Categories
мэдээ эдийн-засаг

“Ремикон”, “Монгол нэхмэл”, “Монноос”-ын хувьцааны ханш хамгийн их өсөв

Монголын Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар 22 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ремикон” (RMC+14.76%), “Монгол нэхмэл” (MNH+9.62%) болон “Монноос” ХК (MNS+8.84%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин “Мон-Ит Булигаар” (MBG-14.65%), “Гермес центр” (HRM-7.69%) болон “Женко тур бюро” ХК (JTB-4.62%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Нийтдээ 39 ХК-ийн 816,797 ширхэг хувьцааг 546,572,564.38 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 64,270 ширхэг нэгж эрх 33,842,861 төгрөгөөр арилжигдсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 71 ширхэг үнэт цаас 7,100 доллараар арилжигдсан байна. ТOP-20 индекс 1.38 хувиар өсөж 41735.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,769,275,107,007.09 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг ирэх сарын 4-ныг хүртэл хойшлуулав

Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг өнөөдөр товлосон байв.

Гэвч Нийслэлийн прокурор Б.Энхбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд Турк улсаас ирж 14 хоногийн тусгаарлалтад орсон талаарх баримтуудаа ирүүлжээ. Мөн иргэний нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй байна. Эдгээрийг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж ирэх сарын 4-ний 10.00 цагт болгон товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр болжээ.

Д.Кёкүшюзанбатбаяр нарыг хэд хэдэн удаагийн үйлдлээр 32.7 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн оны байдлаар мал хулгайлах 263 хэрэгт 420 хүн эрүүгийн хариуцлага хүлээжээ

Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Тус аймгийн харьяат Б гэгч нь бусадтай бүлэглэн тээврийн хэрэгслээр Мөнххаан, Түвшинширээ сумын нутаг дэвсгэрээс бусдын бод малыг хулгайлж байсныг тогтоожээ. Гэмт этгээдүүд нь нийт 48 тооны бод малыг хулгайлж, иргэдэд 101 сая төгрөгийн хохирол учруулсныг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас иргэдэд зөвхөн өнгөрсөн оны байдлаар хоёр тэрбум 468,239,868 төгрөгийн хохирол учирснаас 760,529,554 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Гэвч хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого багатай хүмүүс болохыг Улсын ерөнхий прокурорын байгууллагаас мэдээлсэн. Тус газраас энэ төрлийн гэмт хэргийн талаар гаргасан судалгаагаар, улсын хэмжээнд 2020 оны байдлаар мал хулгайлах 263 хэрэгт 420 хүн эрүүгийн хариуцлага хүлээжээ. Үүнээс 205 хүн буюу 49 хувь нь хорих ялаар шийтгүүлсэн байна.

Хорих ялыг хугацаагаар нь авч үзвэл, 198 хүнд зургаан сараас таван жил хүртэл, зургаан хүнд 6-8 жил хүртэл, нэг хүнд есөн жилээс дээш хорих ялыг шүүхээс оногдуулсан байна. Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг хүйсээр нь авч үзвэл, 577 буюу 98.2 хувь нь эрэгтэй, 10 буюу 1.7 хувь нь эмэгтэй байна. Өөрөөр хэлбэл, 20 гаруй эмэгтэй малын хулгайн гэмт хэрэг үйлджээ.

Categories
мэдээ улс-төр

Төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг гардуулан өгөв

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх Ерөнхий сайд, Шадар сайд, ХНХ-ын сайд, Эрчим хүчний сайд болон Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн дүгнэлтийг тус тус гардуулан өглөө. Мөн энэ үеэр ҮАГ-ын Аудитын хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг тус дүгнэлт болон анхаарах асуудлын талаар танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн 5 төлбөрийн акт, 15 албан шаардлага, 31 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлжээ. Үүнээс аудитаар тогтоосон 3,739.8 сая төгрөгийн 5 төлбөрийн актын биелэлт 69.1 хувьтай байна. Аудитаар хүргүүлсэн 3,262.1 сая төгрөгийн 15 албан шаардлагаас бүрэн хэрэгжүүлсэн 10, хэрэгжих шатандаа 4, огт хэрэгжээгүй 1 байна. Аудитаар өгсөн 31 зөвлөмжөөс 22 нь бүрэн хэрэгжиж, 9 зөвлөмж хэрэгжих шатандаа байгаа аж.

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн 30 төлбөрийн акт, 88 албан шаардлага, 132 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэллээ. Үүнээс аудитаар өгсөн 159 сая төгрөгийн 30 төлбөрийн актын биелэлт 88.6 хувьтай байгаа аж. Аудитаар хүргүүлсэн 2,841.6 сая төгрөгийн 88 албан шаардлагаас бүрэн хэрэгжүүлсэн 72, хэрэгжих шатандаа 10, огт хэрэгжээгүй 6 албан шаард лага байна. Харин аудитаар өгсөн 132 зөвлөмжөөс 102 нь бүрэн хэрэгжиж, хэрэгжих шатандаа 14, огт хэрэгжээгүй 10 байгаа буюу биелэлт 81.9 хувьтай байна.

Санхүүгийн зохицуулах хороонд аудитаар хүргүүлсэн 5.9 сая төгрөгийн 5 албан шаардлага 92 хувийн биелэлттэй байгаа бол аудитаар өгсөн 5 зөвлөмжөөс 3 нь бүрэн хэрэгжиж, 2 нь хэрэгжих шатандаа байгаа аж. Харин Улсын дээд шүүхийн шийдвэртэй 923.4 сая төгрөгийн төлбөрийг санхүүгийн тайланд өглөгөөр тусгаж бүртгэх, барагдуулах эх үүсвэрийг шийдвэрлүүлэх зөвлөмжийн биелэлт 80 хувьтай байгааг тэрбээр онцоллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн 70 төлбөрийн акт, 124 албан шаардлага, 283 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэллээ. Аудитаар өгсөн 425.8 сая төгрөгийн 70 төлбөрийн актын биелэлт 54.3 хувьтай байна. Аудитаар 28,833.8 сая төгрөгийн 124 албан шаардлага хүргүүлснээс 68-ыг нь хэрэгжүүлж, 42 нь хэрэгжих шатандаа, 13 нь хэрэгжээгүй байгаа аж. Мөн аудитаар 283 зөвлөмж өгснөөс 145-ыг бүрэн хэрэгжүүлж, 114 нь хэрэгжих шатандаа байгаа гэв.

Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн 11 төлбөрийн акт, 63 албан шаардлага, 131 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэв. Үүнээс аудитаар өгсөн 85.3 сая төгрөгийн 11 төлбөрийн актын биелэлт 84.1 хувьтай байна. Аудитаар хүргүүлсэн 40,289.8 сая төгрөгийн 63 албан шаардлагаас бүрэн хэрэгжүүлсэн 29, хэрэгжих шатандаа 28, огт хэрэгжээгүй 4, хугацаа болоогүй 2 албан шаардлага байгаа аж. Харин аудитаар өгсөн 131 зөвлөмжөөс 57 нь бүрэн хэрэгжиж, хэрэгжих шатандаа 65, огт хэрэгжээгүй 9 байгааг ҮАГ-ын Аудитын хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг тодотголоо.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа газруудын акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг бодитой үнэлж, ҮАГ-т нотлох баримтыг албан бичгээр ирүүлж байхыг анхааруулсан юм. Мөн дотоод аудитын нэгж, албан тушаалтан хэрэгжих шатандаа байгаа албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг бүрэн хангуулахад анхаарч, хяналт тавьж ажиллах зөвлөлөө.

Categories
гадаад мэдээ

Индонезид 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Индонезийн зүүн хэсэгт өнөөдөр 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр Индонезийн зүүн хэсэгт болсон газар хөдлөлтийн хүч 7.3 магнитуд гэж мэдээлээд цунамийн давалгаа үүсч болзошгүйг анхааруулав.

Газар хөдлөлтийн голомт нь Индонезийн зүүн Нуса Тенггара мужийн Флорес арлын хойд хэсэгт байсан бөгөөд өглөөний 03:20 GMT цагт болсон байна. Газар хөдлөлт Флоресийн тэнгист 18.5 километрийн гүнд болсон аж.

Газар хөдлөлт мэдрэгдсэн бүс нутагт их хэмжээний хохирол учраагүй ч хашлага, чулуун хавтан зэрэг нурсан байна. Одоогоор амь эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй ч эрх баригчид болгоомжтой байхыг сануулжээ. Мөн голомтын бүс дэх иргэдийг далайн эргээс нүүж аль болох өндөрлөг газар очихыг албаныхан зөвлөжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны экспорт 16 хувиар өсчээ

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, оны эхнээс арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар 4,636.5 мянган баррель газрын тос олборлож, 4,090.4 мянган баррель газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 565.1 мян.бар буюу 16 хувиар өссөн байна.

Улсын хэмжээнд өнгөрсөн сарын 29-ний байдлаар 89847 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 6,417 тн, АИ-92 автобензин 37066 тн, ДТ 39646 тн байв. Нийслэлд 49049 тн шатахууны нөөц байгаагаас АИ-92 автобензин 23 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа аж.

