Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт гэр шатаж, нэг хүн нас баржээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд гэр шатаж нэг хүн амиа алджээ.

Гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 11:20 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:27 цагт очиход иргэн О-ийн таван ханатай гэр, иргэн Н-ийн гэр тус тус шатаж байсыг 15 минут ажиллан унтраажээ.

Уг гал түймэрт 30 настай эрэгтэй өртөж амиа алдсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Чех улсын Элчин сайдыг “Алтан гадас” одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд И.Бродскийг нутаг бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайдаар томилогдсон өдрөөс эхлэн хоёр орны найрсаг, уламжлалт харилцааг эдийн засаг, хүмүүнлэг, иргэд хоорондын хэлхээ холбоо зэрэг чиглэлээр баяжуулахад онцгой хувь нэмэр оруулсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өндрөөр үнэлэв. Цар тахлын үед анх удаа Монгол, Чех Улсын хооронд тусгай үүргийн нислэг үйлдэж эх орондоо буцах хүсэлтэй хэдэн зуун монгол иргэнийг авчрах, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Алтан гадас” одонгоор шагналаа.

Categories
мэдээ нийгэм

СЗХ: Экспортын зээлийн даатгалын бүтээгдэхүүнийг бүртгэлээ

Санхүүгийн зохицуулах хороо нь экспортлогч компаниудад зориулсан төлбөрийн эрсдэлээс хамгаалах нөхцөл бүхий “Экспортын зээлийн даатгал”-ын бүтээгдэхүүнийг энэ сарын 8-нд бүртгэлээ.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр 2016 оноос “Экспортыг дэмжих төсөл” хэрэгжиж байгаа билээ. Энэхүү төслийн дэд бүрэлдэхүүн болох “Экспортыг дэмжих санхүүгийн шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, хөгжүүлэх” хүрээнд “Экспортын зээлийн даатгал”-ын бүтээгдэхүүн гаргахаар “Үндэсний давхар даатгал” ХК ажилласан. Уг бүтээгдэхүүний дотоодын давхар даатгагчаар “Үндэсний давхар даатгал” ХК, харин гадаадын давхар даатгагчаар “Скор” давхар даатгалын компани ажиллах бол андеррайтингийн компаниар “Tinubu square” LLC ажиллахаар төлөвлөсөн.

Экспортын зээлийн даатгалын бүтээгдэхүүн ийнхүү зах зээлд нэвтэрснээр экспортлогч компанийн хувьд дансны авлагыг санхүүгийн эрсдэлээс хамгаалах, борлуулалтын эргэлт, бизнесийн ашигт ажиллагаа нь нэмэгдэх, түүнчлэн зээлийн эрсдэл буурах бол Монгол Улсын макро эдийн засгийн хувьд олон улсын экспортын урсгалыг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах нөхцөл боломж бүрдэх юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Categories
булангууд мэдээ эх-орон-сумаас-эхэлнэ

​“Араараа модтой Биндэрьяа” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ


Аялагч, гэрэл зурагчин З.Тунгалагбаатарын “Араараа модтой Биндэрьяа” гэрэл зургийн үзэсгэлэн “Bluemon” төвийн нэгдүгээр давхарт нээгдлээ.

Уг үзэсгэлэнд зүүн бүсийн аялал жуулчлалын төв Хэнтий аймгийн Биндэр сумын түүх болоод үзэсгэлэнт байгаль, нутгийн зон олны амьдралын хэв маяг,ёс заншлийг харуулсан 70 гаруй гэрэл зураг тавигджээ.

Биндэр нутгийнхан тэр дундаа буриад зоны амьдралын хэв маяг, онцлогийг харуулсан уг үзэсгэлэн тавигдсанаар аялал жуулчлал татах, цаашлаад нутгийн брэнд бүтээгдэхүүнээ илүү хэмжээгээр зах зээлд нийлүүлэх боломж нээгдэж байгааг үзэсгэлэнд тухалсан Биндэрчүүд онцолж байсан юм.

No description available.

Тэрээр “Араараа модтой Биндэрьяа” үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг сүүлийн долоон жилийн хугацаанд авчээ. Дараагийн удаа Монгол орны алс баруун хязгаар болоод говийн бүс нутгаар аялахдаа буулгасан гэрэл зургийн тэмдэглэлээр сонирхогчидтой уулзахаа энэ үеэр мэдэгдлээ.

Үзэсгэлэн өнөөдөр “Bluemon” төвийн нэгдүгээр давхарт үргэлжилнэ.

