Categories
мэдээ утга-зоxиол

Маршал Г.К.Жуковын мэндэлсний 125 жилийн ойн арга хэмжээ болов

ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын мэндэлсний 125 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар дахь Русский домд болов.

ЗХУ-ын цэрэг, улс төрийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуков нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дорнод хязгаар нутагт өрнөсөн Японы түрэмгийлэгчдийн эсрэг Халхын голын байлдаанд Зөвлөлт-Монголын хамтарсан Армийн I бүлгийг командлан ялалт байгуулсан юм. Манай улсын тусгаар тогтнол, газар шорооны бүрэн бүтэн байдлын төлөө байгуулсан гавьяаг нь өнө мөнхөд бахархан, залуу хойч үедээ таниулан сурталчилж, гүнээ хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ Улаанбаатар дахь Русский дом буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болж байна.

Уг арга хэмжээнд БХЯ-ны удирдлага, газрын дарга нар, БХЯ-ын харьяа байгууллагууд, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цэргийн аттеше, хэвлэлийн атташе, Бүгд Найрамдах Беларус Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Беларус Улсын Өргөмжит Консул, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын I нарийн бичгийн дарга, Соёлын яамны дэд сайд, ЕБС-ийн багш сурагчид /Орос хэлний төвийн/, музейн ажилтан алба хаагчид, “Монгол Хурандаа” нийгэмлэг, ахмад дайчдын төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцоно.

Өнөөдрөөс эхлэн ОШУСТ-ийн зочид ЗХУ-ын маршал Г.К.Жуковтой холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн, “Г.К.Жуков сонины хуудаснаа….”, “ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хувийн хэргийн баримт материалаас….” сэдэвт архивын хосгүй эх баримтаар дэглэгдсэн үзэсгэлэнг хүрэлцэн ирж үзэхийн сацуу “ЗХУ-ын маршал Г.К.Жуковт зориулсан хөшөө дурсгалууд”-тай бас танилцаад гарах боломжтой болно.

ОШУСТ-д болох тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслол “Зовох цагт нөхрийн чанар танигдана” хүүхдийн үлгэрийн номын танилцуулгаар үргэлжилж, маршал Г.К.Жуковын тухай ”Агуу Азийн ард түмний эсрэг түрэмгийлэгч аричууд” баримтат киногоор өндөрлөх юм.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт гэр бүлийн хүчирхийллийн дуудлага их ирдэг

Энэ оны эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 32 мянга гаруй ирсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс нэг хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тухайд 1107 бүртгэгдсэн нь өмнөх оноос 18 хувиар өссөн үзүүлэлт. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг зөрчих зөрчил 7559 бүртгэгдэж 10 хувиар буурсан байгаа юм байна.

Нягтралаас хамаарч гэр бүлийн хүчирхийллийн тухай дуудлага мэдээлэл орон нутаг болоод нийслэлд харилцан адилгүй бүртгэгддэг аж. Тухайлбал, нийслэлээс Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт, орон нутгаас Хөвсгөл, Баянхонгор аймагт гэр бүлийн хүчирхийллийн дуудлага их ирдэг нь тухайн бүс нутгийн хүн амтай харьцуулсан үзүүлэлт юм.

Categories
гадаад мэдээ

Индонезид галт уул дэлбэрсний улмаас 14 хүн амиа алджээ

Индонезийн Ява арлын зүүн бүс дэх Семеру галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан хүний тоо 14 болжээ.

Antara” агентлагийн мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас 50 гаруй хүн түлэгдэж, бэртсэн байна.

Галт уул дэлбэрч эхэлснээс хойш орон нутгийн аврагчид нэг мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж амжжээ.

Ява арлын хамгийн өндөр уул болох Семеру галт уул бямба гарагт дэлбэрч эхэлжээ. Галт уул их хэмжээний үнс, нурам агаарт цацаж, галт уулын тогооноос халуун хайлмаг урсжээ.

Categories
мэдээ нийгэм

Хэвлэлийн Хүрээлэнгийн үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой болов

Хэвлэлийн Хүрээлэнгийн үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн ёслол өнгөрсөн бямба гаригт Новотел зочид буудалд боллоо. Хүндэтгэлийн ёслолд Хэвлэлийн Хүрээлэнг үүсэн байгуулагдахад тодорхой хувь нэмэр оруулсан Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Хэвлэлийн Хүрээлэнгийн үе үеийн захирал Ц.Энхбат, Д.Цэдэн-Иш, М.Мөнхмандах, Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав нар болон “Чөлөөт хэвлэл” төслийн удирдагч асан Ю.Рийнгард зэрэг олон эрхэм хүндэт зочид оролцож баяр хүргэж үг хэллээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ю.Рийнгардыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг УИХ-ын гишүүн Н.Энхболд гардуулж, баяр хүргэлээ.

