Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Учрал: Цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд тооцох хууль эрх зүйн боломжийг бүрдүүлсэн

УИХын гишүүн инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралтай Цахим гарын үсгийн тухай хуулийн талаар болон бусад хуулийн талаар ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд цахим шилжилтийн талаар нэлээд ярих боллоо. Цахимд шилжих ажил хэзээнээс эхлэлтэй вэ?

-Бид өнгөрсөн хугацаанд төрийн үйлчилгээг цахимжуулах, цахим шилжилтийг төрийн болон хувийн бүхий л шатанд бий болгох зэрэг тодорхой зорилт дэвшүүлэн ажилласан. Энэ ажил үр дүнд хүрсэн. УИХ анх удаа 2018 онд Цахим бодлогын түр хороо байгуулсан. Уг хороог тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, миний бие дэд даргаар нь ажиллаж байсан.

Бид УИХ, Засгийн газрын хамтарсан “Цахим хөгжлийн асуудал эрхэлсэн” ажлын хэсэг байгуулж, цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлсэн Эстони улсын туршлага судлаад, тус улсын загварыг эх орондоо нутагшуулах ажлыг эхлүүлсэн. Эстони улсын Засгийн газрын дэргэд цахим шилжилтийг хариуцан ажилладаг Е академи байдаг юм билээ. Тус академийн хамт олноос мэргэжлийн зөвлөгөө авах, экспертүүдийн тусламжтайгаар Монголдоо энэ ажлыг нутагшуулахаар тус улсын Засгийн газрын цахим академитай нь хамтарч ажиллах гэрээ байгуулснаар манай улс цахимд шилжих ажлын эхлэл тавигдсан. Бид Е-Mongolia платформ дээр төрийн бүх үйлчилгээг нэгтгэсэн. Өмнө нь нийслэл, дүүрэг, төрийн байгууллагууд өөр өөр платформ дээр үйлчилгээ үзүүлдэг байснаас үүдэн иргэд нэг цонхноос үйлчилгээ авч чаддаггүй байсан. Харин Е-Mongolia нэгдсэн платформтой болсноор төрийн үйлчилгээг иргэд нэг цонхоор авах боломж бүрдсэн. 2020 оны УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, Монгол Улс албан ёсоор УИХ-даа Инноваци цахим бодлогын байнгын хороо буюу бүтцийн нэгжтэй боллоо. Уг байнгын хорооны үндсэн чиглэл бол хууль эрх зүйн орчныг сайжруулахад оршиж байсан. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар манлайлал үзүүлж ажилласны үр дүнд Е-Mongolia платформ дээр төрийн 600 гаруй үйлчилгээг нэвтрүүлсэн. Иргэд гар утсаараа төрийн үйлчилгээ авах боломжтой болсон. Энэхүү цахим шилжилттэй холбоотойгоор цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адилтган тооцохгүй байгаа талаар иргэдээс маш их санал гомдол ирэх болсон.

-Цахимд байгаа бичиг баримтаа үзүүлэхээр заавал цаасан эх хувиар нь авч ирэхийг, эсвэл биедээ авч явахыг шаарддаг шүү дээ?

-Таны хэлж байгаа үнэн л дээ. Тухайлбал, пос машинд иргэдийн жолооны үнэмлэхийн мэдээлэл нь гарч ирж байгаа боловч жолооны үнэмлэхээ заавал биедээ авч явахыг шаарддаг. Авч яваагүй тохиолдолд торгох асуудал ч яригддаг. Мөн төрийн байгууллагууд руу цахимаар холбогдох баримт бичгээ явуулахаар заавал цаасан хэлбэрээр байх ёстой гэх шаардлага тавьдаг байсан. Яагаад заавал цаасан хэлбэрийг нь нэхээд байдаг вэ гэхээр цахим бичиг баримтыг цаасан бичиг баримттай адилтган авч үзэх хууль эрх зүйн орчин манай улсад хараахан бүрдээгүй байсан.Сайдуудын тушаал, Засгийн газрын зарим тогтоолуудаар цахим баримт бичгийг цаасан хэлбэртээ ижил түвшинд авч үзэх эсэх нь ойлгомжгүй байсан. Бид Эстони улсын туршлагаас судалж байхад цахим шилжилтэд технологи 30 хувь, хууль эрх зүйн орчныг сайжруулах ажил 70 хувьтай үр нөлөө үзүүлдэг талаар хэлж байсан. Нэг ёсондоо төрийн эрх барих дээд байгууллагын манлайлал маш чухал гэж хэлсэн.Тиймээс хууль эрх зүйн орчныг нь улам сайжруулчихвал илүү ойлгомжтой, амар хялбар болно хэмээн үзээд Нийтийн мэдээллийн тухай хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль гэсэн дөрвөн хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар миний бие ахалж ажиллаж байна. Эдгээр хуулиуд хоорондоо уялдсан учраас нэг ажлын хэсэгтэй.

-Сүүлийн үед санхүүгийн цахим хэрэгсэл, төлбөр тооцоотой холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай нь харагдаж байна. Та Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийн төслийг ахалж байгаа. Уг хуулийн төсөл мөн л цахим шилжилттэй холбогдож байх шиг байна?

-Энэ цаг үед олон нийтийн анхаарлыг татаж байгаа санхүүгийн шинэ арга хэрэгсэл Виртуал хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байна. Энэ бол Олон улсын ФАТФ байгууллагаас өгсөн зөвлөмж, шаардлагад тусгагдсан асуудал. Түүнчлэн манай улсын 900 гаруй мянган иргэн койн эзэмшигч болсон талаарх судалгаа байгаа учраас энэ салбарт хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлага үүссэн. Санхүүгийн шинэ хэрэгсэл, шинэ боломж бөгөөд шинэ эрсдэл учраас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг УИХ-д Засгийн газраас өргөн мэдүүлж Эдийн засгийн байнгын хороон дээр миний бие ахалж байгаа. Дээр дурдсан дөрвөн хууль дээр уг хуулийн төсөл нэмэгдэж, энэхүү таван хууль батлагдсанаар Е-Mongolia -гаас үйлчилгээ аваад өөрийгөө таньж мэдүүлэх ажиллагаагаа цахим гарын үсэг ашиглан хийх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс шаардахгүй байх боломжтой болно. Тухайлбал, иргэн гадаад паспорт авах гэж байгаа бол заавал иргэний үнэмлэх шаардахгүй. Та өөрийгөө таниулж байвал, гадаад паспорт авахад шаардлагатай мэдээллийг төр өөрөө боловсруулах юм. Энэ мэтчилэн төрийн бүхий л үйлчилгээтэй холбоотой мэдээллийг төр иргэнээсээ ямар нэгэн материал шаардахгүйгээр өөрөө боловсруулна гэсэн үг.