No description available.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаасан гэсэн үг биш” гэв

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Замын-Үүд-Эрээний авто замын хилийн боомтыг дахин хаасан эсэх асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 10, 11-ний өдөр тээврийн хэрэгслүүд үе шаттайгаар дундын цэг дээр ирж байршсан. Манай тал тухайн цэг дээр байршсан 50 гаруй автомашиныг хил нэвтрүүлсэн. Энэ нь хил нээгдсэн гэдгийг нотолгоо юм. Эрээний талд цөөн хүндрэл гарсан. Эрээн талд очиж гацсан 192 машинаас асаж байгаагаас нь хилээр гаргаж байгаа үйл явц. Ачаатай тэрэгнүүдэд зарим хүндрэл гарсан. Энэ нь Эрээний гаалийн бүрдүүлэлт, бодит ачааны хэмжээ, жин зөрөх асуудал их байна.

Энэ хугацаанд Эрээний талаас үнэлгээ хийж байгаа. Тэг цэг дээр Монгол жолооч нар орсон учраас халдвартай бүс гэж үзэж байгаа. Халдварын тархалтыг яаж бууруулах талаар үнэлгээ хийгдэж, дүгнэлт гарч байна. Энэ өдрүүдэд Эрээн талын ажлууд хийгдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаасан гэсэн үг биш. Бараа бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах үе шаттай ажил явагдаж байна.

Тяньжинд Омикроны нэг тохиолдол илэрсэн. Тухайн тохиолдол нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд тусгаарлалтад байгаа гэсэн мэдээлэл байна” гэдгийг хэлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймгийн 14 голомтод шүлхий өвчин бүртгэгджээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд энэ сарын 2-нд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэн. Өвчлөл нэмэгдсээр өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Хатгал, Төмөрбулаг, Цагаан-Уул, Шинэ-Идэр гэсэн тавхан сумын 10 багт 14 голомт бүртгэгдсэн байна.

Шүлхий өвчний голомт эрчимтэй нэмэгдэж байгаа учраас гоц халдварт өвчин гарсан тохиолдолд өвчний халдвар тархахаас сэргийлж аймаг, сум, багийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлж хорио цээр тогтоосон үед дэглэмийг чанд сахин мөрдөхийг үүрэг болгожээ.

Тухайлбал, бэлчээр, нутаг сэлгэх, голомтын бүс, сэжигтэй бүсийн өвчтэй мал, амьтныг уг бүсийн гадна байгаа эрүүл мал, амьтантай ус бэлчээрээр нийлүүлэхийг хориглоно. Мөн өвчтэй мал, амьтны хашаа, байр, тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэлгүйгээр ахуйд хэрэглэх, хашаа, байранд мал эмнэлэг, хяналтын ажилтны зөвшөөрөлгүйгээр гаднын хүн оруулахыг, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газраар хүн, мал, амьтан, тээврийн хэрэгсэл нэвтэрч орох, гарах, дамжин өнгөрөх зэргийг тус тус хориглож буй аж.

Мөн шүлхийгээс гадна малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт анх бүртгэгдсэн талаар Мал эмнэлгийн газраас мэдээлсэн. Одоогоор малын халдварт өвчин болох шүлхий болоод арьс товруутах өвчин зэргээс шалтгаалж аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал халдваргүйтгэл хийж байна.

Малын гоц халдварын голомтыг хяналтад авсан бөгөөд тархалтыг хумиж ажиллаж байгаа аж.

Иймд малчдыг үхэртээ өдөр бүр тандалт хийж, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэхийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас анхааруулжээ. Малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор халдвар бүртгэгдсэн аймаг, сумын Засаг даргын захирамжаар отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна. Мөн өвлийн идэш бэлтгэх үе учир аймгаас орж ирж буй махыг заавал гарал үүслийн бичигт үндэслэж товчоодоор нэвтрүүлж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн гурван байгууллагад хяналт, шалгалт хийв


Сүүлийн жилүүдэд иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдалтай холбоотой асуудлаар иргэдээс өргөдөл, гомдол олноор ирж байгааг үндэслэн НЗДТГ-аас Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт хэд хэдэн чиглэлээр шалгалт хийлээ.

Хяналт, шалгалтын ажлын хүрээнд дээрх гурван байгууллага нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг хангалтгүй хэрэгжүүлдэг, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй, эрх мэдлээ хэтрүүлж, хэн нэгэнд давуу эрх олгодог зэрэг нийтлэг зөрчил, дутагдлыг гаргасан байна.

Мөн иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт хангалтгүй, асуудлыг нягтлан судалж, шалтгаан нөхцөлийг тодруулдаггүй, хуулийн хугацаанд бүрэн барагдуулж, эцэслэн шийдвэрлэдэггүй, төрийн үйлчилгээг үзүүлэхэд хүнд суртал гаргаж иргэдийг чирэгдүүлдэг зэрэг зөрчил илрэв. Түүнчлэн төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйн дутагдлыг илрүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажил хангалтгүй байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах чиглэлээр дээрх гурван байгууллагад шаардлага тавьсан юм.

Тухайлбал,

  • Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг үйл ажиллагаандаа бүрэн дүүрэн мөрдөж ажиллах,
  • Зарим чиглэлээр эрх зүйн орчныг шинэчлэх, хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээг хэтрүүлэхгүй байх,
  • Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж буй ажилд тавих хяналтыг сайжруулах,
  • Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, хүндрэл чирэгдлийг багасгах,
  • Үйлчилгээний хүсэлтийн шат дамжлагыг бууруулах,
  • Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд дүн шинжилгээг хийж, хууль зүйн үндэслэлтэй нэг мөр эцэслэн шийдвэрлүүлэх зэрэг чиглэлээр шаардлага тавин ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд дархлаажуулалтын 172 суурин, 14 түр цэг ажиллана

Өнөөдөр /2021.12.14/ Улаанбаатар хотод 172 суурин, 14 түр цэгт 188 багийн 866 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятад хилээ нээхгүй бол монголчууд олимпод нь оролцохгүй байхыг уриалж байна

Хятад улс хилээ хаагаад багагүй хугацаа өнгөрчихлөө. Нийт хэрэглээнийхээ 70, магадгүй түүнээс ч илүү хувийг импортоор хангадаг монголчуудын хувьд Эрээний хил хаагдана гэдэг жир хэрэг биш. Инфляци нь цойлж, иргэдийнх нь халаасан дахь хэдэн бор төгрөгийн ханш өдөр ирэх бүр унасаар байна гэдэг тусгаар тогтносон улсын хувьд маш том эрсдэл. Шуудхан хэлэхэд, тусгаар тогтнолд нөлөөлөхүйц хэмжээний уршигтай явдал. Урд хөрш хилээ хаасан шийдвэрээ ирэх оны хоёрдугаар сард болох олимпоо дуустал цуцлахгүй гэсэн мэдээлэл цацагдсаар удаж байна. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдал, цагийн өнгө аясыг анзаарах нь ээ энэ мэдээлэл бараг л үнэн болоод явчихлаа.

Замын-Үүдээр бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт нэвтэрч эхэллээ гэсэн мэдээлэл саявтар цацагдаж олон хүний горьдлого тээсэн харц Эрээн рүү чиглэж байв. Гэтэл ачир дээрээ боомт дээр гацсан зуухан машиныг өдөрт тав, зургаахнаар нь нэвтрүүлье гэсэн шийдвэр байсныг олонх анзаараагүй. Энэ маягаар өдөрт хэдхэн машин нэвтрүүлээд явлаа гэж төсөөлөхөд ирэх оны нэгдүгээр сарын сүүл болчих юм билээ. Дахиад хэдхэн өдөр элдэв шалтгаан хэлээд хилээ хаахад л урд хөршид болох олимп дуусчихна.

Олимпийн өмнө олон улсад ковидын элдэв эрсдэлгүйгээ батлан харуулах нь Хятад улсын номер нэг зорилго байж болно. Гэхдээ мөнхийн хөршдөө хандах хандлага нь энэ зорилгоос нь гадуур, эрхэмлэж чухалчилам харилцаа байж болмоор түмэн шалтгаан бий. Харамсалтай нь БНХАУ хөрш орондоо яг жинхэнэдээ яаж ханддагийг харуулсан хатуухан өдрүүд үргэлжилж байна. Монгол Улсын импортын гол суваг хаагдчихсан энэ өдрүүдэд хувийн хэвшлийнхэн, жирийн иргэд бултаараа хэцүүхэн аж төрж яваа нь бодитой гашуун үнэн. Барааны хомсдол, тээвэрлэлтийн өндөр зардал нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг өсгөхөөс өөр аргагүй байдал руу хувийн хэвшлийнхнийг шахаж байна. Өдрөөс өдөрт өсч буй өргөн хэрэглээний барааны үнэд сард олдог хэд нь гологдож, чамлагдсаар байгаа жирийн иргэдийн ачаа улам хүндэрсээр байна. Товчхондоо Эрээн хаагдсанаас хойш улсаараа хэцүүхэн орчинд аж төрсөөр багагүй хугацаа өнгөрчихлөө. Ийм тохиолдолд Монгол Улсын тамирчид урд хөршид болж буй олимпод оролцох нь үндэстнээ үгүйсгэж байгаагаас ялгаагүй хэрэг болно.

Шуудхад хэлэхэд, БНХАУ-д болох олимпод тамирчдаа оруулахгүй байя. Монгол Улс НҮБ-д бүртгэлтэй, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улс. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улсын хувьд “Бид тамирчдаа Хятадад болох олимпод оролцуулахгүй. Учир нь тэд хөрш улсын найрсаг харилцаагаа умартсан шийдвэрийг гаргаад удаж байна. Бид өнгөрсөн хугацаанд хөрш улсын найрсаг харилцааг эрхэмлэсээр өнөөг хүрсэн. Учир иймээс бид Хятад улсад зохион байгуулах олимпод тамирчдаа оролцуулахгүйгээ мэдэгдэж байна” гэчихэд л Азийн Монголыг дэлхий сонсоно. Манай улсын хувьд үндэстнийх нь хэрэглээний ихэнх, бүр тодруулж хэлбэл дал хол давсан хувь нь Хятадын хилээр орж ирэх ачаа, тээврээс хамаардаг. Ийм өндөр хамааралтай улсад импортын хориг тавьсан орныг дэлхий гоёор харахгүй. Тэр дундаа бүс нутагтаа ардчиллын баянбүрд гэгддэг Монгол Улс ийм утгатай мэдэгдэл гаргавал өрнийн удирдагчид чихнийхээ хажуугаар өнгөрөөхгүй.

Манай улс өнгөрсөн жилүүдэд хөрш хоёр гүрэндээ элэгсэг, найрсаг бодлогоор хандсаар ирсэн түүхтэй. Хөршдөө хэр найрсаг, ямар элэгсэг хандаж байсныг өнгөрсөн түүхээ сөхөөд харчихаж болно. Ердөө саяхан, ковид эхэлж байх үед гэхэд л манай улсын Ерөнхийлөгч урд хөршдөө айлчлахдаа “Та бүхэндээ ийм хэцүү цагт гучин мянган хонь өгье” гэж амлаж байлаа. Дэлхий даяараа “Энэ муухай вирусийг дэлхийд халдаачихлаа” гэж Хятад улсыг адлангуй харж, цэрвэж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч хамгийн түрүүнд айлчилж гучин мянган хонь бэлэглэхээ амлаж байсан нь булзах аргагүй түүхэн үнэн. Тухайн үеийн хэвлэлийн мэдээг сөхөж харъя. “БНХАУ-ын Дарга Си Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалыг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг эш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Мөн халдварт өвчин гарснаас хойш БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэу даагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэлээ. Уулзалтын үеэр талууд коронавирусийн асуудал нь ганцхан улсын асуудал биш тул хамтран ажиллах нь зүйтэй гээд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов” гэсэн үг, өгүүлбэр шарлаж амжаагүй хэвлэлийн хуудсанд дурайж байна.

Ердөө саяхан ингэж хэлсэн урд хөршийн дарга өнөө биднийг хилээ хаах шийдвэрээр дарамталж сууна. Хятадад болох олимпод өрнийнхөн таатай хандахгүй байгаа. Наад захын жишээ гэхэд л Уйгурт хүний эрхийг зөрчсөөр яваад нь дургүйлхэж дипломат бойкот хийхээ илэрхийлчихсэн. “Танайд болох олимпод манай тамирчид оролцоно. Гэхдээ бид очихгүй” гэсэн утгатай мэдэгдэл хийгээд буй. Бид очихгүй гэдэг нь тэргүүлэх гүрний удирдагчид урд хөршид болж буй олимпод ач холбогдол өгч оролцохгүй гэсэн үг. Тэгвэл бид урд хөршид болох олимпод дарга, удирдлагын түвшинд оролцохгүй байхаас гадна тамирчдаа ч оролцуулахгүй байя. Ингэж дипломат бойкот хийх том шалтгаан бэлхнээ байна.

Categories
мэдээ улс-төр

ЗГ: Оюутолгойн хэлэлцээ хийх ажлын хэсгийн явцын талаар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,

– Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,

– Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрх олгох тухай,

– Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн явцын талаар зэрэг 25 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна