Categories
мэдээ нийгэм

“Өнгөрсөн арваннэгдүгээр сартай харьцуулахад PM2.5, PM10 тоосонцор 10-20 хувиар өссөн” гэв

БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Сүүлийн үед галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын бохирдол нэмэгдсэн үү гэсэн асуулт гарсан. 2018 оноос өмнө буюу сайжруулсан түлш түлэхээс өмнө PM 2.5 тоосонцор 256 микро грамм байсан бол PM 10 нь 279 микро грамм, хүхэр 89 микро грамм байсан.

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сартай харьцуулахад PM 2.5, PM 10 тоосонцор 10-20 хувиар өссөн. Түр оршин суугч буюу хаягийн шилжилт хийхгүйгээр Улаанбаатар хотод ирж амьдардаг иргэд агаарын бохирдолд нөлөөлж байна. Түр оршин суудаг 20 мянган өрх байдаг ба сайжруулсан түлшний хэрэглээ 60 мянган тонноор нэмэгдсэн. Мөн жил бүр автомашины тоо нэмэгдэж байна.

Өнгөрсөн жилийн хөл хорионы үеэр авто тээврийн хэрэгслийн 80 хувь нь зорчоогүй үед агаарын бохирдлын хэмжээ энгийн үеэс 2-6 дахин бага байсан” гэв.

Иргэд “O2” аппликейшнаар агаарын чанарын индексийг харах боломжтой.

Гэрэл зургийг Мөнхчулууны Зоригт

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дорнод аймагт мэндэлсэн гурван ихэр хүүхдэд орон сууц бэлэглэжээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат залуу гэр бүл Б.Ууганхүү, Х.Отгонтуяа нар 2020 оны арваннэгдүгээр сард гурван ихэр хүүхэдтэй болсон билээ.

Ихрүүдийг мялааж орон сууцтай болгох хандивын аяныг Дорнод аймаг дахь Баян-Уул сумын Нутгийн зөвлөл эхлүүлсэн бөгөөд аяныг нутгийн зон олон дэмжиж орон сууцны үнийн дүнгийн тал хувийг бүрдүүлжээ.

Өдгөө хөлд ороод тэнтэр тунтар алхаж байгаа гурван ихэрт аймгийн төвд шинээр баригдсан орон сууцанд хоёр өрөө байрны түлхүүр гардуулах ёслол өчигдөр болжээ.

Categories
гадаад мэдээ

Жо Байден, Владимир Путин нар цахимаар уулзана

АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар мягмар гаригт цахим уулзалт хийхээр болжээ. “Хоёр орны удирдагчид АНУ-ОХУ-ын харилцаа, стратегийн тогтвортой байдал, кибер орон зай, бүс нутгийн асуудлууд зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвээр хэлэлцэнэ” гэж Цагаан ордны Хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ. Мөн Жо.Байден Украины хилийн ойролцоо явуулж байгаа ОХУ-ын цэргийн ажиллагаанд санаа зовниж буй байр суурийг илэрхийлэхийн хамт АНУ Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж буйгаа дахин нотолно гэдгийг Ж.Псаки цохон тэмдэглэсэн байна.

Тэгвэл баасан гаригт ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хоёр орны төрийн тэргүүн цахим уулзалтынхаа үеэр хоёр талын харилцаа хийгээд Афганистан, Иран, Украин, Ливи, Сири тэргүүтэй олон улсын тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулна гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ талууд стратегийн тогтвортой байдлын яриа хэлэлцээнд гарч буй ахиц дэвшлийн талаар, мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн орны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ОХУ-ын санаачилгыг хэрэгжүүлэх асуудлыг хөндөх төлөвтэй байна гэж тэрбээр нэмж мэдэгдсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Монгол Улсын Их Хурлал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.12.06/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.


ДАВАА ГАРАГ /2021.12.06/

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

11.00

Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

11.00

“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хот бүгд Азид бүртгэгджээ

Дэлхийн агаарын чанарын индексийг хөтөлдөг “IQAir” байгууллагын мэдээллээр өнгөрсөн 2020 онд агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлсэн 100 хот нь бүгд Ази тивд бүртгэгджээ. Тодруулбал, агаарын бохирдол ихтэй хотуудын тоогоор Энэтхэг, Хятад, Пакистан улсууд тэргүүлсэн байна. Энэтхэгт агаарын бохирдолтой 46 хот байгаа бол Хятадад 42, Пакистанд зургаа, Бангладешт дөрөв бүртгэгджээ.

Үүний зэрэгцээ агаарын бохирдлоор тэргүүлж буй 10 хотын ес нь Энэтхэг улсад бүртгэгдсэн байна. Харин хамгийн их агаарын бохирдолтой хотоор Хятадын алс баруун хязгаарын Шинжаан-Уйгурын Хотан хот нэрлэгджээ. Тус улсад агаарын бохирдлын хэмжээ 2020 оны гуравдугаар сард хүний эрүүл мэндэд нэн хортой түвшинд хүрсэн байна.

“IQAir” нь хот тус бүрийн агаарын чанарыг агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцор буюу PM2.5-аар хэмждэг аж. ДЭМБ-аас өнгөрсөн есдүгээр сард хүний эрүүл мэндэд хортой энэхүү нарийн ширхэгтэй тоосонцорын агаар дахь агууламжийн зөвшөөрөгдсөн хэмжээг куб метр агаарт 10 микрограммаас 5 болгож бууруулсан. Энэ нь автомашины түлш шатаалт, аж үйлдвэрийн яндан, хөдөө аж ахуй, биологийн биетийг шатааснаас үүдэн гардаг. Нарийн ширхэгтэй тоосонцор нь хүний биед уушгины хорт хавдар, тархины цус харвалт, астма, зүрхний өвчин үүсгэдэг.

Өмнө нь 2012 онд ДЭМБ-аас долоон сая хүн буюу дэлхий дээр нас барж буй найман хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос болж нас барж байна гэж мэдээлж байв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Манай муу хоёр хөрш үүнээс өөр юу хийх вэ?

Бид Орос, Хятадыг мөнхийн хөршөө гэж хөл хөс болж, аргадангуй, бишрэнгүй харцаар ширтэцгээдэг. Тахлын эдийн засаг гурав дахь жил рүүгээ орох гэж буй энэ хүнд цагт ингэж сүйд болдог хөршүүд маань жинхэнэ царай, цаад бодлогоо харуулж байна. Нэг нь хилээ хааж хясах болов. Энэ хавчлага, хясалт ирэх оны хэддүгээр сарын хэдэн хүртэл үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй байдалд улсаараа аж төрж явна. Нөгөө нь буюу хойд хөршийн элдэв дарамт, үзүүлэх аяг ааш хэрээс хэтрэв. Саяхны жишээ гэхэд л ОХУ-ын Шадар сайд эмэгтэй “Танайх Эгийн гол дээр усан цахилгаан станц барихгүй, тэгснээс манайхаас эрчим хүчээ ав, бид нийлүүлээд явна” гэсэн утгатай мэдэгдэл хийгээд явчихлаа. Мэдэгдэл гэхэд зөөлдөх юм байна. Шахаж тулгачихаад явж одов. Хоёр хөрш маань заавал өдийд ингэж хавчиж, хааж боодог нь ямар учиртай юм бол, цаадах шалтгаан нь юу вэ гэсэн асуултыг өөрсдөдөө тавих цаг болчихжээ.

