Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сайжруулсан шахмал түлш болон дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Нийслэлийн онцгой комисс хуралдаж, нийслэлд агаарын бохирдол нэмэгдэж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийн хамрагдалтыг идэвхжүүлэх талаар хэлэлцлээ. Хурлыг НОК-ын дарга Д.Сумъяабазар даргалж, НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва, төвийн зургаан дүүргийн Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

НОК-ын дарга Д.Сумъяабазар хурлын үеэр холбогдох байгууллагуудад агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэх зөвшөөрөл бүхий төрийн болон аж ахуй нэгж, байгууллагуудын яндангийн шүүлтүүрийн стандартын хэмжээг нэг бүрчлэн шалгаж тогтоон, шаардлага хангуулахыг үүрэг болгов. Мөн сайжруулсан шахмал түлшний нөөц, хүрэлцээ хангамж, борлуулалтын цэгийн тоо хүртээмжид онцгой анхаарч, иргэдийг хүйтний улиралд түлшээр тасралтгүй хангах, дархлаа сэргээх нэмэлт тунгийн ач холбогдлыг иргэдэд таниулж, дүүргийн хүн амын зорилтод бүлгийн нэмэлт тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зэрэг үүрэг чиглэл өглөө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюутнуудаас ирэх оны хоёрдугаар сарын 15-ны дотор цахим болон танхимын хэлбэрээр шалгалт авна

Цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай дөрвөн сайдын хамтарсан тушаал гарчээ. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан байна. Уг тушаалд нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 2021 оны арванхоёрдугаар сарын 13-20-ныг хүртэлх хугацаанд зайн хэлбэрт шилжүүлэн, зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт үүрэг болголоо. Мөн сурагчдын улирлын амралтын хугацаанд 10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхад чиглэсэн дэмжлэг үзүүлж, энэ талын арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны төрийн байгууллагын дарга нарт даалган, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт уриаллаа.

Түүнчлэн өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн танхимын сургалтад эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 4-5 настай хүүхдийг үргэлжлүүлэн хамруулах шийдвэр гаргажээ. Ингэхдээ 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгов. Мөн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын оюутны улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 24-нөөс эхлүүлж, шалгалтыг ирэх оны хоёрдугаар сарын 15-ны дотор цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулахыг холбогдох сургалтын байгууллагуудад даалгалаа.

Мөн шинэ жилийн баярыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд тэмдэглэхгүй байх, үүнд хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
гадаад мэдээ

Кентакки мужид дэгдсэн хүчтэй хар салхины улмаас 70 хүн нас баржээ

Баасан гаригийн шөнө АНУ-ын Кентакки мужид болсон шуурганы улмаас 70 гаруй хүн нас баржээ.

Мөн лааны үйлдвэрт байсан арав гаруй хүн амиа алдсан байна. Одоогоор амиа алдагсдын тоо 100 гаруй болж нэмэгдэх төлөвтэй байна гэж албаны эх сурвалж мэдээлж байна. Яаралтай тусламжийн баг шуурганд өртсөн голомт болох Майфилд хотын үйлдвэрийн нуранга дундуур хайлт хийж байна. “Үйлдвэрт байсан 110 орчим хүнээс 40 гаруй хүнийг аварсан ба эрлийн ажиллагаа үргэлжилж байна” гэж Кентакки мужийн Амбан захирагч Энди Бешиар мэдэгджээ.

Kentucky governor: Storms may have killed at least 70 people | National |  chronicleonline.com

Орон нутгийн эрх баригчид маш хүнд нөхцөл байдалтай тулгарсан бөгөөд Мэйфилд дэх цагдаагийн газрын байр, гал сөнөөгчдийн техник хэрэгсэл эвдэрсэн байна. Мөн тус мужийн арван мянга гаруй оршин суугч тог цахилгаан, усгүй байна.

Тус улсын Ерөнхийлөгч Жозеф Байден шуурганд өртсөн АНУ-ын мужуудад хүрч ажиллаж байна. Тэрбээр Холбооны онцгой байдлын гамшгийн тухай тунхаглалд гарын үсэг зурж, хамгийн их хохирол амссан Кентакки мужид цаг алдалгүй хөрөнгө гаргах үүрэг өгчээ.

