Categories
мэдээ нийгэм

Зорилтот бүлгийн иргэдэд өдөрт 100 тонн сайжруулсан түлш үнэгүй олгоно

Улаанбаатар хотод сайжруулсан түлшний борлуулалтын 607 цэг ажиллаж байна. Мөн зарим иргэн ажлаа тараад гэртээ харих үед сайжруулсан түлшний цэгүүд хаалттай байна гэх гомдол ирдэг. Тиймээс Тавантолгой түлш компанитай хамтран түлш борлуулах цэгүүдийг өглөө, оройн ээлжид шилжүүлж, цагийн зохицуулалт хийжээ. Ингэснээр орой ажлаа тарсан иргэд түлш авах боломж бүрдэж байгаа юм.

Үүнээс гадна сүүлийн өдрүүдэд утаа нэмэгдэж байна гэх шүүмжлэл гарч байгаа. Утааны үнэр нэмэгдэх болсон шалтгааныг шалгаж тогтоохыг хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Иргэдийн зүгээс хог, автомашины дугуй шатааж байна гэх гомдол, мэдээлэл хэлдэг. Гэвч шалгалтаар тогтоогддоггүй. Сайжруулсан түлш худалдаж авах боломжгүй, зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй түлш олгодог байсан нь нөөцийн асуудлаас болж зогссон.

Гэхдээ Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Тавантолгой түлш компанитай зөвшилцөөд 2022 оны нэгдүгээр сарын 2-ноос эхлээд зорилтот бүлгийн иргэдэд өдөрт 100 тонн сайжруулсан түлшийг үнэгүй олгодог болохоор бэлтгэлээ базааж байна.

Түүнчлэн сайжруулсан түлшнээс өөр зүйл шатаасан зөрчлийн мэдээллийг 102 дугаарт хүлээн авч, шуурхай ажиллаж эхэллээ

Categories
мэдээ нийгэм

Поп дива С.Наран Монгол улсын гавьяат жүжигчин боллоо

Монголын урлагийн салбарт тэр дундаа рок поп урлагт тодоор гялалзаж яваа поп дива, Соёлын тэргүүний ажилтан С.Наран өнөөдөр /2021.10.28/ Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо.

Таван хэлээр цомгоо гаргасан цор ганц уран бүтээлч бөгөөд гаднын хөгжмийн зохиолч болон продюсеруудтай хамтарч ажилласан гээд түүний хүчирхэг хоолойгоор амилсан уран бүтээлүүд бүхэн нь хит болдог гэхэл хилсдэхгүй биз ээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Мянган оюутны байр мянган архичны оромж шиг болжээ

Бид Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Мянган оюутны байр”-ны нөхцөл байдлыг сурвалжлахаар 13:00 цагт очлоо. Найман жилийн өмнө ашиглалтад орсон оюутны байрны үүдэнд овойж товойн хөлдсөн бөөлжистэй зэрэгцэн шороон зогсоол дээр 10 гаруй төмөр хүлэг хааш, яаш харан зогсож байв. Байр баруун болон хойд талдаа хоёр хаалгатай. Хойд хаалганы үүдэнд “дугуй засвар” хэмээх хаяг байлаа, зөвхөн баруун хаалгаар оршин суугчид ордог аж.

Хаалганы дэргэд тамхи зуучихсан зогсож байсан эмэгтэй бидэнтэй зэрэгцэн байр руу орж ирсэн нь тус байрны жижүүр байлаа. Үүдээр нь оронгуут эхүүн муухай үнэр хамар цоргиож удаан байхаас жихүүдэс хүрмээр орчин угтлаа. Жижүүр “Манайх Асгат сервис хэмээх хувийн компани. Энэ байр одоо түрээсийн байр болсон. Энд цөөн оюутан амьдардаг

Элдэв асуудал гардаггүй, согтуу хүмүүс эргэлддэггүй, чамайг оруулахгүй” хэмээн ундууцав. Бид учраа тайлбарлаж арай л ам муруйчихсангүй. Хөөгдөж зогсох үед байрнаас гарч байсан залуугаас “Уучлаарай, өөрөө оюутан уу” хэмээн асуухад “Тийм ээ, яасан юм бол” гэсээр байрны гадаа гараад “Би ИЗОУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан. Бидэнд чөлөөт цаг бага, зав гарвал цагийн ажил хийж хэрэглээний мөнгөө олдог. Энэ бол оюутны байр биш, нийтийн байр. Бидний хажуу хаалганд гэр бүл амьдардаг” гэв.

Ингээд бид дотогш орлоо. Оюутнууд томоохон рестораны ариун цэврийн өрөө шиг хэмжээтэй хүйтэн өрөөнд гурав, дөрвүүлээ амьдарч байв. Тэд “Маш тухгүй, айж амьдардаг. Сургуулийнхаа дотуур байранд орж чадаагүй, байр түрээслэх санхүүгийн боломжгүйн улмаас энд амьдарч байна. Угаасаа өөр орох оронгийн сонголт ч байхгүй” хэмээн ярилаа. Оюутнуудын хувьд амьдрах нөхцөл бэрх ч тэвчихээс өөр аргагүй юм. Залууст спорт заал, кофе шоп, фитнесс, цэвэрхэн ариун цэврийн өрөө, “мөрөөдөл” болжээ. Ийм газар интернэтийн хүртээмж, эрүүл мэнд, аз жаргалтай амьдралын талаар бодоод ч хэрэггүй биз.

Оюутны байрны коридороор шөнөдөө хөлчүү эрс холхиж, агсран маргалдаж, оюутан охид залууст нэг ёсондоо үнэгүй “сургалт” ордог аж. Нарийн коридороор эгнэсэн олон бор хаалганы цаана өөр өөр амьдрал өрнөнө. Нэгдүгээр давхарт хүнсний дэлгүүр байв. Дэлгүүрийн худалдагч “Оюутнууд бэлэн гоймон, зайдас, ганц хоёр ширхэг сонгино, төмс, граммын банш, газтай ундаа, ширхэгийн шампунь худалдаж авах нь элбэг. Оюутнууд маш цөөхөн байдаг, ойрхон паб, караоке, буудал их болохоор шоудаж шартсан залуус бэлэн гоймон авдаг юм шиг санагддаг. Уг нь паб биш номын сан, сагсны талбай хэрэгтэй баймаар” хэмээв.

Байрны хоёр давхар руу гартал ноорхой хаалганууд, ганц нэг хувцас хатаагч харагдана. Эхний арван айлын хаалгыг тогштол гурав нь эзгүй, тав нь түрээслэгч гэр бүл, хоёр нь оюутан амьдарч байв. Зургаа дахь хаалганд амьдардаг АШУҮИС-ийн оюутан “Номын сантай л байртай болмоор байна. Ингэж амьдрах гэж орон нутгаас аав, ээжээсээ холдон орж ирээгүй юмсан. Гэхдээ бидний санхүүгийн боломж л энэ юм даа” , ШУТИС-ийн оюутан Ц.Жавхлан “Шөнө битгий хэл өдөр тайван унтахад хэцүү. Шөнөдөө хэрүүл, зодоон тасардаггүй. Найзтайгаа 250 мянган төгрөгөөр түрээсэлдэг, оройд гэр рүүгээ орохоос айдаг. Бид нэг их зүйл хүсээгүй, бүтэн нойртой л хономоор байна. Ядаж оюутны байр нийтийнх биш байвал сайхан аа” хэмээн санаа алдав. Тэдний өрөөнд нэг сандал, буланд жижиг буйдан, нөгөө буланд жижиг цаасан хайрцган дээр гал тогоо нь харагдана. Хоёр аяга, гурван халбага, нэг сэрээ өрж, харанхуй цонхны зэрэгцээ хананд туузтай медаль өлгөсөн нь гялтганаж байлаа.

Эрэгтэй оюутнуудад бохир, архичин, завхай зайдан, замбараагүй гэсэн нэрийдлээр түрээсийн байр олддоггүй. Харин охидод хэт олон байр олдож, зарим нь “Биеэрээ түрээс төлөх” санал тавьдаг гэнэ. Ирээдүйн их бүтээн байгуулалтын эзэд 19-хөн настай залуус улсын нийслэл Улаанбаатартаа ийм байдалтай амь зогоож байгааг хараад хэнд “гомдох” ёстойг ойлгосонгүй.

Мянган оюутны байрнаас гараад арав алхахгүй савнаасаа сагасан их хог, архины шил, талаар тарчихсан харагдав. Оюутны байртай хамгийн ойр үйлчилгээний төв бол вьетнам авто засвар, тав алхаад зочид буудал, дааралсан гурван караоке, лоунж, баар, компьютер тоглоомын газар байлаа.

Тоглоомын төвөөр ороход дийлэнх нь 20-30 насны залуус сууж байв. Тэдний чөлөөт цагаа өнгөрөөх газрын нэг нь энэ. Харин зочид буудал, лоунж, караокены эзэд оюутнууд орлогынх нь эх үүсвэр биш, лоунжид орсон оюутан хоёр лаазаас илүү шар айраг худалдаж авдаггүй талаар ярьж байв. Мөн “Жой” хэмээх зочид буудал ажиллуулдаг эмэгтэй “Манайх 21-ээс доош насныханд үйлчилдэггүй. Зочид буудал зургаан өрөөтэй, орон нутгаас нийслэлд ажлаар ирсэн хүмүүс үйлчлүүлдэг” гэв.

Иргэдийн хамгийн сайн мэдэх оюутны байрны орчин ийм л байна. Манай улс шиг оюутны байрныхаа үүдийг “Караоке”, “Дэн буудал”, “Лоунж” гэсэн улаан бичгээр гэрэлтүүлдэг улс хэр олон байдаг юм бол доо. Тухайлбал, бидний хөрш БНХАУ-ын их сургууль усан бассейн, номын сан, стадион, сагсны шийд, теннисний талбайтай. Харин гадаад оюутнуудын нийтийн байр гал тогоо, угаалгын газар, спортын заал, өрөө бүр утас, телевиз, агааржуулагч, интернэт, ширээ, номын тавиур, хувийн ариун цэврийн өрөөтэй байдаг тухай БНХАУ-д суралцдаг оюутан Д.Бадамцэцэг ярилаа.

Өнөөдрийн залуус ирээдүйд таны хүүхэдтэй нэг нийгэмд амьдарна гэдгийг хэнбугай ч мартах ёсгүй.

А.ГАНТУЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МҮОНТВ-ийн тоймч Ж.Алтангэрэл Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо

Олон жил парламентын сэтгүүлчээр ажиллаж буй МҮОНТВ-ийн “Монголын мэдээ” сувгийн тоймч Ж.Алтангэрэл өнөөдөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо.

Ерөнхийлөгч Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын зүтгэлтнүүдэд Монгол Улсын гавьяат цол олгосны нэг нь дээрх эрхэм байв.

Тэрбээр өдгөө “Монголын мэдээ” сувагт тоймчоор ажиллаж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Төрийн аудитын байгууллага “Нээлттэй аудит” цахим сайтыг танилцууллаа

Үндэсний аудитын газраас “Нээлттэй аудит” мэдээллийн портал сайтын үйл ажиллагааг өнөөдөр /2021.12.28/ эхлүүлж, олон нийтэд танилцуулж байна

Төрийн аудитын байгууллага мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллаж, өөрийн (https://audit.mn/) цахим хуудсаараа дамжуулан иргэд, олон нийтэд мэдээ мэдээллээ нээлттэй, ил тод хүргэсээр ирсэн билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн иргэд, олон нийтэд зориулан шинээр танилцуулж буй “Нээлттэй аудит” (http://open.audit.mn) портал сайтаас Төрийн аудитын байгууллагын аудитын тайлангуудыг дэлгэрэнгүй, хураангуй, визуал зэрэг олон төрлийн хувилбараар хүлээн авах болон холбогдох бусад мэдээлэлтэй цаг алдалгүй танилцах боломж бүрдлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2020 онд шинэчлэн баталсан Төрийн аудитын тухай хуульд Төрийн аудитын байгууллага нь хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ил тод, нээлттэй байдлыг сахин ажиллаж, төрийн байгууллага болон иргэд, олон нийттэй үр нөлөөтэй харилцах, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зохицуулалтыг тусгасны дагуу тодорхой үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Түүнчлэн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д тусгагдсан цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжих, төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлтэй уялдуулан Төрийн аудитын байгууллага 2021 оныг “Аудитыг цахимжуулж нэгтгэн удирдах, тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэх бодлогын жил” болгон зарласан.

Энэ хүрээнд аудитын үйл ажиллагаанд иргэдийн мэдээллийг ашиглах, харилцагч талуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эргэх холбоог сайжруулах зорилгоор Европын холбооны Итгэлцлийн сангийн санхүүжилтээр Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх нь” төслийн шугамаар http://open.audit.mn сайтын үйл ажиллагааг эхлүүлж байна.

“Нээлттэй аудит” портал сайтаар дамжуулан нийтийн эрх ашгийг хөндсөн, олон нийтийн анхаарлын төвд буй асуудлаар аудит хийх сэдвийн санал болон Шилэн дансны хуулийн хэрэгжилттэй холбоотой санал хүсэлтээ Төрийн аудитын байгууллагад цахимаар илгээх боломжтой.

Аудитад иргэд, олон нийтийн оролцоог хангаснаар санхүүгийн ил тод байдлыг сайжруулах, төсвийн орлого бүрдүүлэлт, зарцуулалтад тавих хяналтыг нэмэгдүүлж, авлигыг бууруулах, ядуурлыг багасах зэрэг бодит үр дүнд хүрч буй олон улсын сайн туршлага бий. Иймээс Төрийн аудитын байгууллага “Нээлттэй аудит” портал сайтдаа дараагийн аудитын сэдэв сонгоход иргэд олон нийтийн саналыг тусгаж, мэдээлэл авах, аудитаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагын хэрэгжилтийн биелэлтэд тавих хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Энэхүү портал сайтын үйл ажиллагааг эхлүүлснээр төрийн хяналтын чиг үүргийг хараат бусаар хэрэгжүүлэх, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх цаашлаад “САЙН ЗАСАГЛАЛ”-ыг бэхжүүлж, иргэдийн амьдралыг сайжруулах чухал алхам болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad

Angry

Categories
мэдээ нийгэм

Хурандаа С.Ганбямба, Ж.Болдбаатар нарт Бригадын генерал цол хүртлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг Цэргийн дээд цол хүртээх тухай:

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдүгээр орлогч дарга, Хурандаа Сүнрэвийн Ганбямба
  • Хурандаа Жавзмаагийн Болдбаатар нарт Бригадын генерал цол хүртээв.
  • Хурандаа С.Ганбямба, Ж.Болдбаатар нарт Бригадын генерал цол хүртээв
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ж.Бадамсүрэн: 0 хэмд хөлддөг усыг шатахуунтай холих боломжгүй

Устай хольсон шатахуун борлуулж байгаа эсэхийг шалгах зорилгоор Ашигт малтмал газрын тосны газраас зарим ШТС-д хяналт шалгалт хийж байна.

Тус газрын чанарын менежер, шинжээч Ж. Бадамсүрэн “Манайх төлөвлөгөөт үзлэгийг жилд нэг удаа хийдэг. Саяны шалгалтаар “Тэс Петролиум” шатахуун түгээх станцад зөөврийн шинжлэх багажаар АИ92 бензин дээр моторын арга болон шинжилгээний аргаар шинжилгээ хийж шалгалаа. Тусгай багажаар шинжихэд 95,8 үнэлгээтэй буюу чанарын шаардлага хангагдсан гэх үзүүлэлт гарлаа. Бид иргэдийн санал хүсэлтийн дагуу 15 шатахуун түгээх станцад шатахууны дээж авч шинжихэд чанарын шаардлага хангасан гэж гарсан. Мөн бензинийг устай холих боломжгүй гэдгийг зөөврийн тусгай багажаар харууллаа. Ус өөрөө 0 градуст хөлддөг учир ямар нэгэн байдлаар бензинийг устай холих боломжгүй байдаг ”гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Маргааш зах, худалдааны төвүүд өөрсдийн хуваариар ажиллана” гэв

Энэ долоо хоногийн лхагва гаригт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ой тохионо. Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр учир амрах хуультай. Энэ өдөр болох үйл явдлаас тоймлон хүргэж байна.

2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд:

  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
  • Төр, засгийн тэргүүнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
  • УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордонд болно.
  • Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Баярын өдөр давхцаж буй тул лхагва гариг бүрд болдог Засгийн газрын ээлжит хуралдаан хойшлогдож пүрэв гаригт товлогджээ.

Арванхоёрдугаар сарын 29-н болон 2022 оны нэгдүгээр сарын нэгэнд худалдаа, үйлчилгээний томоохон захууд дотоод зохион байгуулалтаараа ажиллана. НЗДТГ-аас худалдааны зах, төвүүдийг амраах захирамж гараагүйг албан эх сурвалж тодотголоо.

Түүнчлэн арванхоёрдугаар сарын 31-нд Д.Сүхбаатарын талбайд шинэ оноо угтах албан ёсны ажиллагаа зохион байгуулахгүйг НЗДТГ-аас мэдэгдсэн. Ажлын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ гэдгийг ТЦА-наас мэдээлэв.

2022 оны нэгдүгээр сарын нэгэн шинэ жилийн баярын өдөр. Эх сурвалжийн хэлснээр ирэх оны нэгдүгээр сарын нэгний баярын өдөр Бямба гарагт таарч байгаа ч ажлын өдөр рүү шилжүүлэх зохицуулалт хийгдэхгүй бололтой.
Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд 2021 оны эцэст 67.3 сая толгой мал тоологдлоо

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүнг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

ЭЗСГ-ын ХААБОҮСХ-ийн дарга Э.Мягмарханд “Улсын хэмжээнд 2021 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.3 сая толгой мал тоологдлоо.

Нийт малын тоо өмнөх оноос 268.4 мянгаар буюу 0.4 хувиар өссөн байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр

  • 4.3 сая адуу,
  • 5 сая үхэр,
  • 453.8 мянган тэмээ,
  • 31.1 сая хонь,
  • 26.5 сая ямаа тоологдлоо.

Нийт мал сүрэгт:

  • Хонь 46.2 хувийг
  • Ямаа 39.3 хувь
  • Адуу 6.4 хувь
  • Үхэр 7.5 хувь
  • Тэмээ 0.7 хувийг эзэлж байна” гэв.

Сүүлийн 31 жил сүрэгт ямааны эзлэх хувь 19.5 нэгж хувиар нэмэгдсэн. Сүргийн бүтцэд ямааны эзлэх хувь өмнөх оноос хоёр нэгж хувиар буурсныг онцоллоо.

Өмнөх онтой харьцуулахад хонь 1.0 сая буюу 3.4 хувиар, үхэр 288.8 мянга буюу 6.1 хувиар, адуу 230.1 мянга буюу 5.6 хувиар тус тус өсөж, ямаа 1.3 сая буюу 4.6 хувиар, тэмээ 19.1 мянга буюу 4.0 хувиар буурчээ.

Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5.9 сая мал тоолуулж тэргүүлсэн бол Архангай аймаг 5.6 сая, Хэнтий аймаг 5 сая, Төв аймаг 4.7 сая, Сүхбаатар аймаг 4.2 сая мал тоолуулж, улсад хамгийн их малтай байна.

Орхон, Сэлэнгэ, Завхан, Баян-Өлгий, Дорноговь, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Ховд, Увс, Хөвсгөл аймгуудад малын тоо өмнөх оноос 17.4-440 мянгаар өссөн бол Дархан-Уул, Говьсүмбэр, Улаанбаатар хот, Төв, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймгуудын хувьд малын тоо өмнөх оноос 5.2-712.8 мянгаар буурсан байна.

Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Хөвсгөл аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.

Хамгийн олон малтай сумдыг дурдвал: Нийт малын тоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 662.0 мянга, Хэнтий аймгийн Хэрлэн сум 529.3 мянга, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 523.1 мянга, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул 494.1 мянга, Архангай аймгийн Эрдэнэмандал сум 485.5 мянга мал тоолуулж малын тоогоор тэргүүлжээ.

Урьдчилсан дүнгээр төллөсөн хээлтэгч өмнөх оноос 2.9 сая, бойжуулсан төл 2.6 саяар буурчээ. Мөн 100 эхээс бойжуулсан төл 68 байгаа нь өмнөх оноос зургаан төлөөр буурсан аж.

Мөн улсын хэмжээнд гурван сая том мал зүй бусаар хорогдсоноос ямаа 1.5 сая, хонь 1.1 сая, үхэр 187.8 мянга, адуу 117.3 мянга, тэмээ 22.2 мянга байна.

ВИДЕО:

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны үнэ огцом өсчээ

Дэлхийн зах зээлд газрын тосны жишиг үнийг тогтоогч WTI болон Brent төрлийн бүтээгдэхүүний үнэ огцом өссөн байна. Арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Brent төрлийн барааны үнэ 78.75 ам.доллар болж өссөнөөр өнгөрсөн долоо хоногоос найман ам.доллароор өссөн үзүүлэлт юм.

Өдрийн төлөвийг ажиглавал буурах хандлагагүй байгаа юм.

Харин WTI төрлийн бүтээгдэхүүний үнэ 72 ам.доллароос 75.78 ам.доллар болж мөн л огцом өссөн үзүүлэлттэй байна.