-Цахим гарын үсгийн тухай хууль 2011 оноос хэрэгжиж эхэлсэн ч үр дүн тийм ч сайн байгаагүй. Одоо хэрэгжих хуулийн үр дүнг сайжруулахын тулд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Цахим гарын үсгийн тухай хууль 2011 онд батлагдсанаар хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш 10 жил болж байгаа ч энэ хугацаанд 38407 ширхэг тоон гарын үсэг олгогдсон байна. Энэ бол асар бага тоо. Өнгөрсөн хугацаанд бид хаана тоон гарын үсэг ашигласан бэ гэхээр нийгмийн даатгалын тайлан, Е тендерт оролцохдоо тоон гарын үсэг хэрэглэсэн байна. Бусад ямар ч тохиолдолд тоон гарын үсэг хэрэглэхгүй байна гэсэн гомдол байсан. Тиймээс тоон гарын үсгийн хэрэглээг улсын хэмжээнд нэмэгдүүлэхийн тулд төрийн байгууллагуудын манлайлал хэрэгтэй. Цахим гарын үсгийн тухай хуульд Монгол Улсын 16 нас хүрсэн иргэн бүрт цахим гарын үсэг олгохоор тусгасан. Мөн хуулийн этгээд болон хашиж байгаа албан тушаал дээрээ цахим гарын үсэг авах боломжтой. Бид нэг ойлголтыг авч үзэх ёстой. Гарын үсгээ цаасан дээр зураад, зургийг нь дараад явуулж байгаа бол энэ цахим гарын үсэг. Харин бид тоон гарын үсэг хэмээн нэрлэж хэвших нь зүйтэй. Тоон гарын үсэг гэдэг нь дахин давтагдашгүй цифр өгөгдөл юм. Иргэн Н.Учрал миний бие тоон гарын үсэг авахад, надад дахин давтагдахгүй цифрүүд өгөх юм. Түүнийг зориулалтын уншигчид уншуулахад тоон гарын үсгийн гэрчилгээ байх бөгөөд дотор нь төрсөн он, сар, өдөр зэрэг иргэний мэдээлэл агуулагдана. Энэхүү цифрэн өгөгдөлтэй тоон гарын үсгийг ямар хэлбэрээр авахаа иргэд өөрсдөө сонгоно.

-Тухайлбал ямар ямар хэлбэрээр тоон гарын үсгээ авах боломжтой вэ?

-Иргэн бүрт цахим гарын үсэг нэвтрүүлж өгөх нь чухал. Цахим гарын үсгийн хууль батлагдан гарснаар 16 нас хүрсэн иргэн бүрт иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө. Мөн хувийн байгууллагууд болох үүрэн холбооны оператор компани, сим карт, клауд орчинд бусад USB хэрэгслээр дамжуулж, цахим гарын үсгийг хэрэглэх боломж бүрдэж байна. Иргэний үнэмлэхийн чип дээр тоон гарын үсгийг суулгах учраас хаана ч оролтоор нь залгаад уншуулах боломж бүрдэнэ. Бид Цахим гарын үсгийн хуульд хувийн байгууллагуудыг гэрчилгээжүүлж, энэхүү гэрчилгээтэй байгууллагууд тоон гарын үсгийн үйлчилгээ үзүүлэх эрхийг нь олгосон. Тэгэхээр тоон гарын үсгийг олгох эрх бүхий байгууллагууд бүх төрлийн зөөврийн хэрэгсэл дээр иргэний гарын үсгийг суулгах үйлчилгээ үзүүлэх боломжтой. Мөн үүрэн телефоны операторууд иргэний гар утасны сим карт дээр тоон гарын үсэг суулгах үйлчилгээ үзүүлнэ. Тэгэхээр гар утас дээрээ E-Mongo­lia аппликэйшн суулгасан иргэд сим дээрх гарын үсгээ татаж аваад холбогдох байгууллагууд руу илгээх боломжтой. Тухайлбал, цалингийн зээл авахын тулд заавал өөрийн биеэр банкинд очихгүйгээр байгаа газраасаа таван минутын дотор гарын үсгээ илгээх боломжтой гэсэн үг. Цахим гарын үсгийн тухай хууль батлагдан гарсантай холбоотойгоор төрийн байгууллагуудад тоон гарын үсгийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах ёстой. Дээрээс нь Нийтийн мэдээллийн тухай хуулиар цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адилтган авч үзэж байгаа. Нэг ёсондоо цахим баримт бичгийг, цаасан баримт бичигтэй ижил түвшинд байх хууль эрх зүйн боломжийг бүрдүүлсэн. Тиймээс заавал өөрийн биеэр, цаасаар материалаа бүрдүүлэхгүйгээр иргэд өөрийгөө таньж мэдүүлэх үйл ажиллагаа явагдана.Цахим гарын үсгийн тухай хуулиар хоёр жил тутамд мэдээллээ шинэчилж, цахим гарын үсгээ сунгуулна хэмээн заасан.

-Тоон гарын үсгийн аюулгүй байдалд хэрхэн анхаарч ажиллах вэ. Ямар нэгэн байдлаар иргэний тоон гарын үсгийг хуулбарлах, бусдад алдах эрсдэл бий юү?

-Нэг хуулийг ярихад нөгөө хуулийг заавал ярих хэрэгтэй болж байна. Тухайлбал, 1994 онд батлагдсан Хувь хүний нууцыг хамгаалах тухай хуулиар иргэн хүн мэдээллийнхээ аюулгүй байдлыг өөрөө л хариуцдаг байсан. Харин одоогийн шинэчилсэн найруулга буюу Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуульд мэдээллийг хэн цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа тал буюу мэдээлэл хариуцагч тал аюулгүй байдлыг нь хангах, алдагдахаас сэргийлэх үүрэг хүлээж байгаа. Тухайлбал, төр иргэдийн мэдээллийг цуглуулж, ашиглаж байгаа тохиолдолд аюулгүй байдлыг нь хангах ёстой. Мөн мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр мэдээлэл цуглуулахыг хориглосон. Тухайн иргэн нүүр царай таниулах, хурууны хээ уншуулах технологиор цагийн бүртгэл хийхийг зөвшөөрөхгүй бол түүний мэдээллийг цуглуулж болохгүй. Хүний био метр мэдээлэл буюу эмзэг мэдээллийг цуглуулж, ашиглахыг хориглосон. Тиймээс хурууны хээгээр бүртгэл хийхийг улсын хэмжээнд хориглосон. Бусад мэдээллийг цуглуулахад заавал мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах юм. Мөн ямар ямар мэдээллийг цуглуулж болохгүй вэ гэдэг ангиллыг тодорхой болгож өгсөн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 67 багц мэдээллийг нээлттэй болгосон. Өмнө нь эдгээр мэдээллүүдийг байгууллагын нууц нэрийн дор нууцалдаг байсан. Нээлттэй мэдээллүүдийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр ашиглах нь нээлттэй. Хууль хэрэгжиж эхэлснээр дээр дурдсан 67 төрлийн мэдээллийг ил тод, нээлттэй мэдээлэх үүргийг тухайн төрийн байгууллагууд хүлээнэ. Тухайлбал, ашигт малтмалын лицензийг хэн эзэмшиж байгаа талаарх мэдээллийг АМЕГ олон нийтэд зарлах ёстой. Үүний үр дүнд хэн хэн нь хариуцлагатай болж эхэлнэ. Хоёрдугаарт, техник технологийн хувьд сайжруулах шаардлагатай зүйлс бий. Тиймээс Монгол Улс түүхэндээ анх удаа Кибер аюулгүй байдлын тухай хуулийг батлан гаргалаа. Өнгөрсөн хугацаанд манай улс энэ төрлийн бие даасан хуульгүй байсан. Энэ хууль батлагдсанаар цахим гарын үсэг, төрд цуглуулж байгаа нийтийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах юм.

-Тэгэхээр Кибер аюулгүй байдлыг хангах төвтэй болно хэмээн ойлгож болох уу?

Бид Кибер халдлагатай тэмцэх хоёр төв байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг нь хувийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах бол нөгөөх нь, төрийн мэдээллийн сүлжээнд холбогдсон болоод төрийн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй холбогдсон байгууллагуудын аюулгүй байдлыг хангах юм. Мөн Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллах бөгөөд түүнийг Ерөнхий сайд тэргүүлэх юм. Кибер аюулгүй байдлын хууль батлагдсанаар тогтолцоо ойлгомжтой болж, хэн ямар үүрэг хариуцлагатай ажиллах нь ойлгомжтой болж байна.

-Дээр дурдсан Кибер аюулгүй байдлын хоёр төвд ажиллах боловсон хүчний нөөц бололцоо манайд хэр байна вэ?

-Манай улсад мэдээлэл технологийн салбарын мэргэжилтнүүдийн дутагдал маш их байна. Мэдээллийн технологийн цахим шилжилтэд нэвтэрснээр төрийн байгууллагуудын хүнд суртал арилах, авлигагүй ил тод нийгмийг бий болгох, иргэд ая тухтай аз жаргалтай амьдрахад чухал нөлөө үзүүлнэ. Үүний тулд мэдээлэл технологийн шилжилт нэрийн дор төрийн байгууллагууд орон тоогоо нэмэгдүүлж, төсөв өсгөдөг байдал өнгөрсөн хугацаанд ажиглагдсан. Мэдээлэл технологийн шинэчлэл, цахим шилжилт хийхээр салбар бүр мэдээлэл технологийн төв байгуулдаг энэ байдал ердөө ч тохиромжтой бус байна. Өнгөрсөн хугацаанд 200 гаруй сая долларын төсөл программ хангамжийн салбарт хэрэгжүүлсэн байна. Гэтэл үүний үр дүн юу байсныг хэн ч тооцож, чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, бидэнд нэгдсэн бодлого байсангүй. Харин одоо Засгийн газраас Харилцаа холбоо, цахим хөгжлийн яам байгуулж байгаа нь мэдээлэл технологийн салбарын бодлого, цахим засаглал, шилжилтийг нэг бодлогоор зангидах боломж бүрдэх нь. Бид Цахим гарын үсгийн хуультай дагалдуулж Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулсан. Мэдээлэл технологийн нарийн мэргэжилтэй иргэдийг төрийн үйлчилгээний албан тушаалд авч ажиллуулж болох бөгөөд цалингийн итгэлцүүрийг Засгийн газар тогтоохоор заасан. Тиймээс мэдээлэл технологийн салбарын цалингийн итгэлцүүрийг өндөр тогтоох боломжууд нээгдэж байгаа. Кибер аюулгүй байдлын салбарын чухал мэргэжилтнүүд манайд ус агаар шиг хэрэгтэй байна. Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд дотроо системийн, хөгжүүлэлтийн, кибер аюулгүй байдлын гэх мэт олон төрөл байдаг. УИХ-аар миний санаачилсан Мэргэжлийн холбоодын хуулийг хэлэлцэж байгаа. Уг хууль батлагдан гарвал гурваас дээш ТББ нэгдээд нэг мэргэжлийн холбоо байгуулах, салбарын сайдтайгаа хамтарч ажиллах, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй болж байгаа. Тиймээс цаашид төр мэргэжлийн холбоонуудтай хамтарч ажиллах, мэргэжлийн холбоонууддаа зарим чиг үүргийг хүлээлгэх, холбоогоороо дамжуулж гадаадад төгссөн экспертүүдийг төрд урьж ажиллуулах боломж бүрдэнэ. Тэгэхгүй бол дэлхийд 5000-6000 ам.доллараар үнэлэгдэж байгаа мэдээлэл технологийн нарийн мэргэжилтнүүдийг бид төрийн албанд одоогийн цалингаар урьж ажиллуулна гэдэг бараг боломжгүй. Харин тодорхой ажил дээр зөвлөн туслах үйлчилгээ маягаар гэрээлж ажиллуулах чиглэлд анхаарах нь зүйтэй. Цахим гарын үсэг дээр нэг зүйлийг онцлон хэлэхэд, энэ хууль зөв хэрэгжээд амьдралд биеллээ олох юм бол өнөөдрийн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамгийн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Түгжрэл бол төрийн үйлчилгээг авах гэж нэг цонхноос нөгөө цонхонд дараалалд зогсдог, төрийн байгууллага хооронд мэдээллээ зөөж гүйдэг иргэдийн бухимдал зэрэг хоорондоо уялдаа хамааралтай олон хүчин зүйлээс үүдэлтэй. Тиймээс цахим гарын үсгийн хууль хэрэгжсэнээр гэрээсээ, гар утаснаасаа интернэт орчноос цалингийн зээлээ авдаг, нийгмийн даатгалын тайлангаа мэдүүлдэг, төрийн 600 гаруй үйлчилгээг цахимаар хүлээн аваад, дээрээс нь өөрийгөө цахим гарын үсгээр баталгаажуулах боломж бүрдэж байгаа.

П.Батзаяа

Categories
зурхай мэдээ цаг-үе

Харагчин үхэр өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 31, сугар гариг. Билгийн тооллын 28, онгоц одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 8:42 цагт мандан, 17:09 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 34-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Халх голын хөндийгөөр 27-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр 15-20 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар 1-6 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

“Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байна.

“Шинэ сэргэлтийн бодлого” нь боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн үндсэн зургаан багц асуудлаас бүрдэх бөгөөд эдгээр зорилтуудыг цаг алдалгүй шийдвэрлэх хөгжлийн 20 төсөл, эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд эхний ээлжид 28 хуульд нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийх болон шинээр хууль өргөн барих зайлшгүй шаардлагатай жагсаалтыг хавсаргалаа.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Дэлхий даяар цар тахлаас үүдэн, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, дэлхийн геополитикийн хүчин зүйл давхацсан нэн хүнд цаг үед Та бид эдгээр асуудлуудын шийдэл болсон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэлэлцэж байна.

Цар тахлын үед Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш хоёр дахь удаагаа -5.3 хувь хүртэл агшлаа. Цар тахал хэр удаан үргэлжилж, хэчнээн удаа хувьсан өөрчлөгдөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойлж чадахгүй байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт, Омикрон вирусийн тархалт шинэ оны томоохон сорилт болохыг дэлхийн банк санхүүгийн байгууллагууд онцолсоор байна.

Цар тахал өөрөө ер бусын нөхцөл байдлыг үүсгэж байгаа учраас шийдэл нь ч мөн ер бусын байхыг шаардаж байна. Монголчууд бид энэхүү сорилтоос гарах цорын ганц арга зам бол Экспортын өсөлт юм аа.

Монгол Улсын хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлс болсон суурь дэд бүтцийн болон засаглалын асуудлуудыг шийдвэрлэхэд эхний ээлжид 57 их наяд, бүрэн шийдвэрлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай. Бүх Засгийн газар, бүх Ерөнхий сайд нарын гол асуудал энэхүү санхүүгийн асуудал байсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Орлого талын асуудалд төдийлөн төвлөрч чадахгүй, зарлага талаа сонгуулиас сонгуулийн хооронд хүлээлт үүсгэн тэлсээр нийгмийн хүлээлт, бодит байдал хоёр тэнгэр газар мэт зөрүүтэй болсон гашуун үнэнтэй цар тахлын энэ цаг үед бодитоор нүүр туллаа.

Эдийн засгийг сууриар нь тэлэхгүйгээр бидний дэвшүүлсэн зорилго зорилт бүхэн цаасан дээр царцан үлдэж, улс төрийн маргааны чөтгөрийн тойрогт Монгол Улсын амьдралын цаг идэгдсээр байх болно.

Өнөөдөр миний бие Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн суурь асуудлууд, түүний гарц шийдлийн тухай зургаан багц асуудлыг ярихаар бэлтгэлээ.

НЭГ. БООМТЫН СЭРГЭЛТИЙН ТУХАЙ

Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай.

Монгол Улс далайд гарцгүй газарзүйн онцлогтой. Эрс тэс уур амьсгал, улирлын чанартай бүтээн байгуулалт зэрэг хөгжилд саад болдог хүчин зүйлс багагүй бий. Манай улс нийт хуурай замын 42 боомт, агаарын замын 4 боомттой. Оросын Холбооны Улстай 29, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 13 боомтоор хиллэдэг.

Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж байна. Бид эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсэж цус харвалтын өмнөх байдалд орсон боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй юм.

Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм.

Өнөөдөр дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах зорилтууд багтаж байгаа.
Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхлэх болно.

Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулна.

Шинэ нисэх онгоцны буудлыг Ази, Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрүүлэх төв болгон өргөжүүлж, агаарын тээврийн чөлөөт өрсөлдөөнийг идэвхжүүлж, дэлхийн хэмжээний иргэний болон ачаа тээврийн компаниудтай нээлттэй, харилцан ашигтай түншлэн ажиллацгаая.
Товчоор хэлэхэд, боомтын боймыг тайлах нь цар тахлын өнөөдрийн хүндрэл төдийгүй цаашдын хөгжлийн үндсэн суурь болно.

ХОЁР. ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТИЙН ТУХАЙ

Бие даасан байдал, эдийн засгийн тусгаар тогтнолын нэгэн багана нь эрчим хүчний хангамж гэдэгт нь ойлгомжтой. Эрчээ алдсан эрчим хүчний салбар маань өнөөдөр Монгол Улсын хөгжлийг сааруулагч томоохон хүчин зүйлсийн нэг болсон байна.

Бид газрын доорх ертөнц буюу дулаан, цахилгааны эх үүсвэр, түүнийг дагасан шугам сүлжээний асуудлыг бүрэн шийдвэрлэхгүйгээр газрын дээрх бүтээн байгуулалт ярих ямар ч боломжгүй.

1986 онд Дулааны IV цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэрийг төрийн зүгээс байгуулж чадсангүй. Гэтэл өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ биднээс 5 байтугай 6 дахь дулаан цахилгааны шинэ эх үүсвэрийг шаардаж байна. Манай улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дуусжээ.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлж байна.
Цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлогоо цаг алдалгүй тодорхойлцгооё. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллацгаая.

Цахим Монгол, Дижитал үндэстэн болох зорилт бол зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулах төдий шийдэл биш юм. Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр, орчин үеийн байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд шинээр байгуулагдах Цахим хөгжлийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам илүүтэй анхаарах шаардлагатай.

ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж байна. Энэ бүтээн байгуулалт манай улсад зөвхөн эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй эрчим хүчний хэрэглээнд шинэ дэвшил гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа цаг алдалгүй дуусгаж, ашиглалтад оруулах нь эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой билээ.

ГУРАВ. АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН СЭРГЭЛТИЙН ТУХАЙ

Аль ч улсын эдийн засгийн хөгжлийн үндэс нь Аж үйлдвэржилт билээ. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого бол манай улсын зуун дамнасан бодлогын үргэлжлэл юм.

Бид хийж чаддаггүй зүйлээ сурахаас илүүтэй хийж чаддаг байсан зүйлээ сэргээх нь чухал билээ. Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.

Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох Аж үйлдвэржилтийн сэргэлт бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа билээ.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна.

Ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм юм. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна.

Газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулж, бензин шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох нь эдийн засгийн бие даасан байдлын чухал зорилтуудын нэг билээ.

Аж үйлдвэржүүлэх бодлого бол шинжлэх ухаан, технологийн салбарыг бүрэн шинэчлэх зорилт юм. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалаас хоцрохгүй, өндөр технологи, блокчейн, хиймэл оюуны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн засгийн чиг хандлагад нийцүүлэн аж үйлдвэржилтийн бодлогоо шинээр тодорхойлох шаардлагатай.
Аж үйлдвэржсэн, ажилсаг Монголыг бий болгох нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын цөм асуудлуудын нэг юм.

ДӨРӨВ. ХОТ, ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТИЙН ТУХАЙ

Суусан хотоо алхаатай хот болгож, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох нь бидний нэн тулгамдсан асуудал боллоо.

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг. Гэтэл өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна.
Их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна.

Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй авто машин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс нэг хот-улс болжээ.

Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж, үүнээс шалтгаалсан алдагдсан боломжийн өртөг сүүлийн 10 жилд 11.8 их наяд төгрөг болсон байна.

Улаанбаатар хотын түгжрэл бол өнгөрсөн гучин жилийн улс төрийн хэт тогтворгүй байдал, шат дараалсан олон сонгуулиудын хийрхэл, асуудалд өнөө маргаашаа аргацааж, гал унтраах байдлаар хандаж ирсэн хандлага, тооцоо судалгаагүй популист шийдвэр, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын арчаагүй, хариуцлагагүй байдлын төлөөс юм.

Өнгөрсөн 30 жилд хуримтлагдан архагшсан хууч өвчнийг өвчин намдаах эмээр аргацаах боломжгүй болсныг ард иргэд маань хүлээн зөвшөөрч ойлгоно гэдэгт итгэж байна. Шулуухан хэлэхэд өвчний голомтыг бүрдүүлж буй зарим асуудлыг мэс заслын аргаар багагүй хэмжээний өвдөлт өгч шийдвэрлэхээс өөр гарц үлдсэнгүй.

Зарим томоохон хэмжээний асуудлыг шууд ардчиллын хэлбэрээр ард нийттэйгээ хамтран шийдвэрлэхийг ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн ойлгон хүлээж авна гэдэгт итгэлтэй байна.
Хотын төвлөрлийг багасгана гэдэг нь хөдөөг хөгжүүлнэ гэсэн үг. Хотоос хөдөө рүү нүү гэхэд хэн ч шууд очихгүй нь ойлгомжтой. Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангахад эдийн засгийн бодит хөшүүрэг, эрхзүйн цогц шинэчлэл, тогтолцооны томоохон шийдэл хэрэгтэй. Өмнө дурдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого, Их бүтээн байгуулалтыг дагасан ажлын байр ч энэ асуудалтай нарийвчлан уялдах шаардлагатай.

Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх хэмжээний шинэ суурьшлын бүсийг эртний нийслэл Хархорум хотыг түшиглэн шинээр байгуулах нарийвчилсан судалгааны ажлыг олон улсын хот байгуулалтын инженерүүдтэй хамтарч, 2022 онд багтаан эхлүүлж, Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, шинэ хот байгуулах Их бүтээн байгуулалтын ажлыг ч мөн ирэх жил эхлүүлэхээр тусгалаа.

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Их бүтээн байгуулалтын төслүүдтэй уялдуулан дахин тодорхойлох шаардлага байна. Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг нээж, орон нутгийн удирдлагуудын эрх мэдэл, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ.

Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг төрийн бодлогоор онцгойлон дэмжинэ. Хүнсээ дотооддоо бүрэн хангах, хүнс экспортлогч улс болох зорилтын хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн, Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлнэ.

Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвөөс анх удаа 420 тэрбум төгрөг шийдвэрлэсэн нь нийслэлээс төсвөөс түгжрэлд зарцуулсан 10 жилтэй дүйцэж байгаа нь бид энэ асуудалд хэрхэн хайнга хандаж ирсний бас нэгэн илэрхийлэл юм.

Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүрэн шинэчилж, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг 3 чиглэлд 41 километр зайд барих ажлыг эхлүүлж, эхний шугамыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөж байна.

Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр замыг шинээр байгуулна. Богдхан төмөр зам баригдсанаар Улаанбаатар хотын дундуур нэвтрэн өнгөрдөг төмөр замын ачаалал 50 хувиар буурч, нийслэлийн төвд байрлах тээвэр логистикийн болон худалдааны томоохон төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх суурь нөхцөл бүрдэх учиртай.

Нийслэл Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 километр Их тойруу хурдны зам барих ажлыг ирэх оноос эхлүүлэхээр тусгалаа.

Суусан хотоо алхаатай хот болгоход Улсын Их Хурал, Засгийн газар, төр-иргэний хамтын ажиллагаа, харилцан ойлголцол туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

ТАВ. НОГООН ХӨГЖЛИЙН СЭРГЭЛТИЙН ТУХАЙ

Хөгжил бол өөрөө байгаль юм. Цар тахал дэлхий ээжтэйгээ буруу харьцсанаас үүдэж, хүн төрөлхтөнд өгч буй сануулга байхыг ч үгүйсгэхгүй.

Монголчууд бид эх дэлхийтэйгээ зохицон амьдрах нүүдлийн соёл иргэншилдээ тулгуурлаж, дэлхийн чиг хандлагад нийцсэн ногоон хөгжлийн дэвшилтэт загварыг одоо л тодорхойлохгүй бол оройтно.

Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хүлэмжийн хийг бууруулж, ногоон эдийн засагт шилжихээ зарлаж байгаа нь төсвийн орлогоо нүүрсээр бүрдүүлдэг манай улсын хувьд хүндхэн сорилт юм.

Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж, Хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин эрс нэмэгдэж, хот суурин газрууд усанд автаж байна. Байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдэн, цөлжилт, ган гачиг эрчимжсээр байна.

Хүлэмжийн хий нэмэгдсэн сүүлийн 150 хүрэхгүй жилийн дотор дэлхийн дулаарал нэг хэмээр нэмэгджээ. Эх дэлхий маань хоёроос дээш хэм дулаарвал бид юу ч хийсэн оройтох болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон чухал санаачилга юм. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд бүх нийтээрээ хамтран ажиллах шаардлага байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү хөдөлгөөнд нэгдсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих эрхзүйн цогц шинэчлэл хийж, орон нутгийн удирдлагууд, төсвийн захирагч нарын ажлын үнэлгээнд мод ургуулах, арчлах, байгаль орчныг хамгаалах ажлыг нэмж тусгах болно.

Зам дагаж хөгжил, ус дагаж амьдрал цэцэглэдэг билээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг санаачилж, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийг усаар хангах, саарал усыг дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандыг сэргээхэд чиглэсэн ажлыг цаг алдалгүй өрнүүлнэ.

Цөлжилт, бэлчээрийн доройтол, хүн малын ундны усны нөөц шавхагдсан нь малчдыг хэдэн аймаг дамжсан отор нүүдэл хийх, нийслэл хот руу шилжин суурьших гол шалтгаануудын нэг болж байна.

Нийслэл Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулах шаардлага байна.

Бид өвөг дээдсийн унаган байгалиа хайрлан хамгаалж, харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт ёс заншлыг эдийн засаг, аж үйлдвэрийн Их сэргэлтийн эрин үед олон улсын чиг хандлагатай нийцүүлэн үргэлжлүүлж, ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлж чадна.

ЗУРГАА. ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТИЙН ТУХАЙ

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын хөгжлийг боомилж буй хамгийн гол асуудал бол өнөөдөр үнэндээ Төр өөрөө болсон байна.
Төр иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг хязгаарлагч, боомилогч биш, харин дэмжигч, урамшуулагч байх учиртай.

1932 онд Монгол Улсын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар нарын хэрэгжүүлсэн Шинэ эргэлтийн бодлого ч төр өөртөө шүүмжлэлтэй хандаж, алдаа дутагдлаа засаж, гажуудсан чиг хандлагыг өөрчилж байснаараа түүхэн ач холбогдолтой байсан юм.

Энэ цаг үеийн “Шинэ сэргэлтийн бодлого” ч өнөөдрийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ирээдүйн зорилтоо зөвөөр тодорхойлж, алдаа дутагдлаа засаж төрийн бүтээмжийг эрс сайжруулахад чиглэгдэж байгаа юм.

Бидэнд мөнгө шаардахгүй ч, бүтээмжээ сайжруулах олон боломж бий. Ийм л байх ёстой гээд дасчихсан асуудал, хэвшсэн сэтгэлгээ ч цөөнгүй байна.

Миний бие өмнө нь дурдаж байсанчлан, хувийн хэвшилд хязгаарлагч хүчин зүйл болдог энгийн жишээ дурдахад ид бүтээн байгуулалт урин цагт эхэлдэг улирлын онцлогтой. Гэтэл Монгол Улсын төсөв 11 дүгээр сард батлагдан, төсвийн жил нэгдүгээр сард эхэлдэг. Тендер, сонгон шалгаруулалт, шүүхийн маргаан, бүх шатны шүүхээр заргалдсаар гэрээ ч байгуулж чадалгүй намартай золгодог.

Яагаад бид өвлийн улиралд худалдан авалтаа зохион байгуулж, хавар бүтээн байгуулалтаа эхлүүлж, зун, намрыг бүтээмжтэй ашиглаж болохгүй гэж? Яагаад иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг маргаан шийдвэрлэх үйл явцыг ил тод, түргэн шуурхай болгож болохгүй гэж?

Тиймээс төрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд төр, иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хамтарч, хязгаарлаж буй хүчин зүйлсээ зөв тодорхойлж, шийдэл олох нь нэн чухал юм.

Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулахаар тус хөтөлбөрт тусгалаа.

Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгана. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.

Авлигатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавин,хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулахаар тусгалаа.

Монгол төр хүчирхэг, шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай байх ёстой. Төрийн хариуцлагын тогтолцоо, бүтээмжийг сайжруулахын тулд бид сонгодог парламентын засаглалыг улам бүр төгөлдөржүүлэх үйлсэд тууштай зогсох шаардлагатай.

Хууль батлагдах үйл явц тооцоо судалгаатай, чанартай, амьдралд нийцсэн, харин батлагдсан хууль заавал хэрэгждэг байх ёстой. Шүүх засаглал хараат бус, шүүхийн процесс иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, энгийн байх учиртай.
Төр хөгжлийг гацаагч, удаашруулагч биш, харин дэмжигч, хурдасгагч, иргэддээ үйлчлэгч төр байх учиртай.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын эдийн засгийг богино хугацаанд сууриар нь тэлж, улс орноо эрчимтэй хөгжлийн замд оруулах зургаан багц асуудлыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд товч танилцууллаа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин өснө.

Эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ.
Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасаж, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил хангагдана.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээ хоёр дахин томорно.

Эдийн засгийн цар хүрээ тэлэгдсэнээр хүний хөгжлийн зорилтууд хангагдаж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирч, иргэдийг орон сууцжуулах асуудал шийдвэрлэгдэж, Монгол хүний цалин орлого нэмэгдэж, чинээлэг дундаж давхарга тэлж, амьдралын чанар эрс сайжирна.

Дахин хэлэхэд, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд эхний ээлжид 57 их наяд, бүрэн хэрэгжүүлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг төр дангаараа бүрдүүлэх боломжгүй нь ойлгомжтой.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох юм. Үндсэндээ төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно.

Монгол Ардын Намын анхны дарга Солийн Данзан “Иргэн баян бол улс баян” хэмээн тунхаглаж байлаа. 1932 оны Шинэ эргэлтийн бодлого ч “Бусдыг мөлжихгүйгээр иргэн бүр хэм тэгш баяжигтун” гэсэн агуулгатай байсан.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Иргэн, аж ахуйн нэгжүүд ээ,
Хөрөнгө оруулагчид аа,
Хүн төрөлхтөн Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш туулж үзээгүй цар тахлын нэн хүнд сорилттой нүүр тулгарч, иргэдийн эрүүл мэнд, улс орнуудын эдийн засагт төсөөлшгүй хүндрэл учирсан энэ цаг үед Та бид ажиллаж амьдарч байна.

Шүүмжлээд, гомдоллоод, талцан маргалдаад, улс төржөөд бид энэ хямралыг даван туулж чадахгүй ээ. Харин нэгдэн нягтарч, хамтран ажиллаж, асуудлыг дэс дараалалтай зоригтой шийдвэрлэж, цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгаа сэргээж, энгийн амьдралын хэмнэлээ эргүүлэн авчрах болно.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд “Эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдал, цар тахлыг даван туулах үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч бүрийг идэвхтэй оролцох”-ыг уриалж байна.

Монгол Улс “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхдээ энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталж, мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөрш орнууд, олон улсын хөгжлийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай нягт түншлэн ажиллах болно.

Монгол Улс гадаад харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн зарчимдаа “Монголын За – андгай буй заа” хэмээх язгуурын зарчмыг хатуу баримтална.

Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол, ХҮН намын Монгол гэж байхгүй. Хэдийгээр бид үзэл бодол, баримтлах зарчим, байр суурь зөрүүтэй ч Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө нэгдмэл эрх ашигтай билээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжин ажиллахыг нийт улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад уриалж байна.

Монголчууд бид хүнд үедээ эвлэлдэн нэгдэж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж чаддаг ард түмэн билээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Та бүхнээс Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталж өгөхийг хүсье” гэв.

Categories
гадаад мэдээ

Японд “COVID-19” халдварын 500 тохиолдол илэрчээ

Японд лхагва гаригт коронавирусийн халдварын 502 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд өдөрт анх удаа 500-гаас олон хүнээс халдвар илэрлээ.

Тодруулбал, Токио хотод 76 тохиолдол илэрсэн нь 10 дугаар сарын 16-наас хойших хамгийн өндөр, Осака мужид 61 тохиолдол илэрсэн нь 11 дүгээр сарын 11-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Осакад бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын 11 нь “омикрон” хувилбараар халдварлажээ.

Шинэ хувилбар олон нийтийн тунд тархаад байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Кишида Фүмио “хамгийн таагүй нөхцөл байдлаас” урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг чангатгана гэдгээ мэдэгдсэн байна.

Тэрбээр дотуур ууж хэрэглэдэг эмийг хүрэлцээг нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, өндөр эрсдэлтэй ахмад настнуудыг аль болох ойрын хугацаанд нэмэлт тунд хамруулж, “PCR” оношлуурын хүртээмжийг сайжруулна гэж хэлжээ.

Халдварт өвчин судлалын мэргэжилтнүүд “омикрон” хувилбарын тархалтыг хяналтад авахад хилийн хяналтыг дангаар чангатгах нь хангалтгүй тул дотоодын арга хэмжээнүүдийг чангатгах нь ихээхэн ач холбогдолтой болохыг Ерөнхий сайдад зөвлөсөн байна.

К.Фүмиогийн хувьд хилийн хяналтыг сулруулах асуудалд нухацтай хандсан хэвээр байгаа бөгөөд халдварын нөхцөл байдлыг харгалзан холбогдох шийдвэрийг оны эцсээр юм уу шинэ оны эхээр гаргах төлөвтэй байна.

Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлснээр, 12 дугаар сарын 17-25-ны өдрүүдэд “Narita”, “Haneda”, “Chubu”, “Kansai” нисэх буудлуудад хилийн чанадаас ирсэн 113 хүнээс “омикрон” хувилбар илэрчээ.

Мөн Токиод төдийгүй орон даяар “COVID-19” халдварын шинэ тохиолдол нэмэгдэх болоод байна. Үүнийг халдварын тав дахь давлагаа дэгдэж байсан үетэй харьцуулахад бага байгаа хэдий ч Засгийн газрыг онцгой байдал, өндөржүүлсэн байдлын зэргийг үе шаттайгаар тогтооход хүргээд байна.

Тухайлбал, Токиод сүүлийн долоо хоногт өдөрт илэрсэн халдварын дундаж үзүүлэлт 44.9 байсан нь өмнөх долоо хоногийнхоос 57 хувиар өссөн үзүүлэлт болсон гэж тус хотын засаг захиргаанаас мэдээлжээ. Гэхдээ тухайн хугацаанд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

“Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгажээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо.

Уг хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн бөгөөд “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгасан байна.

Анх Улаанбаатар хотод Агаарын дүүжин тээврийг нэвтрүүлнэ хэмээн УОК-ын дарга С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байх үедээ танилцуулахдаа “2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно” хэмээн хэлж байв. Дээрх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байх талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралд мэдээлж байсан.

Улмаар 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулсан.

Түүнээс хойш сар орчмын дараа төслийн гүйцэтгэгч компани болох Пома групп рүү 16.2 тэрбум төгрөг Эжис рэйл ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн мэдээлэл “Шилэн данс” системд байршсан байдаг.

Өнөөдрийн хуралдаанаар,

  • Нийслэлийн өмчийн бүртгэлээс Баянгол дүүргийн 25 дугаар хорооны “Май таун” орон сууцны хорооллын 108 дугаар байрны 181 тоотод байрлах 67.9 мкв талбайтай гурван өрөө сууцыг хаслаа.
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга шинээр барихаар болсонтой холбогдуулан тус төвийн балансад бүртгэлтэй хоёр барилга, байгууламжийг төрийн өмчид шилжүүллээ.
  • Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн балансад бүртгэлтэй барилгыг 89 дүгээр сургуулийн балансад шилжүүллээ.
  • Улс, нийслэлийн хөрөнгө оруулалт болон төрийн өмчийн концессын “зураг төсөл боловсруулах, буулгах, барих, шилжүүлэх” төрлөөр Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 4 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.
  • “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийг байгуулахыг дэмжсэн байна.
Categories
мэдээ нийгэм

Гадаадаас ирж буй иргэдийн анхааралд

Дэлхий нийтэд тархаад байгаа Омикрон хувилбар тархахаас сэргийлж Гадаад улсаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглах байранд гурван хоног /72 цаг/-ийн хугацаагаар тусгаарлах болсонтой холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

1. Нисэх онгоцны буудал дээр түргэвчилсэн болон ПГУ шинжилгээнд хамрагдана.

  • Шинжилгээний хариу “Эерэг” тохиолдолд Тусгаарлах хэсэгт түр ажиглалтад орно. Дараа нь ХӨСҮТ рүү шилжүүлж эмчилгээнд оруулна.
  • Шинжилгээний хариу “Сөрөг” тохиолдолд урьдчилан бэлтгэсэн тусгаарлан ажиглах байр руу автобус, зориулалтын тээврийн хэрэгслээр хүргэгдэн 3 хоног /72 цаг/-ийн хугацаагаар тусгаарлагдана.

2. Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан иргэнийг 48 цагаас хойших хугацаанд давтан – ПГУ шинжилгээ авч, хариу нь “Сөрөг” тохиолдолд 72 цагийн дотор гэрийн ажиглалтад 7 хоног шилжинэ.

3. Давтан шинжилгээгээр хариу нь “Эерэг” тохиолдолд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны баг тусгаарлан ажиглах байрнаас тээвэрлэн эмнэлэгт хүргэн эмчилнэ.

4. “Эерэг” гарсан иргэний ойрын хавьтал болсон бол энэ тухай Танд ХӨСҮТ-өөс утсаар мэдэгдэнэ.

5. Иргэн танд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тухайн байранд ажиллаж буй резидент эмч үзүүлнэ. Шаардлагатай тохиолдолд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эмнэлэгт шилжүүлж болно.

6. Тусгаарлан ажиглах байранд байх хугацаанд мансууруулах болон согтууруулах ундааны зүйл, тамхи, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнээс бусад зүйлээр эргэлт авч болно.

7. Асран халамжлах хүнгүй насанд хүрээгүй хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, асаргаа шаардлагатай хүмүүст ар гэрээс нь асран халамжлах хүнийг тусгаарлан ажиглах байранд хамт тусгаарлана.

8. Тусгаарлан ажиглах байранд орох хүн 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд 50,000 (тавин мянга) төгрөг, 13–аас дээш насны хүн 100,000 (нэг зуун мянган) төгрөг, унааны төлбөр нэг хүний 20,000 (хорин мянган) төгрөгийг буусан тусгаарлан ажиглах байранд төлнө.

Нэмэлт төлбөртэй буудалд тусгаарлагдахыг хүсвэл урьдчилан тухайн тусгаарлан ажиглах байр /КЕМПИНСКИ 94000198; ТУУШИН 95096012; ИБИС 99171559; НОВОТЕЛ 99009098; РАМАДА 99114060; КОРПОРЭЙТ КОНВЕНШН 99111355; ХОЛЕДЭЙ ИНН 80002249/-д захиалга өгнө.

9. Тусгаарлан ажиглах байртай холбоотой санал, хүсэлт, мэдээллийг “Мэдээллийн нэгдсэн лавлах 119” дугаарын утсанд авна.

7cbqzo_270230442_285689586919608_2894559495589520536_n_x974-724x1024 Гадаад улсаас ирсэн иргэдийг 72 цаг тусгаарлах болсонтой холбоотой ЗӨВЛӨМЖ

Эх сурвалж: Улсын Онцгой комиссын нэгдсэн шуурхай штаб

Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргавал хариуцлага ногдуулдаг болох тогтоолыг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Гишүүдийн олонх дэмжсэн тул уг тогтоолын төсөл батлагдлаа.

Дүрмийн төсөлд УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулахаар тусгажээ.
Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймаг 2.5 сая толгой мал тооллуулжээ

Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Өмнөговь аймаг 2,5 сая толгой мал тоолуулжээ.

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын аймгийн урьдчилсан дүнгээр 2.5 сая мал тоолуулсан нь өмнөх оноос 368.6 мянган толгой буюу 12.7 хувиар буурсан үзүүлэлтэй байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. Малын төрлөөр авч үзвэл 101.8 мянган адуу, 31.3 мянган үхэр, 160.4 мянган тэмээ, 626.0 мянган хонь, 1 592.5 мянган ямаа тоолуулсан байна. Үүнийг өмнөх онтой харьцуулахад ямаа 295.2 мянга буюу 15.6 хувиар, хонь 56.6 мянга буюу 8.3 хувир, үхэр 1.9 мянга буюу 5.8 хувиар буурчээ. Мөн адуу 8.5 мянга буюу 7.7 хувиар, тэмээ 6.3 мянга буюу 3.8 хувиар буурсан байна.
Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд банкнуудын ажиллах цагийн хуваарь

Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 31нээс ирэх оны нэгдүгээр сарын 01-ны хооронд банкнууд ямар цагийн хуваариар ажиллахыг хүргэж байна.

ХААН БАНК

Хаан банкны бүх салбар нэгжүүд 12 дугаар сарын 31-нд энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж нэгдүгээр сарын 01-ний өдөр амарна. Бусад ажлын өдрүүдэд энгийн цагийн хуваарийн дагуу буюу 09.00-16.00 цагийн хооронд ажиллана.

ГОЛОМТ БАНК

Голомт банкны бүх салбар нэгжүүд 12 дугаар сарын 31-нд энгийн хуваарийн дагуу ажиллаж нэгдүгээр сарын 01-ний өдөр амарна. Бусад ажлын өдрүүдэд энгийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00-16:00 цагийн хооронд ажиллана.

ТӨРИЙН БАНК

Төрийн банкны бүх салбар нэгжүүд 12 дугаар сарын 31-нд энгийн хуваарийн дагуу ажиллаж нэгдүгээр сарын 01-ний өдөр амарна. Бусад ажлын өдрүүдэд энгийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00-16:00 цагийн хооронд ажиллана.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Худалдаа хөгжлийн банкны бүх салбар нэгжүүд 12 дугаар сарын 31-нд энгийн хуваарийн дагуу ажиллаж нэгдүгээр сарын 01-ний өдөр амарна. Бусад ажлын өдрүүдэд энгийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00-16:00 цагийн хооронд ажиллана.

ХАС БАНК

Хас банкны бүх салбар нэгжүүд 12 дугаар сарын 31-нд энгийн хуваарийн дагуу ажиллаж нэгдүгээр сарын 01-ний өдөр амарна. Бусад ажлын өдрүүдэд энгийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00-16:00 цагийн хооронд ажиллана.