Categories
гадаад мэдээ

Эмнэлгийн ажилтан зул асаасны улмаас гал гарч, гурван хүн амиа алджээ


Украйны Косив хотын нэгэн эмнэлэгт гал гарсны улмаас эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан гурван өвчтөн амиа алджээ. Эмнэлгийн нэг ажилтан коронавирусээр нас барсан өвчтөний дурсгалд зориулж зул асаасны улмаас гал гарсан гэж албаныхан мэдээлсэн юм.

Мэдэгдэлд дурдсанаар, галд өртсөн хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан бөгөөд гурван эмч маш хүнд түлэгдсэн аж.

Эмнэлэгт өргөн хэрэглэдэг бөгөөд коронавирусийн үед өндөр эрэлттэй байгаа хүчилтөрөгчийн баяжуулагч нь маш шатамхай билээ. Бүс нутгийн Онцгой байдлын албанаас “Физикийн энгийн хууль болон аюулгүй байдлын дүрмийг үл тоомсорлосон явдал нь нөхөж баршгүй хохирол учрууллаа” хэмээн мэдэгдсэн байна.

Цар тахлын улмаас эрүүл мэндийн төвүүд хүчилтөрөгчийн баллоныг ихээр ашиглаж байгаа бөгөөд үүний улмаас Украйн болон бусад улсын хэд хэдэн эмнэлэг галд нэрвэгдэж, олон хүний амь нас хохироод байгаа юм.

Эх сурвалж: BBC


Categories
гадаад мэдээ

Турк дотооддоо гарган авсан вакцинаа хэрэглэж эхэлнэ

Турк улс дотооддоо гарган авсан “COVID-19”-ийн анхны вакцин болох “Turkovac”-ыг пүрэв гаргаас тарьж эхэлнэ гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдэгджээ. Тэрбээр Анкара хотын эмнэлэгт уг вакциныг нэмэлт тунгаар тариулсныхаа дараа энэхүү мэдэгдэлийг хийсэн байна.

Эрүүл мэндийн яамны мэдээллээр, улсын хэмжээнд лхагва гарагт “COVID-19” халдварын 36684 тохиолдол илэрснээр халдварын нийт тохиолдлын тоо 9 402 083-т хүрчээ. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад халдварын улмаас 82059 хүн нас барсан бол сүүлийн 24 цагийн хугацаанд 25638 хүн эдгэрсэн байна.

Туркийн эрх баригчид Хятадын “Sinovac” компанийн вакцинд яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосноор тус улс энэ оны нэгдүгээр сарын 14-нөөс “COVID-19”-ийн вакцинжуулалтад олон нийтийг хамруулж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 130.57 сая тун вакцин тарьснаас 56.86 сая хүн вакцины эхний тунд, 51.52 сая хүн хоёр тунд хамрагджээ.

Categories
мэдээ нийгэм

12 зорчигчтой суудлын автомашин замын хажуу руу унажээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Асгат түрүүний-Эх” гэдэг газар 12 зорчигчтой суудлын автомашин замын хажуу руу унасан осол гарчээ. Энэ тухай дуудлагыг 12 дугаар сарын 29-ны өдрийн 20:38 цагт сумын онцгой комисс хүлээн авсан байна. Дуудлагын дагуу сумын гал түймэр унтраах, аврах 73 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сум дундын нэгдсэн эмнэлгийн эмч нар осол болсон газар очсон байна. Зорчигчдын биеийн байдал хэвийн байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” худалдааны төв ирэх сарын 5-ныг хүртэл амарна

Худалдаа, үйлчилгээний бай­гуул­лагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол “Нарантуул”, Алтжин бөмбөгөр худалдааны төв өнөөдөр, маргааш ажиллаж, нэгдүгээр сарын 5-ныг хүртэл амарна. Сандэй худалдааны төв, “Хар хорин” худалдааны төв 30, 31-нд хэвийн ажиллаж, нэгдүгээр сарын 1-3-нд амарна. Харин Шөнийн зах худалдааны төв болон Баянзүрх зах 30, 31-нд ажиллаад ирэх сарын 1, 2-нд амрах юм.

Categories
мэдээ эдийн-засаг

ЧУУЛГАН: Оюу толгойн тогтоолын төслийг 74.1 хувийн саналаар баталлаа

Өнөөдөр /2021.12.30/ УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагт эхэллээ.

Хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Мөн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураахын өмнө гишүүд үг хэлсэн юм.