Жозеф Байден “Холбооны Засгийн газар ард иргэддээ туслахын тулд чадах бүхнээ хийх болно. Бид хамтдаа үүнийг даван туулах болно” гэж мэдэгдээд, гэдгийг онцолжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол циркчид Францад дахин тоглоно

Дэлхийн хамгийн алдартай циркийн нэг болох “Феникс” циркийн тайзнаа 2019 онд Монголын циркийн уран бүтээлчид “Нүүдэлчин” тоглолтоо хийсэн билээ. Энэхүү тоглолтыг бэлтгэсэн “ANGELS Mongolian Modern Circus Theatre” циркийн хамт олон энэ удаа нүүдэлчин ард түмний өв соёл, аж амьдралыг орчин үеийн хэлбэрт оруулан найруулсан цирк, театр, бүжиг, хөгжим, язгуур урлаг хосолсон цоо шинэ “NOMADE” шоугаа дахин Франц улсад толилуулахаар болжээ.

Тоглолт арванхоёрдугаар сарын 11-21-нд болох бөгөөд Францад ажиллаж амьдарч буй иргэд өргөнөөр оролцохыг уран бүтээлчид урьжээ.

Монголын циркийн бие даасан, бүрэн хэмжээний тоглолтыг хамгийн сүүлд Герман улсад 20 гаруй жилийн өмнө зохион байгуулж байжээ. Тиймээс “Нүүдэлчин” тоглолт нь баруун Европт хийж байгаа Монголын циркийн томоохон хэмжээний, бие даасан тоглолт болох юм. Тоглолтод Монголын 40 гаруй уран бүтээлч оролцох аж.

Монголын бие даасан хөтөлбөр анх 2019 оны арваннэгдүгээр сарын 23-наас 2020 оны хоёрдугаар сарын 11-нийг хүртэл эхний гараагаа Францын нийслэл Парис хотоос эхлүүлж байжээ. Энэхүү орчин үеийн цирк, театр, бүжиг, хөгжим хосолсон цоо шинэ тоглолтын зарим үзүүлбэрүүд нь Монгол Улсаа, түүх болон урлаг соёлоо тэр дундаа нүүдэлчин ард түмний амьдралыг харуулдаг онцлогтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмнэлгийн ачаалал өмнөх үеэс 2-3 дахин нэмэгджээ

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд улсын эмнэлэгт үзүүлэх тохиолдолд цахимаар цаг авах боломжтой болсон. Ингэснээр эмнэлгийн ачаалал өмнөх үеэс 2-3 дахин нэмэгдсэн байна.

Зайлшгүй шаардлагатай иргэд нарийн мэргэжлийн эмч дээр үзлэгийн цаг авах тохиолдолд тухайн өдрөөс хойш 21-40 хүртэлх хоногийн хугацаанд дугаар олгосон байгаа аж. Цахимаар дугаар олгохоос өмнө оочерлож байгаад биечлэн очиж дугаар авахад 7-14 хоногийн дараа авдаг байжээ.

Энэ нь яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй байгаа хүнд чирэгдэл учруулж, хувийн эмнэлэгт үзүүлэх гэсэн ч төлбөр өндөр учир оочероо хүлээхээс өөр сонголтгүй болжээ. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар улсын эмнэлгүүдийн хүлээн авах тасгаас “Цахимаар болон утсаар иргэд дугаар авч байгаа. Эмнэлэг дээр ирээд оочерлож байгаад дугаар авсан ч ялгаагүй 14-21 хоногийн дараах дугаар авна. Дугаар олголтын хувьд үзлэгийн ачаалал ихэссэн, зарим тоног төхөөрөмж эвдэрсэнтэй холбоотойгоор хойшилж байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Эмч ажилтнуудын хувьд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа ч Covid-19-өөр өвдсөн хүн олон бий. Мөн цар тахлын ачааллын үед ихэнх орыг Covid-19-тэй хүмүүс авахад төлөвлөж байсан. Энэ нь ачаалал хүндрэхэд нөлөөлсөн” гэх хариултыг өгөв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Улаанбаатарт 75, орон нутагт 80 тохиолдол бүртгэгдэв

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 157 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 75 нь Улаанбаатар хотод, 80 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 2 батлагдсан байна.

