Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шинэ оны эхний өдөр Төрийн далбааг мандуулна

Төрийн далбаа мандуулах ёслол 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 09.00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 119 дүгээр зарлигаар баталсан Төрийн ёслолын журмын 7.3-д заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд өглөөний 09:00 цагт Төрийн далбаа мандуулж, нар шингэхээс өмнө буулгадаг юм.

Categories
мэдээ цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Шинэ оноо III тунтай эхлүүлье

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийт ард иргэддээ хандан уриалга гаргажээ. Ингэхдээ “КОВИД 19-ийн эсрэг вакциндаа идэвхтэй хамрагдаж буй иргэддээ баярлалаа.

  • Дархлаажуулалтын ажлыг шуурхай зохион байгуулж буй эмч, эмнэлгийн ажилчиддаа
  • Хичээл сургуульдаа явж эхэлсэн оюутан сурагчдын өмнөөс,
  • Хатуу хөл хориогүйгээр ажиллаж буй хувийн хэвшлийнхний өмнөөс,
  • Аюулт өвчин тусаад эмчлэгдэн эдгэрсэн иргэдийн өмнөөс,
  • -5.3 хувиар агшсан эдийн засгийг +3.6 хувьд хүргэж улсын төсвөөс тасалдалгүй цалин, тэтгэвэр, тэтгэмжээ авч буй нийт иргэдийнхээ өмнөөс дахин дахин талархал илэрхийлье!

Шинэ оноо III тунтай эхлүүлье! хэмээжээ

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 114 жолооч согтуугаар жолоо барьж, 191 хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1716, хулгайтай холбоотой 28, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 128, гэмт хэргийн шинжтэй 102 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 114, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 132, хүний биед халдсан 45, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 181, эрүүлжүүлэх байранд хоносон 191, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 99 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Коронавирусийн 272 тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 272 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 209 нь Улаанбаатар хотод, 55 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 8 батлагдсан байна.

Гэрийн хяналтад 3123 хүн байна

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ цаг-үе

Боловсролын салбар 2022 оныг ёс зүйн жил болгоно

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны тушаалаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах ажилтан болон бусад ажилтны ёс зүйн дүрмийг баталсан.

“Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын дагуу орон тооны бус зөвлөлийг 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллуулах ёстой. Дээрх заалтыг хэрэгжүүлж 12 аймаг, 9 дүүрэгт Засаг даргын шийдвэрээр “Ёс зүйн зөвлөл”-ийг байгуулсан байна. Харин 5 аймагт Засаг даргын дэргэд “Ёс зүйн зөвлөл” байгуулаагүй байна.

Судалгаанаас дүгнэхэд 2021 онд багш, ажилтны ёс зүйн зөрчлийн талаарх 58 өргөдлийг аймаг, дүүргийн Ёс зүйн зөвлөл ирүүлсэн бөгөөд ёс зүйн зөрчил гэдэг нь нотлогдоогүй 17 өргөдөл гомдлыг буцаажээ.

Ёс зүйн зөрчил гаргасан 41 албан хаагчид сахилгын хариуцлага оногдуулсан байна. Үүнээс 12 албан хаагчид уучлал гуйхыг үүрэг болгож, 18 албан хаагчид сануулах арга хэмжээ авч, 11 албан хаагчийг ажлаас чөлөөлжээ.

Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, гадуурхал, сошиал орчин дахь аюулгүй байдлын зөрчил, багш ажилтнуудын ёс зүйгүй үйлдэл 2021 онд хэд хэдэн удаа гарсан. Энэ байдлыг таслан зогсоохын тулд боловсролын салбарт сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн. Тэгвэл эхэлсэн ажлаа үр дүнд хүргэж үүнд чиглэсэн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж боловсролын салбар 2022 оныг Ёс зүйн жил болгон зарлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Ирэх сарын 1-нээс 57 ангиллын визийн зөвшөөрлийг зөвхөн цахимаар хүлээн авна

Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг тусгасан. Үүнтэй холбоотойгоор Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд үзүүлж буй үйлчилгээнүүдээ шат дараатайгаар цахимжуулж байна.

Тус газраас Монгол Улсын виз олгох журамд заагдсан 3 ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож байсан бол 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 57 ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэлсэн.

Тэгвэл ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дээр дурдсан визийн зөвшөөрлийн хүсэлтүүдийг зөвхөн цахимаар хүлээн авахаар болжээ.

Мөн өнгөрсөн хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газраас төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор баримт бичгийн бүрдэл дутуу хүсэлтүүдийг тухайн уригч иргэн, аж ахуйн нэгжид эргэн мэдэгдэж, зохих шаардлагыг хангуулсны дагуу зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэж байсан нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж байна.

Тиймээс гадаадын иргэнийг уригч та, immigration.gov.mn цахим сайтад хандаж, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэлтэй танилцаж, нягталсны үндсэн дээр хүсэлтээ илгээхийг зөвлөж байна. Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу татгалзах үндэслэл болохыг анхаарна уу гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын хуралдаан болно

Өнөөдөр Засгийн газар энэ оны сүүлийн хуралдаанаа хийхээр товложээ.

Өнгөрсөн мягмар гарагт Засгийн газар хуралдахаар товлоод байсан ч хойшлуулсан юм. Улмаар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийхээр болжээ. Хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэх нь одоогоор тодорхой болоогүй байна. Бид энэ талаар дэлгэрүүлж, эргэн мэдээлнэ.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Ертөнцөд ганцхан 9к ангийнхан…

9к ангийн 35 жилийн уулзалт


Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд Монгол Улсын гавьяат багш Базарын Гомбын нэрэмжит Говь-Алтай аймгийн лаборатори нэгдүгээр сургуулийн 1987 оны 34 дэх төгсөлт “9к” ангийнхан оролцлоо. Тэднийг сурагч байхад Б.Гомбо сургуулийн захирлаар ажилладаг байжээ. Энэ тухай ангийн багш Л.Оюунчимэг “1985 онд Багшийн дээдийн монгол хэл, уран зохиолын ангийг төгсгөөд нутагтаа ирж “9к” ангийг нэг жил дааж байлаа. Тухайн үед есийн “А” бүлгээс эхлээд манай анги 11 дэх буюу “К” бүлэг байсан юм. Алтайн ихэнх сумдын сургууль найман жилтэй байсан учир ийнхүү олон бүлэгтэй байсан билээ. Б.Гомбо захирал эхийн хэвлийд байхдаа нэрээ олж авсан гэдэг, миний хувьд нагац ах минь. Эмээ хүүгээ гэдсэнд байхад аргал түүж яваад нэг “устай” чулуу олсон гэдэг. Түүнийгээ нутгийн мэдлэгтэй ахмад хүнд үзүүлтэл “Энэ их учиртай хүүхэд төрөх нь байна, Гомбо гэдэг нэр хайрлаарай, унаган нутагтаа ээлтэй, эрдэм ном түгээх хүүхэд төрнө өө” гэж хэлсэн гэдэг. Иймээс нутгийнхан түүнийг эхийн хэвлийд байхдаа нэрээ олсон юм гэлцдэг. Түүний нэгэн насны амьдралаа зориулсан эрдмийн өргөө- нэгдүгээр сургууль минь Алтайн үе үеийнхний оюуны боловсролд үнэтэй хөрөнгө оруулсаар түүхэндээ 70-аад удаагийн төгсөлтөөр 100-гаад мянган төгсөгчдөд эрдэм хүртээжээ” хэмээн ярианы эхэнд хуучиллаа. Физикийн багш, сургалтын менежер У.Энхтуяа сургуулийн 70, 80 жилийн ойн номыг өндөр түвшинд эмхэтгэн хэвлүүлжээ. Ялангуяа 80 жилийн ойн номонд сургуулийн бүх төгсөгчдийн нэрийг оруулсан нь мартагдашгүй сайхан үйл явдал болсныг ч хуваалцлаа.

“9к” ангийнхан 32-уулаа суралцаж, аравдугаар ангид дэвшихэд ангийн багш нь шилжиж тэднийг үлдсэн 10 бүлэгт хоёр, гурваар нь хуваасан байна. Тэднээс Я.Тайвантуяа Алтай сумандаа цэцэрлэгийн багш, Г.Гантөмөр аймагтаа, В.Баттулга Тонхил суманд, Ц.Ариунтуяа Сүхбаатар аймагт бизнес эрхэлдэг, Т.Эрдэнэтуяа Халиун суманд, Л.Туяа Гуулин тосгонд сургуулийн тогооч, П.Нарангэрэл Алтай суманд Хязгаарын цэргийн ангид бэлтгэл офицер, Д.Ганчимэг Цээл суманд сургуулийн бичиг хэргийн ажилтан, Ц.Энхцэцэг аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагч, Сономын Тунгалаг Улаанбаатарт “Jobi” төвд барилгын худалдаа эрхэлдэг, Ч.Мөнхөө нүүрс тээврийн туршлагатай жолооч, Б.Бат-Очир Цээл суманд малчин, Д.Дарьрагчаа Улаанбаатарт үзмэрч, Ш.Наранцэцэг Төгрөг сумандаа ажиллаж амьдардаг. Хөдөлмөрийн баатар, Улсын аварга малчин Дорж гуайн охин Долзодмаа нь удам залган Улсын хошой аварга малчин болж нутагтаа амьдарч байгаа. Л.Отгонцэцэг, Д.Эрдэнэчимэг, Б.Алтантуяа, Б.Дэвэрцоо, Т.Нямцэцэг нартаа ангийн андуудын зүгээс мэнд дэвшүүлж байна.


“Манай анги эвтэй, юуг ч бүтээж чадах хамт олон байсан. Ангийнхнаа бодохоор хайр хүрдэг. Бид өөр өөр ангид орсон ч биесээ, багшийгаа их үгүйлдэг байсан. Монгол хэл, уран зохиолын залуухан багш биднээс дөрөвхөн насаар эгч сайхан эмэгтэй ирж байлаа. Багшийг хараад л ямар гоё эмэгтэй вэ гэж гоо сайхны таашаал, үлгэр авдаг байсан. Бидэнд Монголын нууц товчоо, урлаг утга зохиолын тухай их ярьж өгнө. Багшаасаа хүнлэг байх, утга уран сайханд дурлахыг маш сайн суралцсан. Нэг насны амьдралын минь их том “оюуны цэнэг” байсаан” хэмээн ангийн дарга Д.Чимгээ хэлж байлаа.

