Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн сард 120.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний 10 сарын эцсийн байдлаар Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр 868.5 тэрбум төгрөгийн зээлийг 11.5 мянган өрхөд олгожээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 2.3 дахин нэмэгдсэн дүн гэж Монголбанк мэдээллээ.

Өнгөрсөн дөрвөн жилд ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд сард дунджаар 32.6 тэрбум төгрөгийн зээлийг олгож байсан бол 2021 онд сард дунджаар 84.4 тэрбум төгрөгийн зээл олгосон нь 2.2 дахин их үзүүлэлт юм. Монголбанк энэ оны 11, 12 дугаар сард нийт 70 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 46.7 тэрбум төгрөг нэмж, хоёр сарын хугацаанд нийт 116.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгохоор төлөвлөж байсан. Тэгвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард 120.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар пүрэв гаригт хуралдана

Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газрын хуралдаан болох хуваарьтай байдаг.

Тэгвэл лхагва гараг буюу маргааш Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр таарч, бүх нийтээрээ амрах учраас өнөөдөр хуралдахаар болсон юм.

Гэтэл өнөөдөр мөн хуралдахаа больж, хуралдаанаа пүрэв гаригт товложээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЖҮР ҮР: Нэг хэрэглэгчид 2-оос илүү бялуу худалдахгүй

Шинэ жилийн баяр болохтой холбоотойгоор Жүр үр бэйкеригээс мэдэгдэл гаргалаа. Тухайн мэдэгдэлд, түүхий эд материалын хомстол үүсч байгаатай холбогдуулан нэг хэрэглэгчид хоёроос илүү бялуу худалдахгүй байх шийдвэрийг гаргасан байна.

Categories
гадаад мэдээ

Хятад улс коронавирусийн эсрэг вакцины экспортоор тэргүүлэв

Дэлхийн худалдааны байгууллага болон Олон улсын валютын сан 11 дүгээр сарын сүүлийн байдлаарх улс орнуудын вакцины экспортын дүн мэдээг гаргажээ.

Энэ мэдээлэлд дурдсанаар, Хятад улс коронавирусийн вакцины үйлдвэрлэл болон экспортоор тэргүүлсэн байна. БНХАУ нийт вакцины 45 хувь буюу 4.5 тэрбум тун вакцин үйлдвэрлэжээ. Үүнээс 1.5 тэрбум тун вакцин экспортлосноор дэлхийн хамгийн их, коронавирусийн вакцин экспортлосон орнуудыг тэргүүлж байна.

Үүний араас Европын холбоо бичигджээ. ЕХ коронавирусийн вакцины 15.6 хувь буюу 1.6 тэрбум тун вакцин үйлдвэрлэж, 1.4 тэрбум тун вакцин экспортлосон байна.

Үйлдвэрлэлийн хэмжээгээр Энэтхэг улс 1.6 тэрбум вакцин үйлдвэрлэснээрээ гуравдугаарт бичигджээ. Харин АНУ 847.5 сая тун вакцин үйлдвэрлэж, үйлдвэрлэлтээр дөрөвдүгээрт бичигдсэн бол 348 сая вакцин экспортлосноороо энэ үзүүлэлтээр дөрөвдүгээрт бичигдсэн байна.

Харин Орос улс вакцины үйлдвэрлэлээр тавдугаарт бичигджээ. Энэ улс 232,9 сая тун вакцин үйлдвэрлэж, 93.4 сая тун вакцин экспортлосон байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон медаль гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн ордонд шагнал гардуулна.

-11:00 цагаас цэргийн дээд цол,

-13:00 цагаас төрийн дээд цол, одон, медаль,

-ЗХЖШ-т 14:30 цагаас энхийг сахиулагчдад төрийн одон, медаль тус тус гардуулна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улс анх удаагаа ‘Body Painting’ төрлөөр дэлхийн аваргын цом хүртлээ

АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулсан “Global vega beauty championship 2021” тэмцээнээс монгол уран бүтээлч эгч8 дүүс болох Л.Цэрэндулам, Л.Чимэддулам нар нийт таван төрөлд түрүүлсэн амжилтыг гаргалаа.

Тодруулбал, тус тэмцээнд дэлхийн 45 улсын 26 багийн 4700 оролцогч өрсөлдсөн бөгөөд Монголын уран бүтээлчид “Poster Fantasy make up, Poster body painting make up, Poster make up wedding, Poster Fantasy make up, Neon make up” гэх таван төрөлд шилдгээр шалгарч, цомын эзэд боллоо. Түүнчлэн үүнтэй давхцан “OMC Hair world” буюу дэлхийн гоо сайхны томоохон тэмцээний энэ жилийн шалгаруулалт Франц улсад болсон бөгөөд Монгол Улсын анхны цомыг Л.Чимэддулам авчирч чадлаа.

