Categories
мэдээ нийгэм цаг-үе

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулиуд

2022.01.01-НИЙ ӨДРӨӨС ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ ЭХЛЭХ ХУУЛИУД:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга https://legalinfo.mn/mn/detail/16230709635751

2.Хөдөлмөрийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16230709584961

3.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16230709602851

4.Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16106891904801

5.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16381595944531

6.Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16381596620471

7.Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16381596644081

8.Монгол улсын 2022 оны төсвийн тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16381595772311

9.Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16381595887621

10. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16230779072091

11.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16231112784611

12.Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх,мөрдөх хугацааг хойшлуулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16230709652901

13.Соёлын тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16230709374521

14.Соёлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16230812107921

15.Кино урлагийг дэмжих тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16230709404501

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг өглөө, оройн ээлжид шилжүүлжээ

Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазарын 15 дугаар тушаалаар сайжруулсан түлшний хэрэглээнд хяналт тавих, түлш борлуулах цэгүүдийн тоог нэмэгдүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Д.Ихбаярт үүрэг болгосон.

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотод сайжруулсан түлшний борлуулалтын 607 цэг ажиллаж байна. Мөн зарим иргэд ажлаа тараад гэртээ харих үед сайжруулсан түлшний цэгүүд хаалттай байна гэх гомдол ирдэг. Тиймээс Тавантолгой түлш компанитай хамтран түлш борлуулах цэгүүдийг өглөө, оройн ээлжинд шилжүүлж, цагийн зохицуулалт хийжээ. Ингэснээр орой ажлаа тарсан иргэд түлш авах боломж бүрдэж байгаа юм.

Үүнээс гадна сүүлийн өдрүүдэд утаа нэмэгдэж байна гэх шүүмжлэл гарч байгаа. Утааны үнэр нэмэгдэх болсон шалтгааныг шалгаж тогтоохыг хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болгоод байна. Иргэдийн зүгээс хог, автомашины дугуй шатааж байна гэх гомдол, мэдээлэл хэлдэг. Гэвч шалгалтаар тогтоогддоггүй. Сайжруулсан түлш худалдаж авах боломжгүй, зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй түлш олгодог байсан нь нөөцийн асуудлаас болж зогссон.

Гэхдээ Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Тавантолгой түлш компанитай зөвшилцөөд 2022 оны нэгдүгээр сарын 02-ноос эхлээд зорилтот бүлгийн иргэдэд өдөрт 100 тонн сайжруулсан түлшийг үнэгүй олгодог болохоор бэлтгэлээ базааж байна.

Түүнчлэн сайжруулсан түлшнээс өөр зүйл шатаасан зөрчлийн мэдээллийг 102 дугаарт хүлээн авч, шуурхай ажиллаж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батсайхан: Түүх үнэн байх хэрэгтэй

Монгол Улсын төрийн соёрхолт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхантай ярилцлаа.


-1911 оны Үндэсний хувьсгалыг хийх тэр мөчид юу болж байсан талаар яриагаа эхлэх үү?

-Энэ өдрүүдэд тусгаар тогтнол төр улсаа сэргээн мандуулсны 110 жилийн ой тохиож байна. 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын 9-нд монголчууд манжийн эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бурхан шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтыг улсын эзэн хаанаар өргөмжлөх төрийн ёслол Хүрээнд болжээ. Энэ үйл явдал бол нэгдүгээрт, туурга тусгаар улс болсноо дэлхий дахинд тунхаглан зарласан төрийн ёслол юм. Хоёрдугаарт, монголчууд бурханы шашинтай байсан учраас бурханы шашны тэргүүнээ хүрээлж, үндэсний үзлээрээ нэгдэж чадсаны үр дүн юм. Богд гэгээнтний нэр хүнд, алдар суу монголчуудын дунд өндөр байсныг хэлэх нь зөв байх.

