Categories
гадаад мэдээ

Африкт ковидын нас баралт долоо хоногт 72 хувиар нэмэгджээ

Африкт коронавирусийн халдварын улмаас нас баралтын тоо өмнөх долоо хоногоос 72 хувиар нэмэгдсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) долоо хоног тутмын эпидемиологийн мэдээллийн товхимолд дурджээ.

Дэлхий даяар COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо өнгөрсөн долоо хоногийн мэдээлэлтэй харьцуулахад дөрвөн хувиар буурсан байна. Харин энэ үзүүлэлт Зүүн өмнөд Ази (9%) болон Америкт (7%) өсчээ. Дэлхийн бусад орнуудад COVID-19 өвчний улмаас нас барсан хүний тоо буурсан байна.

ДЭМБ-ын мэдээлснээр арванхоёрдугаар сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 26-ныг хүртэлх долоо хоногт ээлхийн хэмжээнд коронавирусын халдварын 5 сая орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Америк тивд өвчлөл нэмэгдсэн 39%, халдварын шинэ тохиолдлын тоо долоон хувиар нэмэгджээ. Бусад бүс нутагт өвчлөл долоо хоногт буурсан эсвэл бараг өөрчлөгдөөгүй хэвээр байна.

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд COVID-19-ийн өвчлөл өмнөх долоо хоногтой харьцуулахад 11%-иар өсчээ. Цар тахлын нийт хугацаанд дэлхийн хэмжээнд коронавирусын халдварын 282.8 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, өвчний улмаас 5.4 сая гаруй хүн нас баржээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын харцага Б.Бат-Өлзий Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилжин явах цомын эзэн боллоо

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг бөхчүүдийн уламжлалт барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр тэргүүтэй 128 бөх зодоглосноос улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилжин явах цомын эзнээр дахин тодорч, тус цомыг үүрд хадгалах эрхтэй боллоо.

Улсын гарьд М.Бадарч анх удаагаа тус барилдаанд үзүүрлэв. Их шөвөгт улсын заан Д.Анар, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарсан бол дунд шөвгийн наймд улсын харцага О.Хангай, Н.Золбоо, Ц.Мөнхбаяр, улсын начин Г.Ганжад нар үлдэв.

7 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

5 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Бөхчүүд, бөх сонирхогч ард түмэндээ шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээл дүүрэн байхын ерөөл өргөе.
Categories
мэдээ нийгэм

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн байна

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн байна.

2021 оны 12 сарын 29-ний 20 цагаас 12 сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг болон Халх гол орчмоор цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй, нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруунаас, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 33-38 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 26-31 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар 2-7 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, ялимгүй цас орно. Өдөртөө багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 31-нээс 2022 оны 1 дүгээр сарын 04-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 1-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд нутгийн зарим газраар, 1-р сарын 01-03-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 2022 оны 1 дүгээр сарын 2-ноос нийт нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 19.6 хувь өсчээ

Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 19.6 хувь өсч инфляцын 5.1 нэгж хувийг бүрдүүлжээ. Үүний 2.1 нэгж хувийг мах, махан бүтээгдэхүүн, 0.9 нэгж хувийг хүнсний ногоо, 0.7 нэгж хувийг талх, гурил, будаа, 0.6 нэгж хувийг сүү, өндөг, 0.9 нэгж хувийг бусад хүнс тус тус бүрдүүлж байна. Хүнснээс бусад барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувь өсөж, инфляцын 4.9 нэгж хувийг бүрдүүлжээ. Үүний 2.0 нэгж хувийг бензин, 0.6 нэгж хувийг зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ, 0.4 нэгж хувийг согтууруулах ундаа, тамхи , 0.4 нэгж хувийг боловсролын үйлчилгээ, 0.3 нэгж хувийг эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ, 0.2 нэгж хувийг хувцас, бөс бараа болон гутал, -0.4 нэгж хувийг орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш 1.4 нэгж хувийг бусад хүнс тус тус бүрдүүлж байна.

Хэрэглээний үнийн улсын индекс 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар сарын инфляц 1.3 хувь, жилийн 10.5 хувь байна. Жилийн инфляцыг авч үзвэл 5.7 нэгж хувийг хүнснээс бусад бараа, 4.8 нэгж хувийг хүнсний барааны үнийн өсөлт бүрдүүлж байна. Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс арваннэгдүгээр сарын байдлаар сарын 1.5 хувь, жилийн 10 хувь байгаа бөгөөд үүний 5.1 нэгж хувийг хүнсний бараа, 4.9 нэгж хувийг хүнснээс бусад бараа бүрдүүлж байна. Хүнсний барааны бүлгийн үнийн өсөлтөд мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлж, хүнснээс бусад барааны үнийн өсөлтөд бензиний үнэ өссөн нь нөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Японы буцалтгүй тусламжаар 2 сая 350 мянган тун Файзер вакциныг нийлүүлж дууслаа

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Монгол Улсад нийлүүлэхээр төлөвлөсөн 2 сая 350 мянган тун файзер вакциныг хуваарийн дагуу нийлүүлж дууслаа.

Файзер вакцины сүүлчийн татан авалтыг өнөөдөр хийсэн юм. КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Япон Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан нийт 21.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад олгоод байгаа бөгөөд уг санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сан КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын мэдээлэл сурталчилгааны аяныг дэмжих, вакцины төв агуулахыг өргөтгөх, хүйтэн хэлхээг сайжруулах, вакцины нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр техник, логистик, санхүүгийн тал бүрийн дэмжлэгийг Монгол Улсын Засгийн газарт үзүүлэн хамтран ажиллаж байна.

Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, “Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд зориулан Япон Улсын Засгийн газраас үзүүлж буй өгөөмөр дэмжлэг туслалцаанд НҮБ-ын Хүүхдийн Сангийн өмнөөс талархал илэрхийлье. Түүнчлэн ард иргэдээ КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулах ажлыг шуурхай бөгөөд амжилттай гүйцэтгэж байгаа Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе. Бидний хамтран нийлүүлсэн 2 сая 350 мянган тун файзер вакцин нь зорилтот бүлгийн хүн амыг вакцинжуулахад жинтэй хувь нэмэр оруулсан нь дамжиггүй” хэмээн онцлон тэмдэглэлээ.

“Төслийг хэрэгжүүлэхэд  нөр их  хичээл зүтгэл гарган ажилласан НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамт олонд гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Үүний зэрэгцээ цар тахлын эсрэг цуцалтгүй тэмцэж буй эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье. Япон улсын санхүүгийн дэмжлэгээр худалдаж авсан вакцин нь КОВИД -19 цар тахлыг хумих, Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалах, тус улсын нийгэм, эдийн засгийн байдлыг сэргээхэд тусална гэж найдаж байна” гэж Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хироюки Кобаяши хэллээ. 

2021 онд НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсын татан авсан КОВИД-19-ийн эсрэг нийт вакцины 46 хувийг Монгол Улсын Засгийн Газар, Япон Улсын Засгийн Газар болон КОВАКС хөтөлбөртэй хамтарч бүрдүүлжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Эртний Египетийн хааны муммийг дижитал аргаар задалжээ

Сүүлийн 3500 орчим жилийн хугацаанд битүү боодолтой байсан эртний Египетийн хааны занданшуулсан шарилыг орчин үеийн дижитал технологийн аргаар анх удаа задалж харуулжээ.

Уг мумми нь Нийтийн Тооллын Өмнөх 1525-1504 оны үед Египетийг захирч байсан Нэгдүгээр Аменхотеп хааных юм.

Аменхотепын муммийг 1881 онд эртний Египетийн бусад хаад, хатдын шарилуудын хамт Луксор хотоос илрүүлж, дараа нь Кайр хотод шилжүүлж байжээ.

Муммийн гадна талын гоёмсог чимэглэл, багийг хөндөлгүй хадгалах зорилгоор цөөн хэдэн шарил өнөөдрийг хүртэл задлагдаагүй үлдсэн байсан юм. Тэдний нэг нь Аменхотепын мумми байжээ.

2019 онд Египет судлаач Захи Хавасс, Кайрын их сургуулийн профессор Сахар Салем нар сүүлийн үеийн компьютер томографын машины тусламжтайгаар Аменхотепын муммийн “дижитал задаргаа”-г хийж эхэлсэн байна.

Тэдний судалгааны үр дүн өчигдөр “Frontiers in Medicine” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

Судалгааны тайланд өгүүлснээр Аменхотепын царай төрх аавынхтайгаа тун төстэй байсныг тогтоосон байна. Эзэн хаан нас барахдаа 35 орчим настай байсныг бас тогтоожээ. Харин нас барсан шалтгааныг илрүүлж чадаагүй байна.

Шарилыг занданшуулахдаа хоёр гарыг элгэн дээр нь зөрүүлэн эвхэж тавьсан байжээ.

Бусад хаадын муммигаас ялгаатай нь тархийг гавлын яснаас гаргалгүй хэвээр үлдээснийг тогтоосон байна. Шарилтай хамт 30 ширхэг эрдэнийн чулуу, үнэт эд зүйлс оршуулсны дотор 34 ширхэг алтан хэлхээ бүхий бүс байжээ. Дайн самууны үед Аменхотепын муммийг тонож, дахин оршуулсан гэж эрдэмтэд үздэг. Энэ үеэр шарилд учруулсан гэмтлүүдийг засварласнаас гадна тоногдсон үнэт эд зүйлсийг дахин байрлуулсан гэж судалгааны тайланд дүгнэжээ.

Эх сурвалж: Reuters

Categories
амьдралын-өнгө мэдээ

Орхон аймаг: Цэцэрлэгийн хүүхдүүдийг витаминаар хангахад 27.8 сая төгрөг төсөвлөжээ

Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас улирлын томуугийн дэгдэлт болон короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хүүхдүүдийн дархлааг дэмжих зорилгоор витаминжуулалтын аяныг эхлүүллээ.

Аяны хүрээнд Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдийн 4-5 настнуудыг амин дэмээр хангах юм. Эхний ээлжинд одоо хичээллэж буй 2100 гаруй хүүхдийг хамруулна. Ингэхдээ, эцэг эхийн зөвшөөрлөөр, цэцэрлэгийн эмчийн хяналтад хүүхдүүдийг витаминжуулах юм.

Олон найрлагат витаминыг хэрэглэх хугацаанд өөр витамин уухыг хориглох тул эцэг эхчүүдийг үүнд хяналт тавихыг анхаарууллаа. Энэхүү ажилд орон нутгийн төсвийн 27.8 сая төгрөг зарцуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд Яармаг руу нүүх ажил үргэлжилж байна

Хотын захиргааныхан Хан-Уул дүүрэгт шинээр баригдсан байр руу нүүх ажил үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу нийслэлийн төр захиргааны байгууллагууд үе шаттай нүүж байна. Өнөөдөр гэхэд өглөөний 06:00 цагаас нүүж эхэлсэн. Нийт 400 хүний ажлын байрыг Яармаг руу нүүлгэж байна. Нүүлгэлтийн зардалд 1.5 тэрбум төгрөг биш 90 сая төгрөг зарцуулж байгаа” хэмээн мэдээллээ.

Эргэн сануулахад энэ сарын 25-нд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба шинэ байр руугаа нүүж оржээ.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ, М.Тулгат нар Богд хааны хөшөөнд цэцэг өргөв

Өнөөдөр /2021.12.29/ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнэ, М.Тулгат нар намын төлөөллийн хамт Богд хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөн мэхийлээ. Тэд “Социализмын он жилүүдэд 1911 оны хувьсгалын үйл хэргийг дарж, түүхийг зориуд гуйвуулдаг байсан. Богд хааныг буруугаар ойлгуулж байсан. Энэ бол бидний түүхэнд хамгийн хүчтэй нөлөөлсөн, чухал үйл явдал юм” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.

цэцэг гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Биеийн байдал маш хүнд 23 хүн байна

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 218 тохиолдол батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 41 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол үлдсэн нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдвар:

  • 118 нь Улаанбаатар хотод,
  • 59 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,984 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,775 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,138 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-648
  • Хүндэвтэр-909
  • Хүнд-195
  • Маш хүнд-23 хүн байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно