Categories
мэдээ нийгэм цаг-үе

Яармагийн замаар ус урсаж, мөсөн давхарга үүсчээ

Яармагийн зам дагуу бохирын ус халин гарч хөлдсөнөөр зам дээр мөсөн давхарга үүсчээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Яармаг орчимд замын хөдөлгөөний удаашрал үүсэж, түгжрэл бий болж байна. Энэ замаар явж байгаа иргэд автомашины хурдаа тохируулж аюулгүй байдлаа хангах зайлшгүй шаардлагатай.

Гурван эгнээ замын хоёр эгнээгээр ус урсаж байна. Сар орчим болсон асуудал юм. Байгууллагын зүгээс үүссэн асуудлыг засна гэсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу холбогдох газарт арга хэмжээ тооцно.

Худгаас дахиад ус алдах эрсдэлтэй. Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсээс хотын шуурхай албанд удаа дараа мэдэгдээд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр давс, бодис цацуулж байна. Гэсэн хэдий ч эргээд халтиргаа үүссээр байна.

Өдрийн цагт энэ хэсэгт бодис цацаад халтиргаа багасна. Тиймээс энэ хэсэг орчмоор явж байгаа жолооч нар оройн цагаар хурдаа тааруулж явах хэрэгтэй. Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ оны аравдугаар сард Яармаг орчимд 13 осол, арваннэгдүгээр сард 11 осол бүртгэгдсэн” гэлээ.

Categories
мэдээ спорт

БНСУ-ын жүдогийн аварга Ан Чанрим зодог тайлав

Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Өмнөд Солонгосын алдарт жүдоч Ан Чанрим их спортоосоо зодог тайлж буйгаа зарлалаа.

Өдгөө 27 настай тэрбээр өөрийн цахим хуудастаа “Би энэ жил зодог тайлж байгаа учир 2021 он миний Солонгосын шигшээ багт өнгөрүүлж буй сүүлийн жил болж байна. Намайг дэмждэг IJF болон дэлхий даяарх жүдогийн нийгэмлэгтээ баярлалаа. Одоо би амьдралаа гэр бүл, аз жаргал, эрүүл мэнддээ зарцуулах болно. Би одоо сайн дасгалжуулагч болж, олимпийн алтан медальтнуудыг бэлтгэмээр байна. Би хилийн чинадад ажиллахад нээлттэй тул хэрэв хамтарч ажиллахыг хүсвэл надтай цахим шуудангаар холбогдоорой. Мөн зөвлөгөө, сургалт хийх сонирхолтой байгаа тул надтай холбогдоорой” гэжээ.

Японы домогт Шохэй Онотой хүчтэй өрсөлдөөнийг үзүүлдэг байсан Ан Чанрим ийнхүү зодог тайллаа. Япон гаралтай Ан Чанримийн тухайд 2015, 2017 онуудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, 2018 онд Шохэй Оно аваргыг гэмтэлтэй байх үеэр Бакугийн дэлхийн аваргад түрүүлж байв. Мөн тэрбээр 2018 оны Азийн наадмын шигшээд Онотой учраа таарч ялагдан, мөнгөн медаль хүртсэн түүхтэй.Тэрбээр олимпоос хойш тэмцээн уралдаанд оролцоогүй бөгөөд хамгийн сүүлд Ц.Цогтбаатартай барилдаж, ялагдал хүлээсэн.

Categories
мэдээ нийгэм

Д.Сүндийд гурван жилийн хорих ял оноожээ

“Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий болон нэр бүхий хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн Баасан гарагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Шүүхээс

  • шүүгдэгч Д.Сүндийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял,
  • шүүгдэгч Д.Баттөгсийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял,
  • шүүгдэгч Г.Даваажавыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял,
  • шүүгдэгч Т.Батсайханыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял тус тус оноосон байна.

Хэргийг талаар тодруулбал, Д.Сүндий нь өөрийн эхнэр У-г 2019 онд хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт хээл хахууль өгч, хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдоод байв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Булган аймаг сүүлийн 30 гаруй жилийн түүхэнд хамгийн их ургац хураажээ

Булган аймгийн тариаланчид энэ намар 67,8 мянган тонн ургац хураасан нь зах зээлийн харилцаанд шилжсэн жилүүдийн түүхэнд хамгийн арвин ургац авсан жил боллоо. Хүн амын хүнсний хангамжийн гол эх үүсвэрийн нэг улаанбуудайн ургац арвин байж нэгж талбайгаас 15,7 центнер буюу нийтдээ 66,2 мянган тонн үр тариа хураажээ.

Рашаант, Хутаг-Өндөр сумын тариаланчид хамгийн их буюу 14,7-15,2 мянган тонн улаанбуудай, Хангал, Рашаант, Орхон сумынхан хамгийн өндөр буюу нэг га талбайгаас 21,9-29,8 центнер үр тариа хураасан амжилт гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүхээс Ю.Цэдэнбал агсныг цагаатгасан тогтоолыг хүлээлгэн өгөв

Монголын төрийг 44 жил жолоодсон Юмжаагийн Цэдэнбалыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасан шүүхийн тогтоолыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс “Эрдэм судлалын-Ю.Цэдэнбал академи”-д өнөөдөр гардуулан өглөө.

Уг тогтоолыг “Эрдэм судлалын-Ю.Цэдэнбал академи”-ийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын багш, Академич, шинжлэх ухааны доктор профессор Ч.Авдай, Гүйцэтгэх захирал Ш.Хишигсүрэн болон тус академийн хамт хүлээн авсан юм.

Энэ үеэр хуульч Ц.Шаравдорж “Юмжаагийн Цэдэнбал хэмээх энэ хүний амьдрал үйлсийг монголчууд мэднэ. Харамсалтай нь амьдралынхаа сүүлийн он жилүүдийг хэлмэгдэлтэд өнгөрүүлсэн. Энэ асуудлыг хэлэлцээд Монгол Улсын шүүх цагаатгалаа. Үнэн хэзээд ил болдог. Хэзээ нэгэн цагт болох байсан үйл явдал. Энэ хүний амьдралын сүүлийн он жил яагаад гунигтай өнгөрөв гэдэг нь Монголчуудын зүрх сэтгэлдээ хадгалж байгаа асуулт. Шүүх өнөөдөр үнэн шударгаар шийдсэн нь ард түмний хүсэн хүлээсэн шийдвэр гэж бодож байна. Энэ хүн маш даруу, маш энгийн, өөртөө авъя, идье гэсэн санаагүй байсан. Түүний үйлс, замналыг монголчууд мартаж болохгүй” хэмээн хэллээ.

Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг цаг хугацааны хувьд түүх цагаатгасан боловч албан ёсоор шүүхийн шийдвэр гарч цагаатгасан баримт бичиг гараагүй байсан билээ.
Categories
мэдээ нийгэм

Зорилтот бүлгийн иргэдийн 39 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагджээ

Өчигдөр улсын хэмжээнд нэмэлт тунг өчигдөр 4.689 хүн хийлгэжээ. Ингэснээр нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 740.043 болж нэмэгдлээ.

Энэ нь нийт хүн амын 23 хувь, зорилтот бүлэг буюу 18-аас дээш насны иргэдийн 39 хувийг эзэлж байгааг Ерөнхий сайдыг Хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Коронавирусийн эсрэг вакцины бүүстер тунд 70-74 насныхан хамгийн идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд уг насны иргэдийн 56.6% вакцины нэмэлт тунг хийлгэжээ.

Аймгуудаас Завхан хамгийн идэвхтэй буюу насанд хүрэгчдийнх нь 49 хувь бүүстер тундаа хамрагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаан болно

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10.00 цагт хуралдуулахаар товлов.

Тус хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдааны дэгийг хэлэлцэн батлах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг сонгох, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэг болон Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 8-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орно

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.


2021 оны 12 сарын 06-ны 20 цагаас 12 сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно, бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр 24-29 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 08-наас 12 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд Хэнтийн уулс болон Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн зарим газраар, 10, 11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 9-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ спорт

Мөсөнд авиралтын шилдгүүд тодорлоо

“Karakorum ice festival” мөсөнд авиралтын цомын төлөөх тэмцээн Орхон голын Улаан цутгалангийн хүрхрээн дээр энэ сарын 4-5-нд болж, шилдгүүдээ шалгаруулав.

Тэмцээний дүнг танилцуулахад, мэргэжлийн, эрэгтэй хурдны төрөлд:

I байр: ОУХМ Д.Баасандорж, “Хайрхан аялагч” клуб

II байр: ОУХМ Н.Хэрлэн, “Сутайн бор” клуб

III байр: Спортын мастер Ч.Мандахбаяр, “УБ аялагч” клуб

Мэргэжлийн, эмэгтэй хурдны төрөлд:

I байр: Н.Сэлэнгэ, “Сутайн бор” клуб

II байр: Гэрэлчимэг, “УБ аялагч” клуб

III байр: Ц.Энхжаргал, “Саммит” клуб

Сонирхогчид, эрэгтэй хурдны төрөлд:

I байр: Б.Итгэл, “Сутайн бор” клуб

II байр: Б.Батчулуун, “Сутайн бор” клуб

III байр: Б.Амгалантөгс, “Сутайн бор” клуб

Сонирхогчид, эмэгтэй хурдны төрөлд:

I байр: Э.Баярчимэг, “УРСА” клуб

II байр: Б. Батцэцэг

III байр: М.Оюунчимэг, “УБ аялагч” клуб

Тус тэмцээний “KARAKORUM” цомын эзнээр “Хайрхан аялагч” клубийн тамирчин, ОУХМ Д.Баасандорж, “Сутайн бор” клубын тамирчин, спортын дэд мастер Н.Сэлэнгэ нар шалгарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн 397 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 230 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 430 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд есөн мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 15 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2741 хэрэгт хяналт тавьж, 397 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 136, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 115, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 37, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 14, Авлигын гэмт хэрэг 14-ийг нь шүүхэд шилжүүлжээ.