Categories
мэдээ нийгэм

МҮБХ: Допингийн шинжилгээний төлбөрт хандив өгөөгүй дэвжээний бөхчүүдийг барилдуулахгүй

Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа.

Уг мэдэгдэлдээ “Монголын үндэсний бөхийн холбоо нь үндэсний бөхийн уламжлал, дэг жаягийг зөв зохистойгоор хойч үедээ уламжлуулан үлдээх, цэвэр шударга өрсөлдөөнийг эрхэмлэх зорилт тавин ажиллаж байна. Монголын үндэсний бөхийн холбооны 2021 оны зургаадугаар сард шинэчлэн баталсан бөхийн барилдааны дүрмийн 7.3 дахь “… Допингийн шинжилгээг авах болон хөндлөнгийн хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулна…” заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улс, аймаг, сумын цолтой 50 орчим бөхөөс заал заал танхимын барилдаан болон бэлтгэл сургуулилалтаас явцын шинжилгээ авна. Дэвжээд тус бүр хоёроос доошгүй бөхийн шинжилгээний зардлыг (нэг шинжилгээ 1.8 сая төгрөг) Монголын үндэсний бөхийн холбооны допингийн эсрэг сангийн дансанд 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны дотор шилжүүлнэ үү.

Төлбөр шилжүүлээгүй тохиолдолд тухайн дэвжээнд харьяалагддаг улс, аймгийн цолтой бөхийг Монгол бөхийн өргөөнд зохиогддог барилдаанд оролцуулах боломжгүй болно” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хөрсний өдөр тохиож байна

2002 онд анх Хөрс Судлалын Олон Улсын Холбооноос (IUSS) Хөрсний Өдрийг тэмдэглэхээр санаачилсан бол 2013 оноос НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас (FAO) жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн Хөрсний Өдөр болгон албан ёсоор тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. Энэ өдөр хүн төрөлхтний хувьд хөрс ямар чухал ач холбогдолтой болох, хүн амын хүнсний аюулгүй байдал, экосистемд хэрхэн нөлөөлж байгаад дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, олон нийтийн дунд мэдлэг олгох, мэдээлэл түгээх арга хэмжээнүүд, экологийн боловсрол олгох нөлөөллийн ажлуудыг зохион байгуулдаг уламжлалтай.

Categories
гадаад мэдээ нийгэм

“Омикрон” хувилбар АНУ-ын 12 муж улсад илэрчээ

АНУ-д коронавирусний шинэ “омикрон” хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэнээс гуравхан хоногийн дотор уг хувилбар илэрсэн муж улсуудын тоо 12-т хүрчээ.

Өмнөд Африкт анх илэрсэн шинэ хувилбарын талаар дэлхий дахинд 11 дүгээр сарын сүүлээр анх мэдээлсэн бөгөөд одоогоор 40 гаруй улс оронд илрээд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 11 дүгээр сарын 26-нд “омикрон”-ы асуудлаар яаралтай хуралдаж, “анхааралдаа авах” ангилалд оруулсан юм.

Тус байгууллагын мэргэжилтнүүд шинэ хувилбар олон тооны мутацитай, “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүс дахин халдвар авах эрсдэлтэйг нь харгалзан дээрх ангилалд оруулсан байна. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй дэлхийн удирдагчид халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд Африкийн өмнөд хэсгийн орнуудад зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон билээ.

Гэвч “омикрон”-оор халдварласан анхны тохиолдол АНУ-д лхагва гарагт илэрснээс хойш 12 муж улсад бүртгэгдээд байгаа бөгөөд өвчтөнүүдийн зарим нь ойрын долоо хоногуудад хилийн чанадад зорчоогүй хүмүүс байна. Мөн цаашид бусад муж улсуудад шинэ халдварын тохиолдол илрэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ. Судлаачдын хувьд “омикрон” хэр халдварлах чадвартай болох, одоогоор хэрэглэж буй вакцинуудын үр дүнг бууруулах эсэх, мөн өмнөх хувилбаруудаас аминд халтай эсэхийг нь үргэлжлүүлэн судалж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Д.Ганбат: МАН сонгуульд ялаад байгаа нь тэдний сайных биш, бидний алдааных

Ардчилсан намын Үндэсний анхдугаар чуулган болж байна. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үг хэллээ.

Тэрбээр “Ардчилсан нам иргэний болон хэвлэлийн эрх чөлөөний төлөө тууштай тэмцсээр байх болно. Хүний эрх, эрх чөлөөний асуудал АН-тай салшгүй холбоотой бөгөөд Монголын ард түмэн энэ утгаар нь хардаг гэдэгт би итгэлтэй байна.

Бид хэдийгээр өнөөдөр сөрөг хүчний байр суурин дээр байгаа ч парламентад бүлэгтэй улс төрийн нам гэдгээ онцлон хэлмээр байна. АН сонгуульд ялагдаж, МАН ялаад байгаа нь тэдний сайных биш. Харин бидний алдааных. Алдаанаасаа ангид хэн ч байхгүй. Гагцхүү алдаагаа засдаг, гаргасан алдаагаа давтдаггүй байх нь бидний арга барил байх ёстой” гэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

С.Одонтуяа: Иргэн бүр 30 сая төгрөгийн өртэй онд орж байна

Ардчилсан намын Үндэсний анхдугаар чуулган болж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэллээ.

Тэрбээр “Ардчилсан намгүй үед ардчиллыг ухралт, гажуудал өдөр өдрөөр идсээр ардчилалгүй Монгол Улс болоход ганц хуруу дутуу үлдлээ. Эрх баригчид зөрчлийн хуулиар хэвлэн нийтлэх эрх чөлөөг бүрэн хяналтдаа орууллаа. Төрийн цагдаа эрх баригчдын төв талбай орчмын аюулгүй байдлыг л хангадаг болжээ. Сайд дарга нарын шүүмжилсэн жиргээч 100 мянган төгрөгөөр торгуульдаг жишиг тогтжээ.

Ардчилсан намгүй Монгол иргэд ажил хийх сонирхолгүй болж, халамж өглөгт дулдуйддаг болсон байна. Баялаг бүтээгчид түмэн олон татварын өмнө сөхөрдөг боллоо. Ардчилал алга болоход тавхан жил хангалттай байдгийг бид үзэж мэдэрлээ.

Ард түмэн өрөнд баригдлаа. Нэг хүнд ногдох өр 15 сая төгрөгт хүрлээ гэж хашгичсаар байгаад Засгийн эрхийг авсан МАН-ын засаглалын үед иргэн бүрээ хэдийн 30 сая төгрөгийн өртэй онд орохоор болж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Сурагчаа зодсон багшид сануулга өгч, цалингийн 20 хувиар торгожээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ирээдүй” цогцолборын ахлах-В бүлгийн багш хүүхдүүдтэй зүй бусаар харьцаж буй бичлэг арванхоёрдугаар сарын 2-нд цахим сүлжээнд цацагдсан.

Тэгвэл тус цэцэрлэгийн удирдлагаас эхний удаад М-д сануулга өгч, цалингийн 20 хувиар тогтох арга хэмжээ аваад байгаа талаар мэдээлжээ.

Тус хэрэгтэй холбогдуулан аймгийн Цагдаагийн газар, Боловсролын газраас эрх зүйн хүрээний хяналт, шалгалт хийж багшийн багшлах эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэх аж.

Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Үнэнтэйгээ нүүр тулъя

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Одонгийн Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь тэргүүтэй Ардчилсан намын удирдлагууд “ИРГЭНИЙ АРДЧИЛАЛ-ИРГЭДИЙН ШИЙДЭЛ” уулзалтанд оролцож байна.

Ардчилсан нам тусгайлан зассан танхимд суугаад асуудал ярьдаг бус шийдэх асуудлынхаа төв цэгт очиж иргэдтэйгээ уулзаж асуудал шийдэл, гарц гаргалгаа ярьдаг байх нь хамгийн чухал гэдгийг форумд оролцлж байгаа иргэд илэрхийлж байна.

8 хүн, зогсож буй хүмүүс болон тэнгэр гэх мэтийн зураг байж болно

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж. Батсуурь үг хэллээ.

Тэрбээр “Эх орны хөгжлийг сууриар нь харахын тулд одоо байгаа бодитой үнэнтэйгээ нүүр тулахаас өөр гарцгүй. Монгол орны дөрвөн зүг найман зовхист гэр байгаа 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт бүгдэд нь гэр хороолол бий. Бид гэр хорооллыг хэрхэн багасгах вэ гэдэг шийдлийг хайхын зэрэгцээ ямар бодлого хэрэгжүүлвэл иргэд маань гэр хороололдоо ая тухтай, тохьтой сайхан амьдарч болох тухай шийдэл гаргах ёстой. Бидэнд, Ардчилсан намд олон том мөрөөдөл бий. Тэрний нэг нь гэр хорооллоо өөд нь татах бодлого юм” гэв.

6 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

11 хүн, зогсож буй хүмүүс болон авто зам гэх мэтийн зураг байж болно

1 хүн, зогсож байгаа, сууж байгаа болон авто зам гэх мэтийн зураг байж болно

Ардчилсан намаас зохион байгуулж буй “ИРГЭНИЙ АРДЧИЛАЛ-ИРГЭДИЙН ШИЙДЭЛ” уулзалт үргэлжилж байна

Categories
мэдээ нийгэм

“Болор цом-39” наадам болно

Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам 2021 оны 12 сарын 24-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулагдана.

“Болор цом”яруу найргийн наадам нь тухайн оныхоо яруу найргийн өнгийг шинжиж, шилдэг яруу найраг, урлагийг ивээгч Эгшиглэнт эхийн хишигт найрагчийг тодруулдаг билээ.

Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачилгээр 1983 оны 12 сард “Болор цом” яруу найргийн наадмыг зохиож эхэлсэн бөгөөд “Болор цом-1” наадамд уг наадмыг санаачлагч Д.Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд хэлэх үг” шүлгээрээ тэргүүн байрыг эзэлж байв. Энэ цагаас хойш 39 он алгасалгүй зохион байгуулагдаж, Эгшиглэнт эх-ийн хишигт олон сайхан яруу найрагчийг төрүүлсэн уран үгсийн чуулган наадмыг яруу найрагчид төдийгүй яруу үгийн янгад стгэлийн утсыг донсолон, утга уянгад шимтэн суудаг сонсогч олон сураг тавин хүлээдэг.

Зөвхөн нийслэл хотод зохион байгуулдаг байсан “Болор цом” наадмыг хөдөө орон нутгийн уншигч үзэгчиддээ ойртуулж 2007 оноос Орхон, Дархан-Уул, Архангай, Өвархангай аймгуудад зохион байгуулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх судалгаа эхэллээ

Үндэсний Статистикийн Хороо, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа”-ны ажлыг зохион байгуулж байна.

Тус судалгааг 2021 оны арванхоёрдугаар сараас 2022 оны есдүгээр сарыг дуустал зохион байгуулна. Энэ хүрээнд энэ сарын 2-нд Аймаг, нийслэлийн статистикийн хэлтсийн дарга, судлаач нарт судалгааны мэдээлэл цуглуулалтын талаар заавар, зөвлөмж өгчээ.

Уг судалгаагаар хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин, тархалтыг газар зүйн байршлаар, өрхийн төрөл шинж байдлаар, хүүхдийн сургуульд хамрагдалтын байдал, хүйс, насны бүлэг болон бусад хүчин зүйлсээр тооцох аж.

Мөн хөдөлмөр эрхэлж байгаа хүүхэд, тэдгээрийн нөхцөл байдал, шинж чанар, үр дагавар, тухайлбал, хүүхдүүдийн эрхэлж байгаа ажлын хэлбэр, ажлын нөхцөл нь тэдний боловсрол, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа зэргийг судлах юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хилээр нэвтрэхийг хориглосон улсын жагсаалтад Нигери улсыг нэмлээ

Олон улсад Covid-19 халдварын “Омикрон” хувилбар тархаад буй. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс Монгол Улсад нэвтрэхийг хориглосон улсын жагсаалтыг баталсан. Тэгвэл өнөөдрөөс /2021.12.05/ эхлэн тус жагсаалтад Нигери улсыг нэмжээ. Үүнд, ӨАБНУ, Ботсвана, Эсватини, Лесото, Намиби, Замби, Ангол, Малави, Мозамбик, Зимбабве, Нигери улс зэрэг багтаж байна. Өөрөөр хэлбэл, дээрх улсаас ирж буй гадаад улсын иргэдийг Монгол Улсад нэвтрэхийг хориглосон гэсэн үг. Харин дээрх улсуудаас ирж байгаа мөн сүүлийн 14 хоногт зорчсон ба дайран өнгөрсөн монгол иргэдийг 10 хоног тусгаарлана.

Тусгаарлах байрны төлбөрийн хувьд:

  • 0-3 настай хүүхэд үнэгүй,
  • 4-12 настай хүүхэд 50.000 төгрөг,
  • 13-аас дээш настай иргэд өдрийн 100.000 төгрөг,

Сүүлийн үед иргэд Турк, Тайланд, Тайвань руу ихээр зорчиж байгаа учраас “Омикрон” хувилбар илэрсэн улс орнуудад зорчихгүй байх, дамжин өнгөрөхгүй байхыг УОК-оос анхааруулж байна. Нөхцөл байдлаас шалтгаалан тухайн улс орны Засгийн газар хилээ хаах, агаарын тээврийн хөдөлгөөнийг зогсоох, хязгаарлаж болзошгүй бөгөөд энэ нөхцөлд гадаадын улсад гацах эрсдэл үүснэ.