Мөн коронавируст халдварын улмаас 2 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.

Гэрийн хяналтад 6090 хүн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 3246 иргэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 6600 иргэнийг дархлаажуулна

Өнөөдөр /2021.12.12/ Улаанбаатар хотод 170 суурин, 2 явуулын, 15 түр цэгт 189 багийн 861 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг, их, дээд сургуулиудад 2 явуулын баг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2021 оны 12 сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 18-23 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 11-13 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 11-13 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 13-наас 12 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаанд Ховдын У.Батцоож түрүүлэв

Сумын цолтон залуу бөхчүүдийн 93 дахь удаагийн барилдаан боллоо. Уг барилдаанд 608 бөх зодоглосноос Ховд аймгийн Чандмань сумын харьяат, сумын зэаан Уламбаярын Батцоож 10 даван түрүүлж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, сумын заан Хүүхэнсүрэнгийн Нямдорж үзүүрлэлээ. Их шөвөгт түрүүчийн барилдааны түрүү бөх, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, сумын заан М.Буяндэлгэр шалгарав. Шөвгийн тавд сумын манлай заануудын нэг Баянхонгорын Б.Совджамц, Говь-Алтайн сумын заан Э.Дашдэмбэрэл нар үлдэв.

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааныг шимтэн үзэчдийн зүгээс уламжлал болгон олгох “Дайчин барилдаан”-ы анхны шагналыг Өвөрхангай аймгийн сумын заан Б.Сундуйжадамбад гардууллаа.

Дараагийн барилдаан 12-р сарын 19-нд Хантайшир дэвжээний 20 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанаар үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа: Авлигын хэрэг дээр хууль ёсоор олсон хөрөнгө хураах ялыг оруулж, чангатгая гэсэн саналаа хэлж байгаа

-ГАДААДЫН ДӨРВӨН УЛСААС ОРОН СУУЦ, ХАУС, БЭЛЭН МӨНГӨ ЗЭРЭГ НИЙТ 20 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛЖ ИРСЭН-


Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваатай ярилцлаа.


-Авлигын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх асуудал олон нийтийг талцуулж байна. Нэг ёсондоо авлигын гэмт хэрэгтнүүд ялаас бултах боломж болчихлоо гэж үзэж байна. Та үүн дээр тайлбар өгөөч?

-Хялбаршуулсан журмаар шийдэх асуудал 2017 оны Монгол Улсын эрүүгийн хуульд орсон. Энэ нь хоёр талтай. Нэгд, хялбаршуулсан журмаар шийдэгдэж байгаа тохиолдолд сэжигтэн, яллагдагч гэм буруугаа зуун хувь хүлээн зөвшөөрдөг. Мөн улсад учруулсан хохирлоо өөрөө төлдөг. Тэгэхээр гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг учраас ял харгалзах ажиллагаа хийгдэж, прокуророос шүүх рүү очиж шийдэгдэж байгаа.

Авлигын хэрэг дээр тодорхой хэмжээгээр эргэж харах зарим асуудал бий. Хууль тогтоогчдын зүгээс, Монгол Улсын гүйцэтгэх засаглалаас тодорхой авлигын хэргүүд дээр ялын бодлогоо өөрчлөх чиг хандлагыг ярьж байх шиг байна. Заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэсэн асуудал байхгүй. Эрүүгийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулж зарим авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй гэсэн хууль тогтоомж гарвал шийдээд явах байх.

-Хялбаршуулсан журмаар шийдэгдсэн хэргүүд юу байна вэ. Саяхан гэхэд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн холбогдсон хэрэг энэ журмаар шийдвэрлэгдлээ?

-Нарийн тоог хэлж мэдэхгүй байна. Ер нь энэ онд 120 орчим авлигын хэрэг шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй ойролцоо.

-Энэ журмыг анх хэрэгжүүлэхдээ авлигын хэргийн цаана байгаа том эздийг, бүлэглэлийг илрүүлэх зорилготой гэж яригдаж байсан. Харин өнөөдөр үр дүн өөр болчихов уу?

-Хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлэнэ гэдэг тухайн хүн өөрөө хүсэлт тавьж байгаа. Надад тухайн хэрэг дээр ямар нэгэн маргах зүйл алга. Тийм учраас хохирол мөнгөө төлье. Хорихоос өөр төрлийн ял өгөөч гэсэн агуулгатай. Тийм учраас гэм буруугийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс 2017 онд хийсэн алхам. Харин авлигын хэрэг дээр яаж хэрэглэх вэ, ямар зүйл анги дээр хэрэглэх вэ гэдэг хууль тогтоогч нарын асуудал.

-Хялбаршуулсан журмаар авлигын хэргийг шийдвэрлэхэд хүндрэлтэй зүйл юу байна вэ?

-Хүндрэлсээд байх юу байх вэ. Манай байгууллага олон чиг үүрэгтэй. Үүний нэг чиг үүрэг нь мөрдөн шалгах үйл ажиллагаа. Мэдээж энэ асуудал хоёр талтай. Хууль сахиулах байгууллагын дарга өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулийг сайн байна, муу байна гэж яриад байх нь бас зохимжгүй. Гол нь хууль тогтоомжид өөрчлөлт ороод, авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй гэчихвэл асуудалгүй. Бид хуулиа мөрдөөд л явна.

-Авлигын хэргийн хохирол барагдуулах ажил хангалтгүй байгаа дуулддаг. Шалтгаан нь юу байна вэ?

-Авлигын хэргийн хохирол барагдуулалт янз бүр. Нөхөн барагдуулалтын хувьд иргэдэд ойлгомжгүй бус байдал байдаг байх. Зарим төрийн байгууллагад учирсан хохирлыг тухайн төрийн байгууллагад нь шилжүүлээд явчихдаг. Хахуулийн хэрэг дээр учирсан хохирол гэдэг бол нийгмийн харилцаа өөрөө байдаг. Нийгмийн харилцааг үнэлэх боломж, тухайн хахуулийн мөнгийг хурааж аваад улсын орлого болгоод шийдээд явдаг. Төрийн байгууллагад учирсан хохирлыг төрийн байгууллагад мөрдөн шалгах ажлын хүрээнд шийдвэрлэж чадахгүй тохиолдолд шүүхээр эцэслэн шийдэгдээд явж байгаа.

-Өнөөдрийн нийгэмд авлига өгч байгаа, авч байгааг харсан хүн мэдээлж чадахгүй байна. Шүгэл үлээгчийг хамгаалахын тулд юу хийх шаардлагатай юм бэ?

-Шүгэл үлээгчийн хуулийг манай байгууллага анх санаачилсан. Хууль тогтоомж гаргах хүрээнд хэлэлцүүлэг хийх ёстой. Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлгүүдийг хийгээд УИХ-д тодорхой саналуудыг хүргүүлсэн. Хууль тогтоомжийн хүрээнд Засгийн газраас өргөн бариад явж байгаа.

-Авлигын дагнасан шүүхтэй болъё гэсэн санаачилгууд яригддаг. Манайд шаардлагатай юу?

-Шүүх дагнан байгуулах нь Үндсэн хуулиар нээлттэй юм билээ. Авлигатай тэмцэх газар дагнан байгуулагдаад авлигын хэргийг мөрдөн шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Прокурорын байгууллагаас АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд дагнасан алба нь хяналт тавьж явдаг. Ерөнхийдөө авлигын төсөөллийн индексийн хүрээнд шүүхийг дагнан байгуулах нь зүйтэй гэсэн асуудал яригддаг.

Монгол Улсын хувьд бид шүүх дагнан байгуулснаас шүүгч нараа авлигын хэргийг шийдвэрлэхэд мэргэшүүлэх чиглэлээр ажиллах нь зүйтэй. Манайд 500 гаруй шүүгч байгаа. Тэдний тодорхой хэсэг нь Улаанбаатар хотод ажиллаж байна. АНУ-аас шүүхийн байгууллага болон хууль сахиулах байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлийн сургалтууд явж эхэлнэ.

