Categories
мэдээ нийгэм

О.Цогтгэрэл: Э.Бат-Үүл баатарыгаа эргэлээ

Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл дөрвөн жилийн хорих ялаар шийтгэгдээд буй. Түүнийг хоригдсноос хойш өмгөөлөгч нь эргэж “Хоригдлууд баатрыг Хонхны дуу дуулан хүлээж авсан” гэж хэл дуулгасан. Харин өнөөдөр АН-ын дарга гэгддэг О.Цогтгэрэл мөн эргэжээ. О.Цогтгэрэл өөрийн цахим хуудаснаа”Э.Бат-Үүл . Сэтгэл санаа нь сэргэлэн цоглог байна. Харин улс орондоо, намдаа санаа зовж, зөвлөж байна. Хийсэн хэрэг үгүй, улс нийгмийн том зүтгэлтэн хүн ийм байдаг аж. #Free_Batuul” хэмээн нийтэлжээ.


Categories
мэдээ цаг-үе

100 айл орчимд агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 22 дахин их байна

Улаанбаатар хотын дөрвөн байршил буюу 100 айл, Баянхошуу, I хороолол, Хайлаастад агаарын бохирдол маш их хэмжээнд хүрээд байна.

100 айл орчимд бохирдол хамгийн их буюу 1123 байгаа нь хэвийн хэмжээнээс 22 дахин их үзүүлэлт юм.

Агаарын бохирдол өмнөх жилээс эрс нэмэгдэж, дотор орчинд угаар үнэртэх, гадуур явахад ихээр ханиалгах болсон талаар иргэд ярьж буй. Харин албаныхны зүгээс сайжруулсан шахмал түлш стандартын шаардлага хангаж байгаа, түүхий нүүрс, хаягдал дугуй шатааж буйтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалтаа чангатгасан хэмээн мэдээлсэн.

Өмнөх оны мөн үеийн бохирдлын хэмжээг энэ онтой /12 сарын 20-26-ны өдөр/ харьцуулж харвал хүхэрлэг хий буурсан харин азотын давхар исэл, РМ 10, РМ 2.5 тоосонцрын хэмжээ өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

Гал сөнөөгчдөөс анхны гавьяат төрлөө

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнууллаа.

Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.

Ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг нь Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан ес дэх гавьяат буюу гал сөнөөгчдөөс төрсөн анхны гавьяат болж байна.

Тэрээр Онцгой байдлын байгууллагад 19 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа юм. Ажиллах хугацаандаа ахуйн гал түймрийн 3120 удаагийн дуудлагаар ажиллаж, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 5.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 1975 удаагийн гал түймэр дээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган өөрийн биеэр 684 хүнийг, тасгийн бие бүрэлдэхүүнийг удирдан зохион байгуулж 2162 хүнийг болзошгүй гал түймрийн аюулаас авран хамгаалсан.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 4-р хороо “Юмт Бөмбөгөр” худалдааны төв, Сонгино хайрхан дүүрэг 18 дугаар хороо “НИК”-ийн шатахууны агуулахын резервуар, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо Залаатын амны “Голын эрэг амралтын газрын байр, МАХН-ын байр, Баянгол дүүргийн “Бөөний бараа бааз”-ын цаасны үйлдвэр, Баянзүрх дүүргийн төмрийн үйлдвэр, “Уран зургийн галерей”, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Саруул худалдааны төв, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Сандей Плаза худалдааны төв, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Багшийн хөгжлийн ордон, Баянгол дүүргийн 5 дугаар хороо “Дашваанжил” ХХК-ийн борлуулалтын төв, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Засгийн газрын ордны хуралдааны өрөө, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Хаан гэр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Е Март худалдааны төв, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Говь Кашмер”-ийн үйлдвэрийн барилгын дээвэрт тус тус гарсан гал түймрүүд дээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласан шилдэг алба хаагчдын нэг.

Ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг нь 2004, 2006, 2008, 2010, 2014, 2016, 2018 онуудын Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд баг хамт олноор амжилттай оролцож тэргүүн байр эзэлж , 2006 онд Улсын рекордыг тогтоож, Монгол Улсын спортын мастер цолтой тамирчин аврагч юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.12.28) хуралдаан 10 цаг 25 минутад эхэлж, хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр гишүүдийн ирц, хэлэлцэх асуудлыг танилцуулав.

Хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.

Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр хэлэлцэхэд асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.

Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцов.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Categories
мэдээ нийгэм

Малчдын 39.4 хувь нь зээлтэй байна

ҮСХ нь мал тооллогоор малын тоо, толгой, түүнд гарсан өөрчлөлт хөдөлгөөнөөс гадна малчдын ахуй амьдрал, нийгэм, эдийн засгийн талаарх зарим гол мэдээллийг цуглуулж, нийтэд тархааж байна.

2021 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр 305.2 мянган малчин тоологдлоо. Нийт малчдын 180.4 мянга буюу 59.1 хувь нь эрэгтэй, 124.8 мянга буюу 40.9 хувь нь эмэгтэй малчид байна.

Нийт малчдын 39.4 хувь нь зээлтэй байна. Зээл авсан малчдын 21 хувийг 25-34 насны, 32 хувийг 35-44 насны, 27 хувийг 45-54 насны малчид эзэлж байна. Тооллогын урьдчилсан дүнгээр нийт малчдын 35.2 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байна. Нийгмийн даатгалд хамрагдсан малчдын 61 хувь нь 35-54 насныхан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

​Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан маргааш болно

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 29-ний 14.00 цагm Монгол бөхийн өргөөнд болно.

Тодруулбал, Монголын үндэсний бөхийн холбооноос барилдах бөхчүүдийг арванхоёрдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэж байгаа юм байна. Мөн УОК-ын журмын дагуу бөхчүүд, үзэгчдийг вакцины гуравдугаар тун хийлгэсэн байх эсвэл 24 цагийн хугацаанд хүчинтэй шинжилгээнд хамрагдсан байх зэрэг шаардлага тавьж байгаа аж.

Энэхүү барилдаан нь 2011 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн боловч өнгөрсөн жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор цуцлаад байсан билээ. Сонирхуулахад, 2019 оны барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын заан Ц.Одбаяр үзүүрлэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР:
  • Монгол Улсын онц холбоочин, бэлтгэл дэд хурандаа Төмөрийн Бат-Очир,
ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
  • Хүндийн өргөлтийн болон пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер, ахмад тамирчин Бямбаагийн Цэгмэд,
  • Хөнгөн атлетикийн ахмад тамирчин Цэрэнгийн Раднаа,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Орхон аймгийн 5 дугаар сургуулийн захирал Дондовын Дэлгэрмаа,
  • Монгол Улсын их сургуулийн Математик анализын тэнхимийн ахмад багш Цэндийн Лхамсүрэн,
  • Нийслэлийн Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн бага ангийн багш Хоролтогоогийн Нарантуяа,
  • Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн хүндэт профессор Гүсээлээгийн Очирбат,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Дэмбэрэлдүнжирийн Рагчаасүрэн,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн ахмад багш Жамбын Цэвээнжав,
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
  • Мал сүргийн гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийн хуулийн зөвлөх Нанзадын Сосорбарам,
  • “Хүний эрх, ардчиллын судалгааны төв” төрийн бус байгууллагын тэргүүн Сүрэнгийн Цэрэндорж,
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
  • Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын Авто баазын жолооч Дамдиндоржийн Эрдэнэбат,
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Бэгзийн Очирбат,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Дэжидийн Байгал,
  • Геологийн төв лабораторийн зөвлөх инженер Мишигдоржийн Пүрэв-Очир,
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Баяжуулах үйлдвэрийн ахмад ажилтан Цагаандайн Төрбат,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Монголын мэдээ сувгийн тоймч Жигжидсүрэнгийн Алтангэрэл,
  • “Сансар” кабелийн телевизийн ерөнхий захирал Агваанлувсангийн Энхбат,
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн найруулагч Батмөнхийн Чинбат,
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:
  • Чөлөөт уран бүтээлч, поп дива дуучин Сүрэнжавын Наран,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Хан-Уул” Агро орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Цээсүрэнгийн Цогтсайхан,
  • Нийслэлийн онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч Даянбуугийн Эрдэнэбилэг,
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • “Степпе Арена” ХХК-ийн гүйцэтгэх захирал Норовын Батмөнх,
  • Батлан хамгаалахын сайдын зөвлөх Цэрэнбалжидын Дашзэвэг,
  • Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Цэрэндоржийн Жамбалдорж,
  • Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Санжаагийн Наранцогт,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Геологи маркшейдрийн хэлтсийн дарга Норовсамбуугийн Буянтогтох,
  • “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Замын аж ахуйн албаны инженер, эдийн засагч Даваагийн Даваамөнх,
  • Суугаа волейболын тамирчин Чойноогийн Наранцэцэг,
  • Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Цэвээндоогийн Өрнөндэлгэр,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Суугаа волейболын тамирчин Замбагын Батсанаа,
  • “Зорчигч тээвэр гурав” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын автобусны жолооч Баатарын Дамдинсүрэн,
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Геологи маркшейдрийн хэлтсийн уулын инженер Сономпунцагийн Туул,
  • Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн дэд профессор Чулуундоржийн Хашчулуун,
  • “Хүсэлтүвшин Чинсэтгэл” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Балтавын Хүсэлтүвшин,
  • Нийтийн аж ахуйн үйлчилгээний чанар шалгагч, оёдлын мастер Сэрээтэрийн Цэрэндулам,
  • Нийслэлийн захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Түмэндэмбэрэлийн Энх-Амгалан,
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
  • Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салааны бялар бүрээчин Эрхэмбаярын Даваажамц,
  • Хилийн 0108 дугаар ангийн телекамерын хянагч Туяагийн Рэнцэнбадам,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Баянгол дүүргийн 12 дугаар хорооны ахмад настан, лифтчин Сосорын Лхагвасүрэн,
  • Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Дэлэгпунцагийн Ядамжав нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.

Categories
мэдээ нийгэм

Малын тоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум тэргүүллээ

Өнөөдөр Үндэсний Статистикийн Газраас малын тоо толгой тооллогын дүнг танилцуулж, мэдээлэл өглөө.

Энэ үеэр хамгийн олон малтай сумдыг дурдсан юм. Нийт малын тоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 662.0 мянга, Хэнтий аймгийн Хэрлэн сум 529.3 мянга, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 523.1 мянга, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул 494.1 мянга, Архангай аймгийн Эрдэнэмандал сум 485.5 мянга мал тоолуулж малын тоогоор тэргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурганаар төөрч, дүүгээ хамгаалаад өөрөө амиа алдсан охиныг нэхэн шагнав

Амь дүйсэн онцгой нөхцөл байдалд иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн, Онцгой байдлын албыг бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулсан баатарлаг үйлстнүүдийг алдаршуулах зорилгоор “Онцгой байдлын Онцгой үйлстэн” шагналыг энэ оноос олгож эхлээд байна.

Салбар салбар дахь оны шилдгүүдийг тодруулж буй энэ цаг үед “Онцгой байдлын Онцгой үйлстэн” шагналыг хоёр баатарлаг эрхэмд нөхөн олгосон нь 2020 онд Туул голын усанд живж байсан 13 настай охиныг аварч, өөрөө амь эрсэдсэн Э.Эрдэнэжаргал агсан, 2015 онд цасан шуурганаар дүүгээ хамгаалж, өөрөө амь насаа алдсан С.Золжаргал нар байв. Онцгой үйлстнүүдийн энэхүү хүндтэй шагналыг Монгол Улсын Шадар сайд гардуулан өглөө. Онцгой байдлын байгууллагаас ар гэрийнхэнд нь иж бүрэн тавилгатай таван ханатай өргөө цагаан гэр, гурван сая төгрөг олгохоор шийдвэрлэснийг мөн энэ өдөр эздэд нь олгосон юм.

Шадар сайдын ажлын алба

Шадар сайдын ажлын алба

Шадар сайдын ажлын алба

Болсон явдлын талаар эргэн сануулахад, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн иргэн Э.Эрдэнэжаргал нь 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр эхнэр Б.Цолмонгийн хамт Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг руу явах замдаа Төв аймгийн Лүн сумын нутаг Өгөөмөр багийн “Гүүрний ам” гэх газарт Туул голд живж байсан 13 настай С.Жаргалмаа охины амийг аварч, өөрөө усанд живж амь насаа алдсан юм.

2015 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт өвөлжиж байсан Ц.Сансарбаярын 7, 5 настай хоёр охин цасан шуурганд төөрч, 7 настай эгч С.Золжаргал нь эцсийн мөч хүртэл дүүгээ хамгаалаад өөрөө амь эрсэдсэн билээ. Охин дүүгээ аврахын тулд өмсөж явсан малгайгаа дүүдээ давхарлан өмсгөж, ороолтоороо гарыг нь боож, гадуур хувцсаа тайлж өмсгөн, шуурганаас дүүгээ нөмөрлөн тэвэрсээр амьсгал хураасан байдаг. Амь, амьдралаа бусдын төлөө зориулсан сайхан сэтгэлт, баатарлаг үйлстнүүдийн үлгэр дуурайл, үйлс бүтээлийг мөнхжүүлэх үүднээс “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” шагналыг бий болгожээ.

Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба

Categories
мэдээ нийгэм

Үндэсний түүхийг бодит болгохын төлөө эрдэмтэн судлаачид тэмцэхээ илэрхийллээ

Үндэсний түүхээ бодит болгохын төлөө Ардчилсан нам, эрдэмтэн судлаачид тэмцэхээ илэрхийлж өнөөдөр /2021.12.28/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.БАТСАЙХАН:-Үндэсний түүхийг бодлогоор гуйвуулж байгаад харамсч байна. Тусгаар тогтнол, эрх чөлөө хамгаас үнэтэй. Үүнийг иргэд ойлгохгүй байгаагаас ардчилсан систем үнэгүйдэж байна. 1911 оны арваннэгдүгээр сарын 29-нд Монголын дахин сэргэсэн өдөр. Тиймээс шинэ жилийн баяр ёслолыг тэмдэглэж байгаатай адил хэмжээнд энэ өдрийг хүндэтгэх хэрэгтэй. Хэрэв уламжлалаасаа хөндийрсөөр байвал түүхээ мэдэхгүй залуус нэмэгдэнэ. Тэгэхлээр монгол хүн бүхэн түүх соёлоо судалж, таньж мэдэх хэрэгтэй байна. Энэ хэвээр цааш үргэлжилбэл ардчилал мөхөх аюул ойрхон байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Т.ЛХАГВАА: Хүмүүс түүхээ мэдсэнээр ардчилсан тогтолцоо оршин тогтноно. Монголын тусгаар тогтнолын түүх бол өнөөдөр бий болсон ардчилсан нийгэм. Хүн бүр тэгш эрхтэй нийгэмд амьдарч байгаа нь түүх соёлтой салшгүй холбоотой. Тиймээс монгол үндэсний түүхээ бодит болгохын төлөө Ардчилсан нам, эрдэмтэн судлаачид тэмцэхээ илэрхийлж байна.

Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.ЦОГТБААТАР: Ардчилал гэдэг хүн бүрд боломж олгохыг хэлдэг. Эрх барьж байгаа нам эрх ашгаараа түрий барьж, ард иргэдийн боломжийг хулгайлна гэдэг зохисгүй үйлдэл. Ард түмэн жилээс жилд боломжоо алдсаар байна. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан баярын өдрийг тохиолдуулж хэвлэлийн хурал хийж байгаа ч цаашид тэмцлээ үргэлжлүүлнэ.

Тэд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан баярын өдрийг тохиолдуулан ийнхүү тэмцэхээ илэрхийллээ.