Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хүн ам 2040 он гэхэд хоёр сая давна

Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөл хуралдаж, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх “2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцжээ.

Одоо мөрдөгдөж байгаа Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага зэрэг баримт бичгүүдийн хугацаа дуусаж байгаа учир “2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. Улаанбаатар хот 1499200 хүн амтай. Энэ тоо 2040 он гэхэд 2089000 болох бөгөөд одоо байгаа 1125 км хотын авто замын сүлжээ 3107 км болж тэлэх тооцооллоор холбогдох төлөвлөлтүүд хийгдсэн аж. Эдийн засгийн тэргүүлэх салбаруудын хувьд боловсруулах үйлдвэр, тээвэр ложистик, мэдээлэл технологи, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн салбарууд багтжээ. Тус төлөвлөгөөний танилцуулгын дараа зөвлөлийн гишүүд 2020 оны ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, гэр хорооллын төлөвлөлт, инженерийн дэд бүтэц тэр дундаа эрчим хүч, үерийн усны далан хамгаалалтын төлөвлөгөө тооцооллыг тодруулжээ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй гэсэн дүн гарсныг албаныхан танилцуулсан юм. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө юунаас, ямар шалтгаануудаас болж хэрэгжилт нь хангалтгүй байгааг, алдаа хаанаа байсан бэ гэдгийг тодруулж, улмаар өмнөх алдааныхаа шалтгаан, үр дагаварыг нарийн гаргасны үндсэн дээр дараагийн “2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг улам бүр нарийвчлан боловсруулж, бодит тооцооллуудыг тусгах, хэсэгчилсэн төлөвлөгөөнүүд батлагдаагүй байхад газар олголт нь түрүүлж яваад бурууддаг алдааг давтахгүй байх чиглэл өгч, төлөвлөгөөг сайжруулан дахин оруулж ирэхийг үүрэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хамгийн баян хүн орон гэргүй болжээ

Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг Илон Маск өнгөрсөн долоо хоногт албан ёсоор байр сууцгүй хүн болжээ. Хоёр жилийн өмнө SpaceX болон Tesla компанийг үүсгэн байгуулагч үл хөдлөх хөрөнгө цуглуулахаас татгалзан Ангараг гараг руу нүүх бэлтгэлээ хангана гэж амлаж байв. Амлалтаа биелүүлдэг жинхэнэ эр хүн гэдгээ харуулахын тулд Илон Маск өнгөрсөн долоо хоногт албан ёсоор орон сууцгүй хүн болж Калифорнийн Хиллсборо дахь шилтгээнээ 30 сая доллараар зарж чадав. Маск 10 унтлагын өрөөтэй, 1486 кв.м талбайтай уг шилтгээнийг 2017 онд $23,3 саяар худалдан авч байжээ.

Илон Маск өнгөрсөн онд Калифорни дэх зургаан үл хөдлөх хөрөнгийн байгууламжаа нийт 117 саяар зарж байв. Одоо дэлхийн хамгийн баян хүн Техас мужид сарын 50 мянган доллараар байр хөлслөн сууж байна.

Categories
гадаад мэдээ

Гадаад худалдааны тэнцэл 2.6 тэрбум америк долларын ашигтай гарчээ

Манай улс энэ оны эхний 11 сарын байдлаар 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15 тэрбум америк долларт хүрлээ гэж ҮСХ-ноос мэдээлэв.

Экспорт 8.8 тэрбум, импорт 6.2 тэрбум америк доллар байна.

Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 3.3 (27%) тэрбум америк доллароор, экспорт 2.0 тэрбум, импорт 1.3 тэрбум америк доллароор тус тус өсжээ.

Харин өнгөрсөн сард экспорт 1.3 тэрбум, импорт 542 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 182 сая, импорт 24сая америк доллароор өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл эхний 11 сарын байдлаар 2.6 тэрбум америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 673 сая америк доллароор өсжээ. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн сард 763 сая америк долларын ашигтай гарч, өмнөх сараас 158 сая америк доллароор өссөн байна. БНХАУ-тай эхний 11 сард 9.7 тэрбум америк долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64 хувийг эзэлжээ.

БНХАУ-д экспортолсон бүтээгдэхүүний 31 хувийг чулуун нүүрс, 38 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 98 хувийг, БНСУ-д экспортолсон барааны 65 хувийг алт эзэлж байна.

Экспорт эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 2.0 тэрбум америк доллароор өсөхөд зэсийн баяжмалын экспорт 1.3 тэрбум, нүүрсний экспорт 608 сая америк доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг 571 гэмт хэрэг бүртгэгджээ

Монгол Улсын хэмжээнд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 2021 оны 11-н сард нийт 571 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрөгч 2020 оны мөн үеэс 40 хэрэг буюу 6.5 хувиар буурсан байна.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн 23348 хэргийн 2.4 хувийг Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж, хэргийн илрүүлэлт 56.7 хувьтай байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ

Арилжааны банкуудын гаргасан чанаргүй зээл энэ оны арваннэгдүгээр сарын эцэст хоёр их наяд төгрөг болжээ.

Энэ нь өмнөх сараас 39 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.1 тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10 хувийг эзэлжээ.

Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд ипотекийн зээл олгодог билээ. Тэгвэл ипотекийн өрийн үлдэгдэл энэ оны аравдугаар сарын эцэст 5.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 65 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 651 тэрбум төгрөгөөр өсчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Увертюра” хамтлаг Турк улсад тоглолтоо хийнэ

Монгол поп опера “Увертюра” хамтлаг энэ сарын 25-нд Турк Улсад “Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ” буюу бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ.

Тодруулбал, Турк Улсын Истанбул хотод ажиллаж амьдарч байгаа нийт Монголчууддаа зориулж дээрх тоглолтоо толилуулахаар болжээ.

“Увертюра” хамтлагийн залуучууд өнгөрсөн гуравдугаар сард түмэн олныхоо дэмжлэгтэйгээр хамтлагийн гишүүн Ж.Ганбаатарынхаа хүүд зориулж хандивын аян өрнүүлж 400 орчим сая төгрөгийг бүрдүүлж эмчилгээнд нь явуулсан билээ.

Энэ удаагийн тоглолтынхоо тодорхой хувийг мөн хандивлах төлөвлөгөөтэй байгаа аж.

Categories
мэдээ спорт

ОУХМ Б.Санжааг “Олимпийн алдар” одонгоор шагнав

Ард түмний дунд “Жижиг” нэрээрээ алдаршсан чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний бөхийн цэргийн заан Б.Санжаагийн спорт, олимпизмийн үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны Олимпийн алдар одонгоор шагналаа. Шагналыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган гардуулж өгөв.

“Токио-1964” зуны олимпийн наадамд анхлан оролцсон тамирчдын нэг нь Б.Санжаа. Тэрбээр Токиогийн дэвжээнд эхний барилдаанаа тэрхүү олимпод түрүүлсэн О.Ватанабэтэй хийн ялагдсан ч дараа нь Филиппиний бөхийг цэвэр ялж, Монголын олимпчдын анхны цэвэр ялалтыг авчирч байв.

Мөн 1966 оны ДАШТ-д Монголын багаас хамгийн өндөр амжилтыг үзүүлж, V байр эзэлсэн билээ.

Б.Санжаа гуай шагнал гардан авсныхаа дараа “Токиогийн олимпод би 80 гаруй кг-аас хасаад 63-т орж байлаа. Над шиг ингэж жин хассан тамирчин Монголд байхгүй дээ. Олимпод явахын өмнө би хамаг сайчуудтай нь түүж барилдана гээд хэлчихсэн юм. Гэтэл сугалаагаар жингийнхээ хамгийн сайн бөх О.Ватанабэтэй эхний даваанд таарчихдаг юм. Сайхан үзнэ гэж бодсон ч их хурдан ялагдсан. Харин дараа нь олимпын анхны цэвэр ялалтыг авчирч байлаа.

Уг нь дараагийн даваанд барилдах байсан ч ЗХУ-ын бөхийг дэмжих үүднээс намайг шууд хасчихсан. Хоёр систем нэгнийгээ дэмжих ёстой гэсэн бодлогын золиос нь болоод өнгөрсөн дөө. Тэгж их жин хасаж өөрийгөө зовоочихоод тэмцээний дундуур хасагдсандаа харамсаж явдаг.

Өнөөдөр МҮОХ миний багахан амжилтыг үнэлж ийм сайхан шагналаа гардуулсанд талархаж байна. Танай хамт олонд амжилт хүсье” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 4 их наяд төгрөгөөр буюу 17.2 хувиар өсчээ

Нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 11 сарын үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцуулав.

Эдийн засгийн үзүүлэлтээс харвал төлбөрийн тэнцлийн алдагдал 568.4 сая ам.долларт хүрчээ.Энэ нь урсгал дансны алдагдлаас шалтгаалсан. Урсгал дансны алдагдал өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор өсөхөд анхдагч орлогын дансны алдагдал өссөн нь голлон нөлөөлсөн гэдгийг ҮСХ-ны Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Л.Цэвээнжав хэллээ.

Эдийн засгийн бусад статистик үзүүлэлтийг харвал:

  • Мөнгөний нийлүүлэлт (М2) 27.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4 их наяд төгрөгөөр буюу 17.2%-аар өслөө.
  • Нийт зээлийн өрийн үлдэгдэл 20.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 173.4 тэрбум төгрөгөөр буюу 0.9%, өмнөх оны мөн үеэс 3.3 их наяд төгрөгөөр буюу 19.2%-аар тус тус өссөн байна.
  • Нийт зээлийн өрийн үлдэгдлийн дүнд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хэмжээ 4.9%, чанаргүй зээлийн эзлэх хэмжээ 10% болжээ.
  • Төсвийн зарлага болон цэвэр зээлийн хэмжээ 13.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.6 (13.4%) их наяд төгрөгөөр өссөн. Үүнд урсгал шилжүүлэг 2.1 (50.2%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ҮСХ: Согтууруулах ундаа, тамхины үнэ 6.1 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос нийгэм эдийн засгийн үзүүлэлтийн тайланг гаргажээ. Энэ талаар тус хорооноос өнөөдөр /2021.12.15/ мэдээлэх үеэр сарын дундаж цалин 1.3 саяд хүрч 66 мянган төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 46 мянган аж ахуйн нэгжийн 712.500 ажилтны сарын дундаж цалин энэ оны гуравдугаар улирлын байдлаар ийм дүнтэй гарсан байна. Мөн сүүлийн жилүүдэд эрэгтэй, эмэгтэй ажилтны дундаж цалингийн зөрүү нэмэгдсээр байна.

Тухайлбал, энэ оны гуравдугаар улирлын байдлаар эрчүүд дунджаар 1.5 сая төгрөгийн цалинтай байхад эмэгтэйчүүд 1.2 сая төгрөгийн цалинтай байгаа юм. Мөн хамгийн өндөр цалинтай салбар уул уурхайн олборлолт бөгөөд ажилтнуудын цалин дунджаар 3.1 сая төгрөг байна.


Статистик мэдээллээр, дундаж цалингаас гадна хэрэглээний бараа, үйлчилгээний өмнө өмнөх сараас 1.3 хувиар өсчээ. Үүнийг задалбал,

  • Мах, махан бүтээгдэхүүн 22.2 хувь
  • Согтууруулах ундаа, тамхины үнэ 6.1 хувь
  • Хувцас, бөс бараа гутал 5 хувь
  • Орон сууц, ус цахилгаан, хийн болон бусад түлш 1 хувь
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 6.8 хувь
  • Тээврийн бүлгийн үнэ 19.5 хувь
  • Ундаа ус, хүнсний бараа 17 хувиар тус тус өсчээ.

ЭКСПОРТ ӨМНӨХ ЖИЛЭЭС СЭРГЭВ

Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар нийт 156 улстай худалдаа хийж, экспорт, импорт өмнөх онын мөн үеэс өссөн дүнтэй байна. Нийт барааны эргэлт 15 тэрбум ам.доллар. Гадаад худалдааны тэнцэл энэ оны 11 сарын байдлаар 2.6 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Манай улс БНХАУ-тай энэ оны 11 сард 9.7 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 6.6 хувийг эзэлж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

NASA-гийн хөлөг анх удаа наранд хүрчээ

NASA-гийн илгээсэн сансрын хөлөг анх удаа наранд хүрсэн тухай тус байгууллагын судлаачид өчигдөр Америкийн Геофизикийн Холбооны хурал дээр зарлажээ.

Өөрөөр хэлбэл өмнө нь огт судлагдаж байгаагүй нарны атмосфер буюу нарны титмийн захад хүрсэн юм байна.

Parker Solar Probe (PSP) нэртэй хөлөг энэ оны дөрөвдүгээр сард наранд найман удаа ойртохдоо нарны титмийн зах хэсэг рүү гурван удаа шумбаад гарсныг NASA мэдээлжээ.

Энэхүү үйл явдлын мэдээллийг PSP хөлгөөс татаж авахад хэдэн сарыг, дараа нь боловсруулахад дахиад хэдэн сарыг зарцуулсан тул одоо нийтэд зарлаж байгаа юм байна. Шумбах үед хөлгийн хурд секундэд 100 км хүрсэн гэнэ.

2018 онд дэлхийгээс хөөрсөн PSP хөлөг нарны титмийн захад хүрэхдээ нарны төв цэгээс 13 сая километрийн зайд байжээ. Нарны титмийн захад хүрснээр нарнаас соронзон шуурга яаж үүсдэг, яаж халдаг, хэрхэн сансрын уудамд тардгийг ойлгоход чухал хэрэгтэй мэдээлэл цуглуулах юм байна.

PSP хөлөг наймдугаар сард ес дэх удаагаа наранд ойртохдоо дахин нарны титмийн зах руу шумбасан гэж NASA тооцоолж байгаа гэнэ. Гэхдээ үүнийг батлахын тулд хугацаа шаардах ажээ.

Өнгөрсөн сард хөлөг арав дахь удаагаа наранд ойртсон гэнэ. PSP хөлөг 2025 он хүртэл ажиллахдаа наранд улам илүү ойртож, титэм рүү нь улам гүн шумбахаар төлөвлөжээ.

NASA-гийн өчигдөр танилцуулсан судалгааны материалын дэлгэрэнгүй “American Physical Society” сэтгүүлд нийтлэгдсэн байна.