Хэвлэлийн Хүрээлэн нь Монгол улсад хараат бус бие даасан хэвлэл мэдээллийг дэмжин хөгжүүлэх зорилго бүхий “Чөлөөт хэвлэл” төслийн хүрээнд 1996 онд анх байгуулагдсан юм. Эл төслийг Монгол, Данийн засгийн газрын хэлэлцээрийн дагуу Данийн Олон Улсын Хөгжлийн Агентлагийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн билээ.

Улмаар 1999 онд Дани-Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Чөлөөт хэвлэл” төслийг Монголын талд шилжүүлэхтэй холбогдуулан Хэвлэлийн Хүрээлэнг өөрчлөн байгуулж Төрийн бус байгууллагын дүрмийг Захирлуудын зөвлөлөөрөө баталсан юм. Ардчилсан нийгэмд шилжих үйл явц Монголын нийгмийн бүхий л салбарт бартаа, бэрхшээлээр дүүрэн байсан. Хэвлэлийн Хүрээлэн ч мөн адил төрийн бус байгууллагын хөгжил, төлөвшлийн амаргүй замыг туулж өдийг хүрлээ. Тийм учраас Хэвлэлийн Хүрээлэнгийн 25 жилийн ойн баяр Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт чухал үйл явдал юм.

Өнгөрсөн хугацаанд Хэвлэлийн Хүрээлэн Монгол улсад чөлөөт, бие даасан, олон ургалч хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монголын хэвлэл мэдээллийн ажилтнуудын сэтгүүл зүйн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд туслах, улс орны нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх эрхэм зорилгоо биелүүлж ирлээ.

25 жилийн турш Хэвлэлийн Хүрээлэн 1100 сургалт, хэлэлцүүлэг, үйл явдал зохион байгуулж 27 мянган хүн оролцуулжээ. Мөн хэвлэл мэдээллийн салбарын 240 судалгаа, 70 гаруй ном, гарын авлага гаргасан байна. Сургалт, судалгааны үйл ажиллагааг барууны сэтгүүл зүйн зарчмын дагуу явуулж, олон улсын байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Хэвлэлийн Хүрээлэнгийн түүх Монголын чөлөөт хэвлэлийн хуудас эргэж асан үетэй холбогдох тул 25 жилийнхээ ойн хүрээнд Монголд анх удаа “Ардчилал ба Сэтгүүл зүй” нэртэй хэвлэл мэдээллийн салбарын түүхийг товчоолсон медиа галерейг өнгөрсөн сард байгуулсан.

Монголын нийгэмд хариуцлагатай, итгэл үнэмшилтэй, тунгалаг мэдээллийн орчныг бий болгохын төлөө мэргэжлийн хэм хэмжээгээр манлайлагч мэдлэгийн хүрээлэн байх Алсын хараатай Хэвлэлийн Хүрээлэн 25 нас хүрлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Ховд гол, Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэж станц барина” гэв

МАН-ын 30 дугаар их хурлын үеэр Эрчим хүчний яамнаас хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.


Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор шинэ эх үүсвэрүүдийг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өнөөдрийн нөөц бол өсөн нэмэгдэх цаашдын хэрэгцээг хангахад хангалттай биш байна. Тиймээс эдийн засгийг сэргээхийн тулд дулаан цахилгааны шинэ эх үүсвэрүүдийг нэмэх шаардлагатай. Шинээр 16 эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эхнийх нь хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт хатуу түлшээр ажилладаг дулаан, цахилгааны эх үүсвэрийг шинээр барих, гуравдугаарт сэргээгдэх эрчим хүчийг ашиглахаар төлөвлөсөн. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Ховд гол дээр барина. Ингэснээр баруун таван аймгийг цахилгаанаар хангах боломжтой болно.

Мөн Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэж 450 мКв цахилгаан станц барихаар хөтөлбөрт тусгасан. Ингэснээр улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлэгч Оюутолгойг цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой гэсэн үг” гэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг сонгож, батламжиллаа

МАН-ын 30 дахь Их хурлын 13 дугаар тогтоол батлагдаж МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ сонгогдлоо.

Тус хурлаар МАН-ын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг төлөөлөгчдийн 99.71 хувийн саналаар баталгаажууллаа.

Санал хураалтыг нууцаар явуулсан бөгөөд саналыг хар машинаар тоолсон юм.

Ингэснээр МАН-ын 32 дахь намын даргаар Л.Оюун-Эрдэнэ сонгогдож байна. Намын даргыг сонгож, баталгаажуулсантай холбогдуулан Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Тэрбээр “Нэр дэвшүүлсэн эрхэм журмын нөхөр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэвэгийн Амарбаясгалан болон Итгэл хүлээлгэж, улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын Даргаар СОНГОСОН Намын 30 дахь удаагийн Их Хурлын төлөөлөгчид Та бүхэнд баярлалаа!

Монгол Ардын Нам өнгөрсөн зуунд эх орныхоо Тусгаар тогтнол, эрх чөлөөг сэргээн мандуулж чадсан шигээ, Шинэ зуунд Эдийн Засгийн Тусгаар тогтнол, бие даасан байдлыг бататган бэхжүүлэхийн хичээнгүйлэн зүтгэх болно.

Эдийн засгийн Тусгаар тогтнолын Зууныг эхлүүлэх, зургаан сэргэлт буюу “Шинэ Сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж Улс төрийн шийдвэр гаргасанд, Намын Дэвшилтэт Шинэчлэлийн багц зорилтыг дэмжиж Тогтоол баталсанд эрхэм төлөөлөгчид Та бүхэндээ талархаж байна.

Уурхайн эгэл тосгонд өвөөтэйгөө хамт өсч, өрх толгойлсон ээждээ дэм болох гэж явсан бяцхан хүү өнөөдөр Улс төрийн ууган хүчний дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиосон миний амьдрал бол Ардаараа овоглосон Ардын Намын түүхэн үнэт зүйл юм аа.

Залуучуудаа хичнээн их дэмжиж чаддагийн илэрхийлэл юм. Зуун жил болсон ч үргэлж шинэчлэгдэж, залуу байж чаддагийн бодит нотолгоо юм.

Өнөөдөр надад улс төрийн эрх мэдэл, зоримог ажиллах боломж ирж байна. Итгэлийг Зүтгэлээр хариулахын төлөө өөрт байгаа бүхий л боломжоо дайчлан ажиллах болно оо.

Цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгаа сэргээхийн төлөө цаг мөч бүхэнтэй уралдаж, Шинэ Сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлж, ирэх Хавраас их бүтээн байгуулалтыг өрнүүлцгээе!

Эрүүл мэндээ хамгаалж Нэмэлт тундаа хамрагдацгаая!

Эдийн засгаа сэргээж мөн Нэмэлт тун хийцгээе!” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Чой-Иш: Нийслэлийн долоон цэгт махны худалдааг өргөжүүлнэ


ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Ишээс цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа.


-Нөөцийн мах бэлтгэх ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ жил 13.3 мянган тонн мах нөөцлөхөөр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан агуулахад хадгалагдаж байгаа махны дүн мэдээг долоо хоног бүр тогтмол авч байна. Хөндлөнгийн аудиторуудаар шалгалт хийлгэж, дүнг нэгтгэн гаргаж байна.
Өмнөх долоо хоногийн мягмар гарагт авсан мэдээгээр 7400 тонн мах агуулахад хадгалагдаж байна. Энэ жил мал тарга хүч сайн авсан учир байсан учир махны чанар харьцангуй сайн байна. Тиймээс махны өөх ихдэхээс сэргийлж аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж өгч байгаа. Нийт бэлтгэж буй махны 30 хувь нь үхэр, 60 хувь нь хонь, 10 хувь нь ямааны мах байна.

-Малын өвчлөл гарсантай холбоотойгоор мах бэлтгэлийн ажилд ямар зохицуулалт хийж байна вэ?
-Зөвхөн нөөцийн мах төдийгүй зах зээлд борлуулагдах маханд мал эмнэлгийн тогтолцоогоор гарал үүслийн баталгаажуулалт байнга мөрдөгддөг. Үүний дагуу өвчлөл бүхий аймгуудад вакцин таригдсан эсэхээс хамаараад гарал үүслийн бичилтээр зохицуулалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн бүс нутаг өвчлөлтэй байгаад вакцин хийгдсэн бол тэндээс мал, махны хөдөлгөөн хийлгэхгүй гэсэн үг.