Энэ талаар бид Л.Цэрэндуламаас тодруулахад “Салбартаа арав гаруй жил тууштай хөдөлмөрлөсний хүчинд ийнхүү амжилт гаргалаа. Бид маш их баяртай байна. Манай эгч 2014 оноос хойш энэ тэмцээнд тасралтгүй оролцсон. Моделиор Андра агентлагийн загвар өмсөгч н.Номин-Эрдэнэтэй хамтран ажилласан. Уран бүтээлийн хувьд домгийн сэдвийг хөндөж эмэгтэй хүний гоо сайхныг илэрхийлэхийг зорьсон юм. Монгол Улсдаа анхны аваргын цомыг авч ирсэн эгчээрээ бахархаж байна” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

ЖДҮ эрхлэгчдийн зээлийн үлдэгдэл 5.5 их наяд төгрөг байна

ЖДҮ эрхлэгчдийн зээлийн үлдэгдэл өмнөх сартай харьцуулахад 0.1 хувиар буурч, ААН-д олгосон зээлийн үлдэгдэл 3.5 их наяд төгрөгт, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 2.2 их наяд их наяд төгрөгт хүрчээ.

ЖДҮ эрхлэгчдийн зээлийн үлдэгдэл арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 58.3 хувиар өсөж 5.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний 61.4 хувийг ЖДҮ эрхлэгч ААН-д, 38.6 хувийг ЖДҮ эрхлэгч иргэдэд тус тус олгосон байна.

ЖДҮ эрхлэгчдийн зээлийн үлдэгдлийн:

  • 36.3 хувийг худалдаа
  • 11.4 хувийг боловсруулах үйлдвэрлэл
  • 11.1 хувийг барилга
  • 5.2 хувийг байр сууц, нийтийн хоолны үйлчилгээ
  • 4 хувийг ХАА-н салбарын зээл бүрдүүлж байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүдэг гэрэлтэй айлууд бол бидний очих ёстой айл

Бид “Лантуун дохио ТББ”, “Ид шидийн орон”-той хамтран долоо дахь шилдээ зохион байгуулж буй “Ид шидийн уут 2021” аяныг сурвалжлахаар Анаржин төвийг зорилоо. Алсын салхи жихүүн амьсгалаар тас няс хийсэн Улаанбаатарын энэ л өглөө, үүр цайж гэгээ тодроход -38 градусын хүйтэн байлаа. Бид байгууллагын тэргүүнтэй холбогдож бямба гаригийн өглөө 8:30 цагт 120 мянгатын “Анаржин” төвд уулзахаар тохиролцсон юм. Биднийг очиход төвийн үүдэнд “Ид шидийн орон” гэсэн бичигтэй арав гаруй машин цуварч хаалгуудаа нээн зогссон байлаа. Маш олон охид, залуус хайрцагтай, ууттай бэлэг зөөж, уур савсуулан орж гарч гүйлдэнэ. Их л яарсан бололтой.

Анаржин төв рүү ороход үүднээс хоймор хүртэл халгисан их бэлэг биднийг угтав. Энэ бүхэн хүмүүсийн сэтгэлийн хандиваас бүрдсэн гэхэд бахархал төрмөөр. Ийнхүү цааш ажвал шуугилдаж, инээлдсэн, цасан охин, алиалагчийн хувцсаа өмсөж буй охид, кофе чанаж бусдыгаа дулаацуулж байгаа бүсгүй, дууны аянд толгой дохин өвлийн өвгөний хувцсаа өмсөж буй залуу, өрөөний цаад буланд сэмэрсэн ханцуйгаа оёж буй охин гээд хүн бүр дор бүрнээ завгүй харагдлаа. Бэлэгнүүдийг анзаарвал зөвхөн чихэр, жимс биш гутал, цүнх, куртик, ноосон өмд, сүү, боорцог, хөнжил, оймс, хүүхдийн живх, ариун цэврийн хэрэглэл гээд хүүхэд төдийгүй хүн бүхэнд амин чухал хэрэгцээтэй зүйлсийг цуглуулжээ. Зүүн гар талын ханан дахь хувцасны шүүгээний хаалга нүдэнд тусав.

Хаалган дээр Багахангай Мэндээ, Налайх Сүхбат, БЗД1 Энхтүвшин, БЗД2 Өнөрөө, ХУД1 Ганбаяр, ХУД2 Анударь гэх мэт 19 хүртэл дугаарлан бичжээ. Хажуу эгнээнд нь хантааз, нөмрөг оёх, сахал, уут угаах, өвлийн өвгөнд шинэ монгол дээл гурав, бүс дөрөв, нөмрөг 15, сахал 18 гэх мэт шигүү бичсэн байв. Үүнээс анзаарахад ид шидийн орны өвлийн өвөө

“Цас мөсний их орноос

Цан хүүрэн татуулан

Үүлтэй тэнгэрээс доогуур

Үзүүртэй модноос дээгүүр” ирдэггүй бололтой. Харин Анаржин төвөөс машиндаа бэлгээ ачин, сахлаа зүүж, дээлээ өмсөөд, таягаа тулан, их хотын өнцөг булан бүрт хайр хэрэгтэй зүрх бүр рүү цасан охин, алиалагч, тандалтын багаа дагуулан үүрийн гэгээнээр бэлэг өгөх айлын эрэлд гардаг аж. 9:00 цагаас эхлэн хотын алслагдсан дүүргүүд рүү багуудаа хуваарилж бэлэг ачуулан хөдөлгөлөө. “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяр “Нийт 19 баг байна. Өнөөдөр манай баг Төв аймаг руу явна. Та бидэнтэй хамт явах уу. Бүх дүүргийн багуудаа хөдөлгөчихөөд хамгийн сүүлд нь бид хөдөлнө шүү” хэмээв.

Ингээд бэлэг ачиж, багуудаа хөдөлгөх зуур сайн дурын гишүүн “Бидний зарим нь энд хоносон юм. Өглөө гэрээсээ ирэх гэж байснаас энд хоночихвол цаг хэмнэж бид нар эрт гарч, олон хүүхдүүд баярлуулах боломжтой шүү дээ” гэж ярилаа. Дөрөв, таван баг хөдөлсний дараа тэд хоорондоо “Машин дутчихлаа. Сошиал хаяг дээрээ тусламжийн нийтлэл оруулах уу”, “Тэгье”, “Хоёр машин олчихлоо” гэх мэт яриа өрнөнө. Төд удалгүй машин ч бүрдэж, зорьсон газар руугаа хөдөллөө. Манайхтай нийлээд гурван баг ес эхэлж жавар тачигнасан энэ л өглөө мянга мянган зүрхийг дулаан байлгахаар Био комбинат руу хөдөллөө. Бидний эхний зорилт бол Био дахь хогийн цэгийн ажилчдыг баярлуулах. 11:35 цагт бид гурван машинтай хогийн цэгт очлоо. “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан машинаас түрүүлж буун ажилчидтай уулзаад бидэнд ирж хүмүүст буруу ойлголт төрүүлэхгүйн тулд бичлэг, зураг авахгүй, цагаасаа өмнө машинаас буухгүй байхыг анхаарууллаа. Удалгүй өвлийн өвгөн, санта клаус хоёр машины ар дээр гарч дуу дуулан, машины хоёр талаар өвлийн өвгөн, цасан охины араас бид жагсан ажилчид руу алхлаа. Тэнд хориод ажилчид байсны ихэнх нь 30 гаруй насны залуучууд байлаа. Ойр хавиар хогон дунд бэлчих үхэр сүрэг. Хогийн цэгт хөө тортог болсон хувцастай, шатааж буй машины дугуйны салхин дээд талд ажилчид дор бүрнээ зав чөлөөгүй тонголзоно. Хогны илжирсэн үнэрт хамар цоргино.

Бид гадаа салхинд гучхан минут зогсоход л гар хөл чичирч, хөл бээрэв. Бидний дэргэд жилийн дөрвөн улирал энд ажилладаг үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хог ялгадаг иргэд зогсоно. Тэнгэр газар нь ялгагдахгүй нүүгэлтсэн утаан дунд овойж, оцойсон их хог. Энэ бүх хог биднийх гэж бодоход гутах шиг болов. Санта, өвлийн өвгөн бэлгээ ачин хогийн төв цэгт ирж зогсоод алиалагч, цасан охид, багийн залуус явж хүмүүсийг урилаа. Санта клаус “Шинэ бүхний эхлэл, шинэ оны мэнд хүргэе, сайхан цаг айсуй” хэмээн дуулна. Хэзээ гэдгийг нь үл мэдэх ч хүн бүхний нүдэнд хайр гэрэлтэнэ. Тэд шатаж буй дугуйны илчинд дулаацаж байлаа. Хавар, намрын нимгэн куртиктэй эмэгтэй галын дэргэд гараа ээн, хөлөө хооронд нь савлан зогсоно. Тэрээр таван хүүхэдтэй гэдгээ хэлж өвлийн өвгөнөөс бэлгээ авлаа. Бүгд жагсаж зогсоод хүүхдийнхээ тоог хэлэн бэлгээ авч зарим нь “Та нартаа баярлалаа, сайхан баярлаарай”,“Ямар сайхан юм бэ”, “Хогийн цэгт болж байгаа анхны тоглолт байх аа” гэж нулимс унагав.

Бэлгээ тарааж дуусаад Био комбинатын захад байрлах дараагийн айлыг зорилоо. Тандагч охин айл руу орж “Нэг нярай, бага, дунд, ахлах ангийн дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон аав байна. Нярайд нь живх өгье” гэж хэлэв. Багийнхан бэлэгний том улаан богцондоо дөрвөн уут бэлэг, живх хийж өвлийн өвгөн үүрч цасан охин, алиалагч, баримтжуулагч, тандагчаа дагуулсаар “Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ. Өвлийн өвгөн аав нь ирлээ” гэсээр гэр рүү оров. Зүүн орон дээр охин дөрвөн сартай хүүхдээ хуурайлж, хойд матрасан дээр дунд ангийн хүүхэд толгой дээгүүрээ хөнжил нөмрөн хэвтэнэ. Харин дунд охин бишүүрхэнгүй орны дэргэд нүдээ гялалзуулан зогслоо. Өвлийн өвөө хүн бүрийн ажил, цахим хичээлийн хамрагдалт, хүндрэлтэй зүйл, эрүүл мэндийн байдлын талаар ярилцаж дунд охин ч авьяасаа үзүүлээд амжлаа. Тэр хооронд багийн бүх гишүүд үүргээ гүйцэтгэнэ. Цасан охин хүүхдүүдийг дуудаж өвөр дээрээ суулган ярилцаж, бэлэг богцноос гаргаж өвөөд өгнө, алиалагч хүүхдүүдтэй ярилцана, тандагч асран хамгаалагчаас асуулгын судалгаа авна. Судалгаанд айлын гурван үгт хаягийг бичиж, эрүүл мэнд, өрхийн амьжиргааны түвшин, боловсрол зэрэг олон зүйлийг хамруулжээ. Ингээд бэлгээ өгөөд өвлийн өвөө “Миний хүү хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч байгаарай, биеэ бодоорой, баяртай” гэсээр гэрээс гарав. Гарч ирээд багийнхан өөрсдийн ажигласан зүйлээ тандагчид хэлж бичүүлнэ. Хүүхдийн биен дээр шарх, сорви байсан эсэх ямар нэг хүчирхийллийн шинж илэрсэн үү, дахин ирэх шаардлагатай юу, юугаар туслах боломжтой талаар бичүүлээд дараагийн айл руу хөдөллөө. Бидний очих дараагийн айл бол “Лантуун дохио” ТББ-ын 2017 онд тохижуулсан монгол гэр байлаа. Тэнд ойр хавийн бүх хүүхдийг цуглуулж жил бүр баярлуулдаг уламжлалтай талаараа ТББ-ын ажилтан ярив. Гэрт 22 хүүхэд цугларчээ, дөрвөн өвлийн өвөө тэдэнтэй ярилцаж авьяасыг нь үзлээ. “Авьяасаа үзүүлсэн хүүхдийг өвөө нь шагнана аа” гэтэл дөрвөн настай жаахан шар охин “мост” буулаа. Хүүхэд гэдэг ийм л гэнэхэн. Гэрийн үүдэн дэх амбаарын босго газраас хөндий 30 орчим см өндөр хүүхэд байтугай том хүн ч давахад бэрх байлаа. Гэр энд тэнд огло татсан хулдаастай байв. Ойр хавийн хүүхдүүдээ цуглуулаарай гэх сургаар ой гаруйтай шалдан хүүхдээ тэврээд гэр рүү гүйж ирэх эмэгтэй, тав, зургаан настай хөл нүцгэн хоёр охиноо хөтлөн хурдан алхах настан гэх мэт хүмүүсийг харахад ийм хүйтэнд ямар хэцүү байгаа бол хэмээх бодол толгойд бууж, нулимс нүдэнд зурсхийв. Өвлийн өвөө нар “Энэрэл миний хүү бэлгээ аваарай, миний хүү хичээлдээ сайн анхаараарай. Дөлгөөн миний хүү сайн хүн болоорой” гээд л бүх хүүхэдтэй танилцаж тэдэнд нэрээр нь дуудаж бэлэг өгөх дүрэмтэй аж.

13:30 цаг. Бид Зуунмод хотыг зорилоо. Багийн ахлагч замд очих айлуудын байршлыг шалгаж, өөр очих ёстой айлуудыг хүмүүсээс сурна. Байгаль дэлхий бүхэлдээ цагаан нөмрөгөө нөмрөн дэндүү үзэсгэлэнтэй. Бид 15:00 цагт бэлгээ хуваарилаад гурван баг тус тусын хэсэг рүү хөдөллөө. Манай баг Төв аймгийн Сэргэлэн сумыг зорих болов. Сумын төв аймгаасаа 15 минутын зайтай агаад цомхон, цэвэрхэн байлаа. Бид эхний айлд ирэхэд цэцэрлэгийн насны хоёр хөөрхөн хүү ээжийнхээ цаанаас булталзана. Тэд өвлийн өвөөгөөс нүдээ салгалгүй

“Зулзаган ногоон гацуурхан

Зундаа өвөлдөө ногоорно оо

Хөлтэй их хотод маань

Хүчилтөрөгч бэлэглэнэ” хэмээн дуулав. Хүүхдүүдийн ээж бидэнд дараагийн очиж болох айлыг зааж өгөв. Тэр айлаас гаран гудамжаар явж буй хоёр охинд бэлэг өгч, гэрт нь орлоо. Тэдний гэр бүл зургуулаа. Гэрийн хаалгыг татахад л биднийг дулаан галын илч ээв. Гэр дотор ээж нь бага хүүхдээ тэвэрч, аав нь баруун хойд хоймортоо сууж, дунд дүү нь унтаж, хоёр эгч нь гаднаас орж ирж байв. Сурсан дүрмээрээ сайхан харилцаа үүсгэж ярилцаж, хүүхдүүддээ бэлэг өгөн, хоёр охин хүслээ өвлийн өвөөгийн чихэнд шивнэлээ. Ингээд бид цааш сумын төвийг тэдний хэлж заншсанаар хэд хэд “самналаа”. Дийлэнхдээ хашаа муутай, сондгой айлууд руу тандагчаа оруулна. Тандагч хэдэн хүүхэд, ямар хүн байгааг мэдэж гарч ирээд бид орох ёстой эсэхээ шийддэг. Тандагч Ө.Ундрал “Хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлтэй айл байна. Бараг ямар ч хамаагүй айлд морь унуулна гэсэн нэрийдлээр авчраад таван жил болж байгаа юм байна. Өвөө энэ айл руу орох уу” гэв. Энэ янзаар явсаар бид арваад айлыг тандаж таван айлд бэлэг өгчихөөд харуй бүрийтэй зэрэгцэн Төв аймаг руу хөдөллөө.

Замдаа Төв аймагт очих айлаа хүнээр заалгаж эхний айлдаа ирлээ. Биднийг зургаан хүүхэдтэй аав угтсан юм. Башингийн гадна машин очиж зогсоход л хүүхдүүд жижиг цонхон дээрээ шавав. Тандагчийн хэлснээр бүх хүүхдэд гутал, цамц, бэлгээ бэлтгэн орлоо. Биднийг ороход нүд нь гялалзаж, хөөрхөн хацарт нь мишээл тодрон “Өвлийн өвөө!” гэж амаа дарцгаана. Тэднийх гурваас 17 насны зургаан хүүхэдтэй. Бид уламжлал ёсоор нэрийг нь дуудан бэлэг өгч, өвөр дээрээ суулган гутал, хувцасуудаа өмсгөж үзүүлнэ. Хувцас солих явцад хүүхдийн биед ямар нэг сорви, шарх байгаа эсэхийг ажиглах ёстой. “Өвөөдөө хүслээ шивнээрэй, өвөө нь биелүүлж чадах зүйл газартай болмоор байна”, дунд охин “Гар утас авмаар байна” хэмээв. Багийн ахлагч бидэнд “Айлуудаа сайн анзаараарай, сондгой, бүдэг гэрэлтэй айлууд бидний очих ёстой айл шүү” гэж анхааруулав. Тандалт хийж явсаар бид хэд хэдэн айлаар орж явсаар гэртээ ганцаараа байсан 75 настай өвөөгийд оров. Түүнд боорцог, сүү, аарц, ууталсан бэлэг өгөөд “Миний хүү эрүүл энх байж, урт наслаарай. Өвөө нь 500 настай шүү дээ” хэмээн манай 20 гаруйхан настай өвлийн өвөө баргил хоолойгоор хэлээд гарав. Ингээд бид дараагийн айлуудаар орж 20:00 цагт Зуунмодын төв талбай дээр ирлээ. Өдөр гурван баг салахдаа 20:00 цагт уулзахаар тохиролцсон юм. 20:20 цагт Улаанбаатар хотын Анаржин төвийг зорилоо. Энэ жилийн “Ид шидийн уут” аяныг жийп, патрол, ланд машины клубүүд болон хувь хүмүүс унаагаар хангажээ. Багийн ахлагч “Бараг сарын өмнөөс бэлэг цуглуулах аян эхэлж олон сайхан сэтгэлтэй хүмүүс алслагдсан хязгаарын хүүхдүүдийг баярлуулах гэж өөрөөсөө илүүчлэн дулаан хувцас, идэх амттан, ном дэвтэр, тоглоом хүртэл авчирч өгсөн. Түүнийг сайн дурын олон залуус ангилж савлан бэлтгэнэ. Энэ жил бэлэгний уутуудаа залуус өөрсдөө оёсон. Зүгээр ёс болгож бус хайраа шингээж бэлддэг болохоор бэлэг болгон хайрын амттай. Бид хол гэлтгүй өвлийн өвөө цасан охид нь очих л болно. Тэгш хүртээмж, тэгш боломж” хэмээн ярилаа. Бидэнтэй нийлээд 19 баг, 110-130 сайн дурын ажилчид ажиллалаа. Энэ удаа ойрын аймаг болох Төв аймаг, Багахангай, Багануур, Налайх, гээд хол дүүргүүд рүү явсан юм. Тэд жил бүр өөрсдийн очдог дата, нэмэлт тандалтын баг худаг, дэлгүүрийн хүмүүсээс асууж, нийтийн байр айлуудаар орж хайр хэрэгтэй өрхүүдийг илрүүлдэг ажээ. Багийн цасан охин “Орон нутгийн өрхүүдийн амьдрал дундаж байна. Нийслэлийн захын дүүргүүдэд айл руу ороод зүрх зүсэгдэх шиг болдог. Бид нар уйлаад л гарч ирдэг айлууд олон байдаг” гэв. Тандагч “Энэ жил хүүхдүүдийн нүдэнд ганцаардал, гуниг, ээнэгшил ажиглагдаж байсан. Биднийг баярлаж, догдолж биш, бишүүрхэж хүлээж авч байна. Энэ нь хөл хорионы үеэр нийгмийн харилцаанд орохгүй, аав ээж нь ярилцахгүй байгаатай холбоотой. Манай багийнхан энэ жил 6-7 мянган бэлэг бэлдсэн. 600-800 өрхөөр очно” хэмээв.


Categories
мэдээ цаг-үе

Голын мөс цөмөрч суудлын автомашин живжээ

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Чулуутын гол” гэдэг газарт “Суудлын автомашин голын мөсөнд цөмөрч живсэн” тухай дуудлага өнгөрөгч арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 21:10 цагт /21:15 цагт/ хүлээн авчээ.

Улмаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 110 км замыг туулан 07:46 цагт очиход Хөвсгөл аймгаас Архангай аймгийн чиглэлд зорчин явсан иргэн О-ийн “Лексус”-570 загварын суудлын автомашин “Чулуут” голын мөс цөмрөн орсон байсныг 8 цаг 34 минут ажиллан татаж гарган иргэн О-д хүлээлгэн өгчээ. /Жолооч болон 4 зорчигч өөрсдөө эсэн мэнд гарсан./

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгүүлчид сэлфидсэнээс болж айлчлал муу болоогүй ээ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-д төрийн айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын үр дүнд 100 жилийн дипломат харилцаатай гэх хоёр орны улс төр, эдийн засагт нөлөөлөхүйц ямар ахиц дэвшил гарсан, төрийн бодлого стратегийн түвшинд цаашид хэрхэн хамтарч ажиллах, мөн бодит ямар асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн зэрэг нь огт тодорхойгүй байгаа. Монголын хэвлэл мэдээлэл, Оросын хэвлэлээр айлчлалын үр дүнгийн тухай мөн тодорхой дурдагдсангүй. Үндсэндээ нэг л ойлгомж муутай, бүрхэг албан маягийн дипломат мэдээ яваад өнгөрч байх шиг. “ОХУ-д хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын ганц бодит ажил нь ойн хүрээнд гаргасан “Тунхаглал” байна. Өөр томоохон шийдвэр үр дүн харагдсангүй” гэж олон улс судлаач Н.Эрдэнэбүрэн хэлсэн.

Тэгвэл тэрхүү тунхаглал гээчид юу юу байгааг анзаарч үзвэл “Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, бие биенийхээ ашиг сонирхлыг харгалзан үзэж, харилцан хүндэтгэх үндсэн дээр хил дамнасан усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалахад нягт хамтарч ажиллахыг эрмэлзэнэ” гэж хатуу заажээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ерөөсөө Эгийн голын УЦС-ыг барьж болохгүй, та бүхэн цахилгааны хувьд цаашид Оросоос хараат байсаар байх болно гэсэн үг. Үүнийгээ тулган хүлээлгэсэн тунхаглал. Түүнээс хил дамнасан гол мөрөнг хамгаалах асуудал огтоос биш. Ийм хатуу тунхаглалд манай Ерөнхийлөгч гарын үсгээ зурлаа, Эгийн гол болоод бусад УЦС-ууд баригдах хувь заяа улам бүрхэг боллоо гэж судлаачид харуусаад байгаагийн гол гогцоо энэ юм.

Мөн “Талууд ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төсөлд шаардлагатай дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлнэ” гэж заасан. Энэ нь бид бүхнийг эрчим хүчний хувьд оросууд бүрэн хамааралтай байлгах бодлого. Энэ тухай манай сонин өмнө нь бичиж байсан. Ерөнхийлөгчийг очингуут буудалд нь хамгийн түрүүнд “Газпром”-ынхон “шогшоод” ирсэн нь ийм учиртай. Украин хийн хоолойгоор дамжуулж Оросоос эрчим хүчээ аваад яаж баларч, оросууд газаа хаахад улс орон нь сүйрэлд орж, Киев хотын орон сууцны цахилгааны үнэ гэнэт 8 дахин өссөн тухай судлаач Т.Болд тодорхой хэлснийг бодууштай. Саяхан оросууд эрчим хүчний хямралыг Европт зориуд үүсгэж байна хэмээн Герман “Хойд урсгал 2” хийн хоолойн зөвшөөрлийг түдгэлзүүлж буйгаа мэдэгдсэн. Европын байгалийн хийн импортын 40 хувийг Орос дангаараа хангадаг, хэрвээ “Хойд урсгал 2” ашиглалтад орсноор нөлөөлөл нь улам бэхжих аюултай гэж Европын орнууд болгоомжилж байгаа. Герман мэдэгдэл хийсэн даруйд Европт хийн үнэ огцом өсч, нэг мянган шоо метр нь 1046 ам.долларт хүрснийг “CN” мэдээлсэн. Хийн хоолойн асуудалд Европын орнууд, Америк аль нь болгоомжтой хандаж байна.

Айлчлалын гол үр дүн гэгдэх төрийн тэргүүнүүдийн тунхаглалыг нарийвчлан үзвэл ийм байна. Манайд ямар ч үр нөлөөгүй, харин ч бүр цахилгаан эрчим хүчний хувьд улам хараат болох аюултай, улс орны цаашдын хөгжил дэвшилд тээг садаа болсон, урхаг уршигтай зүйлүүд байна. Монголчуудыг молигодсон айлчлалынхаа улс төр, эдийн засгийн нөлөөллийг оросууд дэлхий нийтэд сүр болгож дэлгэсэнгүй.

Харин энэ удаагийн айлчлалын хамгийн шуугиантай зүйл нь Монголын сэтгүүлчдийг хаа явсан газраар гар утсаараа зогсоо зайгүй сэлфи хийлээ гэж элдвээр хэлж олон улсад цацлаа. Тухайлбал “Россия-1” сувгаар “Монголын сэтгүүлчид алхам бүрээ авч байна. Харсан тааралдсан болгоныхоо зургийг дарж сэльфидээд л байна. Масктай, маскгүй, сиймхий гарч л байвал сэлфи хийж, түүндээ хязгааргүй баярлан гүйлдэж байна” гэх утга бүхий мэдээллийг манай сэтгүүлчдийн сэльфи хийж байгаа зураг хөрөгтэй тод томруунаар гаргасан. Сэтгүүлчид сэлфидэх бол хаана ч, аль ч улс оронд байдаг энгийн үзэгдэл. Энэ бол тэгж гайхаад, цочирдоод, элдвээр хэлээд байх юм биш. Харин нэг хүний дэглэмтэй гэгдэх Орост л байдаггүй юм байлгүй. Оросын томоохон телевизийн сувгуудаар ингэж үзүүлэхийг бодоход Орост сэтгүүлчид нь сэлфи хийвэл хэрэгт ордог бололтой. Үндсэндээ өөрийнхөө гар утсаар өөрийгөө авах нь байж болохгүй зүйл, тийм ичгэвтэр явдал юм байх.

Бид ганцхан Орост очиж байгаа юм биш. Монголчууд, Монголын хэвлэл мэдээллийнхэн дэлхийн бүх оронд очиж төрийн айлчлал, олон улсын том хурал зөвлөгөөн, баяр ёслолыг сурвалжилж байсан. Азийн хамгийн хөгжилтэй гэгддэг Хятад, Япон, Солонгос, Сингапурт очиж байсан. Мөн Европын орнууд, Англи, Франц, Герман, Дани, Итали, Швейцарь гээд бүх орноор явж, тухайн улсын нэр алдартай хүмүүс, дэлхийн одуудтай, хүн төрөлхтний гайхамшиг болсон газруудад очсоны дурсгал болгон сэлфи хийдэг. Тухайлбал, Францад очсон бүх л хүн Парисын цамхагийг оруулж байгаад сэлфи хийдэг. Зөвхөн монголчууд гэлтгүй гадны сэтгүүлчдийн улс орнуудын аяллын нэвтрүүлгийг үзэж байхад тухайн улсынхаа хүмүүстэй сэлфидэж байгаа харагддаг. Тиймээс энэ бол олон улсад үнэндээ гайхахаар юм биш. Гэтэл оросууд сэлфи хийсэн монголчуудыг манайхны хэлдгээр эвэртэй туулай үзсэн юм шиг, өөрсдийнх нь хэлдгээр баба яга гэх үлгэрийн шулмаа харсан юм шиг биднийг элдвээр хэлж гутаан доромжилж байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ бол зүгээр нэг сэтгүүлчид сэлфидсэн асуудал төдий биш байх. Ерөөсөө монголчуудыг гутаах гэсэн, олон улсад ялангуяа Монголын төрийн тэргүүний айлчлалыг анхааралтай ажиглаж байсан Хятадад “Бид монголчуудтай хэзээ ч найз биш” гэдгээ илэрхийлсэн оросуудын хандлага.

Оросууд ийм нэг жудаг журамгүй, увайгүй, ядарсан орны ядруухан аргаа энэ удаагийн айлчлалаар илэрхийллээ. Төрийн тэргүүний айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчдийг төв телевизийнхээ сувгуудаар ямар нэгэн байдлаар гутааж гаргана гэдэг дипломат ёсонд байж боломгүй үйлдэл. Ийм л ядарсан аргыг оросууд хэрэглэж байгааг нь харахад хөөрхий дөө, хойд хөрш маань ядруу байна гэж бодогдлоо. Дэлхий дахинд биднийгээ ингэж элдэв дээдээр хэлж, юм үзээгүй мэтээр гутаах гэж оролдон, өөрсдийгөө нэг их мундаг улс гүрэн болгох гэж ядаж цөхөж байгаа нь ийнхүү өрөвдөхөд хүргэлээ. Энэ бол үнэхээр ядарсан орны чадарсан арга. Хэрвээ дэлхийн том гүрэн, улс орнууд бол төрийн айлчлалынхаа үр дүнг л ярина. Түүнээс сэтгүүлчид, айлчлалын бүрэлдэхүүнд яваа эрхмүүд сэлфиднэ үү, зураг хөргөө хэнтэй авахуулна уу, ёстой падгүй. Ер нь сүүлийн үед Орос руу, Путин руу айхавтар дайралт ирж байгааг бид мэднэ. Ялангуяа Путин 2036 он хүртэл төрийн эрхийг барих, Үндсэн хуулийн санал асуулгын үеэр юу болж байв. Оросын эдийн засгийн тулгуур болсон газрын тосны үнэ сүүлийн 20 гаруй жил байгаагүй доод түвшиндээ хүрснээс болж рублийн ханш их унасан. Үүнээс улбаалан эдийн засаг нь агшиж байгаа. Газрын тос байгалийн хийн орлого 165 тэрбум ам.доллараар буурч буйг эдийн засагч Татьяна Евдокимова хэлснийг “BBC” онцолсон байна лээ. Эдүгээ 70 настай Путин 2036 он хүртэл дахиад 14 жил үндсэндээ 84 нас хүртлээ Оросыг удирдаж ганц хүний дэглэмд байлгана гэдэг айхавтар том сорилтын өмнө ирж барьц алдаж байгаа бололтой. Монголчууд бид эх орны дайнд Оросын төлөө эцсээ хүртэл тэмцсэн. Дахиад оросууд маань биднээсээ тусламж авах хэмжээнд хүрч байгаа юм биш биз дээ. Хэрвээ тэгтлээ ядарч цөхрөхдөө тулаагүй бол сэтгүүлчид нь сэлфидлээ гэж хариугүй аахар шаахар зүйлээр хөөцөлдөж биднийгээ ингэж дэлхий нийтэд гутаамааргүй юм. Гэхдээ харамсалтай нь ямар ч байсан У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлал ямар ч үр дүнгүй боллоо. Харин Оросын телевизээр гараад, манайхны хөөргөн дэвэргээд байгаа шиг сэтгүүлчид сэлфидсэнээс болж айлчлал муу болоогүй шүү гэдгийг онцлон хэлье.

Д.Батболд