Бид бас мөнгө угаах, авлигатай тэмцэх чиглэлийн хүрээнд шүүх, прокурорын байгууллагын ажилтнуудад дагнасан сургалтууд хийж байгаа. Мэргэшүүлээд явчих нь зүгээр юм уу гэсэн байр суурьтай байгаа.

-Гадагшаа гарсан хөрөнгийг татах ажиллагаа ахицтай байгаа гэж дуулдсан. Ямар төрлийн хөрөнгүүдийг оруулж ирсэн байдаг юм бэ?

-Бид НҮБ-ын конвенцид нэгдэн орсны чухал ач холбогдол бол Монгол Улс эрүүгийн болон иргэний харилцан туслалцах гэрээ байгуулсан 20 орчим улстай хамтын ажиллагаатай байдаг. НҮБ-ын конвенцид 190 орон нэгдсэн байгаа. Тэдгээр 190 оронтой авлигын хэргээр чөлөөтэй харилцана гэсэн үг.

Тийм учраас энэ хүрээнд дөрвөн орноос орон сууц, хаус, бэлэн мөнгө зэрэг нийтдээ одоогийн ханшаар 20 тэрбум төгрөгийн хөрөнгийг гаднаас оруулж ирээд байна.

-Авлигын хуулийг чангатгах бодлого дээр Авлигатай тэмцэх газар ямар байр суурьтай байдаг вэ. Авлигын хэргийн ялын бодлого хөнгөн байна гэсэн шүүмжлэл тасрахгүй байна шүү дээ?

-Ер нь бид удаа дараа Эрүүгийн хууль тогтоомжид хууль сахиулах байгууллага АТГ-ын байгууллагынхаа үүднээс ер нь эрүүгийн хууль тогтоомж, 22 дугаар бүлгийн зүйл заалтыг жаахан чангалах талын асуудал байгаа. Ялын бодлогыг чангалаач гэдэг зүйлийг санал болгодог.

Тодруулбал, хөрөнгө хураах ял. Өнөөдрийн хуулиар бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийн учруулсан хохирлыг л нөхөн төлүүлдэг. Хөрөнгө хураах ял гэдэг маань тухайн хүний хууль ёсоор олсон эд хөрөнгийг хураана гэсэн үг. Тийм учраас хөрөнгө хураах ял 22 дугаар бүлэг дээр байх нь зүйтэй гэсэн санал бодлоо ярьж хэлж байгаа.

-Монгол Улс авлигын индексээр урагшлахгүй шалтгааныг тодорхой хэлж өгөөч. Хууль тогтоомж нь болохгүй байна уу, эсвэл АТГ сайн ажиллаж чадахгүй байна уу, магадгүй улс төрийн нөлөөлөл ийм байдалд хүргээд байна уу?

-Энэ чиглэлээр 13 байгууллага төсөөллийн индекс гаргаж байгаа. Зөвхөн Авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаагаар хэмжигдэхгүй. Манай байгууллагын үйл ажиллагааг дүгнэх хэргийн илрүүлэлт болон хохирол нөхөн төлүүлэх хоёр заалт төсөөллийн индексээр дурдагддаг.

Ерөнхийдөө нийгмийн авлигыг бүрдүүлж байгаа суурь хөрсөө чиглүүлж шийдэхгүй байна. Монгол Улс хүнд суртал, ил тод бус байна гэсэн үнэлгээ. Үүн дээр УИХ, Засгийн газар цахимжина гэж ярьж байна. Цахимжина гэдэг төрийн алба ил тод болно, хүнд сурталгүй болно гэсэн үг. Хоёрдугаарт, бид хууль тогтоомжоо боловсронгуй болгох ёстой. Манайд бол конвенцоор хүлээсэн үүргээрээ авлигын хууль тогтоомж хангалттай байна. Гэхдээ хууль тогтоомжоо иргэдэд ойлгомжтой болгох хэрэгтэй. Энэ талаар тодорхой ажлууд хийгдээд явж байгаа. Авлигын индекс ирэх жилээс нааштай үзүүлэлт гарна байх гэсэн итгэл байна.