1911 он бол монголчуудын үндэсний эв нэгдлийн оргил болсон юм. Алтан ургийн хан, ноёд, гүн, хутагт, хувилгаад, томоохон лам нар бүгдээрээ нэг зүйлийг ойлгосон. Тэр юу вэ гэвэл, энэ цаг мөчид тусгаар тогтнол, төр улсаа сэргээх нь бүхнээс чухал гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн юм. Богд гэгээнтнээс энэ цаг мөчид бүгдээр хөдөлж, туурга тусгаар улсаа сэргээн байгуулж, уул эзэн нутагтаа эзэн суух хэрэгтэй гэсэн зарлиг буулгаж, эл зарлигаа бүх монгол овогтонд хүргэсэн байна. Тэр зарлигийг бүгд дотроо залбирч, дэмжиж Богдыгоо хүрээлж тэмцэж, амжилтад хүрсэн юм.

-Социализмын үед түүхэн үнэнийг гуйвуулж байсан гэх юм билээ?

-Социализмын жилүүдэд Богдыгоо сайн биш саараар хэлж ирсэн. Кино, уран зохиолд ч тэгж бичиж ирсэн. 1911 оны түүхэн үйл явдалд бага ач холбогдол өгч байсан. 1921 оны үйл явдлыг л илүү дөвийлгөж харуулдаг байлаа. 1990 оноос өмнө 1911 оны үйл явдалтай холбоотой эх сурвалжууд байдаг ч ил гаргадаггүй байлаа.1990 оны ардчилсан хувьсгалын дараа монголчууд түүхийн хандлагаа өөрчилж, түүхээ мэдэх ёстой юм байна гэдэг үүднээс Чингис хааныхаа хөшөөг Улаанбаатар хотдоо босгож, монголчууд өөрсдийн ураг, удам, овгоо мэдэх үйл явц эхэлж байна. Монголын түүхийн бахархал болсон ном, эх сурвалж олноор хэвлэгдэн гарч байна. Тухайлбал, 1925-1927 онд 1911 оны үйл явдлыг будаг шунхгүйгээр сайхан бичсэн Магсар хурцын “Монгол Улсын шинэ түүх” номыг гараар хуулж, Зөвлөлт Орост нэг хувь, Монголд хоёр хувь байсан нь 1990 онтой золгосон юм. 1994-1995 онд эрдэмтэн профессор З.Лонжид гуай бид хоёр энэ номыг монгол бичгээс кирилл үсэг рүү буулгаж хэвлэсэн юм. Дээр нь 1934 онд монгол бичгээр хэвлэгдсэн Л.Дэндэвийн “Монголын товч түүх”, мөн Нямжав гүний бичсэн “Монгол Улсын Автономи хэмээх… түүх бичиг”, “1911 оны үндэсний хувьсгалтай холбоотой баримт бичгийн эмхэтгэл” гарсан байна. Эдгээр түүхэн үнэний сурвалж болсон ном сурах бичгүүдийг уншиж байгаарай. Яагаад эдгээр номны нэрийг дурдаад байна гэхээр орчин үед үнэн худал нь мэдэгдэхгүй түүхэн зохиол гэж их гарах боллоо.

-Түүхчид янз бүрийн олон дүгнэлт гаргасан байдаг. Нэг асуудал дээр нэгдэн тогтсон үзүүлэлт байхгүй маргадаг. Орчин үед нэгдсэн судалгаа гаргаад дүгнэлтээ нэгтгээд явах боломж нь хэр байдаг вэ?

