Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд шинээр 30 хороо байгуулах тогтоолын төслийг дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баасан гарагийн хуралдаанаар Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, хүн амын болон өрхийн тоо, газар нутгийн хэмжээг нь харгалзан үзэж Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шинээр 30 хороо байгуулах тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Тэгэхдээ дүүргүүдээс ирсэн саналыг үндэслэн Баянгол дүүргийн 25 хорооноос нэг хороог хувааж шинээр 9 хороо байгуулан нийт 33 хороотой болж байна. Харин Баянзүрх дүүргийн 28 хорооноос 17 хороог хувааж шинээр 15 байгуулж бөгөөд тус дүүрэг нийт 43 хороотой болно гэсэн үг. Чингэлтэй дүүргийн хувьд одоо байгаа 19 хорооноос 5 хороог хувааж шинээр 5 хороо нэмж байгуулах юм. Ингэснээр нийслэл хот нийт 200 хороотой болно гэдгийг тэрбээр хэллээ. Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “ Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодыг хувааснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар хүртээмжид ахиц гарна. Шинээр 30 хороог байгуулахад урьдчилсан тооцооллоор нэг удаагийн зардалд 12 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах тооцоо гарсан” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Д.Гантулга иргэд төрийн үйлчилгээг хороодоос илүү дүүргээс авдаг тул засаглал талаасаа эхлээд хэт их хүн амтай дүүргийг хуваах асуудлыг ярих ёстой хэмээн байр сууриа хэллээ.
Гэхдээ дүүрэг хуваах асуудлыг Улсын Их Хурлаас шийдвэрлэдэг бөгөөд өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа, бүртгэл мэдээлэлтэй холбоотой төрийн үйлчилгээг иргэд хорооноос авдгийг Засаг даргын орлогч онцлов. Улмаар Тэргүүлэгчдийн олонх нь хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулахыг дэмжив.

Хилийн цэсийн маргааныг 1996 оны 24 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар шийдвэрлэхийг дэмжлээ

Нийслэлийн зарим дүүрэг, Төв аймгийн зарим сумын хоорондох хилийн цэсийн маргааныг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа УИХ-ын 1996 оны 24 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар шийдвэрлэх саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.

Нийслэлийн Налайх дүүрэг болон Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн сум, Хан-Уул дүүрэг болон Аргалант, Алтанбулаг, Сонгинохайрхан дүүрэг болон Баянчандмань, Баянцогт сумтай хиллэж байгаа хэсгүүдэд үүссэн хилийн цэсийн маргааныг өнөөдрийг хүртэл аль нэг талдаа шийдвэрлээгүй байгаа юм. Мөн талууд эдгээр маргаантай газарт иргэн, аж ахуйн нэгжид давхардуулж газар олгох асуудал үүсэж байгаа тул дээрх 24 дүгээр тогтоолд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж Тэргүүлэгчид үзэж байна. Учир нь тогтоолд “Нийслэлийн нутаг дэвсгэрийн цэс”-ийг баталсан бөгөөд үүгээр дээрх маргаантай хэсгүүд нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа юм.

Хилийн цэсийн маргаанаас үүдэлтэйгээр Төв аймгаас нийслэлийн нутаг дэвсгэрийн 1975 нэгж талбарт газар олголт хийжээ. Энэхүү хилийн цэсийн маргааны эцсийн шийдвэрийг Улсын Их Хурал гаргана.

Нийслэлийн өмчид гүний худаг болон ус түгээх хоёр байрыг бүртгэн авлаа

Үргэлжлүүлэн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54 дүгээр гудамжинд байрлах гүний худаг, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шандын 14 дүгээр гудамж, 33 дугаар хороо Тахилт сургуулийн 1 дүгээр гудамжинд байрлах ус түгээх байруудыг нийслэлийн өмчид бүртгэлээ. Харин нийслэлийн өмчөөс Баянзүрх дүүргийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын агуулах, гаражийн барилга, 20 дугаар цэцэрлэгийн В байрыг акталж, хаслаа.

Тодруулбал Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хэмжээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталсан. Уг жагсаалтад тус цэцэрлэгийн балансад бүртгэлтэй агуулахын байр, хоёр гараж багтаж, буулгасан аж. Баянзүрх дүүргийн 20 дугаар цэцэрлэгийн B байрны хувьд бага сургуулийн зориулалтаар баригдаж, 2003 онд ашиглалтад орсон. Тус барилга нь “Амгалан” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга байсан бөгөөд 2018 оноос ашиглалтгүй болсон аж. Тус барилгын газар дээр улсын төвсийн хөрөнгө оруулалтаар 200 ортой цэцэрлэг барих юм.
Түүнчлэн Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн балансад бүртгэлтэй 6.583 тэрбум бүхий барилга байгууламж болон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг шинээр байгуулсан сургууль, цэцэрлэгийн балансад шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Түлэнхийн төв эмнэлгийн барилга ашиглалтад хэзээ орох нь асуултын тэмдэг хэвээр байна

1990 ОНД ТҮЛЭНХИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ ГССҮТ-ӨӨС ӨРХ ТУСГААРЛАЖЭЭ

Бидний мэдэх Түлэнхийн төв эмнэлэг нь одоогийн Сүхбаатар дүүргийн XI хорооллын нутаг дэвсгэрт байрладаг. Анх энэ эмнэлэгт хятадууд эмчлүүлдэг байв. 1976 онд хятадуудыг нутаг буцаахын тулд бяцхан заль зохиож улаан буланд хурал зарлан Төмөр замд аваачин вагонд суулгаад явуулж байв. Тэр хооронд тус хоёр давхар эмнэлгийн барилгад ГССҮТ-ийн эмч, ажилчдыг оруулсан аж. Гэмтэл согог судлалын үндэсний төв анх ингэж өөрийн гэсэн байртай болсон түүхтэй. Тухайн үед эмч, ажилчид тус барилгад ороход хятад эмч нарын эдэлж хэрэглэж байсан зүйлс хэвээрээ, нухаж байсан шавар ваартай эм тан нь бүлээнээрээ, идэж байсан гоймон нь халуунаараа уур савсан савхан дээрээ тогтсон байж. Тус эмнэлэг маш гоё гялалзсан плитан шалтай. Хана нь их гоё өнгөлөг байсан хэмээн тухайн үеийн эмнэлгийн дарга асан гавьяат эмч н.Тулга дурсав. 1990 онд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр барьсан одоогийн байрандаа ГССҮТ нүүн орсноор Түлэнхийн төв гэдэг айл өрх тусгаарлаж, үүдээ нээсэн ажээ.

Гэвч 2012 онд Түлэнхийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн дээвэр нурсан гэдэг шалтгаанаар барилгыг ашиглах боломжгүй хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хоёр давхар барилгыг акталж нураах шийдвэр гаргасан аж. 2004 оны байдлаар Түлэнхийн төв эмнэлгийн барилга 16400 м.кв талбайтай байсан бол өнөөдөр тус газар 7339 м.кв болтлоо агшаад байна. Нийт 9500 м.кв талбай хувийн орон сууц, оффисын барилга болон хувьд шилжжээ.

Түүх сөхвөл, Түлэнхийн төв эмнэлэг эхний хоёр жил “Мөнгөн гүүр” эмнэлгийн байранд сарын 30 сая, жилд 360 сая төгрөг төлж түрээслэх болж. Хоёр жилийн турш 750 сая төгрөг түрээсэнд төлж, түрээсээ төлж дийлэхгүй болсон шалтгаанаар ГССҮТ-ийн нэг тасаг болж, арваад жил үйл ажиллагаагаа явуулжээ.

Нийт арван жил Түлэнхийн төв эмнэлэг байргүй боловч үйл ажиллагаагаа явуулсаар 21 аймаг, есөн дүүргийн осгосон, хөлдсөн, түлэнхийтэй холбоотой эмчилгээ хийж үйл ажиллагаа явуулсаар байна.

КУВЕЙТИЙН САНГААС ОРЖ ИРСЭН МӨНГӨӨР БАРИЛГЫГ БҮХЭЛД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ БАЙСАН


Түлэнхийн төв эмнэлгийн барилга 2012 оноос хойш одоог хүртэл яагаад ашиглалтад орохгүй байгаа болон эмнэлгийн мэдлийн газар яагаад 60 хувь болтлоо багасчихсан талаар сурвалжиллаа.


ГССҮТ-өөс Түлэнхийн төв эмнэлгийг яагаад тусад нь гаргахгүй байгаа асуудал хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, Түлэнхийн төв эмнэлгийн газрын дээрэм. Хоёрдугаарт, хоёр тусдаа байгууллага нэгдэн нэг болсон нь төсөв санхүүг захиран зарцуулах ашиг сонирхлын зөрчил байна хэмээн хардах үндэслэлтэй. Яагаад гэвэл 2012 онд тус эмнэлгийн барилгыг нураасан цагаас хойш буюу 2013-2017 оны хооронд шинэ эмнэлэг барина хэмээн улсын төсвөөс 5.3 тэрбум төгрөгийг зураг төсөл барилгын ажилд зарцуулахаар гаргуулан авчээ. Анхны зураг төслөөр Түлэнхийн төв эмнэлгийн барилга “А”, “В”, “С” блок гэсэн үндсэн гурван барилгаас бүрдсэн. “А” блок амбульторийн барилга. “В” блок хэвтэн эмчлүүлэгчдийн зориулалтаар, “С” блок шарил хадгалах газрын зориулалттай хэмээх зураг төсөл анх гарчээ. Түүнээс хойш бүр Түлэнхийн төв эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулна гэсэн нэрийдлээр улсын төсвөөс мөнгө гарсаар байдаг. Энэ хооронд нийтдээ 10.3 тэрбум төгрөг улсын төсвөөс гарчээ. Түлэнхийн төв эмнэлгийн барилга Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг байх үед буюу 2017 онд Кувейтийн сангаас олгох буцалтгүй тусламжийн мөнгөөр баригдахаар төлөвлөгдсөн байжээ. Тухайн үед Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ /2017 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр/ “Кувейтийн сангаас олгож буй 8 сая ам.долларыг Түлэнхийн төвийн барилгын ажилд үр дүнтэй зарцуулахаар болж байна. Бид 6.8 сая ам.долларыг барилгадаа, 1,2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар гэрээ хийлээ. Ингэснээр гэрээний нийт үнийн дүнгээс 3.8 тэрбум төгрөгийг бууруулж, өөрөөр хэлбэл ийм хэмжээний хэмнэлтийг гаргалаа” хэмээн онцолсон байв. Энэ талаар түүнээс дахин тодруулахад “Анх Кувейтийн сангаас олгож буй тусламжийг дуусгаагүй эмнэлгийн барилгадаа зориулъя, эхлээгүй шинэ барилгуудыг одоохондоо мөнгө төгрөг нь байхгүй учраас азная гэсэн бодлого барьж Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдэж байсан. Тухайн үед Кувейтийн сангаас хүмүүс нь ирж бидэнтэй уулзсан. Тэгэхэд ГССҮТ-ийн Ерөнхий захирлаар Т.Мөнхсайхан ажиллаж байсан тул манай яамны ажлын хэсгийнхэнтэй хамтарч маш сайн ажиллаж гэрээнүүдээ гурван тал шинэчилж хийгээд барилгын ажил нь урагштай л явж байсан. Гүйцэтгэгч тал гэрээгээ шинэчлэн тухайн үед 1 м.кв-ыг нь 1 сая 200 мянгаар тохирсон санагдаж байна. Ингэсэн тохиолдолд Кувейтын сангийн мөнгө барилгаа барьж дуусаад “А” блокоо тавилга, тоног төхөөрөмжийн хамт ашиглалтад оруулах боломж бүрдсэн гэж үзэж байсан. Одоо юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тэгэхэд гарсан ганц асуудал нь мооргийн барилга барих газар өөр хүний захирамжтай байсан учир шүүх дээр маргаан үүсээд бид тэр барилгыг бариулахгүй гэж тэмцэж, харуул хамгаалалт авч байсан. Тэгээд засаг солигдсон. Одоо ямар түвшинд явж байгааг сайн мэдэхгүй юм” хэмээв.

ОДОО ГССҮТ-ИЙН ТҮЛЭНХИЙН ТАСАГ ЯМАР БАЙДАЛТАЙ БАЙНА ВЭ

Энэ тухай ГССҮТ-д хандсан боловч мэдээлэл өгөх хүн олдоогүй учир өөр эх сурвалжаас тодруулахад “Түлэгдэлт нэмэгдсээр байгаа. Ачаалал ихтэй хоёр эмнэлэг нэг дор байна гэдэг хүнд. Өвчтөнүүдээ коридортоо авч байна. Ерөнхийдөө тасгийнхаа хэмжээнд бүрэн чадлаараа ажиллаж байна. Гэвч ирэх хүмүүсийн тоо их учраас ор хүрэлцэхгүй асуудалтай байнга тулгардаг. Манай тасаг жилдээ 4000-4500 орчим хүнд яаралтай тусламж үзүүлдгээс 2500-3500 нь 0-5 насныхан байдаг бөгөөд сард 70-80 мэс засал хийдэг. Нийслэл, 21 аймаг, бүх сумаас ирсэн бүх өвчтөнийг хүлээн авдаг” гэсэн юм.

Энэ талаар эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн г.бат-Эрдэнээс тодруулахад “Барилгын ажил албан ёсоор 2017 онд эхэлсэн. Төвийн “в” блокийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа “Нутгийн зам” компанийн гэрээний хугацаа өнгөрсөн оны аравдугаар сарын 1-ний өдөр дууссан. Гэтэл гэрээний хугацаа дууссаны дараа буюу арваннэгдүгээр сард гүйцэтгэл дүгнэх хүсэлтээ нэг л удаа ирүүлсэн байдаг. Гэрээний хугацаа дууссан учир хугацааг нь сунгаж, гүйцэтгэлийг Сангийн яамнаас батлах ёстой. Хугацаа сунгах явцад “Нутгийн зам” ХХК гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх санал тавьсан. Харин бидний зүгээс анх хийгдсэн гэрээний үнийн дүнгийн дагуу барилга угсралтын ажлыг хүлээж авах ёстой учир өөрчлөлт оруулах боломжгүй гэдгийг удаа дараа албан бичгээр, уулзалтаар ч сануулсан. Ингээд гүйцэтгэгч тал арванхоёрдугаар сарын 25-нд гарын үсэг зурснаар гэрээ сунгагдаж, нэхэмжилсэн санхүүжилтийг олгоход бэлэн болсон. Энэ компани санхүүжилтээ аваагүй байгаа нь өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаас болсон гэсэн үг. Эмяболон Сангийн яамны зүгээс тус төвийн барилгын санхүүжилтийг гацаасан, санхүүжилт олгохгүй ашиг сонирхлын зөрчил гаргасан асуудал байхгүй.

“Мөнгөн гүүр” эмнэлэг дээр үйл ажиллагаа явуулж байх үед 70 орчим ажилтантай байсан. Наашаа ирэхдээ бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж гссүт-ийн түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын 80 ортой тасаг болсон. Тиймээс хүлээн авах болон мэс заслын тасаг руу эмч сувилагч нар шилжиж одоогоор 45 эмч сувилагчтай ажиллаж байна” хэмээн тус тасгийн эрхлэгч э.галбадрах “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцгадаа дурджээ.

ГАЗРЫН ЛУЙВАР АНХ ЯАЖ ЭХЛЭВ

Тэгвэл алдагдсан 9500 м.кв газар хэн хэний нэр дээр очсон тухай мэдээллийг хүргэе. 2004 онд 1300 м.кв газар нь одоогийн ГССҮТ-ийн зөвлөх эмч Р.Шагдарсүрэн хувийн эмнэлгийн барилга барих зорилгоор өөртөө авсан. Үүний дараа иргэн н.Хандармаа 120м.кв газар авсан нь өдгөө баримтаар тогтоогдоод байна. Дараагийнх нь 2008 онд тухайн үеийн ГССҮТ-ийн дарга асан С.Отгонгэрэл тус эмнэлгийн барилгад засвар хийхээр ирсэн барилгын компанийн хүмүүстэй хуйвалдан барилгын компанийн захирал н.Аньсбаяр гэх этгээдтэй дөрвөн давхар үйлчилгээний төв барьж, дээр нь протезийн үйлдвэр байгуулбал газар нь байна гэх санал тавьсан байна. Тэд үүнтэй холбоотой нууцыг задруулахгүйн тулд дээрх газрыг 15 жилийн хугацаатай түр олгосон хэмээн төрд молиго үмхүүлсэн байдаг. Үүний дараа 2012 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн А/262 тоот захирамжаар Төрийн өмчийн хорооны тамгын газрын дарга асан Л.Ганбат “Саммид медикал” ХХК-д 930 м.кв газрыг зориулалтыг нь өөрчилж, төрсөн дүүдээ барилга барих газар болгон олгожээ. Л.Ганбат одоо Оюу толгой компанид ажилладаг юм байна. Эдгээр хуулийн этгээдүүдийг дээрх хавтаст хэргийн үндэслэлээр 2021 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний шүүхэд эмнэлгийн газар чөлөөлүүлэх “Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ нэхэмжлэл гаргасан. Одоо тус хэргийн хэргийн хариуцагчаар дээрх этгээдүүдийг шүүхэд дууджээ. Тэдний хийсэн хэрэг үүгээр дуусахгүй. Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга байхдаа Л.Ганбат “Хамтын шийдэл” хэмээх ТББ байгуулжээ. Уг ТББ Төрийн өмчийн хорооны 54 ажилчдад хөнгөлөлттэй үнээр орон сууц барьж өгөх зорилготой байжээ. 2011 онд Л.Ганбат дарга Нийслэлийн газрын алба руу “4600 м.кв газрыг Төрийн өмчийн хорооны ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдүүлнэ” хэмээн “Алтайн тулга” ХХК-ийн нэр дээр 2011 онд 4026 м.кв талбайг эзэмшсэн байна. Тэрбээр тухайн үедээ 54 айлын орон сууц барих гэж байгаа болохоор иргэдээс есөн хүн сонгон Төлөөлөн удирдах зөвлөл байгуулсан юм. “Хамтын шийдэл” ТББ-ын ТУЗ-ийн гишүүдээс орон сууцны урьдчилгаа хэмээн 5 сая төгрөг цуглуулж нийт 26 сая төгрөгийг авсан байдаг. 12 давхар орон сууцаа бариулахын тулд “Шуурхай зар”, “Зар мэдээ” сонинуудаар хөрөнгө оруулагчаа хайн зарлуулж байсан нь хавтаст хэрэгт дурдагдсан байна. Тухайн хэргийг 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр “Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ тэргүүн О.Энхмаа АТГ-т гомдол гарган мөрдөн шалгуулж эхэлжээ. Тус НҮТББ-ын гомдлоор АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа явагдаж комиссар н.Чинзориг, н.Жаргалбат нараар ахлуулсан ажлын хэсэг тус эмнэлгийн газартай холбоотой хэрэг нээн ажиллаж, хэрэгт холбогдох 12 хүнээс мэдүүлэг авахад бүгд хэргээ хүлээн зөвшөөрсөн байна. Уг НҮТББ-ыг гомдол гаргаж, хэрэг үүсээд эхлэнгүүт “Хамтын шийдэл” ТББ ТУЗ-өөс хураасан 26 сая төгрөгөө буцаан төлсөн гэдэг нэгдүгээр шалтгаанаар, хоёрдугаарт хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр Нийслэлийн прокуророос хэргийг хаасан тухай мэдэгдсэн. Тиймээс О.Энхмаа эмч 2021 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн эмнэлгийн газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гарган дээрх хуулийн этгээдүүдийг хариуцагчаар татжээ.

Хэргийн материалтай О.Энхмаа эмчийг танилцахад 2020 оны хоёдугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 28 дугаар тогтоол, 320020016 шийдвэрийн дагуу Түлэнхийн төвийн “С” блок буюу мооргийн барилга барих газар дээр 12 давхар орон сууц барих зөвшөөрлийг хууль бусаар гаргажээ. Анхны зураг төсөл алга болж, анхнаасаа гурав биш, хоёр блок барилга байсан гэх яриаг Барилга хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Мөнхтогтох ярив. Яагаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэргийг хаахаар улайран чичрэх болов? Энэ хэрэгт төрийн дээд албан тушаалтнууд, ГССҮТ-ийн үе үеийн удирдлагууд, зөвлөх эмч нар, шүүх байгууллага, Төрийн өмчийн хороо зэрэг бүгд оролцоотой гэж хардах үндэслэл бий.

ГАЗРЫН ЛУЙВАР НАЙМААНЫ ТАЛААР ГОМДОЛ ҮҮСГЭН ЯМАР АМЖИЛТАД ХҮРЭВ

“Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ-ын гомдлоор шалгагдсан 200200446 дугаар хэрэгтэй тус ТББ-ын тэргүүн О.Энхмаа танилцаж, тухайн хэрэгтэй холбоотой хүмүүст хариуцлага үүрүүлэхийн тулд н.Чинзориг комиссар эмнэлгийн газрыг өөр зориулалтаар ашиглаж болохгүй гэсэн хууль байхгүй гэдгийг сануулсан. Энэхүү хуулийн цоорхойг ашиглан эрх мэдэлтнүүд өөрсдийн эрх мэдлээ урвуулан ашигласан байна. Тиймээс эмнэлгийн газраа чөлөөлүүлэхийн тулд “Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ “Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн газрыг хамгаалах тухай хууль”-ийг санаачлан УИХ-ын Тамгын газарт санал хүргүүлэн, УИХ-ын нийгмийн бодлогын хэлтсээс 20 гаруй хоногийн өмнө О.Энхмаа эмчийг хүлээн авч уулзан хэлэлцүүлгийг дэмжихээ мэдэгдсэн байна. Мөн АТГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хүний эрхийн комисс, Хот байгуулалт хөгжлийн газар зэрэг байгууллагуудад гомдол гарган тэмцсэний эцэст “С” блокийн барилга баригдах ёстой байсан газар баригдсан 12 давхар барилгын үйл ажиллагаа эрхлэх, ашиглах зөвшөөрлийг гаргуулахгүй байх шийдвэрийг Улсын мэргэжлийн хяналтын газраас уг орон сууцны барилгын зөвшөөрлийг түдгэлзүүлэх болсноо мэдэгдсэн юм. Одоо тус эмнэлгийн барилгын газар дээр улсын болон хувийн хэвшлийн арав гаруй объект баригдсан байгаа. Үүнд 12 давхар орон сууц, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, оффисын хэд хэдэн барилга бий.

Түлэнхийн төв эмнэлгийн барилгыг барьж дуусгахгүй байгаа бас нэгэн шалтгаан нь ГССҮТ-ийн харьяанд байлгаж, улсын төсвөөс ордог орлогыг захиран зарцуулах эрхийг эдлэх ашиг сонирхлын зөрчил байгаа гэх үндэслэл бийг дээр дурдсан. Жишээ нь, Эрүүл мэндийн яамнаас “Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ-т 2021 оны наймдугаар сард явуулсан албан бичигт 2013-2017 оны хооронд Түлэнхийн төв эмнэлэгт төсвөөс орсон санхүүжилт 5.7 тэрбум төгрөг. 2017-2020 оны хооронд гурван тэрбум төгрөг. 2021 онд 2.3 тэрбум төгрөг олгожээ. Нийт найман жилийн хугацаанд 10.3 тэрбум төгрөг улсаас олгосон байна. Гэтэл давхар Кувейтийн засгийн газраас 22.4 тэрбум төгрөг буюу 8 сая долларыг зарцуулжээ. Харин барилга угсралт хийсэн компанид 1.4 тэрбум 874 сая төгрөгийг шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн. Үлдсэн мөнгө нь хаашаа орсон бэ гэх асуулт гарч байна.

ОДОО ЭМНЭЛГИЙН БАРИЛГА ХЭР АХИЦТАЙ ЯВНА ВЭ

Барилгын ажлыг гүйцэтгэсэн “Нутгийн зам” ХХК болон “Цаст констракшн” ХХК-иуд мэдээлэл өгөхгүй өөрсдөөсөө бултуулсаар байна. 2013 онд зураг төслөө батлуулж, төсвөө гаргуулж байсан тус барилгыг 2018 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна хэмээн тухайн үеийн Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл мэдэгдэж байв. Үүний дараа 2019 онд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж барилгын явцтай танилцаад 2019 онд ашиглалтад оруулна хэмээн мөн мэдэгдэж байсан. 2020 оны аравдугаар сард тус барилга 95 хувьтай явж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн ч 2021 оны наймдугаар сард 97-98 хувьтай явж байгаа талаар мэдээлсэн байдаг. Ор сураггүй алга болсон “С” блокийн барилгыг шинэ зураг төслөөр “В” блок руу шилжүүлж, нэг давхарт нь моорг, хажууд нь эмч, ажилчдын цайны газар байхаар зураглажээ. Энэ нь хэр эрүүл ахуй, аюулгүй байдлын дүрэмд нийцэх вэ.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд 7 хүүхэд машинд мөргүүлж, гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 669 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 547 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр дөрвөн осол бүртгэгдэж, таван хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр таван осол бүртгэгдэж, 11 хүн гэмтсэн

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, хоёр хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, долоон хүн гэмтэж, таван хүний амь хохирсон.
  • Автомашин мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтсэн
  • Автомашинд дайруулах хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүүхдийн амь нас хохирсон.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 197 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 138, орон нутагт 59 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг ханган замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан явахыг зөвлөмж байна.

Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сурагчийн амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцохдоо гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөмж байна.

Жич: Амралтын өдрүүдэд 3-14 насны 7 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийг автомашинд тээвэрлэх үедээ зориулалтын суудалд суулгах, суудлын бүс хэрэглэж хэвшүүлэх шаардлагатай байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Categories
мэдээ нийгэм

Энэ намар 61.1 тн саримс, 579.6 тн сонгино хураан авчээ

Зорилтот жилийн хүрээнд аймгаас сонгино, саримсны тариалалтыг нэмэгдүүлж, орон нутгийн хөрсөнд тохирсон үрийн нөөцтэй болох зорилтыг дэвшүүлэн ажиллажээ.

Энэ хүрээнд 5 сая төгрөгийн дэмжлэгээр 130 кг сармисны үр авч, урд онд үржүүлсэн 70 кг сармисны үрийн нөөцийн хамт 200 кг саримсны үрийг 16 суманд хуваарилан технологийн хугацаанд тариалалтыг хийсэн байна.

Мөн Арвайхээр сумын загвар аж ахуйд 150 мянган ширхэг сонгины үрсэлгээ бойжуулан 19 сумын захиалгын дагуу нийлүүлсэн бол Хархорин, Баянгол, Төгрөг сумд Япон, Орос сортын 45 мянган үрсэлгээг бойжуулан тариалалт хийжэ. Ингэснээр аймгийн хэмжээнд 7.3 га талбайгаас 61.1 тн саримс, 55 га талбайгаас 579.6 тн сонгино хураан авсан байна.

Энэ онд аймгийн хэмжээгээр 15761 тн үр тариа, үүнээс улаан буудай 15410 тн, арвай 36,8 тн, овьёос 315 тн, малын тэжээл 14477,9 тн, 4163 тн, хүнсний ногоо 2766,3 тн, жимс жимсгэнэ 99,5 тн-ыг тус тус хураан авлаа.

Categories
мэдээ нийгэм

“Хантайшир” дэвжээний ойд түрүүлсэн бөхийг 5 сая төгрөгөөр шагнана

Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээг үүсгэн байгуулсны 20 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 19-нд болно.

Ойд зориулсан 128 бөхийн барилдаанд түрүүлсэн хүчтэнг таван сая төгрөгөөр шагнана.
Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын баг “ABU Robocon 2021” тэмцээний дэд байрт орлоо


Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)–ноос зохион байгуулдаг “ABU Robocon 2021 China” олон улсын роботын тэмцээн өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр онлайнаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд

Тодруулбал, “ABU Робокон-2021” олон улсын роботын тэмцээнд Индонезийн баг Гран при шагнал хүртсэн бол, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн баг дараагийн байрт шалгарлаа.

Ташрамд дуулгахад, Монгол Улсын үндэсний аварга шалгаруулах “ABU-Robocon 2021” роботын тэмцээнийг МҮОНРТ, Үндэсний батлан хамгаалахын их сургууль хамтран өнгөрсөн долоодугаар сард зохион байгуулсан бөгөөд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “Цахим алт” баг түрүүлж олон улсын тэмцээнд оролцох эрхээ авсан бол ҮБХИС-ийн “Аравт” баг аман хүзүүдсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Ковидын 94 тохиолдол бүртгэгдэв

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 94 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 75 нь Улаанбаатар хотод, 17 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 2 батлагдсан байна.

Мөн коронавируст халдварын улмаас 3 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.

Гэрийн хяналтад 5543 хүн байна.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Том зорилгод том шалтгаан дандаа хөндөлсдөг

– “БОДЬ СЭТГЭЛ, ЭВ ХАМТ ЁС-ГАНЦААРЧИЛСАН ХӨДӨЛГӨӨН”-ӨӨС НИЙГМИЙНХЭЭ БҮХ ДАВХАРГААЖИЛТ, САЛБАРЫН АЖИЛТАН, МЭРГЭЖИЛТЭН, СЭХЭЭТНҮҮДЭД ИЛГЭЭХ ФИЛОСОФИ ЗАХИДАЛ-УЧИРЛАЛ-


“Азийн тэргүүн найрагч” өргөмжлөлт, нэрт зохиолч, сэтгэгч, соён гэгээрүүлэгч Дамдинсүрэнгийн Урианхайн Монголын ард түмэнд хандаж бичсэн захидлыг “Өдрийн сонин” бүрэн эхээр нь хүргэж байна.


Эрхэм мэргэн уншигчдынхаа бүгдийн тань амар амгаланг эрж амьдралын сайн сайхан бүгдийн аль дээдийг хүсэн ерөөе! Бүгдэд тань хайртай шүү! Үргэлж сэтгэл хамт шүү!

Та нарт минь энэ философи-“учирлал”-ыг уншихад зүдэргээтэй байх ч магадгүй, иймд уншихгүй өнгөрсөн ч болох хэрэг, энд бичигдсэн философи агуулга, чиглэлийн сэтгэмжүүд бидний цөөхөн монголчуудын амьдрал, нийгмийн зарим үзэгдлийн талаарх миний хувийн энгийн ажиглалт, мэдрэмжийн тусгал бөгөөд сэтгэлийн минь хий зовиурлал болохоос биш, энэ талаар надад шинжлэх ухааны бодитой судалгаа, баримт, математик тооцоо байхгүй, гэхдээ л, нүдээ аниад дуугай суугаад байхын муухай нь, өдий өндөр насанд намба алдаж шумуул шунгинахаас дор чимээ гаргахын муухайгаас үлэмж хэцүү байх тул бичихийг зорихоос аргагүйдлээ.

Би бээр 1980 оны адаг, 1990 оны эхээр Монголын Зохиолчдын Эвлэлийн хороонд “Мэргэжлийн зохиолч”-оор ажилладаг, “Долоо хоног”-ийн нэг гаригт нь ганц удаа байгууллагадаа ирж “Улс төрийн сонсгол”-д суудаг, бусад гаригуудад нь гэртээ бие даагаад “Учрахуй, Хагацахуй” гэдэг роман гурван жилийн хугацаанд бүрэн бичиж дуусгах гэрээтэйгээр “Гэлэн Чингэлтэй” хайрханы Яргайт, Шаддүвлин, Салхитын амуудаар сэлгэн нүүдэллэж амьдрахдаа Чингэлтэй хайрханы өвөр хярын асганд бүхий нэг ширээ дөрвөлжин чулуу сандайлж тухлаад нэг хэцүү бодолд үргэлж автдаг байлаа. Дүнжингарав руугаа, Туул голынхоо эрвэгэр сэрвэгэр бургасууд руугаа, утаа тортог, тоосон “үүлэн”-д бүгэлзэх Нийслэл хот руугаа ширтэн бодлогоширохуйд толгой дотроос ганц л гунигт бодол эс сална. Толгой дотор ч, сэтгэл дотор ч байнга эргэлдэх тэр бодол хариу олдохгүй нэг асуултаар дандаа ээрч зовоодог нь олон жил үргэлжиллээ.

Тэр хэцүү, гашуун асуулт, -“Миний эх орон, миний ард түмэн түүхэн туршаа (XIII зууныг эс оролцуулбал) эдийн засгийн хөгжил, ахуй амьдралынхаа түвшнээр яагаад ямагт бусдаас тээр доор хаягданги, бусдаас ямагт хараат, улс төрийн харилцаа хэдэн зуунаар дандаа бусдын эрх мэдэлд атгаастай, ард түмэн минь яагаад оршихуйнхаа бүх хугацаанд дандаа тартаг, зүдүүгийн “хараал идсэн” гачигдал, хясаанд нэрвэгдэж амьдарсаар ирснийг, өнөө ч хэвээр амьдарсаар буйн гол шалтгаан чухам юунд байна вэ? Яагаад бид энэ бодит үнэний боол хэвээр (XXI зууны эхний мөчлөг ороод!) амьдралаа үргэлжлүүлэхэд хүрч байна вэ? гэдэг асуулт!

Надад хариу олдохгүй, би ч олж чадахгүй өөртөө гутраад л, хариулт заавал шаардаад амраахгүй байгаа “нойтон хамуу” асуултад хорсоод л, толгойгоо “ташуурдаад” л, тэгж тэгж, яах вэ, чааваас, мэргэд та нарт минь эргэлзээтэй байх байтугай өөрт минь ч эргэлзээтэй, ингэхлээр та нар минь ч “Байхгүйд мундахгүй!” гэдэг л болж дээ! гэж дотроо бодон инээлдэж ч мэдэх гуравхан хариулт олсныгоо толилуулаад орхивол яадаг бол? Хэн нэг нь уншиж завдаад юу нэгийг дуугарвал, надад цаашдаа тус болох нь эргэлзээгүй гэж бодлоо.

Миний хувьдаа олсон гурван хариулт их энгийн юм.

Нэгд, Үндэсний хөгжлийн “Нэгдмэл, монгол философи онол”-гүй, үндэсний биеэ даасан сэтгэлгээний “тусгаар тогтнол”-гүй, байгальлаг, урсгал ахуй амьдрал;

Хоёрт, Үндэстний ахуй, харилцаан дахь эв нэгдлийн “татах хүч”-ний усталт;

Гуравт, Хүн зон өөр хоорондоо нигүүлсэх, хайрлах сэтгэлээр шүтэн барилдаж оршин тогтнох ёсны гээгдэл;

Одоо, Үндэсний ахуйн биеэ даасан хөгжлийн “Монгол гүн ухааны систем” боловсруулах оролдлого хэрхэн хийсэн, хэрхэн мухардсан тухайгаасаа эхлээд дээрх шалтгаануудын тус тусын учир, холбогдлын тухайд өөрийн бодол, эргэцүүллээ цухас цухас үргэлжлүүлье: Монголчууд бидний аль ч түүхэн үеийн “мөнхийн дагуул”-нийгэм, эдийн засгийн хоцрогдол, бусдаас байнгын хараат ахуй, оршихуйн шалтгааныг би эхлээд, марксист – материалист онолоор боддог, үүнд; хүн ам асар цөөн, суурьшил саланги тархай, нягтрал, төвлөрөлгүй, үйлдвэрлэл, таваар-мөнгөний харилцаа үүсээгүй, үндэсний оршин тогтнохуйн гол эх сурвалж байсан мал аж ахуй, бага сага “гар тариалан” нь байгаль-цаг уурын таатай, таагүй нөхцөлөөс бүрэн хамааралт, бүтээгдэхүүн нь зөвхөн өрх өрхийн натурал хэрэглээний зориулалттай, улс орны амьдралд дэлхийн шинжлэх ухаан, соёл, боловсролын дэвшил нэвтрээгүй, оюун санааны амьдралын өв уламжлалд нь “Бөө шүтлэг”, Буддын “Шарын шашин”-ы номлол, сургаал, зан үйл дангаар ноёрхсон ноомой хүлцэнгүй чанар агуулгатай, үндэстэн, ястны “амьдрах арга”, хэвшил, загварын тогтолцоо нь, үндсэндээ, “идэвхгүй зарчим”-ын үйл ажиллагаагаар хязгаарлагдмал, нийгмийн хөгжлийн хурц зөрчил, тэмцэл, өрсөлдөөний шинэчлэлгүй алмай амгалан мөн чанартайд оршино! гэсэн дүгнэлттэй байв. Харин, тэндээс жаахан цааш нь ухаад, жаахан жаахан ахиулаад бодоод байтал, үгүй байна аа, эдгээр бодит хүчин зүйлүүд Монголын түүхийн “байнгын дагуул”-нийгмийн амьдралын хоцрогдол, бусдаас ямагт хараат оршихуйн үндсэн шалтгаан ер биш, үндсэн шалтгаан нь өөр ноцтой хүчин зүйлд оршин байх шиг харагдаад ирэв.

Алив үндэстний нийгмийн хоцрогдлын гол шалтгаан нь тухайн үндэстэн оюун санаа, сэтгэлгээний хувьд биеэ дааж чадаагүй, ахуй оршихуйнхаа зорилго, утга агуулгыг тодорхойлох үндэсний философи сэтгэлгээний “тусгаар тогтнол”-оо бодитой олоогүй, ертөнц, нийгэм, хүний амьдралын хөгжил, үйл явц, зүй тогтлыг өөрийнхөөрөө үзэх, өөрөө бие даан танин мэдэх, тайлбарлах “Үндэсний гүн ухаан”-ы тогтолцоог боловсруулаагүй, бусдын оюун санаа, сэтгэлгээний үзэл баримтлалын заавраар “дөрлүүлэн” амьдарч байдагт оршдог юм байна.

Монголчууд бид улс үндэстэн болж бүрдэнгүүтээ, юуны өмнө, үндэснийхээ оршин тогтнохуйн болоод амьдрал, хөгжлийнхөө бүх үйл явцыг судлан нэгтгэсэн “Үндэсний философи”-ийг, өөрөөр хэлвэл, улс үндэстний хувьд өөрийн биеэ даасан үзэл санааны цогц онолын тогтолцоог үндэснийхээ сэтгэлгээгээр бүтээж, тэр үзэл онолоо мөрдөн баримталж ахуй амьдралаа удирдах ёстой байжээ. Учир нь, өөрсдийн биеэ даасан оюун санаагаар боловсруулсан “Үндэсний философи”-оороо ертөнцийн оршихуй доторх ил, далд үйл явцуудын нууц руу харах “цонх”, билиг бэлгүний “луужин” хийж, юмс, үзэгдэл хэрхэн үүсч, хэрхэн төгсөж, хэрхэн зөрчилдөж, хэрхэн нэгдэж, хэрхэн оршин тогтнож, хэрхэн хөгжин өөрчлөгдөж байдаг зүй тогтлыг танин мэдэж, идэвхтэй зохицон амьдрах арга зам, ахуй харилцаагаа зөв сонгож, зөв бүрдүүлж чадсан улс үндэстэн л биеэ дааж хөгжих нөхцөлөө өөрсдөө хангаж чаддаг, эс чадсан нь бусдын сэтгэлгээ, “Амьдрах арга”-ыг зөвхөн “Хэрэглэгч”, тэдний эрх ашгийн дуулгавартай “Боол” чанартайгаар амьдарч ирсэн нь түүхийн бодит үнэн болж үлджээ.

Зөв ч бай, буруу ч бай, би хувьдаа ийм “нээлт” хийгээд, энэ “нээлт”-эндээ тулгуурлан, “Үндэсний монгол философийн цогц систем” боловсруулахаар шийдэж амьдралынхаа олон жилийг залуудаа зарцууллаа.

“Философийн систем” бүтээхэд, орчлонг бодитой зүйл гэж үзэх үү, хийсвэр зүйл гэж үзэх үү, хэрэв бодитой зүйл гэж үзвэл бодит юмсын үүтгэл анхдагч яг юу байсан бэ? гэдэг асуудлыг априор сэтгэлгээгээр юуны өмнө заавал шийдэх хэрэгтэй юм. Дэлхийн том сэтгэгчид энэ асуудлыг өөр өөрийнхөөрөө, “Матери”, “Оюун санаа”, “Хоосон чанар”, “Бурхан”, “Монада”, “Субстанц” гэх мэтээр шийдсэн боловч аль аль нь “үнэмлэхүй үнэн”-ээр хүлээн зөвшөөрөгдсөн ялалт ч үгүй, няцаагдсан ялагдал ч үгүй маргаантай үлджээ.

Үнэнхээр оршин байгаа орчлонд ямар нэг үүтгэл олж байж, уг үүтгэлээс цаашаа үүдэх үйл явцууд, тэдгээрийн мөн чанар, хөдөлгөөн, хоорондын нь харилцаа холбоо, зөрчил, нэгдэл, хувьсал, хөгжлийн зүй тогтлыг тайлбарлах, бодит үнэнийг тогтоохоос эхлээд дагалдах олон ойлголт, ухагдахууныг боловсруулж томьёолсны үндсэн дээр биеэ даасан эш онол болгон гаргах шаардлагатай байдаг. Энэ шаардлагад захирагдаж биелүүлэх, урьдын мэргэдийн тогтоосон ойлголт, ухагдахуунаас өөрийг сэтгэж олох, шинэчлэх, хөгжүүлэх маш хэцүү, бараг боломжгүй, ялангуяа “матери”, “оюун санаа”, “хоосон чанар”-аас өөрийг оноох арга, ухаан хүний сэтгэхүйд хаалттай мэт юм. Гэвч “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй!гэгчээр, өөрийн хүслээр өөртөө үүрсэн “лай” хойно яалтай вэ, амьхандаа, априороор бясалгаж бясалгаж, “Орчлонгийн анхдагч язгуур бол матери ч биш, оюун санаа ч биш, хоосон чанар ч биш, ямар нэг өөр хүчин зүйл ч биш, харин “юм”, “юм биш”-ийн нэгдэл,-“Үр-Эх” гэж үзэв.

“Үр-эх” бол үүдээгч, бүтээгч үйлчлэл бүхий “өөртөө” оршигч язгуур хүч юм.

“Үр-Эх” бодит чанар ч агуулан, хийсвэр чанар ч агуулан, “Үр чанар”-аар идэвхтэй орших бөгөөд орчлонгийн бүх “юм”, “юм биш”-ийн хам үүтгэл болж орчино. Орчлонд цогцолж, арилж, үргэлжлэгч алив буй, буй бус бүгд үнэн чанартаа үүдсэн ч бус, устсан ч бус,өөрийн мөн чанаргүй болж буй ч бус, “Үр чанар”-т оршиж (Иймд, Буддизмын “хоосон чанар” нь юмсын чанар биш юм. Хоосон өөрөө ямар нэг “урьдал юм”-ны сублимац байж л чадна.) тухайн “тэр юм”, “тэр үзэгдэл” яг “тэр юм”, “тэр үзэгдэл” биш болж өөрчлөгдөх бөгөөд, ингэхлээр, “тэр юм” угтаа тийм нь бус, өөр нь ч бус, харин энэхүү “шинэ”, “өөр” оршигч бол “Үр-Эх” төлөвт “Үр чанар”-аар үргэлжилж буй бодит ч чанартай, хийсвэр ч чанартай язгуур тухам (гарвал, үүсэл) юм.

Эндээс цаашаа цувран олон төвөгтэй асуудлууд задран салбарлан нарийсах нь, философийн категориуд, хуулиудыг өөрчлөх, шинээр томьёолох, зарим хуучныг хэвээр үлдээн ашиглахыг үгүйсгэхгүй байж болох ч заримыг нь ноцтой утга, агуулгаар баяжуулах шаардлагатай тулгарах нь зайлшгүй! Жишээ нь, “Зайлшгүй, Санамсаргүй”, “Орон зай, цаг хугацаа”-г өөрөөр ойлгож болох нөхцөлтэй нь, -“Харьцангуйн онол”, “Генетик”, “Тодорхойгүй зарчмын онол”-ын батлагдсан үнэний магадлалуудаас механик оршихуйн зарчмууд эрс гажаад эхэлдэг, “Орон зай, Цаг хугацаа” квант хурдтай хөдөлгөөний орчинд нэгдмэл үзүүлэлт болж хувирдаг, “Бүхэл ба Хэсэг” ч гэрэл, энергийн үзэгдлүүд дээр утга, чанараа алддаг, “Тооноос чанарт шилжих хууль” орчин үеийн нийгэм, хувь хүний амьдралын зөрчил, драм, таашгүй үйл явцын шалтгааны нууцтай тухай бүрд нь эс тохирдог, цаашлаад “Эсрэг, тэсрэгийн нэгдэл”, “Үгүйсгэлийн үгүйсгэл”-ийг задруулан шинжлэлтэй нь, -Эсрэг, тэсрэг чанарууд нэгдэж байна уу, эсвэл аль нэг нь нөгөө нэгийнхээ харилцааг бүрэн цуцалчихаж байна уу, хэрвээ, нэгдэл нь бие биедээ сөрөг хоёр үзэгдэл бие биеэ үгүйсгэж буй бус, бие биеэ хүлээн зөвшөөрч буй момент юм бол “Эсрэг, тэсрэгийн нэгдэл”-ийг “Үгүйсгэлийн үгүйсгэл”-тэй нэгтгэж болох юм. Учир нь орчлонгийн юмс үзэгдлийн үйл явцын зүй тогтол бидний танин мэдэхүйд нээгдээгүй “Байгалийн өөрийн ухамсар” хийгээд “Ёс суртахуун”-ы чинад мэдээлэл, удирдамжаар хоорондоо цаг ямагт шүтэн барилдаж орших зохицуулалттай байж ч болох юм.

Миний бие даан боловсруулахаар оролдсон “Үндэсний монгол гүн ухааны систем” дотор нийгмийн амьдралын хүрээнд авч үзэх ёстой олон асуудлын “цөм” нь, -“Хөгжил”, “Гоо сайхан”, “Хүний амьдралын утга, зорилго”, “Ёс суртахуун”-ы асуудал байсан бөгөөд зорилго нь, -эдгээрийг өнгөрсөн үеийн нийгмийн сэтгэлгээнд ч, одоо үеийн нийгмийн сэтгэлгээнд ч хэрхэн ойлгож хэвшсээр ирсэн ойлголтуудыг өөр өнцгөөс харах, өөрчлөх, эрс шинэчлэх явдал байв.

Хөгжлийн гол хөдөлгөгч хүчийг зөрчил гэж үзсэн Хегелийн онолын эсрэг хөгжлийн өөр хөдөлгөгч хүчин зүйл олж сэтгэхэд үнэндээ хэцүү ч тэр үед би бодохдоо, “Хөгжил заавал зөрчил, тэмцэл, тэсрэлтээр шинэ шатанд дэвшиж байх зүй ёсгүй, Хегел өрнийхөө л диалектик сэтгэлгээгээр бодож! Нийгэмд, хүний ахуйд “Зөрчилгүй хөгжил” байж болно, харин “Зөрчилгүй хөгжил” хүний үнэмлэхүй дээд чанар болох өвч төгөлдөр гэгээрэл, бурханлаг ариун ёс суртахуунд тулгуурлана!гэж үзээд элдэв сэтгэмж, аргументээр нэлээд хуудас дүүргэсэн ч “Зөрчилгүй хөгжил”-ийн үзэл санаа орчин үеийн зах зээл, хувийн өмч, үл хөдлөх хөрөнгө, ашиг орлогын өрсөлдөөнт прагматизмаар даяаршсан дэлхийн сэтгэлгээнд “Эвэртэй хүн төрдөг!” гэж маргасантай адил инээдтэй сэтгэгдэл төрүүлэх тул хол “давшуулж” чадалгүй хаясан.

“Зөрчилгүй хөгжил”-өөс гадна “Газаргүй хөгжил”-ийн үзэл санаа ч байсан. Хөгжил гэдэг бол, ердөө л, нийгмийн үзэгдэл юм. Зөвхөн нийгэмтэй, хүний амьдралтай холбоотой үйл явц бөгөөд нийгмийн хөгжил гэдэг, үндсэндээ, зөвхөн хүний хөгжил л юм. Тэгэхдээ хүний бие махбод, булчин шөрмөс, галбир бялдар, тэнхээ тамир, зүс царайны хөгжлөөсөө илүүтэй хүний оюун санаа, ухамсар, ёс суртахууны хөгжлийн илэрхийлэл байх ёстой

ойлголт юм. Нийгмийн ч, хүний ч хөгжлийн эх сурвалж нь, чухамдаа, газар биш, хүн өөрөө л байх ёстой! Хүн төрөлхтөн өөрийнхөө амьдралын гоо сайханд газрын хөрсөн дор, нидэрт нь 4-5 тэрбум жилийн үйлчлэлээр үүсэн тогтсон эрдэс баялгийг тонолгүйгээр, ер хөндөлгүйгээр, зөвхөн гадаргуун дээрх нөхөн сэргээгддэг, байгалийнхаа зүй тогтлоор элэгдэж, шинэддэг органик эрдэс өгөгдөхүүнүүдийг л амьдрал ахуйнхаа хэрэгцээндээ ашиглан хэрэглэх зарчмаар аз жаргалтай, амар амгалан, эрх чөлөөтэй, гоо сайхан, оюун ухаан төгс төгөлдөр амьдарч чадах нөхцөлийг өөртөө бүтээх л жинхэнэ хөгжил юм. Хөгжил бол бүтээгч, хадгалагч, хэмнэгч, эв эеийн нэгдлээр харилцан зохицож хамтдаа сайхан орших үйл явц болохоос өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд ойлгож буйгаар эх дэлхийгээ хөндий хоосон, үхэнги хатанги, шороо чулуун бөмбөрцөг болгон орхих үйлдвэрлэл-техник технологийн бүрэлгэгч үйл явц биш юм.

Нийгэм, хүний хөгжил нь хүний бие, организмд явагддаг “бодисын солилцоо”-г тасралтгүй хангах, материаллаг хэрэглээг нэмэгдүүлэх, өдөр тутмын амьдралын хэрэгцээт эд таваарын тоо хэмжээг ихэсгэх, хүнийг хөдөлмөрөөс чөлөөлөх үйл ажиллагааны эрчимжилт хараахан бус, харин, эсрэгээр, био орчин ахуйгаа оюунлаг, ухаалгаар ашиглах, минимал хэрэглээгээр ашиглалтаа хязгаарлах, бусад бүгдтэй шүтэн барилдаж амьдрах, Бурханы мутарын гоо сайхан бүтээл бүгдийг хэвээр нь хайрлан хамгаалах, оршихуйн нь зүй тогтлыг үл эвдэн харилцах үйл ажиллагааны эрчимжилт байх ёстой!

Хүн төрөлхтөн нийгмийн хөгжлийг өнөөдөр “Хомо техникус” чиглэлээр туйлшрангуй ойлгож буй ойлголтоо ойрхи ирээдүйд эргэн хянах, зөвд нь эргэлзэх, магадгүй, эрс шүүмжлэлтэй хандан засварлах бодлого барьж амьдралынхаа хэвшил, загварыг өөрчлөх тохиолд л газар дэлхий хүн төрөлхтнийг тэжээх нөөц баялгаа болон Бурханы бүтээсэн бүтэц, зүй тогтлоо тодорхой хугацаагаар хадгалан үлдэж хүн төрөлхтний ахуй амьдралыг гадаргуу дээрээ үргэлжлүүлэх нөхцөлийг зөвшөөрч магадгүй юм. “Үндэсний монгол гүн ухааны систем”-д “Гоо сайхан”, “Хүний амьдралын чинад агуулга, зорилго”, “Ёс суртахуун”-ы талаарх ойлголтуудыг хам боловсруулан тодорхойлж, ялангуяа, теологийн маш маргаантай, бүдэг бадаг хэвээр сугарч үлдсээр буй “Бурхан”, “Сүнс”, “Энэ, Тэр” ертөнцийн тухай ойлголтуудыг хээр талын нүүдэлчин монголчуудынхаа практик мэдлэг, ажиглалт, шашин-шүтлэгийн өв уламжлалд тулгуурлан боловсруулж хүн төрөлхтний нийгмийн сэтгэлгээнд дивангараас тогтсон үзэл баримтлалд жаахан шинэ санаа нэмэрлэж чадсансан бол огт үр дүнгүй зүтгэл болохгүй байсан биз ээ. Даанч ийм зорилго нь над шиг эцээлдээ ойртсон насанд мацсан хүний дангаараа гүйцэтгэж чадах ажил үйлс биш байсан юм билээ.

“Үндэсний монгол гүн ухааны систем” боловсруулах зорилго, үйлсэд амьдралынхаа хугацааг зарах шийдэлд хүрсэн хүн бол бүүр залуугаасаа л, тас хар үстэй, цав цагаан гучин хоёр шүдтэйгээсээ л хүн төрөлхтний сэтгэлгээний бүх сонгодог бүтээлийг судлан нягтлах, тэдний бодсон бүх бодлыг өөрийнхөө толгойгоор зэрэгцэн бодох, тэдний боловсруулсан бүх асуудал, ухагдахууны өөрөө биеэ дааж өөрийнхөөрөө шинжлэх ухааны сэтгэлгээний түвшинд хүрсэн судалгаа, шинжилгээний аргаар тодорхойлон томьёолох зовлонг насан туршаа эдлэн туулахаас өөр ямар ч аргагүй юм шиг билээ. Ер нь Монголын философи сэтгэлгээний түүхэнд ганц мунгинуу, мэргүү би ч биш, олон монгол элэгтэн миний зорьсонд зориод, аанай л надтай адил, миний мухардсан шалтгаанаар мухардан монголчууд бид ертөнц, нийгэм, хүний амьдралын мөн чанарыг үндэснийхээ ахуй, соёл, сэтгэлгээний хөрснөөс үзэх өөрийн үзэл, онолыг боловсруулж чадалгүй үлдсэнээс сэтгэлгээний хувьд биеэ дааж “тусгаар тогтносон” үндэстэн болж чадаагүй, бусад улс, үндэстний сэтгэгчдийн үзэл, санаагаар удирдуулж ирсэн нь биднийг өнөөдрийг хүртэл эдийн засаг, улс төр, ахуй амьдралаараа ямагт бусдаас хараат, тэдний ахуй, амьдралын хэв маягийг дуурайн дагалдагч, хуулбарлагч, үйлдвэрлэлийн нь бараа, бүтээгдэхүүнийг өрсөлдөн “хэрэглэгч”, “дуулгавартай худалдан авагч” болж хувирсны үндсэн шалтгаан мөн байж болох магадлалтайг үгүйсгэх аргагүй мэт юм. Бусдын сэтгэлгээ, хөдөлмөр, бүтээлийн нь худалдаагаар амьдралаа залгуулагч улс үндэстэн ямагт “боол”-ын сэтгэл зүйд дарангуйлагддаг. Цаадуул нь өөрсдийг нь “Үхэр” гэж нэрлэвэл, өөрсдийгөө “Үхэр” гэж итгэн, “Аяархан, зөөлхөн л шилбүүрдээсэй билээ! Хөдөлгөсөн зүгт нь л хөлөө түргэн зөөх юмсан!” гэж бодно, цаадуул нь алиалах дур нь хөдлөөд, “Та нар Бүргэд!” гэж нэрлэвэл өөрсдийгөө “Бүргэд” гэж итгээд цонхоороо үсрээд “Хүүр” болдог.

Дов, товцог ч бай, жалга, хонхорч бай адилхан л бүхэл, үргэлж газрыг бүтээгч “бүтэц”

Хурдтай хөдөлгөөн, идэвхтэй харилцан үйлчлэлд оршиж буй биетийн масс энергид хувирдаг үйл явцыг хүмүүсийн амьдрал, харилцаан дээр ч шилжүүлэн төсөөлж болох юм. Тэгвээс, хоорондоо хол хол зайтай, ажин түжин дов товцог, жалга хонхор мэт саланги, тусдаа орших хүмүүсийн ахуй, харилцаанд эрчим үүсэх нөхцөл ч, харилцан “таталцах хүч”-ний үйлчлэл ч “тэг зогсолт”-той үргэлжлэх байж ч болох юм. Ямартаа ч, монгол үндэстний түүхийн ихэнх хугацаанд үргэлжлэн давтагдсан нийгмийн хоцрогдол, эмгэнэлийн шалтгаан болж үйлчилсэн хүчин зүйл бол монгол үндэстэн, ястнуудын харилцаанд оюун санааны нэгдлийн “таталцлын хүч”-ний үйлчлэл “тэг зогсолт”-д удаан үргэлжилсэн явдал гарцаагүй мөн. Харамсалтай нь, энэ далд шалтгаан нийгмийн сэтгэлгээний анхаарлын гадна хаягдсаар ирсэн юм. Алив үндэстний нийгмийн харилцааны тойрогт үндэсний “амьдрах арга”-даа ч, оюун санааны амьдралдаа ч ер хойшлуулалгүй эрэлхийлэх гол философи асуудал, үндсэндээ, тоотой хэдхэн асуултын зөв хариунд хураагддаг.

Нэгд, Ахуй амьдралын нь үнэмлэхгүй утга, зорилго. (Юуны тулд? Яах гэж?)

Хоёрт, Жаргал хийгээд зовлонгийн шалтгаан. (Юунаас? Яагаад?)

Гуравт, Бурхан. (Яг юу вэ? Хүний амьдралтай ямар харилцаатай вэ?)

Хүний залуу насанд эс гэхэд, өтөл, өндөр насанд хүний ухаан санааны гүнд ердөө л энэ асуудлууд ерөнхийдөө эргэлддэг. Энэ гол экзистенц асуудлуудад яаж хандсан хандлага хувь хүний амьдралын ч, улс үндэстний нийгмийн хөгжлийн ч эерэг, сөрөг үр дүнг тодорхойлох шинж чанар агуулдаг нь харагддаг. Монгол үндэстэн бидний нийгэм, ахуйн тартагдуу, зүдмэгдүү, “гаднаас хамааралт” бодит үнэний нэг том шалтгаанд бид хариу олох, оновчтой хариу өгөх үндэсний нэгдмэл үзэл, онолд нэгдээгүй, тиймээс, хүн ам дор дорынхоо ахуй амьдралын натурал хэрэглээг дор дороо хангагч бие биеэсээ хамаарал, шүтэлцээ сул сэтгэл зүйтэй амьдардаг, нийтэд нь нийгмийн сэтгэлгээний төвлөрөл, нягтрал эс хэвшдэг, хүн хүний хүсэл, дур зорго “хүчирхийлсэн” нөхцөлд барьцаалагдаж ирсэн юм. Дов, товцог ч бай, жалга, хонхор ч бай, бүхэл, цул, үргэлж газар нутгийг бүтээгч “бүтэц” бөгөөтөл тэр “бүтээгч, нэгдмэл бүтэц”-үүдээр нүүдэллэн тарагч хүн ам, айл өрхүүд болохоор дор дорынхоо амин хувийн материаллаг ахуйн сонирхол, эрх ашгаа хамгаалах хүчтэй тэмцлийн сэтгэхүйд захирагдан амьдардаг нь үндэсний оюун санааг “хэсэгчлэн” зөрчилдүүлж, хагарал, задралд турхирч, хэтдээ хөгжлийн бус тэмцэлд байнга өддөг нуугдмал нөлөө бүхий “Түлхэлцлийн хүч” болж үйлчилж байсан аж.Хүмүүс хоорондын харилцаа, дор дорын үзэл бодлын ойлголт нэгдмэл бус байдал нь хүмүүст нэг талаас “эго” чанар, нөгөө талаас зожигрол, ганцаардал, явцуурал, ахуй амьдралын түгжигдмэл байдлын сэтгэхүй төрүүлэх бодит нөхцөл болдог ч амьдралын явц дунд “эго” төвт сэтгэхүйн нь удирдлага давамгайлж хувь хүмүүсийн ч, нийт үндэстний ч амьдралын зорилгыг жижигрүүлдэг. Жижиг зорилго ямагт улс үндэстний материаллаг ахуйн ч, оюун санааны ахуйн ч хөгжлийн хоцрогдол, хомсдолын “дотоод шалтгаан”-ыг бүрдүүлж үйлчилдэг. Дээр нь нийгмийн бүтэц, давхаргуудын улс төрийн тэмцэл, талцал, хуваагдал нэмэгдээд ирмэгц улс үндэстний бие дааж хөгжих боломжит гарц, нөхцөлүүдийг эрэх, олох, турших сэтгэлгээг мухардалд оруулж уг үндэстэн бусдын ам, арга ухаанаас ямагт хараат орших амьдралын эрхшээлд “түгжигддэг”.

Хоорондоо хол хол зайтай их хөндий, хоолой, уул нурууд нэгэн цул, нийлэнгэ газар нутгийн тус тус бүтэц, хэсгүүд байдаг ч хоорондоо адихан л, газар дэлхийнхээ шинж чанарыг хадгалж, тэр ерөнхий, интеграл мөн чанарынхаа зүй тогтлыг агуулж, “Ерөнхий”-н ч, “Тусгай”-н ч зөрчил, нэгдэлд оршиж байдаг. Гэтэл монголчууд бидний бодит ахуйд ч, үзэл санаанд ч “Ерөнхий чанар”-аа “Тусгайн чанар” нь дарангуйлах импульстэй хадгалагдаж үндэстний эв нэгдэлд байнга хүчтэй цохилт өгч, түүхэн бүх цаг үеүүдэд нь хагалан бутаргаж ирсэн хөнөөлийн уршиг өнөөдөр ч үргэлжилсээр буйг нүдээ аньсан ч харж, чихээ бөглөсөн ч сонсож болохоор илэрхий байнам.

Яах вэ?

Улс үндэстний хөгжлийн анхдагч, хөдөлгөгч хүч нь, юуны өмнө, тэдний оюун санааны эв нэгдлийн хүч байдаг нь түүхээр нотлогдсон үнэн юм. Монгол үндэстэн бид түүхэндээ тасралтгүй давтсан алдаа, -Үндэсний оюун санааны хүчирхэг нэгдэлгүй, ганц нэгээрээ сондгойрдог, хөгжлийн зорилгын зангидмал үзэл онолгүй, дов товцог, жалга хонхорын эрх ашигт хуваагддаг, хоорондоо тэрсэлддэг, бусдын эсрэг бус бие биеийнхээ эсрэг тэмцэлд л “Ялалт” байгуулж баатарладаг “хүчирхэг эго” сэтгэл зүйн дарамтаасаа яаралтай бүрмөсөн хагацах зорилгод нялхас, өтгөсгүй нэгдэх хэрэгтэй юм.

“Ганцаас газар дүүрдэг” шиг ганц энэ зорилго биелэхэд л түмэн зорилго биелнэ. Зорилго золиос нэхдэг. Гэвч золиос ямар ч шинж чанартай байлаа ч тухайн үндэстний оюун санааны бат хүчирхэг эв нэгдэлд ямагт ялагддаг өчүүхэн мөн чанартай ирээдүйтэй байдаг. Гагцхүү, улс үндэстний хөгжлийн эрх ашгийн төлөөх тэмцлийн хүч л нэгдмэл байхыг шаарддаг.

Зорилго, бас завгүй хөдөлмөрлөхийг, хүн бүгдийг бие, сэтгэлээ бүтээлээр “зовоох”-ыг шударгаар шаарддаг.

Жаргасан бие хүний биед тус болох нь нэн өчүүхэн, хүнийг тэмцэгч, нийгмийн баялаг бүтээгч, бие даасан сэтгэгч хүчирхэг хувь хүн болж хөгжих “идэвхтэй зарчим”-ын амьдралаас холдуулах хор болох нь их байдаг. Ажил, бүтээлд хамтаараа идэвхийлээд хөлсөө арчиж алжааж ядарч суугаа хүмүүс л хүний нүдэнд хамгийн сайхан хүмүүс харагддаг.Өнөөдөр хүн төрөлхтний гоо сайхны ойлголт буруу, үнэн, бодит гоо сайхныг үнэлж харах нүдэнд нь “Цагаа унаастай”, өөрийг эрж төөрөөд байгаа юм. Хөдөлмөрийнхөө үр дүнгээр бахархаж буй хүний баяртай, цог жавхлантай царайны үзэсгэлэн гоотой дүйх гоо сайхныг шинжлэх ухаан, техник-технологийн хөгжлөөр бүтээж чадахгүй, чадах боломжгүй байгаа юм.

Хүний гоо сайхан нь зөвхөн хүний хөдөлмөр, бүтээлийн үнэ цэнийн агуулгын гоо сайхан юм.

Нийгмийн хөгжлийн эцсийн зорилго, зүрхэн утга ч, чухамдаа, хүний “дотоод ертөнц”-ийг гоо сайхан болгох, бурханшуулах, бурханлаг мөн чанартай төгс нигүүлсэнгүй үйл ажиллагааны эх сурвалж болгоход оршино. Энэ үйл явцыг түргэтгэх, найдвартай гүйцэтгэх бодит боломж нь үндэстэн, ястны эв нэгдэл л байх болно.

Үл өгүүлэн өгүүлэх нь:

Их зорилгыг гүйцэлдүүлэх нь зузаан төмөр бетон ханыг эвдэн нураах мэт бөгөөд үүнд, тэр хана руу улс үндэстний оюун санааны болоод бодит амьдралын нэгдмэл хүчийг дайчлан зэрэг зэрэг “буудах” ёстой агаад, үндэстний эв нэгдлийн хүчгүй таранга, саланги, ганц нэгээрээ байдлаар, хоорондоо хол хол зайтай дов товцог, жалга хонхороос “цаасан буу”-гаар ч юмуу, дэлбэлэх, тэслэх цэнэггүй “үхэр буу”-гаар энд, тэнд оочин цоочин буудаад хэзээ ч нурааж чадахгүй, гагцхүү, хүн бүр цөм үндэсний “биеэ даасан” онол, баримтлал, оюун санааны нэгдмэл үзэл санаагаар нэг чиглэл рүү, нэг цэг рүү онилон “буудаж” жижиг боловч нүх, цав онгойлгоод тэр нүх, цаваа цааш нь зэрэг зэрэг улам томсгон ахиулж талбайг нь ихэсгээд байж чадваас хана хэзээ нэгэн цагт заавал нурах нь зайлшгүй!

Хайр, – бодит хүч, хүмүүн хоорондын хамгийн хүчирхэг, бөх гүүр, хүний амьдралд юу хэрэгтэй бүгд зөвхөн энэ “гүүр”-ээр л хүмүүст хүрдэг.

Орчлон үнэнхээр том ч үнэхээр жижигхэн, хүний сэтгэл дотор багтдаг, хүн орчлонг тархи, зүрх хоёртоо элбэгхэн багтаагаад өлгийдчихдөг.

Үнэнхээр том орчлонгийн үнэхээр жижигхэний тухай бодол орчлонгийн агуу их нууцтайг, хүний оюун ухаан танин мэдэж дуусашгүй гүн, нийлмэл үйл явцтайг үгүйсгэж буй бодол бус, зүгээр л, орчлонгийн физик хэмжээ хэдийгээр асар том ч түүнийг хүний сэтгэл, бодолд тэр хүний хамгийн хайртай хэн нэг ганц хүн, эсвэл, хамгийн хайртай ямар нэг амьтан нь (морь, тэжээвэр нохой, тоть, хурга, ишиг гэх мэт) тэр бүү хэл, хамгийн эрхэм дурсгалтай ямар нэг юм, (ном, зураг, алчуур, цамц, уул, гол гэх мэт) орлочихож чаддаг нь орчлонгийн асар томыг асар жижигрүүлдэг. Шалтгаан нь, юмс, үзэгдлийн мөн чанарт биш, хүний сэтгэлийн мөн чанарт байгаа юм. Тухайлбал, хүний сэтгэлийн био эрчим – Хайрын агуу чанарт байгаа юм. Хайр л бүхий л их орчлонг хүн төрөлхтний амьдралын өлгий, -Сансрын нэг эрхэс Дэлхий ч болгож, хүний амьдралын амин хайртай юм, -Төрөлх эх орон нь ч болгож хувиргадаг. Орчлон, үнэндээ, хүний хайртай нэг л хүн, нэг л байшин, нэг л жалга, нэг л булаг шанд, магадгүй, нэг л хөөрхөн гөлөг, нэг л дусал доголон нулимс юм.

Хайр бол хүний “дотоод ертөнц”-ийн ариусал, гэгээрлийн хөгжлийн дээд шатны үзэгдэл, хүний хүн чанарын хүнлэг “тэсрэлт” юм. Хүнийг хамгийн их зовоодог юм нь ч, бас, -Хайр!

Хайртай юм нь муу муухай байх нь, буруу зөрүү үйл явцтай байх нь, дорой буурай харагдах нь хүний сэтгэлийг их зовоодог. Бие өвдөх, эцэст нь үхэх нь хүнд бага зовлон, хэн ч хаа ч эдэлдэг л зовлон, харин сэтгэлийн зовлон эдлэх нь зовлонгийн туйл байдаг. Гэтэл харамсалтай нь монголчууд бид өөрийнхөө гэрийн үүднээс цаашихыг ямар ч зохисгүй муухай харагдахаар бай, сэтгэл өвддөггүй, гэрийн үүднээс гадна бол юу ч бай “Миний юм биш, хүний юм!” гэж үзээд хайрладаггүй, “Монголын юм бүхэн миний өмч!” гэж хайрлах, хамгаалах, харамлах сэтгэл асдаггүй нь уйлах, уурлах, гутрах, “дотроо тэсрэх”-ийн аль нь ч багадах “том” эмгэнэл юм. Сэтгэл зовиурлалаа цааш нь ямххан гүнзгийлээд эргэцүүлэхээр, айхтар гаслангуй бодол сэр сэрхийгээд үл амраах нь, -Бидний амьдралд болоод нийгмийн харилцаанд туйлын дутагдаж буй гаслант юм бол монгол хүн монгол хүнээ хайрлах “хайрын хомсдол”-ын үнэн байх юм. Дутагдаж буй энэ “юм” л үндэсний оршихуйн бүх эс, эдийн үйл ажиллагааны хөгжлийг царцаадаг, нийгмийн нь ахуйг бусдаас ямагт хараат нөхцөлд гацаадаг, тэгээд, хэн хүнд барагтай бол сэжиг авахуулахгүй нуугдаад үлддэг “хулгай чанар”-тай хүчин зүйл мөн санагдана.

Монголчууд бид бие биеэ хайрлах Бурханы хайраар, Бодь сэтгэлийн хайраар яасан их дутагдаж амьдралынхаа хугацааг өнгөрөөж байна даа, Бурхан минь! Яаж ийм хоосон ихэмсэг, цахилгааны тусгаарлагч шиг хүйтэн, дүлий харилцаатай хүмүүс улс орондоо хөгжлийн хурд, хүч, эрчим дулаан үүсгэж чадах юм бэ? Чадахгүй! Хүн нь хүнээ хайрлах, шүтэх, нэг нь нэгийгээ өөд нь, дээш нь чулуудах сэтгэлд нь “ган”, “зуд” нүүрлэсэн,өглөө сэрэхдээ л “Чи эс байвал, Би мөн эс байна!” гэх бодолтой сэрдэггүй иргэдтэй улс үндэстэн гадны үзэл баримтлалын тулгалт, хөрөнгө, зээл, газар нутгийнхаа лицензийн барьцаанаас яаж хараат бус амьдралтай байж чадах юм бэ? Чадахгүй! Бие биеэ хайрлах, дээдлэн шүтэх сэтгэл, бодлоор дутагдаж буй ард түмэн бусад бүх юмаар үүрд дутна. Хүн нийгэм, улсынхаа хөгжилд гүйцэтгэх үүрэг, хариуцлагын ухамсар хүний мэдлэг, боловсрол, мэргэжлийн чадвараас гардаггүй хүний сэтгэлээс, бусад олноо хайрлах хайраас л гардаг. Бусад олноо үнэн сэтгэлээсээ хайрлаж эс чадагч хүн өөрийгөө хайрлаж чадах нь худал, харин үнэн нь юу гэвэл, зөвхөн өөрийгөө хуурч буй төөрөгдөл нь л байх болно. Өрөөлийн төлөө юу ч хийх сэтгэлгүй хүн өөрийнхөө төлөө ч юу ч хийж эс чадна, насаараа чадахгүй явсаар зөвхөн үхэж л чадна.

Хүний бие, организмыг амьд биет байлгадаг суурь нөхцөл нь бодисын солилцоо ч бус, харин хүний бие махбодын хаана нь байгаа нь үл олдох, хаанаас нь яаж гардаг нь үл тайлбарлагдах сэтгэлийн үйлчлэл л хүний биед бодисын солилцоо явагдах нөхцөлийг бүтээгч анхдагч нөхцөл юм!

Амьдралын утга, зорилгыг зөвхөн материаллагаар ойлгодог, хүний хүлээх үүрэг нь эдлэх эрхийн нь хэм хэмжээг тодорхойлох чанартайг огоордог үзэл санаа нийгмийн оюун санаанд хэвших нь, хэтдээ төсөөлшгүй гамшигт хүргэх магадлалтай байж болзошгүй юм.

Үүрэггүй эрх, хариуцлагагүй эрх чөлөө, хүн чанараас ангид ёс суртахууны хэвшил бол нийгмийг анархижуулах гажиг туйлшралын үндэс байх болно.

Улс орон маань ардчилсан шинэ нийгмийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжсэн ч хүн зон бидний сэтгэлд Бурханы чанар алга, тийм байх үйл явцын нууцад бид нэвтэрч чадахгүй, зүгээр л, байгалын бусад “био биет”-ын оршихуйг хангагч амьдралаар амьдарч өөр өөрсдийнхөө “эго” прагматист амьдралд зориулах үйл ажиллагаанаасаа бусад бүх үйл ажиллагаандаа улс орноо, нэг нэгнийгээ хайрлах сэтгэлээ дутааж байна.

Хайр бол “аймаар” хатуу, шударга, наран халуун сэрэхүй, мэдрэхүй бөгөөд хүн хайртай юмаа санасандаа хүргэж чадахгүй байгааг нь асар хүчтэй гэмшлээр тарчлаадаг маш идэвхтэй чанар агуулдаг. Физик үзэгдэл, хөдөлгөөнд “Ашигт үйлийн коэффицент” гэдэг ойлголт байдаг. Хүний амьдралын “Ашигт үйлийн коэффициент”-ийг хүний бие махбодын үйл ажиллагааны үр дүн бус, харин, хүний хайр сэтгэлийн үйл ажиллагааны бүтээлийн агуулга, ач холбогдол тодорхойлно.

Хүний амьдралд хамгийн дээд баяр жаргалтай мөч бол тэр хүн өөрөө маш их баярлуулсан хүнийхээ баяр, жаргалаар гийсэн царайг харах мөч л байдаг бөгөөд хүн энэ мөчийн зүйрлэшгүй сайханд хүрэхдээ зөвхөн бусад олноо, улс орноо чин үнэн сэтгэлээсээ хайрлаж тусласан тус, буян, харамгүй хайраараа гүйцэтгэсэн хөдөлмөр бүтээлээрээ л хүрдэг. Өөр замаар хүрч хэзээ ч эс чадна.

Үл өгүүлэн өгүүлэх нь:

Бид амьдралдаа юугаар хамгийн их дутах вэ, бие биеэрээ л хамгийн их дутаж, бие биеийнхээ тус, дэмээр л хамгийн түрүүнд дутна.

Бид дэлхий дээр, ногоо шороон дээр нь олон мянганд бат гишгэж оршъё! гэвэл бидэнд тийм нөхцөл боломж өгөх юм, ердөө ганц л бий нь, бид бие биеэ хайрлах хайр сэтгэлээс маань гарах хүч (хүний хүч сэтгэлдээ, чонын хүч зоригондоо байдаг!)л байх болно. Монгол хүн цөмөөрөө сэтгэл, оюуны хүчирхэг хөгжилтэй, юм бүгд нь, -ажил хөдөлмөр, үг яриа, харилцаа, үзэл санаа, амьдралын утга, зорилго нэгдмэл, өвч гоо сайхан байвал л Монгол Улс биеэ даасан хүчирхэг, хөгжилтэй, тэнгэрлэг улс байх болно.

Гоо сайхан хүн гэдэг хаанаас нь ч, юунаас нь ч муу муухай олдохгүй, олъё гэвэл, гүтгэж л, гүжирдэж л олохоос өөрөөр, өөр арга, эрлээр олж чадахгүй хүн, харин, муу муухай хүн ердөө л, товчхон тодорхойлолтод багтах мөн чанартай нь, “Дотоод ертөнц нь гэгээрээгүй, бусдыг тэгш сэтгэлээр хайрлах Бурханы хайр биеэр нь ч, сэтгэлээр нь ч нэвчээгүй, бүх үйл хөдөлгөөндөө “Хар нүднээс хөмсөг гадуур” гэдэг үхэнгэ, бээнгэ үзэл санаа баримталдаг хүн юм.” Бурхадын номын үг, айлдвараар бол хүнийг буруу амьдралаас, мунхагийн харанхуйгаас аврах, ангижруулах хоёрхон “зардас” бий нь гэгээрэл, хөдөлмөр хоёр л юм. “Хөдөлмөр хүнийг буй болгосон!” гэдэг, одоо монголчууд бидний тоохоо больсон их сэтгэгч Ф.Энгельсийн алдарт үгийг бясалгаж бодвол, хөдөлмөр хүнийг бие, дүрс, хэв төрхөөр нь хүн болгох үйл явц байснаасаа илүүтэй хүнийг сармагчинаас ялгаатай болгодог оюун санааны нь хөгжилд хүргэсэн үйл явц байсан гэсэн утгатай нь илэрхий байдаг.

Мэргэн түмэн уншигчид та нар минь миний энэ “Захидал – Учирлал”-ыг уншаад заримд тань эсэргүүцэх, заримд тань дэмжих сэтгэгдэл төрөх нь магад ч миний үг, бодолд хорон муу санаа өчүүхэн ч хавчуулагдаагүйг мэдрэх буй за! гэж бат итгээд толилуулахаар зүрхлэв. Эргээд бодох нь ээ, ийм асуудлуудаар толгойгоо зулгаалгах хэрэгтэй байсан эсэхэд өөрөө эргэлзэх боловч хэтэд яаж мэдэх вэ, хэзээ нэг цагт,хэн нэгэн залуу монгол оюутан, сэхээтэнд надад төрсөн бодол бас адилхан төрөөд “Яах вэ, ийх вэ” гэх сэхээ сүвэгчилж монголчуудын үндэсний “Монгол гүн ухааны систем” боловсруулах цогц сэтгэлгээний эрэлд хатах үед нь энд бичсэн өгүүлбэрүүд нүдэнд нь өртөж ч юү магад, тэгвэл, авмаар санаа, сэдэл байгаа мэт санагдвал өлгөөд, ултай суурьтай гүнзгийлж ч мэднэ дээ! гэж горьдох горьдлоор ийн тарлав.

2021 оны 10-12 дугаар сард Алтан тэвшийн хөндий.

Categories
мэдээ нийгэм

Хилийн цэсийн маргааныг 24-р тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар шийдвэрлэхийг дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн зарим дүүрэг, Төв аймгийн зарим сумын хоорондох хилийн цэсийн маргааныг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа УИХ-ын 1996 оны 24 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар шийдвэрлэх саналыг дэмжлээ.

Нийслэлийн Налайх дүүрэг болон Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн сум, Хан-Уул дүүрэг болон Аргалант, Алтанбулаг, Сонгинохайрхан дүүрэг болон Баянчандмань, Баянцогт сумтай хиллэж байгаа хэсгүүдэд үүссэн хилийн цэсийн маргааныг өнөөдрийг хүртэл аль нэг талдаа шийдвэрлээгүй байгаа юм. Мөн талууд эдгээр маргаантай газарт иргэн, аж ахуйн нэгжид давхардуулж газар олгох асуудал үүсэж байгаа тул дээрх 24 дүгээр тогтоолд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж Тэргүүлэгчид үзэж байна. Учир нь тогтоолд “Нийслэлийн нутаг дэвсгэрийн цэс”-ийг баталсан бөгөөд үүгээр дээрх маргаантай хэсгүүд нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа юм.

Хилийн цэсийн маргаанаас үүдэлтэйгээр Төв аймгаас нийслэлийн нутаг дэвсгэрийн 1975 нэгж талбарт газар олголт хийжээ. Энэхүү хилийн цэсийн маргааны эцсийн шийдвэрийг Улсын Их Хурал гаргана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Эрээн-Замын Үүдийн хилийн боомтоор ачаа тээвэр нэвтэрч эхэллээ

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Хятад улс халдвар дамжихаас сэргийлэх зорилгоор Эрээн хилийн боомтоор гаргах экспорт, импортын ачаа барааг хүний (жолоочийн) оролцоогүйгээр явуулах, чингэлэг тээврээр татан авах, гаргах шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу манай улс Эрээнтэй хиллэдэг Замын-Үүд боомт дээр чингэлэг тээврээр ачаа барааг татан авах, гаргах ажлын зохион байгуулах бэлтгэлийг бүрэн хангаад байна.
2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн халдвар хамгаалын шинэ зохион байгуулалт дор хоёр улсын хилээр ачаа бараа, Эрээн боомтод ачаатай байгаа 150 автомашин, хилийн дундын бүсэд саатсан манай улсын иргэдийн өмчлөлийн ачаатай болон ачаагүй 28 автомашин, хятад улаас худалдан авсан ч хил дээр хүлээгдэж байсан уул уурхайн 10 хүнд машин механизм, жип ангилалын шинэ 16 автомашинуудыг хилээр нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ.
Эхний ээлжинд Эрээн хотод түр саатсан манай улсын иргэдийн эзэмшлийн 150 ачааны автомашин, уул уурхайн машин механизмаас өчигдөр Хятадын талаас хилийн 0 цэг дээр байршуулсныг хүйтний улиралтай холбогдуулан манай хил гаалийнхан аль болох цаг алдалгүй шуурхай зохион байгуулж ажиллан шөнийн 23:00 цаг хүртэл Замын-Үүдээр нэвтрүүлсэн байна.
Өнөөдөр маргаашдаа багтаан үлдсэн ачааны машин, өөрөө явагч механизмыг энэ журмаар татан авч дууссаны дараа цаашдаа өдөрт 50 ачаатай чингэлэгийг хоёр талын хилийн боомтоор гаргах, байнгын ажиллагаанд оруулах байдлаар ажиллах юм.