Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ардчиллын төлөө” дээд хэмжээний цахим чуулган юу хэлэлцэж, ямар шийдвэр гаргав

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены санаачилсан “Ардчиллын төлөө” уриан дор чөлөөт, хагас чөлөөт, чөлөөт бус гэсэн гурван түвшинтэй ардчилсан 110 улсын төр, засгийн тэргүүн, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл болсон дээд хэмжээний цахим чуулга, уулзалт өнгөрсөн 8-10-нд болж өнгөрлөө. Энэхүү чуулга, уулзалтаар дарангуйлагч засаглал буюу авторитаризмтай, хувиа хичээх хууль бус үйлдэл буюу албан тушаалын гэмт хэрэг авлигатай хэрхэн хамтран тэмцэх вэ, хамгийн эрхэм үйлс болох хүний эрхийг хамгаалах талаар хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн хүн төрөлхтний өмнө тулгараад буй маш чухал гурван асуудлыг хэлэлцэн бүх талын байр суурийг чөлөөтэй сонсож, цаашид ардчиллыг хэрхэн хамтран ажиллаж төгөлдөржүүлэн хөгжүүлэх талаар ямар хамтарсан арга хэмжээ авч явуулах талаар оролцсон улсууд нэгдсэн тохиролцоонд хүрэв. Чуулганы явцыг оролцогч улсуудын телевизүүд шууд дамжуулсан бол оролцоогүй улсын иргэдэд зориулж “Youtube”-ээр НҮБ-ын албан ёсны таван хэл дээр шууд дамжуулсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден энэхүү чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр дарангуйлагч нарын засгийн зүгээс явуулж буй зохион байгуулалттай, тодорхой төлөвлөсөн, зорилготой халдлагад ардчилал өртөж “арагш ухрах” боллоо. Ардчиллыг бий болгочихоор өөрөө хөгжөөд явчихдаг “зүйл” огт биш. Бид ардчиллыг гадна болон дотоодын халдлагаас байнга хамгаалж тордон хөгжүүлэх талаар хүчээ нэгтгэн хамтран ажиллах түүхэн шаардлага бий болоод байна. Иймээс та бүхнийг энэ талаар санал бодлоо ний нуугүй, зоригтой ярьж хэлэлцүүлэхийг хүсч байна” хэмээсэн бөгөөд оролцогчид ч энэ шугамыг баримтлан амжилттай ний нуугүй хэлэлцүүлэг өрнүүлэн нэгдсэн шийдвэрт хүрсэн.

Энэхүү чуулга уулзалтын онцлох том амжилт бол авлигыг хүний эрх зөрчиж буй хамгийн том гэмт хэрэг гэж албан ёсоор дэлхий нийтэд зарласан явдал байв. АНУ болон Европын холбоо авлигачдад виз олгохгүй болж буй бөгөөд өөрийн улсад байгаа тэдний хөрөнгийг царцаах хууль удахгүй гаргаж, ардчилсан бүх улс авлигатай хамтран тэмцэнэ гэдгийг албан ёсоор зарлав. Үүнийг удахгүй Англи, Австрали, Шинэ Зеланд, Канад, Швейцарь, Финлянд, Япон, Өмнөд Солонгос зэрэг хөгжингүй улсууд хамтран хэрэгжүүлэх юм байна. Ганц жишээ авахад, эдгээр хөгжингүй улсууд 2026 оноос 90 настныг 40 дөнгөж гарсан настан болгон залуужуулдаг эмийг хэрэглэж эхлэх гэж байгаа бөгөөд хөгшид, хүүхэд, эмч, багш нарт очих ёстой мөнгийг замаас нь “залгидаг” хүний үнэргүй авлигачдад энэхүү шинжлэх ухааны ололт, амжилт огт хамаагүй болох юм байна. Үүнийг монголчууд “нүгэл нүдээрээ гарах” гэдэг.

Чуулганд оролцогчид дараагийн чуулга уулзалтаар хэлэлцсэн асуудлын талаар хийсэн ажлаа танилцуулж үр дүн, алдаа оноогоо хамтран дүгнэхээр шийдвэрлэв. “Ардчиллын төлөө” дараагийн чуулга уулзалтыг Дани улсын нийслэл Хопенхаген хотод энэ оны тавдугаар сарын 10-11-нд цахим болон биет байдлыг хослуулан хийх юм. Ардчиллын төлөөх энэхүү чуулга уулзалтыг анх 2018 онд АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден нээж үг хэлж байсан бөгөөд энэ удаа ерөнхийлөгчийн хувиар анх удаа оролцох аж.

Орчуулсан: Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

БНХАУ-д “Омикрон”-ы анхны тохиолдол бүртгэгдэв

Хятадын Тяньжин хотноо коронавирусийн хурдацтай тархдаг “омикрон” хувилбарын анхны тохиолдлыг бүртгэжээ.

Хятадын эрх баригчдын мэдээлснээр “омикрон” хувилбарыг арванхоёрдугаар сарын 9-ний өдөр хилийн чанадаас буцаж ирсэн, ямар нэг шинж тэмдэггүй хүнээс илрүүлсэн байна. Одоогоор өвчтөнийг тусгаарлаад байгаа аж.

Тус улсын зүүн хэсгийн Зэйжан мужид дельта хувилбарын шинэ тохиолдлууд бүртгэгдэж, халдварын тархалттай тэмцэж байгаа гэнэ.

Одоогоор “Омикрон” хувилбар дэлхийн 50 гаруй улсад бүртгэгдээд байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Categories
мэдээ спорт цаг-үе

“Бөртэ чоно-2021”: Шилдгийн шилдэг тамирчнаар Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар шалгарлаа

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно-2021” аадмын ёслол өчигдөр үдэш Монголын үндэсний олон нийтийн радио телевиз МҮОНРТ-ийн “Студи-600”-д болж оны шилдгүүдийг шалгарууллаа.

2021 оны “Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин”-наар “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн 73 кг-д хүрэл медаль хүртэж, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгын аварга, Бакугийн Их дуулгын хүрэл медальтан болсон амжилтаараа Ц.Цогтбаатар шалгарч “Бөртэ чоно-2021” цомын эзнээр тодорлоо.

No description available.

Харин “Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин”-наар “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Тбилиси, Ташкентын Их дуулгын аварга, Мастерс тэмцээний хүрэл медальт М.Уранцэцэг /жүдо бөх/ шалгарч “Бөртэ чоно-2021” цомын эзэн болов.

Мөн 2021 оны “Шилдэг баг”-аар “Токио-2020” олимпын 32 дугаар наадамд анх удаагаа Монгол Улсаа төлөөлж багийн төрөлд өрсөлдсөн 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг тодорлоо.

Оны Шилдийн шилдэг тамирчдыг болон шилдэг багийг Монголын спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.

“Бөртэ чоно-2021” цомын эзэд болсон тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн болон байгууллага, хамт олныг танилцуулж байна.