Нэг ийм үг бий. “Орос, Хятад хоёр гар бариад, найрсаж сүжрээд ирвэл бид болгоомжлох ёстой” гэсэн үг. Тэдний харилцаа яг одоо ийм өнгөндөө явж байна. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн доктор, профессор Д.Уламбаяр өнөө жил манай сонинд өгсөн ярилцлагадаа “Орос-Хятадын харилцааг Өрнөдийн судлаачид бал сардаа явж байна гэж үздэг. Өндөр дээд түвшинд хоёр талын харилцааны хөгжлийн хүрсэн түвшинг маш өндрөөр шагшин магтах болсон. Хэр удаан үргэлжлэхийг түүх харуулах байх. Сүүлийн үед дэлхийн II дайнд нацист Германыг бут цохиход хамгийн ихээр оролцож тусалсан улс нь Хятад, түүний аугаа баатарлаг ард түмэн гэж нотлохыг оролдож, энэ нь орос, хятад цэргүүдийн гүн нөхөрлөлийг харуулж буй мэтээр их ярих болсонтой миний хувьд огт санал нийлэхгүй байгаа. Түүхийг ингэж дахин засварлаж, гуйвуулж болохгүй л дээ” гэж онцолсон удаатай. Тэгэхээр тэдний энэ сүжрэлийн наад өнгө нь манай улсад “Эгийн голын усан цахилгаан станцаа барихгүй шүү” гэх сүрдүүлэг, хил боомтын элдэв хоригоор илэрч байгааг үгүйсгэх аргагүй. Үгүйсгэх аргагүй ч биш юм аа, хойд урд хоёр хөрш хавсайдах бодлого явуулаад эхэлсэн нь энэ мэт цөөнгүй кейсээс тод анзаарагдаад эхэлчихлээ.

Орос, Хятадын удирдагчид өнөө жил цахимаар уулзаж нөхөрлөлийн гэрээгээ сунгасныг энэ дашрамд эргэн сануулмаар байна. ОХУ, БНХАУ- ын хоорондын сайн хөрш, найрсаг хамтын ажиллагааны тухай хэмээх тодотголтой уг гэрээг анх 2001 онд зурж байсан юм. Энэ гэрээг зурахаас яг нэг сарын өмнө Төв Азид Америкийн нөлөөллийг саармагжуулах зорилготой “Шанхайн тав” ШХАБ болон өргөжиж байсан нь санамсаргүй тохиол биш. Хятад ба Орос тэргүүтнүүд, Америк ба барууныхны аль нь хүчтэй нөлөөтэй вэ гэсэн асуулт дор өрнөж буй сөргөлдөөн тахлын эдийн засгийн жилүүдэд хурц, халуун уур амьсгал дунд өрнөсөөр байгаа. Манай хоёр хөрш олон талаараа адилхан. Төр засгийнх нь эрх мэдэл нэг хүний гарт улам бүр төвлөрсөөр ирсэн, авторитар дэглэм эрчээ авсаар байгаа, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хүний эрх, эрх чөлөөнд тавих хяналт чангарсаар яваа. Цэнхэр гаригт яг одоо өрнөж буй халуун үйл явдал дунд манай хоёр хөрш энэ ижил талаараа нэгдэж, гараа чангаар атгалцаж буй. Америкийн ерөнхийлөгч Жо Байден Орос, Хятадыг “Дүрэм журамд суурилсан олон улсын эмх цэгцтэй харилцаанд хамгийн том аюул” гэж удаа дараа онцолсоор суугаа. Азийн Монголын тухайд бүс нутагтаа ардчиллын баянбүрд гэгддэг. Орос, Хятадын аль алинд манай улсыг өөрсөд шигээ нэг хүчтэй нам, цорын ганц удирдагчтай болгож дэлхийгээс таслах цаад сонирхол бий гэсэн дүгнэлт таамгийг эндээс төвөггүй хийчихэж болно.

Төдийгөөс өдий хүртэл ардчилсан засаглалын хөгжлөөрөө бүс нутагтаа жишиг болсоор ирсэн Монголын ардчилал тахлын хямрал үргэлжилсэн энэ үед илүү хөгжиж батжиж ашиг сонирхол, нөлөө хамаарлаас нь гараад явчих вий гэсэн болгоомжлол манай хөршүүдэд байгаа. Хятад, Оросын аль алинд нь монгол үндэстнүүд аж төрдөг. Монголын ардчилал бэхжиж, эдийн засаг нь бие дааж хөгжих нь монгол үндэстнүүдийг харьяандаа байлгадаг хоёр хөршид тийм таатай зүйл биш л дээ, яаж ч бодсон. Наад зах нь л Монгол Улсын хүчирхэгжил өөрсдийнх нь харьяанд орших монгол үндэстнүүдэд муугаар нөлөөлнө гэсэн болгоомжлол манай хөршүүдэд байсаар ирсэн. Хэнд ч ил, булзах аргагүй үнэн гэвэл энэ.

Хоёр хөршийн бидэнд хандаж буй өнөөдрийн өнгийг анзаарах нь ээ тэд хандаж болох хамаг муу аашаа гаргаж байна. Цахилгаан эрчим хүчээрээ бие даана гэсэн ойлголт байхгүй шүү, том юм ярилгүй манайхаас эрчим хүчээ аваад яв гэж хэлж байгааг дарамт, хавчлагын эцсийн цэг гэж харахаас аргагүй. Экспорт, импортын бүрэн хамааралтай улсын орох гарах урсгалыг хааж байгаа нь ч хавчлага, хяхалтын хурц хэлбэр. Үүнээс доор орно гэж юу байхав. Одоогийнх шигээ дуугүй дүмбийж, идэвхгүй суугаад байвал Монгол гэдэг улсын тусгаар тогтнолд аюул, эрсдэл учирна.