Манай улс өнөөдрийн байдлаар 509.3 мянган тонн автобензин импортоор авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 66 хувиар буурч, харин 2019 оны мөн үетэй харьцуулахад 8 хувиар өссөн дүн юм. Энэ онд импортлоод буй 889.6 мянган тонн дизелийн түлшний хэмжээ өмнөх хоёр оныхоос 3-10.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Манай улсад энэ оны 1-11 дүгээр сар хүртэлх хугацаанд 51500 суудлын автомашин импортоор орж иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн, 2019 оны мөн үеэс 22.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Ачааны автомашины тухайд эхний 11 сард 24700 ширхэгийг импортолсон нь өмнөх оны мөн үеэс 28.3 хувь, 2019 оны мөн үеэс 13.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуульд нэмэлт оруулах төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтов

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.12.14/ үдээс хойш хамтарч хуралдав. Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр даргалан хуралдуулсан юм.

Хамтарсан хуралдаанаар эхлээд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал хамтарсан хуралдаанд танилцуулсан юм.

No description available.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын нийт 38 саналыг төсөлд нэг бүрчлэн нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Харин нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн 24 дүгээр зүйлийг хасах санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бөгөөд хуралдаан даргалагчаас чиглэл өгсний дагуу уг саналыг дахин хураалгахаар саналын томьёолол бэлтгэсэн байна.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед олонхын дэмжлэг авч чадаагүй нэг саналын томьёоллоор дахин санал хураалгахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэг (Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг)-ийг бүхэлд нь өөрчлөн найруулах санал дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай болсон байна.

No description available.

Иймээс Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 6.2 дахь заалт буюу төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол, мөн 26.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ; онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулсан, программ хангамжийг тусгайлан зохиосон, зориудаар ашигласан, санаатай тараасан бөгөөд дээрх гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнийг өөрсдөө илрүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг тагнуулын байгууллага явуулахаар зохицуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Х.Ганхуяг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад одоогоор ковидын “Омикрон” хувилбар бүртгэгдээгүй

2021 оны 12 дугаар сарын 8-13-нд ковид-19 халдварын нийт 1469 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 786 тохиолдлоор буурчээ. Нийт хүн амын:

  • 70 хувь нэгдүгээр тунд
  • 66 хувь хоёрдугаар тунд
  • 25 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна.

19-20 насныхан вакцинжуулалтад хамрагдах нь хамгийн бага байгаа бол 70-74 насныхан хамгийн өндөр хамралттай байна. Улсын хэмжээнд 3168 хүн ковидын шалтгаанаар эмнэлэгт хэвтэж буй юм.

Чингис хаан нисэх буудалд гадаадаас ирж буй иргэдэд 4000 гаруй шинжилгээ ковид-19-ийн халдварын долоон тохиолдол бүртгэгджээ. Омикрон хувилбар одоогоор Монгол Улсад орж ирээгүй хэмээн ЭМЯ-наас ЗГ-ын хуралдаанд танилцуулжээ.

Явуулын вакцинжуулах 40, суурин 40 цэг ажиллаж, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн 84 төв, сумын эрүүл мэндийн 333 төвд вакцинжуулалт хийж байна.

Түүнчлэн “Омикрон”ы халдварлах чадвар нэмэгдсэн, одоогоор шинж тэмдэг хөнгөн байгаа ч өвчлөл, хүндрэл нэмэгдэх эрсдэлтэйгээс гадна вакцины үр нөлөөг бууруулж байгааг олон улсын эрдэмтэд тогтоогоод буйг тэрбээр уламжилсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баянхошуунд агаарын бохирдол хамгийн их байна

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар I хороолол, 100 айл, Толгойт, Хайлааст, 5-н буудал орчим “Бохирдолтой” бусад цэгт “Бага бохирдолтой” түвшинд байв.

Харин өнөөдөр 17.10 цагийн байдлаар Агаарын чанарын индексээр Баянхошуу орчимд их бохирдолтой /487/ байна.

Толгойт /152/ , Амгалан /141/, Бөхийн-Өргөө /134/, 100 айл /144/, Хайлааст /242/, Таван буудал /137/ орчмоор бага бохирдолтой бол Мишээл экспо, 100 айл орчмоор агаар хэвийн түвшинд /63-94/ байгааг agaar.mn мэдээллээ.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна

2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 15-50 см нимгэн байна.

Мөн гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул зам товчлох , цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс