны тухай хосгүй нэгэн бүтээл “Зуун ба өнө мөнх” номыг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр

Өнөөдөр /2021.12.10/ Улаанбаатар хотод 172 суурин, 14 явуулын, 15 түр цэгт 203 багийн 870 эмч, ажилтан ажиллаж, 8400 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг, их, дээд сургуулиудад 14 явуулын баг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 128 хэрэг гарчээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1523, хулгайтай холбоотой 22, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 138, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 81 бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 75, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 128, хүний биед халдсан 96, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 101, эрүүлжүүлэх байранд хоносон 192, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 110 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд жилд дунджаар 25 мянга гаруй иргэн шилжин ирж байна

Монгол Улсын дотоодын шилжих хөдөлгөөн 2000 оноос эрчимжиж, шилжилт хөдөлгөөний дийлэнх нь хөдөө орон нутгаас Улаанбаатар хот, төв суурин газрыг чиглэсэн төлөвтэй байна.

Статистик тоон мэдээллээр жилд дунджаар 25 мянга гаруй иргэд орон нутгаас нийслэл Улаанбаатар хотыг зорин ирж, нийслэлд нийт хүн амын тал орчим нь амьдарч байна.

Тэгвэл НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага “Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгаа” болон “Монгол улс: Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт” сэдэвт судалгааг 2020-2021 онд гүйцэтгэн, судалгааны голлох үр дүнг олон нийт болон бодлого гаргагчдад танилцуулж, бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулллаа.

Судалгаагаар Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас шилжин ирж буй иргэдийн дийлэнх нь эдийн засгийн идэвхтэй, 20-29 насны, бүрэн дундаас дээш боловсролтой иргэд байна. Мөн бүртгэлтэй шилжигчид өрхийн орлогоо 45 хувиар буюу 363 мянга орчим төгрөгөөр, бүртгэлгүй нь 29 хувиар нэмэгдүүлснийг судалгаа харуулжээ. Энэ нь орон нутагт иргэд ажлын байрны олдоц, үнэлэмж муу зэрэгтэй холбоотой.

Дотоодын шилжилт хөдөлгөөн сүүлийн жилүүдэд эрчимжсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь 2017-2020 онд Улаанбаатар хот руу шилжих иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан захирамж гаргасан юм. Уг захирамжийн үр дүнг судлахад судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх буюу 83 хувь нь хязгаарлалтыг мэддэг эсэхээс үл хамааран шилжин ирэх байсан хэмээн хариулжээ. Мөн хязгаарлалт нь Улаанбаатар хотын оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах эцсийн зорилгодоо хүрээгүй гэдэг нь харагджээ. Тодруулбал, судалгаанд оролцогчдын

  • 57 хувь нь ямар ч эерэг нөлөө гараагүй,
  • 83 хувь нь замын түгжрэл дээрдээгүй
  • 79 хувь нь хөрсний бохирдол нэмэгдсэн
  • 75 хувь нь усны бохирдол нэмэгдсэн
  • 60 хувь аюулгүй байдал сайжраагүй хэмээн хариулжээ.

Бодлогын хэлэлцүүлэгт Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Дөлгөөн, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн ТББ-н гүйцэтгэх захирал Д.Элбэрэл, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар оролцож, Д.Жаргалсайхан (Jargal Defacto) xэлэлцүүлгийг чиглүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр шилжилт хөдөлгөөний засаглалыг сайжруулах бодит арга хэмжээг төлөвлөх, бодлогод тусгах талаар талууд санал солилцлоо.

Тус хоёр судалгаанд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийт 2505 өрх хамрагдсан нь “дотоодын шилжин суурьшигчдын эрэлт, хэрэгцээ, үзэл бодлын талаарх үнэ цэнэтэй мэдээлэл, ойлголтыг бидэнд өгч, цаашид хөгжилд хувь нэмэр оруулах мэдээллийн нөөц боломжийг нээж өгч байна” гэж НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагаас хэллээ.

Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт сэдэвт судалгааг МУИС-ийн Хүн амын сургалт судалгааны төв,Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгааг Хараат бус судалгааны хүрээлэн гүйцэтгэжээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Допингийн эсрэг сургалт болно

Монголын үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир спортын улсын хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаaс хамтран багш дасгалжуулагч, бөхчүүдэд “Допингийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг арванхоёрдугаар сарын сарын 11-ний 11:00 цагт Бөхийн өргөөнд зохион байгуулна.

Сургалтын дараа сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааныг шууд эхлүүлнэ гэж МҮБХ-ноос мэдээллээ.