Categories
мэдээ нийгэм

ШАТАР СОНИРХОГЧДЫН 2021 ОНЫ НИЙСЛЭЛИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

Шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, шатар сонирхогчдыг дэмжих зорилгоор Нийслэлийн ИТХ-аас жил бүр Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг.

Уламжлалт энэхүү тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Шатар сонирхогчдын 2021 оны нийслэлийн шатрын аваргууд тодорлоо.

Тэмцээнд дүүргүүдээс шалгарсан 54 шатарчин оролцсоноос эмэгтэйчүүдийн төрөлд Г.Санчирдулам, И.Нангилмаа, Т.Нямлхагва, Ж.Алтанчимэг, Д.Сайнзаяа, Л.Мөнхзаяа нар тэргүүлэв.

Харин эрэгтэйчүүдийн төрөлд А.Дөлгөөн, Д.Энхжаргал, Г.Цолмон-Осор, Б.Гантулга, Г.Энхбаяр, Ш.Энхбат нар шалгарч, Улсын Их Хурлын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Categories
мэдээ эдийн-засаг

Оюу толгойн асуудлаарх УИХ-ын Түр хороотой хамтарч ажиллахыг үүрэг болгов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Засгийн газрын Ажлын хэсэг “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Оюу толгой” ХХК-ийн гадаадын хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ үргэлжилж байна.

Хэлэлцээний явцын талаар Засгийн газрын хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Оюу толгойн асуудлаарх УИХ-ын Түр хороотой хамтарч ажиллахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Өнөө маргаашдаа баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

2021 оны 12 сарын 14-ний 20 цагаас 12 сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр 29-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус хүйтэн байна.

Бусад нутгаар 16-21 градус, өдөртөө хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 21-26 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Онон, Халх голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

2021 оны 12 дугаар сарын 16-наас 12 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи 16,17,18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 18-наас нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутагт Хагт уулын хадны оршуулгаас илэрсэн эсгий онго

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын “Хагт уул”-ын хөндийд эртний хүний шарил олдсон мэдээллийн дагуу ЦЕГ-с 13д/6377 тоот албан бичгийг тус хүрээлэнд илгээн авран хамгаалах малтлага судалгаа хийлгэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу Хагт уулнаас илэрсэн хадны оршуулганд авран хамгаалах малтлага судалгааг хийж гүйцэтгэжээ. Дурсгалаас олон сонирхолтой эд өлгийн зүйлс илэрсэнээс эсгий онгийг онцлон танилцуулж байна.

Хүний дүрст эсгий онго: Хүний толгой, хөл, гарыг тодорхой гаргаж дүрсэлсэн бөгөөд ташаа өргөнтэй эмэгтэй хүнийг төлөөлүүлэн хийсэн бололтой. Эсгийг хүний хэлбэрт оруулан исгэж хоёр давхарлан оёж хийсэн, онгоны гадна ирмэгээр бүтэн тойруулан оёжээ. Нэг талын гарны үзүүрт гурван нарийн дээсийг хооронд нь эрчилж хийсэн унжлага байх ба үүнийг анх хийхдээ хоёр эсгийний голд оруулан оёж гарны үзүүрт илүү гарган унжуулжээ. Хоёр хөлийг өсгийгөөр нь нийлүүлэн өлмийг гадагш харуулан дүрсэлжээ. Онгоны толгойн нүүрэн хэсгийн хоёр захдуу газар хар өнгийн жижиг чулуун сувсыг утсаар сүвлэн нэвт хатгаж тогтоосон ба утасны үзүүрийг ар талд нь нийлүүлэн зангиджээ. Энэ нь нүдийг төлөөлүүлсэн бололтой. Онгоны өндөр 24.2 см. Онгоны дээр хувцас бололтой зүймэл даавууны тасархай болон дээр нь бүтээн тавьсан гурвалжин эсгий тавьжээ.

Судлаачид хадны оршуулгыг дагалдуулан тавьсан эд өлгийн зүйлс дээр тулгуурлан урьдчилсан байдлаар XII-XIII зууны үед хамруулан авч үзжээ. Эсгий онго ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Эх сурвалж: ШУА-ын Археологийн хүрээлэн

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хотуудын Олон улсын олимпиадад Улаанбаатар хотын баг III байрт орлоо

ОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад Улаанбаатар хотын сурагчид багийн дүнгээрээ гуравдугаар байрт орлоо.

Тус олимпиадад 35 хотын баг оролцон, хими, физик, математик, мэдээлэл зүй гэсэн дөрвөн төрөлд өрсөлджээ.

Тэмцээний төрөл тус бүрд Улаанбаатар хотоос 14-18 насны хоёр сурагч буюу нийт найман сурагч оролцсон. Ийнхүү Улаанбаатар хотын сурагчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал, математикийн төрлөөр нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч Б.Мөнхцэлмэг алтан медаль, химийн төрлөөр “Сэлбэ” сургуулийн сурагч Б.Гэрэл алтан медаль, “Орчлон” сургуулийн сурагч Ц.Тайхар хүрэл медаль, физикийн төрлөөр “Сант” сургуулийн сурагч Б.Билгүүн мөнгөн медаль, мэдээлэл зүйн төрлөөр Ш.Билгүүдэй хүрэл медаль хүртлээ.

Сурагчид физик, химийн чиглэлээр онол, туршилтын даалгавар гүйцэтгэсэн бол математик, мэдээлэл зүйн төрөлд бодлого бодсон байна. Тус олимпиад нь олон улсын хамгийн том олимпиадад тооцогддог бөгөөд сурагчид хүнд даалгаврууд гүйцэтгэдгээрээ онцлог юм.

Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадын үеэр хоёр цагийн дотор 80 бодлого бодох шаардлагатай Блиц тэмцээн болж, Улаанбаатар хотын баг шагналт байр эзэлсэн байна. Уг тэмцээнд 43 хотын сурагчид оролцжээ.

Олон улсын тэмцээнд оюун ухаанаа уралдуулан, амжилттай оролцож, нийслэл хотынхоо нэрийг алдаршуулсан шилдэг сурагчдадаа баяр хүргэе.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаагаар 10 хоногт 5.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг Улаанбаатар хотод үе шаттай зохион байгуулж байна.

Эхний худалдаагаар 10 хоногийн хугацаанд 350 иргэн 25 аж ахуйн нэгж нийт 5.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Харин 2 дахь үе шат энэ сарын 6-наас 20-ныг дуустал “Тэнгэр” бөөний худалдааны төв, Тусгаар тогтнолын талбай, Яармагийн “Фүүд сити” худалдааны төвд зохион байгуулагдаж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын холбогдох албаныхан 13 настай Монгол охин болон түүний ээжээс уучлалт гуйжээ

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид 13 настай Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд хорьсон ноцтой хэрэг гарсан.

Өнгөрсөн долдугаар сард гарсан уг хэргийн талаар БНСУ-ын MBC телевиз олон нийтэд мэдээлснээр олон нийтэд ил болсон. Тэгвэл 13 настай Монгол охин болон түүний ээжээс БНСУ-ын холбогдох албаныхан уучлалт хүсжээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “13 настай Монгол охины тухайд Солонгос улсын албаны хүмүүс уучлал гуйсан, анхаарал хандуулж шийднэ гэдгээ илэрхийлсэн. Салбарын сайдын хувьд гадаадад амьдарч буй иргэдээ асуудал тулгарсан цагт зайлшгүй Элчин сайддаа хандаж байхыг санууллаа.

