Categories
мэдээ нийгэм

“Miss Universe” тэмцээний ялагчаар Энэтхэгийн гоо бүсгүй Харнааз Сандху тодорчээ

Энэ оны “Miss Universe” тэмцээний ялагчаар Энэтхэгийн гоо бүсгүй Харнааз Сандху тодорчээ.

Өдгөө 21 настай тэрбээр гоо бүсгүйн тэмцээний түүхэнд энэ цолыг хүртсэн Энэтхэгийн гурав дахь иргэн болж байна. Тэмцээний хоёрдугаар байрт ӨАБНУ-ын гоо бүсгүй Лалела Мсване орсон бол Парагвай улсаас оролцсон Надиа Ферейра гуравдугаар байрын эзэн болсон байна.

Сандху администратороор ажилладаг бөгөөд чөлөөт цагаараа загвар өмсөж, жүжигчнээр ажилладаг байна. Түүнчлэн олон нийтийн үйл ажиллагаа эрхэлж, эмэгтэйчүүдийн эрхийг өргөжүүлэхийн төлөө дуу хоолойгоо өргөдөг нэгэн аж.

Энэ жил 70 жилийн ой нь тохиож буй “Miss Universe” тэмцээн Израилын рашаан сувиллын Эйлат хотод болж, 80 орны гоо бүсгүй оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

“Алтан-Өд 34” наадамд яруу найрагч Б.Баянцогт тэргүүн байр эзэллээ


Дархан-Уул аймгийн Засаг даргын ивээл дор уламжлал болон явагддаг оны шилдэг шүлэг шалгаруулах “Алтан-Өд 34” яруу найргийн наадам энэ сарын 10-ны өдөр Залуучууд театрт боллоо.

Яруу найргийн наадмыг хоёр шаттай явуулж хоёрдугаар шатанд шалгарсан 34 яруу найрагч оролцсон бөгөөд МЗЭ-ийн Дархан-Уул аймгийн салбарын гишүүн, зохиолч, яруу найрагч Б.Баянцогт тэргүүн байранд шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэг, сургуулийн шугам сүлжээг доголдолгүй болгожээ

Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, нийслэлийн хэмжээнд 13 сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээг засварлаж дуусгахыг үүрэг болгосон. Тэдгээрээс Бусад цэцэрлэг, сургуулийн инженерийн шугам сүлжээг засварлаж дууссан байна.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд хотын дулаан, ус хангамжтай холбоотой 11 удаагийн түр зогсолт бүртгэгджээ. Тэдгээрээс хамгийн хүндрэлтэй нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Оч гялс өргөө” ОСАК-ийн хариуцсан шугамд доголдол гарч, бохир усыг машинаар зөөвөрлөхөд хүрснийг онцоллоо. Шугам сүлжээний доголдлоос үүдэн бохир ус авто зам руу хальсныг цэвэрлэж ариутгажээ. Шинэ насос тавьсан тул тус газарт бохир дахин халихгүй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байлаа. Цаашдаа нийслэлээс Яармаг чиглэлд тавьж буй 600-ийн шугам ашиглалтад орчихвол дээрх шугам сүлжээ асуудалгүй хэвийн ажиллах боломж бүрдэнэ гэдгийг мэргэжилтнүүд тодотгов.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлшний шуудайг 300 төгрөгөөр авна

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Таван толгой түлш” ХХК болон холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг даваа гараг бүр тогтмол өгч байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээ, сайжруулсан шахмал түлштэй холбоотой мэдээллийг танилцууллаа.

Тухайлбал, хүхэрлэг хийн агууламж долоо хоногийн дунджаас багассан үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн долоо хоногт агаарын чанарын индекс Нэгдүгээр хороолол, Хайлааст, Толгойт, Таван буудал, Зуун айл орчимд бохирдолтой түвшинд гарсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Түүнчлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх зургаан товчоо, хяналтын цэгүүдэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагатай хамтран 24 цагаар ажиллажээ. Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан хоёр зөрчлийг илрүүлэн, 10 тонн түүхий нүүрсийг хураан Амгалан дулааны станцад буулгуулж, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “2020, 2021 онд нийт 6300 шуудай сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотоос орон нутаг руу тээвэрлэх зөрчил илэрсэн. Иймд Эрчим хүчний яам, НЗДТГ, “Таван толгой түлш” ХХК, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран сайжруулсан шахмал түлшний хяналт шалгалтыг хийж байна” хэмээв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Угаарын эрсдэлд өртөж буй айл өрхийн 95 хувь нь стандарт бус зуухтай байсан судалгаа гарсан. Иймд өвөлжилтийн бэлтгэл хангахад болон галлагааны улиралд стандарт зуух хэрэглэхийг зөвлөж байна. 2021 оны Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журамд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр агаарын чанарын бүсээс гаргаж байгаа сайжруулсан шахмал түлшийг болон тус бүсэд орж буй зөвшөөрөлгүй түүхий нүүрсийг хурааж авах зохицуулалтыг оруулсан. Мөн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын айл өрхүүдэд саадгүй хүргэхэд арга хэмжээ авч ажиллаж байгаа. Тухайлбал, нийслэлийн онцгой комиссын даргын тушаалаар өндөрлөг, алслагдмал цэгийн борлуулалтыг нэмэх, түлшний өдөр тутмын хангалтыг сайжруулах, цогц арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

НМХГ-ын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд байнгын хяналт шалгалт хийж байна. Зүүн бүсийн үйлдвэрийн шахмал түлшнээс хоёр дээж, мидлингээс нэг дээж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах дундын агууламжаас хоёр дээш авч, лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Эдгээр нь Монгол Улсын стандартын шаардлагыг хангаж байна” гэсэн бол “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Өнгөрсөн 24 цагийн байдлаар манай компани 2725 тонн шахмал түлш үйлдвэрлэлээ. Сайжруулсан шахмал түлшний 14 хоногийн нөөцтэй байна. Нийт 600 гаруй борлуулалтын цэг ажиллаж байгаа. Угаарын хийн хордлогын есөн дуудлага ирсэн. Тэдгээрийн угаарын хийнд хордсон шалтгааныг судлахад найм нь энгийн монгол зуухтай, битүүмж алдагдсан гэсэн шалтгаантай байна. Иймд зуух болон яндангийн битүүмжийг сайн хангах хэрэгтэй. Мөн “Таван толгой түлш” ХХК айл өрхүүдийн угаарын хий мэдрэгч дээр угаарын хийн хэмжээг дамжуулагч суурилуулсан. Эдгээр дамжуулагчаас өнгөрсөн долоо хоног угаарын хийн хэмжээ их гэсэн 156 дуудлага ирж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа. ” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Э.Цэндбаатарын тулаан 24-нийг хүртэл хойшилжээ

Сонирхогчдын боксын ДАШТ-ний хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ринг дээр өрсөлдөхөөр ОХУ-ын Москва хотыг зориод байгаа билээ.

Тэрбээр ОХУ-ын Москва хотод 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэргэжлийн боксоор анх удаа Оросын тамирчинтай тулалдах байсан боловч энэ сарын 24-нийг хүртэл хойшилсон талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллэв.

Categories
гадаад мэдээ нийгэм

БНСУ: Даваа гаригаас хорио цээрийн дэглэмээ чангатгана

БНСУ-ын Засгийн газар коронавирусний халдварын тохиолдол цаашид нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан орон даяар хорио цээрийн чангатгасан арга хэмжээг даваа гаргаас хэрэгжүүлж эхэлснээ мэдэгджээ.

Тус улсын Засгийн газрын мэдэгдсэнээр, өнөөдрөөс эхлэн олон нийтийн газруудаар үйлчлүүлэхийн тулд иргэд вакцин хийлгэснийг нотлох баримт эсвэл PSR-ийн шинжилгээний сөрөг хариуг QR код хэлбэрээр үзүүлэх ёстой. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос мөрдөгдөж буй хүн хоорондын зай барих чангатгасан журмын дагуу нийслэлийн бүсэд зургаагаас илүүгүй, бусад бүс нутагт наймаас илүүгүй хүн нэг дор уулзах боломжтой.

Хорио цээрийн хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хувь хүмүүсийг 100 000 вон (80 ам.доллар), хуулийн этгээдүүдийг 1.5 сая воноор (1 300 ам.доллар) торгоно. Дахин зөрчил гаргасан тохиолдолд хуулийн этгээдүүдэд 3 сая воны (2600 доллар) торгууль ногдуулна.

Үүний зэрэгцээ вакцинд хамрагдаагүй иргэдийг зоогийн газарт ганцаараа орохыг зөвшөөрчээ.

Ням гарагт коронавирусний халдварын 5 817 шинэ тохиолдол илэрсэн гэж БНСУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. Сүүлийн зургаан хоногт анх удаа 6 мянга хүрэхгүй шинэ тохиолдол бүртгэгдсэн ч амралтын өдрүүдээр хийсэн шинжилгээний тоо цөөрсөнтэй холбон тайлбарлаж байна.

Өнгөрсөн хоногт “омикрон” хувилбараар халдварласан 24 тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо нь 114 болжээ. Коронавирусний халдварын улмаас тус улсад нэг өдөрт 40 хүн нас барсан байна. Цар тахал дэгдсэнээс хойш нас барсан нийт хүний тоо 4293 болжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэнэ

Оюу Толгой төслийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрээр” Оюу Толгой төсөлд Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 92 дугаар тогтоол гарч Засгийн газраас ажлын хэсэг, УИХ-аас түр хороо байгуулагдаж жил гаруй хугацаанд ажиллаж байна. Өнөөдөр Ерөнхий сайдад Рио Тинто болон Туркойз Хилл компанийн удирдлагаас албан бичиг ирсэн. Саяхан миний бие Монгол улсын их хурлын дарга, Ерөнхий сайд болон, Түр хорооны гишүүдтэй уулзалт хийсэн. Оюу Толгойн үр өгөөжийг Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэх, 2015 онд байгуулагдсан Дубайн гэрээг цуцлах, Эрдэнэс Оюу Толгой компанийн талд үүссэн өрийг тэглэх, улмаар төслийн үйл ажиллагааг цаашид илүү нээлттэй ил тод болгох санал тавьсан. Тус захидалд та бүхний тавьсан саналыг ТУЗ-д танилцуулсны үндсэн дээр бид дараах таван арга хэмжээг авч байна гэжээ.

  1. Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам долларын өрийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам долларын өр цаашид үүсэхгүй. Мөн Эрдэнэс Оюу Толгой ХК-ийн 34 хувийн үнэ цэнийг нэмж ногдол ашиг наашилна. Үндсэндээ 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэжээ.
  2. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөө буюу Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтын нэмэлт төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр цуцлаж байна.
  3. Оюу Толгой далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилт буюу өмнө нь зарцуулагдсан дүнд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах, хөндлөнгийн аудитын дүгнэлт дээр үндэслээд хэрвээ зөрүү үүсвэл бид энэ асуудлыг бүрэн хариуцаж төлөхөд бэлэн гэжээ.
  4. Гүний уурхай ашиглалтад ороогүй удсан. 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаар тооцож байгаа. Энэ хүртэл гарах зардлыг хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцна гэжээ.
  5. Оюу Толгой ХК-ийн засаглалыг сайжруулах арга хэмжээ авч, холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцлийн дагуу Оюу толгой ХК төлөх, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах холбоотой хамран ажиллана гэжээ. Мөн энэ шийдвэрийг гаргахад амаргүй байсныг илэрхийлсэн байна. Түүнчлэн УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн гэж үзэж байна гэжээ. Хэрвээ оны өмнө гүний уурхайг ашиглалтад оруулах талаар харилцан зөвшилцөж, шийдвэрлэгдвэл 2022 оны нэгдүгээр улиралд багтаан гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Амиа алдсан алба хаагчийн эхнэр өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

Энэ сарын 05-ны өдөр онцгой байдлын алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад цахилгаанд цохиулж амиа алдсан хэрэг гарсан.

Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах … дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан.

Тухайн алба хаагчийн эхнэр нөхрийнх нь үхлийг нуун дарагдуулж буй алба хаагчдыг шалгуулах, нас барсан шалтгааныг үнэн зөвөөр тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн гадна өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.

Тэрбээр “Техникийн мэргэжилгүй жолоочийн алдаанаас болж нөхрийг минь тогны утсанд хүргэж, амиа алдахад хүргэлээ. Шатыг доош нь татах ёстой байтал дээш тогны утас руу болгосноос болж амиа алдсан.

Миний нөхөр онцгой байдлын албанд 10 жил ажилласан. 24 цагийн албаа дуусгаад буусан хүнийг албан бус ажилд явуулсан. Тогны утсанд хүрснээр бээлийтэй хоёр гар нь тэр чигтээ түлэгдэж, толгойгоор тог буудаж гарсан, толгой нь хонины хуйхалсан толгой шиг болж нас барсан.

Хурган дарга нарын зараалд явуулснаас болж миний нөхөр нас барсан. Гэтэл нас барсных нь дараа хүртэл “танай нөхөр ажлаа тараад явсан” гэж эхнэрээс нь нас барсныг нь нууж байна.

Прокурорт хүсэлт гаргаад зөвшөөрсөн үед нөхрийн минь амиа алдах үеийн камерын бичлэгийг үзүүлнэ гэсэн. Миний зүгээс прокурорт хүсэлтээ гаргаад өгнө. Надад бичлэгийг үзүүлтэл би энд өлсгөлөн зарлаад суух болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Бөртэ чоно-2021”-ийн эзэн өнөөдөр тодорно

Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно-2021” ёслолын арга хэмжээ өнөөдөр МҮОНРТ-ийн “Студи-600”-д болно. Өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдсан энэхүү арга хэмжээ энэ жил олимпын дараа болж байгаагаараа онцлог юм.

Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчийг спортын сэтгүүлчид шалгаруулдаг. Олон улсын уламжлалын дагуу Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд харьяалалтай сэтгүүлчид тиймээс саналаа өгч, шилдгүүдийг тодруулна. 2002 оноос эхлэлтэй тус наадам 19 дэх жилдээ болох гэж буй.

“Бөртэ чоно” наадмын 2019 оны шилдгээр ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар шалгарч байв.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 82 жолооч согтуу жолоо барьж, 213 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1406, хулгайтай холбоотой 21, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 149, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 75 бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 82, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 123, хүний биед халдсан 86, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 98, эрүүлжүүлэх байранд хоносон 213, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 96 тохиолдол гарчээ.