Categories
гадаад мэдээ нийгэм

Байгалийн гамшгаас үүдэлтэй хохирлын хэмжээ өсчээ

Энэ онд дэлхий дахинд хамгийн их гарз хохирол дагуулсан байгалийн гамшигт 10 үзэгдлийг Их Британийн төрийн бус байгууллага нэрлэжээ. Эдгээр нь нийтдээ 170 тэрбум ам.долларын хохирол учруулсан байна.

“Christian Aid” байгууллагын жил тутмын тайланд дурдсанаар, байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээ өмнөх оныхоос өссөн нь дэлхийн дулаарлын үр дагавар улам бүр нэмэгдэж байгааг тодотгон харуулжээ.

Асар их хохирол учруулсан 10 гамшгийн улмаас 1075 хүн амь насаа алдаж, 1.3 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 2020 оны хувьд хамгийн их аюул дагуулсан 10 гамшигт үзэгдэл ойролцоогоор 150 тэрбум ам.долларын хохирол учруулсан юм.

Энэ онд тохиосон байгалийн гамшигт үзэгдлүүдээс наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр дэгдсэн “Айда” хар салхи хамгийн их гарз хохирол учруулсан байна. Нью-Йоркт үерийн гамшиг нүүрлүүлсэн уг үзэгдэл 65 тэрбум ам.долларын хохирол дагуулжээ.

Харин долоодугаар сард Герман, Бельги болон хөрш орнуудад нь нүүрлэсэн үерийн гамшгийн улмаас 43 тэрбум ам.доллар, АНУ-ын Техас муж улсын өмнөд хэсгийг дайран өнгөрч, цахилгаан хангамжийг тасалдуулсан шуурга 23 тэрбум ам.долларын хохирол учруулсан байна.

Мөн Хятадын Хэнань мужид долоодугаар сард болсон үер 17.6 тэрбум ам.долларын уршиг дагуулсан бол түүний араас Канадад болсон үер /7.5 тэрбум/, Францад усан үзмийн талбайд ихээхэн гарз учруулсан хүйтэн /5.6 тэрбум/, Энэтхэг, Бангладешийг дайран өнгөрсөн “Яас” шуурга /3 тэрбум/, Австралид болсон үер /2.1 тэрбум/, Хятадад дэгдсэн “Ин-Фа” шуурга /2 тэрбум/, Энэтхэг, Шри Ланкаг дайрсан “Туктае” шуурга /1.5 тэрбум/ бичигджээ.

Энэ сарын дундуур Швейцарын “Swiss Re” даатгалын компани 2021 онд дэлхийн хэмжээнд нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлийн нийт хохирлыг 250 тэрбум ам.доллар хэмээн тооцоолсон нь 2020 оныхоос 24 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, үр дагаврыг улам бүр нэмэгдүүлж байна гэж эрдэмтэд үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүргээ амжилттай гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний Мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.

НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцож, сөргөлдөгч талуудын гал зогсоох гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, дүрвэгсдийн аюулгүй байдал, тус улсын болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангах Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүргийг нэр төртэй биелүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж нэр бүхий алба хаагчдыг Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Энхийн төлөө медалиар шагналаа.

Эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа дайчлан үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчид болон гэр бүлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв.

Монгол цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос, цэргийн багууд 2006 оноос үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний 20 мянга гаруй, түүний дотор 872 эмэгтэй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны онцлох хүүхдүүдийг шагналаа

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Оны шилдэг хүүхэд” шагнал гардууллаа.
2021 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд 117 хүүхэд өрсөлдсөнөөс онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үеийнхнээ манлайлсан 30 сурагч “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа. Тэдэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламж, гарын бэлэг гардуулсан юм.

Энэ үеэрээ тэрбээр “Бүтээлч байдал, сурлага, урлаг, түүх соёл, байгаль хамгаалал, хүмүүнлэг энэрэнгүй үйлс, хүүхдийн оролцоо, багийн амжилтаар манлайлсан эрхэм дүү нартаа чин сэтгэлийн баяр хүргэе гээд, цар тахлын амаргүй үед сурч боловсрох эрхэм үүргээ хичээнгүйлэн биелүүлж буй Та бүхэнд болон эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд талархал илэрхийлье” гэв.

Энэ удаагийн шалгаруулалт нь хүүхдүүд хөл хорионы үед ч хичээл сурлагадаа шамдаж, өөрийгөө хөгжүүлж, аливаа олимпиад, уралдаан тэмцээнд биечлэн болон цахимаар оролцон өмнөх амжилтаа бататгаж, улс орныхоо нэрийг тив, дэлхийн хэмжээнд дуурсгаж чадсанаараа онцлог байна.

ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД:

Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөл:

1. Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч Б.Дашням

2. Багануур дүүргийн Ерөнхий боловсролын “Сод” сургуулийн 9А ангийн сурагч Э.Ангараг

Сурлагын амжилт төрөл:

1. “Орчлон” сургуулийн 12А ангийн сурагч О.Тэмүжин

2. Нийслэлийн 1 дүгээр сургуулийн 12Д ангийн сурагч Б.Пүрэвбадрал

3. “Орчлон” сургуулийн 12С ангийн сурагч Э.Тэргэл

Урлаг, уран бүтээл төрөл:

1. Дорноговь аймгийн 3 дугаар сургуулийн 5Б ангийн сурагч Г.Энгүүн

2. Монгол Улсын консерваторийн Ерөнхий боловсролын сургуулийн 7А ангийн сурагч О.Нандин

3. Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн 9-2 ангийн сурагч С.Бишрэл

4. Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 8В ангийн сурагч Г.Уянгадарь

5. “Шинэ Монгол Харүмафүжи” дунд сургуулийн 3Б ангийн сурагч Т.Маргад

6. Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн 9-2 ангийн сурагч О.Эгшиглэнт-Од

Биеийн тамир, спорт төрөл:

1. Нийслэлийн 1 дүгээр сургуулийн 8Ё ангийн сурагч Б.Ананд

2. Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Г.Амаржаргал

3. “Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн сурагч М.Анхбаясгалан

4. Орчлон сургуулийн 8Б ангийн сурагч Э.Эрхэс;

Эх орны түүх, соёл, өв уламжлал төрөл:

1. Хэнтий аймгийн “Хэрлэн” 1 дүгээр сургуулийн 11В ангийн сурагч Б.Ичиннорвоо

2. Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 12В ангийн сурагч Т.Ундрахбаяр

3. Нийслэлийн Ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулийн 5А ангийн сурагч З.Мөнх-Эрдэнэ

Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөл:

1. Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тэмүүжин” цогцолбор 12А ангийн сурагч О.Мөнхтүшиг

2. Баян-Өлгий аймгийн Толбо сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч И.Руслан

3. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12А ангийн сурагч У.Ану-Үжин

Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс төрөл:

1. Нийслэлийн 42 дугаар сургуулийн 7А ангийн сурагч А.Гэсэр

2. Дундговь аймгийн Сайнцагаан сумын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн 12А ангийн сурагч Ч.Маргад

3. Өмнөговь аймгийн 3 дугаар сургуулийн 9-р ангийн сурагч Л.Болортуяа

Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөл:

1. Дорнод аймгийн сурагч Б.Ану

2. Орхон аймгийн 4 дүгээр сургуулийн 12-р ангийн сурагч Б.Халиунаа

3. Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Б.Билгүүн

Багийн амжилт төрөл:

Баян-Өлгий аймаг Дарын цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Х.Ахжол, Б.Али-Рахман, 12-р ангийн сурагч А.Ерганат нар тус тус шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 136 дуудлага бүртгэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1558, хулгайтай холбоотой 21, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 136, гэмт хэргийн шинжтэй 63 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 97, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 156, хүний биед халдсан 37, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 82, эрүүлжүүлэх байранд хоносон 207, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 48 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Ганбаатар: Иргэдийн амьдрал хэцүү байхад ковидын хуулийг сунгах шаардлагагүй

УИХ-ын чуулганаар “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах” тухай хуулийн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан Ажлын хэсэг УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Ковидын хууль хэрэгжүүлж байна гээд сүүлийн хоёр жил бүх салбар дээр эрх зүйн онцгой нөхцөлөөр үйл ажиллагаа явагдаж байна. Эдийн засгийн талаас нь бид УОК, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагааг сааталгүй, хүндрэлтэй нөхцөлд ажиллах эрх зүйн орчныг өргөтгөж өгөөд яваад байдаг. Гэтэл хуулийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллага, албан тушаалтнуудтай чинь холбоотой асуудлууд ар араасаа маш их гарч байна.

Ажлаа хийхээ больсон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсантай холбоотойгоор 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөх орон нутгийн иргэдийн хурал, түүний үйл ажиллагааг жигдлэх маш олон дүрэм журам, тогтоол заавар, чиглэлүүд батлагдсан. Гэтэл таван заалттай тогтоолын нэг ч заалт нь өнөөдөр хэрэгжээгүй байна. Нэгдүгээр сарын 1-нээс орон нутаг, сум, дүүргийн иргэдийн хурлаа яаж явуулах нь тодорхойгүй байна.

2024 оны олимп хаяанд ирчихлээ. Улсын шигшээ багаа ч байгуулаагүй байна. Төсөв хэлэлцэхийн өмнө улсын шигшээ баг байгуулахтай холбоотой эрх зүйн өөрчлөлтүүдээ оруулж ирээч гэдгийг байнгын хороо дээр ярьсан. Бараг шийдэж юм ярьсан. Гэтэл сая спортынхонтой уулзахад улсын шигшээ багууд байгуулагдаагүй байна.

Энэ мэтээр доод, дунд шатандаа төрийн албан хаагчид шат шатандаа ажлаа хийхээ больчихсон. Дандаа ковидын хуулиар орж ирсэн түр томилгоотой үүрэг гүйцэтгэгч нар үүрэг гүйцэтгэж байгаа нэртэй ажлаа ч олигтой хийж чадахгүй төрийн ажлыг алж байна. Ковидын хууль дахиад зургаан сараар сунгагдана. Энэ хугацаанд дахиад баахан хүн төрд түр томилогдоно. Ядаж түр томилогдоод ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүстэйгээ ажлынхаа хариуцлагыг ч ярьж чадахгүй, сунгах юм яриад явж байна. Төрийн албыг хууль эрх зүйн хүрээнд ажлаа саад тотгоргүй явуулах боломжоор нь хангахгүй юм уу. Баахан үүрэг гүйцэтгэгч нараа жинхэлж, томилж нэг тийш болгохгүй юм уу.

Шадар сайд С.Амарсайхан: Төрийн албаны зөвлөлийн хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчдыг жинхлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх асуудал Засгийн газар дээр байнга яригдаж байгаа. Энэ асуудлуудыг цэгцлэх үүрэг даалгавар өгсөн. Хариуцлагын асуудлаар бүх шат, аймаг орон нутагт асуудал бий. Цар тахлын үед хариуцлагыг нэмэгдүүлэх, хариуцлага тооцох асуудал зарим салбарт үгүйлэгдэж байна. Гэхдээ эхнээс нь холбогдох яамдуудад хариуцлага тооцож байна. Ажлаа хийж байгаа, хийж чадахгүй байгаа хэсэг бий. Үүнийг хууль журмын хүрээнд ойрын хугацаанд шийднэ.

УИХ-ын гишүүн Ц.Баатарбилэг: Засгийн газрын чухал асуудал хэлэлцэж байхад Засгийн газрын хэрэг эрхлэх газраас удирдлага байхгүй байж болохгүй. Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулиудын заалтууд хэрэгжихээргүй болоод байна. Хууль дагасан журмуудаа өнөөдрийг хүртэл гаргаагүй байна. Цар тахлын хууль далимдуулаад хийх ажлаа хийхгүй байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Хуулийн хугацааг сунгахыг дэмжиж байна. Засгийн газраас хуулийн 7.2 дахь заалтыг хасна гэж оруулж ирсэн. Хавраас байдал хүндэрнэ. Орлого муудаж, инфляц муудаж байгаа энэ үед Засгийн газар тодорхой хэмжээний эрх байх ёстой. Төсвийг хооронд нь зохицуулах эрх Засгийн газарт байх ёстой юм. Энэ эрх нь 7.1.2 дахь заалт. Засгийн газар энэ заалтыг хасъя гэж оруулж ирэхэд байнгын хороо дэмжсэн байна. Магадгүй энэ хуулийг сунгаж байгаа үндсэн мөн чанар нь энэ юм.

Мөн цахилгаан, дулааны мөнгийг яах вэ. Иргэдийн дунд хүлээлт байна.

Төрийн албан хаагчийн томилгоог анхаарах хэрэгтэй байна. Одоо зургаан сарын хугацаанд шинээр хүн томилохгүй, хуучин томилдогдсон хүмүүсээ жинхэлж хуульд нийцүүлж ажилламаар байна.

Шадар сайд С.Амарсайхан: Засгийн газраар тог, цахилгааны асуудлыг ярилцсан. Нэгдүгээр сарын 1-нээс тог цахилгааны төлбөрийг хөнгөлөхийн үргэлжлүүлэхийг дэмжсэн. Орон сууцны айл өрхийн 250 кВт, гэр хорооллын айл өрхийн 350 кВт хүртэлх тог цахилгааны мөнгийг төрөөс даах асуудлыг нэгдүгээр сарын 1-ээс шийдвэрлэх талаар Засгийн газар дээр ярьж, судалж байна. Цар тахлын хууль батлагдсаны дараа Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ.

Томилгоог хуульд нийцүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг жинхлэх асуудлыг Засгийн газар анхааралдаа авч ажиллаж байгаа. Зохих ажлуудыг хийгээд явна. Хуучин томилгоог жинхлэх, шаардлага хангаагүй албан хаагчид зохих арга хэмжээг авна.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдлын байнгын хорооны дарга Б.Баттөмөр: Цар тахлын тухай хуулийн 7.1.2 дахь заалтад жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх гэсэн заалт бий.

2021 оны зургадугаар сард хуулийг өөрчлөн найруулахдаа энэ заалтыг хэрэгжүүлэхэд Төсвийн хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсөвт тодотгол хийх замаар УИХ-аар шийдүүлнэ гэснийг хэвээр үлдээж, энэ заалтыг хасахаар болсон. Төсөв батлах бол УИХ-ын Үндсэн үүрэг. Засгийн газар ямар ч үед оруулж ирээд тодотгол хийлгүүлэх боломжтой.

-УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: Бусад улс орнуудад үүсэж буй асуудлыг өөрийнхөө улсад наагаад хэрэггүй санагдаж байна. Европын улсуудын асуудал бол вакцин хийлгээгүй хүмүүст тулгамдаж буй асуудал шүү дээ. Бид хэвийн болж буй улсынхаа тоонд ормоор байна. гаднаас ирж байгаа хүмүүсээс шинжилгээ аваад л оруул. Иргэдийн амьдрал хэцүү байхад дахин зургаан сар сунгах шаардлагагүй.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Халдвар их тархахын хэрээр олон салбарт сөргөөр нөлөөлж байна. Омикрон манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал. Аль болох дотооддоо алдахгүй, бүх зүйлээ нээлттэй байхын тулд ажиллаж байна. Гэхдээ урьдчилсан тооцооллоор нэгдүгээр сарын сүүлээр дэлхий даяар дельтагийн давлагаанаас ч том давлагаа гарна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн байна.


2021 оны 12 сарын 28-ны 20 цагаас 12 сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 32-37 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 30-наас 2022 оны 1 дүгээр сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 1-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 30-нд Алтайн салбар уулсаар, 31 болон 1-р сарын 02-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 2022 оны 1 дүгээр сарын 2-ноос нийт нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсын гадаад өр 33 тэрбум болж өсчээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын өдөр өргөн мэдүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут “Монгол Улсын гадаад өр 2021 оны эхний хагас гэхэд 33 тэрбум болж өсжээ. Хөгжиж буй орнуудтай харьцуулахад хурдацтай өссөн байна. Энэ байдал нь урт хугацаандаа сөрөг богино хугацаандаа эерэг нөлөө үзүүлнэ. Өрийн үйлчилгээнд төлж байгаа төлбөрөөс хамаарч экспортын орлогын эдийн засагт оруулах хөрөнгө оруулалт хумигддаг. Тэгэхээр бид зээлийн хүүний зардлаас илүү үр өгөөж өгөх төслүүдэд хөрөнгө оруулалт хийж байж эдийн засгийн сөрөг нөлөө буурна гэж харж байна. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогод байгаа төсөл хөтөлбөрүүдээс үр өгөөжтэй төсөл нь аль вэ? Гаднын зээлээр хэрэгжүүлэх төсөл бүр үр өгөөжтэй юу? баланс нь хэрхэн гарч байна вэ?

Бид олон чиглэлд хос морьтой, солонгоруулан ажиллах ёстой. Уул уурхайгаас шууд хамааралтай эдийн засагтай. Тиймээс ШУ, технологийн чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Бид импортлогч бус экспортлогч орон болохын төлөө зорих ёстой. Энэ төсөлд байгаа мэдээллийн технологи, инновацын чиглэлд эрдэмтэн, мэргэжилтнээ ашиглан стартап эхлүүлэх, ажиллах, хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж болохгүй байгаа юм уу?

Тогтоолын төсөлд баяжуулах үйлдвэрлэлүүдийг хөгжүүлнэ гэсэн байна. Одоо үйлчилж байгаа хуулиар давхар АМНАТ аваад байгаа. Энэ эрхзүйн орчинг өөрчлөхгүйгээр яаж баяжуулах үйлдвэрлэлээ дэмжих юм бэ? Монгол Улсад алсдаа өгөх өгөөжийг илүү харах нь зүйтэй гэж би бодож байна” гэсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан “Эдгээр төслүүд бүрэн ашиглалтад ортлоо дор хаяж 4-5 жил болно. Энэ жилүүдэд төлбөрийн тэнцэл дээр мэдээж хүнд тусна. Харин ашиглалтад орсноос хойш эдийн засагт үр өгөөж өгөх топ төслүүд. Эдгээр төслүүд хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн суурь тэлэгдэж, бусад салбарууд дэмжигдэх юм. Үүний үр дүнд ДНБ 2-3 дахин нэмнэ, нэг хүнд ногдох үндэсний орлогоо 2 дахин нэмнэ. Бусад төсөл хөтөлбөрүүдтэй огт зөрчилдөхгүй. “Шинэ сэргэлтийн бодлого” бол эдийн засгийн сэргэлтийн бодлого юм. Дунд, урт хугацааны “Алсын хараа 2050″-тай зэрэгцэж гарч ирж байгаа бодлого биш. Эхний 10 жиийн эдийн засгийн хүлээсийг тайлах бодлого юм. Нийгэм, соёлын чиглэлийн асуудлууд бусад хөтөлбөрүүдэд хангалттай суусан. Давхар АМНАТ-ын асуудал өнгөрсөн жил Үндсэн хуулийн цэц хүртэл яригдсан ч УИХ хүлээж аваагүй. Энэ бол давхардсан АМНАТ биш. Энэ бол өсөн нэмэгдэж байгаа, өртөг шингэсэн бүтээгдэхүүнээс газрын хэвлий дэх баялагаа ашиглуулсныхаа төлөө ард түмэн авч байгаа АМНАТ юм. Үүнийгээ тооцож байж үйлдвэрлэл явах хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Камерын бичлэгийг нотлох баримтын хэмжээнд авч үзэх зохицуулалтыг хуульд тусгажээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Эхлээд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат энэ хууль батлагдсанаар орон тоо, цалин хөлс нэмэгдэх үү гэдгийг тодруулахын зэрэгцээ стандартын шаардлага хангасан камержуулалт тавигдах эсэх болон камерын бичлэгийг нотлох баримт бэхжүүлэх хүрээнд авч үзэх, үнэлэх эсэхийг тодруулж хариулт авав.

Энэ асуултад ажлын хэсгээс хүний эрх талаасаа камерын бичлэгийг хэн дуртай нь үзэхгүй, тодорхой эрх бүхий этгээд үзэж шалгадаг байна. Мөн бичлэгийг нотлох баримтын хэмжээнд авч үзэх зохицуулалт хийсэн. Камержуулалт стандартын шаардлага хангасан, хоорондоо уялдаа холбоотой, арчлалт хамгаалалт хийх хариуцах эзэнтэй байхаар зохицуулсан гэж хариуллаа.

Үргэлжлүүлэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үеэр Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн найруулгын саналаар санал хураалт явуулж, шийдвэрлэсэн. Ингээд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай асуудлаар гарах “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Байнгын хорооны хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн нар оролцож, танилцуулга хийсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр гишүүдээс гаргасан горимын саналын дагуу уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах саналын томъёоллоор санал хураалт явуулж, хойшлуулахыг гишүүдийн олонх дэмжсэнээр хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Алтан цуглуулбар-999” үзэсгэлэн боллоо

Монголын орчин цагийн дипломат албаны 110 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам, Монголын дипломатын академи хамтран Чингис хаан, Эзэнт гүрний түүхийн нэг сэдэвт номын “Алтан цуглуулбар-999” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Гадаад харилцааны яаманд болов.

Энэ онд олон түүхт үйл явдал тохиож байгаагийн нэг нь үл тасрах алтан аргамж хэмээн эзэн Чингисээс уламжлан нэрлэж ирсэн Монголын дипломат алба, түүний үргэлжлэл-орчин цагийн Дипломат алба үүсч хөгжсөний 110 жилийн ой юм.

Монголчууд бид агуу түүхтэй, түүгээрээ бахархдаг ард түмэн. Тийм ч учраас хилийн чанад дахь өв соёлын дурсгалуудаа судлах, Монголын түүхэнд холбогдох зохиол, бүтээлүүдийг олж цуглуулах явдал манай дипломат албаны анхаарлын төвд байдаг чухал ажлын нэг билээ. Уг төслийн хүрээнд цуглуулж буй ном судар Чингисийн музей, Үндэсний номын сан хөмрөгт төвлөрч судалгаа, шинжилгээний эргэлтэд орно. Эрдэмтэн мэргэд, оюутан залуус, хүссэн хүн бүхэн уншиж судлах бололцоо өргөжихийн хэрээр олон улсын чингис судлалыг эх орондоо төвлөрүүлэн хөгжүүлэх ариун үйлс болно гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уг үзэсгэлэнгийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Энэхүү ойд зориулан Монголын Дипломатын академийн гишүүд Чингис хаан, Эзэнт гүрний тухай гадаад, дотоодын эрдэмтэн мэргэд, түүхч, судлаачдын туурвисан нэгэн сэдэвт ном зохиолуудыг эрэлхийлэн цуглуулж, эмхлэн хөмрөглөх “Алтан цуглуулбар-999” хэмээх төслийн санаачлан хэрэгжүүлсэн юм.

Энэ хүрээнд төрөлх монгол болон олон улсын түгээмэл хэл буюу монгол судлалаар гаршсан улс түмний хэл, өөр бусад хэлээр хэвлэгдэн гарсан 1000 бүтээлийг нэгэн дор цуглуулж, нэрийн хэлхээсийг нь ном зүйн өгүүллүүдээр баяжуулан “Туурайн тамга” нэртэй товхимол болгожээ.

Хилийн чанадад Чингис хаан болон түүний залгамжлагчдын тухай, монголчуудын уг гарвал, угсаа сурвалжийн талаар, хүн төрөлхтөний түүхнээ арилж балрашгүй, арчиж баллашгүй агуу суут ул мөрөө үлдээснийг бичиглэн мөнхөлж, биечлэн уламжилсан эх сурвалж, зохиол бүтээлүүд чамлахааргүй их бий. Манай эрт, эдүгээгийн түүхэнд холбогдох дурсгал, зохиол бүтээлийг олж цуглуулах, орчуулан түгээх, шимтэн судалж, шинжлэх ухааны эргэлтэд баттай оруулах явдал манай Дипломат албаны үе үеийнхний анхаарлын төвд байсаар ирсэн юм.

Хоёр зууны зааг дээр олон улсын чингис судлал эрчимтэй хөгжиж байгаа төдийгүй энэ судлал аажмаар боловч цуцалтгүй эерэгжиж байна. Энэ судлалын үр дүнг бидний монголчууд бүрэн эзэмшихээд зогсохгүй эх орондоо төвлөрүүлэх нь өнөө цагийн шаардлага, үүрэг хариуцлага гэдгийг уг төслийг санаачилсан манай гадаад харилцааны ахмад дмпломатууд онцлон тэмдэглэж байв.

Categories
мэдээ нийгэм

Монголын хөл бөмбөгийн холбоо НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллана

Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эвариста Коуасси Комлантай “Грассрүүтс” сургуулийн хөл бөмбөгийн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах талаар МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал болон Грассрүүтс /нийтийн хөл бөмбөг/ төсөл хариуцсан мэргэжилтэн С.Ундрахбат нар уулзалт хийлээ.

Уулзалтаар хөл бөмбөгийн тэмцээн уралдаан, дасгалжуулагчийн боловсрол, грассрүүтс хөл бөмбөгийн олон талт үйл ажиллагааны талаар санал солилцож, цаашид санамж бичиг байгуулан тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.