“БНСУ-ын Ерөнхийлөгчид хүргэхээр цахимаар санал хураалт авч байгаа. Одоогоор 200 мянга гаруй иргэний санал авсан. Гэхдээ 30 хоногийн дараа шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, нэг сарын эхээр Солонгосын талаас хэрхэн шийдэх талаараа мэдээлэл ирүүлэх байх. Бид энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа. Дөрвөн охин нийлж зодсон. Хоёр нь насанд хүрээгүй, харин 15,16 настай хүүхдүүдэд нь хариуцлага тооцохоор яригдаж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 193 хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1384, хулгайтай холбоотой 26, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 130, гэмт хэргийн шинжтэй 91 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 84, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 182, хүний биед халдсан 72, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 55, эрүүлжүүлэх байранд хоносон 193, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 75 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: ИТХ-ын ажлын алба болон ЗДТГ-ын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 14-нд болж, дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Хуралдаанаар Төрийн байгууллагын бүтээмжийг сайжруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, бүтцийг цомхон, чадварлаг болгож иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны болон аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Тогтоолын төслийг боловсруулахдаа Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор баталсан “Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал” болон “Чанарын менежментийн тогтолцооны ISO9001 стандартыг орон нутгийн захиргаанд хэрэглэх арга зүйн заавар” стандартыг баримтлан ажилласан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 35, дүүргийнх 8-21, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 8-12, сумынх 3-4 байхаар, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоохдоо орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан 34-46 хүртэл байхаар тогтоов.

Аймгийн төрийн захиргааны байгууллагуудад чиг үүргийн шинжилгээг хийж, хэлтэс, тасаг, агентлагийн хооронд чиг үүргийн давхардал, хийдэл үүсгэхгүйгээр оновчтой зохицуулалт хийж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгав.

Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох ажил нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа ажил юм.


2022 оны эхнээс төрийн хяналт шалгалтыг багасгахыг үүрэг болгов

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чиглэсэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар бууруулах, зарим шаардлагагүй шалгалтуудыг цуцлахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр үүрэг болголоо. Мөн зөвхөн эрсдэлд суурилсан, зайлшгүй хийгдэх хяналт шалгалтыг төлөвлөж хэрэгжүүлэх, хяналт шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэхийг даалгав.
Төрийн хяналт шалгалт хэрэгжүүлэгч байгууллагууд болох Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудад хяналт шалгалтыг бууруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгож, зөвлөн тусалдаг, алдааг нь анхааруулдаг байх нь зүйтэй гэжээ.
Улс, орон нутгийн төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хийх хяналт шалгалтыг хэвээр үргэлжлүүнэ.

Товч мэдээ

  • Засгийн газрын Ажлын хэсэг “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Оюу толгой” ХХК-ийн гадаадын хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ үргэлжилж байна. Хэлэлцээний явцын талаар Засгийн газрын хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Оюу толгойн асуудлаарх УИХ-ын Түр хороотой хамтарч ажиллахыг үүрэг болголоо.
  • Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ сард багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон “Роснефть” НХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн төсөл болон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн үйл ажиллагааны талаар танилцуулав.
  • Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хэрэгжүүлсэн арга хэмжээ, нөхцөл байдлын талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хилийн боомтуудаар нэвтрэх автозам болон төмөр замын ачаа тээврийг шуурхай нэвтрүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгав.
  • 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 13-нд “Ковид-19” халдварын нийт 1469 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 786 тохиолдлоор буурчээ. Нийт хүн амын 70 хувь нэгдүгээр тунд, 66 хувь хоёрдугаар тунд, 25 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна.
  • Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлтийн бодлого”, Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын талаар танилцууллаа.
  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгав.

Categories
мэдээ улс-төр

Х.Нямбаатар: Засгийн газар “Рио Тинто”, “Туркойз Хилл” компанийн саналыг хүлээн авна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас “Оюу толгой” төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв.

Тэрбээр, Засгийн газраас уг санал болон “Оюу толгой” ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа УИХ-д танилцуулах болсныг онцолсон юм.

“Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэнэ гэдгээ уг саналд дурдсан юм. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн 34 хувь эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах боломжтой болох юм.

Мөн “Дубайн гэрээ” буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахаар саналдаа тусгасан юм. Түүнчлэн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах саналыг тусгаад буй юм. Мөн хоёр талаас үүсгээд буй арбитрын маргааныг зургаан сараар хойшлуулж, эвийн журмаар шийдвэрлэх санал тавьсан байна.