Ангиараа Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд манжин хураахаар хөдөөг зориход ангийн багш нь, оюутан насны дурсамж, утга уран зохиол гээд олон зүйлийн тухай нээлттэй ярилцаж охидоо “манаад” хонодог байжээ. Энэ ярианаас багш, сурагчдын холбоо ямар ойр дотно, халуун дулаан найзууд шиг байсныг ажигланам.

Ангийн дарга Д.Чимгээ нь Анагаах ухааны сургуульд суралцаж, Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн ангийг дүүргэн өнөөг хүртэл 33 жил Монгол Улсынхаа эрүүл мэндийн салбарт зүтгэж байгаа аж. Багшийн “баруун гар” ангийн сайхан бичигтэн Ц.Жавзандулам бичиг хэргийн худалдаа эрхэлж, Чандмань сум нэгдлийн дарга Аварзэдийн хүү Батбаяр Канад улсад 15 дахь жилдээ ажиллаж амьдардаг, Дэлгэр сумын дарга Базарын хүү Цэнгүүнжав аймагтаа аялал жуулчлалын компани байгуулан ажилладаг, ангийн хамгийн даруу хөвгүүн Ж.Ядам Монголын цахилгаан барааны зах зээлд томоохон байр суурь эзлэх бизнесмэн болжээ, Тайшир сум нэгдлийн даргын хүү Ц.Болдбаатар Өвөрхангай нутгийн бүсгүйтэй ханилан хоёр сайхан хүүтэй болж барилгын салбарт, С.Цагаанбаатар аймгийнхаа нийгмийн бодлогын хэлтсийн даргаар олон жил ажиллаж одоогоор Соёлын хэлтсийн даргын албыг ангийнхнаа холбох албатай зэрэгцүүлэн хашдаг. Харин Ц.Баасансүх нь Бугат сумын багийн дарга, буянт сүргээ өсгөн эх нутагтаа сайхан амьдардаг бөгөөд ангийн найзуудаа урьсан мянгат малчин болжээ. Ангийн хөвгүүн Ч.Хүрлээ “Боржигон хийморь”, “Учирсан сэтгэл”, “Монгол заншил”, “Баярлуулж яваарай”, “Өссөн нутаг” зэрэг олон сайхан уран бүтээлээ туурвиж Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч болжээ. “1987 онд “Эхийн сэтгэл” хэмээх анхны дууны үг, аяыг зохиосноос хойш өдгөө урын сандаа 170 орчим дууны шүлэг, 50 гаруй дуутай болжээ. Хамт олноо дурсан “Насан туршийн андууд” дуугаа зохиож сонсогч олонд хүргээд байна. “Боржигон хийморь” хэмээх дууг МУАЖ А.Энхтайван гуайтай хамтарч хийсэн нь одоогоор миний хамгийн оргил бүтээл болоод байна. Саяхан бяцхан авьяастан Б.Бат-Энэрэлээр дуулуулсан “Баярлуулж яваарай” дуу маань нийтэд өргөн түгээд байна” хэмээн Ч.Хүрлээ дурслаа. Эл хамт олноос салбар салбарын шилдгүүд, алтан гадас одонт, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт олноор төржээ. Харин шавь, ангийн анд Т.Цэнгэлмаа, Ц.Батцэнгэл хоёрыгоо арай л эрт хорвоогийн мөнх бусыг үзсэнд харамсаж байгаагаа хэлж, “Батцэнгэлийг гитар дарж байхыг араас нь харсан хэн ч дурлахаар хүү байсан” хэмээн дурсацгааж байсан юм. Ингээд шавь нар нь “Багш аа, та манай ангийг төгсгөсөн бол ангиас хоёр, гурван “хос” төрөх байсан шүү” гээд инээлдэж байлаа.

“Бид 10 жилд байхдаа ийм гоё багштай таарсандаа баярладаг. Хэрвээ оюутан насандаа таарсан бол нэг их ач холбогдол өгөхгүй өнгөрөх байсан байх аа. Яг шохоорхлын насан дээрээ царайлаг, эмэгтэйлэг, чөлөөтэй, гоё багш ороод ирэхээр бүгд үлгэр авч, дуурайж байсан” хэмээн ангийн охид хэлэв. 1986 онд Багш нарын баяраар тэдний урласан ханын сонин нэгдүгээр байранд шалгарч байж. Бөөндөө суугаад ангийн багш зөвлөж, цоо шинэ санаа гаргая гээд л ярилцаж одоогийнхоор комик ном шиг л ханын сонин хийж байсан тухайгаа дурсав. Ангийн хөвгүүн Ц.Болдбаатар маш сайхан зурдаг, С.Цагаанбаатар, ангийн дарга Д.Чимгээ нар ховор шүлгүүдийг цуглуулж бичих даалгаврыг биелүүлж байжээ. Ирэх онд эрдмийн сургуулиа дүүргэсний 35 жилийн ой болно. Ангийн багш нь аравдугаар ангиа төгсгөлгүй явсанд ангийнхан нь “гомдолтой” байдаг учир тэр орон зайгаа нөхөн, хойч үе үр хүүхдүүддээ зориулан ангийн хэмжээнд есөн үеийн ураг удмаа тодотгосон дурсамжит ном гаргах ажилд ханцуй шамлан оржээ. Л.Оюунчимэг багшийнх нь хэлснээр “Энэ ном бол бидний үлдээх цор ганц оюуны өв” гэдгийг онцолж байсан юм.

А.Батбаяр “Бид ямар гайхалтай багш нараар хичээл заалгаж байснаа гадны орноор аялж байхдаа ойлгосон. Атлантын далайн энэ түүхт газар бол Эрнест Хемингуэйн “Өвгөн тэнгис хоёр” зохиолыг бичсэн дурсгалт газар, энэ зохиолоороо Нобелийн шагнал хүртсэн, зохиолын гол санаа нь өвгөн, загас, тэнгис гурав биш, хүн төрөлхтний дотоод оршихуй, амьдралын мөн чанарыг харуулсан… гэдгийг багш маань нүдэнд харагдтал тайлбарладаг байсан сан. Тиймээс бүх зохиолыг эхээр нь өөрийн эрхгүй уншдаг байлаа” гэсэн юм.

“Би хувь заяаны төөргөөр хоёр л анги дааж удирдсан байдаг. Эхнийх нь энэ 9к ангийнхан, дараа нь Дархан-Уул аймгийн Салхит тосгоны сургуулийн наймдугаар анги. Өнгөрсөн жил Салхитын сургуулийн 40 жилийн ой болж, ойн номын редактораар ажилласан. Тэр ангиас төмөр замын мэргэшсэн инженер Тунгалаг, Монголын “Кофены хатан хаан” Л.Дэлгэрмаа, хэлний мэргэжилтэн Д.Энхтуул зэрэг олон сайчууд төрсөн байдаг. Уран зохиолын хичээл дээр гэхэд “Жангар” баатарлагийн туулийг нийтээрээ гурван удаа чанга дуугаар уншаад сурагчид цээжилнэ. Эхлээд харж уншина, хоёрдугаарт нүдэндээ төсөөлж, гуравдугаарт сэтгэлдээ төсөөлж уншина. Ингээд л цээжилнэ дээ. Нийтээрээ гурван удаа уран яруу унших явцад хичээлд идэвхигүй оролцдог хүүхдүүд ч өөрийгөө шинээр нээж урам авдаг. Тэр үед 45 минутаар хичээллэдэг байлаа. Монгол хэлний хичээл дээр тухайн өдрийн цаг агаарыг холбоо үгээр хэлүүлнэ, тэдгээр үгсийг оруулсан долоогоос арван өгүүлбэр бичүүлдэг. Эхлээд хүүхдүүд тулгамддаг ч оюун санааны хувьд маш хурдан өсдөг. Өвлийн өдөр, борооны ус гэж хэлдэг байсан хүүхдүүд тугалган хүнд саарал үүл, борооны нүсэр үүл… гэх зэргээр үг сонголтын хувьд хурдан хөгждөг. Энэ бүхэн таван минутад багтдаг. Олон давтагдах тусам хүүхдүүдийн үгийн сонголт, найруулга сайжирдаг. Орчин үеийн Монгол хэл, уран зохиолын багш нар энэ аргыг дэлгэрүүлэн хэрэглэдэг байгаасай. Хожим шавь нартайгаа галт тэргэнд таараад багш нь сэтгүүлч болсон гэтэл “Та багшаараа ажиллаж байсан бол аль хэдийнэ гавьяат багш болох байсан” гэж хэлэхэд нь омогшиж л суулаа. Одоо бодоход шавь нар маань бүгд бичиг соёл, утга зохиолтой ойр яваа. Утга зохиол, номын амтанд орж, хүн байхын мөн чанарыг ойлгуулж өгсөн та үнэхээр үнэ цэнэтэй гэж ангийн дарга Д.Чимгээгийн маань хэлсэн үг миний нэг бахархал байлаа. Би Монголын утга зохиолд хэд хэдэн сайн яруу найрагч, сэтгүүлчдийг төрүүлсэн юм билээ. Шинэ үеийн соён гэгээрүүлэгчдийн нэг гэж нэрлэгдсэн Баасангийн Номинчимэд бол миний шавь. Есдүгээр ангид байхад нь гадаадын уран зохиолын хичээл дээр билетээр улсын шалгалт авах болов. Номио гаднаас ороод ирэв. “Бүх эх зохиолыг уншсан хүүхэд” гэж хэлтэл, Номио билетээ сугалаад би бэлтгэлгүй ярья аа гэж байсан. Ийм л хүүхэд байсан. Номио маань аравдугаар ангиа онц төгсөөд үеийнхнээ уриалж илгээлтээр гурван жил Бугат суманд мал малласан. Одоо “Цагаан бороо” номыг нь нийгмээрээ шимтэж байгаагийн нэг шалтгаан бол Номио өв соёлыг арван хэдхэн насандаа мэдэрч малчи9к ангийн 35 жилийн уулзалтАд, уламжлал, өвгөдтэй ойрхон амьдарсан гурван жилийнх нь үнэ цэнэ өнөөдөр гарч ирж байгаа байх аа” гэлээ. Бас сэтгүүлч Л.Эрдэнэмаа, яруу найрагч А.Сүглэгмаа нар байна.

А.Батбаяр, ангийн багш болон

“Өргөн Сэлэнгийн давлагаа” номын зохиогчийн хамт

Л.Оюунчимэг багш СХД-ийн 38 дугаар хорооны “Сайн хөрш 53” СӨХ-ны дэргэд хүүхдийн ном уншлагын төвийг санаачилжээ. Дөрвөн зуугаад айлын мянга орчим хүүхэд бужигнаж байх тус хотхонд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын дэмжлэгээр “Хөх дэвтрүүд- 108 боть”-ийн үргэлжлэл “Эрдэнэсийн сан-50 боть” номтой болсон тус төвийнхөн орой бүр 19:30 цагаас үлгэрийн цаг хичээллүүлдэг. Халиунаа, Энхжин, Номио, Уянга, Г.Түмэнбаяр, Т.Буднямаа зэрэг охид, хөвгүүд болон СӨХ-ийн захирал Н.Амгаа нар үргэлжлүүлэн авч яваа. Нийгмийн соёл, ухамсар муудаж байгааг анзаарч Сэлэнгэ аймгийн Мандал сум Зүүнхараа хотод номын арвин нөөцтэй ордон байгуулсан байна. “Magic box”-оос ч өмнө орон нутагт анх удаа Номын ордондоо хүүхдүүд кофе, цай уунгаа, бүх төрлийн оюуны тоглоомоор тоглоод номоо уншдаг, энэ ажлыг нь “Мөнгөн хараа” чуулгын дарга Б.Дэнсмаа, бизнесмэн Ч.Машбат, сумын Засаг дарга Б.Ганболд зэрэг сайхан сэтгэлт хүмүүс байнга дэмждэгт талархдаг аж.

Орчин үеийн гэр бүл хүүхдийн хүмүүжлийг орхигдуулж байгаад сэтгэл эмзэглэж буй тухайгаа хуваалцсан юм. “Намайг хүүхэд байхад хүн бүр нэг үлгэр ярьж унтдаг, аав, ээжүүд хүүхдээ их хөгжүүлж, урамшуулдаг байсан. Харин бидний тухайд манай гэрийн уламжлал бол хүн бүр гурван онигоо яриад инээлгэсэн нь “супер” болдог байлаа. “Цахим монголчууд” түүхийг сонсохоор хүүхэд эх түүхээрээ бахархаж, шимтдэг юм байна лээ. Тиймээс доктор Д.Өлзийбаатарын 40 цагийн лекцийг орой бүр сонсгож байхыг зөвлөж байна.

Мөн бидний зарим хэсэг нь улс орны амин чухал асуудал яригдаж байхад түүний хажуугаар өнгөрөх мөртлөө сошиалд дэмий зүйлд цаг, сэтгэлээ зарж байна. Үүнээс хол байлгахын тулд бид хүүхдийг багаас нь уншуулж сургах хэрэгтэй. Хүний хөгжил утга зохиолтой холбоотой байдаг, хүүхдийн хүмүүжил, тэр дундаа ном дотоод сэтгэлийн хөгжилд ямар чухал вэ гэдгийг анхаарах шаардлагатайг онцоллоо.

Үүний сацуу бүх зүйл шүтэн барилдлагатай байдгийг, хамт олныг эвсэг, насан туршийн холбоотойгоор удирдаж, зангидаж авч яваа шавь нар, тэр дундаа ангийн дарга Д.Чимгээ, хувьсгалт залуучуудын эвлэлийн дарга С.Цагаанбаатар нартаа талархаж, ном, эрдмээр дамжуулан хүүхдүүдээ ямар сайхан төлөвшүүлж, оюунжуулж байсан юм бэ гэдгийг тэднийхээ ярианаас сонсон талархаж буйгаа мишээл дүүрэн илэрхийлэв.

Эцэст нь монголчууд бид уламжлалаасаа холдож болохгүй. Яг энэ л цаг үед баг, сум, аймаг, хотлоороо Монголчууд минь сэрэх, сэтгэх хэрэгтэй байна. Хүүхдийг зөвхөн аав ээж нь биш хөрш, хороо, гудамж, сумынхан хүмүүжүүлдэг. Ингэж байж шинэ зууны сэхээрсэн, бүтээлч иргэд бий болохыг ИРЭЭДҮЙ хэмээх их өндөрлөг рүү өнөөдрийн замаар тэмүүлж буй үнэ цэнэт хүн бүхэнд хаяглан хэлсэн юм.


Ангийн хөвгүүн МУСТА Ч.Хүрлээгийн үг, ая “Жаргаж амьдрах хорвоо” дууг хүргэж байна.

Өглөө өглөөдөө мандах наран

Өнгөлөг байхад орчлон гэгээлэг

Өөдөсхөн жаахан балчир насандаа

Өхөөрдүүлж өсөх хүүхдүүд жаргалтай

Зөөлнөөс зөөлөн нинжин сэтгэлтэй

Ээжийнхээ хайранд үрс нь жаргалтай

Өгөөж буянтай төгөлдөр аавынхаа

Ивээл буянд гэр бүл жаргалтай…


Шигтгээ

УБДС-ийг багш мэргэжлээр, ТЗУХИнститутийн төрийн удирдлагын ангийг арга зүйчээр, МХХүрээлэнгийн СЗДКурсийг сэтгүүлч мэргэжлээр төгсгөсөн Л.Оюунчимэг багш залуучууд – эвлэл – эмэгтэйчүүдийн байгууллагад олон жил ажиллаж байна. Өдгөө “Номын цагаан хишиг” цуврал номоороо хүүхэд, залуучууд бүхий л насныхны оюуны мэдлэгт хувь нэмрээ оруулсаар явна.

Эхчүүд- хүүхдийн эрх ашгийг хамгаалах “Ирээдүйн хишиг сан” ТББ”-ын Тэргүүний хувьд “хоёр дахь арван жил”-ийн түүхээ бичилцэж байгаа ба улсын хэмжээнд орон нутагт байгуулагдсан хоёр дахь бие даасан ТББ юм. ЛЭОС-ийн Сэлэнгэ аймгийн тэргүүн байхдаа аймгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн таван том төслийг хэрэгжүүлсэн нь бидний бахархал билээ.

“Алтай-Гомбо Сан”-гийн тэргүүний хувьд Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 153 тоот тогтоолын хавсралтад зааснаар Говь-Алтайн төвийн нэгдүгээр сургууль Монгол Улсын Гавьяат багш Базарын Гомбын нэрэмжит болсон нь нутийнхны бахархал билээ.

ГАА-ийн Есөнбулаг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 45 тоот тогтоолоор Нэгдсэн эмнэлгийн шүдний тасаг шүдний их эмч Базарын Цэрэндолгорын нэрэмжит болов.

Дарви сумын ЕБС-д төр захиргааны удирдах ажилтан Халтархүү Лхагваагийн нэрэмжит ТҮҮХИЙН ХИЧЭЭЛИЙН КАБИНЕТ 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд нээгдсэн болно.

МБОИЗ-(Монголын байгаль орчны иргэний зөвлөл), “Ногоон парламент”-ын гишүүний хувьд Мандал, Зүүнхараа болон нийт таван сумдад ойн нөхөрлөлийн 200 сая төгрөгийн буцалтгүй төслийг хэрэгжүүлсэн нь байгаль орчныг хамгаалахад оруулсан хувь нэмэр маань байлаа.

Монголын Ураг удам уламжлалын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Сэлэнгэ салбарын Тэргүүний хувьд 2018 оны Тэргүүний салбар зөвлөлөөр шалгарсан нь хамт олон болон аймгийн Засаг дарга Ш.Оргил орон нутгийн дэмжлэг байлаа.

“Мандлын ногоон дэлхий” ХХК-ийн захирлын хувьд улсын тэргүүний сум, Мандал, Зүүнхараа хотод хүүхэд залууст зориулсан “Ном-Эрдэм Төв”-ийг барьж байгуулсан нь цаг үеэ олсон ажил байлаа. Үүнд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат болон аймгийн Иргэдийн хурлын нэр бүхий долоон төлөөлөгч, сумын 30 төлөөлөгчийн дэмжлэг, туслалцаа байлаа.



А.ГАНАА

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлтийг ирэх сарын 15 хүртэл хүлээж авна

Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг дахин зургаан сарын хугацаагаар сунгалаа.

Хууль үйлчлэх хүрээнд Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран дахин зургаан сарын хугацаагаар буюу 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Энэхүү шийдвэрийн дагуу зээлдэгчдийн гаргасан хүсэлтийг үндэслэн ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах боловч зээлдэгч төлбөр хойшлуулах хүсэлт гаргалгүйгээр зээлийн төлбөрөө төлөх нь зээл хугацаандаа дуусах, ирээдүйн зээлийн дарамт буурах зэрэг эерэг талтай юм.

Тус арга хэмжээний хүрээнд:

  1. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2021 оныг дуустал хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн хуулийн хугацаатай уялдуулан сунгах;
  2. Харин ипотекийн хөтөлбөрийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах юм.

Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах иргэд хүсэлтээ 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр (банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-ээр эсхүл банкинд очин гаргаж, төлбөрөө хойшлуулах боломжтой.

Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой түгээмэл асуулт, хариулттай энд дарж танилцана уу гэж Монголбанкнаас мэдээллээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Гунгаадорж: Шинэ оноо урьдынхаараа угтана даа

Хөдөлмөрийн баатар цол саяхан хүртсэн Ерөнхий сайд асан Шаравын Гунгаадоржтой ярилцлаа.


– Хөдөө аж ахуйг удирдахад онцгой арга барил хэрэгтэй-


-Та Атрын анхдугаар аяныг манлайлж явсан хүн шүү дээ. Атрын нэг, хоёрдугаар аяны онцлог юу байв?

-1959 он гэдэг Монгол Улс гаднаас гурил, ногоогоо зөөдөг, зөвхөн махаар л өөрийгөө хангадаг үе байлаа шүү дээ. Тэгэхэд газар тариаланг хөгжүүлэх зорилго тавиад, Атрын анхны аяныг явуулах тогтоолыг 1959 оны гуравдугаар сард МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлаас гаргасан юм.Төр засгаас том зорилт дэвшүүлсэн. Зорилт хэрэгжүүлэх их үйлс, миний хойноос сургууль төгсөж ирсэн үе (1958 онд ЗХУ-ын Москва хотын Тимирязевын нэрэмжит Академийг агрономич мэргэжлээр төгссөн) давхцаж, энэ ажил руу орсон юм. Сангийн аж ахуйг Удирдах газар гэж шинээр байгуулагдахад, тэнд ажиллаж, Атрын анхны аянд оролцсон юм.

Атрын анхны аян арав гаруй жил үргэлжилж амжилттай хэрэгжлээ. Тэгээд л дараа дараагийн аянууд өрнөөд явсан хэрэг.

-Монгол газар тариаланд тохиромжгүй уур амьсгалтай орон гэж зарим тариаланч, судлаач ярьж байсан. Цаашдаа хагалах талбайгаа нэмээд байх ёстой юм уу, байгаа газраа хөрсийг нь хамгаалж зөв арчлах ёстой юу?

-Тохиромжтой, тохиромжгүй гэдэг харьцангуй асуудал. Яаж шинжлэх ухааны үндэстэй, мэргэжлийн үүднээс газартай харьцахаас л шалтгаална. Эхлээд судалгаа явуулна. Тохиромжтой газар хаа байна. Хичнээн хэмжээний газар байна гээд Атрын аяныг анх эхлүүлсэн хэрэг. Монгол Улс газар тариалангийн бүтээгдэхүүнээр өөрийгөө хангаж, ялангуяа гурилын хэрэгцээг өөрөө хангахын тулд гарцаагүй тариа тарих хэрэгтэй. Тариаланг хөгжүүлэх шаардлага байсан учраас атар газрыг эзэмших Атрын анхны аян амжилттай хэрэгжсэн юм. Гурилын үйлдвэрүүд байгуулаад, дотооддоо гурилаа үйлдвэрлэж, анхны зорилго хэрэгжсэн. Хүмүүсээ сургах хэрэгтэй байсан. 1959 онд өчигдөр морин дэл дээгүүр давхиж явсан малчин залуус 45 хоногийн курс хийгээд, трактор бариад, тариаланч болоод, ажилласан хэрэг шүү дээ. Зөвлөлтийн техник, эдийн засаг, мэргэжилтний туслалцаа тэр үед их тус болсон.

-1970-аад оноос хөрс хамгаалах талаар яригдаж эхэлсэн юм билээ. Та хөрс хамгаалах талаар Канадын туршлага судалж хэрэгжүүлж байсан гэл үү?

-Эхлээд газраа хагалаад, тариад явсан. Атар газар эхний арван жилдээ тариа ногоо сайн авсан. Сүүлдээ салхинд хөрс хийсээд, газрын үржил шим муудаж эхэлсэн. Тийм учраас хөрсөө хамгаалах асуудал гарцаагүй гарч ирээд, 1960-аад оны сүүлчээс хөрс хамгаалах том арга хэмжээ авч, хүмүүсээ Канад, Казахстанд явуулж, туршлага судлуулж байлаа. Тэгээд хөрсийг эргүүлэхгүй, хавж хагалах, зурваслан тариалах системийг Монгол Улс 1960-аад оны сүүлчээс эхлэн 1970-аад онд нэвтрүүлсэн юм. Технологийн шинэчлэл хийсэн хоёр дахь том Атрын аян байлаа.

-Манайхан энэ намар ургац арвин авсан гэсэн мөртлөө чанар сайнгүй талаар мэдээлж байсан. Бороо орохгүй бол үр тариа гандаж хорчийгоод, бороо ус ихтэй жил бас чанар нь мууддаг юм болов уу даа?

-Ер нь газар тариалан гэдэг зовлонтой л доо. Гол нь технологийн дэвшил, ололтыг нэвтрүүлж, явах ёстой. XXI зуунд бол бид тэнгэрийг нэг их царайчлахгүйгээр технологи, шинжлэх ухааны ололтоор газар тариалангаа хөгжүүлэх ёстой гэж би ойлгодог юм. Ер нь Монгол тариалалтад эрсдэлтэй бүс гэж тооцогддог. Ган болвол тариа ургахад хүндрэл учирна. Бороо хэдийд ороход бас учир бий. Цагаа олоогүй бороо бол бас хэцүү. Энэ жил бороо илүүдсэн, цаг үеэ олоогүй учраас тариа нэлээд нялхарч, болц оройтсон тал бий л дээ.

-Таныг До.Цэнджав гуай газар тариалангийн “сурах бичиг” гэж тодорхойлсон байдаг. Харин та газар тариалангийн түүхээс гадна өөрийнхөө дурсамжийн номыг бичсэн үү?

-Миний хоёр дахь ном гарсан л даа. Атрын анхны аян, хоёрдугаар аян яаж явсан талаар бичсэн юмнууд бий. Атрын 60 жилийн ойн үеэр дахиж хэвлэгдсэн юм. Сэтгүүлч Ш.Цэрэнпил агсны “Ерөнхий сайд Шаравын Гунгаадорж” гэж ном байдаг. Тэнд л миний тухай байж байгаа л даа.

-Та Хөдөлмөрийн баатар боллоо. Энэ өдрүүдэд юу захиж хэлмээр санагдаж байх юм бэ?

-Нас ч нэлээд явж байна. 80 гараад явж байна. Би зөвхөн газар тариалан ч биш, хөдөө аж ахуйн салбарын төлөө насаараа зүтгэж ирсэн хүн. Цаашдаа газар тариалангийн салбарт шинжлэх ухаанчаар хандах нь чухал байна. Техник технологийн дэвшлийг голлон анхаарч, газар тариалангаа хөгжүүлэх ёстой гэж үздэг. Тэрний төлөө залуу тариаланчид, яамныхаа нөхдөд чадах ядахаараа зөвлөж байгаа л даа.

-Ковидын үед хил хаагдаж, хүнсний хомсдолд орчих вий гэж хүмүүс эхэндээ санаа зовж байлаа. Гэтэл та нийгмийн шилжилтийн яг эхэнд 1990-ээд онд Засгийн газрыг тэргүүлж байсан шүү дээ. Тэр үед хүмүүс өлсөх вий гэж санаа зовж байв уу?

-Би айхавтар санаа зовоогүй. Яагаад гэвэл Монголд газар, мал, малчид нь байна. Гол нь бэлчээрийн мал аж ахуй маань байгаа цагт монголчууд өлсөх, цангахын зовлонг үзэхгүй гэж найдаж байгаа юм. 2008 онд эдийн засгийн хямралын үеэр ч дэлхий даяар хүнд болсон шүү дээ. Монгол Улс малынхаа буянаар тэр хүндрэлийг амсаагүй өнгөрсөн. Цаашдаа ч монголчууд ийм хүндрэлийг амсахгүй. Ганцхан “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг. Эрхэлдэг эзэд нь, төрийн ноёд, хөдөө аж ахуйгаа хамгаалдаг, хариуцдаг хүмүүс нь хариуцлагатай ажиллаасай. Малчид тариаланчидтайгаа ойр ажиллаж, контороос удирдах бус, тулж ажиллах, амьдрал дунд орох хэрэгтэй. Хөдөө аж ахуйг удирдахад онцгой арга барил хэрэгтэй. Төр засаг нь түмэн олонтойгоо амьд холбоотой байсан цагт монголчууд өлсөхийн зовлон үзэхгүй ээ.

-80 гараад ирэхээр янз бүрийн л юм эргэцүүлж боддог байх даа?

-Насан туршдаа албаны хэнхэг залгасан хүн чинь салбар, ажил, улс орны тухай л бодож харж, санаа зовж байх юм даа. Тэр бодол санааг маань хүлээж авдаг ч юмуу асуудаг, сонсдог тал нь хэр байгаа юм гэдэг өөр асуудал. Ард түмнээ хүнсээр хангах тухай л бодож байх юм. Мал, газар хоёроо сайн ашиглаж байсан цагт монголчууд амгалан тайван амьдарна. Түүнд л залбирч, санаа зовж суух юм даа.

-Ингэхэд та ямар гурил сонгодог вэ?

-Би бол гайгүй гурил иддэг. “Алтан тариа”-гийн гурил л иддэг юм.

-Шинэ жил болох нь ээ. Та энэ шинэ жилийг яаж угтах вэ?

-Хүүхэд шуухад ирээд, орой шампанск задлаад, шинэ оноо урьдынхаараа угтана даа. Төр засгийн буянд баярлаж байна. Энэ жилийн шинэ жилийг шинэ нөхцөлд тэмдэглэх болж байна. Хөдөлмөрийн баатар боллоо. Тэглээ гээд сүржигнээд байх юм алга. Төрийн хайр хишгийг хамт олонтойгоо ёслох, баярлах үе гарах байх. Ковид, өвчин зовлон саараг, урин дулаан болог. Тэгж байгаад бас зүгээр байхгүй л дээ. Бид хоёр бас нэг сарын сүүлээр хүүхдүүд рүүгээ явах санаатай байгаа.

-Таныг бага байхад шинэ жилийг яаж тэмдэглэдэг байв даа?

-Намайг дунд сургуульд байх үеийн шинэ жилийг одоогийнхтой жиших юм байхгүй. Гэхдээ л хөөр хөгжөөнтэй байж дээ. Тэр үедээ маш их баярладаг, ногоон модоо чимчихнэ. Цаасаар гинж, чимэглэл хийдэг. Түүнийгээ янз бүрийн өнгөөр будаад, шинэ жилийг их л хүлээдэг байсан санагддаг юм. Өвлийн өвгөн, ан амьтадтайгаа ирдэг. Би чинь чоно болдог байлаа. Дах нөмрөөд чоно болоод улиад байна даа. (хөхрөв)

-Та багадаа Бага Ухна гэдэг өхөөрдсөн нэртэй байсан гэдэг байх аа?

-Тэр чинь нялхын нэр шүү дээ. Манай говийнхон Ухна гэсэн нэр их өгдөг заншилтай л даа. Ах надаас гурав ах. Түүнийг Их Ухна. Намайг Бага Ухна гэж нэрлэдэг байсан гэдэг. Би чамд өмнө нь ярьж байсан байх аа. Сэмбээ ринбүүчи гэж их том хувилгаан Түвдээс заларч, буцаж явахдаа яагаад ч юм Мааньтын шанд гэж миний төрсөн газраар дайрч л дээ. Аав номын хүн болохоор тэр хувилгааныг гэртээ залсан юм уу, ах бид хоёрт Гунгаанамжил, Гунгаадорж гэдэг нэр хайрласан юм билээ. Гэрэл гэгээ цацарсан, гэрэлтэй жаргалтай гэсэн утгатай гэдэг. Түвдийн хувилгааны хайрласан нэр, буян хишиг нөлөөлсөн байлгүй. Ерөөлтэй л юм.