Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн утаажилтын бүсээс 93 иргэнийг гаргаж, 2 иргэнийг аварчээ

Нийслэлийн хэмжээнд 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд ахуйн гал түймрийн 51, аврах ажиллагааны хоёр буюу нийт 53 дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид ажиллан, гал түймрийн утаажилтын бүсээс 93 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос хоёр иргэнийг аварч, 630 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 1484, аврах ажиллагааны 194 буюу нийт 1678 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт СХД-ийн ЕБС-ийн 1040 сурагч, багш ажилчин хамрагдлаа

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн төлөө ТББ-аас Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, хавьтлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү компанит ажлыг ЭМЯ, ХӨСҮТ, СХД-ийн сүрьеэгийн диспансерууд дэмжин ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт нийт 3,000 гаруй сурагч хамрагджээ. Энэ удаагийн эрт илрүүлэг, хавьтлын үзлэгт Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн 1,040 сурагч, багш ажилчин хамрагдлаа.

Урьдчилан сэргийлэх зорилготой сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэгийн үр дүнд сүрьеэтэй байж болзошгүй дахин 30 тохиолдолд сорил тавив.

Мөн энэ үеэр коронавируст халдварын дараах шинж тэмдгийг илрүүлэх үзлэгийг давхар зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, зөвлөгөө, мэдээлэл өгчээ.

“Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-ын тэргүүн, Клиникийн Профессор М.Тунсаг “СХД-ийн ЕБС-уудад сүрьеэ болон ковидын дараах шинж тэмдэг илрүүлэх үзлэгийг амжилттай зохион байгуулж байна. Тус дүүрэгт хүн ам, өвчлөл олонтой, алслагдмал байршилтай учир эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор эрт илрүүлэх үзлэгийг хийж байна. Үзлэгийн дараа эмч нарын нэгдсэн дүгнэлт хийгдэнэ.

Эрт илрүүлэг үзлэгт 6-12 ангийн сурагчдыг хамруулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 4,000 гаруй сурагчийг үзлэгт хамруулсан. Мөн энэ удаагийн үзлэгээр 30 сурагчид сүрьеэгийн диспансераас сорил тавьж, баталгаажуулах шинжилгээнд хамрууллаа.

Дэмжин ажилласан ЕБС-уудын захиргаа, хамт олон, СХД-ийн сүрьеэгийн диспансер, сүрьеэгийн эмч, рентген техникч нар болон Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгийн удирдлага, хамт олонд талархсанаа илэрхийлье” гэв

Categories
мэдээ нийгэм

Мөс сайтар хөлдөж бэхжээгүй, цөмрөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа

Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн мэдээгээр Баянхонгор сумын Түйн гол орчим усны түвшин 52 см буюу мөсөн бүрхүүл, харз, мөсний зузаан 20 см байна.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгааг аймгийн Онцгой байдлын газраас санууллаа. Жолооч, зорчигчид цаг хугацаа хожих, зам товчлох, малчид мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг мөн анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хурдан тэмээний уралдааныг 15 дахь жилдээ зохион байгууллаа

Баянхонгор аймгийн Богд сум Хурдан тэмээний уралдааныг 15 дахь жилдээ зохион байгууллаа.

Уралдааныг хурдан тэмээ, тайлаг тэмээ, тором, шинэ тэмээ гэсэн насны ангиллаар зохион байгуулжээ. Шагналын санг сумын ИТХ, ЗДТГ, сумын ИТХ-ын дарга Шүгэдийн Бүүвэйбаатарын гэр бүл, Богд сумын уугуул, аймгийн БОАЖГ-ын дарга Э.Ганзориг ивээн тэтгэж үйл ажиллагааг дэмжин ажилласан байна.

Тус уралдаан нь уламжлалт мал, ахуй соёлоороо бахархах, малчдынхаа идэвх зүтгэлийг үнэлэх, дэмжих, хүүхэд залуучуудад уламжлуулж сурталчлах, дотоодын аялал жуулчлалыг сэргээж хөгжүүлэх зорилготой аж.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд гэрээсээ ажиллах боломж бүрдүүлэхийг даалгалаа

Сурагчдын улирлын амралт эхэлж байгаатай холбогдуулан Шадар сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан тушаал гарлаа.

Тус тушаалд бичсэнээр амралтын хугацаанд 10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагдад хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхад чиглэсэн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны төрийн байгууллагын дарга захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт уриалжээ.

Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ. Мөн энэ хугацаанд цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох бөгөөд хараа, хяналтгүй болох эрсдэлтэй 4, 5 настай хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийнх нь хүсэлтээр үргэлжлүүлэн цэцэрлэгт хамруулах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д “омикрон” хувилбарын 16 тохиолдол илэрлээ

ӨАБНУ-аас эргэн ирсэн Оросын 16 иргэнээс коронавирусийн шинэ хувилбар болох омикрон штамм илэрсэн гэж тус улсын дэд сайд Татьяна Голикова мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. Өмнө нь, Оросын иргэдийн дунд шинэ хувилбарын халдвар авсан хоёр хүн илэрсэн талаарх мэдээлэл гарч байсан юм.

“Өнөөдөр эх орондоо ирсэн 177 хүний 16-аас нь омикрон штаммын халдвар илэрсэн. Бүгд эмчийн хяналтад байгаа” хэмээн Голикова мэдэгдсэн байна.

Өмнө нь омикрон штаммын халдвар илэрсэн хоёр хүний тухайд хоёулаа коронавирусээс сэргийлэх тарилгад хамрагджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон зарим шинжээчид энэ хувилбарыг дельта штаммтай харьцуулахад аюул багатай ч илүү халдварлах чадвартай гэж үзэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Мориноос унасан хүүхдийг ачааны машинаар дайрч, амь насыг нь хохироожээ

Өнгөрсөн амралтын өдөр өсвөр насны хүү ослын улмаас амь насаа алджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Багануур дүүрэгт 13 настай хүүхэд мориноос унасан байна. Энэ үед хажуу замд явж байсан том оврын автомашин хүүг дайрч амь насыг нь хохироожээ. Тиймээс тухайн авто машиныг жолоодож явсан 33 настай эрэгтэйг сэжигтнээр татан, цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

ОУОХ “Лос-Анжелес 2028” олимпийн хөтөлбөрөөс боксын спортыг хасах санал гаргажээ

Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Лос Анжелес 2028” олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрлүүдийг хэлэлцэж, эхний байдлаар 28 төрлийг багтаахаар дэмжжээ. Харамсалтай нь, манай улсад хөгжиж буй бокс, хүндийг өргөлтийн төрөл дээрх 28-ын тоонд багтаагүй байна. Орчин үеийн таван төрөлт мөн багтаагүй ажээ. Хүндийг өргөлтийн төрөл 18896 оны орчин үеийн анхны олимпоос хойш наашмын хөтөлбөрөөс хасагдаж байгаагүй бол бокс 1904, орчин үеийн таван төрөлт 1912 оноос хойш олимпын хөтөлбөрт багтан, “ууган” төрлүүд юм. Гэхдээ дээрх шийдвэр нь эхний байдлаар баталсан жагсаалт бөгөөд өөрчлөлт орох боломжтой. Ялангуяа АНУ боксын төрлийг хасахыг эсэргүүцэж байгаа тул буцаагаад орулчих магадлалтай гэнэ. Харин Хүндийг өргөлт, орчин үеийн таван төрөлтийн хувьд байдал үнэнээсээ хүнд болсон хэмээн спортоор дагнан бичдэг хэвлэлүүдэд бичиж байгаа юм.

ОУОХ боксыг “Рио 2016” олимпын хөтөлбөрөөс хасах гэж байсан ч эцэст нь зохион байгуулалтыг өөр холбоонд хариуцуулахаар тохирон үлдээж байсан. “Токио 2020” мөн энэ жишгээр явсан ч шүүлтийн будлиан тасраагүй юм. ОУСБХ-ны ерөнхийлөгч Умар Кремлев 2021 оны эцэс гэхэд, өөрөөр хэлбэл сая болсон Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас өмнө бүх асуудал эмх цэгцэндээ орно гэж амалсан ч ОУОХ-ны байр суурь эсрэгээр гарлаа. ОУОХ бокстой боксгүй болно гэсэн байр суурьтай байгаа гэдгийг өнөөдрийн шийдвэрээс нь харж болохоор байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хархоринд хийх УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг цуцалжээ

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан энэ сарын 29-нд Их Монгол Улсын нийслэл Хархорум хот оршиж байсан Өвөрхангай аймгийн Хархорин суманд болохоор болсон. Энэ тухай захирамжийг УИХ-ын дарга гаргаад байсан юм.

Гэвч хуралдааныг өвлийн улиралд нийслэлээс зайтай зохион байгуулах нь гишүүдийн аюулгүй байдалд халтай гэж үзсэн бөгөөд УОК-ын өгсөн чиглэлийн дагуу олон хүн нэг дор цуглуулахгүй гэж үзэн уг шийдвэрийг цуцласан байна. Маргааш УИХ-ын дарга захирамжаа өөрчлөн гаргахаар болжээ. Харин хүндэтгэлийн чуулганыг Төрийн ордонд зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хүннү Эйр” Улаан-Үд рүү шууд нислэг хийж эхэллээ

Коронавирусний халдварын хорио, хязгаарлалтын дараагаар ОХУ агаарын хилээ албан ёсоор нээснээр манай улсын агаарын тээврийн “Хүннү Эйр” компани ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хот руу нислэг хийж эхэллээ. Толруулбал, энэ сарын 11-нд анхныхаа нислэгээ хийв.

Дээрх чиглэлд зорчигч том хүн, хүүхэд бүгд 48 цагийн хүчинтэй ПГУ шинжилгээний сөрөг хариутай байж, шинжилгээний хариуг англи эсхүл орос хэлээр хэвлэмэл байдлаар биедээ авч явахыг сануулж байна. Мөн ОХУ-д ирсний дараа 3 хоногийн дотор ПГУ шинжилгэ дахин өгөхийг анхааруулж байна.

“Хүннү Эйр” компани ирэх оны 1 дүгээр сараас эхлэн 7 хоногийн давтамжтай хуваарьт нислэгээ үргэлжлүүлэх бөгөөд энэ сард Улаанбаатар-Улаан Үд-Улаанбаатарын чиглэлд 11-нээс гадна 18, 26-нд нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Тус компани нислэгийнхээ захиалгыг зөвхөн цахимаар, мэйл хаягаар авч буйгаа мэдэгдлээ.