Categories
гадаад мэдээ

НҮБ: Хүн төрөлхтөн дараагийн тахалд бэлэн байхыг анхаарууллаа

“КОВИД-19” бол хүн төрөлхтний хувьд сүүлийн аймшигт цар тахал биш, дараагийн тахалд бэлтгэлтэй байх ёстой хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш мэдэгдлээ. Энэ талаар тэрбээр өөрийн “Твиттер” хуудсандаа нийтэлжээ.

Дэлхий нийтээрээ жил болгоны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийг тахлын эсрэг бэлэн байдлын олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Эл тэмдэглэлт өдрийг 2020 оны арваннэгдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарлан тунхагласан.

“КОВИД-19” нь хүн төрөлхтөнд нүүрлэсэн сүүлчийн тахал биш байх болно. Эрүүл мэндийн хямралтай тэмцэж байгаа энэ үед бид дараагийн цар тахалд бэлдэх хэрэгтэй. Цар тахлын эсрэг бэлэн байдлын олон улсын өдрөөр эл асуудалд анхаарлаа хандуулж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг авч үзэх шаардлагатай” хэмээн Гутерриш бичжээ.

Цар тахал нь бүхэл бүтэн улс орон, хэд хэдэн хөрш орон, тивийг хамарсан өргөн цар хүрээтэй тахал. Маш олон тооны тохиолдол буюу хэдэн сая хүртэл хүнийг хамарч, үргэлжлэх хугацаа нь ч нэг жилээс хэдэн арван жил хүртэл үргэлжилдэг онцлог шинж чанартай.

Хамгийн аймшигтай үр дагаварт хүргэсэн зарим тахал өвчнийг тусгай нэрээр нэрлэсэн байна. Жишээлбэл, VI зууны “Юстинианы тахал”, XIV зууны “хар тахал”, мөн ХХ зууны томуугийн тахал буюу “Испани ханиад” зэрэг багтана.

ДЭМБ 2020 оны гуравдугаар сарын 11-нд шинэ төрлийн коронавирусийн халдвар буюу “КОВИД-19”-ийн дэгдэлтийг цар тахал гэж зарласан.

АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр, 2021 оны арванхоёрдугаар сарын 26-ны байдлаар дэлхий даяар “КОВИД-19”-ийн 279 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 5.3 сая гаруй хүн нас бараад байгаа аж.

Хамгийн хэцүү нөхцөл байдал АНУ, Энэтхэг, Бразил, Их Британи, ОХУ-д үргэлжилж байгаа юм.

ДЭМБ халдварын дэгдэлтийн хариуд шинэ коронавирусийн эсрэг оношилгоо, вакцин, эм бэлдмэл боловсруулах ажлыг хурдасгах зорилготой Судалгаа, хөгжлийн хөтөлбөрөө сэргээсэн. Эмийн томоохон компаниуд, биотехнологийн жижиг компаниудаас эхлээд эрдэм шинжилгээний төвүүд, ашгийн бус бүлгүүд хүртэл коронавирусийн эсрэг тэмцэлд гар бие оролцож байна.

“КОВИД-19”-ээс хамгаалах янз бүрийн вакциныг бий болгохын тулд тахлын эсрэг дэлхийн хэмжээнд хариу арга хэмжээ авч байгаа нь нийгмийн эрүүл мэндийн түүхэнд урьд өмнө байгаагүй гэж ДЭМБ онолцдог.

ДЭМБ “КОВИД-19”-ийн эсрэг вакцин боловсруулах хүчин чармайлтыг зохицуулахын тулд олон улсын эмнэлзүйн туршилтын бүртгэлийн платформыг бий болгосон. Одоогоор дэлхийн хэмжээнд 168 улс орон вакцины эмнэлзүйн туршилтанд хамрагдаж байгаагаас эхний шатанд 40 нэр дэвшигч улс, хоёрдугаар шатанд 58, гуравдугаар шатанд 62 нэр дэвшигч оронд вакцин боловсруулж байна.

ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн болон мэргэжлийн хяналтад байгаа вакцины жагсаалтад ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, Энэтхэг, Өмнөд Солонгос, Куба зэрэг орны 24 эм вакцин багтаад байна. Өнөөдрийг хүртэл ДЭМБ яаралтай тусламжийн зориулалтаар “КОВИД-19”-ийн арван вакциныг албан ёсоор бүртгэж авсан.

Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр, 2021 оны арванхоёрдугаар сарын 26-ны байдлаар дэлхий даяар тарьсан тун вакцины нийт тоо 8.9 тэрбум гаруй байна гэжээ.

Categories
мэдээ улс-төр

П.Бадамдорж: Эрдэнэбүрэнгийн УЦС төсөл дээр “Иваны дуу”-г түрж байгаа нь гэрэл цохисон, энэ дуу явахгүй ээ

Монгол Улсын зөвлөх инженер, Усны барилга, байгууламжийн инженер, Удирдахуйн ухааны магистр П.Бадамдоржтой ярилцлаа.


-Таныг усны мэргэжлээр төрийн яам, газар, хэлтсүүдэд олон жил ажилласан гэдэг. Манай улсын хувьд Усны нөөц зохистой хэрэглээ ямар түвшинд байгаа вэ?

-Монгол Улсад анх удаа 1938 онд Усны аж ахуйн яам байгуулагдаж байсан. Усны аж ахуйн яам хоёр удаа байгуулагдаж, гурван удаа татан буугдаж байсан. Хамгийн сүүлд 1986 онд татан буугдсан байдаг. Угтаа бол устай холбоогүй дэд бүтцийн салбар гэж хаана ч байхгүй. Усан цахилгаан станц, барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчинд усгүй зүйл гэж үгүй. Би усны чиглэлээр 4-5 яаманд нийт 40 гаруй жил ажилласан.

Дэлхийн усны нөөцийг хэрэглээтэй нь харьцуулбал хязгаарлагдмал байдаг. Ялангуяа Монгол Улсад усны нөөц хязгаарлагдмал, хэрэглээ нь хязгааргүй. Хүн ам өсөөд л байна, үйлдвэр аж ахуйн нэгжүүд нэмэгдэхийн хэрээр усны хэрэглээ өдөр ирэх бүр нэмэгдсээр л байна. Харин цаана нь байгаа нөөц нь хязгаарлагдмал. Гэхдээ талархууштай нь усны нөөцийг нэмэгдүүлж болдог. Манайхан усны нөөц гээд ярихаар ашигт малтмалынхаа нөөцтэйгөө дүүцүүлж ойлгоод байдаг. Жишээлбэл, төчнөөн тонн алтны нөөц, нүүрсний нөөцтэй гэх мэтээр ярьдаг шигээ усны нөөцийг тэр ухагдахуунаараа сэтгээд байдаг. Байгалийн баялгууд тогтмол хэмжигдэхүүнтэй, харин усны нөөц бол хувьсах хэмжигдэхүүнтэй. Усыг зүй зохистой ашиглах юм бол нөхөн төлждөг. Яг л хүн 5-6 литр цустай хэрнээ донорууд 20 литр цус хандивлачихсан байдагтай адил. Үүнтэй адилхан усны нөөцийг тогтоогоод энэ сав газраас, энэ голоос, горхиос өдий хэмжээний ус хоногт аваарай гэж тогтоодог. Жишээ нь, Оюу толгойд секунд тутамд болон хоног тутамд хэрэглэх усны куб хэмжээг тодорхойлсон байдагтай адилхан. Өнөөдрийн байдлаар манай улс усны нөөцөө буруу ашиглаж байна. Үүнийг зөвөөр зохицуулдаг бодлого гэж алга.

-Тэгвэл бид усаа хэрхэн үр дүнтэй ашиглаж, нөөцлөх вэ?

Хамгийн түрүүнд усаа хуримтлуулах хэрэгтэй. Ус ашиглалттай холбоотой төрийн бодлого, судалгаа шинжилгээнд суурилсан зохицуулалт нэн шаардлагатай байна. Мөн туурга тусгаар улс гэдэг утгаараа усыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж, энэ тал дээр төрийн хар хайрцагны бодлого гаргаж, усаа хоёр хөршөөсөө хараат бус байдлаар захиран зарцуулах, хуримтлуулах хэрэгтэй. Наад зах нь Усан цахилгаан станц барьж байгуулах байдлаар усны нөөц бүрдүүлэх, түүгээрээ дамжуулж усны эрчмийг ашиглаж эрчим хүчнийхээ асуудлыг шийдвэрлэх нь зөв. Бид эрчим хүчээ дотооддоо бүрэн шийдэж чадаагүй байна.

-Усны зүй зохистой хэрэглээ нөөцийг гадны улс орнуудад хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

-Аливаа улс орон валютын нөөцөө, алтны нөөцөө л ярьдаг, зарладаг түүгээрээ эдийн засгийн чадамж, хөгжлөө тодорхойлоод байдаг. Харин ил зарладаггүй нэг зүйл байдаг. Түүнийг хар хайрцагны бодлогоороо зохицуулдаг. Тэр нь юу вэ гэвэл нутаг дэвсгэр дээрээ хэчнээн хэмжээний ус хуримтлуулсан бэ гэдгээ зарладаггүй л байхгүй юу. Аль 1960-аад оноос хойш бүх л өндөр хөгжилтэй орнууд энэ асуудлыг чухалчилсаар ирсэн байдаг.

Маш олон тооны далан, боомт бариад усаа хуримтлуулчихсан. Зарим нь Усан цахилгаан станц барьж эрчим хүчээ 100 хувь шийдэж байна. Нөгөө хэсэг нь газар тариалан усжуулалтад ашиглаж байна, харин зарим нь эрт орой хэзээ нэгэн цагт угаасаа хэрэгтэй гэдэг утгаараа усаа хуримтлуулж байна. Турк улс яагаад Ойрхи Дорнодын улсууд дундаа нөлөөтэй байна вэ гэхээр их хэмжээгээр усаа хуримтлуулчихсан. Манайхны Сэлбэ голоос жижигхэн горхин дээр хүртэл боомт бариад усаа хуримтлуулаад эхэлчихсэн. Далан нь 37 жилийн дараа дүүрнэ, 53 жилийн дараа дүүрнэ гэх мэтчилэн бүр тооцоолол гаргачихсан байх жишээтэй. Энэ нь ирээдүйд усны хомсдол дутагдал болно гэдгийг маш сайн мэдэж байгаатай холбоотой. Цаашлаад ус гэдэг зүйл өөрөө амьдралыг тэтгэгч гол зүйл. Ус байгаа газар уур амьсгал, хөрс шороо, ургамал ногоо гэх мэт экологийн таатай нөхцлүүд өөрөө бүрдэж байдаг.

-Мэргэжлийн хүний хувьд манай улсын усан хангамж яг ямар байдалтай байгааг бодитой дүгнэж яривал сонин байна?

-Аливаа улс оронд хөгжлийн үндсэн тулгын гурван чулуу байдаг. Нэгдүгээрт эрчим хүч, Хоёрдугаарт, зам тээвэр, харилцаа холбоо, Гуравдугаарт, усан хангамж л байдаг. Манай улс дээр аваад үзэхэд эрчим хүч харьцангуй нэг үеэ бодвол сайжирсан. Аймаг, сум бүр эрчим хүчээр хангагдсан. Мөн замаар холбогдчихсон. Албан газрууд байтугай айл өрхүүд шуудан харилцаа холбоо, интернэт, утасны сүлжээгээр холбогдчихлоо. Харин усан хангамж байхгүй. Тэгэхээр өнөөх тулгын гурван чулууны нэг нь байхгүй гэсэн үг. Өнөөдрийн байдлаар хот суурин, үйлдвэр аж ахуйн нэгжүүд, уул уурхай, албан байгууллага, айл өрхүүд ч тэр газрын хэвлийгээ өрөмдөөд л явцуу эрх ашгийнхаа хүрээнд усан хангамжаа шийдээд байдаг. Энэ асуудлыг судалгаа шинжилгээнд тулгуурлаж төрийн бодлогоор, мөн дээр нь байгалын хуулинд зохицуулж хэрэглэх болохоос биш нийгмийн хэрэгцээгээрээ шийдэж болохгүй. Учир нь Монгол орон маш онцлогтой. Дэлхий дээр усны хагалбарын таван ай сав байгаагийн Номхон далайн ай сав, Хойд мөсөн далайн ай сав, Төв Азийн гадагш урсгалгүй ай сав гэсэн гурван ай сав Монголд Улсад төвлөрч байна. Гэтэл Монгол Улсын усны нөөцийн 80 орчим хувь нь нийт нутаг дэвсгэрийнхээ 20 хувь дээр бүрддэг. Үндсэндээ хангайн бүсэд л усны нөөц бүрдэж байна. Үлдсэн 80 хувьд нь ус огт бүрддэггүй. Ялангуяа манай улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл болсон уул уурхайн цөм нь усны нөөц огт бүрддэггүй Говийн бүсэд буюу Дэлхийн бөмбөрцгийн 47-р өргөргөөс урагш 90 гаруй хувь нь нь байрлаж байна. Тэр ч утгаараа бид усан хангамжаа зүй зохистойгоор ашиглахгүй бол ирээдүйд усны хомсдолд орох өндөр магадлалтай. Алт, зэс, нүүрс, валют бидэнд их хэмжээгээр төвлөрлөө гээд усгүй бол яах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Буутай цэрэг хилээ манадагтай адил багажтай инженер усаа манах цаг ирчихээд байна.

-Усаа хоёр хөршөөсөө хараат бус байдлаар захиран зарцуулах шаардлагатай гэж та түрүүн хэлсэн. Энэ тухайгаа дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

-Намайг 1988 онд Хөдөө Аж Ахуйн Яаманд ажиллаж байхад Хилийн усны хэлэлцээрийн асуудал яригдсан. Тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн орлогч дарга бөгөөд Хөдөө аж ахуйн сайд Ш.Гунгаадорж, Усны аж ахуйн сайд З.Жанжаадорж нар намайг өрөөндөө дуудаад Хилийн усны хэлэлцээрийг маш няхуур хандаж, болгоомжтой байдлаар бэлдэх үүрэг өгсөн.

Энэхүү хэлэлцээрийн боловсруулалтанд ХААЯ-аас миний бие, яамдын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэгт орж ажилласан юм. Гэтэл энэ баримт бичиг огт сураггүй алга болсон байдаг. Хэн хэзээ хүчингүй богосон нь тогтоогддоггүй. Үүний дараагаар 1996-1997 оны хооронд манай улс хоёр хөрштэйгөө “Хилийн усны хэлэлцээр” байгуулсан байдаг. Хэн байгуулсан нь бас л тогтоогддоггүй. Гарын үсгийн тайлал нь байдаггүй. Энэ хэлэлцээрийг ОХУ-ын талаас өнөөдрийг хүртэл бариад дайраад байдаг. Өмнө нь 1988 онд боловсруулсан хэлэлцээрээс тэс өөр хэлэлцээр хийчихсэн байдаг. Сүүлд хийсэн хэлэлцээрийн агуулга нь “Устай холбоотой асуудлаа хоёр хөршөөсөө асууж байя” гэчихсэнтэй ялгаагүй зүйл баталчихсан байдаг. Үндсэндээ бол устай холбоотой Стратегийн бодлогоо манай улс хоёр хөршдөө найр тавиад өгчихсөн гэсэн үг.

Тиймдээ ч Эгийн голын УЦС, Орхоны УЦС гэх мэт төслүүд явахгүй байна. Дөргөн, Тайширын УЦС-ийг барихад хүртэл асуудал үүсч байсан. Одоо ч Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн төсөл дээр ОХУ-аас эсэргүүцэл мэдрэгдсээр байна.

Таныг Дөргөний УЦС-ийг барих төслийн удирдагчаар ажиллаж байх үед дотоодын эсэргүүцэл маш их байсан санагдаж байна. Хэрхэн ард нь гарч чадсан бэ?

-Тухайн үед асар их эсэргүүцэл гарч байсан. 2004 оны УИХ-ын сонгуультай жил байсныг ч хэлэх үү. Дөргөний УЦС баригдснаар Хар-Ус нуур, Далай нуурын дэргэдэх 40,000 га талбайг хамарсан Монголын хамгийн том арал тэр чигээрээ живнэ. Ойр орчмыг усны аюул нөмрөнө, иргэд нутаггүй болно, наадах чинь ажиллахгүй, Монголд УЦС гэж юу байдгийн, өвлөө тооцсонгүй, хөлдчихнө гэх мэт одоогийн Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг эсэргүүцээд байгаа нөхдүүдтэй өнгө ижил эсэргүүцэл маш их гарч байсан. Тэр бүү хэл одоо ч УИХ-ын гишүүний алба хашиж байгаа эрхэм хүртэл хуруугай гозойлгож байгаад дайрч байсан удаатай. Тухайн үеийн хэвлэл мэдээлэл бараг тэр чигээрээ эсэргүүцсэн мэдээлэл гаргаж байсан. Гэтэл УЦС баригдаад нэг ч айлын хаваржаа усанд автаагүй. Угаасаа энэ төрлийн төсөл гадна дотны мэргэжилтэнгүүдийн олон жилийн судалгаа шинжилгээн дээр суурилж явагддаг. Тухайн үед Дөргөний УЦС-ыг барьж байхад Ховд аймгийн сумд бүхэлдээ шахуу эрчим хүчгүй харанхуй л байсан. Одоо гэтэл баруун бүсийн гурван аймгийн дийлэнх сумдуудыг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Нэг жилд 39 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай УЦС маань 42 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэж байна. Сүүлийн хоёр жил 50 сая кВт цаг үйлдвэрлэсэн гэсэн тооцоо судалгаа байна. Өртгөөр нь тооцоолох юм бол өөрийнхөө өртгийг дөрөв дахин нөхчихсөн. Мэдээж анхны өртөг өндөр байдаг ч гэлээ дөрөвхөн жилийн дотор өртгөө нөхчихсөн гэсэн үг. Төсөл хэрэгжисний дараагаар эсэргүүцээд байсан нөхдүүд, хэвлэл мэдээллүүд тухайн үед төөрөгдөж байжээ, буруу эсэргүүцэл илэрхийлж байжээ гэх мэтээр бүгд уучлалт гуйсан байдаг. Саяхан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг эсэргүүцээд Хяргас нуур алга болно, Үүрэг нуур алга болно, өөр юу юу ч устаж үгүй болно гэцгээж байна. Энэ төсөл хэрэгжснээр хаа байсан Увс, Завхан аймгийн нуур алга болно гэж ямар тооцооллоор ийнхүү эсэргүүцээд яваад байгааг үнэхээр ойлгохгүй юм. Дараагаар нь Тайширын УЦС баригдахад мөн л адил эсэргүүцлүүд гарсан. Гэвч үндэслэлгүй нь эсэргүүцэл гэдгийг үйл ажиллагаагаараа баталсан байдаг. Дэлхийн газрын зураг дээр байдаггүй Монгол Улсын газрын зураг дээр цоо шинэ нуур бий болсон. Тэр нь Говь-Алтай аймгийн Тайширын Усан цахилгаан станц дахь Гэгээ нуур.

Нутгийн ард түмэн нь бэлэгшээгээд Гэгээн нуур гэж нэрлэсэн юм байна лээ. Наро Банчэн хутагт хүртэл 100 гаруй жилийн өмнө хэлэхдээ “Энэ газрыг Улаан боом гэж нэрлэхээ болио. Эндээс гэрэл цацрах газар байна. Гэрэлт боом гэж нэрлэ” гэж байсан гэдэг. Үнэхээр 100 гаруй жилийн дараа гэрэл цацарсан шүү. Бид усан цахилгаан станц гэж хэрэглээ талаасаа яриад байгаа боловч үнэн хэрэгтээ байгал дээрээ ус тогтоож нуур болгож байгаа юм.

-Мэргэжлийн хүний хувьд Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг эсэргүүцээд байгаа нөхцлүүдийг та юу гэж харж байна?

-Ер нь УЦС барья гэхээр эсэргүүцлийн дууны аяыг алсад нэг Иван зохиогоод түүнийг нь дагаж манайхан дагаж дуулаад байгаа гээд хатуухан хэлчихэд болно. Эсэргүүцлийн дуу Эгийн голын УЦС, Орхоны УЦС, Шүрэнгийн УЦС зэрэг төслүүд дээр хүчтэй эгшиглэсэн байдаг. Гацааж зогсоож чадсан. Одоо Эрдэнэбүрэн дээр бол “Иваны дууг түрж байгаа нь гэрэл цохьсоон”, энэ дуу явахгүй ээ. Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн талаар орон нутгийн иргэдийн хэлэлцүүлэгт оролцсон. Нутгийн айл өрхүүдийн гэрт нь ороод УЦС-ийн төслийг ярихаар бүгд л маш сайхнаар дэмждэг. Хурлын зааланд орохоороо дуу нь гарахаа байчихдаг. Зарим нь бүр эсрэг үндэслэлгүй юм ярьчихсан сууж байдаг. Хурал дээр ердөөсөө хэдхэн хүний дохиураар эсэргүүцэл үүсдэг гэж хэлж болно. Бүр Улаанбаатар хотод сурдаг Анагаахын оюутан Увс аймгийн Өмнөговь сумын хуралд оролцчихсон орилж явах жишээтэй. Юу хийж явааг нь нутгийн иргэдээс асуухаар “сайн хэрэлддэг, хэл амтай учраас бид сумын төвөөс авч ирсэн” гэх. Эдгээр эсэргүүцээд байгаа хүмүүс ойлгохгүйдээ биш. Ойлгохыг хүсэхгүй байгаадаа, бэлэн зохиогдсон “Иваны ая дээр” дуулж байгаа гэж харж байна. Өмнөговь сумын нийт нутаг дэвсгэрийн 1,4 хувь дээр л энэ төсөл хэрэгжих гэж байгаа. Үндсэндээ 100 хониноосоо нэг төлөг өгчих, ирэгний үнээр худалдаж аваад буцаагаад хотонд нь тавьчихъя, хохирох юм юу ч байхгүй гэхээр эсэргүүцээд байгаа нь маш сонирхолтой. Тухайн бүс газар зохион байгуулалтаараа усны сан бүхий газар. Хуулиараа тэнд хэнд ч газар өгөхгүй хэн ч авахгүй, иргэний эзэмшил, өмчлөлгүй байх учиртай. Төр өөрөө стратегийн өндөр ач холбогдлоор нь үнэлээд төсөл хэрэгжүүлэхдээ тусгай хэрэгцээнд авсан газар дээр нь амьдарч байсан иргэдээ нөхөн төлбөр олгоод, нүүлгэн шилжүүлье гэхээр хаа газрын Иваны зохиосон дууны ая дээр орилоод байдаг нь утгагүй зүйл.

-Та мэргэжлийн хүний үүднээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн төсөл хэрэгжснээр ямар давуу байдлууд үүснэ гэж үзэж байна вэ?

-Эрдэнэбүрэн гэдэг өөрөө их гоё нэр. Манай монголчууд газар усны нэрийг оноож өгөхдөө цаанаа заавал учир агуулгатай нэрлэдэг. Эрдэнэтийг л харахад Монгол Улсыг эрдэнээрээ маш олон жил тэжээж байна.Оюу толгой гээд л бөөн оюу байж байна. Тэгэхлээр Эрдэнэбүрэн гэдэг бол тэнд бүх төрлийн Эрдэнэ байгаа юм байна лээ. Нутгийн ард иргэд мэддэг ч учраас газар усаа хөндүүлэхгүй гээд байх магадлалтай. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бол уул уурхай биш. Экологийн төсөл. Байгалын төсөл. Монгол Улс сүүлийн 2200 гаруй жилийн турш хот тосгодуудыг эзэлж байсан, газар нутгаа өргөтгөж байлаа, байшин барилга барьж байсан. Харин нуур цөөрөм хийж байгаагүй л байхгүй юу. Монгол Улсын газар нутаг дээр байгалаасаа унаган төрхөөрөө заяасан нуур ус, булаг шанд нь байгаад тэр нь харин жилээс жилд ховордсоор ирсэн. Үүнд байгалын насжилт, хүний буруутай үйл ажиллагаа гэх мэт олон шалтгаанууд бий. Харин УЦС бол усны экологийн төсөл учраас нуур цөөрөм бий болгож байгаа. Үүнийг дагаад байгал экологи, эдийн засагт асар их ач холбогдолтой талаар өмнө дурьдсан.

-Та мэргэжлийн хүний хувьд цаашид энэ талаар юу хийх ёстой гэж бодож явдаг вэ?

-Манай улс 1 кВт цахилгааныг ОХУ-аас 285 төгрөгөөр авдаг хэрнээ УЦС-аасаа 37 төгрөгөөр авна гээд байдаг. Энэ нь өөрөө энэ салбарын хөгжлийг гацааж буй үндэслэл. Цаашлаад УЦС төсөл өргөжих боломж олгохгүй байгаа гадны сонирхлыг дотоодод гүйцэлдүүлж байгаа хэлбэр гэж бодож байна. Тиймээс энэ тал дээр төр “хар хайрцаг”-ны бодлого баримталж ажиллах ёстой.

Нийтлэлч

У.ОРГИЛМАА

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн хурал хойшилжээ

МАН-ын бүлгийн хуралдаан тов ёсоор өнөөдөр /2021.12.27/ хуралдах байсан ч маргааш болж хойшилжээ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын дөрвөн сайд “давхар дээл”-тэй байна гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэх асуудлаар хуралдаж шийдвэрээ гаргана.

Иймээс МАН-ын бүлэг хуралдаанаа хойшлуулж, Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр гарсны дараа хуралдахаар болжээ.

Эргэн сануулахад өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар Цар тахлын хуулийг сунгах шаардлагатай гэж үзсэн билээ. Энэ хүрээнд ипотекийн зээлтэй холбоотой заалт үргэлжилнэ гэдгийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдээр эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллана

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ нь Нийслэлийн удирдлагуудын 2021 оны хамгийн сүүлийн шуурхай зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгсөн байна.

-Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мөрдүүлж ажиллах.

-Инженер хангамжийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, үүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавих.

Categories
мэдээ нийгэм

Халдвар авсан хүний тоо 280 сая давлаа

Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 280 сая 332 мянга давж, эдгэрсэн хүний тоо 250 сая 360 мянгад хүрлээ.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:

Хөдөө аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлтийг боловсруулахад 60 гаруй жил хичээл зүтгэл, идэвх санаачилгатай ажиллаж, газар тариаланг бие даасан салбар болж хөгжихөөс эхлэн “Атрын III аян”-ыг манлайлан хэрэгжүүлж, залуу боловсон хүчнийг бэлтгэн дадлагажуулахад оруулсан хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Ерөнхий сайд асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Шаравын Гунгаадорж;

Хүнсний аж үйлдвэрлэл, сүүний салбарын хөгжил, эрдэм шинжилгээний ажилд оюун ухаан, эрдэм мэдлэгээ зориулж салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, бодлого боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын зөвлөх инженер, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Лувсансүрэнгийн Дамдинсүрэн;

Мал аж ахуйг хөгжүүлэхийн зэрэгцээ, уламжлалт ахуй, соёлоо хадгалан хамгаалах, үр хойч үедээ өвлүүлэн үлдээх хүндтэй үйлсэд амьдралынхаа 46 жилийг зориулсан Архангай аймгийн Ихтамир сумын малчин, Хөдөө аж ахуйн ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Цэдэндоогийн Доржсүрэн;

Усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, ургацын хэмжээг тогтмол өндөр түвшинд хадгалах зэргээр газар тариалангийн салбарт оруулж байгаа бодитой хувь нэмрийг нь үнэлж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Арвин хур” ХХК-ийн ерөнхий захирал Чойгонжавын Чадраабал нарт хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Говь-Алтай аймгийн худалдааны салбарын ахмад ажилтан Пэрэнлэйн Баасанжав;
  • Баян-Өлгий аймгийн худалдааны ахмад ажилтан Нурахметын Гүлбарша;
  • Төр, нийгмийн зүтгэлтэн, Монголбанкны ерөнхийлөгч асан Лханаасүрэнгийн Пүрэвдорж;
  • “Хан бүргэдэй” ХХК-ийн ерөнхий захирал Жамбалын Сандагдорж;
  • “Гурван гал групп”-ийн Худалдаа, үйлчилгээ эрхэлсэн захирал Базаргарьдын Сожилмаа;
  • “Анун” ХХК-ийн ерөнхий захирал Жамбалжамцын Уранбилэг;
  • Худалдааны салбарын ахмад ажилтан Түмэнжаргалын Чулуун;
  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын зөвлөх Цэрэндоржийн Янсанжав;
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Улаанбаатар хивс” ХХК-ийн зөвлөх инженер Чанцалын Цэрэндулам;
ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:
  • Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин Лхамжаагийн Цэвэгсүрэн;
ГАВЬЯАТ АГРОНОМИЧ ЦОЛООР:
  • Хөдөө аж ахуйн их сургуулийн ерөнхий захирлын зөвлөх Надмидын Нямжав;
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Бадрайн Одонхүү;
  • “Монгол ногоо” төслийн зохицуулагч Төмөрбатын Төрмандах;
ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ ЦОЛООР:
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ахмад механикжуулагч Пунцаг-Осорын Наранцогт;
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Цэндгомбын Болорчулуун;
  • Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Асгат сумын нутгийн зөвлөлийн дэд дарга, мал зүйч Балжирын Ядамсүрэн;
МАЛЫН ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
  • Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө ахуйн газрын дарга Жигжиддоржийн Баттөр;
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Хөдөлмөрийн оч” ХХК-ийн малын их эмч Дашравдангийн Ундрага;
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Сэрж интернэшнл” ХХК-ийн ерөнхий захирал Ядмаагийн Баярцэцэг;
  • “Баян хар заг” ХХК-ийн ерөнхий захирал Авирмэдийн Буянхишиг;
  • “Сулин хайрхан” ХХК-ийн захирал Дашцэрэнгийн Ганболд;
  • Орхон аймгийн “Гал оч” ХХК-ийн захирал Янгивын Норовцэрэн;
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Биологи, биотехнологийн мэдээлэл сургалтын төвийн тэргүүн Цагаанбандийн Цэндээхүү;
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэр технологийн сургуулийн профессор Доржийн Цэцэгээ;
  • “Батбэх” ХХК-ийн нягтлан бодогч Дорлигжавын Чойсүрэн;
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Говь-Алтай аймгийн “Гэгээн нуур цэвэр ус” Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Жовжидын Гаваа;
  • Говь-Алтай аймгийн Мал эмнэлэгийн газрын нягтлан бодогч Зүмпэрэлийн Цэрэнпил;
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • Булган аймгийн гурил, тэжээлийн үйлдвэрийн ахмад ажилтан Лхагвын Лувсандагва;
  • “Номин холдинг” ХХК-ийн ерөнхий менежер Амарбаярын Шагдарсүрэн;
  • Үйлдвэр, худалдааны сайд асан, төр, нийгмийн зүтгэлтэн Бадрахын Шаравсамбуу;
  • “Стратус” ХХК-ийн зөвлөх Лхагвын Янжин;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн малын их эмч Цэвэгмэдийн Бадамсүрэн;
  • Худалдааны салбарын ахмад ажилтан Цэрэнгийн Гэндэнжамц;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн үйлчлэгч Бат-Очирын Болормаа;
  • “Атар-Өргөө” ХХК-ийн албаны дарга Бямбажавын Галя;
  • Олон улсын “Нарантуул” худалдааны төвд хувиараа бизнес эрхлэгч Лхагвын Долгорсүрэн;
  • “Улаанбаатар” их дэлгүүрийн санхүүгийн зөвлөх Гэндэнгийн Наташ;
  • “Хүнс маш сэрэлт” ХХК-ийн токарьчин Гомбын Цэдэвпүрэв;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • “Атар өргөө” ХХК-ийн жолооч, борлуулагч Цэвэгжавын Пүрэвдорж;
  • “Монбейкери” ХХК-ийн үйлдвэрийн албаны дарга Монхорын Сайханбаяр;
  • “Улаанбаатар гурил” ХХК-ийн сэрээт өргөгчийн оператор Доржхүүгийн Сүхчулуун;
  • “Сүү” ХК-ийн ахлах аппаратчин Ширнэнгийн Энхтуяа нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа өрхүүдэд шахмал түлш олгоно

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 607 цэг ажиллаж байна. Борлуулалтын хэмжээ өдөрт 3800 тонноос буухгүй байна. Шахмал түлшний нөөц 24.035 тонн байна.

Он дуустал энэхүү нөөцөөс борлуулалт хийхгүйгээр үйлдвэрлэлээс шууд нийлүүлэх боломж байна. Борлуулалтын цэгүүдэд түлшний нийлүүлэлтийг жигд байлгах үүднээс түлшийг өглөө, үдээс хойш гэсэн хуваариар нийлүүлж зохицуулсан. Түүхий нүүрсний хэрэглээ их байна гэсэн гомдол олон ирсэн. Тиймээс 102 тусгай дугаарт түүхий нүүрс хэрэглэж буй айл өрхийн тухай болон түүхий нүүрс түлдэг аж ахуйн нэгжүүд шүүлтүүрээ унтрааж байгаа, зориулалтын бус түлш хэрэглэж байгаа тухай мэдээллүүдийг хүлээн авдаг болсон.

Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэдэг нам даралтын 2700 гаруй зуух байна. Эдгээрийн нүүрсний хэрэглээг аажмаар бууруулах ажлыг хийж байна” гэлээ.

Сүүлийн өдрүүдэд агаарын чанар сайнгүй байгаа нь стандартын зуухны тоо буцаад цөөрч байгаатай холбон тайлбарлаж байлаа. Тиймээс дутуу шаталт явагдаж, агаарт бохирдуулагч бодисууд үүсэж байгаа аж. Түүнчлэн Хотын даргын зүгээс орлого багатай иргэд, айл өрхүүд дугуй, хаймар болон хог шатааж байх магадлалтайг сануулаад, тэдгээр өрхөд өгч буй иргэдийн түлшний тусламжийн талаар тодруулсан юм. Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас дараах тайлбарыг өглөө.

-2022 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд 6000 гаруй өрхөд 5500 тонн сайжруулсан шахмал түлшийг түгээхээр төлөвлөн ажиллаж байна. Нэн ядуу, бага орлоготой, амьжиргааны 409 онооноос доош орлоготой өрхийн тоо 73 мянган өрх бий. Тэдгээрээс нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа 6000 гаруй өрх айлд түлшний тусламж өгнө хэмээн мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын шинжтэй 634 дуудлага бүртгэгджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд амралтын өдрүүдэд нийт 781 дуудлага мэдээлэл иржээ. Эдгээрээс зам тээврийн ослын шинжтэй 634 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

  • Нийслэлд:

Явган зорчигч мөргөх хэлбэрээр есөн осол бүртгэгдэж, есөн хүн гэмтсэний нэг нь хүүхэд байна.

  • Орон нутагт:

Онхолдох хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтсэн байна.
Мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн амиа алджээ.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 207 зөрчил бүртгэгджээ. Үүний 133 нь нийслэлд, 74 нь орон нутагт бүртгэгджээ. Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад 19.4 хувиар буурсан байна. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Малчин Ц.Доржсүрэн “Хөдөлмөрийн баатар” боллоо

Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан дараах хүмүүст төрийн дээд цол, одон медаль олголоо.

Архангай аймгийн Ихтамир сумын малчин Ц.Доржсүрэн 52 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Тэрбээр 16 наснаасаа нэгдлийн мал маллаж эхэлсэн бөгөөд 52 жил тасралтгүй сарлаг маллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж нарын дөрвөн хүнд “Хөдөлмөрийн баатар” цол хүртээлээ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал, одон, медалиар шагнаж байна.

Тухайлбал, өнөөдөр

  • Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын бодлого төлөвлөлтийг боловсруулахад 60 гаруй жил тасралтгүй хичээл зүтгэл, идэвх санаачилгатай ажиллаж, газар тариалан бие даасан салбар болж хөгжихөөс эхлээд Атрын III аяныг манлайлан хэрэгжүүлж, залуу боловсон хүчнийг бэлтгэн дадлагажуулахад зориулсан хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Ерөнхий сайд асан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ш.Гунгаадорж,
  • Хүнсний аж үйлдвэрлэл, сүүний салбарын хөгжил, эрдэм шинжилгээний ажилд оюун ухаан, эрдэм мэдлэгээ зориулж салбарын өнөөгийн хөгжил, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох бодлого боловсруулахад оруулсан нөр их хөдөлмөрийг нь үнэлэн Монгол Улсын зөвлөх инженер Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Дамдинсүрэн,
  • Монголын уламжлалт бэлчээрийн мал ах ахуйг хөгжүүлэхийн зэрэгцээ уламжлалт ахуй соёлоо хадгалан хамгаалах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх хүндтэй үүрэгт амьдралынхаа 46 жилийг зориулсан хичээл зүтгэлийг нь үнэлж Архангай аймгийн Ихтамир сумын малчин, Хөдөө аж ахуйн ухааны академийн гишүүн, академич Ц.Доржсүрэн,
  • Монгол оронд усалгаатай газар тариалан хөгжүүлэх шинэ техник технологи нэвтрүүлж ургацын хэмжээг тогтмол өндөр түвшинд хадгалж байгаа хичээл зүтгэл, газар тариалангийн салбарт үзүүлж буй бодитой хувь нэмрийг үнэлж, салбартаа 44 жил ажиллаж буй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Арвин хур” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Чадраабал нарт Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол хүртээлээ.

No description available.

No description available.