Шилдэг олимпын танхим – Хөвсгөл аймгийн “Сод-Эрдэм” ЕБС

Шилдэг олимпын зүтгэлтэн – Ш.Лхачинжав

Шилдэг олимпын зөвлөл – Орхон аймгийн “Атланта” олимпын зөвлөл

Шилдэг спортын сэтгүүлч – МҮОНТ-ийн “Монголын спортын нэгэн зуун” төслийн баг

Спортын шилдэг ивээн тэтгэгч – MSC coca cola компани

Спортын шилдэг ивээн тэтгэгч – Скайтел гурпп

Спортын шилдэг бүтээн байгуулалт – “Степпе Арена”

Олимпын төрлийн шилдэг холбоо – Монголын чөлөөт бөхийн холбоо

Олимпын төрлийн шилдэг холбоо – Монголын жүдо бөхийн холбоо

Шилдэг шүүгч – Т.Энхцэцэг /жүдо бөх/

Олимпын бус шилдэг холбоо – Монголын жюү жицүгийн холбоо

Шилдэг менежменттэй холбоо – Монголын хөлбөмбөгийн холбоо

Ажил мэргэжлийн шилдэг байгууллага – Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв

Шилдэг дасгалжуулагч – Б.Баттулга /чөлөөт бөх/

Шилдэг дасгалжуулагч – Х.Болдбаатар /жүдо бөх/

Шилдэг дасгалжуулагч – Д.Баттулга /пауэрлифтинг/

Шилдэг залуу тамирчин – Д.Отгонжаргал /чөлөөт бөх

Паралимпын шилдэг тамирчин – Э.Содномпилжээ

Шилдэг эмэгтэй тамирчин – М.Анхцэцэг /хүндийг өргөлт/

Шилдэг эрэгтэй тамирчин – Саейд Моллай /жүдо бөх/

Шилдэг эмэгтэй тамирчин – Б.Болортуяа /чөлөөт бөх/

Шилдэг эрэгтэй тамирчин – М.Лхагвагэрэл /чөлөөт бөх/ тус тус шалгарлаа.

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

1 хүн, зогсож байгаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

3 хүн, зогсож буй хүмүүс болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

2 хүн, зогсож буй хүмүүс болон "бертэ чоно 2021 шиллэг эрэгй тамирчин саеид моллаей / data-verified=

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно



Categories
мэдээ улс-төр

УИХ-ын байнгын болон түр хороо хуралдана

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хорооны өнөөдөр /2021.12.14/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

ЦАГ

БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

ХААНА

10.00

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

· Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Ажлын хэсэг байгуулах тухай /Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/

“Их Эзэн Чингис хаан” танхимд

12.00

Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/:

Хэлэлцэх асуудал:

· Цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийнэ

· Коронавируст халдвар /Ковид-19/-ын шинэ төрлийн Омикрон хувилбар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонсох

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан /Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдааны дараа/:

Хэлэлцэх асуудал:

· Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайлан сонсох

“Үндсэн хууль” танхимд

Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан /Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдааны дараа/:

Хэлэлцэх асуудал:

· Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

15.00

Төсвийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдэв батлах тухай/

· Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Монголын улс төрийн намуудын хөдөлгөөн

Өнгөрсөн долоо хоногт улс төрийн намуудын хувьд нэлээд дуулиантай, шуугиантай өнгөрлөө. Төрийн эрхийг бүхэлд нь барьсан МАН Их хурлаа хийлээ. Намын даргаа ч батламжиллаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО: Зууныг эхлүүлэх Зургаан сэргэлт гэгчийг танилцуулав. Түүх сөхөхөд, 1932 онд Монгол Улсын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар нарын хэрэгжүүлсэн Шинэ эргэлтийн бодлого ч төр өөртөө шүүмжлэлтэй хандаж, алдаа дутагдлаа засч, гажуудсан чиг хандлагыг өөрчилж байснаараа түүхэн ач холбогдолтой байсан гэдэг. Ардын намын анхны дарга Солийн Данзан “Иргэн баян бол улс баян” хэмээн тунхаглаж, 1932 оны Шинэ эргэлтийн бодлого ч “Бусдыг мөлжихгүйгээр иргэн бүр хэм тэгш баяжигтун” гэсэн агуулгатай байсан. Ерөнхийдөө шинэ эргэлтийн бодлогыг 1992 он хүртэл үргэлжилсэн гэж улс төр судлаачид үздэг. Түүнчлэн социализмыг байгуулах, олон улстай гэрээ контракт байгуулах зэрэг олон дэвшилтэт ажил хэргийг эхлүүлэхэд 1932 оны Шинэ эргэлтийн бодлого гол нөлөөтэй гэж үздэг. Тэгвэл Ерөнхий сайд энэ цаг үеийн Шинэ сэргэлтийн бодлого өнөөдрийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ирээдүйн зорилтоо зөвөөр тодорхойлж, алдаа дутагдлаа засч Төрийн бүтээмжийг эрс сайжруулахад чиглэнэ гэж хэлж байгаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шинэ сэргэлтийн бодлого нь боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэрийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтүүд байх аж. Шинэ сэргэлтийн бодлого нь “Алсын хараа -2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилтот хөтөлбөр хэмээн үзэж байгаа юм. “Алсын хараа -2050” бодлогод тусгасан нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 дахин өсгөж, ядуурлыг тав дахин бууруулж, чинээлэг дундаж давхаргыг 80 хувьд хүргэх зорилт бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж. Хамгийн гол нь Шинэ сэргэлтийн бодлого хаана хүрч зогсох вэ. Хэдий хүртэл үргэлжлэх вэ. Энэ бодлого хэрэгжиж дуусахад бид ямар улс болсон байх уу зэрэг асуултууд хөвөрнө.

МАН Их хурлаа түүхэн хурал гэж үзэж байгаа. Түүхэн эсэхийг нь цаг хугацаа аандаа харуулаад өгөх биз. МАН нь Социал Демократ үзэл баримтлалтай намын хувьд хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарыг онцгойлон дэмжиж, төрийн үйлчилгээний хүртээмж, цалин тэтгэвэр, амьдралын чанарын суурь үзүүлэлтүүдийг СКАНДИНАВЫН орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн хэрэгжүүлнэ гэж байгаа. Ямартаа ч эдийн засгийн хараат байдал, эрчим хүчний хараат байдлаас гарна гэх зорилтууд дэвшүүлсэн байсан. Түүнчлэн ган, нефтийг дотооддоо өөрсдөө үйлдвэрлэдэг болно гэж байгаа. Ерөнхий сайд маань улс орноо Азийн их хүлэг улс болгон хөгжүүлнэ гэж ярьдаг. Тэрээр 30 жилийн дотор нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлсэн, Азийн их хүлэг улс болгон хөгжүүлнэ гэж үзэж байгаа аж.

Нөгөө талд улс төрийн томоохон хоёр хүчний нэг болох Ардчилсан нам Үндэсний анхдугаар чуулганаа арванхоёрдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулсан. Орон даяар ардчиллын манаанд зогсож буй гишүүд, дэмжигчид гээд 1300-гаад төлөөлөгчид уг хуралд оролцож ардчиллын үйл хэрэг, намын дотоод асуудал, цаашдын шинэчлэлийн асуудал зэрэг олон асуудлыг хэлэлцэж, ярилцан зөвлөлдсөн аж. Одоогийн нөхцөлд эрх баригчдын алдаа дутагдлыг шүүмжлэн залруулж, нийгмээ сайжруулахын төлөө зүтгэх ёстой нам нь Ардчилсан нам. Гэвч сөрөг хүчин байх учиртай энэ нам сөрөг хүчин байх нь битгий хэл өөр хоорондоо сөргөлдсөөр байсан. Гэвч тэд хурлаараа намын даргаа нэгтгэх талаар ярьж хэлэлцэх шиг болов. АН-ын тэмцэлдэх нь багасаж олонх болох тал руугаа хэвийж байгаа гэнэ лээ. Ардчиллыг хөгжүүлэхгүй л бол дарангуйлал тогтох нь гэж хүн бүр ярьдаг болсон. Тэр дундаа Монголд ардчиллыг Ардчилсан нам тогтоох ёстой ч гэж ард түмэн үздэг. АН ч өөрсдийгөө ардчиллыг тогтоох ёстой хэмээн үздэг. Энэ нам нэгдсэн нэг байр сууриа олоод явбал хаа хаанаа хэрэгтэй л байна.

ХҮН-ын хувьд МАН-ын захиалгаар Цэцэд ханддаг гэж хүмүүс яриад байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нар сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар иргэний журмаар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа. Тэд Монгол Улс бол нэг том тойрог байх ёстой гэж үзэж байгаа юм. Угтаа энэхүү гомдлыг Цэц хүлээгээд авчихвал Үндсэн хуульд маш том цоож түгжээг нь тайлах зүйл болох байх. Цэцийн дүгнэлтээс үүдэн Үндсэн хуулийн өөрчлөлт яригдаад эхлэх биз. Түүнд нь сонгуулийн тогтолцоо, давхар дээл, гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудлууд багтаад явчих бололтой байна. Түүнчлэн намаасаа ганцаараа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Т.Доржханд хүчтэй сөрөг хүчин болмоор байна гэж ярьдаг. Олонхийн эсрэг МАН-аас бусад нам нь нэгдвэл тун зөв. МАН-ын өмнөөс нийлж нэгдэж бурууг нь сөрж зогсмоор байгаа юм. Даанч ХҮН-ын амбиц өндөр. Тэдэнтэй нийлснээс Ардчилсан намыг өөрсдөдөө нэгтгэнэ гэх зүйл ярих байх. Уг нь энэ хэзээ ч бүтэхгүй гэдгийг мэдэхийн цаагуур мэднэ л дээ. Тэгээд зүгээр сөрөг хүчин болохгүй л гэсэн санаагаа нууж тэгж ярьж байгаа хэрэг юм. Улс төрийн намууд ийм алхам хийсэн долоо хоног өнгөрөв. Хүний эрхийн асуудал, эрх баригчидыг шүүмжлээд шүүхээр шийтгэгдэж байгаа асуудал өчнөөн төчнөөн гарч байгаа боловч энэ талаар намууд ганхийж дуугарсангүй. Мөн эдийн засгийн байдал хүнд хэвээрээ. Эрээн боомт хаалттай байгаа боловч энэ талаар мөн анхаарлаа хандуулсан нам байхгүй гэхэд хилсдэхгүй. Намууд хүний эрхийн тал дээр ийм мэдрэмжгүй байгаа нь улс төрийн намын нэр хүнд манайд унахад маш их нөлөөлж байдаг. Одоо амтай болгон нь нам хэрэггүй гэцгээдэг болсон. Үүнийг ч цаагуураа дөгөөж юу ч мэдэхгүй иргэдийг хөөргөдөн шуугиулах хүсэлтэй хүчин их байна. Парламентын засаглалын үндэс бол улс төрийн нам юм. Улс төрийн намгүй парламент хаана ч байдаггүй. Нам байхгүй бол парламентын засаглал байхгүй гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр уулархаг нутгаар, 15-нд ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар, 15-нд ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна.

2021 оны 12 сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 17-22 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Онон, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 15-наас 12 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан

15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 15-нд нутгийн зарим газраар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

А.Бөртэ-Үжин “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгарчээ

Монгол Улсаа төлөөлөн “Дэлхийн мисс”-т оролцож буй А.Бөртэ-Үжин тус тэмцээний “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ.

Ингэснээр тэрээр дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Энэ жилийн миссийн тэмцээн АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны “José Miguel Agrelot Coliseum” цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 16-нд болох юм.

“Авьяаслаг мисс” шалгаруулалтын шилдэг оролцогчоор Норвеги, Япон, Чили, Хойд Ирландын мисс удаалжээ.

No description available.

Үндэсний ялагч Ану овогтой Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн “Бүжгийн урлагийн сургууль”-ийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн. Тэрээр мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг хийж байсан туршлагатай юм.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

ШЕЗ-ийн дарга асан Н.ЛҮНДЭНДОРЖ: ШЕЗ-д нэртэйгээр нь намайг оруулахгүй гээд журамдаа биччихгүй яасан юм бол гэж инээд хүрч сууна

– ҮНДСЭН ХУУЛИАР ШЕЗ-ИЙГ БЭХЖҮҮЛСЭН. ХАРИН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИАР ТҮҮНИЙГ СУЛРУУЛСАН. ЭНЭ ЯМАР ЛОГИК ВЭ? –

ШЕЗ-ийн дарга асан, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржтой шүүхийн асуудлаар ярилцлаа.


-Монголын шүүхийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлд энэ өдрүүдэд шинэ баг бүрдэж, шинэ гараанаас ажилдаа орцгоож байх шиг байна. Ийм байгууллага байх ёстой гэж анх шүгэл үлээж, хөл дээр нь тогтоож хүлээлгэж өгсөн хүний хувьд “шинэчилсэн” гэгдэж байгаа энэ өөрчлөлтийн үйл ажиллагаанд харагдсангүй. Гэхдээ алсаас бол нэгийг бодож, нөгөөг тунгааж суусан болов уу?

-Дөнгөж байгуулагдаж байгаа болохоор ажлын үр дүн мэдээж харагдах болоогүй.

Хүрсэн нэг үр дүн бол ШЕЗ-ийн бүрэлдэхүүн ямартаа ч парламентын олонхын хүсэл зориг, улсын тэргүүний улс төрөөс ангид ажиллах бололцоо хагас дутуу ч болов бүрдлээ. Гэхдээ бүрэлдэхүүний эр зориг, ур ухаан их чухал шүү. 2012 оны Шүүхийн багц хуулиар ШЕЗ-ийг бие даалган байгуулж, ажилласан он жилүүдэд уг байгууллагыг хүчгүй болгох, буцааж Дээд шүүхийн болон Хууль зүйн яамны халаасанд оруулах далдхан бодлого их хүчтэй болчихсон байлаа. Зарим нь санаа бодлоо ил хэлдэг ч байлаа. Би тэр үед мэдээлэлд ойр байлаа шүү дээ.

Энэ үед иргэн Ламжав багш надад нэг бичиг баримт авчирч өгсөн юм. Тэр нь 1990 онд шинэ Үндсэн хуулийн анхны төслийг НҮБ-ын Хүний эрхийн хороонд Засгийн газраас явуулж санал зөвлөмж авсан бичиг баримт байв. Түүн дээр нууцын тэмдэг дарсан байв. Уншвал үнэхээр мундаг анализ. Хэрэв түүнийг тухайн үед нь авч Үндсэн хуульд тусгасан бол өнөөгийн олон зовлонг бид туулахгүй байсан гэж бодогдсон. Нууцын тэмдэг дарсан нь их сонин. Хэнээс, хэн, юуг нууцлав гэдэг нь их хоржоонтой түүх шүү. Бас л бидний араншин. Уул нь тэрхүү санал зөвлөмжийг авч Үндсэн хуулиа чамбайруулсан бол улс хожих байлаа. Харин нуусан хүн “хожоод” өнгөрчээ. Залуусын хэлдгээр тавилан байж дээ.

Тэр дүн шинжилгээ дотор ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг Үндсэн хуулиар зааж өгөхгүй бол тэр байгууллага чинь парламентын олонхын мэдлийн байгууллага болж шүүхийн хараат бус байдлыг хамгаалах байгууллага болж чадахгүй гэдгийг шууд хэлээд ийм маягаар 10 хүнийг ч оруулж болно гэсэн жишээг хүртэл бичсэн байв. Тэр үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажил эхлэх гэж байлаа. Ламжав багш сүрхий хүн болохоор цагийг нь олж надад өгсөн юм билээ. Үүнээс санаа авч, түүнийг нэлээн газар авахуулсны үр дүнд дэмжигдэж, Үндсэн хуульд орж, нөгөө далд санаархлыг бут цохисон нь их чухал. Том амжилт. Харин ШЕЗ-ийн энэ бүрэлдэхүүн сайн амилуулж, хүч оруулаасай. Анхнаасаа местен дээрээ министр болохгүй бол их хүлээлт талаар болно. Хэн ч тоохоо болино.

-Надад нэр цохож, тэр зөв байсан, буруу байсан гэж асуух сонирхол алга. Гэхдээ зөвлөлд шинээр сонгогдсон дарга шинэчлэлээ зөрчөөд гишүүн болоод ороод ирсэн. Шинэчлэл гэж ярьсан парламент ч оруулаад ирлээ. Иргэдийн шүүхэд итгэх итгэл гэх том зүйл ийм явдал дээрээс л мохож, буцаж байдаг юм биш үү?

-Хүндээ биш ээ. Тэр журмандаа асуудал нь байсан. Ерөөсөө л анхнаасаа тэр УИХ-аас баталсан журам нь Үндсэн хуульд нийцээгүй залуучуудын хэлдгээр их тэнэг юм байсан. Тэр үед хууль хийсэн нөхөд сэтгэлийн хөөрөлд их автсан байсан даа. Том хуулийн ард гарлаа гээд. Зарим нь хүнтэй ч дуугарахаа байчихсан байсан шүү. Хүүхэд тийм байхдаа л хөөрхөн гэдэг шиг. Улстөрч болохын анхны дүрэм бол сэтгэлийн хөөрлөө барих, дарах, нуух юм шүү.

Өмнө нь ШЕЗ-д гишүүн байсан хүн яагаад орж болдоггүй билээ. Тэд яасан хүмүүс юм. Эрхээ хасуулах ямар гэм зэмтэй юм. Би тийм журам гарсныг дуулаад нэртэйгээр нь Н.Лүндэндоржийг оруулахгүй гээд биччихгүй яасан юм бол гэж инээд хүрч суусан.

За тэгээд энэ улс чинь төрд зүтгэх хүнээ үе үеийн төлөөлөлтэй байх талаас нь жаахан анзаарахгүй бол “хүүхдүүдийн улс” болж мэднэ шүү. Хойд, урд хөршийн удирдагчидтай нэг хүүхэд очоод юм ярих гэхээр цаадуул нь хэр тоох бол. Энэ бол жишээ. Хорвоо өнгөтэй шүү. Аливаа зүйлд хүний хүчин зүйл маш их, түүхэнд хувь хүний гүйцэтгэх үүрэг маш их. Нас тоо боловч бас туршлага гэдгийг мартаж болохгүй.

-Өнгөн дээрээ олон талын оролцоог хангасан, шүүгч, шүүгч бус 10 гишүүн гэж баахан ярилаа. Олон нийтийн өмнө томилгооны сонсгол хийж дүр эсгэлээ. Цаанаа бол энэ удаагийн ШЕЗ-ийн эрх мэдэл гэж юм байна уу. Шүүхийн тухай хуулийн шинэчлэлээр гурав тасалчих шиг боллоо?

-Бидний хүрсэн түвшингээс хамаараад олон сайн зүйл жүжиг, дүр болохыг таашгүй. Энэ бас л туулах зам. Гэхдээ хичээх ёстой. Өндөр хөгжилтэй оронд байдаг сайн зүйл манайд муу зүйл байх нь олон. Тиймээс арга, механизмаа хөрсөндөө тааруулж, сайн бодох хэрэгтэй. Өмнө нь ШЕЗ-ийн бүрэлдэхүүн намаас түдгэлзсэн гэх ерөнхийлөгчөөс, тооны талаас харвал нэг хүнээс хамааралтай байсан бол одоо ШЕЗ-ийн тал бие улс төрийн намаас, парламентын олонхоос хамааралтай боллоо. Тэр нь сайн, муу гэх юм байхгүй. Ер нь хамааралтай болгох сэтгэл байвал хамааралгүй болгох арга зам гэж бараг байхгүй дээ. “Ус нүх сүвийг ямагт олдог” гэдэг шиг хүн чинь их зовлонтой амьтан ш дээ. 1О хүнийг аргандаа оруулах бүү хэл дэлхийг ч атгандаа оруулах чадалтай.

Томилсон этгээд томилгоогоо нөлөөлөх нүх сүв гэж ойлгоод нөлөөлөөд, ШЕЗ нь түүнийг сонсоод эхэлбэл ямар ч ялгаа байхгүй. Тиймээс хориг саад, хариуцлагын механизм хэрэгтэй болдог. Манайх шиг улс төрийн соёл муу, клиентизмд живсэн улсын тухайд нөлөөллийг сааруулах, хаах хариуцлагын механизм маш чухал. Тэр нь харамсалтай нь алга. Байгаа гэх нь ёс төдий, инээд хүрмээр юм байх жишээтэй. Тэгээд бодохоор нөлөөлөл нээлттэй гэж дүгнэж болно. Харин 2012 оны хуулиар шүүгчид нөлөөлсөн албан тушаалтныг өчиггүй зайлуулах хуулийг 2016 онд хүчингүй болгож амарцгаасан.

ШЕЗ-ийг мануухай болгох бодол мөрөөдөл намайг байхад улс төрийн хүрээнд эхэлсэн. Гэхдээ үнэн хэрэг дээрээ улс төрийн хүрээсэх ч юм биш л дээ. Эрх мэдлээ алдсан, эрх мэдэл нь хөндөгдсөн, бас хоцрогдсон хэдхэн хүн хийсэн. Түүнийг мэргэжлийн бус парламент ойлгоогүй, Шүүхийн хуулийг тэдний хүслээр баталсан. Үндсэн хуулиар ШЕЗ-ийг бэхжүүлсэн. Харин шүүхийн тухай хуулиар түүнийг сулруулсан. Энэ ямар логик вэ.

Хууль тогтоогч энэ мэтийг олж харах ёстой л доо. Гэвч тэд олж хараагүй. Одоо ШЕЗ-д Үндсэн хуулиар олгосон, Шүүхийн захиргааны чиг үүрэгт багтдаг ажлыг гурав хувааж, түүний хүчийг сулруулсан нь үнэн. Мэргэжлийн бус чамайг олоод харчихсан байхад хууль хийгчид, батлагчид одоо ч олж хараагүй байх жишээтэй.

-Ингэж хүчийг тарамдуулах явдлын цаана том л ашиг сонирхол дагана биз?

-ШЕЗ-ийн чиг үүргийг гурав хувааж хүчийг тарамдуулсан чинь их нарийн ухаан шүү. Бид чинь муу юманд их гаршсан. Нэг хэсэг бүрэн эрхийг Шүүгчдийн зөвлөл гэсэн нэг эзэн биегүй, хариуцлага хүлээх субьектгүй, байнгын ажиллагаагүй байгууллагад өгчихсөн. Нэг хэсгийг шүүн таслах ажил шүүхийн захиргаа тусгаар байх зарчмыг зөрчөөд Дээд шүүхэд өгчихсөн. Би тэр үед зарим хүмүүсээс зориуд асууж байсан юм. Хариуд нь “Консенсус хийхгүй бол хууль батлагдахгүй тийшээ болоод” гэж байсан. Үүнийг хууль батлагчид мэдээгүй. Одоо энэ 10 хүн их зовох байхдаа, хөөрхий.

Ер нь Шүүхийн тухай хуулийг дахин засах ёстой. Урагшилсан зүйлээс илүү ухарсан нь их. Шүүгчийн хариуцлагын тогтолцоо бий болгосон нь том урагшлалт. Дээд шүүхийг үйл баримтын маргаан шийддэгийг зогсоосон нь шинэ юм биш, бүх процессын хуульд олон жилийн өмнө зохицуулсан харилцаа. Харамсалтай нь тэдгээр хуулийн өөр нэг зүйлд “бүхэлд нь хянана” гэдэг цоорхойг УИХ лобби, эсвэл мэдэхгүйгээр хавчуулаад үйл баримтыг хянуулж, Монгол Улсыг бараг шүүхийн нэг шатлалтай болгосон байсан. Өөр нэг дорвитой, 2012 оны хуулийг үзэл санааг давсан юм байхгүй. Харин ухралт их хортой. Шүүхийн шинэтгэлийн нэг амин сүнс бол шүүхийн босоо удирдлага буюу дээд шатны шүүх доошоо ямар нэг аргаар нөлөөлөх нөлөөллийг халах явдал байсан. Шүүхийн шинэтгэлийн үр дүнд бараг халсан шүү. Муу ч гэсэн шүүгч өөрийн толгойгоор хэргээ шийдэж эхэлсэн. Тэр үед ямар яриа их гарсныг эргээд нэг санаарай.

Энэ анхан шатны шүүгчид их даварлаа. Алдаа завхрал их хийж байна. Одоо яана аа гэж их хашгирсан шүү. Тэд алдаж байсан байж мэднэ. Харин хашгирагчдыг тэд сонсохоо байсанд уур нь их хүрч байсан юм шүү. Одоо тэд хашгирахгүй болсонд нууц нь оршмой. Хашгирахгүйн нууцаа буюу босоо удирдлагаа тэд шинэ хуулиар их нарийн, уран аргаар сэргээн хавчуулж амжсан шүү. Худлаа гэвэл шүүгчдээс нууц санал асуулгаар асуугаад үзээрэй. Энэ бол нэг ёсондоо аюул. Юун яасан шинэтгэл.

-Томилгооны сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд таныг шүүх рүү олон мянган ялаа оруулж ирсэн гэж мэдэгдсэн. Та анзаарсан л байх?

-Болчимгүй мэдэгдэл. Ер нь ийм яриа Их хурал дээр их байдаг гэж сонсон. Хэлсэн нь хөөрхий муу Ш.Раднаасэд болохоос. Монгол төрийн бодлого тодорхойлж байгаа байгууллага, хүмүүс тийм харалган, буруу мэдээлэлтэй байгаа нь харамсалтай. Надаас бүр зарим нэг дотно гишүүд аминчлан Ц.Элбэгдорж өөрийн баахан хүнээ оруулсан гэж энд ярьцгаадаг гэж асуудаг. Би хэлдэг. “Үгүй дээ” гэхээр гайхаад хараад байдаг. Ц.Элбэгдорж гэдэг Ерөнхийлөгч ийм хүнийг шүүгч болгоё гэж Н.Лүндэндоржид нэг ч хүний нэр хэлээгүй гэвэл хүн итгэх болов уу. Үнэн нь л тэр шүү. Би одоо хэн нэгнийг хамгаалах, тал засах хэрэг надад огт байхгүй. Би цонхноос буугаад эх орныхоо хөрсөн дээр суугаа айдгаа авдартаа хийсэн хүн.

Дундуур нь шүүгчийн томилгоонд хуруу гараа хүргэх гэсэн нэрийг барих бөөн хүч, сонирхол байсныг үгүйсгэхгүй. Хүн ер нь өөрийнхөөрөө л юмыг ойлгох гээд байдаг амьтан шүү дээ. Би ажлаа өгөхөөс өмнө өргөн мэдүүлж шүүгчээр томилуулсан бүх 160 орчим хүнийг нэрийг гаргуулан авч нэг бүрчлэн үзсэн. Миний хүсэл зоригоос гадуур би дэмжээгүй 20 орчим хүн л сэтгэлд жаахан дундуур бодогдож байсан. Бусад нь аргагүй л шилдэг хуульчид, мундаг залуучууд бий шүү. Тэд ялаа биш. Тэд яваандаа хэн болохоо харуулна гэдэгт итгэдэг. Та нар ч харна. Хэрэв шүүхэд шударга шигшилт хийвэл тэд л голчлон үлдэж мэднэ шүү.

-Өмнөх баг бүрэлдэхүүн ч тэгсхийгээд нам жимхэн ажиллаад буулаа. Улс төрийн томилгоо л гэж баахан баалуулсан санагдана. Ер нь энэ байгууллагыг удирдахын жаргал, зовлон таны үед ямар байв даа?

-ШЕЗ-ийн гишүүн, даргаар би 6.6 жил ажилласан. Миний баг их зүйл хийсэн дээ. Одоо түүнийг ил хэлбэл одоо цагийн шинэчлэгчид бүдгэрчих гээд байна шүү дээ. Хоёулаа хүмүүсийн уур хүргэх хэрэггүй байх аа.

Ийм ахархан бодол Монголд их газар авсан. Үүнээс болоод монгол төрийн бодлогын залгамж чанар их алдагдлаа. Юу хийсэн, одоо угсарч юу хийх билээ гэдэг юм алга болж байна. Шүүхийн шинэтгэлийг хүн бүр хийж байна гэж ярисаар байгаад сүүлдээ утга чанараа алдлаа. Реформ гэдэг үг моодноос гарлаа. Манай УИХ, Засгийн газар шүүхээ дэмжиж байж улс хөгжинө, хөрөнгө оруулалт орж ирнэ гэдгийг хэлдэг атлаа хэрэг дээрээ юм хийдэггүй. Үүнийгээ засах ёстой. Улс орон хөгжихөөс илүү улс төрийн хүчин Засагт яаж ийгээд удаан байх нь илүү гэсэн бодол их байгаа учраас юун яасан шүүх болчихоод байна.

Шүүх бие даасан эрх мэдэл болж чадаагүй байгаа. Эдийн засгийн хараат бус байдал арилаагүй үед шүүх эрх мэдэл болохгүй. Иргэдийн шударгаар шүүлгэх эрх бүрэн хэрэгжихгүй шүү. Гэтэл бид эдийн засгийн гадуур шинэтгэл хийх гээд байдаг. Тийм юм ертөнцөд байхгүй л дээ. Эдийн засаг чинь зүйрлэвэл зүрх нь. Одоо ч ухаж, зөв ойлговол аливаа бодлого бол эдийн засгийн төвлөрсөн илэрхийлэл гэж Лениний хэлсэн нэг ончтой үг бий.

-Ерөнхийлөгчийн зарлигаар 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудал ихээхэн дуулиан болсон. Шүүгчдийн хэргийн асуудал тусдаа. Харин шүүгчдийг ҮАБЗ-өөр оруулсан нь шүүмжлэл дагуулсан. Нөгөө л улс төрийн нөлөөлөл, хамаарал байсны тод илрэл боллоо гэж. Хөшигний ард болсон үйл явдлыг та л сайн мэдэх байх?

-ҮАБЗ-ийн хурал дээр гүйцэтгэх ажлын материал танилцуулж байхад би тэнд байсан. Цөөн шүүгчээс бусад нь асуудалтай юм байна гэж би тэр үед ойлгосон, бас нүдээрээ харсан шүү. Харин сүүлдээ нэр нөлөө муутай хоёр гурав нь шийтгэгдээд жинхэнэ эзэд ард үлдэхийг хардаг юм байна. Улстөрчдийн гар хөл орохоор л асуудал тийм болдог. Шүүгчдийн бүрэн эрхийг ҮАБЗ-ийн шийдвэрээр түдгэлзүүлдэг хуулийг УИХ баталсан юм шүү дээ. Ер нь бол буруу хууль байсан. Түүний хариуцлагыг УИХ хариуцах ёстой.

-Одоогоос 15 жилийн өмнө та шүүхийн шинэтгэлийн талаар манай сонинд “Шүүх эрх мэдлийн хямрал” хэмээх томоохон нийтлэл гаргаж байв. Түүнээс өмнөх шүүхийн байдал ямар байсныг өнөөдөр нэг сануулахад илүүдэхгүй биз дээ?

-Шүүхийн босоо удирдлага туйлдаа тулаад сүүлдээ дотроо багаар ажилладаг болсон байв. Нэг ёсондоо эрх баригчдын зодуурын саваа бараг болсон байсан. Шүүгч нар нь аймхай зүрхээ зүсүүлсэн мэт байсан санагдана. Хүнтэй ярихаас их айна. Ерөнхийдөө бүрэн базуулсан байсан. Тэр үед Дээд шүүх хаан, заан шиг л хүчтэй байлаа. Ял шийтгэлийн нэгдсэн бодлоготой. Тийм хэрэгт хорихоос өөр төрлийн ял өгч болохгүй гээд албан даалгавар бүр бичгээр өгнө. Түүнийг биелүүлээгүй шүүгчийг шийтгэдэг байв. Шүүгч өөрийн толгойгүй мэт болсон байлаа. Одоо тэгвэл дээрээс тэгж хэлбэл зарим шүүгч урдаас нь “хуц” гэж мэднэ шүү. Үүнийг л шинэтгэл гээд байгаа юм.

Харин одоо дээрээс доошоо нөлөөлөх арга их уран нарийн болсныг өмнө хэлсэн. Түүнд нь Шүүхийн шинэ хууль багагүй “хувь нэмэр” оруулсан. Мөдхөн ид шидээ харуулж мэднэ. Одоо ч шүүгч нар хэлж байгаа шүү. Буцаад хуучиндаа орж байна даа гэж. Энэ юу гэсэн үг билээ…

-Тэгээд шүүхийн шинэчлэл эхэлсэн. Хуулиуд гарч, шүүхийн байр сав, шүүгчдийн цалин хангамж, нээлттэй шүүх, цахимжилт гээд олон зүйл шинэ шатанд гарч эхэлсэн. Бас л их хэл аман дунд явсан шинэчлэл шүү дээ. Та санал нийлнэ биз?

-Шинэтгэлийг эсэргүүцлээр нь хэмждэг гэсэн үг байдаг. Шүүхийн шинэтгэл чинь эцсийн эцэст эрх мэдэлтэнд халтай болдог байхгүй юу. Тэгэхлээр эсэргүүцэх нь зүйн хэрэг. Их эсэргүүцэлтэй тулсан. Гэхдээ надад сонирхолтой байсан. Олон хүний цаад бодлыг олж харсан.

Монгол Улсыг боддог хүн энэ улсад байна уу гэж хүртэл бодож байсан шүү. Харин шүүгчдийн 90 орчим хувь нь шинэтгэлийг дэмжиж байлаа. Уг нь тэд л эсэргүүцэн зогсоох хамгийн гол хүч байсан. Гэтэл эсрэгээрээ төр засаг нь эс үйлдэхүйгээр эсэргүүцсэн. Энэ бол цаашдын маш том асуудал зовлон болно доо. Намайг хөдөө явж байхад нэг шүүхийн ажилтан нэгэн сонин юм ярьсан. Нэг аймгийн дарга ерөнхий шүүгчийг утсаар дууджээ. Юунд очихов. Гэтэл нөгөө дарга удалгүй жийп машинаа хөлөглөн ирээд ерөнхий шүүгч дээр орох гэхээр Тахарын алба нь оруулаагүй гэнэ. Гэтэл тэр дарга утсаар тэндээсээ ингэж ярьсан гэж байгаа. Энэ шүүх чинь эх захаа алдлаа. Өчнөөн олон ерөнхий шүүгч. Хэн нь хамгийн том нь ч мэдэгдэхээ байлаа. Учрыг олно гэсэн яалаа. Тахар гэж даварсан юмнуудыг тараана гэсэн яалаа гэж уурсаж, гомдоллох зэрэгцэн хот руу нэг хүнтэй ярьж байсан гэдэг. Гэвч удалгүй Тахарын алба тарж, шүүгчийн үүд хаалга дарга нарт нээлттэй, иргэнд хаалттай хэвээрээ үлдсэн дээ.

-Тэрбумын хөрөнгөтэй шүүгч байна гээд л. Та тайлбар хийгээд л…?

-Бид чинь коммунизмаас оюун санааны хувьд бүрэн салаагүй байна. Баян чинээлэг хүнд дургүй. Уул нь манай уламжлалт ухаанд “баян хүн таван хаанд нүүртэй” гэж баян хүнийг ухаантай, ажилласаг гэж хүндэтгэдэг байсан. Коммунизм өмч, хөрөнгийг үзэн ядаж баян хүнийг хог шаар болгож, ядуу хүнийг хамгийн сайн гэх үнэлэмжийг бүрдүүлсэн. Энэ нөлөөлөөд байна. Нөгөө талаас шинэ цагийн баяжигчид хулгай их хийсэн болохоор бас тэр нөлөөлөөд байх шиг байна. Тэгээд одоо ямартаа ч баян чинээлэг хүнд дургүй болчихсон. Тэгээд шүүгчийг бас ядуу байх ёстой гэж бодоод байдаг. Шүүгч ядуу байвал бүр аюултай гэдгийг бага боддог. Өлөн хүнээр хүнс мануулбал юу болох билээ.

Манайхан ёс суртахуун их ярьдаг. Ёс суртахуунтай ядуу хүн хайгаад байгаа юм уу даа. Тийм хүн хорвоо ертөнцөд байхгүй, олохгүй. Хүн гэдэг амьтан чинь органик хэрэгцээ нь хангагдаагүй байхад ёс суртахууныг “цаашаа” гэдэг гэж коммунизмыг үндэслэгч Маркс багшийнхаа хэлснийг мартчихаад байна уу даа. Тэр гарцаагүй үнэнийг хэлсэн, хожмын мэргэд бас нотолсон. Шүүгч нараа хүний гар харахааргүй эдийн засгийн хараат бус байдлыг хангаагүй нөхцөлд тэднээс шударга ёс шаардвал “Эр үхэр сааж, элгэн тараг бүрж ир” гэсэн үлгэрт гардаг хааны ёжлолтой агаар нэг юм шүү.

-Шүүхийн шинэчлэлтэй зэрэгцэж гарч ирсэн улс төрийн нэг хэллэг өнөөг хүртэл яригдсаар байх юм. МАНАН, Шударга бусын хонгил гэж. Эдгээрийг шүүхтэй холбож их ярьдаг. Яг бодит хэмжүүр нь юу юм бэ гэхэд тайлбарлахад хэцүү. Ямартаа ч шүүгч, шүүхийн байгууллага муу байна, нөлөөнд автсан гэсэн ойлголт бий болчихлоо. Үүн дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Аливаа юм эх сурвалжтай. Түүнийг бодууштай. Бид чинь юмыг уг сурвалжаар нь хардаггүй хөөстэй нь хөөцөлдөөд сурчихаж. Төрийн алба авлигад идэгдсэн нь үнэн. Гэтэл түүнийхээ уг сурвалжийг зөв оношилдоггүй. Мөн л ёс суртахуунт хүнийг мөрөөдөөд байх жишээтэй. Гэтэл энэ бага цалин чинь эрх мэдлээ ашиглаж, өөрөө өөрийгөө болго гэсэн далд мессэж бус уу. Үүнийг засах хэцүү гэж үү.

Шүүгчид дандаа муу, авлигачид цугласан гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Харин ч алдаа эндэгдэлтэй гэдэг ч бусдыг бодвол шигшиж томилдог цор ганц газар. Бусад нь ямар шалгуураар явж байгааг харьцуулаад бодоход илүүдэхгүй. Шүүгчид хараат бус байдлаа алдаад байвал хамгаалаагүй, хариуцлагын тогтолцоог бүрдүүлж чадаагүй нөгөө хоёр эрх мэдлийн л буруу даа. Нөгөө талаас шүүхэд асуудал бий юү гэвэл бий. Хүн байгаа газар асуудал байдаг нь бас л маргах аргагүй үнэн. Тэр асуудлыг нь хуулиар хаалгах, боолгох гэж парламентыг ард түмэн сонгодог. Тэр үүргээ хэр зэрэг биелүүлж байна гэдгийг бас бодох хэрэгтэй. Зөв шударга явах зам, коридорыг гаргаж өгөөгүй байж, ёс суртахуундаа захирагдаад, хөтлөгдөөд шудрага бусыг ялаад гараад ир гэвэл юу болох билээ. Хонгил байгаа бол түүнийг л хэлээд байгаа байх. Энэ талаас харвал маш том хонгил, хоосон орон зай байгаа. Энэ бол шүүхийг олон жил ядуу зүдүү байлгаж, эдийн засгаар хавчиж, боож, борцолсны хор, гор. Босоо удирдлагаар лантуудуулсны үр дүн. Шүүгчдийг шилж биш, ширвэж томилж байсны хор. Тарьсан зүйлээ л хурааж байгаа тэр нь. Тэр ургацаа одоо хонгил гэнэ үү, юу гэж нэрлэх нь сонин биш.

Шүүхийг шударга бус болгож байгаа нэг зүйл бол муу хууль. Хэрэглэдэг хууль нь муу, зөрчилтэй, илт буруу, процессжуулаагүй, тунхагийн шинжтэй зэрэг олон дутагдал бий. Жишээ нь, авлига авсан хүнийг хялбаршуулан шийдэх замаар ор нэр яллах хуулийг хэн хийв, хэргийг мөрдөн байцаалтад дахин дахин буцааж хэргийг замхруулах хуулийг хэн хийв, Дээд шүүх эрх зүйн маргаан бус, үйл баримтын маргаан шийдэж хэрэг эргүүлдэг, таргалуулдаг арга дэлгэрэх хуулийг хэн хийв гэх олон гажигийг нэрлэж болно. Эцэстээ тэрний муу нэрийг шүүх үүрдэг. Хүн юу тарина, түүнийгээ хураана гэдэг л энэ. Зонховын сургаалын мөн чанар ч энэ. Хөшөө дурсгал барихаас илүү энэ мэт түүний сургаалын агуулгын талыг ухаармаар байгаа юм.

Нөгөө талаар шүүхийн муу нэр “Сохор нохой дүйвээнээр, соотон халтар чимээнээр” гэгчээр бас үүсээд байна. Яг судалгаа харах юм бол хамгийн болохгүй бүтэхгүй газар чинь өөр нөхөд байгаа шүү. Жишээ нь, улс төрийн нам, Засгийн газар, газрын алба гэх мэтээр олон судалгаа бий. Жил жилийн хөндлөнгийн судалгааг харцгаагаарай.

-Шүүхэд гомдсон, шударга бус байна гэсэн иргэд улстөрчдийн тухай заавал ярьдаг. Нөгөө талд нь улстөрчид шүүхэд нөлөөлөөд байна гэсэн агуулга дийлэнх байна. Ингээд харахаар шүүхийг асуудалтай болгож байгаа этгээдүүд шүүгчид өөрсдөө гэхээс илүү эрх мэдэлтэн, улстөрчид байдаг юм биш үү?

-Та бид хоёр энэ тухай л сая ярилаа. Бид шударга ёс их ярьж, шаардаж байна. Энэ зөв. Гэхдээ шударга ёсыг ганц шүүх тогтоодог юм биш. Тэгж андуурч, булзайруулж, бултуулж болохгүй. Шударга ёсны тухай хамгийн их судалж, сургаал айлдсан цор ганц хүн бол Аристотель. Шударга ёсны талаарх ном зохиолыг судлахад түүний сургаалыг давсан нь нэг ч байхгүй. Харин ч түүн дээр л эргээд бууж байх жишээтэй. Аристотель шударга ёсыг эцсийн эцэст хуваарилалтад оршдог, түүгээр илэрдэг, хэмжигддэг гэсэн шүү. Гэтэл Монголд хуваарилалтын шударга ёс шиг алдагдсан зүйл байхгүй. Ард түмэн үүнийг мэддэгүй. Ард нь хуваарилагчид шударга бусын хонгил барьж суух жишээтэй. Та нар хар. Улсын төсвийг яаж хуваарилж байна. Багш, эмчид өгч байгаа цалингаа хар. Энэ шударга уу. Шүүхэд сүүлийн бүтэн таван жил хөрөнгө оруулалтын төсвийг тэг дүнтэй баталсан. Гэтэл сайдуудын багц хэдэн зуун тэрбумаар хэмжигдэнэ. Та нар бод доо. Шүүхийн төсөв улсын төсвийн 0.4 орчим хувьтай олон жил болсон. Одоо өсөөд өсөөд нэг хувьд ч хүрээгүй л байна. Одоо улсын төсөв юуг дархлах хэрэгсэл болов гэдгийг заавал засах ёстой. Шударга ёс эндээс эхлэх учиртай. Иймэрхүү юм ярихаар улстөржлөө гэдэг. Улстөржихгүй гэхээр нэг бол дуугаа суух, социализм шиг өөрийгөө шүүмжлэх, эсвэл худлаа магтах. Энэ хэнд хэрэгтэй билээ.

-Үнэхээр ноцтой албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон шүүгчид бий. Өмгөөлөгч Б.Баасанцогт гэгчийн хэрэг дээр шүүгчид нэлээд бүдэрлээ. Эрүүгийн хэргийн том шүүгч цахилгаан шатан дотор зүй бус явдлыг хараад зогсож байсан зэргээр шүүх, шүүгчийг муухай харагдуулсан явдал нэг бус бий. Шүүгчдийн нийгмийн хангамж дээшилбэл хараат бус ажиллаж чадна гэсэн шинэ хуулийн үзэл баримтлал хаана гээгдчихэв?

-Та шүүгчийн цалин нэмснийг л битүүхэн чимхэж асуугаад байна аа даа. Тэр нөхдийг шүүхээс зайлуулах ёстой. Чадаагүй л байгаа юм биш үү. Бас л хууль журам нь тэднийг хамгаалаад байгаа бололтой. Ийм ноцтой алдаа гаргасан шүүгчдийг Ёс зүйн хорооны шийдвэрээр шууд арга хэмжээ авдаг, шүүх зөвхөн процессын алдааг хянадаг хуультай байх ёстой атал УИХхуулийг хийхдээ шүүх Ёс зүйн хорооны шийдвэрийг бүхэлд нь, бүүр шүүх шүүгч ёс дүрэм хэрэглэж, шийдвэр гаргаж шүүх шүүгчээ хамгаалдаг хуулийг хэн хийсэн билээ гэж асуумаар байна. Нарийн дээрээ яривал тэр шүүгчдийг шүүхэд шигдэх хуулийг УИХмаань урласан байна шүү дээ. Тэд түүний ард нуугдаж байна. За тэгээд тэр зохион байгуулагчийг хэн тийм эрх мэдэлтэй болгов. Хэн дуудав. Хэн өөгшүүлэв. Хэн түүнийг төрийн ордонд залав. Бас л улстөрчид.

Шүүгчийн цалин нэмснийг шүүмжлэхээс илүү нэмээгүй байсан бол яах байсан гэдгийг бодох хэрэгтэй. Шүүгчдийн цалинг нэмснээр төрөөс хүн ийм цалин бас авч болдог юм байна гэдгийг олон хүн мэдэж авч, одоо түүний үр шимийг хүртэгсэд нэмэгдсээр байна. Тэр хэмжээгээр төрийн албан хаагчдын хэрэгцээ хангагдаж, хоолны мухлаг руу хүн дагаж орохоо больж, бага ч гэсэн эрхэм чанар нь дээшилж, тэр хэмжээгээр авлига буурч байгаа гэдгийг оюун ухаанаараа хүлцэн тэвчиж ойлгохгүй бол шууд итгэ. Зүй тогтол нь ийм юм.

-Шүүх, шүүгчийн үйл ажиллагааны үнэ цэнэ иргэдийн итгэх итгэл дээр тогтдог болов уу гэж боддог. Ер нь шүүхэд итгэх иргэдийн итгэл гэх энэ ойлголт өөрөө юу юм бэ. Шүүхийг баларсан доройтсон, авлигажсан гэж өнөөдөр амтай бүхэн ярьдаг болж. Шүүхийн шийдвэр эцсийнх байна гэж итгэдэг Үндсэн хуультай ард иргэд бид юунд найдах болж байна вэ?

-Энэ их чухал асуулт. Шүүх банк хоёр иргэдийн итгэл дээр тогтдог гэж би олон жил ярилаа. Банкийг нэг сайн цуурхал дампууруулж чадна. Шүүх түүнтэй ижил. Шүүх муухай гээд нэг том дарга хашгирвал тэгээд л муухай болчих жишээтэй. Болдоггүй юм аа гэхэд шүүх дээр ялагдсан тал ялагдлаа хүлээхээ болиод нөгөө даргын хэлснийг л бодоод, дахин дахин заргалдаж, шүүхийн болон өөрийн зардлыг өсгөөд, тэмээн дээр ямааны гарз гаргаад, гомдоод, шүүгч гэж нэг хадны мангааг дүрслээд, амилуулаад, үзэн ядаад жүжиг өрнөөд улсын үндсээ сэвтүүлж эхэлдэг. Энэ ил тод байдал уу, энэ шүүмжлэх эрх үү. Үгүй ээ. Энэ бол Богд Зонховын хэлснээр “Бүх булай явдал мэдээгүйгээс эхтэй” гэдгийн үр дагавар.

Хүний сэтгэхүй өөрийгөө өмөөрөхүйд автсан байдаг. Сэтгэл зүйн үндсийг хялбарчлан хэлбэл ийм юм. Нөгөө талаас туйлын үнэн шүүхийн шийдвэр гэж дэлхий ертөнцөд байхгүй. Яагаад гэвэл шүүгч шийдвэр гаргахдаа баримталдаг хууль нь улстөрчдийн тохироо байдаг. Хөгжсөн үндэстний тэр тохироо нийгмийн гэрээ, нийтлэг ашиг сонирхол руу дөхсөн байдаг бол манайх мэтийн улсад тэр тохироо бүлгийн, намын, олигархийн гэх мэт ашиг сонирхолд автсан байх магадлал маш өндөр. Түүнээс гадна эс мэдэхийн зовлонгоос үүдсэн төөрөгдөл, түүнийг дундаас залилан ашиглагчдын овжин мэх орох эрсдэл бас өндөр. Жишээ нь, Ашигт малтмалын тухай хууль дахь “лиценц эзэмших” эрх хуульд хэн хийсэн нь мэдэгдэхгүйгээр “орд эзэмших” эрх болсон байсан шүү дээ. Одоо зассан уу үгүй юу, би мэдэхгүй. Үүний улмаас туйлын үнэн зөв шийдвэр гарах бололцоогүй. Харин шүүхийн шийдвэрт талууд сэтгэл хангалуун үлдэх нь хамгийн чухал. Энэ л хамгийн шилдэг шийдвэр. Талууд сэтгэл хангалуун үлдэхэд шүүх шүүгчид итгэх ёстой. Тиймээс бүх дэлхий ертөнцөд шүүгчийг зөв байхын хамт зөв харагд гэдэг. Итгэл төрүүлэх гээд байна шүү дээ. Гэтэл итгүүлэх ёстой төр нь олон нийтэд хандан шүүх бузар гэхээр юу болох вэ. Зүй нь шүүхэд байгаа асуудлыг төр засаг ард түмэн рүү хандаж итгэлийг эвдэх ёсгүй юм. Ард түмэн засахгүй шүү дээ. Засах ёстой тэр эрх баригчид олон нийтийн сэтгэл зүйг үймүүлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдагдуудахын оронд өөрөө дуугаа засдаг ёстой. Ийм хуультай улс ч бий.

Гэтэл манайд попорч, намчирхан талцаж, бие биенээ үгүйсгэхдээ шүүхийг муулж эхэлдэг. Ц.Элбэгдорж гэдэг хүнийг муулахдаа тэр үед хийгдсэн шүүхийн шинэтгэлийг нулимах ёстой, шүүхийг хог шаар, ялаагаар дүүргэсэн гэж хашгирах ёстой. Үр дүн нь шүүхэд иргэд итгэхээ болиод ямар ч шударга шийдвэр гаргасан итгэхгүй гомдсоор байх болно. Энэ хэнд хэрэгтэй билээ?

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан бич өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 14, Ангараг гариг. Билгийн тооллын 11, шийдэм одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 8:34 цагт мандан, 16:59 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул голын хөндийгөөр 27-32 градус, Алтай, Хангай Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 17-22 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Онон, Халх голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.