-Өвлийн идэш өргөтгөсөн худалдааны үр дүн ямар байв?
-Улаанбаатар хотод махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” арга хэмжээг 11-р сарын 25-наас 12-р сарын 02-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн зохион байгуулсан. Мөн орон нутагт буюу Орхон, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймагт нэгэн зэрэг энэ арга хэмжээ болсон.
Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан өргөтгөсөн худалдааг 12-р сарын 5-ны өдрийг дуустал сунгасан. Өвлийн идэш төвлөрсөн худалдаа нь иргэдийн хувьд сонголтоо нэг дороос хийх боломжийг бүрдүүлж өгсөн. Нийт 16 аймгаас мал, мах нийлүүлж, борлууллаа. Хоногт 60-90 гаруй тонн махны худалдаа хийсэн. Махнаас гадна цагаан идээ, импортоор авдаг цагаан будаа, ургамлын тос зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн борлуулсан.
“Өвлийн идэш” арга хэмжээний хоёр дахь үе шат өнөөдрөөс буюу 12-р сарын 6-наас эхэлж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын 7 цэгт махны худалдааг өргөжүүлнэ. Иргэдийн хувьд аль цэгт хаанахын мах борлуулагдаж байгаа мэдээллийг аваад сонголтоо хийх боломжтой. Зүүн талд Амгалан зах, Тэнгэр бөөний худалдааны төв, хотын төвд Саруул зах, баруун талд Хархорин худалдааны төв, урагшлаад Монгол фермер, Лавай худалдааны төв, мөн шинээр Яармагт нээгдсэн орчин үеийн тоног төхөөрөмжтэй Фүүд сити худалдааны төвд аймгууд нийлүүлэлтээ хийх хувиар гаргасан. Засгийн газар, ХХААХҮ-ийн сайдаас орон нутгийн Засаг дарга нар руу нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой чиглэл өгсөн.

Яамнаас үнийг тогтвортой байлгах чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж байна?
-Бид нийлүүлэлтийг нэмэгдүүлж өгч байгаа. Нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр үнэ тохиромжтой хэмжээнд хүрч байгаа нь ажиглагдаж байна. Малын тооллого эхлэх үеэс нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай байна.
Нийслэлд орж ирж байгаа мал, маханд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг тавьж байгаа. Нийслэлийн мал эмнэлгийн газраас дээж авах, ариун цэвэр шаардлагын нөхцлийг хангуулах чиглэлээр ажиллаж байна.

-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц хэр байна вэ?
-Гол нэрийн 16 төрлийн бүтээгдэхүүн байдгаас загасны мах зэрэг бараа бүтээгдэхүүнээ хасаад нийтийн хэрэглээнд байгаа 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийг 7 хоног бүр хяналтдаа аваад явж байгаа. Төмөр замаар орж ирэх бараа бүтээгдэхүүнд зохицуулалт хийж, байнгын татан авалтыг хийж байна. Үүн дотор гол нэрийн хүнс болох цагаан будаа, ургамлын тосны захиалгыг холбогдох яамдуудтай хамтран сар бүр өгч байна. 11-р сард хамгийн хүндрэлтэй үе байсан. Энэ үед төмөр замын тээвэр хэвийн явж байсан учир төмөр замаар татан авалтаа хийсэн. Хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнийн хувьд саатал үүссэн учир хангалтыг хэвийн байлгах зорилгоор татан авалтаа хийсэн. Хоёрдугаарт, үнийн хувьд тээврийн зардлаас хамааралтай өсөлт үүсээд байсан. Энэ хоёр асуудлыг нэг дор шийдэхийн тулд төмөр замаар болон импортлогч аж ахуйн нэгжүүдийн машинаар татан авалт хийснээр 10-р сард тээврээс шалтгаалсан үнийн өсөлтийг хэвийн хэмжээнд авчрах боломжийг бүрдүүлсэн.

12-р сард шинэ жил болж байгаатай холбоотойгоор хүнсний нарийн ногоо, өндөгний хэрэглээ хоёр дахин өсдөг. Тэгэхээр эдгээр бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар татан авахаар ажиллаж байна. Хайрагдаж, хөлдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дулаалгатай чингэлгээр татан авалт хийх нөхцөлийг бүрдүүлж захиалгаа хүргүүлж байна. Өндөгний хувьд ОХУ-аас татан авалтаа хийж байгаа. Хүнсний нарийн ногоо, жимсийг ч гэсэн тодорхой хэмжээнд ОХУ-аас нийлүүлэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Агаарын чанарын мэдээллийг даваа гариг бүр нэгдсэн байдлаар хүргэнэ

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ”, “Утаагүй, угааргүй ухаалгаар хэрэглэе” аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Таван толгой түлш” ХХК болон холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг даваа гараг бүр нэгдсэн байдлаар тогтмол хүргэхээр боллоо.

Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээ, мэдээллийг нээлттэй танилцуулж байна.

Тухайлбал, 2019 онд нийслэлд автомашины тоо 569 мянга орчим байсан бол энэ оны хоёрдугаар сарын 8-ны байдлаар 622 мянга орчим болж нэмэгджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 53 мянгаар буюу 8.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн байгаль, цаг уур, физик, газар зүйн онцлог агаарын бохирдолд нөлөө үзүүлж байна. Түүнчлэн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд агаар дахь тоосонцрын агууламж өмнөх онтой харьцуулахад 50 орчим хувиар буурчээ. Нөгөө талаас агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо, хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь агаарын чанарт нөлөө үзүүлж байна гэв.

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд болон Улаанбаатар хотын агаарын чанарын нөхцөл байдлыг тогтмол мэдээлснээр иргэдийг үнэн, бодит мэдээллээр хангах, угаарын эрсдэлээс сэргийлэх, хамтран ажиллах зэрэг давуу талтай. Иймд Цаг уур, орчны шинжилгээний газраас хотын уур амьсгал, цаг агаарын параметрүүд, инверс, агаарын температур, салхины эрчим, даралтын орон, агаарын чанарт нөлөөлөх цаг үеийн нөхцөл байдлыг тогтмол танилцуулахаар боллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ эдийн-засаг

Банкны салбарын нийт хөрөнгө 5.7 их наяд төгрөгөөр буюу 16.7 хувиар өсчээ

Монголд банкны салбар санхүүгийн салбарын 87 орчим хувийг бүрдүүлж буй. Энэ нь бусад хөгжиж байгаа орнуудтай харьцуулах өндөр үзүүлэлт бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн эх үүсвэрт арилжааны банкууд томоохон байр суурь эзэлж буй юм.

Банкны салбарын нийт хөрөнгө 2021 оны II улирлын байдлаар 40.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 их наяд төгрөгөөр буюу 16.7 хувиар өсчээ. Салбарын хөрөнгийн 46.2 хувийг аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээл, 20.9 хувийг төв банкны үнэт цаас, 11.1 хувийг банкуудын нөөц бүрдүүлж байна.

Categories
гадаад мэдээ

Францын уулчин уулнаас олсон эрдэнэсээ хүлээлгэн өгчээ

Францын Мон Блан ууланд олон жилийн турш булаатай байсан маргад, бадмаараг, индранил эрдэнийн чулууг олсон уулчин хайрцагтай эрдэнэсийнхээ талыг нь хүлээлгэж өгчээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.

Тэдгээр эрдэнэсийг хагас зуун жилийн өмнө Мон Блан уулнаа осолдсон Энэтхэгийн онгоцны аль нэг зорчигчийнх болов уу гэж таамаглаж байгаа аж.

Уулчин Францын хуулийн дагуу уг олзоо цагдаагийн газарт хүлээлгэн өгснөөр зуу зуун эрдэнэсийн чулууныхаа тэн хагасаар шагнуулжээ.

Чулууны эзнийг Энэтхэг улсаас олох оролдлого бүтэлгүйтсэн учраас үлдсэн талыг нь Шамони хотын захиргаа хүлээж авсан байна.

Үнэт чулууг ойролцоогоор 150 мянган еврогийн үнэтэй хоёр тэнцүү багц болгон хуваасан гэж Шамони хотын дарга Эрик Фурниер хэлжээ. Тэрбээр олсон эрдэнэсээ цагдаад хүлээлгэн өгсөн уулчинг шударга зангийнх нь төлөө сайшаан магтсан байна.

Мон Блан ууланд Энэтхэгийн хоёр ч онгоц осолдож байсан ба эхнийх нь 1950 онд 48 зорчигч нас барсан осол байв. Дараа нь 1966 онд болсон ослоор 117 зорчигч нас баржээ.

Албаныхан уг үнэт эрдэнэсийг 1966 онд Мумбай–Нью-Йорк чиглэлд аялаж байгаад осолдсон онгоцноос гээгдсэн болов уу гэж таамаглаж байна. Тухайн үед уулнаас цогцос болон ачаа тээшнүүд олдож байжээ.