-Манай түүхчид цөөхөн. Монгол Улс баялаг түүхтэй. Англи, Америк, Герман, Япон, Солонгос зэрэг дэлхийн улсуудын эрдэмтэд XIII-XIV зууны үеийн Монголын түүхийг илүү сонирхдог. Яагаад гэвэл дэлхийн талыг эзэлж явсан хоёр зууныг монголчуудын зуун гэж үздэг учраас. XX зууны түүхийг судалсан чамлахааргүй хэдэн эрдэмтэн байгаа. Гэхдээ манай эрдэмтэд асуудал асуудлаар нь жишээлбэл, гадаад харилцаа, эдийн засаг, Богд хаан, шашин гээд тус тусад нь судалгаа хийдэг. Мөн үе үеэр нь судалдаг. Юутай ч судалгаа гүнзгийрэхийн хэрээр түүхчдийн ойлголт нэг болж байгаа. Монголын орчин үеийн түүх 1911 оноос эхэлж байгаа гэдэг дээр санал нэгдсэн.

-1920 онд Богд хааныг буулгаад Хятадын Ерөнхийлөгчийн хөрөгт мөргүүлсэн гэдэг түүх бий. Бүх цаг үед л урвагчид байсаар ирсэн. 110 жилийн дараа эдгээр урвагчдын нэрийг зарлах цаг болсон байх тийм үү?

-1911 онд Их Хүрээ төвтэй Монгол Улс Богд хааныг ширээнд залаад гал голомтоо бадраасан. Өвөр монголын 49 хошуунаас 38 нь дагаар орж эхэлсэн. 1915 оны Хиагтын гэрээгээр Өвөр монгол хилийн гадна үлдэж байгаа. Тэр хүмүүс аргагүйн эрхэнд нэг хэсэг нь хилийн гадна, нэг хэсэг нь Монголдоо ирсэн юм. Энэ нь тухайн үеийн нөхцөл байдалтай л холбоотой. Өмнөд Монгол Манжид дагаар орсноос 275 жил, Халх Монгол дагаар орсноос 220 жил, зүүн гарын Ойрдууд хүчээр эзлэгдсэнээс 150 жилийн дараа тусгаар тогтнолоо сэргээсэн 1911 оны үйл явдал болов. Энэ үед төрийн уламжлалаа мэддэг хүн хэр их байв. Гэх мэтээр олон асуудал байна. 1912 онд Богд хааны зарлигт урагшаа урвасан гэх Доржпалам гэдэг хүнийг буруушаасан баримт байдаг. Энэ хүн бол Сэцэн хан аймгийн сүжигт ван Доржпалам гэдэг хүн юм. Энэ хүн анх тусгаар тогтнолын хэрэгт санаа нийлж байгаад гэнэт сэтгэл хувьсан урагшаа Бээжин явсан тул Богд хааны зарлигаар ялласан байдаг. Улсаас урвасан хүнийг шийтгэх хууль ёсоор түүнийг алах ялтай хэмээн үзэж байсан боловч “Өөрийн бурууг сэхээрэн мэдэж, нэгэнт дуртай ял хүлээсүгэй” гэсэн тул амийг хэлтрүүлж, улсад туслагч гүнгийн цолыг хурааж, дүү нар болон хүүхдийг нь ялаас хэлтрүүлсэн байдаг.

1919 оны үйл явдлыг нэлээд ярьдаг. 1919 оны намар Хятадын харгис хүчин Сюй Шү Жан Монголын засгийн эрхийг хүчээр булаан авах үед Монгол Улсын Ерөнхий сайдаар Шанзав Бадамдорж байлаа. Богд хаан,Шанзав Бадамдорж нарын ордоныг хятад цэргүүд бүсэлж айлгаж сүрдүүлсэн байдаг. Ингээд Ерөнхий сайд Бадамдорж, сайд болон дэд сайд нарын хамтаар Хятадад дагаар орох бичигт гарын үсэг зурсан гэдэг. Харин Богд хаан тууштай эсэргүүцсэн. Гарын үсэг зураагүй, тамга дараагүй үйл явдал болсон. Тухайн үедээ “Богц богц мөнгөөр Богдыгоо худалдсан сайд нар гуай” гэсэн үгтэй дуу ард түмний дунд гарч байсан. Тийм дуу гарч байсан гэхээр яах аргагүй ийм үйл явдал болсон гэж дүгнэж байгаа. Ингээд 1920 оны нэгдүгээр сард Хятадын Ерөнхийлөгчийн хөрөгт Богд хааныг хүчээр мөргүүлэх ёслол Хүрээнд болсон юм. Энэ бол монголчуудын түүхэнд үнэхээр гутамшигтай зүйл болжээ.

-Орчин үеийн ном зохиолуудаас аль нь бодит үнэнг бичсэн юм бэ. Залуус ямар эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл авч болох вэ?

-Түүхэн ном, эх сурвалжууд их зузаан учраас залуус тэр бүр уншихгүй байна. Энэ сарын 29 үндэсний баярын өдөр, бүх насныхан Богд хааны ордон музейг өөрийн биеэр ирээд үзээрэй. Мянга сонссоноос нэг үз гэдэг дээ. Өөрийн биеэр ирээд үзвэл арай өөр мэдрэмж төрнө. Мөн Чойжин ламын сүм музейг үзэх хэрэгтэй. Үндэсний түүхийн музейгээ үзэх нь зөв. Яагаад гэвэл 110 жилийн өмнөөс монголчуудын маань туулж ирсэн замналыг харуулах түүхэн дурсгалын өв баримтууд эдгээр газруудад хадгалагдаж байна.

-Боловсролын системд түүхэн үнэнийг яаж гуйвуулахгүй оруулах ёстой вэ?

-Өндөр гэгээн Занабазар өөрийн хүрдэн дээр “Төр маш бат, Шашин маш тунгалаг, Тэнгэр энх, Түвшин дэлхий” хэмээх хос үгийг бичсэн байна. 1911 онд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаад улсын эзэн хаан суусан Богд хаан анхдугаар Богдынхоо зохиосон энэ үгийг тамганыхаа дөрвөн талд шигтгэсэн. Дээр нь Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсэг, уйгаржин монгол бичиг, дөрвөлжин үсгээр “Шашин төрийг хослон баригч, Наран гэрэлт Богд хааны тамга” хэмээн тамгандаа бичсэн байдаг.

Нэгдүгээрт, түүх үнэн байх хэрэгтэй. Энэ үнэн түүхийг ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт оруулах хэрэгтэй. Богд хааныг хатных нь хамт, төрийн таван сайдтай нь, Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн, Гадаад яамны сайд Чинван Ханддорж, Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд, Сангийн сайд Түшээт ван Чагдаржав, Цэргийн яамны сайд Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайд ван Намсрай гээд эдгээр хүмүүсийн нэрийг сурах бичигт бичиж үлдээх хэрэгтэй. Энэ бол онц чухал. Дээрээс нь Богд хааны өөрийнх нь зарлиг бий. “Тэнгэрийн цаг болжээ. Энэ цаг мөчид хөдөлж тусгаар тогтнол эрх чөлөөгөө олж ав. Энэ газар нутагтаа эзэн суу” гэж. Өвөг дээдэс, өрлөг түүхэндээ өсвөр үе, үр хүүхдүүд маань үнэнч болж өсөх болно. Түүхээ мэдэхгүй бол гуйвж дайвж, урваж, няцах бол энүүхэнд. Тиймээс үнэн түүхийг олж судалж, мэдэж, сонсох явдал чухал шүү. Түүх бол сургамж, түүх бол ой санамж.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы өнөөдөр болон маргааш /2021.12.30-31/ хуралдах нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

ЦАГ

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ХААНА

10.00

· “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/

· Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудал

· Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2021.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Бусад

Categories
мэдээ цаг-үе

Ц.Азжаргал өнөөдөр тулалдана

Монголын шилдэг тулаанчдын нэг Ц.Азжаргал БНСУ-ын холимог тулааны “Double G” холбоонд өрсөлддөг билээ. Үндэсний бие хамгаалах урлагийн холбооны тамирчин тэрбээр ээлжит тулаанаа өнөөдөр хийнэ.

Түүний өрсөлдөгч нь Лий Хо Жун. Тэдний тулаан 16,00 цагт болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мөнхбат: Эдийн засгийн судалгаагүй Хөдөлмөрийн хуулийн шинэ заалтууд ажил олгогчдыг боомилох эрсдэлтэй


Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн талаар “MN partners” хуулийн фирмийн захирал Ц.Мөнхбаттай ярилцлаа.


-Ирэх оноос хэрэгжиж эхлэх Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга үзэл баримтлал, агуулгынхаа хүрээнд хэр сайн хууль болж чадсан бэ?

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга маш удаан хугацаанд хэлэлцэгдэж батлагдсан хууль. Гэхдээ эдийн засгийн тооцоо судалгаа муутай. Ялангуяа хүний нөөцийн хомсдолтой байгаа энэ цаг үед ажилтнуудыг хүчээр нэмэгдүүлж, хоёрдугаарт бүх төрлийн зардлыг өсгөсөн хууль болсон. Агуулгынхаа хүрээнд өмнөх хуулиас тодорхой сайжруулсан зүйл байгаа ч бүрэн өөрчлөгдөж чадаагүй. Хуульчийнхаа хувьд бол Хөлдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар ажил олгогчдод сургалт хийж байна. Үүнээс харахад цалингийн зардал гэхэд 30-40 хувиар өсөхөөр харагдаж байгаа юм. Илүү цагийн хөлсийг ч мөн нэмэгдүүлчихсэн. Өөрөөр хэлбэл, ямар ч тооцоо судалгаагүй хууль болсон гэсэн үг.

-30-40 хувийн зардал нэмэгдэнэ гэдэг маш өндөр тооцоо байна. Ээлжийн ажлын амралт, илүү цагийн хөлс зэрэг нэмэгдсэн тодорхой заалтууд байгаа. Зардал өсөхөд нөлөөлж буй хүчин зүйлс юу вэ?

-Нэгдүгээрт, ээлжийн ажил дээр 24/48 гэдэг ойлголтыг байхгүй болгосон. Нэг ажилтны өдөрт ажиллах дээд хэмжээг 12 цаг болгосон. Ингэснээр нэг ээлж бүтэн нэмэгдэж байгаа гэсэн үг. Гурван хүн ажилладаг байсан бол 4-5 хүн ажиллах хэрэгтэй болно. Энэ нь хүний нөөц, ажиллах хүчний хомсдолтой байгаа энэ үед компаниудад маш том дарамт болж байгаа.

Хоёрдугаарт, үндсэн цалингаас боддог байсан илүү цагийн хөлсийг дундаж цалингаас бодохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хоол унааны нэмэгдэл, бусад төрлийн бүхий л нэмэгдэл орсон дундаж цалингаас илүү цагийг боддог болсноор зардал өсч байгаа юм.

Гуравдугаарт, баяр ёслолын үед илүү цагаар ажиллах, тэр дундаа шөнийн цагаар ажиллабал цалинг хоёр дахин нэмэгдүүлсэн, дээр нэмэх нь шөнийн цагийн 1.2 дахин нэмэгдүүлсэн цалинг давхар авах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 109.5-д зааж өгсөн байна. Хуучин зохицуулалтаар хамгийн дээд тал нь хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байсан. Энэ утга агуулгаар эдийн засгийн хувьд ажил олгогчдод маш том дараа болж мэдэх нь.

-Аль салбарт энэ зохицуулалт илүү хүнд тусч байна вэ?

