Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн эдийн засаг 2022 онд 100 их наяд ам.доллар хүрнэ

Дэлхийн эдийн засгийн гарц ирэх онд түүхэндээ анх удаа 100 их наяд ам.доллар давна гэж Ням гаригт гарсан нэгэн судалгаанд дурджээ. Мөн Хятадын хувьд АНУ-ыг гүйцэж дэлхийн номер нэг эдийн засагтай улс болоход төсөөлснөөс арай илүү хугацаа шаардлагатай гэв.

Хятад улс 2030 онд ам.долларын ханшаар дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай болно гэж Английн Эдийн засаг бизнесийн судалгааны төв үзэж байна. Харин өнгөрсөн жилийн Дэлхийн эдийн засгийн лигийн тайланд 2028 онд Хятад тэргүүлнэ гэж таамаглаж байв.

Энэтхэг улсын хувьд ирэх онд эдийн засгаараа Францыг гүйцэх төлөвтэй байна. Харин Их Британи дэлхийн зургаа дахь том эдийн засагтай улс гэсэн байр сууриа эргүүлэн авахаар байна.

2020 он гарснаас хойш дэлхийн эдийн засагт инфляцыг хэрхэн даван туулах вэ гэдэг томоохон асуудал тулгараад байгаа билээ.

Английн Эдийн засаг бизнесийн судалгааны төвөөс гаргасан тайланд дурдсанаар Герман 2033 он гэхэд Японыг эдийн засгийн гарцаараа гүйцэх төлөвтэй байна. Мөн Орос улс 2036 он гэхэд топ 10-ын тоонд орж ирэхээр байна. Индонези улсын хувьд 2034 онд есдүгээр байранд орох магадлалтай.

Эх сурвалж: Reuters

Categories
мэдээ нийгэм

Д.Алтанчимэг: Хөдөө явж байсан ч зүрх нь эвгүй болоход бичлэгээ хийгээд, эмч рүүгээ илгээх боломжтой болсон

“Рехамед” эмнэлгийн үүсгэн байгуулагч, зөвлөх эмч Д.Алтанчимэгтэй ярилцлаа. Тэрбээр Германы Мартин Лютерийн их сургуулийг хүний их эмчээр 1991 онд төгсөөд, Монголдоо ажиллаж байна. 2004 онд Эрүүл мэндийн зан үйлээр АНУ-ын Бирмингеймийн их сургуулиас магистрын зэрэг авчээ. 2020 онд Лайфстайл медициний мэргэшсэн эмч болсон.


-Хоёр аяга цайгаар авчих юмыг дуслаар заавал хийлгэх шаардлага байхгүй-


-Манайхан мэргэч төлөгчид хандах шахдаг асуудлаар та бүхэн хиймэл оюун ухааны тусламжтайгаар хариулт өгдөг нь сонирхолтой санагдлаа. Тухайлбал, ойрын дөрвөн жилд хорт хавдар, зүрхний шигдээс, чихрийн шижин, харвалт, зөнөгрөл өвчинд өртөх эрсдэлийг тооцож гаргаж өгдөг юм байна. Энэ талаар тодорхой ярьж өгөөч?

-Хүмүүсийг өвдсөн хойно нь биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд анхааръя гэж зорилгоо тодорхойлоод, урьдчилан сэргийлэх эмийн бус эмчилгээний технологиудыг хайж эхэлсэн л дээ. Солонгост үзэсгэлэнд оролцож байхдаа хиймэл оюун ухаанд суурилсан, урьдчилан сэргийлэх үзлэгийн программтай таарсан юм. Судлаад үзэхэд хэрэв бид лабораторийн шинжилгээ, эмчийн авсан асуумж зэрэг шаардлагатай өгөгдлүүдийг оруулчихвал хиймэл оюун ухаан нэг хүний мэдээллийг боловсруулахад ижил нас, хүйсний ойролцоогоор 400-500 мянган хүний мэдээлэлтэй харьцуулж байгаад тухайн хүний ойрын дөрвөн жилд өвдөх эрсдэлийг тооцож гаргадаг. Та ходоодны хорт хавдраар өвдөх эрсдэл 40 хувь байна. Зүрхний шигдээс болох эрсдэл 70 хувьтай байна гэх мэтээр нарийн тооцож гаргаж ирдэг технологийг Монголд оруулж ирсэн юм. Хэрэв та урьдчилан сэргийлэх үзлэгт орж байсан бол манай эмч нар үзээд, лабораторийн шинжилгээ хийгээд, “Гайгүй байна” эсвэл “Эсийн шинжилгээ өг” гэх мэтээр явуулдаг шүү дээ. Харин бүх өгөгдлөө хийхэд, хиймэл оюун ухаан тухайн хүнд зориулсан тайлан гаргаж ирдэг. “Та ийм ийм зан үйлээ өөрчилбөл ходоодны хорт хавдар тусах эрсдэлгүй болно” гэж зөвлөдөг. Манай эмч нар ч зөвлөдөг шүү дээ. “Тамхиа хая, архи уухаа боль”, “Жингийн илүүдэлтэй байна. Наадах чинь хамаг өвчний үүр болоод байна” гэдэг. Гэсэн ч энэ болгон үйлчлүүлэгчдэд огт нөлөөлдөггүй. Яагаад гэвэл өрхийн эмч нь ч, гэр бүлийнхэн нь ч хэлж сануулдаг. Харин хиймэл оюун ухаан зөвхөн өөрт нь зориулаад монгол хэлээр найман хуудас тайлан гаргаад өгөхөд хүмүүс өөрөөр хүлээж авдаг.

-Хиймэл оюун ухаанаар оношлуулахад хэдэн төрлийн шинжилгээ өгөх шаардлагатай вэ?

-Хиймэл оюун ухааны тайлан гаргахад хэрэгтэй лабораторийн өгөгдлүүд байдаг. Цус, биохими, шээс гэх мэт найман төрлийн шинжилгээ байдаг. Дээр нь бүсэлхийн тойргийн хэмжээ, биеийн жингийн индекс, ямар өвчнөөр өвдөж байсан гэдгийг нь ч асууна. Нойрондоо хэр вэ, ямар хоол иддэг вэ гэх мэт асуумж бөглөөд, хиймэл оюун ухаан уншдаг дата бааз руу оруулдаг. Дэлхийд хуримтлагдсан их мэдээлэл хиймэл оюун ухааны санд байж байдаг. Түүнтэйгээ харьцуулаад тухайн хүний дөрвөн жилийн дүр зургийг гаргаж ирдэг. Гэтэл эмч бид нар тухайн хүний өнөөгийн байдлыг л хэлдэг шүү дээ.

-Анагаах ухаанд ч шинэ технологи нэвтэрч байгаа гэхээр сайхан санагдаж байна л даа. Тухайлбал, арьсан дээр наадаг ялтсан био мэдрэгчийн тусламжтайгаар эмчдээ зайнаас хянуулах боломжтой болно гэв үү?

-Энэ бол анагаахад биеллээ олсон. Арьсан дээр наадаг ялтсан мэдрэгч гарчихсан. Бодит датаг нь цуглуулаад, энэ нь интернэтээр эмчид нь очиж байдаг. Тухайн хүний лабораторийн үзүүлэлт, эсвэл нарийн тунтай эмийн үзүүлэлтийг хянахад ашигладаг. Одоохондоо шинэ технологи учраас маш үнэтэй байгаа юм. Харин манай эмнэлэгт бол зүрхний бичлэгийн 190 гр төхөөрөмж нэвтэрсэн. Тухайн хүн хөдөө явж байсан ч зүрх нь эвгүй болоход мэргэжлийн түвшинд бичлэгээ хийгээд эмч рүүгээ илгээх боломжтой. Энд бас зайны анагаах ухаан хэрэг болж байгаа. Технологи, зайны анагаах ухаан, тухайн хүнийхээ түүхийг мэддэг, хянадаг эмч нь байвал гоё шийдэл.

-Чихэндээ ээмэг шиг жижиг электрод зүүгээд тархи мэдрэлээ тайвшруулж болох юм байна гэж ойлгосон?

-Энэ технологийг хувийн эмнэлгүүд, СЭМҮТ ч хэрэглэж эхэлж байгаад баяртай байна. Анх 2019 онд манай эмнэлэг оруулж ирсэн юм. Альфастим гэдэг АНУ-ын патенттай бичил долгион эмчилгээ л дээ. Нойргүйдэл, сэтгэл гутралтай, түгшүүрт автдаг хүмүүст өндөр үр дүнтэй байгаа. Бид биед нь илүү хоргүй, хялбар технологиуд санал болгож байхад яагаад сэтгэцийн эмийн нөлөөнд амьдрах ёстой гэж. Эмнэлэг явахгүй гэртээ, ажил дээрээ чихний хавчдаг ээмэг шиг электрод зүүгээд тархиа амрааж, тайвшруулах боломжтой.

-Таны яриад байгаа төхөөрөмжүүдийг түрээсэлж хэрэглэх боломжтой юм уу?

-Хүн болгоны худалдан авах чадвар адилгүй шүү дээ. Чихэндээ зүүдэг аппарат гэхэд 900 орчим доллараас эхэлдэг. Хүн болгон худалдаж авах боломжгүй. Гэвч гэрээрээ ч, ажил дээрээ ч хэрэглээд буцаагаад өгөх боломжтой. Бид янз янзын аргаар л хүмүүст технологийг санал болгож байгаа. Сэтгэцийн эм хор нөлөөтэй, дасал болгодог, хамааралтай болгодог. Эмээс өөр сонголт байдаг шүү гэж зөвлөдөг. Урьдчилан сэргийлэхэд бид ач холбогдол өгдөг, зөвлөгөө өгдөг. Хиймэл оюун ухааны тайлан тухайн хүнтэй ярилцах сэдэл болдог. Зүрх судас, чихрийн шижин, хорт хавдрын эрсдэлийг бууруулахад хувь хүнээс шалтгаалах олон зүйл бий. Жишээлбэл хөдөлгөөн, хооллолт, биеийн жин, стресс, нойр, архи тамхины хэрэглээ гээд нэрлэж болно. Энэ талаар эмч цаг гаргаж ярилцахад үйлчлүүлэгч дуртай байдаг. Шинж тэмдэг, хэлээд ирсэн зовиурт бус тухайн өвчин эмгэгийн суурь шалтгаанд нь төвлөрч чадвал олон хүн эрүүлжих боломжтой.

-Он гараад бүх хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гээд байгаа. “Хүнд өвчтэй хүмүүс нь дараалалд зогсож байгаа Хавдрын эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт орно гээд очихоор хүлээж авах уу” гэж зарим хүн ярьж байна лээ?

-Улсын эмнэлгийн эмч нар хамаг байдаг чадлаараа л зүтгэж байгаа. Тэд маш их ачаалалтай. Хувийн хэвшлийнхэн тэдний хийж амжихгүй байгааг хийх ёстой гэж боддог. Бид өвчтөн, үйлчлүүлэгч болгонтой тулж ажилладаг. Урьдчилан сэргийлэх нэг удаагийн арга хэмжээгээр асуудлыг шийдэхгүй. Хүн насан туршдаа өөрийн эрүүл мэнддээ эзэн байж, хариуцлагатай хандах учиртай. Үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөж явж явж, нас ахиад хүндээр өвдөж тэдэндээ ачаалал учруулдаг. Жилд шинээр оношлогдож буй хорт хавдартай хүмүүсийн 80 орчим хувь нь хэт оройтсон байдаг. Эрт үед нь оношлуулбал эмчлэгдэх боломжтой. Гэр бүлийн нэг нь хавдраар өвчлөхөд тухайн айлын санхүү маш хүнд байдалд ордог шүү дээ. Хоол унд, гэр орондоо тавилга авдаг шигээ эрүүл мэнддээ мөнгө төсөвлөж, жилдээ ядаж нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж сурах хэрэгтэй байгаа юм.

-Танай эмнэлэгт хамт олноороо ханддаг юм билээ. Боломжийн төлбөртэй гэсэн үг үү, эсвэл компаниуд хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаардаг болсон юм болов уу?

-Өнөөгийн бизнес эрхлэгчид ажилтнуудынхаа эрүүл мэндэд их анхаардаг болсон. Хүний нөөцөө эрүүл байлгахад анхаардаг болсон учраас манайх хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэгийг хийдэг. Манайд олон ажилтантай нэг байгууллага хиймэл оюун ухаанд суурилсан үзлэгт хоёр жилийн өмнө орсон юм. Тэр үзлэгээр эрт үеийн хэд хэдэн хавдрын тохиолдол илрүүлсэн. Харин энэ жил ажилтнуудынхаа санал хүсэлтийн дагуу манайд дахин хандсан юм. Урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар чухал.

-Зарим том хувийн эмнэлгүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн төлбөр чамгүй өндөр байдаг л даа. Танай хувьд ямархуу байдаг вэ?

-150 мянган төгрөгт манайх их юм хийж өгнө. Маш сайн зөвлөгөө өгнө. Эмийн эмчилгээ бичихийн оронд зан үйлийн рецепт бичиж өгдөг. Та чихрийн шижин өвчний урьтал үед байна. Эрүүл болох боломжтой. Ийм ийм үйлдэл хий гэх зэргээр зөвлөдөг.

– Та Америкт зан үйлийн чиглэлээр суралцсан гэсэн үү?

-Эмч хийж байхад надад ийм асуудал тулгарсан. Эмч нар хүмүүст зөвлөгөө өгдөг. Гэтэл тэр бүр хэрэгждэггүй. “Энэ эмч гайгүй юм ярьж байна. Нээрэн тийм байна шүү” гээд орхичихдог. Яагаад эмчийн үг хэрэгжихгүй, хүмүүс нийгмийн сүлжээ, найзынхаа хэлснийг хэрэгжүүлээд байна вэ? Тэгэхээр эмчийн зөвлөгөө өөрчлөгдөх ёстой. Өөрчлөгдөхийн тулд эмч ямар чадвартай байх ёстой гэхээр нийгмийн шинжлэх ухааны онолууд, сэтгэл зүйн онолууд мэдэж байх ёстой юм билээ. Хүнтэй, ямар нөхцөлд, юу ярих вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэр нь сурахад сонирхолтой санагдсан. Анагаахын боловсролд үүнийг заадаггүй. Шинжилгээ хараад, өвчтөнөө үзээд “Та ийм байна” гэж ярихаас биш тухайн хүний эрсдэлийг өөрчлөх яриа өрнүүлэх цаг ч, чадвар ч байдаггүй. Ганцхан удаа зөвлөгөө өгснөөр хүний зан үйл өөрчлөгдөхгүй. Нэлээд яриа өрнүүлж байж хүн эмчийнхээ үгэнд ордог юм байна гэдгийг сурсан юм. Хүний зан үйлээс эрүүл мэндийн 80 орчим хувь нь шалтгаалдаг гэж үздэг. Гэтэл өнөөдөр урьдчилан сэргийлэх асуудал дээр доголдож байна. Яагаад хүмүүс оройтсон хойно нь ирээд мэс засал хийлгэж байна вэ? Яагаад шинж тэмдэг илрээд байхад хүмүүс явсаар байгаад турж эцээд юм идэж чадахаа байхаараа эмнэлэгт хандаж байгаа юм бэ. Энэ бүхэн цогц асуудал байдаг. Сэтгэл зүй, нийгмийн хүчин зүйл, эмнэлгийн үзлэгээс айх айдас, эмчид итгэхгүй байх зэрэг янз бүрийн асуудал байдаг. Энэ бүхнийг эмч өргөн зургаар харж чадвал үйлчлүүлэгчдээ нэлээд их “хөрөнгө оруулалт” хийж чадна. Би яг л энэ чиглэлээр ажиллая гэж бодсон юм. Манай эмнэлэгт эм бичдэггүй. Нойргүй байна гэхээр нь зөвлөгөө өгдөг. “Та гар утсаа хэдэн цаг ухдаг вэ?”, “Та шөнө нойргүйдсэн үедээ юу хийдэг вэ?” Ийм асуултууд тавьдаг. Сэтгэл зовоосон асуудлыг нь асуудаг. Нөхөр, эхнэртэйгээ асуудалтай байна уу? Гэр бүлийн сексийн харилцаа ямар байна. Хүүхдүүд нь зовоож байна уу? Өрөнд орсон уу? Хүний амьдрал маш баян. Аливаа асуудлын уг үндсийг нь олох хэрэгтэй. “Нойргүйдээд ирлээ” гэдэг нь ихэнхдээ өөр асуудлын үр дагавар байдаг. Сэтгүүлч шиг түүнийг нь “ухаад” гаргаад ирэх чадвар эмч, эмнэлгийн ажилтнуудад байх учиртай.

-Та “Хүний бэлгийн амьдрал” гээд ном бичиж байсан юм билээ. Бэлгийн амьдрал олон асуудалд нөлөөлдөг үү?

-Ажлаасаа стресстэй орж ирсэн ч хүүхдээ тэвэрч үнсээд сайхан мэдрэмж авдаг шүү дээ. Яг тэр мэдрэмж аз жаргалын дааврыг өдөөж байдаг. Түүнтэй адилхан хүний арьс гэдэг маш том сексийн эрхтэн шүү дээ. Секс гэхээр бид дандаа бүсэлхийнээс дооших юм бодож байдаг. Гэтэл зүгээр л хүний арьсанд хүрэх, илэх, тэврэх, сайхан үг хэлэхэд тархинаас даавар ялгарч байдаг. Тэр бүхэн өнөөдөр манай хүмүүст их дутагдаж байдаг. Нойргүйдэхээрээ хүн улам л зожигроод байдаг. Сэтгэл тавгүй болохоороо улам л биеэ хураагаад байдаг. Гэтэл гэр бүлийн хүн, дотно найз нь тэвэрч үнсээд, “Миний найз, миний хань чадна, хоёулаа давж гарч чадна” гэдэг үг хүнд дутагдаж байдаг. Өнөөдөр монголчууд маш завгүй болсон. Мөнгө, албан тушаал маш олон юм хүсэх болсон. Түүнийг шунал гэж хэлэх юмуу даа. Гэтэл тэр бүх хүсэл шунал сэтгэцийн эрүүл мэндийг доройтуулж байдаг. Энгийн зүйлээс таашаал авах мартагдсан. Том юманд зориод, наад захын жижиг зүйлс, энгийн харилцаануудаа орхигдуулсан юмуу гэж бодогддог.

-Таны зөвлөгөөг харсан. Жин ихтэй байхаас гадна хэвлийн таргалалт илүү асуудалтай юм байна гэж ойлголоо?

-Хүмүүс тэрийг мэддэггүй. Миний найз Алимаа 90 кг, би бас 90 кг гэдэг. Аль хэсгээрээ таргалалттай байна гэдгээс эрүүл мэндийн зөрүү гардаг. Хэвлийгээрээ таргалалттай хүнийг үзэхэд даралт, сахар, өөх тос холестрин, шээсний хүчил нь нэмэгдсэн байх нь олонтаа. Зүрх судасны асуудлууд илэрсэн байдаг. Хэвлийд байдаг өөхнөөс хүний биеийг үрэвсүүлдэг бодисууд илүү ялгардаг. Хорт хавдар үүсгэх эрсдэлийг ч нэмдэг. Чихрийн шижин өвчин үүсэх маш том эрсдэл. Хэвлийн тойргоо хянах ёстой.

-Ковидын үед хүмүүс өндөр тунтай В, Д аминдэм их уулаа. Гэтэл энэ бүхэн эргээд хүнд сөргөөр нөлөөлдөг гэсэн үү?

– Ковид ч гэлтгүй, манайхан витамин замбараагүй хэрэглэж байна. Хүний бие өөрөө ухаалаг систем шүү дээ, уг нь. Хоол хүнснээс авсан шим тэжээлээс биед өөрт нь антиоксидантууд үүсдэг. Хүний бие гаднаас эм уух тусмаа тэнцвэрээ алдаж байдаг. Өөрийгөө эрүүлжүүлэх үйл явц алдагддаг. Гэтэл хүүхэд, хөгшидгүй витамин ууж байна. Хүний биед илүүдсэн антиоксидантууд эргээд биед гаж нөлөө үүсгэх эрсдэлтэй. Манайх хүний биед байгаа антиоксидантуудыг хэмждэг багаж Италиас оруулж ирсэн. Өндөгний цусаар л хэмждэг. Хэмжиж байхгүй бол манай монголчууд витаминыг хүртэл иддэг болсон. Витаминыг уг нь хоол хүнсээр авах ёстой. Гэтэл хүмүүс сүлжээний бизнес, эмийн компаниудын зар сурталчилгааны нөлөөнд орчихсон. Үүнийг л уухгүй бол би хоцорлоо гэдэг. Мэдээлэлд ухаалаг шүүлтүүртэй хандах, болж өгвөл байгалиараа амьдрах хэрэгтэй байна. Эрүүл хооллож, өөрөөс хамаарах 80 хувиа онц хийчихвэл эмчийн ч хэрэг байхгүй дээ. Германд бол эмнэлэгт хэвтсэн хүнд витамин бичдэггүй. Ухаангүй, хоолоо идэж чадахгүй байгаа хүнд л витамин бичдэг. Хоол ундаа идэж ууж байгаа хүнд дусал хийдэггүй. Хоёр аяга цайгаар авчих юмыг дуслаар заавал хийлгэх шаардлага байхгүй.

Categories
мэдээ нийгэм

Н.Тавинбэх: Цахилгаан дулааны төлбөрийг чөлөөлөх тогтоол гараагүй

Засгийн газар цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан дулааныг тэглэснээс хойш жилийн хугацаа өнгөрч байна. Уг хөнгөлөлт энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болж байгаа юм. Тэгвэл ирэх оноос дахин цахилгаан, дулааны төлбөрийг долдугаар сар хүртэл хойшлуулахаар болсныг Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн.

Энэ талаар Эрчим хүчний яамны өгч буй мэдээллээр одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байгаа гэв. Энэ тухай салбарын сайд Н.Тавинбэх хэлэхдээ “Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл есөн төрлийн хэрэглэгчийн цахилгаан дулааны эрчим хүчний үнийг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар тогтоолыг албан ёсоор сунгаагүй. Энэ талаарх эцсийн шийдвэр гараагүй” гэлээ.

“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-аас аж ахуйн нэгжийн тог цахилгаанын төлбөрт 800 орчим тэрбум төгрөгийг зарцуулжээ. Хэрэв ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс зөвхөн айл өрхийн 250-350кв цахилгааныг хөнгөлбөл 75 орчим тэрбум төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэр хариуцна гэдгийг Шадар сайд өмнө нь мэдэгдсэн билээ.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсад Засгийн газрын анхны таван яам байгуулсны 110 жилийн ой тохиож байна

Монгол Улсад Засгийн газрын анхны таван яам байгуулсны 110 жилийн ой тохиож байна.

Түүхт ойд зориулсан баярын хурал өнөөдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо. Тус хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр, “1911 оны 12 дугаар сарын 29-ний морин цагт Эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээх эх орончдын тэмцэл ялалтад хүрч, 200 гаруй жилийн дараа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин мандуулж VIII Богд Жибзундамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилж, анхны тван яамыг байгуулсан билээ.

Богд хааны зарлигаар “тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэсэн”

– Гомбын Цэрэнчимэдийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,

– Минжиддоржийн Ханддоржийг Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдаар,

– Гадинбалын Чагдаржавыг Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,

– Галсанцэвэгмидийн Гомбосүрэнг Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,

– Мижиддоржийн Намсрайг Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар тохоон томилсон түүхтэй.

Эзэнт гүрний гал голомт хоёр зуу гаруй жилийн туршид харийн ноёрхолд автаж, Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдсан байсан түүхийн нэн эгзэгтэй цаг үеийг эцэг дээдэс минь ийнхүү ялан дийлсэн билээ. Монгол Улсын анхны таван яам нь улсын төсөв санхүү нь бүрдээгүй, бие даасан хууль эрхзүйн тогтолцоо нь төлөвшөөгүй, дэлхий дахинд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадаагүй, зэвсэгт хүчин нь хөгжин бэхжээгүй амаргүй хүнд сорилтын цаг үеийг амжилттай даван туулж чадсан мартагдашгүй түүхэн гавьяатайг түүхт 110 жилийн ойн индрээс онцлон тэмдэглэх нь зүйтэй. Өнөөдөр Та бидэнд өмнөх үеийнхнээс дутахгүй хүндрэл бэрхшээл, түүнийг ялан туулах түүхэн сорилт тулгараад байна. Хүн төрөлхтөн дэлхийн II дайнаас хойш туулж үзээгүй цар тахлын хүнд сорилттой тулгарч, дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, гадаад харилцаа, боловсрол зэрэг бүхий л салбарт төдийгүй, та бидний амьдралын хэмнэл танигдахын аргагүй өөрчлөгдлөө.

Монголчууд биднийг энэ сорилт тойрсонгүй ээ. Экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, 200 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон амаргүй цаг үед та бид хамтдаа төр түмнийхээ төлөө ажиллаж байна. Манай улс цар тахлын халдварыг дотооддоо алдалгүй 10 сар барьж чадсан нь вакцинжуулалттай золгох томоохон боломжийг бүрдүүлж чадсаан. Вакцинжуулалтыг орон даяар цаг алдалгүй эхлүүлж, шуурхай зохион байгуулж чадсанаар өнөөдрийн байдлаар нийт хүн амын 66 хувийг бүрэн тунд, зорилтот бүлгийн 47 хувийг нэмэлт III тунд хамрууллаа. Вакцинжуулалтын үр дүнд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г эрчимтэй хэрэгжүүлж, энгийн амьдралын хэмнэлд үе шаттайгаар шилжүүлж, хичээлийн шинэ жилийг танхимаар эхлүүлж, эдийн засгаа алхам алхмаар сэргээх боломж бүрдсэн билээ.

Өнөөдөр эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын хүндрэлийг даван туулах “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барилаа. 1932 оны Шинэ эргэлтийн бодлого шиг, энэхүү цогц бодлого эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулахад түүхэн ач холбогдол өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилтот хөтөлбөр юм.

Цар тахлыг даван туулах амаргүй тэмцэлд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өдөр шөнийг үл ялган, хичээнгүйлэн ажилласан төрийн албан хаагчдадаа талархал илэрхийлье. Цар тахал таамаглаагүй хүндрэл, төсөөлөөгүй сорилтуудыг учруулсаар байгаа ч Та бид өнөөдрийн сэтгэлзүйд автан хөгжлийн үндсэн зорилтуудаасаа ухарч няцах ёс зүй үгүй ээ.

Өнөөдрийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ирээдүйн зорилтоо зөвөөр тодорхойлж, алдаа дутагдлаа засаж, ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ-ийг хэрэгжүүлэх нь “Шинэ сэргэлтийн бодлого” амжилттай хэрэгжих суурь нөхцөл мөн.

Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд

· Төрийн үйлчилгээг цахимжуулах замаар авлигыг бууруулж, Цахим үндэстэн болох зорилтыг эрчимжүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцлийг 50-иас доошгүй хувиар бууруулна.

· Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулдаг маргаан шийдвэрлэх үйл явцыг ил тод, түргэн шуурхай болгох эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлнэ

· Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгана.

· Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.

· Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж, хөгжлийг хязгаарласаар байна. Тиймээс авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Мөн хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна.

· Төрийн алба иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, энгийн байх ёстой. Төр хөгжлийг гацаагч, удаашруулагч биш, харин дэмжигч, хурдасгагч, иргэддээ үйлчлэгч байх учиртай.

“Эрдэм илүү, сахилга ариун, хэрэгт хичээнгүй” байх нь анхны таван яамны албан хаагчдын үндсэн шаардлага, төрийн түшмэлийн ёс зүйн жишиг байжээ. Монголын төр өнгөрсөн зууныг тусгаар тогтнол, эрх чөлөөг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол ирэх зууныг эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө зориулах болно“ гэлээ.

Засгийн газрын анхны таван яам байгуулсны 110 жилийн ойн хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцууллаа.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Spiderman” 1 тэрбум ам.долларын ашиг олжээ

Зул сарын баяр үргэлжилж буй эдгээр өдрүүдэд “Spiderman” Питер Паркер аз од нь гийсээр л байна. Дэлхий дахинд цар тахлын аюул нүүрлэж, тэр байтугай “Matrix”, “Sing” гэсэн цоо шинэ өрсөлдөгч бүтээлүүд гарч ирээд буй энэ цаг үед “Spider-Man: No Way Home” тэргүүн байраа алдахгүй урагшилсаар.

Кино театрын дэлгэцэнд цацагдсанаасаа хойш ердөө 14 хоногийн дотор уг киноны орлого нэг тэрбум ам.доллар давлаа. “Sony” болон “Marvel” компаниуд Хойд Америкийн кино театруудаас 467 сая ам.долларын ашиг хүртээд байна. Энэ нь одоогоор тэргүүн байрнаасаа буугаад буй “Shang-Chi and the Legend of the Ten Rings” киноны орлогоос даруй хоёр дахин илүү юм. Ингэснээр ердөө 12 хоногийн дараа хилийн чинадын 61 зах зээлээс 587.1 сая ам.долларын ашиг олжээ.

Ийнхүү “Spider-Man: No Way Home” кино цар тахал дэгдсэнээс хойш нэг тэрбумын ашиг олсон анхны кино боллоо. Мөн хамгийн богино хугацаанд бүтээсэн кино төрлөөр гуравдугаар байрт орж, “Оддын дайн” кинотой зэрэгцэв.

“Spider-Man: No Way Home”-ын араас 23.8 сая ам.долларын ашигтайгаар “Sing” кино удаалжээ. “The Matrix Resurrections”-ын хувьд 12 сая ам.долларын ашиг олсноор гуравдугаар байрт бичигдсэн байна.

Шинэ он гарахад хэдхэн хоног үлдээд буй энэ үед Хойд Америкын бокс оффис 4.3 тэрбумын ашигтай ажиллаад байна. Мөдхөн 4.4 тэрбум хүрэх төлөвтэй байна. Цар тахлаас өмнө бокс оффисын жилийн орлого 11 тэрбумаас ч илүү гарах нь хэвийн үзэгдэл байжээ.

Эх сурвалж: AP News

Categories
мэдээ нийгэм

О.Батбаяр: Зөөвөрлөгдсөн 100 гаруй тохиолдолд “омикрон” байгаа эсэх шинжилгээний хариу гараагүй

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр КОВИД-19-ийн тархалт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс улс орнуудын Омикрон хувилбарын халдвар хүндэрч эхэлж байна. Их Британи, АНУ-аас гадна Итали, Франц улсуудад Омикроны томоохон давалгаа эрс нэмэгдсэн. Одоогийн байдлаар Франц улсад өдөртөө 100 мянга гаруй, Италид 50 гаруй мянган тохиолдол шинээр илэрч байна. Лондон хотод амьдарч байгаа 20 хүн тутмын нэг нь Омикроны халдвар авсан байна. Үүний улмаас 1,500 орчим нислэг цуцлагдсан.

Манай улсад Омикрон хувилбар орж ирвэл вакцины хоёр, гуравдугаар тунтай байсан ч маш олон хүн халдвар авах эрсдэлтэй. Ялангуяа эрүүл мэндийн салбарынхан халдвар авсан тохиолдолд хэдийгээр хөнгөн туссан ч тусгаарлагдахаас өөр аргагүй болно. Үүний улмаас эрүүл мэндийн салбарт ажиллах хүчний хомсдол үүсэхээр байна.

Үүнээс гадна АНУ-д 0-5 насны хүүхдийн өвчлөл 50 хувиар нэмэгдсэн байна. Тэгэхээр манайд вакцингүй байгаа 0-11 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй байна. Эдгээр шалтгааны улмаас гадаад улсуудаас ирж байгаа хүмүүсийг гурав хоногийн тусгаарлалтад байлгаж байгаа.

2021 оны арваннэгдүгээр сарын 26-наас хойш нийт 81 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээд байна. Мөн Судан улсаас ирсэн энхийг сахиулагчдаас 100 гаруй тохиолдол илэрсэн. Энэ бүх хүмүүс тусгаарлагдаад хяналтад байна.

Онгоцны буудал дээр шинжилгээ авахад сөрөг гарсан хэр нь дөрөв дэх хоног дээр авсан шинжилгээгээр эерэг гарч байгаа тохиолдол зөөвөрлөгдсөн халдварын 50 хувийг эзэлж байна. Мөн гадаадаас ирээд гэртээ тусгаарлагдаад 3, 4 дэх хоног дээрээ шинжилгээ өгөх ёстой хүмүүсийн дөнгөж 30 хувь нь шинжилгээнд хамрагдсан. Өөрөө хэлбэл, гадаадаас ирээд гэртээ тусгаарлагдах ёстой хүмүүсийн 70 хувь нь гадуур явж, хүмүүстэй уулзсан.

Тийм учраас зайлшгүй тусгаарлах зөвлөмж гаргасан.

Тухайлбал, сүүлийн хэдхэн хоногийн дотор Туркээс ирсэн 30, Тайландаас ирсэн 12 жуулчнаас халдвар илэрсэн. Энэ нь гадагшаа явах эрсдэлтэй байгааг харуулж байна. Тиймээс болж өгвөл гадагшаа битгий яваач гэж анхааруулж байна.

Бид хил дээр хязгаарлалт тавихгүй бол нэг сарын дараа 10 мянган тохиолдол бүртгэх магадлалтай. 10 мянган тохиолдлын 70 хувь нь хөнгөн, 30 хувь нь хүнд байлаа гэж бодоход манайд өдөрт 3,000 хүнийг хэвтүүлэн эмчлэх боломж байхгүй шүү дээ. Тиймээс Омикрон хувилбарын халдвар дээр зайлшгүй анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байна” гэв.

-Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчдын халдвар аль хувилбар болох нь тогтоогдсон уу?

-Энхийг сахиулагч 120 хүний шинжилгээний хариу эцсийн байдлаар гараагүй байна. Бүгд тусгаарлалтад байгаа.

Categories
мэдээ нийгэм

УОК: Иргэдийг тусгаарлах явцад алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцно

Улсын онцгой комиссын/УОК/ шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн гадаадаас ирж буй иргэдийг цар тахлын мутаци хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр байранд гурав хоног тусгаарлахаар болсон. Тэгвэл гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах асуудал эхнээсээ асуудал дагуулж эхлэв. Учир нь иргэдийг зочид буудалд тусгаарлахад 10 гаруй цаг хүлээлгэх, хуваарилсан буудал нь бохир заваан байгаа талаар иргэд гомдоллож байна.

Нийт 19 зочид буудалд иргэдийг тусгаарлахаар нэрсийг нь УОК-оос гаргасан. Өмнө нь тусгай үүргийн онгоцоор иргэдийг татан авч тусгаарлахад 27-28 буудал ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар 16 буудалд 730 хүнийг тусгаарласан. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тусгаарлалтын журмаар ажиллах байсан зочид буудлууд хамтарч ажиллахаас татгалзсан. Нийслэлд 300 гаруй зочид буудал бий. Тусгаарлалтын шаардлага хангасан нь 30 орчим буудал байна. Энхийг сахиулах ажиллагаанд яваад ирсэн 120 гаруй цэргүүдээс Covid-19 халдвар илэрсэн. Омикрон хувилбар мөн эсэхийг судалж байна” гэв.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр: “Гадаадаас ирж байгаа зорчигч бүр эрсдэлтэй байна. Онгоцны буудал дээр шинжилгээ авахад сөрөг байсан мөртлөө 3-4 хоногийн дараа дахин шинжилгээ өгөхөд эерэг илэрсэн хүмүүс зөөвөрлөгдсөн тохиолдлын 50 хувийг эзэлж байна. Тиймээс гадаадаас ирсэн иргэдийг зайлшгүй тусгаарлах шийдвэр гаргасан. Мөн гадаадаас ирээд гэртээ тусгаарлагдаад 3-4 хоногтоо шинжилгээ өгөх хүмүүсийн дөнгөж 30 хувь нь өгсөн. Өөрөөр хэлбэл, үлдсэн 70 хувь нь ирсэн өдрийнхөө маргаашаас эхлээд гадуур явж байна. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд Турк улсаас ирсэн 30 жуулчин, Тайландаас ирсэн 12 жуулчин Covid-19 халдвартай болох нь тогтоогдсон” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Т.Баярхүү: Тусгаарлах байрны зохион байгуулалтын явцад алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, иргэдээсээ уучлалт хүсэж байна

Гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр энэ сарын 25-наас мөрдөгдөж эхэлсэн.

Иймд УОК-ын шийдвэрийн хэрэгжилт, хяналт, шалгалт зэрэг цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс тодруулж байна.

Тэрбээр “Омикрон хувилбарыг хяналтгүйгээр өндөр давлагаа үүсгэхгүй байж, урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлалтын ажлыг зохион байгуулах шийдвэр гаргасан.

Ингэхдээ зохион байгуулалтын явцад алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, иргэдээсээ уучлалт хүсэж байна. Тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Өнөөдрийн байдлаар 19 зочид буудал бидэнтэй хамтарч ажиллаж байна.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим зочид буудал хамтарч ажиллахгүй гэж өөрчлөлт орсон. Улаанбаатар орчимд 300 гаруй зочид буудал бий. Тусгаарлалт хийх шаардлага хангасан 30 орчим буудал байгаа. Манай улсад одоогоор Омикрон хувилбар бүртгэгдээгүй. Хил дээр зөөвөрлөгдөж ирсэн 300 орчим тохиолдол байгаа бөгөөд хувилбарыг тодорхойлох шинжилгээ хийгдэж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сард болох барилдааны хуваарь

Нэгдүгээр сарын 09-нд Талх Чихэр ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн_ алдар цолтой 256 бөхийн барилдаан

Нэгдүгээр сарын 15-нд Завхан аймгийн Их уул сумын харьяат, С.Лхагваа начны нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 21-нд Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,

Нэгдүгээр сарын 22-нд СПС телевизийн нэрэмжит “Бахдам гарамгай” барилдаан,

Нэгдүгээр сарын 23-нд Үндэсний бөхийн лигийн барилдаан,

Нэгдүгээр сарын 29-нд “Тарвалин” хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан,

Нэгдүгээр сарын 30-нд Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан АЦЦБЗ 256 бөхийн барилдаан тус тус болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ улс-төр

Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Тус төслийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны бямба гаригт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм.

Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг хямралд орж 2020 онд 4.6 хувиар агшсан. Гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ нээгдэж, эдийн засаг аажмаар сэргэж байгаа ч коронавирусын шинэ хувилбарууд гарч эдийн засагт тодорхой бус байдал хэвээр, хямралаас бий болсон хохирлыг нөхөж чадаагүй, эдийн засгийн салбарууд эмзэг байна.
Цаашид зах зээл бүрэн хүчин чадлаараа ажиллаж, үйлдвэрлэл, үйлчилгээ сэргэж, цар тахлын өмнөх эдийн засгийн өсөлтдөө хүрэх, түүнчлэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилтод хүрэхийн тулд эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, өсөлтийг хурдасгах шаардлага тулгараад байна. Иймд Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” боловсруулан Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд чөдөр болж буй үндсэн зургаан хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхээр тусгалаа гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэн баталж өгөхийг УИХ-ын даргаас хүслээ.
Шинэ сэргэлтийн бодлого нь хөгжлийг хязгаарлагч тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангах, өсөлтийг хүний хөгжилд чиглүүлэхэд оршино.
Тогтоолын төсөл нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг арилгах замаар эдийн засгийн суурийг тэлэх, урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэх хуулийн  төслийн жагсаалт, Монгол Улсын Их Хуралд үе шаттайгаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх хуулийн  төслийн жагсаалт гэсэн нийт таван хавсралттай байна.

Баримт бичгийн төсөлд тусгагдсан төсөл, арга хэмжээг тодорхойлохдоо хэрэгжихүйц бөгөөд хэмжигдэхүйц, бодитой, хэрэгжилтийн цаглабарыг оновчтой тооцсон байх зэрэг төлөвлөлтийн үндсэншалгуурыг баримталснаас гадна зорилтот түвшин, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хамтад ньтооцсон. Экспортыг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийн суурийг тэлэх, түүнд саад болж байгаа хязгаарлагч хүчин зүйлсийг арилгах, хөгжлийн төслүүдийг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилтыг тус тус харгалзан үзэж тусгажээ.
Хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд тулгамдаад буй голлох саад бэрхшээлүүд болох санхүүжилт, тендер сонгон шалгаруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, татвар, газар, зөвшөөрөл олгох үйл явц зэргийг оновчтой, шуурхай болгох зорилт, арга хэмжээ туссан.
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж цар тахлын сөрөг нөлөөг бууруулснаар Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” дунд хугацааны бодлогын зорилтот үр дүнд хүрэх нөхцөл бүрдэх юм.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.
“Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжсэнээр “Алсын хараа-2050”-ын эхний үе шатад эдийн засгийн жилийн дундаж өсөлт зургаан хувьд хүрч, нэг хүнд ногдох үйлдвэрлэл гурав дахин өсөж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрнэ. Дундаж ба түүнээс дээш давхаргын иргэдийн эзлэх хувийг 13 хувиар өсгөж, хүлэмжийн хийн ялгаралтыг 22 хувиар бууруулна.

Хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлс арилж, эдийн засгийн цар хүрээ тэлснээр ажлын байр нэмэгдэж, монгол хүний цалин орлого өсөж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирна. Улмаар чинээлэг дундаж давхарга тэлж, иргэдийн амьдралын чанар сайжирна гэж үзэж байна.