Тогтоолын төслийн 1.4 дэх хэсэгт, “Оюу толгой” ХХК-д хувьцаа эзэмгшигч болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх” гэж нэмэхийг дэмжих саналын томъёоллоор санал хураахад 70 гаруй хувийн саналаар дэмжигдлээ.

Мөн найруулгын шинжтэй өөр нэгэн саналын томъёоллоор санал хураахад 75.5 хувийн саналаар дэмжигдлээ.

Ингээд “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалаа.

Улмаар 74.1 хувийн дэмжсэн саналаар тус тогтоол батлагдлаа.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Улаанбаатарт 73, орон нутагт 32, зөөвөрлөгдсөн 11 тохиолдол батлагдав

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 116 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 73 нь Улаанбаатар хотод, 32 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 11 батлагдсан байна.

Мөн коронавируст халдварын улмаас 1 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.

Гэрийн хяналтад 318 хүн байна

Categories
мэдээ нийгэм

“The Voice of Mongolia” шоу нэгдүгээр сарын 2-нд эхэлнэ

“The Voice of Mongolia” шоуны гуравдугаар улирлын эхний дугаар 2022 оны нэгдүгээр сарын 2-нд эхэлнэ гэж “Mongol HD” телевиз мэдээлжээ. Шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон гэх мэдээлэл одоохондоо баталгаатай болоогүй байна.

Хоёрдугаар улиралд шилдгээр шалгарсан Х.Ядам болон бусад дуучид өдгөө уран бүтээлээ хийж, үзэгч сонсогчдынхоо сонорыг мялаасаар буй нь сайшаалтай. Орчин цагт шинэ, шилдэг дуучид, уран бүтээлчдийг төрүүлэх, таниулах ач холбогдолтой тус шоуг монголчууд ихэд хүлээн үздэг билээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Оюунгэрэлийн Иргэний Оролцооны Нэгдэл Намыг бүртгэхээс татгалзжээ

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр гаргасан тус намын дарга Ц.Оюунгэрэлийн өргөдлийг хэлэлцжээ.

Тус намын дарга Ц.Оюунгэрэлээс ирүүлсэн 1117 намын гишүүний бүртгэлийн мэдээллийг нягтлахад 136 иргэний мэдээлэл зөрүүтэй талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлжээ. Түүнчлэн тохиолдлын журмаар түүвэрлэн 64 иргэний мэдээллийг нягтлан шалгахад тухайн намд элсээгүй гэх 15, өөр намын харьяалалтай гэх 7 иргэн байсан бол мөн нам үүсгэн байгуулагдах үед насанд хүрээгүй 5, нэр нь давхар бичигдсэн 7 иргэн намын гишүүний мэдээлэлд тус тус илэрсэн байна.

Тогтоолд Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй байдаг.

Иймд УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар “намын дүрэм хуульд харшилсан” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Categories
мэдээ цаг-үе

УОК: Дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ хүн хоорондын зай баримтлаарай

Шинэ жилийн баяр ойртож, худалдаа үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлэх иргэдийн тоо ихсээд байна.

Иймд дэлгүүр, худалдааны байгууллагаар үйлчлүүлэхдээ халдвараас сэргийлэх бүх арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлэхийг Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас зөвлөлөө. Тодруулбал,

  • Олон хүнтэй газраас зайлсхийх,
  • Хүн хооронд багадаа 1 метрийн зай барих,
  • Амны хаалт зүүх,
  • Ханиаж, найтаахдаа ам хамрыг таглах,
  • Гараа тогтмол халдваргүйжүүлэх
  • Боломжтой бол цахимаар бараа, бүтээгдэхүүн захиалан аваарай гэжээ.

Categories
гадаад мэдээ

Өнгөрч буй онд дэлхийг донсолгосон онцлох 10 үйл явдал

1. “Ковид-19”-ийн цар тахлын улмаас дэлхий даяар нийт 5.4 сая орчим хүн нас барав. Хэдийгээр дэлхийд бүтэн хоёр жил үргэлжилсэн цар тахлын хөл хорио, хязгаарлалт энэ зунаас суларч, олон улсын нислэгүүд дөнгөж сэргэж эхэлсэн боловч оны эцэст цар тахлын шинэ хувилбар хүн төрөлхтнийг дахиад л хорионд оруулав. Хүн амынхаа 50-иас дээш хувийг вакцинд хамруулсан зарим оронд таваас дээш насны хүүхдүүддээ цар тахлын эсрэг вакцин тарьж, Монгол тэргүүтэй цөөн орон гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эхлүүлээд байна.

“Ковид-19”-ийн омикрон хувилбар нь дельта хувилбараасаа илүү хурдацтай тархаж байна. Ойрын өдрүүдэд баяр ёслолын арга хэмжээ олширсноор халдварын шинэ тохиолдол, нас баралт, эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэв. “Амьдралаа золиосолсноос нэг удаагийн арга хэмжээгээ хориглосон нь дээр” гэж ДЭМБ анхааруулсан. Европын орнууд коронавирусийн омикрон хувилбарын тархалтыг хяналтдаа авахаар тэмцэж буй энэ үед Францад өчигдөр халдварын хамгийн олон буюу 179 807 тохиолдол илэрчээ. Энэ нь Европын улсуудад өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болоод зогсохгүй Итали, Грек, Португал, Англид ч мөн урьд нь тохиолдож байгаагүй өндөр үзүүлэлт бүртгэгдээд байна.

2. “Их-8” бүлэг ОХУ-ыг хасаж дахин “Их-7” болж дэлхийн эдийн засаг, улс төрийн бодлогыг тодорхойлдог АНУ, ОХУ-ын харилцаа “хүйтэн дайн”-ы үеийн хэмжээнд хүрч муудлаа. Эдгээр улсын харилцаа ингэж муудахад Украины асуудал гол үүрэг гүйцэтгэсэн ч өөр олон асуудал НАТО болон ОХУ-ыг шинэ”дайн”-ы ирмэгт авчраад байна. Крымийн хойгийг хүчээр булаан авсан, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн, цахим халдлага ээлж дараалан явуулсан, улс төрийн гол өрсөлдөгчийнхөө амь насыг хөнөөлгөсөн, Навальный болон сөрөг хүчний олон хүнийг шоронд хорьсон, хүний эрхийг зөрчсөн зэрэг олон асуудалд барууныхан Москваг буруутгаж байна.Харин ОХУ тэднийг хэлсэн амнаасаа буцаж НАТО-г өөрийн улсын хилд тулгалаа гэж буруутган Аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхийг шаардаж байгаа юм. АНУ Украин руу ОХУ-ыг довтлохоос сэргийлэх зорилгоор илүү хүчтэй арга хэмжээ авахаа Москвад анхааруулж дэлхийн банкуудын хооронд мөнгөн гуйвуулга хийдэг, Бельгид төвтэй “SWIFT” гэх санхүүгийн төлбөрийн системээс ОХУ-ыг гаргана гэж сүрдүүлсэн. АНУ өмнө нь Ираны банкуудыг “SWIFT” системээс хасч Тегеран газрын тосны орлогынхоо бараг тал хувийг алдсан билээ. ОХУ нь газрын тос, байгалийн хийн экспортоос хараат улс бөгөөд нийт орлогын гуравны нэгийг бүрдүүлдэг төлбөрөө SWIFT” системээр хийдэг юм байна.

3. Германыг бүтэн 16 жил жолоодсоны эцэст канцлер Ангела Меркель 2021 оны есдүгээр сард болох сонгуульд нэр дэвшихээс татгалзсан. Ийнхүү Меркель хатагтай Германы түүхэнд өөрийн хүсэлтээр суудлаасаа бууж буй хамгийн анхны удирдагч болсон юм. Түүний үлдээсэн орон зайг нөхөж, залгамж халааг нь авах дараагийн канцлерыг сонгох сонгууль 2021 оны есдүгээр сарын 26-нд болсон. Сонгуулийн дүнгээр Социал демократ намын Олаф Шольц нийт 25.7 хувийн санал, түүний хамгийн гол өрсөлдөгч, Ангела Меркелийн санал болгосон нэр дэвшигч Армин Лашет 24.1 хувиар удаалсан. Ийнхүү Германы парламент 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд Олаф Шольцыг албан ёсоор дараагийн канцлераар томилсноор улс төрийн шинэ үе эхэлсэн. Албан тушаалдаа орсон эхний сард Шольц иргэдийн 50 хувийн үнэлгээ авч, Германы хамгийн алдартай улстөрчдийн нэг болов. Тэрбээр канцлераар томилогдсоныхоо дараа Германы Социал демократ, Ногоон, Чөлөөт ардчилсан намуудыг нэгтгэн, эвслийн засгийн газар байгуулсан юм. Дээрх гурван намын бэлгэдэл өнгүүд нь улаан, ногоон, шар учраас “Гэрлэн дохио” эвсэл гэж нэрлэгдээд байна. Энэ гурван намын эвслийн гэрээнээс дүгнэхэд, ирээдүйд Олаф Шольцын шинэ засгийн газар Хятадтай ил тод байдлаар сөргөлдөх нь ойлгомжтой болоод байна. Хятадад ээлтэй бодлогын шийдвэрүүд нь одоо нэгэнт үеэ өнгөрөөсөн, Европын холбоотой адил стратеги баримтлах нь зөв гэж энэ Засгийн газар шийдвэрлэсэн гэсэн үг.

4. Зохиолч Нил Стефинсон 1992 онд бичсэн “Snow Crash” шинжлэх ухааны зөгнөлт зохиолдоо бодит мэт 3D виртуал барилгууд болон амьд мэт аватаруудыг дүрсэлсэн байдаг. Уг кино зохиолд “Meta­verse” гэх нэр томьёо гардаг бөгөөд “Facebook” компани үүнээс сэдэвлэн нэрээ аравдугаар сард /2021.10.28/ сольж, дэлхийн дэвшилтэт технологийг хүн төрөлхтний гар дээр тавьж өгнө гэж амласан. Үүнээс хойш янз бүрийн бүтээн байгуулалтууд “3D Metaverse” дээр бий болж, холограф орчин, хувь хүнийг төлөөлөх аватарууд, зураг бичлэгүүд бага багаар бодит мэт боллоо. Гэхдээ 3D орчин ганц “Metaverse” байгаа бус, “Fortnite, Minecraft, Roblox, VR gaming” гэх мэт цахим сүлжээний тоглоомууд эхлэл нь байсан юм. Шинээр “Meta” (хуучин нэрээр Fa­cebook)гэж нэрлэгдсэн компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг хэлэхдээ “Metaverse” программын гол шинж чанарууд бий болж ашиглагдахад 5-10 жил шаардлагатай гэсэн. Гэхдээ зарим салбар нь ашиглагдахад бэлэн болсон ба нэг жишээ нь “NFT” ашиглан 3D орчинд газар худалдан авах, арилжих, виртуал ертөнцөд хөтлөгч нүдний шил, чихэвч зэрэг юм. Хүн төрөлхтний виртуал ирээдүйд “Microsoft” компани мөн адил өрсөлдөж байна. Тус компани “Mетаverse” функцуудыг “Mi­crosoft Teams”-д нэгтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

5. Өнгөрч буй жил “Virgin Galactic”, “Blue Origin” болон “SpaceX” зэрэг компаниуд янз бүрийн цар хүрээтэй сансрын аялал жуулчлалын ололт амжилтаараа дэлхий нийтийг шуугиулсан. Ингэснээр жирийн иргэд сансарт аялах үүдийг нээв. “SpaceX” хоёрдугаар сард дэлхийн тойрог замд 60 шинэ “Starlink” интернэт хиймэл дагуул хөөргөж, 850 сая ам.долларын гэрээг NАSА-тай хийсэн байна.Ингэснээр удахгүй дэлхийн хаана ч үнэгүй интернэт ашиглах боломжтой болох юм.

6. “Аполлон”-ы залгамжлагч NАSА-гийн “Артемис” нь саран дээр амьдрал бий болгох зорилготой бөгөөд хувийн үйлдвэр, компаниуд үүнд оролцохоор болов. NАSА-гийн Сарны худалдаа ачааны үйлчилгээ (CLPS) нь саран дээр бизнесээ эхлүүлэх сонирхолтой компаниудад сансрын хөлгөөр бага хэмжээний ачаа тээвэрлэх, нислэгийн шинэ технологиудыг турших боломжуудыг нээгээд байна. Үүнтэй зэрэгцэн Хятад өөрсдийн сансрын хөлгөө сар руу амжилттай хөөргөв. Дэлхийн сансар судлал улам хүчирхэгжиж, сар болон ангараг гариг дээр амьдрах эхний нисгэгчдээ бэлтгэж эхлэв. Саран дээр амьдрах бүлэг хүмүүс 2024 он гэхэд очих бөгөөд, дараа нь Ангараг гаригт амьдрал бий болгохоор төлөвлөж байгаа юм.

7.Өнгөрч буй жил сансар судлалд томоохон амжилт дагуулсан мөчүүд олон байлаа. Эмират, Хятад, АНУ-ын Ангараг гаригийг судлах гурван хөтөлбөрийн дагуу сансрын станц нь уг гариг дээр очсон бол NАSА-гийн “Perseverance” ровер 2021 оны хоёрдугаар сарын 18-нд өөр гариг дээр аялсан анхны оюун ухаант нисдэг тэрэг болж, түүхэнд бичигдлээ. Сансар огторгуйн бас нэг том үйл явдал болох “Жеймс Уэбб” хэмээх хамгийн том телескопыг амжилттай хөөргөөд удаагүй байна.

8.Афганистаны төрийг амжилттай гартаа оруулж эзэн суусан талибууд өөрсдийн гэсэн шинэ засгийн газраа албан ёсоор байгуулж, сайд нараа томилжээ. Гэтэл сайд болсон хүмүүсийн дунд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригт байгаа хүмүүс, тэр байтугай АНУ-аас таван сая ам.доллараар толгойг нь үнэлж эрэн сурвалжилж буй хүн ч багтжээ.Талибууд Афганистаныг бүрэн эзэлж, эрх мэдлээ тогтоомогцоо улсын нэрийг “Исламын Эмират улс” гэж өөрчлөн тунхагласан билээ. Шинэ засгийн газар, түүний сайд нар бүгд сүүлийн 20 жилд АНУ болон бусад улсын эсрэг халдлага зохион байгуулцгааж байснаараа зартай, НҮБ-ын хоригт орсон Талибаны ахмад зүтгэлтнүүдээс бүрдсэн засаг, төр олон улсын анхаарлын төвд байсаар байна.

9. Мьянмарын удирдагч, Ардчиллын төлөө үндэсний лиг намын дарга, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чиг 2021 оны хоёрдугаар сарын 1-нд тус улсын Зэвсэгт хүчнийхэн барьцаалсан билээ. Тус улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуулийн дараагаас нөхцөл байдал хурцадмал болж эхэлсэн ба эрх баригч Ардчиллын төлөө үндэсний лиг нам ялалт байгуулсан юм. Гэсэн ч олон жилийн турш тус улсад дэглэмээ тогтоосон зэвсэгт хүчнийхэн уг сонгуулийг будлиантай болсон гэж үзсэний улмаас төрийн эргэлт гарч болзошгүй байдалд хүрээд байсан. Цэргийнхэн Аун Сан Су Чи, ерөнхийлөгч Вин Минт болон бусад удирдагчид бүр хотын дарга нарыг хүртэл баривчилсан. “BBC”-гийн мэдээлснээр улс төрийн 42 зүтгэлтэн, 16 иргэний нийгмийн идэвхтнүүдийг баривчилжээ. Тэд Ан Сан Су Чиг баривчилсны дараа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон сонгуульд Аун Сан Су Чигийн нам луйвраар ялсан хэмээн мэдэгдээд, бүх эрх мэдлийг Мьянмарын цэргийн дээд командлагч, генерал Мин Аун Хлаингийн гарт шилжиж байгааг зарласан байна. Ийнхүү тус улсад төрийн эргэлт гарсан нь нэгэнт тодорхой болсон юм. Бараг 50 жилийг цэргийнхний хатуу дэглэмд өнгөрүүлсэн тус улс нь 2011 оноос ардчилсан тогтолцоонд шилжсэн ч ийнхүү дахин цэргийнхний гарт ороод байна. Генерал Мин Аун Хлайн тэргүүтэй зэвсэгт хүчний удирдагчид нэг жилийн хугацаатай цэргийн дэглэм тогтоосны дараа шударга сонгууль зохион байгуулж, ялсан улс төрийн хүчинд эрх мэдлээ шилжүүлнэ гэж амлаж байгаа ч иргэд болон олон улс энэ амлалтад нь итгэхгүй байгаа юм.

10.Японы эрдэмтэд хүнийг хөгшрүүлдэг уургийг шинээр нээж, үүнийгээ саармагжуулах аргыг олж хархан дээр туршин хөгширсөн хархыг идэр насны харх болгож чадсанаа дэлхий нийтэд харуулав. Мөн Европын холбоо болон АНУ-ын эрдэмтэд хүнийг залуу байлгадаг уургийг нээж, уг уургаа амжилттай нийлэгжүүлэн гаргаж авсныг зарлаад байна. Шинжлэх ухааны эдгээр ололтод тулгуурлан хүн залуу болгодог эм 2026 оноос нийтийн хэрэгцээнд гарна гэж ихэнх шинжээчид дүгнэсэн байна.

Г.АМАРСАНАА