Categories
гадаад мэдээ

АНУ-д жолоочгүй ачааны машин 130 орчим км зам туулжээ

Америкийн “TuSimple” компани ачааны машин нь анх удаа автомат жолоодлогоор 130 орчим км замыг туулсан талаар цахим хуудсандаа мэдээлжээ.

Ачааны машины бүхээгт жолооч байгаагүй бөгөөд машиныг алсаас удирдаагүй болохыг онцолсон байна.

Туршилтын жолоодлогыг лхагва гаргийн шөнө явуулж, 1 цаг 20 минут үргэлжилсэн байна. Туршилтын үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд “TuSimple” компани Аризонагийн Тээврийн газар, мөн хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллажээ.

Компанийн мэдээлж буйгаар, автомат жолоодлого бүхий ачааны машиныг бүтээхэд нэг жил зургаан сарын хугацаа зарцуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Нэмэлт тунгийн хамрагдалт 42.1 хувьтай байна

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд нийслэлийн хэмжээнд I тунд 6, II тунд 24, нэмэлт сэргээх тунд 367, нийт 397 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын

  • I тунгийн хамралт 75 хувь,
  • II тунгийн хамралт 71.7 хувь,
  • нэмэлт тунгийн хамрагдалт 42.1 хувь байна.
  • Зорилтот бүлгийн буюу 2987 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68297 (76.8 хувь), 16-17 насны 26914 (79.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Categories
гадаад мэдээ спорт

Хоккейн залуучуудын ДАШТ-ийг цар тахлын улмаас дундаас нь цуцаллаа

Канадад болж байсан шайбтай хоккейн залуучуудын ДАШТ-ийг дундаас нь цуцалжээ. Тэмцээнд оролцож байсан АНУ, ОХУ, Чехийн шигшээ багийн тамирчдаас халдвар илэрсний дараа Олон улсын хоккейн холбооны зөвлөл хуралдаж, эцсийн шийдийг гаргасан байна. Оролцогч багуудаас халдвар гарч эхлэхэд зохион байгуулагчдын зүгээс тэмцээнээ хэвийн явуулсаар дуусгахын тулд багагүй хүчин зүтгэл гаргасныг дурдах хэрэгтэй. Тухайлбал, халдвар илэрсэн улсуудын тоглолтыг цуцалж, эсрэг багт нь техникийн хожил өгч байсан юм. Гэвч яваандаа халдварт өртсөн багийн тоо нэмэгдэх хандлагатай болсон учир аргагүй цуцлах шийдвэр гарчээ.

Өчигдөр яг юу болов?

ДАШТ-д оролцогчдоос авч буй шинжилгээний хариу эерэг гарах нь эрс нэмэгджээ. Халдварын улмаас тоглолт цуцлагдсан анхны тохиолдол мягмар гаригийн шөнө болж АНУ-Швейцарийн /АНУ-ын тоглогчид халдвар авсны улмаас/ тоглолт цуцлагдсан. Мөн Чехийн баг Финляндтай /Чехийн тоглогчид халдвар авсан тул/, ОХУ Словактай тоглосонгүй /ОХУ-ын багт халдвар гарсан/.

-ОХУ-ын багийн лидер Матвей Мичковын хариу эеэрэг гарав. Гэсэн ч агент, аав хоёр нь хүлээн зөвшөөрсөнгүй. Санаатайгаар хийсэн үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тоглогчид одоогоор ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна.

-Тоглогчид хотхон маягаар биш, ердийн байдлаар зочид буудлуудад байрлаж байсан нь эрсдлийг нэмэгдүүлсэн гэж үзсэн байна.

ОУХХ-ны ерөнхийлөгч Люк Тардифф тэмцээнийг хойшлуулах шийдвэрийг албан ёсоор танилцуулсны дараа “Тэмцээнийг ирэх онд, магадгүй зун ч юм уу үргэлжлүүлнэ” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгос болон Энэтхэг улс, НҮБ-аас мэндчилгээ ирүүлжээ

БНСУ-ын Гадаад хэргийн сайд, БНЭУ-ын Гадаад хэргийн төрийн сайд болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч нар Монгол Улсын Гадаад харилцааны сайдад хаягласан мэндчилгээ ирүүлжээ.

Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110жил, Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жон Ы Ён баярын мэндчилгээ ирүүлэв.

Мэндчилгээндээ энэ онд Монгол Улс, БНСУ-ын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнд сэтгэл хангалуун байгааг дурдаад цаашид Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын төлөө нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Сайд тантай биечлэн уулзаж хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар ярилцах цагийг тэсэн ядан хүлээхийн ялдамд танд эрүүл энх сайн сайхныг, улс эх орон тань үүрд мөнх мандан бадрахыг хүсэн ерөөе гэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедаас ирүүлсэн баярын мэндчилгээ

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедаас баярын мэндчилгээ ирүүлэв.

Мэндчилгээнд энэ онд Монгол Улсад НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ой мөн тохиож буйг дурдаад өнгөрсөн хугацаанд Монгол Улс олон талт үзэл, олон талт дипломат харилцааг дэмжих, мөн бүс нутаг болон дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хангах үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг өндрөөр үнэлсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газар “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” хөтөлбөрийг тууштай дэмжиж эмэгтэй энхийг сахиулагчдын үүргийг нэмэгдүүлэх эрмэлзэл төгс байсаар ирсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Мянганы хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлж байх үед одоогийн Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгын урьдач болсон Засаглал, хүний эрхийн асуудлаарх 9 дэх зорилгыг нэмж оруулсан анхны улс нь Монгол Улс байсан гэдгийг онцлоод Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхийн төлөөх Монгол Улсын идэвхтэй үйл ажиллагаанд талархаж, баяр хүргэжээ.

Хатагтай Амина Мохаммед хүн бүрийн төлөөх тогтвортой, уян хатан ирээдүйг бүтээх үйлсэд НҮБ Та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн төрийн сайд Ражкумар Ранжан Сингх-ээс мэндчилгээ ирүүлэв.

Мэндчилгээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам энэ онд Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүссэн байгуулагдсаны 110 жилийн ойг тэмдэглэх гэж байгаад чин сэтгэлийн баяр хүргэе гээд Монгол, Энэтхэгийн түүхэн болон оюун санааны харилцаа эдүгээ Стратегийн түншлэлийн түвшин өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, цаашид энэхүү харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийг төлөө нягт хамтран ажиллахдаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн Энэтхэг Улс Монгол Улсын боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, тэр дундаа дипломат албыг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд Энэтхэгийн томоохон их дээд сургуулиуд, түүний дотор Сушма Свараж-ийн нэрэмжит Гадаад харилцааны их сургуульд Монголын залуу дипломатуудыг хүлээн авч байсандаа баяртай байна гэжээ.

Эх сурвалж: ГХЯ

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Барааны үнэ зохиомлоор хөөргөсөн аж ахуйн нэгжүүдийг нийт 143 сая төгрөгөөр торгосон

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах, зохиомол хомстол үүсгэхээс сэргийлж мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтыг хийж буй. Тэгвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нийт 3500 гаруй хяналт, шалгалт хийж, 196 зөрчил арилгуулж, 143 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Тодруулбал, хил гаалийн асуудалтай холбоотойгоор зохиомол хомсдол үүсгэсэн аж ахуй нэгжүүдийг хуулийн дагуу шалгаж, хариуцлага тооцжээ.

Хамгийн сүүлд л гэхэд ШӨХТГ хилээр нэвтрүүлэх ачаа, барааны тээвэрлэлтийн хөлсийг зохиомлоор нэмсэн иргэд, аж ахуй нэгжид хариуцлага тооцсон. Эрээн боомтыг хааснаас болж, Эрээн-Замын-Үүд чиглэлийн тээврийн хөлс нэмэгдсээр байгаа. Хэдийгээр хил нээлттэй ч автозамын тээвэрлэлт хийхгүй байгаагаас ийнхүү үнэ нэмэгдсэн гэх тайлбарыг өгч буй юм. Хил хаахаас өмнө нь нэг машины тээвэрлэлтэд дөрвөн сая төгрөгийн хөлс төлдөг байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сараас 20-30 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Харин наймдугаар сараас эхлэн тээврийн жолоочтой хариуцлагын гэрээ байгуулж дараалалд байгаа Эрээн-Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийн зардлыг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Харамсалтай нь, урд хөршид Covid-19 халдварын тохиолдол батлагдсантай холбоотойгоор тээврийн зардал нэмэгдсээр байгаа аж. Тухайлбал, аравдугаар сард Эрээнд халдварын тохиолдол бүртгэгдэж, чингэлгээр ачааг тээвэрлэхээр болсон. Энэ нь тээвэрлэлтийн зардлыг дахин 20-30 сая хүртэлх төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Өмнө нь нэг машинд багтдаг байсан ачаа одоо 2-3 чингэлэгт багтахаар болжээ. Ингэснээр нэг метр куб ачааг 800-1000 юаниар ачдаг байсан бол одоо 1800-2000 юаниар ачиж байгаа юм. Энэ талаар ачаа бараа нь гацсан иргэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргажээ.

Үүний дагуу ШӨХТГ хяналт шалгалтыг хийж ачаа барааны таталт дээр үнэ зохиомлоор нэмсэн иргэд, аж ахуй нэгжүүдийг торгосон байна. Тодруулбал, импортын бараа бүтээгдэхүүн болох хүнсний ногоо буюу нарийн ногоо, жимс жимсгэнийг Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд үнэ хөөрөгдөж 20-30 сая төгрөгөөр тээвэрлэсэн иргэн, аж ахуй эрхлэгчдийн 243 сая төгрөгийн хууль бус орлогыг хурааж, 38 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын 903.4 мянган хүн ядуу амьдарч байна

2020 оны ядуурлын үр дүнг Дэлхийн банкны техникийн тусламжтайгаар тооцоолон Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран 2002 оноос ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах, тооцоолол хийх чиглэлд ажиллаж ирсэн бөгөөд хоёр жил тутамд ядуурлын статистикийг танилцуулдаг. 2018 онд ядуурлын түвшин 28.4 хувьтай байсан бол 2020 онд 27.8 хувьтай болж буурчээ. Улсын хэмжээнд ядуурал 0.6 хувь буурсан бол нийслэлийн хэмжээнд ядуурлын түвшин 26.5, орон нутагт 30.5 хувьтай байна. Нийт ядуу хүн амын 43.5 хувь нь Улаанбаатар хотод, 20.4 хувь нь аймгийн төвд, 36.1 хувь нь сумын төв болон хөдөө амьдарч байгаа бөгөөд нийт 903.4 мянган хүн ядуу амьдарч байна. 2018 онтой харьцуулахад өрхийн орлогод эзлэх тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ 35 хувь өссөн нь ядуурлын эсрэг эерэг нөлөө үзүүлсэн байна. Хөдөлмөр эрхлэлтийн орлогын өсөлт нь ядууурлын эсрэг жин дарсан үзүүлэлт болохгүй байна гэлээ.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Л.Чимэддулам: Олон жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлсэндээ баяртай байна

“Tseegina Make Up Studio”-гийн артист Л.Чимэддуламтай ярилцлаа.


-“OMC Hairworld” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Body painting” буюу биен дээр зурах урлагийн төрөлд тэргүүн байр эзлэн дэлхийн аварга болсонд тань баяр хүргэе. Баярт мэдээг сонссон сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Үнэхээр төсөөлж байгаагүй мэдрэмжийг авч, баярын нулимс урсаж байсан. Энэ олон жил өөрсдийгөө тэмцээн уралдаанаар хөгжүүлэн салбартаа тууштай явж, өнөөдөр үр шимийг нь хүртэж байгаа нь дүү бид хоёрын хувьд гэр бүл, хайртай дотны хүмүүсээ баярлуулсан өдрүүд үргэлжиллээ. Дэлхийн аваргын тэмцээнд аравдугаар сард, “Global vega beauty championship 2021” тэмцээнд арваннэгдүгээр сард оролцсон. Сүүлийн хоёр, гурван сарын турш хоёр тэмцээнийхээ төлөө бүх хүч, боломж бололцоогоо ашиглан ажилласан. Энэ олон жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлсэндээ үнэхээр их баяртай байна.

-Мөн АНУ-ын Лас Вегас хотод зохиогдсон “Global vega beauty championship 2021” цахим тэмцээнд таван төрөлд алтан медалийн эзэн болсон. Ямар төрлүүдэд оролцсон бэ?

-Тухайн оролцогчийн түвшин анхан суралцагч, дээд зэрэглэл, мэргэжлийн, мастер багшийн түвшинг тодорхойлдог. Миний хувьд мастер багшийн төрөлд фантази, неон будалтын төрөлд оролцож алтан медаль хүртлээ. Л.Цэрэндулам дүү минь “Body painting”, фантази, хуримын нүүр будалт гурван төрөлд оролцон алтан медаль хүртсэн.

Монгол Улсаа төлөөлөн гурван хүн оролцсон. Хумс урлагийн Ж.Энхтуяа эгч Монголдоо хумс урлагийн салбарыг хөгжүүлж буй төлөөллүүдийн нэг.Тус тэмцээнд мэргэжлийн түвшинд 15 төрөлд оролцон 15 алтан медалийн эзэн болон Монгол Улс Гранпри цомыг хүртсэн. Монгол Улсаа төлөөлөн дэлхийд нэрээ гаргасандаа бид гурав сэтгэл хангалуун байгаа.

-Тэмцээнд бусад улс орнуудаас хэдэн оролцогч оролцсон бэ?

-Тэмцээний хариуг өнгөрөгч даваа гаригт сонссон. Дэлхийн холбооноос “OMC Hairworld” тэмцээнд оролцсон орны оролцогчдын мэдээллийг онлайнаар илгээдэг. Энэ жилийн хувьд тодорхой мэдээлэл ирээгүй учир тоо баримт хэлж мэдэхгүй байна. байна. Өмнөх жилийн байдлаар дэлхийн 50-иад улсын 2000 гаруй оролцогч оролцож байсан. “Global vega beauty championship 2021” тэмцээнд 45 улс 26 багийн 4700 гаруй оролцогч ур чадвараа сорин оролцсон.

-Тэмцээнүүд цар тахлын улмаас цахимаар зохиогдсон. Бусад орны оролцогчдоос ямар давуу талтай, ялгаатай байсан бэ?

-“OMC Hairworld” тэмцээнд манай улсаас 30 гаруй хүн оролцсон бөгөөд багаараа Европ бүсийн зооны аварга болсон. Tseegina make up studio нь 2014 оноос хойш дэлхийн, Азийн олон улсын тэмцээн уралдаанд оролцож байсан туршлагатай. Бид өөрсдөдөө үнэхээр итгэлтэй байсан.

-Тэмцээнд оролцсон энэхүү биен дээрх зургаараа юуг илэрхийлэхийг зорьсон бэ?

-Бид бүтээлийн гол санааг олохын тулд дэлхийн тэмцээнд улсаа төлөөлөн явуулж буй учир дэлхийн өнцөг, санааг, үндэсний хэв маягтай байсан ч дэлхийтэй хэрхэн хөл нийлүүлэх вэ зэрэг олон шугам, төрлөөр санаагаа гаргах гэж бодсон. Дэлхийн холбооноос бидэнд эмэгтэй хүний гоо сайхан хэв маяг, хэлбэрийг алдагдуулж болохгүй бүтээл хийх ёстой гэсэн удирдамжийг өгдөг. Ус, гал хоёр нь үлгэр домгоос сэдэвлэсэн. Эр эм хоёр шувуу гэдэг утгаараа, галт шувуу нь эм, тогосны гоё сайхан нь эр нь байдаг учраас энэ хоёр нийлэн хоршоод дэндүү сайхан гоо үзэсгэлэнг гаргаж буйг бэлгэдсэн. Моделын биен дээр эскизээ гарган амьгүй зүйл цаас биш, хүний бие амьд организм болохоор биений аль хэсэгт ямар хэсгийг зурах, эскизээ биен дээрээ хэрхэн суулгах зэрэгт хоёр сар гаруй хугацаанд модель дээр бэлдэж, эскиз маань янз бүрээр өөрчлөгдөн эцсийн байдлаар энэ бүтээл бий болсон.

-Хүний нүүр болон биеийг будах нь юугаараа ялгаатай вэ?

-Хоёулаа нэг түвшний асуудал. Нэгдүгээрт, цаг хугацааны зөрүүтэй, хоёрдугаарт, биеийн будах хэсгийн талбайн хэмжээний хувьд ялгаатай. Нүүр будахаас эхлүүлээд Body art нь үсний үзүүрээс хөлний үзүүр хүртэл тэр чигт нь урлагийн бүтээл болтол зурах ёстой урлаг.

-Тэмцээнд хэр хугацаанд бэлтгэсэн бэ?

-Ерөнхийдөө тархин дотроо эскиз санаагаа гаргах гэж удсан. Эскизийг гаргана гэдэг л хамгийн хэцүү ажил байдаг. Эскиз, санаагаа олсон үед бэлтгэлээ хийн гараа зүгшрүүлээд эцсийн бүтээлд бүх зүйлийг бэлдэхэд арай өөр. Ерөнхийдөө хоёр сарын хугацаанд бэлдэж оролцсон.

-Та хоёр энэ мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Дүү бид хоёрын хувьд 2009 оноос хойш театр, тайз, дэлгэцийн салбарт зураачаар, нүүр хувиргалт, үс засах зэрэг хийж болох бүх зүйлсийг хамтдаа хийж ирсэн. Мэргэжлийн гоо сайхан, нүүр хувиргалт гэдэг салбарт 2013 оноос ажиллаж эхэлсэн. “Korea beauty com­petition 2018” олон улсын гоо сайханчдын тэмцээнд оролцон алтан медаль авч байсан.

-Body painting буюу биен дээр зурах урлаг манай улсад хэр хөгжсөн байдаг юм бэ?

-Монголын үсчин гоо сайханчдын мэргэжлийн холбооноос зохион байгуулдаг улсын, нийслэлийн, бүсийн аварга зэрэг олон тэмцээн байдаг. Tseegina make up studio” Монголд хамгийн анх удаа мэргэжлийн make up, body art-ын шоуг 2015 онд зохион байгуулж байсан. Өмнө нь хуримын будалт зэрэг make up төрлүүдэд оролцдог байсан бол энэ жил хамгийн анхны Body painting төрөлд оролцон дэлхийн аварга боллоо.

-Тэгвэл энэ урлаг хөгжилтэй гадны орнуудад хэрхэн хөгжсөн байдаг вэ?

-Энэ бол яалт ч үгүй урлагийн төрөл зүйл. Бүх зүйл нэг цогц болж байж урлагийн бүтээл төрдөг. Үйлчилгээний салбар биш, урлаг гэдэг зүйлийг хүмүүст ойлгуулж өгөх зорилготой. Манай гэр бүл урлагийн гэр бүл. 1999 оноос эхлэн ээж аавыгаа даган театр, кино урлагаар хүмүүжиж өссөн. 2009 оноос хойш тасралтгүй кино дэлгэцийн, тайзны бүтээлд ажилласан байна. Гоо сайхны салбар болон урлаг соёлын салбарыг хооронд нь холбон хөгжүүлэлцэн явж буйдаа баяртай байгаа.

Үсчин, гоо сайхны мэргэжлээрээ ажиллахаас гадна тайзны зураач, киноны дүр хувиргалт, үс засалт зэрэг аль аль салбараа орхигдуулахгүйгээр хослуулан ажилладаг.

-Нэг чиглэлээр биш хослуулж ажиллахын хамгийн хэцүү нь юу байдаг вэ?

-Ер нь бол маш сонирхолтой, уйдах завгүй амьдардаг. Өдөр бүрийн амьдрал сонирхолтой, хөгжилтэй өрнөдөг. Өөрсдийн хийж буй ажлууддаа дурлан, хайрладаг болохоор өнөөдөр энэхүү нэр хүндтэй шагналыг авсан гэж бодож байна. Энэ бүтээлийн ард асар олон хүмүүсийн хүч хөдөлмөр бий.

-Make up artist байхад юу хамгийн чухал байдаг вэ?

-Энэхүү урлагийг сэтгэл зүйч гэж боддог. Дандаа эмэгтэйчүүд үйлчлүүлдэг. Бусад мэргэжлийг бодоход хүнтэй ярилцах түвшнээс хамгийн ойртож болох түвшинд харилцааг үүсгэдэг. Тухайн хүн юуг хүсч, юуг мэдэрч байгаа, ямар стиль загвартай, надаас юу хүсч байгаа даруухан байх ёстой юу, тод байх ёстой юу, энэ хүн ямар онцлогтой зэргийг харгалзан ганцхан тэр хүнд зориулж будалтаа хийдэг. Учир нь бүх хүмүүсийн ясны бүтэц, зан араншин зэрэг зүйлээс хамааран хүмүүсийн онцлогийг стиль имидж зэрэг зүйлийг будалтаар илэрхийлэхийг хүсдэг.

-Та ирэх жилд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Энэ жил манай гэр бүл болон найз нөхөд, хамт олны хувьд ололт амжилтаар дүүрэн жил байлаа. Дүү минь тайз, дэлгэцийн зураачаар соёл урлагийн салбарт 11 жил тууштай хөдөлмөрлөсний эцэст соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг хүртлээ. Түрүүн хэлсэнчлэн тайз, дэлгэц, кино урлаг, гоо сайхны урлагийг нэгтгэн гэр бүлээрээ хамт ажилладагтаа маш их баяртай байдаг. Улиран одож буй он 2022 оны эхэн жилийн бүх амжилтын үндэс болсон байх. Үүнээс илүү цаашид хичээн ажиллах болно.

Ц.УЯНГА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЧУУЛГАН: Цар тахлын хуулийг зургаан сараар сунгахыг дэмжив

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ -ийг хэлэлцэж.

Хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангагдсан тул гишүүдийн олонхын саналаар КОВИД-19-ийн хуулийг зургаан сараар сунгав.

УИХ-ын чуулганы хуралдаанаар covid-19-ийн цар тахлын тухай хуулийн хугацааг зургаан сараар сунгах эсэх хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Монгол Улсад covid-19-ийн цар тахал эхэлсэн цагаас молекул биологийн лабораторийг нийслэл болон орон нутагт өргөжүүлж, боловсон хүчнүүдийг бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, нийслэлийн 16 байршилд молекул биологийн лаборатори байгуулсан. Манайх дотооддоо омикрон хувилбарыг бүрэн оношлох боломжтой. Энэ долоо хоногийн сүүлээр эхний хариунууд гарч эхэлнэ. Ирэх 7 хоногийн эхээр Монголд Улсад ямар хувилбар тархаж байгааг зарлана. Манай улс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 90 гаруй судалгааны ажлуудыг хийсэн. Үүнээс 20 орчмыг цааш үргэлжлүүлээд явж байгаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд Шадар сайд анхаарч, хяналтаа тавьж ажилламаар байна. Төргийн албаны нөөцөд маш олон хүн бүртгэлтэй байхад гаднаас хүмүүс авчирч томилоод байгаа нь иргэдийн бухимдлыг үүгэж байна. Тиймээс Шадар сайд С.Амарсайхан төрийн албаны томилгоонд хяналт, шаардлагаа тавьж, төрийн албаны нөөцөөсөө томилгоо хийх ёстой шүү.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Хууль батлагдаад 2022 оны зургадугаар сарын 30 хүртэл хэрэгжих хугацаанд ЗГХЭГ, яамдууд ажлаа сайжруулмаар байна. Томилгооны асуудлаа хуульд нийцүүлэх, Монголоор нэг үүрэг гүйцэтгэгч нэртэй хүмүүсээ цэгцэл. Хууль тогтоомжоо хэрэгжүүлэхэд одоо анхаарахгүй бол мөнхөд цар тахлын хууль байх юм шиг явж болохгүй шүү. .

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Цар тахлын хуулийг сунгах нь зүйтэй. Дэлхий нийтийг хамарсан цар тахал маш хурдтай тарж байгаа энэ үед төсвийн захиран зарцуулагч нарт эрхийг нь олгохгүй бол ажлаа хийхэд хүндрэлтэй байна. Хүн бүрийг хардаж, ажлыг нь явуулахгүй байх нь хэнд хэрэгтэй юм бэ. Бидний байгуулсан Засгийн газар учраас итгээд, хуулийг сунгаад явах нь зөв болов уу. Удахгүй чуулган завсарлах учраас төсөв захиран зарцуулах эрхийг нь олгоод явах нь зөв гэж бодож байна. УИХ-ын гишүүд энэ томилгоон дээр их ярьж байна. Бид энэ Засгийн газраа байгуулсан байж араас нь шүүмжлээд байх юм. Эсвэл нэр устай баримттай яримаарг байна, гишүүд ээ. Дээрээс нь Засгийн газар халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэхэд онцгой анхаарч, хяналтаа тавьж ажилламаар байна. Хавтгайрсан халамж нь эзнээ олохгүй, байгаа онохгүй байна. Түүнээс гадна аж ахуй нэгжүүдийг нээлттэй байлгаж, үйл ажиллагааг нь дэмжиж, эдийн засгаа идэвхжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна шүү.

Ингээд хуулийн төслийг эцэслэн батлав. Ингэснээр covid-19-ийн цар тахлын үед хэрэгжих хууль 2022 оны зургадугаар сарын 30-н хүртэл үргэлжлэхээр болж байна.

Categories
мэдээ нийгэм

Ослын улмаас автомашинд хавчуулагдсан иргэнийг эмнэлэгт хүргэжээ

Төв аймгийн Лүн сумын Төв багийн “Бетон гүүр” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж, нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлага арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 13:20 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 13:21 цагт гарч долоон км зам туулан 13:35 цагт очиход Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан иргэн М-ийн “Грейс” загварын автомашин Лүн сумын Төв багт үйл ажиллагаа явуулдаг “Урьхан-2” цайны газраас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан иргэн Т-гийн “Марк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн.

“Марк-2” загварын суудлын автомашинд зорчиж явсан нийслэлийн Баянгол дүүргийн аравдугаар хорооны харьяат иргэн 21 настай эрэгтэй Б автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж, Лүн сумын хүн эмнэлэгт хүргэж өгчээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Ганбат: Иргэний эрх чөлөөний тухай хуулийг яаралтай батлуулахаар ажиллана

Ардчилсан намын төлөөллүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Иргэний эрх чөлөөний тухай хуулийг яаралтай батлуулахаар ажиллана. Энэ хууль өнөөгийн нөхцөл байдалд ус, агаар шиг хэрэгтэй хууль.

Энэ онд иргэдийн эрх чөлөө олноор зөрчигдсөн. Гэхдээ бид харж суугаагүй хамт тэмцсэн. Эрүүл орчинд амьдрах иргэдийн эрх Улаанбаатарт зөрчигдөж байна. Хамтарч зүтгээд Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө эдлэх боломж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ “Орон даяар үүсээд байгаа олон чухал асуудал байна. Энэ жил хүний эрх зөрчигдсөн он боллоо. Ардчилсан Монгол Улсын хувьд хүний эрхтэй холбоотой байж боломжгүй алдаа гарсан. Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хуулийн төслийг намын бүлгийн гишүүдэд шилжүүлж өгч байна.

Аливаа иргэн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хуулиар хамгаалуулж эдэлдэг. Хууль сахиулах байгууллагуудын үндсэн үүрэг нь иргэний эрх чөлөөгөө эдлэх эрхийг хангах чиглэл рүү ажилладаг. Гэтэл манай улсын цагдаа хүчний байгууллага үзэл бодлоо илэрхийлж, жагсаж цуглах гэсэн иргэдийн эрхийг хязгаарлаж, эрх баригчдын талд үйлчилж байна.

Цар тахлын хуулийн хугацааг сунгаж байгаа. Нийгэм, эдийн засгийн хүндрэлийг арилгах бодлогыг АН-ын бүлэг дэмжиж байна. Харин иргэдийн үгээ хэлэх, зорчих, бизнес хийх эрхийг хязгаарласан чиглэлээр цар тахлын хуулийг ашиглах, дарамт бий болгохыг дэмжихгүй. Ажлын байрыг нэмэгдүүлэх, баялаг бүтээх талаар төрийн бодлогыг явуулах нь зүйтэй. 2022 он хүний эрхийг дээдэлж, хамгаалсан он байх болно. Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ хүлээж ажиллана” гэв.