Categories
гадаад мэдээ

Австралид “омикрон” хувилбарын халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

Австралид коронавирусийн “омикрон” хувилбараар халдварласны дараа нас барсан анхны тохиолдол Шинэ Өмнөд Уэльс мужид бүртгэгджээ.

Тодруулбал, Сидней хотын ахмад настны асрамжийн газарт амьдардаг 80 гаруй настай эрэгтэй халдварын улмаас нас барсан байна. Өвчтөн вакцины бүрэн тунд хамрагдсан байсан ч архаг хууч өвчтэй байжээ.

Австралийн хамгийн их хүн амтай Шинэ Өмнөд Уэльст сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 6324 тохиолдол шинээр илэрсэн нь өмнөх өдөр бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтээс 70 тохиолдлоор буурчээ. Одоогийн байдлаар мужийн хэмжээнд 524 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 55 хүн эрчимт эмчилгээний тасагт байна.

Өнөөдрөөс эхлэн Шинэ Өмнөд Уэльст цэнгээний газар, зоогийн газруудад хоёр хавтгай дөрвөлжин метр талбайд нэг хүнд үйлчлэх, үйлчилгээний газруудад “QR” код шалгуулан нэвтрэх зэрэг шинэ хязгаарлалтуудыг мөрдөж байгаа юм.

Шинэ Өмнөд Уэльсийн Эрүүл мэндийн сайд Брэд Хаззардын мэдээлснээр, мужийн засаг захиргаа ажиллах хүчний хомсдолыг зохицуулахын тулд “COVID-19”-өөр халдварласан хүмүүстэй ойр байсан эмнэлгийн ажилтнуудад тавьж буй тусгаарлагдах шаардлагыг цуцлахаар хэлэлцэж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт 72 айлд угаарын хий ялгарч байгааг илрүүлжээ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/, “Таван толгой түлш” ХХК зэрэг байгууллагаас долоо хоног бүрийн даваа гарагт нийслэлийн агаар, орчны бохирдол болоод түүнийг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл хийж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш гаргах гэсэн таван зөрчил илрүүлж, 205 шуудай түлшийг Амгалан дулааны станцад буулгаж, зөрчлийг холбогдох байгууллага шалгаж байгаа гэнэ. Мөн мэргэжлийн хяналтын байгууллага цагдаагийн байгууллагатай хамтран нийслэлийн агаарын чанарын бүсэд байгаа гэр хорооллын айл өрхүүд түүхий нүүрс, агаар бохирдуулагч түлш түлж байгаа эсэхэд шалгалт хийжээ.

Энэ талаар НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш авч гарах гэсэн, мөн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулах гэсэн зөрчилд торгуулийн арга хэмжээ авч, нүүрсийг Амгалан дулааны станцад буулгалаа. “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн явцад мөн тогтмол хяналт шалгалт хийж байна. Лабораторийн шинжилгээгээр түлшний дэгдэлт, чийглэг, дэгдэмхий, бат бөх, илчлэг, хүхэр зэрэг үзүүлэлт нь стандартын шаардлага хангаж байна. Мөн цагдаагийн байгууллага, “Таван толгой түлш” ХХК дүүрэг хороодын албан хаагч нартай хамтран гэр хорооллын 135 мянган аж ахуйн нэгж байгууллага, иргэний түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийхэд дөрвөн зөрчил илэрч, энэ дагуу Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажилласан” хэмээв.

“Таван толгой түлш” компанийн хувьд өдөрт 3200 тонн түлш үйлдвэрлэж, энэ хэмжээний түлшийг түгээж байна. 426 мянган тонн сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд буюу эрчим хүчний баяжуулсан нүүрсийг нөөцөлжээ. Энэ нь өвөлд хангалттай хүрэлцэхүйц хэмжээ бөгөөд 2400 тонн орчим барьцалдуулагч бодис нөөцөлсөн нь 20 хоногийн нөөц гэнэ. Иргэдээс сайжруулсан шахмал түлшний шуудай авч байгаа бөгөөд үйлдвэрт 1.6 сая ширхэг шуудай байгаа. Сайжруулсан түлшийг 600 борлуулалтын цэгээр 203 автомашинаар иргэдэд түгээж байгаа юм.

“Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал “Манай 600 гаруй ажилтан гэр хорооллын 190 мянга гаруй өрхийг угаарын хийн хордлогоос сэргийлэн ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт таван дуудлага ирж, долоон хүн угаартсан. Энэ таван айл нь жирийн монгол зуухтай, зуухны битүүмж, галлагааны стандарт алдагдсан. “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв байнгын хяналт тавьж ажилладаг. Өнгөрсөн долоо хоногт 72 айлд угаарын хий ялгарч байгааг хяналтын дэлгэцээс илрүүлэн 120 гаруй хүнийг угаарын хийд хордохоос сэргийлж чадлаа” хэмээн мэдээлэв.

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн долоо хоногт нийслэл хотын РМ 2.5 тоосонцор, РМ 10 тоосонцор, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрсхүчлийн хий, озон зэрэг түгээмэл бохирдуулагч бодисын тооцоог гаргасан байна. 2020 оны мөн үетэй харьцуулахад дээрх бохирдуулагчдын хэмжээ багассан үзүүлэлтэй гарчээ. Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад тоосонцор болоод азотын давхар ислийн хэмжээ нэмэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Хайлааст, нэгдүгээр хороолол орчимд агаар их бохирдолтой, Нисэх, Зуун айл, Амгалан, Зурагт, Баруун дөрвөн зам орчимд бохирдолтой, бусад газруудад бага бохирдолтой гарчээ.

Мэргэжилтнүүд өнгөрсөн оны мөн үед “Ковид-19” цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосон байсан бол энэ жилийн тухайд автомашины хөдөлгөөн эрс нэмэгдэж, сайжруулсан түлшний хэрэглээ ч өмнөх оныхоос өссөн гэдгийг тодотгож байлаа. Сайжруулсан шахмал түлшний чанарын тухайд НМХГ-аас байнгын хяналт тавьдаг бөгөөд 2018 онд үйлдвэрлэж эхлэх үеийн түлшний чанар өнөөдөр ч алдагдаагүй гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч мэдэгдлээ.

Нийтэлсэн: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 2021 оны хөдөлмөрийн аваргууд тодорлоо

Нийслэлийн 2021 оны хөдөлмөрийн аваргаар нийт 16 салбараас шилдэг 31 эрхмийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар тодруулж батламжиллаа.

Жил бүр нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, хөлс хүчээ зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн, хийсэн ажлаараа хамт олон, дүүрэг, хороо, нийслэлээ манлайлсан хөдөлмөрийн аваргуудаа тодруулдаг уламжлалтай. Энэхүү ажлыг НЗДТГ, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулдаг.

Хөдөлмөрийн аваргуудын олонх нь нийслэл хотоо цэвэр, цэмцгэр байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг Хот тохижилтын газрын жолооч, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд тангараг өргөсөн эмнэлгийн ажилтнууд, нийгмийн хэв журмыг сахиулагч цагдаагийн албан хаагчид байлаа. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нар гардуулсан юм.

Нийслэлийн 20221 оны хөдөлмөрийн аваргаар тодорсон Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын жолооч Г.Мидаабат “14 жил Хот тохижилтын газрын авто баазад ажиллаж байна. Нийслэлийн хөдөлмөрийн аварга болсон нь манай байгууллага, хамт олны үр шим юм” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

Мөн Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн мэс заслын сувилагч Б.Оюунчимэг “Шүд, эрүү, нүүрний төвийн эмчилгээний тасагт 31 жил сувилагчаар ажиллаж байна. Хөдөлмөрийн аварга болсондоо маш их баяртай байна. Үе үеийн захирал болон хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. Хүний шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьдаг. Тийм учраас би мэргэжлээрээ бахархдаг” хэмээлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Коронавируст халдварын тархалт дэлхий даяар гарснаас хойш энэхүү өвчний эсрэг улс нийтээрээ тэмцэж байна. Би дархлаажуулалтын асуудлыг хариуцан нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа. Энэ хөдөлмөрийг минь үнэлж, шагнаж байгаад маш их баяртай байна. Нийслэлийн хүн амынхаа эрүүл мэндийн төлөө цаашдаа зүтгэх болно” гэлээ.

Нийслэлийн 2021 оны хөдөлмөрийн аваргууд

  1. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын жолооч Гаадангийн Мидаабат
  2. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын цэцэрлэгч Буяндэлгэрийн Бат-Эрдэнэ
  3. “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын хог тээврийн жолооч Соном-Очирын Мөнхбат
  4. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын троллейбусны жолооч Дамдинсүрэнгийн Гантөмөр
  5. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын механик засварчин Ганбатын Уранбат
  6. “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын хэлтсийн дарга Жаргалсайханы Батболд
  7. “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК-ийн өндөр хүчдэл түгээх дэд станцын ээлжийн монтёр Харцагын Март
  8. “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК-ийн Налайх ХҮТ-ийн авлагын хэсгийн ахлагч Үрлээгийн Эрдэнэсувд
  9. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн тархвар судлаач эмч Цэнд-Аюушийн Даваажав
  10. Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн жолооч Лүндэнгийн Батмөнх
  11. Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн мэс заслын сувилагч Буриадын Оюунчимэг
  12. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн бөөрний кабинетын эмч Дондивын Цолмон
  13. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны “Энхбуянт манал” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Анхбаярын Ариунзаяа
  14. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Осоргаравын Энхзаяа
  15. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Пүрэвнямын Энхбаяр
  16. Цэргийн төв эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга Рэнчиндоржийн Баянмөнх
  17. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хэв журмын хэлтсийн дарга Шурагийн Батболд
  18. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч Цэдэндамбын Бат-Эрдэнэ
  19. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Түмэннастын Мөнхзул
  20. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн дамжуулах сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээний албаны дарга Жаргалын Батмөнх
  21. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Мядагмаагийн Цогзолмаа
  22. НЗДТГ-ын Бодлогын судалгааны тасгийн дарга Баатаржавын Бямбасүрэн
  23. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ягдайн Бадмаа
  24. Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч Эрдэнэ-Очирын Алтанболд
  25. Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын цахилгааны инженер Батболдын Батсүрэн
  26. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Эрдэнэбаатарын Номин
  27. “АПУ” ХХК-ийн “Хөргөлтийн цех”-ийн хөргөлтийн засварчин Цэвэгжавын Алтангадас
  28. “Монсертф” ХХК-ний ерөнхий захирал Ганболдын Билгүүн
  29. “Ти энд Жи” ХХК-ний гүйцэтгэх захирал Цогтоогийн Гантулга
  30. Монгол-Солонгосын политехникийн коллежийн багш Батсуурийн Бат-Оргил
  31. “Ус сувгийн удирдах газар”-ын Хууль, эрх зүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсийн инженер Сумъяабазарын Загдбазар
Categories
мэдээ улс-төр

“Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулган болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэл хангах хүрээнд “Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2021.12.22) зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод угийн бичиг хөтлөх, цус ойртолтоос сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, удамшлын өвчин, эрт оношилгоо, эмчилгээний чадавхыг дээшлүүлэх замаар монгол хүний удмын санг хамгаалж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүн амын өсөлт, хөгжлийг дэмжинэ гэж тусгасан.

Үндэсний өв уламжлал, гэр бүлийн соёл, хүмүүжлийн зан заншлыг эрхэмлэн удам угсаагаа мэдэх, угийн бичгээ хөтлөх нь иргэн бүрийн ялангуяа гэрлэгчдийн хуулиар хүлээсэн үүрэг юм. Монгол үндэсний угийн бичгийн өв уламжлалыг сэргээх зорилгоор 1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, хүн бүр овог удмаа мэдэж, угийн бичгээ хөтлөхийг нийт иргэдэд уриалсан. Үүнээс хойш Засгийн газраас 1997 онд Угийн “бичиг хөтлөх журам” гаргаж, 2007 онд тус журмыг шинэчлэн батлуулж, мөрдөж байна. Хэдийгээр угийн бичиг хөтлөн, биет бус өвийг уламжлан үлдээх арга хэмжээг авч хэрэгжүүлж буй ч төдийлэн хангалттай биш байна. Угийн бичиг хөтөлж удам судраа мэдсэнээр цус ойртолт, удамшлын аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, цаашлаад бие эрүүл, ухаан саруул монгол хүнийг бий болгоход ихээхэн ач холбогдолтой билээ.

Манай улсад оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүмүүсийн асаргаанд улсын төсвөөс жилд 15,2 тэрбум төгрөг зарцуулж буй судалгаа бий. Хэрвээ бид генетик оношилгооны лаборатори байгуулж цус ойртолтын шинжилгээг нийт гэрлэгчдэд хийж эхэлбэл жилд ойролцоогоор 16 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Бид халамжид зарцуулах төсвөө эрүүл монгол хүнийг бүтээхэд зарцуулж болох бүрэн боломж байгааг үүгээр харуулж байна.

Цаашид хүний генетик оношилгооны эрх зүйн орчныг бүрдүүлж шаардлагатай генетикийн судалгааг хийх, генийн банк байгуулах, хадгалах, генетик оношилгооны лаборатори байгуулах асуудлыг шийдсэнээр аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж буй шалтгааныг олж тогтоох, тухайн шинж чанарт чиглэгдсэн оношилгоо, эмчилгээг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, монгол хүний биемахбодид өвөрмөцөөр чиглэсэн эмчилгээ, оношилгооны салбарын эхлэл тавигдаж, генетикийн шинжлэх ухааны хөгжлийн суурь тавигдах онцгой ач холбогдолтой юм” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр “Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал”, “Хүний генетикийн оношилгоо, эмчилгээний хууль тогтоомж, хэрэгцээ, шаардлага”, “Угийн бичиг хөтлөх журмын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ” гэсэн сэдвүүдээр холбогдох байгууллагын төлөөлөгчид илтгэл тавьж, судалгаа, мэдээллээ солилцов.

Тухайлбал, эмгэг судлаач, генетикч, хүний их эмч, Герман улсын Халле-Виттенбергийн их сургуулийн судлаач эрдэмтэн Б.Сэвжидмаа хэлэлцүүлэгт Герман улсаас холбогдож, “Удмын сангийн мэдээлэл түүний ач холбогдол” сэдвээр сонирхолтой мэдээллийг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцууллаа.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн томоохон хотуудын шинэ жилийн баярын үйл ажиллагаанууд цуцлагджээ

Өнгөрсөн жил дэлхий даяараа хэцүү нэрт өвчний улмаас шинэ жилийн баяраа тэмдэглэж чадаагүй. Гоёлын даашинз, галт наадам, үдэшлэг цэнгүүн бүгд хориотой. Хүн төрөлхтөн бүгд гэр гэртээ, хотын чимээ аниргүй байдлыг ажиглан, элдэв чимээ шуугиангүй намуухан шинэ жилийн үдшээ өнгөрөөсөн билээ. Тэгвэл энэ жил ч ялгаагүй томоохон хотууд шинэ жилийн үйл ажиллагаагаа цуцалж байгаа сурагтай. Цар тахлын улмаас цуцлагдаж байгаа дэлхийн томоохон хотуудын шинэ жилийн уламжлалт үйл ажиллагаануудаас хүргэе.

Берлин хот

Герман улсын Берлин хотын захиргаанаас ковидын халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх үүднээс энэ оны 12 дугаар сарын 28-аас эхлэн хатуу хөл хорио тогтоож, шинэ жилийн баярын цэнгүүнийг хоригложээ. Герман улсын Берлин хотын галт наадмын дүр зураг дэлхийн олон мянган хүмүүсийн сэтгэлд хоногшсон шинэ жилийн үйл явдлуудын нэг билээ. Галт наадмыг үзэх гэж жуулчид шинэ онтой уралдан Берлин хотыг зорьдог байсан нь саяхан. Харин энэ жил тэр гайхалтай галт наадам болохгүй нь харамсалтай.

berlin-jan-1-2015-xinhua-fireworks-light-the-sky-254933-1-300x200 Дэлхийн томоохон хотуудын шинэ жилийн баярын үйл ажиллагаанууд цуцлагджээ

Лондон

Лондон хотын захирагч Садик Хан коронавирусийн “Омикрон” хувилбарт халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан онц байдал зарлажээ. Сүүлийн өдрүүдэд Лондон хотод коронавирусийн халдвар авсан эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо нэмэгджээ. Засгийн газрын мэдээлснээр Лондон дахь эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 28 хувиар өссөн байна. Уг нөхцөл байдлаас үүдээд Лондон хотын Трафальгарын талбайд болох байсан үдшийн цэнгүүнийг цуцалж буй тухайгаа твиттер хуудаснаа жиргэжээ. Үдшийн цэнгүүнд нийт 6500 хүн оролцох байжээ.

Davidcity-300x200 Дэлхийн томоохон хотуудын шинэ жилийн баярын үйл ажиллагаанууд цуцлагджээ

Дели хот

Энэтхэг улсын иргэд шинэ жилийг шөнө дунд биш нар мандахад угтдагаараа онцлогтой. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр, хаалга цонхоо гэрлээр чимдэг. Энэ өдөр эелдэг найрсаг байхыг эрхэмлэж, уурлаж маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэдэг. Шинэ оны өглөө хүүхдүүд нүдээ анин очиж тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Мөн Дели хотын төрийн байгууллагын ажилчид болоод, хувийн хэвшлүүд аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрахын бэлгэдэл болгож үдшийн зоог барьж хамт олноороо цугладаг заншилтай. Гэхдээ энэ жил Энэтхэг улсын засгийн газар Ковид-19 тархалт өссөнтэй холбоотойгоор нийгэм, соёл, улс төр, баяр ёслолын бүх арга хэмжээнд хориг тавихаа мэдэгдэв. Энэ хоригийн хүрээнд төрийн албан хаагчид болон бусад хувийн хэвшлүүд шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байхаар болжээ.

medium-2bbbabee8b3ab736-300x200 Дэлхийн томоохон хотуудын шинэ жилийн баярын үйл ажиллагаанууд цуцлагджээ

Парис хот

Франц улсын шинэ оны онцлох зүйл бол яалтчгүй үзэсгэлэнт Парис хотод байрлах Эйфелийн цамхгаас цацрах гэрлийн шоу билээ. Дэлхийн долоон гайхамшгийн нэг болоод сүр дуулиантай гэрлийн үзүүлбэрийг үзэх нь шинэ жилийн торгон мөчүүдийн нэг. Харамсалтай нь энэ хүлээлттэй үзүүлбэр цуцлагджээ. Өнөөх л нэг хэцүү нэртээс шалтгаалав. Францын Ерөнхий сайд Жан Кастекс 12-р сарын 17-ны баасан гарагт шинэ жилийн өмнөх үдэш олон нийтийн томоохон үдэшлэг, гэрэлт үзүүлбэрийг хориглож буй тухайгаа мэдээлсэн юм.

depositphotos_284479018-stock-photo-paris-france-december-092016-eiffel-300x263 Дэлхийн томоохон хотуудын шинэ жилийн баярын үйл ажиллагаанууд цуцлагджээ

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Монгол Улсаас дэлхийн багш төрөх болтугай

Багшийн Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг 1 сая долларын шагналын сантай (Global Teacher Prize) “Дэлхийн шилдэг багш” шалгаруулах үйл ажиллагааг Английн “Варки” сан 7 дахь жилдээ зохион байгуулж, 121 орноос 8,000 гаруй багш оролцож байна.

Багшийн хөгжлийг дэмжих боловсрол сан, БШУЯ, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний хороотой хамтран Монгол багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, тэдний заах арга барил, бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 630 багшаас шилдэг 50 багшийг 9 шүүгчийн хөндлөнгийн үнэлгээгээр шалгаруулж, сүүлийн шатанд шалгарсан

  1. Улсын тэргүүний 1-р сургуулийн бага ангийн багш Чимэдийн Энхтуяа,
  2. Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн Түүх нийгмийн ухааны багш Намширын Нарантуяа,
  3. Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн Монгол хэл, Үндэсний бичиг, уран зохиолын багш Лхагвасүрэнгийн Наранжаргал,
  4. Улсын тэргүүний 1-р сургуулийн Физикийн багш Начингийн Оюунчимэг,
  5. Дорнод аймгийн 12-р сургуулийн бага ангийн багш Донровын Оюумаа,
  6. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р сургуулийн Монгол хэлний багш Нямын Мөнхтогтох,
  7. Баянхонгор аймгийн Номундалай Цогцолбор сургуулийн математикийн багш Дугарсүрэнгийн Өлзийбаатар,
  8. Улаанбаатар, Монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн багш Жамбалын Мөнхсайхан,
  9. Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биологийн багш Рэгзэдмаагийн Цэрэн-Очир,
  10. Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн Хувцас, дизайн, төрөлжсөн сургалтын багш Баяраагийн Бор нарт БШУ-ы сайд Л.Энх-Амгалан амжилт хүсэж батламж, зөөврийн компьютер хүлээлгэн өглөө.

Тэрбээр монголын 47.000 багшийн төлөөлөл болж “Дэлхийн Шилдэг багш-2022” шалгаруулалтад нэр дэвшиж буй эдгээр 10 багш нь Монголоос дэлхийд өрсөлдөх багш нарын үүд хаалгыг нээж буй анхдагчид гэдгийг онцлоод Монгол Улсаас дэлхийн багш төрөх болтугай гэв.

Эх сурвалж: БШУЯ

Categories
мэдээ нийгэм

Цус ойртолтын шинжилгээг нийт гэрлэгчдэд хийвэл жилд ойролцоогоор 16 тэрбум төгрөгийн зардал гарна

Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулган болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэл хангах хүрээнд “Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулсан.

“Цаашид хүний генетик оношилгооны эрх зүйн орчныг бүрдүүлж, генийн банк, генетик оношилгооны лаборатори байгуулах нь ач холбогдолтой”

Тус хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод угийн бичиг хөтлөх, цус ойртолтоос сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, удамшлын өвчин, эрт оношилгоо, эмчилгээний чадавхыг дээшлүүлэх замаар монгол хүний удмын санг хамгаалж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүн амын өсөлт, хөгжлийг дэмжинэ гэж тусгасан.

Үндэсний өв уламжлал, гэр бүлийн соёл, хүмүүжлийн зан заншлыг эрхэмлэн удам угсаагаа мэдэх, угийн бичгээ хөтлөх нь иргэн бүрийн ялангуяа гэрлэгчдийн хуулиар хүлээсэн үүрэг юм.

Монгол үндэсний угийн бичгийн өв уламжлалыг сэргээх зорилгоор 1991 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, хүн бүр овог удмаа мэдэж, угийн бичгээ хөтлөхийг нийт иргэдэд уриалсан. Үүнээс хойш Засгийн газраас 1997 онд Угийн “бичиг хөтлөх журам” гаргаж, 2007 онд тус журмыг шинэчлэн батлуулж, мөрдөж байна. Хэдийгээр угийн бичиг хөтлөн, биет бус өвийг уламжлан үлдээх арга хэмжээг авч хэрэгжүүлж буй ч төдийлөн хангалттай биш байна.

Угийн бичиг хөтөлж удам судраа мэдсэнээр цус ойртолт, удамшлын аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, цаашлаад бие эрүүл, ухаан саруул монгол хүнийг бий болгоход ихээхэн ач холбогдолтой билээ.

Манай улсад оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүмүүсийн асаргаанд улсын төсвөөс жилд 15.2 тэрбум төгрөг зарцуулж буй судалгаа бий.

Хэрвээ бид генетик оношилгооны лаборатори байгуулж цус ойртолтын шинжилгээг нийт гэрлэгчдэд хийж эхэлбэл жилд ойролцоогоор 16 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Бид халамжид зарцуулах төсвөө эрүүл монгол хүнийг бүтээхэд зарцуулах бүрэн боломж байгааг үүгээр харуулж байна.

Цаашид хүний генетик оношилгооны эрх зүйн орчныг бүрдүүлж шаардлагатай генетикийн судалгааг хийх, генийн банк байгуулах, хадгалах, генетик оношилгооны лаборатори байгуулах асуудлыг шийдсэнээр аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж буй шалтгааныг олж тогтоох, тухайн шинж чанарт чиглэгдсэн оношилгоо, эмчилгээг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, монгол хүний бие махбодид өвөрмөцөөр чиглэсэн эмчилгээ, оношилгооны салбарын эхлэл тавигдаж, генетикийн шинжлэх ухааны хөгжлийн суурь тавигдах онцгой ач холбогдолтой юм” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр “Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал”, “Хүний генетикийн оношилгоо, эмчилгээний хууль тогтоомж, хэрэгцээ, шаардлага”, “Угийн бичиг хөтлөх журмын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ” гэсэн сэдвүүдээр холбогдох байгууллагын төлөөлөгчид илтгэл тавьж, судалгаа, мэдээллээ солилцов.

Тухайлбал, эмгэг судлаач, генетикч, хүний их эмч, Герман улсын Халле-Виттенбергийн их сургуулийн судлаач эрдэмтэн Б.Сэвжидмаа хэлэлцүүлэгт Герман улсаас холбогдож, “Удмын сангийн мэдээлэл түүний ач холбогдол” сэдвээр сонирхолтой мэдээллийг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай байна.


2021 оны 12 сарын 27-ны 20 цагаас 12 сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор болон Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 34-39 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 26-31 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 18-23 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 29-нөөс 2022 оны 1 дүгээр сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд Хөвсгөл, Хэнтийн уулс, Халх голын сав газраар ялимгүй цас, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 2022 оны 1 дүгээр сарын 1-нд хүйтний эрч бага зэрэг чангарна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
мэдээ нийгэм

10 аймгийн төвд дулааны станц барина

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн төвүүдийн өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэгцээг хангаж, дутагдлыг нөхөх зорилгоор шинэ эх үүсвэр, дулааны шугам сүлжээ барих ажлыг хэрэгжүүлэхээр тусгагдсан. Энэ ажлын хүрээнд БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 10 аймгийн төвд дулааны станц барих “МОН-14” төслийг Эрчим хүчний яам хэрэгжүүлж байна.

Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий зэрэг 7 аймгийн төвд хэрэгжих төслийн барилга угсралтын ажил эхэлж, талууд өнөөдөр /2021.12.27/ гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БНСУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, БНСУ-ын Экспорт Импорт банкны Монгол дахь суурин төлөөлөгч И Дун Хён, “Бюксан инженеринг” компанийн гүйцэтгэх захирал Ким Дон Вон болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Гүйцэтгэгч “Бюксан инженеринг” компани дээрх аймгийн төвүүдэд:

– 180 Гкал/цаг нийлбэр хүчин чадалтай 19 зуух бүхий 7 дулааны станц,

– 46 км урттай хос дулаан дамжуулах шугам,

– 57 дулаан дамжуулах төвийг 26,5 сарын хугацаанд тус тус барьж, хүлээлгэн өгөх юм.

Төслийн хүрээнд баригдах дулааны станцууд нь төвлөрсөн дулаан хангамжаар хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангахаас гадна хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай. Дулааны улиралд ажиллах хэрэгцээний халуун усны бага чадлын зуух, хувьсах зарцуулалттай насос, галын аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмж, автомат удирдлагын систем, үнс, шаарга хадгалах битүү сав, эхний галлагаа хийх шингэн түлшний систем зэрэг дэвшилтэт технологийг багтаасан.

Төсөл хэрэгжсэнээр байгаль орчин, нийгэмд дараах нөлөөллийг үзүүлнэ:

– Дэд бүтэц, үйлдвэрлэл хөгжиж, бүс нутгийн хөгжил түргэснэ,

– Байгаль орчны бохирдол буурч, амьсгалын замын өвчлөл буурна,

– Ажлын байрны аюулгүй байдал хангагдаж, үйлдвэрлэлээс шалтгаалах өвчлөл, аваарь осол буурна,

– Иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдсэнээр нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн саарна,

– 1000 орчим ажлын байр бий болно

– 737 аж ахуйн нэгж, байгууллага дулааны эрчим хүчээр хангагдана,

– 437 төсөвт байгууллага дулааны эрчим хүчээр хангагдана,

– 547 нийтийн орон сууц дулааны эрчим хүчээр хангагдана,

– 1086 амины орон сууц дулааны эрчим хүчээр хангагдана,

– 50 м2 талбайтай 6189 айл өрх шинээр дулааны эрчим хүчээр хангагдах боломж тус тус бүрдэнэ.

Төсөлд хамрагдах 10 аймгаас үлдсэн 3 аймгийн төв (Архангай, Дундговь, Төв)-д дулааны станц барилга угсралтын ажлыг 2022 онд эхлүүлж, 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөн, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Засгийн газар маргааш хуралдана

Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газрын хуралдаан болох хуваарьтай байдаг. Тэгвэл ирэх лхагва гаригт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр таарч, бүх нийтээрээ амрана. Иймд Засгийн газрын хуралдааныг наашлуулж, маргааш хуралдахаар болжээ.