-Зам тээвэр, аялал жуулчлалын салбарт уртын ээлжээр ажиллах боломжийг хасч, зөвхөн уул уурхай, олборлох салбарт зөвшөөрчихлөө. Аялал жуулчлал, зам тээвэр, тээврийн салбар, жишээ нь замын компаниудад маш хүнд тусч байгаа юм. Тээвэрлэлтийн компаниуд гэхэд Монгол Улс даяар бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж хүргэхэд найм хоног зарцуулдаг. Гэтэл тээврийн компани уртын ээлжийг ашиглах боломжгүй болчихсон. Долоо хоногт ажиллах хамгийн дээд цаг нь 56 цаг, нэг өдрийн илүү цагийн дээд хэмжээ дөрвөн цаг байна гэсэн зохицуулалт бий болж байна. Өмнөх хуульд илүү цагийн дээд хэмжээг зааж өгөөгүй байсан. Гэтэл одоо нарийн зааж байгаа нь аль аль талдаа хохиролтой. Нөгөө талд ажилтан илүү цагаар ажиллаж байж цалин хөлсөө ахиу авах сонирхолтой байдаг биз дээ.

Гадаадад манай монголчууд өглөө, орой хоёр ажил хийдэг. Гэтэл Монголд тэгж ажиллах боломжгүй болж байна. Долоо хоногт ажиллах илүү цагийн дээд хэмжээг 56 цаг болгоод зогсохгүй хэрэв хоёр компанид ажиллаж байгаа бол дундын хяналт тавихаар зааж өгсөн. Энэ нь эцсийн дүндээ ажилтандаа ч, ажил олгогчдодоо ч ашиггүй хувилбар. Учир нь ажил олгогч зардлаа хэмнэхийн тулд нэг ээлжийг нэмэгдүүлээд гурван хүнд өгдөг байсан цалингаа дөрвөн хүнд өгөхийн тулд зарим талаараа цалингийн зардал, бусад хангамжуудаа бууруулахаас өөр аргагүй болно. Зарим салбарын ажилтнуудын хувьд нэмэгдэл цалин хөлс нь буурна гэж харж байгаа.

Учир нь компаниуд тийм өндөр зардал гаргах боломжгүй. Тэгэхээр нөгөө хүмүүсийнхээ цалинг бууруулж дахин хүн авч ажиллуулах шийдэлд хүрэх болов уу. Ялангуяа уул уурхайн салбаруудад маш хүнд тусч байгаа. Ээлж 14/14 болсноор шууд утгаараа тээврийн зардал нэмэгдэнэ.

-Ээлжийн амралтын хугацаа, цалин хөлстэй холбоотой шинэ зохицуулалт дээр ажил олгогчид шүүмжлэлтэй хандаж байх шиг байна?

-Ээлжийн амралтын тухайд ажлын жилийн дундаж цалингаас цалин хөлсний дунджийг тооцно гэж байгаа. Мөн биеэр эдэлж чадаагүй ажилтанд цалинг 1.5 дахин нэмэгдүүлнэ гэсэн. Хуучин хуулиар нэмэгдэл хоногийг 8-10 жил ажилласан бол гурав хоногийн нэмэгдэл өгдөг байсан.

Үүнийг шинэ хуулиар зургаа дахь жил буюу 61 дэх сараас эхлэн нэмэгдэл хоног тооцож явна гэж байна. Энэ утгаараа цалингийн зардал мөн л нэмэгдэж таарна.

-Цар тахлын үеийн эдийн засгийн энэ хүнд үед аж ахуйн нэгжүүд хямралтай байгаа. Ийм нөхцөлд хөдөлмөрийн шинэ харилцаа үүсч эхлэх нь хүндрэл авчирч мэдэх нь ээ?

-Хөдөлмөрийн харилцаа бол эдийн засгийн гол харилцаа. Ажил олгогчдын хувьд зарим зардлыг дийлэхгүйгээс үүдэж санхүүгийн эрсдэлтэй учрах, зээлээ төлж чадахгүй байх, ажил олгогчид хумигдах эрсдэл байгаа. Цар тахлын үед эдийн засгийн харилцаа муу, хил хаалттай байгаа үед хууль хэрэгжээд эхэлбэл маш том сөрөг нөлөө авчирна. Эсрэгээрээ ажилгүйдэл улам нэмэгдэх нь байна. Учир нь энэ хуулиар эдийн засгийн цогц харилцаагаа либералчлаагүй. Хөдөлмөрийн зах зээлийг либералчлахгүйгээр цаашдаа эдийн засгийн хөдөлмөрийн бүтээмж, ДНБ нэмэгдүүлэх боломж лав энэ хуулиар харагдахгүй байна.

Тэгэхээр энэ хуулийн философи бол хуулийн Дэд ажлын хэсгийн ахлагчийн ярьж байгаагаар ажил олгогчдоос ажилтныг хамгаалах гэж байгаа. Эдийн засаг гэдэг бол байлдаан биш. Гэтэл Карл Марксын хөдөлмөрчин ангийг мөлжлөгөөс хамгаалах гэдэг философиор явж байгаа хууль өнөө цагт яасан ч тохирохгүй. Жишээ нь, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэхэд уул уурхайн салбарт 840.000 төгрөг байдаг. Сул зогсолт зарлах юм бол 60 хувиар тооцно гэж байгаа. Гэтэл тэр 60 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй бол заавал хүргэж өгнө гэж байна. Салбар болон салбар дундын хамтын хэлэлцээрээр явж байгаа агуулга харилцаан дээр ажил олгогчдод мөн адил хүнд тусахаар байгаа юм. Нэг ёсондоо ажил олгогчдыг шууд боомилж байна гэсэн үг.

-Хуулийн шинэчлэлийн эерэг тал юу байна вэ?

-Би бол либертари хүн. Тэгэхээр ажил олгогчдод эдийн засгийнхаа хувьд бүх төрлийн зардлыг нэмэгдүүлсэн ч нөгөө талаас ажилтнуудыг хариуцлагажуулсан хууль болсон. Хариуцлага шийтгэлийн төрлийг нэмэгдүүлсэн, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоход ажлын гүйцэтгэлийн үнэлгээг оруулж өгсөн. Энэ утгаараа тодорхойгүй байсан ойлголтуудыг тодорхой болгож өглөө. Ингэснээр ажил олгогч ажилтандаа хариуцлага тооцдог боломж нэмэгдөж өгнө. Өмнө нь жилд дунджаар шүүхэд хөдөлмөрийн маргаантай холбоотой 2220 гомдол ирдэг байсан. Үүний 80 орчим хувьд нь ажилтан ямар нэгэн байдлаар шүүхээс нэхэмжлэлээ хангуулдаг байсан. Энэ нь ажилтанд нэг талдаа ашигтай. Ажил олгогч ажилтнаа халж чаддаггүй, хариуцлага тооцож чаддаггүй байдлыг маш их тавьдаг байсан. Энэ хуулиар ажилтныг өргөдлөө өгөөд ажлаа хаяад явах эрсдэлийг хязгаарласан, ажлын байраа орхиод явах боломжгүй болгосон сайн талтай. Дээрээс нь ажил хүлээлцэхэд ямар, ямар ажлаа яаж хүлээлцэх вэ гэдгийг тодорхой тусгаж өгснөөрөө онцлогтой

Categories
зурхай мэдээ цаг-үе

Хар хулгана өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 30, Бархасвадь гариг. Билгийн тооллын 26, Хонгорцог одтой, хар хулгана өдөр.

Өдрийн наран 8:42 цагт мандан, 17:08 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн.

Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Дашнямтай өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Хур тунадас: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтэйн уулархаг нутаг болон Халх гол орчмоор цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй, нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруунаас, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 33-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 26-31 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар 15-20 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар 2-7 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, ялимгүй цас орно. Өдөртөө багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Япон-монгол (нүүрээ хардаг) толь​” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн
инноваци, цахим бодлогын
байнгын хорооны дарга Н.Учрал “Цахим баримт
бичгийг
цаасан баримт
бичигтэй
ижил түвшинд
тооцох хууль
эрх зүйн
боломжийг
бүрдүүлсэн” гэснийг V нүүрээс уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл хэвлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Япон-монгол (нүүрээ хардаг) толь” нийтлэл хэвлэгдлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “ТОЙМ: Авлига авснаа хүлээж, хялбаршуулж
шийдүүлсэн албан тушаалтнуудын хэрэг” буюу энэ онд манай
улсад авлигын нөхцөл
байдал ямар байсан
талаарх мэдээллийг
хүргэх үүднээс авлигын
хэргүүдийг тоймлов.

Хөдөлмөрийн баатар
цол саяхан хүртсэн Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж “Шинэ оноо урьдынхаараа
угтана даа” хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярилаа.

Монгол Улсын
Боловсролын их
сургуулийн хүндэт
профессор, Боловсрол
судлалын шинжлэх ухааны
доктор (Sc.D), профессор Ц.Оюун “Төрөлх сургуулийн
минь ирээдүй мөнхийн
Галбарваасан мод
мэт үргэлжид цэцэглэн
мандаг” гэв.

Түүхийн шинжлэх ухааны
доктор Б.Гүнчинсүрэн “Монгол нутаг бол
эртний ухаант хүн төрөлхтний өлгий
нутаг” гэдэг худлаа юм байна” хэмээн өгүүллээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу


“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад мэргэжлийн холбоодтой хамтарна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн удирдлагуудыг өчигдөр /2021.12.29/ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.

Коронавируст цар тахлын үеийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх үүднээс 120 орчим бизнес эрхлэгчдийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөл нэгдэн тус зөвлөлийг байгуулсан бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад тулгамдаж буй бодит саналуудаа Шадар сайдад уламжлав. Тухайлбал, Худалдааны салбарын бие даасан хуультай болох, гаалийн татварын тарифын зохицуулалтыг хийх, үндэсний үйлдвэрүүдийн борлуулалтыг дэмжих үүднээс төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх зэрэг 16 асуудлыг дэвшүүллээ.

Цар тахлын хүнд нөхцөл байдалд төр, хувийн хэвшил хамтарч ажилласнаар бизнесүүдийг дэмжих, улмаар эдийн засгийг сэргээхэд чухал ач холбогдолтой учраас бизнес эрхлэгчдэд тулгарч буй төрийн хүнд суртал, олон төрлийн зөвшөөрөл, бичиг баримт, тусгай лиценз нэхдэг, хяналт шалгалт нэртэй дарамт цөөнгүй байдгийг өөрчлөх цаг нь болсон гэдгийг талууд онцолж байлаа. Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн хувьд энэ талын хууль эрх зүйн орчинг сайжруулах, төрийн байгууллагуудын хяналт, шалгалтын давхардлыг арилгуулах, хуульд заагаагүй тусгай зөвшөөрөл, төлбөр хураамж авч буй асуудлыг багасгахын төлөө нэгдэн дуу хоолойгоо төр, засагт хүргэж эхэллээ.

Тухайлбал, он гарангуут УИХ-аар хэлэлцэх Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд өөрсдийн байр суурь, саналаа хүргүүлэх хүсэлтэй байгаагаа зөвлөлийн удирдлагууд хөндсөнийг Шадар сайд дэмжин, хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, хөгжүүлэх чиглэлээр бодлогын түвшинд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлуулахаар УИХ-д өргөн бариад байгаа. Иймд мэргэжлийн холбоодтойгоо хамтарч, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг зүгээр нэг уриа лоозон төдий бус, бодит ажил хэрэг болгохын төлөө хичээж ажиллах болно. Холбооны эрх зүйн байдлын тухай хуульд Та бүхний санал хүсэлтийг тусгахад анхаарч, хуулийн төслийн Ажлын хэсэгт оруулах талаар холбогдох хүмүүст чиглэл өгнө” хэмээн хэллээ.