Аргадсан, царайчилсан өнгөөр харилцсаар ирсэн байр сууриа өөрчлөх цаг болжээ гэж харж байна. Монгол Улс НҮБ-ын гишүүн. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банкны гишүүн. АНУ, Япон, ХБНГУ зэрэг өрнө, дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдийг гуравдагч хөршөө гэж харилцдаг. Эдэнтэй харилцаагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тулгуур багана. Германы монголч эрдэмтэн, доктор, профессор, нийтлэгч Удо Баркман олон жилийн өмнө “Жижигхэн Монголын ард түмэн өнөөдөр ч гэсэн өчигдрийнхөө нэгэн адил дэлхийн улс төрийн бодлогын тээрмийн чулуудын дунд сууж байна. Гэвч улстөрчид нь тээрмийн ийм чулуудын дундуур чамгүй амжилттайгаар бодлого явуулж сурчээ. Олон тулгуурт бодлого эерэг нөлөөгөө үзүүлж эхлээд байна” гэсэн удаатай. Харамсалтай нь өнөөгийн улстөрчдийн байр байдлыг анзаарахад тээрмийн том чулуудын дунд амжилттай бодлого явуулж байгаа царай алга. Нэг л их царайчилсан, аргадсан, болгоомжилсон, дулдуйдсан өнгө аяс л их тод ажиглагдаад удаж байгаа. Одоо урьдынх шигээ алмайрч, ноомойрч суумааргүй байна. НҮБ, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк. АНУ, Япон, ХБНГУ зэрэг гуравдагч хөршүүддээ зоримгоор санаагаа хэлж, учир байдлаа ойлгуулж, ухаалаг гарц шийдэл санал болгож хандах цаг ирчихэж. Хоёр хөршийн харьяан дор аж төрж яваа үндэс нэгтнүүддээ ч уриалга гаргахад болохгүй юмгүй. Тодотгож хэлэхэд Орос, Хятадын ард түмэн бидний дайсан биш. Орос, Хятадын төр засгийг атгагч цөөхөн нөхдийн бий болгосон, алдахыг хүсэхгүй байгаа авторитар дэглэм нь л бидний болгоомжилж явах ёстой том аюул.

Нийтлэлийнхээ төгсгөлд Удо Баркманы нэгэн нийтлэлдээ дурдсан хэсгийг тодотгомоор санагдлаа. Цаг төрийн өнгө хувирсан ерээд онд экспортоос олдог долларынхаа тэн хагасаар Оросын өгнө гэж дуугарсан хэмжээгээр шатахуун царайчилж тэвдсэн монголчуудад гар сунгасан эхний улсууд хэн хэн байсан тухай, тэр үед хөрш маань бидэнд хэрхэн хандаж байсан талаар их тодорхой өгүүлсэн байдаг юм. Германы монголч эрдэмтэн “Өөрөө хямралд орсон ЗХУ-аас ямар ч тусламж дэмжлэг горьдох хэрэггүй болов. Зөвлөлтийн Элчин сайд В.И.Ситников 1990 оны эхээр Монголын хэвлэлд тавлангуй өнгө аясаар “Монголын гадаад эдийн засгийн харилцаанд дангаар зонхилохыг ЗХУ хүсэхгүй байна. Дэлхийн аль ч улс гүрэнтэй БНМАУ хамтын ажиллагаа өрнүүлэхийг бид дэмжиж, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна.” гэж мэдэгдэж байв. Гэхдээ Зөвлөлтөөс тусламж авахыг монголчууд өөрсдөө ч хүссэнгүй. Мөн онд Зөвлөлтийн шатрын дэлхийн аварга Г. Каспаров хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “ЗСБНХУ Монголыг Хятадад худалдах гэж байна” гэж мэдэгдсэн нь монголчуудын хуучин айдас хүйдсийг сэрээж, тэд хэдэн мянгаараа Улаанбаатар дахь ЗСБНХУ-ын Элчин сайдын яаманд эсэргүүцлийн бичиг өргөсөн байдаг. Нөхцөл байдал ийнхүү эрүүл саруулаар сэтгэхийг шаардаж, үндсэрхэх үзлийн цаг зуурын давалгаа, сэтгэлийн хөөрлөөр улс орон цааш хол явахгүй болохыг хоромхон зуур мэдрүүлсэн юм. Гадны тусламж харин ч санаснаас хурдан ирж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж. Бейкер 1990 оны наймдугаар сарын 2-5-ны хооронд Монголд албан ёсны айлчлал хийхдээ тус орон дахь шинэчлэлийн үйл явцад дэмжлэг үзүүлэхээ амлав. 1991 оны наймдугаар сарын 13-нд Японы ерөнхий сайд Т. Кайфу Монголд айлчилсан бөгөөд тэгэхдээ 1990 онд Хьюстон (АНУ), 1991 онд Лондон хотод тус тус болсон Их долоогийн уулзалтад Монголын асуудлыг хөндөн ярьж, Монголд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьснаа ярилаа. Ж. Бейкер энэ талаар урьдчилан мэдэгдсэн хэдий ч Япон улс үүний анхлан санаачлагч гэдгийг сануулахаа мартсан байжээ. Японы санаачилгаар бүр 1991 оны наймдугаар сард Токио хотноо Монголд хандивлагч орнуудын Бага хурал хуралдахад Япон, АНУ-аас гадна бас Герман улс ч идэвхтэй оролцлоо. Тус Бага хурлаас Монголд 150 сая америк долларын шууд тусламж олгохоор шийдвэрлэсний 50 саяыг нь Япон улс дангаараа гаргахаар болов. Герман улс Монголыг бүр анхнаас нь л тууштай дэмжиж, хуучин БНАГУ-ын үед хэрэгжүүлж асан хөгжлийн тусламжийн төслүүдийг хэвээр үргэлжлүүлсэн ба 1992 оны наймдугаар сарын байдлаар Германы зүгээс олгосон хөнгөлөлттэй зээл, тусламжийн нийт хэмжээ 34 сая америк долларт хүрээд байлаа” хэмээн онцолж байв.

Герман эрдэмтний нийтлэлийн хэсгийг эргэн сануулсан нь цаанаа учиртай. Дэлхий нийтээрээ цар тахлын хөлд хоёр жил талхигдаж, авторитар дэглэмтэй улсууд коронагийн дор засаглалаа уламж бэхжүүлж яваа энэ хэцүү цагт бүс нутагтаа ардчиллын баянбүрд гэгддэг Монголд тэр үеийнх шиг тус дэм хэрэгтэй болчихсон гэхэд хэтрүүлэг болохгүй. Эцэст нь хэлэхэд “Бидэнд яг ийм тусламж хэрэгтэй байна” гэж хандах учиртай хүмүүс нь эрх баригчид. Бурханы хөшөөхнөөс болтугай мөнгө завшихаар өөр зуураа хэмлэлдэж суухын оронд улсаа бодсон энэ мэт том, ухаалаг шийдэл гаргамаар байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна


Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2021 оны 12 сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 3-5 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 07-ноос 12 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн зарим газраар, 10-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 8-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Их хурал эхэллээ

МАН-ын 30 дахь их хурал 09.00 цагаас эхэллээ. Их хурал хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд эрх баригч намынхан энэ удаагийн хурлаар хүний эрхийг хамгаалах, авлигатай тэмцэх бодлогоо танилцуулах юм.

Хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд 08.00-23.00 цагийн хооронд үргэлжилнэ гэж МАН-аас мэдээллээ.

Өнөөдрийн хурлаар нийт 9 асуудал хэлэлцэх бөгөөд нэн түрүүнд МАН-ын даргыг жинхлэх асуудлыг хуваарьт оруулжээ. Хамгийн эхэнд Л.Оюун-Эрдэнэ илтгэл тавих юм.

Өнгөрсөн зургадугаар сард болсон МАН-ын Бага хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Л.Оюун-Эрдэнийг албан ёсоор батламжлах юм. Түүнчлэн Намын бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх аж.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс “цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ыг Их хурлын төлөөлөгчдөөр дамжуулан олон нийтэд танилцуулах бол УИХ-ын дарга Г.Занданшатар сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд илтгэл, хөтөлбөрөө танилцуулна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Эрдэнэ: Би О.Цогтгэрэл шиг “Намын дарга” гэчихээд хүнд үзүүлэх зүйлгүй суухгүй

АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Ардчилсан намд үүсээд байгаа одоогийн нөхцөл байдлын талаар та юу хэлэх вэ. Хэзээ, юунаас үүдэлтэй энэ үл ойлголцол, хуваагдал бий болчихсон юм бол?

Нэгдүгээрт,Ардчилсан намд ямар нэг хагарал, хуваагдал байхгүй. Өнөөдөр манай намыг хоёр нам болчихсон мэтээр харагдуулах сонирхол их байх шиг байна. Юу гэнэ вэ. О.Цогтгэрэлийн Ардчилсан нам ч гэх шиг. Монгол Улсад О.Цогтгэрэлийн нам гэж байхгүй. Ямар эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэрээр, хаана ямар бүртгэл хийгдээд,ямар эрх зүйн боломж олгогдоод О.Цогтгэрэлийн Ардчилсан нам байгуулагдчихсан юм бэ. Монголд ганцхан л Ардчилсан нам байгаа. Уг намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй цорын ганц намын дарга нь Содномзундуйн Эрдэнэ миний бие хэвээрээ байгаа. Улсын дээд шүүхийн 2017 оны ….. тоот тогтоолоор Ардчилсан намын дарга хэмээн бүртгэж авсан Улсын дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Энэ асуудлаар өнөөдрийг хүртэл ямар нэгэн маргаан, мэтгэлцээн гараагүй.

Одоо надад байгаа Ардчилсан намын тамга хүчин төгөлдөр хэвээрээ. Би танд энэ бүхнийг хэлээд байгаа нь бидэнд буй эрх зүйн баримтын талаар яриад байгаа юм. Тэгвэл нөгөө талд ямар эрх зүйн баримт, эрх бүхий ямар байгууллагын шийдвэр, улсын бүртгэл, ямар тамга тэмдэг байгаа юм. Юу ч байхгүй. Тэгэхээр байхгүй юмыг байгаа мэтээр ярьдгаа л одоо больчихмоор юм. Товчхондоо, нэг л Ардчилсан нам бий. Энэ нам цул хэвээрээ байгаа. Ардчилсан нам өнөөдөр хүртэл хуваагдаагүй. Тэгэхээр хуваагдалтай мэтээр ойлгуулахыг, болж өгвөл хуваачих сонирхолтой улс төрийн нам хүчнүүд, хүмүүс бий л дээ. Тэд нарын хүслээр тийм амархан хуваагдчих нам Ардчилсан нам биш.

-Хэдийгээр АН нэгдсэн нэг цул нам гэж байгаа ч хуваагдчихсан байгаа нь маргаангүй. Үүний шалтгаан юм юм бол?

-Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал бол тодорхой хэсэг бүлэг улстөрчдийн хувийнхаа ашиг сонирхлыг л хангах гэсэн үйл ажиллагаанаас үүдэлтэй. Яг нарийн ярих юм бол 2016 оны арванхоёрдугаар сараас миний бие Ардчилсан намын даргын ажлыг хүлээн авсан. Тухайн үед УИХ-д хамгийн цөөн буюу есөн гишүүнтэй бүлэг манай нам байсан. Эрх баригчид 65-уулаа байсан. Энэ том бүлэг, эрх баригчидтай ажиллана гэдэг маш хүнд шүү дээ. Намын даргын албыг хүлээж авснаас хойш хамгийн анхны улс төрийн том сорилт бол Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд оролцох байсан. Тухайн үед Ардчилсан намаас Х.Баттулгыг дэвшүүлсэн. Бидэнд ямар нэгэн эрх мэдэл, мөнгө хөрөнгө байгаагүй. Маш хүнд сонгууль байсан. Ялалт байгуулах боломж 80:20 хувьтай л байсан. Бид бүх боломжооо ашиглаж нэр дэвшигчээ Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулсан. Хоёр удаагийн санал хураалтаар итгэл төгс ялалт байгуулсан. Энэ ялалт тухайн үеийн Ардчилсан намын хувьд түүхэн ялалт байсан. Дараагийн том ялалт, юу байсан юм гэхээр тухайн үед эрх барьж байсан 65 гишүүнтэй эрх баригч намын Засгийн газрыг буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газартай хариуцлага тооцож, огцруулж чадсан. Энэ үйл явдал сөрөг хүчний хувьд бол маш том ололт байсан. Ингээд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг өөрчлөлт, шинэчлэлт хийх юм байна гээд тодорхой итгэл найдвар хүлээлгээд дэмжсэн. Гэтэл жилийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагагүй алхмууд хийсэн учраас Засгийн газрыг огцруулах асуудлыг Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс шийдвэрлэн үүнийг нь УИХ-д би танилцуулсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх шийдвэр гаргах торгон мөчид буюу санал хураалт болохоос нэг хоногийн өмнө надад “Ерөнхийлөгч танай бүлгийн дөрвөн гишүүнд та нарын эсрэг санал өгүүлэхээр үүрэг даалгавар өгчихсөн байна” гэсэн мэдээлэл ирсэн. Яг тэр мөчөөс эхлээд Ардчилсан нам доторх үл ойлголцол эхэлсэн л дээ.

-Та өөртөө итгэлтэй хэлж байхыг бодоход тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгаас энэ талаар лавлаж асуусан гэж ойлгож болох уу?

-Уг мэдээллийг авсны дараа би Ерөнхийлөгч дээр орсон. “Ийм мэдээлэл авлаа.Ерөнхийлөгч өө, та хэрвээ ийм чиглэл,үүрэг даалгавар өгсөн бол үүнийгээ боль. Нэгдүгээрт, та Монгол Улсын төрийн тэргүүний хувьд намын харьяалалгүй ч, Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон. Хоёрдугаарт, та хариуцлагын асуудлыг хамгийн их ярьдаг мөртлөө У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох эсэхийг шийдэх торгон мөчид ийм байр суурь барьж болохгүй” гэж хэлсэн.Ерөнхийлөгч “Би тийм үүрэг даалгавар өгөөгүй, оролцоогүй гэж хариулсан. Би “Таныг оролцсон гэдгийг чинь мэдэж байна. Та боль оо” л гэсэн.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга та хоёр өөд өөдөөсөө хараад ярьсан хэрэг үү?

-Улаан нүүрээрээ өөд өөдөөсөө хараад сууж байсан. Би ер нь хэн нэгэн хүнээс нүүрээ нуудаг хүн биш шүү дээ. Миний занг та нар андахгүй байх. Би хаана ч, хэнд ч хэлэх гэсэн үгээ нүүр рүү нь харж байгаад хэлчихдэг.Тэрнээсээ л болж их алдсан хүн шүү дээ. Ерөнхийлөгч над руу харж байгаад “Би маргааш хөдөө явлаа. Тэгээд санал хураалтын дүнгээр шийдэгдэх биз. Би ямар нэгэн нөлөөлөл үзүүлээгүй” гээд ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байсан л даа. Маргааш нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулсан. Санал хураалтад Я.Санжмятав, Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат гэсэн дөрвөн гишүүн Засгийн газрыг огцруулахын эсрэг санал өгсөн. Ингээд хоёр саналын илүүгээр У.Хүрэлсүхийн Засгийн газар суурин дээрээ үлдсэн. Энэ мөчөөс эхлээд бидний хоорондын зөрчил эхэлсэн. Мөн энэ мөчөөс Х.Баттулга Ерөнхийлөгч эрх баригч намтай нийлээд Ардчилсан намыг гутаах, харлуулах, Ардчилсан намын удирдлагуудыг, тэр дотроо намайг янз бүрийн байдлаар гүтгэх кампанит ажлыг эхлүүлсэн. Энэ кампанит ажил гурван жил гаруй хугацаанд явсан. Тэд зорилгодоо ч бараг хүрсэн байх.

-Тэгэхээр та УИХ болоод Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээхэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын кампанит ажлын нөлөө их байсан гэж боддог юм уу?

-Угаасаа л тийм шүү дээ. Монголын ард түмэн мэднэ. Ингээд 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа олонх болж чадаагүй учраас Ардчилсан намын дүрмийн дагуу намын дарга хариуцлага хүлээх ёстой. Иймээс миний бие үүрэгт ажлаа тухайн үеийн Ардчилсан намын дэд дарга Ц.Туваанд хүлээлгэн өгсөн. Ингээд “Наймдугаар сарын 23-нд намын 10 дугаар их хурлыг хуралдуулна. Түүний наана намын даргын сунгааг явуулаад хамгийн олон санал авсан хүнд энэ тамгыг хүндэтгэлтэйгээр гардуулж өгөөрэй” гэдэг чиг үүргийг Ц.Туваанд өгөөд тамгаа түр хадгалуулсан. Гэтэл Ц.Туваан миний өгсөн үүрэг даалгаврыг шууд үгүйсгээд наймдугаар сарын 23-нд болох байсан намын их хурлыг цуцлаад, намын даргын сунгааг зогсоогоод, өөрийгөө намын даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг дүрмийн бус албан тушаалд өргөмжилсөн. Ямар ч тийм тогтоол шийдвэр гараагүй. Улмаар өөрт нь хэн нэгнийг томилох эрх байхгүй байхад арваннэгдүгээр сард одоо АН-ын хэрэг эрхлэх газрын даргаар П.Нүрзэдийг томилсон. Улсын дээд шүүхийн иргэний танхимд П.Нүрзэдийн гарын үсэгтэй “Намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан ажиллаж байгаа учраас түүнийг Ардчилсан намын даргын бүртгэлд бүртгэж өгнө үү” гэх бичиг очсон. Уг бичгийг үндэслээд Улсын дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн шүүгч Х.Сонинбаяр шууд тэр хяналтын картны булан дээр “Нүрзэдийн ирүүлсэн бичгийн дагуу С.Эрдэнийг хасч, Ц.Тувааныг бүртгэх цохолт хийгээд Тамгын газар руугаа өгсөн. Ингээд Ардчилсан намын дарга гэсэн цонхонд байсан С.Эрдэнэ гэдгийг арилгаад Ц.Туваан гэдэг бичилт хийсэн. Эндээс чинь гол маргаан үүссэн. Цахим мэдээллийн сан дээр Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан гэж байна. Хууль ёсны намын дарга нь Ц.Туваан юм байна гэсэн мэдээлэл тархсан.

-Шүүхээс гаргасан 04 тоот тогтоол дээр ямар шийдвэр байсан юм бол?

-Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн санд С.Эрдэнийг хасч Ц.Туваан гэж бичсэн бичилт нь өөрөө хууль бус байгаа учраас Ц.Тувааныг хаслаа. С.Эрдэнийн Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн санд байсан хуучин бичилтийг сэргээх үндэслэлийг хангахаас татгалзсугай” гэж байгаа юм. Яагаад хангахаас татгалзаж байгаа юм гэсэн чинь “Танай намын дотоод маргаан зөрчилтэй байгаа учраас энэ асуудлаа шийдүүлсний дараа уг асуудлыг дахин тавьж болно” гэж байгаа юм. Гэтэл улс төрийн намын тухай хуулийн 13.9-д “Тухайн улс төрийн намын хууль, дүрэм журмын дагуу явуулж байгаа аливаа үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан хэлэлцэхгүй” хэмээн заасан. Тэр намын дотоод, дүрэм журамтай холбоотой гарсан маргааныг шүүх хянан хэлэлцэхгүй. Тухайн асуудлыг уг улс төрийн намын дотоод эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ гэдэг хуультай. Улсын дээд шүүх улс төрийн намын даргын бүртгэлийг хийхдээ зөвхөн бүртгэлийн байгууллагын л үүрэг гүйцэтгэдэг. Эрүү, иргэн, захиргааны хэргийг хянан хэлэлцэж байгаа бол Дээд шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд, хуулийн дагуу тухайн хэрэгт хэн нь гэм буруутай, хэн нь гэм буруугүй вэ гэдгийг тогтооно шүү дээ. Бүртгэл дээр бүрдүүлбэр хангагдаад ирсэн байх юм бол тэр улс төрийн намыг, тухайн улс төрийн намын даргыг бүртгэх л үүрэгтэй. Ямар нэгэн байдлаар улс төрийн нам дотоод асуудалтай холбоотой асуудлыг хянан шийдвэрлэх эрх шүүхэд байхгүй. Одоо болтол АН-ын даргын сонгуульд хамгийн өндөр санал авсан М.Тулгат даргыг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд гурвантаа хүсэлт хүргүүлсэн. Нэг удаа үндсэн дүрмийн өөрчлөлтбүртгүүлэх санал хүргүүлсэн. Дөрвүүлэнд нь “Танай намын 04тогтоолд дурдсан дотоод зөрчил арилаагүй байгаа учраас бүртгэх боломжгүй” гэдэг хариулт Дээд шүүхээс өгсөн. Манай намын дотоод зөрчил Дээд шүүхэд ямар хамаатай юм. Дотроо зодолдоно уу, барилдана уу энэ бол улс төрийн намын дотоод асуудал байхгүй юу. Дээд шүүх ганцхан хуульд нийцэж байна уу, хуульд нийцэхгүй байна уу гэдгийг хянаж үзээд, нийцэж байх юм бол Улс төрийн намын хуулийн дагуу шийдвэр гаргаад, бүртгэл хийх үүрэгтэй. Бүртгэлийн чиг үүргийг хэрэгжүүлэх хуультай байгууллага байхгүй юу. Иймээс үүссэн нөхцөл байдал, энэ бүгдийг би шууд улс төрийн зорилготой гэж хардаг.

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дүрэмд заасны дагуу өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-нд Ардчилсан намын Онц их хурал хуралдаж 21 аймаг, 330 сумаас төлөөлөгч оролцсон. Энэ үеэр О.Цогтгэрэлийг намын даргаар батламжлахаар төлөөлөгчид тамга тэмдгээ дарсан учраас түүнийг АН-ын албан ёсны даргаар батламжлуулах хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүлчихээд байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Манай намын Үндсэн дүрэмд тийм заалт байхгүй.Намын үндсэн дүрэмд намын бүх шатны хурал буюу их хурлыг зохион байгуулах чиг үүрэг нь дотоод сонгуулийн хороонд байдаг. Үндсэн дүрмээр батлагдсан бүх шатны намын байгууллагын хурал, хуралдааны Дэгийн тухай журам гэж бий. Уг дүрмийн дагуу сонгогдсон гишүүд хуралд төлөөлөгчөөр оролцох эрхтэй хэмээн заасан. Ер нь бод доо. МАН-ын 1000 гишүүн цуглаад “Бид нар 1000-лаа хуралдлаа. Ингээд намын даргаараа энэ хүнийг сонголоо. Энэ хүнийг намын даргаар бүртгэж өгнө үү гээд Улсын дээд шүүхэд асуудлаа тавья л даа. Тэр цугласан хүний тоо нь 5000 байсан ч Дээд шүүх бүртгэж авах уу. Яаж ч эрүүл ухаанаар бодоод энэ чинь ямар ч боломжгүй асуудал. Тэд нарт хурал хийх эрх бий юү. Харин иргэнийхээ хувьд жагсаж, цуглаж, хуралдах нь тэд нарын эрхийн асуудал. Ганцхан тэндээс гарч байгаа аливаа шийдвэрийг хууль ёсны шийдвэр мэтээр эрх бүхий байгууллагад тавих боломжгүй шүү дээ. Толгойтой болгон нь ингээд дур зоргоороо аашлаад байх юм бол энэ улс оронд чинь хууль, дүрэм, журам гэж байгаад яадаг юм. Онц их хурал зарлах эрх зүйн чадамж О.Цогтгэрэлд байхгүй. Тэд тийм эрх зүйн чадамжтай байсан юм бол Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй яасан юм. Яагаад Ерөнхийлөгчийн сонгуулиар Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэл дээр, Улсын дээд шүүхийн тогтоол дээр Ан-ын даргаа Содномзундуйн Эрдэнэ гэдэг бүртгэлтэй байна гэдэг баталгаа, тайлбар гаргаж өгсөн юм. Мөн нөхөн сонгууль боллоо. Яагаад О.Цогтгэрэлийн талаас дэвшүүлсэн хүмүүсийг өрсөлдүүлээгүй юм. Үүнээс эрх зүйн чадамж нь хаана байгаа нь тодорхой харагдаж байна шүү дээ. Хамгийн сүүлд тохиолдсон нэг жишээ хэлье л дээ. Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны улсын тооллого болж өнгөрлөө. Тэр тооллогоор 8488916 регистрийн дугаартай Ардчилсан нам арваннэгдүгээр сард тоологдсон. Хууль ёсны дагуу бүх бичиг баримт, даргынхаа нэртэй дурайж байгаа. Тэгэхээр хэн нь хууль ёсных гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Бүх зүйл баримттайгаа байна. Би худлаа яриагүй. Би О.Цогтгэрэл шиг “Би намын дарга” гэчихээд хүнд үзүүлэх зүйлгүй суухгүй.

-Үүсээд байгаа асуудалтай холбоотойгор та бүхэн нэгдэж, зөвшилцөлд хүрэх оролдлого хийсэн үү?

-Зөвшилцөл гэдэг чинь юу гэсэн үг вэ. Би хэнтэй зөвшилцөх юм. Ямар ч эрх зүйн чадамжгүй хүмүүстэй би зөвшилцөж яах юм. Та нар нөгөө талаас очоод Улсын бүртгэлийн гэрчилгээ байна уу асуу л даа. Аль нь ч байхгүй. Ямар нэгэн эрх зүйн чадамжгүй хууль бус үйлдэл хийгээд байдаг. Энэ чинь нэг ёсны гэмт хэрэг шүү дээ. Байгууллагын нэрийг хуурамчаар ашиглаж, хүчингүй тамга тэмдэг ашиглаж байна гэдэг чинь гэмт хэрэг.

-Хууль журмаараа ойлголцдоггүй юм бол нэгэнт хоёр хуваагдаж харагдаад байгаа АН-ынхныг нэгдсэн цул болгох алхам аль аль талаасаа хийх ёстой биз дээ?

-Тэд нар чинь тодорхой санаа зорилготой шүү дээ. Ямар ч хамаагүй аргаар Ардчилсан намын тамга, эрх мэдлийг гартаа оруулж авах гэсэн эцсийн зорилго тэд нарт байгаа. Дараагийн сонгуулиар өөрсдөө эрх мэдэл, албан тушаалд хүрэх хамгийн ашигтай шат гишгүүр нь Ардчилсан намыг гээд харчихсан. Энэ зорилгоо биелүүлэхийн төлөө улайрч байгаа шүү дээ.

Эрх мэдэл, албан тушаалын төлөө энэ намыг зорилгодоо хүрэх шат гишгүүр болгох гээд улайрчихсан этгээдүүдтэй бид ойлголцох гэдэг бол боломжгүй л дээ. Намын эв нэгдлийн төлөө, цаашдын ололт амжилт, ялалтын төлөө би хэнтэй ч нэгдэхэд бэлэн, хэнтэй ч ярилцахад бэлэн. Зааланд мянган хүн цуглуулснаараа олонх болчихдог юм уу. Би ч бас чадна. Бүр 10,20,30 мянгыг цуглуулж чадна.

-Хагарал хаанаас эхэлснийг та өөрийнхөө өнцгөөр хэллээ. Тэгвэл хаана дуусах бол?

-Дуусна л даа. Дахиад л хэлчихье, АН-д хагарал гэж байхгүй. Хэсэг бүлэг этгээдүүдийн дүрмийн бус, хууль бус үйл ажиллагаа удахгүй дуусгавар болно. Аливаа нэг юманд хэмжээ гэж бий. Албан тушаалтай, эрх мэдэлтэй байх үеийн хуучин Ерөнхийлөгчийн үед шүүх, прокурорт нөлөөлөх замаар тодорхой хэсэг бүлэг этгээдүүд нам дотор зориуд, зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж намын эрх мэдэл, тамга тэмдгийг булааж авах оролдлого жил гаруй хугацаанд явуулаад Х.Баттулга гэдэг хүн бараагүй. Би өгөөгүй.Надад эрүүгийн хэрэг хүртэл үүсгүүлж, яллах гэж оролдсон. Тэр битгий хэл үүсгэсэн эрүүгийн хэргээ хэрэгсэхгүй болгочихоод “Одоо тамга, тэмдгээ өг” гэхэд нь ч би “Үгүй” гэсэн. Гэтэл буцаагаад эргүүгийн хэргийг сэргээчих гээд байгаа юм. Тухайн үед би “Шударга бусын хонгил гэж байдаг юм байна” гэдгийг иргэдэд мэдээлж байсан.Тэрнээс болж Нийслэлийн зарим прокурорууд хариуцлага хүлээсэн.

-Монголд ардчилал бий болоод 30 жил боллоо. Төдийгөөс өдий болтол та бүхний бүтээсэн өнөөгийн ардчилсан нийгмийн өндөрлөгөөс “Одоо ахмад үеийнхэн хэрэггүй. Зүгээр зайгаа тавиад зайлаад өг” гэсэн байдлаар хандах хүн олон байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Энэ нам чинь Ардчилсан нам юм байгаа биз дээ. Хүний эрхийн хувийн өмчийг хамгаалахын төлөө, парламентын засаглалыг дэмжсэн баруун төвийн, либерал Ардчилсан нам. Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг нас хүйс, шашин шүтлэг, ажил мэргэжил, ажил албан тушаал гээд янз бүрийн хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглосон. Тэгвэл Ардчилсан намын гишүүдийг хөгшин, настай байна, “Та нар зайлаад өг” гэдэг чинь юу гэсэн үг юм. Энэ ардчилсан зарчимтай нийцэх үү. Хэний эрхийг хэн хязгаарлаад байгаа юм. Өнөөдөр 45-аас дээш насныхан хүн биш юм уу. Тэр хүмүүс чинь дор хаяж дахиад гуч дөчин жил амьдарна шүү дээ. Тэд нар ялтан юм уу. Ямар ял хийчихсэн юм. Өндөр нас насалсан нь ял юм уу.

Энэ нийгмийг байгуулахын төлөө, ардчиллыг бий болгохын төлөө бүхий л амьдралаа зориулсан нь тэд нарын ял, буруу юм уу. Хэний хүчинд хэн болчихоод, хэний хүчээр “хөл нь дөрөөнд, гар нь ганзаганд хүрчихээд” өмнөх үерүүгээ нулимж байна. “Ахмадууд зайгаа тавиад зайл” гэж яаж хэлж чадаж байна. Өнөөдөр дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй Америк, Англи, Япон, Хятад, ОХУ-ын удирдагчид 70,80 насандаа улс төрийн манлайлал үзүүлж байна. Дональд Трамп 2024 онд 82 насандаа нэр дэвшихээр бэлтгэлээ хангаад явж байна. Ардчилал хөгжсөн улс орнууд хэн нэгнийг нас сүүдрээр нь яагаад ялгаварлахгүй, хөгжөөд байгаа юм. Нөгөө мерит зарчим чинь хаана байна. Шууд крандаад л дарга сайд болох ёстой юм уу. Залуучууд тодорхой хэмжээнд амьдрал үзэж, туулж, шалгуур давж байж эрх мэдэл, албан тушаалд хүрэх ёсгүй. Өнөөдөр ардчиллаа ч ойлгоогүй, улс төрөө ч ойлгоогүй залуучууд“Ахмад үеийнхэн зайлаад өг” гэж байна. Тэд нарт хөөгдөх гэж бид улс төрд ороогүй.Тийм чадалтай юм бол шударгаар өрсөлдөөд үгээрээ, үйлдлээрээ, ухаан боловсролоороо гарч ирээд бид нарыг зайлуул л даа.

-Ирэх сонгуульд оролцох АН-ын дүр төрхийг юу гэж харж байна?

-Гэгээлгээр харж байгаа. Иргэд одоо ер нь ойлгосон байх. Сүүлийн жилүүдэд коммунизм гэдэг дарангуйлал бий боллоо. Цар тахал, өвчин эмгэгээр иргэдээ айлгадаг, үүгээр далимдуулж үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах эрхийг нь хязгаарладаг, 70, 80 жил дарлаж хэдэн арван мянгаар нь хяддаг тогтолцоонд шилжих нь. Тэгсэн мөртлөө эрх барьж байгаа намынхан одоо хүний эрх ярьдаг болчихож. Үнэхээр эрх баригчдад баяр хүргэмээр байна. Хүний эрхийг ойлгодог, дээдэлдэг болчихож. Хүний эрхийн төлөө эрх зүйн зохицуулалт хийх гэж байгаа юм байна. Эрх баригчдад хүний эрхийг ойлгуулж чадна гэдэг бол агуу том өөрчлөлт, ардчиллын асар том ялалт.Үүнийг ойлгуулах гэж 30 гаруй жил Ардчилсан нам тэмцсэн.

-Та Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хэр ойр дотно байна вэ. Намынхаа ирээдүйн талаар ярилцах юм уу?

-Бид хоёр журмын сайхан нөхөд. Өнөөдөр ч хэвээрээ л байгаа. Хааяа нэг утсаар ярьж, баяр ёслолын үеэр мэнд мэдэх зэргийн харилцаатай. Тэр бүр уулзаад байж чаддаггүй. Намын үндсэн үйл ажиллагаанд Ц.Элбэгдорж даргын одоогоор гүн гүнзгий оролцоо байхгүй.

-Тантай нэгэнт уулзсаных хүүгийн тань талаар асуухгүй байж чадахгүй нь. Танай хүү Монголын нийгэмд нөлөө бүхий “Шүгэл үлээгч” болж байна. Сүүлд хорих ангид өлсгөлөн зарлаад бие нь нэлээд муудсан. Хүүгийнхээ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Би ер нь нэг зарчимтай л даа. Миний хүү байна уу, хэний хүү байх нь гол биш. Монгол Улсын иргэнийхээ хувьд хүнд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх нь бий. Түүнээс биш Эрдэнээгийн Одбаяр байлаа гээд би үзэл бодолд нь нөлөөлөх, эсвэл хязгаарлаад байж болохгүй шүү дээ. Би хүүгийнхээ үзэл бодолд хүндэтгэлтэй ханддаг. Би долоон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. Хүүхдүүддээ хэзээ ч ямар нэгэн үзэл санаа, үнэт зүйлийнх нь талаар зааж, зааварлаж хязгаарлалт тавьж байгаагүй. Манай хүүхдүүд дотор ер нь улс төр хөөсөн нь ховор. Том нь нэг хэсэг улс төр гэж явж байснаа л больчихно лээ. Бизнес рүү орчихсон. Харин Одбаяр өөрийнхөөрөө л явж байна. Заримдаа хаана, ямар нөхцөлд үзэл бодол, үгээ яаж илэрхийлж байгаа гэдгээ сайн бодож байгаарай. Өнөөдөр ямар ч үед, ямар ч байдлаар хүнийг хэлмэгдүүлдэг технологи хажууд чинь байгаа шүү гэж анхааруулдаг. Эцэг хүний л хувьд.

-Баригдаж хоригдоод, сүүлдээ олон хоног өлсгөлөн зарлаад эрүүл мэндийн байдал нь дордох үед танд амаргүй л байсан байх?

-Эцэг хүний хувьд сэтгэл санаа тайван байна гэж байхгүй юм билээ. Хүү маань шорон гянданд, өлсгөлөн зарлачихсан байхад нойргүй л хононо шүү дээ. Гэхдээ төр гэж байдаг бол, хууль, шүүхийн байгууллага гэж байгаа бол асуудлыг шударгаар шийднэ хэмээн итгэж хүлээцтэй хандсан. Ямар нэгэн байдлаар орилж хашхираад яваагүй. Намайг өөрөө асуудалд орчихсон учраас дуугарч чадахгүй байна гэж хардаж байсан. Миний хувьд нэгэнт миний хүү бие даасан үзэл бодолтой хувь хүн учраас өөрийн туулах ёстой зам мөрөөр явж байхад би нөлөөлөөд яах вэ л гэж бодсон. Үнэхээр байдал улам хүндэрч хүүгийн минь эрүүл мэнд, амь насанд ноцтой байдал үүссэн бол дуугүй байж чадахгүй байсан.Сүүлд 10 гаруй кг хасаад, бөөрний дутагдалд орох үеийг хараад, хүнийг үхлүүт болтол зодчихсон хүн гадуур эрх чөлөөтэй явж болоод байхад, үзэл бодлоо идэрхийлсэн хүнийг гэм буруутай эсэхийг шүүх тогтоох хүртэл яагаад заавал хорих ёстой юм хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн.

Эрдэнэ гэдэг хүнийг харлуулж, гүтгэх гэж Эрдэнэ гэдэг хүнийг улс төрийн тавцнаас зайлуулах гэж хүний өөрийнгүй бүгдээрээ л зүтгэлээ шүү дээ.Аливаа юм чинь цаг хугацаатай. Надад өөрийнхөө төлөө, эрх мэдэл албан тушаалын төлөө яваагүй. Би төрийн түшээ байхдаа ч хийх ёстой ажлаа хийж байсан. Улстөрчийн хувьд ч хийх ёстой ажлаа хийж байсан. Надаас ухаад, ухаад идсэн уусан юм юу ч гарахгүй. Би уул уурхай, тэр ашигт малтмал, төсөл тендертэй холбоотой ямар ч асуудалд хэзээ ч оролцож яваагүй. Улстөрчийн хувьд цэвэр ариун байх ёстой гэдэг зарчмыг л барьж ирсэн.

-Та цаашдын улс төрийн карьераа юу гэж хардаг вэ?

-Би өөрийнхөө үйл хэргийн төлөө л явна. Надад дахиад ямар хугацаатай улс төр үлдсэн гэдгийг хэлж мэдэхгүй шүү дээ. Ямартаа ч би эцсээ хүртэл явна. Шаардлагатай бол ямар ч үүрэг хүлээхэд бэлэн, ямар ч ухралт хийхэд бэлэн. Ардчиллын төлөө үзэл санаа, үнэт зүйлийнхээ төлөө би хэзээ ч ухрахгүй.

-Заримдаа илүү сайхан нийгмийг бүтээхийн төлөө үнэт зүйл, үзэл баримтлал ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө явсан энэ амьдралдаа харамсдаг уу. Жирийн нэг Эрдэнийн амьдралаар амьдрахгүй яав даа гэж бодох үе байсан уу?

-Амьдрал гэдэг амаргүй. Би чинь амьдралаа үхэхээс бусдыг л үзлээ. Хань ижлээ алдлаа. Хамгийн хайртай хүмүүс болох аав минь, төрсөн дүү маань бурхан боллоо. Үхэл, хагацлын зовлонг бол хангалттай үзсэн.Арав гаруй жил би чинь ганц бие аав байж, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх гэж зүтгэсэн. Ёстой нөгөө гадаа гарч эр, дотор орж эм болж явсан. Бурхан бас хардаг л юм байна лээ. Сайхан хань заяасны буянд өнөөдөр сайхан л амьдраад л явж байна. Энгийн тайван сайхан амьдрахыг хүн бүхэн л хүснэ. Улс орон тайван байгаад, бидний анхны зорьсон хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм бүрдчихсэн бол би заавал улс төрд ороод, дарга хийгээд ч байх хэрэг алга. Ц.Хулангийн “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрах юмсан” гэдэг шиг би ч бас нэг уулын мухарт, модны хаяанд тайван сайхан амьдармаар байна.Хэн ингээд өөрийгөө зовоогоод байхыг хүсэх вэ дээ. Ний нуугүй хэлэхэд, хүнийг хийгээгүй үйлдлээр нь буруутгах гээд, бодоогүй юмыг нь бодсон болгож харагдуулах гээд,аль болох харлуулах, гутаах, улс төрийн тавцангаас арчих гээд хүний өөрийнгүй хэсэг бүлэг нөхдүүд дайраад байх тусам нь миний гэдэн хөдлөөд байгаа байхгүй юу. Тэр тусмаа би үнэт зүйлийнхээ төлөө зогсмоор санагдаад байгаа юм.

П.БАТЗАЯА

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар хулгана өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 6, Сумъяа гариг. Билгийн тооллын 2, Суулга одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 8:26 цагт мандан, 17:00 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй