Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Нямдорж: Бээжин, Москвад асуудлаа шийдүүлдэг байсан нөхцөлөөс гараад 30 жил л хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг зарчмаар төр улсаа авч явах гэж оролдож байгаа он жилүүд шүү дээ

Засгийн газрын ХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой ярилцлаа.


-Монгол ардын намын 30 дахь их хурал болж байна. Уг хурлаар хэлэлцэж буй чухал асуудлууд болон хүлээж байгаа үр дүн юу байна. Монгол ардын намын цаашдын 100 жилийн хөгжил, шинэчлэлийн бодлогын эхлэлийг тавих чухал хурал хэмээн тодотгож байх шиг байна?

-Ерөнхий сайд, намын ерөнхий нарийн бичгийн дарга хурлынхаа үндсэн бодлогын асуудлуудлыг ярьчихлаа л даа. Зам тээврийн тушаа саад, хөгжлийн гарцыг илүү өргөн хүрээнд нээх, эрчим хүчний асуудлаа шийдэх, дэг журам, авлигын асуудалд хандах хандлагаа өөрчлөх гэх мэтчилэн олон асуудал хөндөгдөж байна. Ерөнхий том зургаараа хэлсэн санаа нь өнгөрсөн зуунд монголчууд тусгаар тогтнол, улс төрийн тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэл явуулж, зорилгодоо хүрч чадсан. Харин энэ XXI зууны онцлог бол эдийн засгийн төсвөө тогтмол баталгаажуулах, олж авахад гол анхаарлаа хандуулж, санаа тавьж байна. Энэ тохиолдлын ч зүйл биш. Манай улс 300 гаруй жил урд, хойд айлын эрхшээлд байсан. Туурга тусгаар орон болсноо 1911 оноос хойш тооцвол 110 жил, 1921 оны хувьсгалаас тооцвол 100 жил болж байна. Энэ бүх хугацаа чинь тусгаар улс болохын төлөө зүтгэсэн он жилүүд байсан. Сүүлийн 30 жил, 1990 оноос хойших 31 жил хэрэг дээрээ тусгаар улсын хувиар монголчууд төр улсаа өөрсдөө авч явах гэж оролдсон. Нэг талаас урт хугацаа мэт боловч, нөгөө талаас асар богино хугацаа. Ямартаа ч өнөөдрийн өндөрлөгт хүрлээ. 1990 онд улс орны гадна талд байдал хүндэрч, эдийн засгийн чадавх картын бараанд ортлоо доройтсон. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бидэнд алдаа, онооны аль аль нь байсан. Гэхдээ эдийн засгийн чадавх талаасаа 1990 онтой харьцуулахад өнөөдөр өөр түвшинд хүрсэн. Бид нэг ёсондоо шалгалт өгөөд байна.

2020 оны нэгдүгээр сарын 23-нд коронавирусийн халдвар бүртгэгдэхэд надад тухайн үед “Бид ер нь хэр зэрэг удаан тэсэх бол” гэж бодогдож байсан.

Бусад хүмүүс юу бодож байсныг хэлж мэдэхгүй юм. Түүнчлэн “Манай улс орны хувьд бас нэгэн хүнд сорилттой тулгарч байна, яаж энэ том шалгалт, сорилтыг давдаг бол, манай улсын эдийн засгийн чадавх яг ачир дээрээ ямар түвшинд хүрснийг л харна даа” гэж бодсон. Ямар ч байсан бараг хоёр жил болоход улсын эдийн засаг улайчихгүй тэсээд л байна. Тэгэхээр эдийн засгийн хувьд тусгаар тогтнол руу алсуураа ойртож байна л гэсэн үг. Ерөнхий сайдын яриад байгаа тусгаар тогтносон гэдэг нь хэнээс ч гуйлгүйгээр эдийн засгаа аваад явчих, иргэд нь ажил хөдөлмөр хийж, авсан цалингаараа хэвийн сайхан амьдрах тийм л эдийн засгийн чадавхыг ойрын хугацаанд бий болгохын тулд 5-6 санаа дэвшүүлээд байгаа юм.

Энэ удаагийн их хурлын бас нэг онцлог бол удирдлагын шилжилтийн талаарх асуудлыг хөндөж байна. Аль ч улс төрийн хүчинд удирдлагын шилжилтийн асуудал байсаар ирсэн. Тухайлбал, бид нарын өмнөх үе буюу П.Жасрай гуай, Д.Бямбасүрэн гуай гээд л байлаа. Тэд нарын араас 1950-иад оныхон төрийн гол ачааг үүрэлцсэн. С.Баяр, Н.Энхбаяр, Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж, дээр нь миний бие энэ төлөөлөлд багтах байх.Түүний дараа манай намд 1960-аад оныхон буюу С.Батболд, М.Энхболд, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг нэрлэж болох юм. Одоо дөрөв дэх үеийн шилжилт буюу 1970-аад оноос Ж.Эрдэнэбат ерөнхий сайд асан, 1980-аад оны төлөөллөөс дурдвал одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гэх мэтчилэн олон залуусыг нэрлэж болохоор байна. Энэ бол үе солигдох процесс явагдаж байгаагийн илрэл. Бид үе солигдох процессыг нэлээд зөөлөн аргаар хийж байна.

Өнөөдрийн хурлын уур амьсгал яагаад ийм зөөлөн, намуухан болж байна гэхээр хатуу ширүүн хурлаа бид 2017 онд хийчихсэн. Намын даргаа сольж У.Хүрэлсүхийг намын дарга, Ерөнхий сайд болгож байсан. Тухайн үед нам дотор амьд организм явагдсан. Бид нэг Засгийн газраа сольж байж цааш алхах алхмаа хийсэн. Одоо шинэ үеийнхэн намын ачаа, төрийн ачааг голлож үүрэх, бодлогоо тодорхойлж байна л даа. Хурлын төлөөлөгчдийг хараад сууж байхад голдуу дараагийн цаг үеийн ачаа үүрэх залуучуудаас төлөөлөл бүрдсэн байна. Нэгдүгээрт, эдийн засгийн хувьд бие даасан, үе шилжилтийг зөөлөн хийж дараагийн гол ачаа үүрэх хүмүүстээ эрх мэдлээ шилжүүлж байгаа ийм хурал болж байгаагаараа өнөөдрийн намын хурал ихээхэн онцлогтой болж байна. Тэгэхдээ МАН ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн хэлхээн дээрээ л явна шүү дээ. Голлох хүнд ачааг үүрч байгаа 2-3 даргын тухайд 1980-аад оны төлөөлөл болчихлоо. Ер нь алив улс төрийн хүчин үе шилжилтийг зөөлөн хийж, тэднийг уламжилж гарч ирж байгаа дараагийн үедээ шилжүүлж, тэд нар нь уламжлалаа хадгалаад урагшаа явах юм бол харьцангуй алдаа мадаг бага гардаг.

-Таны хувьд шинээр гарч ирж байгаа дараа үеийн залуу төлөөллийнхөө манлайлал, ур чадварт хэр итгэл дүүрэн байгаа вэ. Нийгэмд залуучууд улс орныг удирдах цаг хараахан болоогүй байна. Тэд амьдрал мэдэхгүй, ачаа даахгүй гэх шүүмжлэл байна шүү дээ?

-Гүй ээ яах вэ. Энэ Засгийн газрын нэг зовлон байгаа юм. Их хурлын ч ялгаагүй. Үнэндээ дэлхий нийтийг хамарсан цар тахалтай, хямралтай нөхцөлд ажиллана гэдэг амаргүй. Миний хувьд өмнө нь ийм нөхцөлд огт ажиллаж үзээгүй. 1960-аад оны үед ухаан орчихсон Москва, Бээжингийн радио сонсож сэрдэг байсан. Түүнээс хойш 60 гаруй жил болчихож. Энэ хугацаанд хоёр аймшигтай үйл явц өрнөсөн. Нэгдүгээрт, ковидын асуудал. Тухайлбал, 1918 онд Испанийн ханиад 100 сая хүний амины үнэтэй тахал байсан. Энэ тахлаас хойш яг 100 жилийн дараа ковидын цар тахал дэлхийд нүүрлэлээ. Дэлхий нийтээр хүн төрөлхтний хөдөлгөөнийг хаасан, хорьсон айхавтар тахал гарч байгаагүй. Дэлхийн I, II дайн болоход дайны хөлд хүний амь эрсдэж байсан болохоос биш дэлхий даяар цар тахалд нэрвэгдэж хөдөлгөөн хорьсон түүх үгүй. Хоёрдугаарт, дэлхийн томоохон улс гүрнүүдийн геополитикийн тэмцэл сүүлийн жилүүд хурцдаж, аймшигтай боллоо. Ялангуяа 2014 оноос хойш тэргүүлэх гүрнүүдийн далд тэмцэл, эдийн засгийн ноёрхлоо тогтоох, хоорондын тэмцэл хурцадсан. АНУ бид нөлөөтэй байх ёстой гэсэн байр суурьтай байна. БНХАУ бид болно оо гэж байна. ОХУ цэргийн хувьд хүчирхэг болчихсон. Яг ийм хоёр давхцал дунд бид нар амьдарч байна. Энэ хоёр хүчин зүйл, хүндрэл эргээд Монгол Улсын Засгийн газрын ажилд нөлөөлнө. Тухайлбал, улс орнууд хилээ хаачихаар бид хүнд байдалд орчихож байна. Хилээ нээхэд их гүрнүүд юу хийж байна гэхээр үндсэн шийдэж чаддаггүй байсан суурь тарифынхаа асуудлыг шийдэж байна. Тухайлбал, АНУ далайн тээврийн тарифаа 2-3 дахин нэмж 2000 доллараар АНУ-аас ирдэг байсан ачаа тээврийн үнэ 6000 доллар боллоо гэдгийг долоо хоногийн өмнө барилгын компанийнхан хэлсэн. Оросуудын дэлхий нийтийг чичрүүлдэг “газын үнэ” гэж бий. Газын үнэ 1000 куб.метр нь 600 доллар байсан бол 15 хоногийн дотор 2000 долларт хүрчихлээ. Урд айл тээврийнхээ тарифыг гурав дахин нэмэгдүүлсэн. Ингээд бодохоор ковид, их гүрнүүдийн тэмцэл, түүнийг дагасан эдийн засгийн үнийн савалгаа гэсэн гурван давхар хүндрэл үүсэн гарч ирж байна. Ийм үед энэ Засгийн газар ажиллаж байгаа юм. Би олон Ерөнхий сайд, Засгийн газрын нүүр үзсэн. Д.Бямбасүрэн гуайг оруулбал бараг долоон ч засгийн нүүр үзсэн. Ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа, давхар давхар хүндрэл туулж байгаа засгийн газар үзээгүй.

Ерөнхий сайд Л.Оюун-ЭрдэнийнЗасгийн газар их залуухан гишүүдтэй. 1950-иад оны төлөөлөл буюу 50-иас дээш насныхан 4-5 бий. Бусад нь бүгд 40-өөс доош насныхан. Ийм залуухан гишүүдтэй Засгийн газар. Тэд нар алдахдаа алдаад, онохдоо оноод ямар ч байсан гал алдуулахгүй л байна. Энэ хүндрэл бэрхшээл дунд тэд нар ажил хийж сурч л байна. Энэ Засгийн газарт У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллаж байсан 2-3 хүн бий. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар гишүүн байна. Өөр хүн байхгүй. Энэ Засгийн газар 2021 оны нэгдүгээр сарын 29-нд байгуулагдсан.Түүнээс хойш тооцохоор нэг жил шахам л ажиллаж байна. Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүд, сайд дарга нар цөөхөн. Тэгэхээр насны хувьд, туршлагын хувьд ийм залуухан Засгийн газар л даа. Улс төрийн талаасаа ихэнх нь УИХ-ын гишүүнээр өмнө нь ажиллаж байгаагүй учраас улс төрд дасан зохицох үйл явц гэж бий. Тийм учраас жаахан дутагдалтай зүйл бий.

-Үнэндээ Засгийн газрын гишүүдийн чинь ур чадвар, мэдлэг туршлага улс төрд жулдаад байгаа юм биш үү?

-Жулдах нь ч юу юм бэ. (Инээв) Яах вэ, шинийн зовлон гэж байдаг. Одоо бол эрхбиш ажил нь гарт нь ороод л цэгцрэх гээд л байна. Ямар ч байсан цаашид ажил аваад явчих түвшиндээ хүрч байгаа байх. Хүссэн ч, эс хүссэн ч тэд цаашдаа ажлаа хийнэ. Шинэ хүн гарч ирээд өргөс авчихсан юм шиг бүх юм сайжирна гэж байдаггүй.Монголын нэг зовлон бий. Газар нутаг уудам, цөөн хүн амтай. Бизнес эрхлэхээр багтаамж багатай. Төсвийн боломж маш хязгаарлагдмал. Чиний халаасанд 10 төгрөг байгаа бол тэр хэмжээндээ л хөдөлнө биз дээ. Тэр чинь шинэ хүн солигдохоор 20 төгрөг болчихгүй. Гэхдээ одоогийн Засгийн газар 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, банкинд байсан мөнгийг эргэлдүүлэх замаар, ямар ч байсан эдийн засгийн хурдтай унаж байсан уналтыг зогсоож чадлаа. 1.3 хувийн хасах дүнтэй байсан эдийн засаг 3.5 хувьтай гарсан. Энэ жилийн дүнгээр дөрвөн хувьд хүрчих болов уу гэсэн хүлээлттэй байна. Нэгдүгээрт, ямар ч байсан эдийн засгийн уналтыг зогсоож чадсан. Хоёрдугаарт,ковидын эсрэг хариу арга хэмжээ буюу вакцинжуулалтын ард их чармайлт гаргасны үр дүнд гарсан. Ерөнхий сайд энэ ажилд хуучин ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхаасаа л анхаарч ажилласан. Их л шахуу зорилт тавьж, түүнийхээ ард талд чадан, ядан 50-иас дээш хувийн үнэлгээтэй гарч байна. Ерөнхий сайд хоёрдугаар сарын 23-нд вакцинжуулалт эхэлнэ гэж зарлаж байхад би хажууд нь байсан хэрнээ “Ээ дээ мэдэхгүй” гэх бодолтой л байсан.

-Та Ерөнхий сайдыг вакцинжуулалтаа товлосон хугацаандаа эхлүүлж чадах эсэхэд эргэлзэж байсан гэсэн үг үү?

-Итгэж ядаад байсан. Учир нь бид вакциныг өөрсдийн улсдаа үйлдвэрлээгүй шүү дээ. Тухайлбал, вакцин татан авахад цаг агаарын байдлаас шалтгаалаад онгоц хоёр хоног саатахад 23-нд эхлүүлэх боломжгүй болох эрсдэл байсан. Ямар ч байсан 22-нд вакцин ирээд, 23-нд эхлүүлж чадсан. Түүний үр дүнд манай улсын вакцинд хамрагдах насны иргэдийн 70 орчим хувь нь хоёр дахь тундаа хамрагдаад, одоо нэмэлт тундаа хамрагдаад явж байна. Энэ арга хэмжээг авч чадаагүй байсан бол өвчлөл, эндэгдэл эрс нэмэгдэх тооцоолол байсан. Ямар ч байсан ковидыг харьцангуй богино хугацаанд, эрсдэлийг нь бууруулах чиглэлээр энэ Засгийн газар чамлахааргүй сайн ажилласан.

-Та долоон Засгийн газрын нүүр үзсэн гэлээ. Энэ хугацаанд одоогийн шинэ залуу үеийнхэн шиг богино хугацаанд улс төрийн карьер нь өсдөг, сайд, Ерөнхий сайдын албан тушаалд томилогддог тохиолдол хэр олон байв. Улс төрийн гал тогоонд чанадаг, төрийн залгамж халааны уламжлал хэзээнээс алдагдчихав. Өнөөдөр хэн илүү гоё ярьдаг нь, хэн илүү чанга дуугардаг нь удирдах албан тушаалд томилогддог цаг ирсэн юм уу?

-Энэ талаар гарч байгаа шүүмжлэлийг заавал сонсож, харгалзах ёстой л юм байгаа юм. Би 1990 онд Тэргүүн дэд сайд болж байхдаа 34 настай байсан. Тэгэхэд би мэргэжлээрээ арван жил ажиллаад, Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч гэдэг албан тушаал хашиж байгаад Сайд нарын зөвлөлд мэргэжилтнээр ирээд намар нь дэд сайд болж байсан. Ямар ч байсан мэргэжлээрээ арван жил ажиллаад багагүй шүүлтүүрээр орж байж тухайн албан тушаалд томилогдож байсан. Арван жил мэргэжлээрээ ажилласан хүн гэдэг бол одоогийн мерит зарчмаар томилогдож байсан гэсэн үг. Энэ зарчмаар томилогдсон хүний суурь сайн тавигддаг. Социализмын үеийн боловсон хүчний бодлогын үндсэн зарчим нь ерөөсөө л мерит зарчим байсан. Бид нарыг ийм л зарчмаар сургаж байсан. Тухайлбал, ОХУ-д төгссөн 35 хүн ирэхэд намайг улсын прокурорт аваад үлдсэн 34 боловсон хүчнийг анхан шатны прокурорын газар хяналтын прокуророор томилж байсан. Ингээд 2-3 жил сайн ажиллавал сумаас аймаг руу, аймгаас нийслэл рүү, нийслэлээс улсын ерөнхий прокурорын газар томилдог байсан. Энэ зарчим дутагдаад байгаа. Цаашид эд нар яаж авч явах юм бүү мэд. Одоо ерөнхий асуудлаа шийдчих гарцууд нь байгаад байна. Манайхан Засгийн газар гэхлээр сайд нараар, УИХ гэхээр гишүүдээр нь төсөөлөөд байна шүү дээ. Гэтэл доод, дунд шат буюу агентлагууд, яамдуудад бусад төрийн байгууллагуудад төрийн ажилд гаршчихсан хүмүүс олон бий. Би дарга нарт “Та нар ийм хүмүүсээс олж ирж УИХ-ын гишүүнд нэр дэвшүүл” гэдэг. Тэгвэл УИХ чинь намбатай болно, төрийн ажилд гаршсан хүн гэдэг төрийн л хүн байдаг байхгүй юу. Энэ шалгуураараа сайд нараа тавьчих юм бол зөндөө л хүн бий. Даанч энэ орчин үеийн улс төр өөр өнгөтэй болчихоод зовлонтой байна л даа.

Манай намын хувьд Н.Энхбаяр 1997 онд байна уу даа, намын дарга болж байхдаа бараг 40 нас хүрээгүй байсан. Н.Энхбаяр 2000 онд Ерөнхий сайд болж байхдаа 42-той, би 44-тэй байсан. Тухайн үед бид залуудаа л орж байсан. Би 1992 оны УИХ-д сонгогдохдоо 36 настай хүүхэд байлаа шүү дээ. (Инээв) Тухайн үед Д.Лүндээжанцан бид хоёр хүүхдийн тоонд орчихсон, хоёр жоохон юм гүйж явсан. Одоо ингээд харж байхад өнгөрсөн 30 жил тусгаар улсын хувиар явахад нэг өдрийн завсарлагагүй явсан хоёр л хүн байдаг нь Лүндээ бид хоёр. Дундаа нэг ч завсарлаагүй. Тэр түүхийн гэрч л болж үлджээ. Гэхдээ амьдрал урагшаа явж л байгаа шүү дээ. Бид нар л голоод байгаа болохоос биш. Боломжуудыг маш их алдаж байгаа. Тэр алдаануудаас тойрч чадсан бол одоо БНХАУ-ыг хар. Яаж хөгжиж байна. Тэгэхээр бидэнд алдагдсан боломжууд зөндөө байна.

-Та бид хаана, хэзээ, юун дээр алдаа гаргасныг дүгнэж, цэгнэж хэлэх цөөн хүмүүсийн нэг. Бид тэгвэл хаана, яаж алдав. Цаашид алдаагаа давтахгүйн тулд юу анхаарах ёстой вэ?

-Монголын улс төрийн ерөнхий орчин их тогтворгүй байгаа. Би заримдаа марзганадаг байхгүй юу. Би өөрийгөө улстөрч болчихсон гэж боддог байсан. Үнэндээ болоогүй байсан юм билээ гэхээр “Та яагаад болоогүй гэж яриад байгаа юм” гэж хүмүүс гайхдаг. Асуултын хариу маш тодорхой. Дөрвөн жилийн дотор улс төрийн хүрээлэл орвонгоороо эргэдэг. Энэ дөрвөн жилд МАН ялсан бол, дараагийн дөрвөн жил АН ална. Ингээд өмнө нь явж байсан бодлогыг татаад унагачихдаг, эсвэл сольчихдог. Хоёрдугаарт, хүн нь орвонгоороо өөрчлөгддөг. УИХ-ын гишүүд хоёр дахь удаагаа олонхоороо сонгогдсон тохиолдол бараг байхгүй.Тухайлбал, МАН-аас 2016 онд шинэ бүрэлдэхүүн гарч ирсэн бол 2022 оны сонгуулиар түүний талаас дээш хувь нь өөрчлөгдөөд орж ирж байх жишээтэй. Ингээд улс төрийн өнгө нь өөрчлөгдөөд, хүн өөрчлөгдөөд байгаа учраас тогтсон улс төр, тогтсон бодлого байхгүй болчихоод байгаа байхгүй юу. Тийм учраас энэ удаагийн Засгийн газарт намайг орж ажиллахыг Л.Оюун-Эрдэнэ сайд урьсан шалтгаан нь хүн дагасан алдаануудыг жаахан ч болов тооцъё гэж боддог юм байлгүй. Би яалт ч үгүй энэ намд 30 гаруй жил ажилласан байна. Хүн солигдохоор бүх юм өөрчлөгддөг энэ тогтолцоог халах ёстой. Ёс суртахуун, зарчим тогтох л асуудал байгаа юм.

Ийм байхаас өөр хувилбар бас муутай. Өнөөдөр авлигатай тэмцэнэ гээд ярьдаг. Монгол газар шороон дээр 1990 оноос хойш анх удаа хөрөнгөтний нийгэм байгуулагдсан. Хуучин нүүдэлчин Монголд хувийн өмч гэдэг мал, хөөрөг төдийхөн байсан. Түүнээс биш орчин үеийн капиталист нийгмийн сонгодог хөрөнгелөг нийгэм манайд байгаагүй. Энэ 30 жилд энэхүү үзэл цоо шинээр гарч ирсэн. Энэ нийгмийг дагаж гарч ирдэг асуудал бол авлига, сүлжээ. Нэг хэсэг нь хөрөнгөждөг бичигдээгүй хуультай. Америк, Орост ч ялаагүй. Нэгдүгээр үндсэн зовлон энэ. Тиймээс үүнийг яаж хязгаарлахад л анхаарах ёстой. Түүнээс хөрөнгөтний нийгэм байгуулж байгаа улсад авлигыг ор мөргүй алга болгоно гэдэг хүн хуурч байгаа л асуудал. Дараагийн гарч байгаа хүндрэл бол нүүдэлчин соёл иргэншлээс суурин соёл иргэншилд маш богино хугацаанд бөөнөөрөө орж ирж байна. Улаанбаатар хотыг анх байгуулахдаа 400 мянган хүний багтаамжтай хэмээн тооцсон. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд гурав дахин өсөөд 1.2 сая иргэн амьдарч байна. Нэг үндэстэнд зуун жилд тохиолддог хувьсгалын шинжтэй өөрчлөлт Монголд зүгээр л нэг өдөр ирчихсэн. Ингээд шинэ бэрхшээлүүдтэй тулгараад, төр ёсны зарчмаа олон жил алдчихсан. Нэг ёсондоо 300-гаад жил алдагдчихсан төрт ёс шүү дээ. Үнэндээ Бээжин, Москвад очиж асуудлаа шийдүүлдэг байсан нөхцөлөөс гараад 30 жил л хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг зарчмаар шинээр төр улсаа авч явах чадавхтай болох гэж оролдож байгаа он жилүүд. Ийм л юм болоод байгаа учраас энэ хүндрэлүүд гараад байгаа юм. Гэхдээ ерөнхий хандлага их л гайгүй харагддаг. Бидэнд гурван сая хүн, өргөн уудам газар нутаг, үеийн үед монголчуудын амьдралаа залгуулж ирсэн мал аж ахуй байна.Хоёр талд богино хугацаанд үсрэнгүй хөгжиж байгаа хөрш гүрэн байна. Энэ дотор улсаа зөв авч явах зөв сэтгэлтэй болчих юм бол удахгүй гайгүй болно гэж итгэдэг. Энэ гучин жил биднийг юу ч хийгээгүй шиг манай залуучууд боддог. Хэдийгээр хүнд хэцүү байсан ч бид томоохон бүтээн байгуулалтын ажлууд олон хийсэн. Бүх аймгаа засмал замтай холбосон. Хоёрдугаарт, Монголын нийт аймаг сумдын тал хувь нь дизель хөдөлгүүрээр цахилгаанаа гаргадаг байсан. Намайг 2007 онд УИХ-ын дарга байхад 327 сумын тооцоо гаргахад 127 сум нь харанхуй байсан. Өнөөдөр итгэх хүн ховор байх.Ингээд хоёр жилийн дотор төсөвт мөнгийг нь суулгаж өгөөд 127 сумыг тогтой болгосон. Энэ мэт улс орноо урагш хөтөлсөн ажил хийсэн. Хувийн хэвшлүүд хөл дээрээ зогсчихлоо. Зарим томооохон төсөл хөтөлбөрүүд хөдөлж эхэлж байна.

-Зарим хүмүүс Ц.Нямдорж гэдэг хүн энэ улс төрөөс явах болоогүй юм уу. Одоо залуу үедээ зайгаа тавьж өгөөд явчихаж болдоггүй юм уу хэмээн их л ундууцах юм. Та энэ талаар цахим орчноос хардаг,сонсдог л байх?

-Ийм ухуулга 2000 онд гараад одоо 20 гаруй жил болж байна. Би олон зүйлд садаа болдог. Хулгай зэлгий,хуйвалдаанд их ч чагт тавьдаг. Үүнд дургүйцсэн нэг хэсэг байж л байдаг. Үнэндээ Эрдэнэтийн 49 хувийн асуудалд би зориглож хөдлөөгүй бол өөр хэн ч гар дүрэхгүй байсан. Би зориглосон учраас Эрдэнэт үйлдвэр улсын үйлдвэрийн газраараа үлдсэн. Энэ үйлдвэр улсад үлдсэний үр ашгийг иргэд сүүлийн үед үзэж байна. Бүтэн хоёр жил цахилгаан, дулааны үнийг уг үйлдвэр дааж байна. Энэ мэтчилэн өөрсдөд нь ашигтай, ард түмэнд хохиролтой байх ажилд саад боллоо гэж зориуд тийм зүйл бичдэг бүлэг байдаг. Би чинь улс төрд зүтгэхдээ хоёр хүнд юманд орчихсон хүн. 2000 онд рекет хийж байсан эрүүгийнхний аюултай юм гарч ирсэн. Манайх 1990-ээд оны Орос орон шиг болох шахсан. Түүнийг нь гарч ирээд дарчихсан. Тэд нар мэдээж надад сайн байна гэж байхгүй шүү дээ. Дараа нам дамжсан мафийн бүлэглэлийг чинь дарах гэж 4-5 жилийн юм боллоо. Тэр ярганы хэрэг буюу бусдад эрүү шүүлт тулгасан асуудал руу зүгээр хүн айгаад орохгүй. Надад падгүй гээд орхиж болох байсан. Төр улсын өмнөөс бодох юм бол энэ бүхэн рүү орохоос өөр арга байхгүй байсан юм. Орох гэхээр надаас өөр хүн олдохгүй төвөгтэй байсан шүү дээ.

-Та тийм аймшиггүй зоригтой хүн юм уу. Үнэхээр танд хэн нэгний дарамт, шахалтад орох асуудал байдаггүй учраас зоригтой байсан гэсн үг үү. Үнэндээ өнөөдөр үг хэлэх, үзэл бодол, үйл хэрэг, үйлдлээрээ

барьцаалагдчихсан улстөрчид олон байна шүү дээ?

-Улс төрд байгаа хүн өөртөө нээнтэгтэй улс төрд байсан дорвол зүгээр л явсан нь дээр шүү дээ. Надад хэн нэгэнд, ямар нэгэн байдлаар нээнтгэнд ороод байх асуудал байхгүй. Байдаггүй учраас би дээр дурдсанчлан зоригтой алхам хийдэг.Хамгийн гол нь миний ярьдаг ганц л зүйл байдаг. Энэ нэг 30-хан жил үүлэн чөлөөний нар шиг олдож байгаа тусгаар тогтнолыг гуйж дайвшгүй байдалд хүргэчих юмсан. Тэгээд цаашаа явах юм бол энэ улсад гэрэл гэгээтэй он жилүүд ирж байгаа гэж итгэдэг. Ер нь зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа эхэн үед дээр дурдсан рекет дээрэм тонуулчид заавал гарч ирдэг. Манайд 2000 оны үед сайд нарыг Их тэнгэрт аваачаад түгжчихдэг байсан шүү дээ. Хуулийн сайд нь зугтаад айлд оччихоод, гэртээ харьж чаддаггүй байсан түүх байдаг юм шүү. Тэр ч бүү хэл гүүрэн дээрээс дүүжилчихсэн, далан давхар оршуулгын газарт аваачиж айлгаж байсан ч түүх бий. Нөгөөтэйгүүр МАНАН мафийн асуудлыг анх ярьсан хүн чинь би. Нам дамжсан улс төрийн бүлэглэл, цөөхөн хүний эрхшээлд Монголыг оруулах гэсэн оролдлогууд байсаар ирсэн. Одоо ч энэ оролдлого сэргэх гэж оролдоод байна. Түүнийг нураах гэж бөөн юм болсон. Хүн л ажигладаггүй болохоос биш. Хуулийн байгууллагын бүх дарга нарыг сольсон. Цаашлаад Ерөнхий сайд нар, УИХ-ын даргыг буулгах, намын удирдлага буулгах түвшинд хүрч байж энэ асуудал саармагжсан. Намайг явуулахыг хүсээд байгаа шалтгаан энд бий. Намайг улс төрөөс явуулчихаад араас нь муу муухай юмаа хийхээр дуугарах хүн гарахгүй гэж тооцож байгаа юм байлгүй.

-Гэхдээ ийм том асуудал руу явж орно гэдэг амаргүй биз дээ?

-Амаргүй шүү дээ. Гэхдээ УИХ-ын гишүүн хүн тангараг өргөдөг. Тэр тангаргийн гол утга учир нь шаардлагатай үед амиа өгнө гэсэн цэргийн тангараг л байхгүй юу. Энэ чинь эх орныхоо төлөө амиа өгөхөөс ч буцахгүй гэсэн ийм л тангараг. Тэр тусмаа дөнгөж тусгаар тогтнолоо олж авах гэж хоёр хөл нь тэнцэж, ядаж байгаа ийм үед чинь нэг хүний хувийн асуудал юу ч биш шүү дээ. Хууль зүйн сайд гэдэг зориглож юм хийхээр дандаа дайралтад өртөж байдаг. Их төвөгтэй албан тушаал байна шүү дээ. Тухайлбал, шүүхийн томилгоонд хуулийн сайд огт оролцдоггүй мөртлөө шүүх авлига авчихаар хуулийн сайд нь чичлүүлдэг. Энэ Засгийн газарт орж ажиллах болсон гол шалтгаан нь Л.Оюун-Эрдэнэ сайд “Та ажиллаад өгөөч” гэж хүсээд байсан юм л даа. Энэ залуучууд дөнгөж ажил аваад түшиг болоод өгөөч гэхээр хясаад байлтай биш дээ. Ерөнхийлөгч асан Х.Баттулга намайг томилогдох үед “Энэ Засгийн газрын ноён нуруу нь болох юм шиг байна. Залуу сайд нараа дэмжээрэй” гэж захисан юм л даа. У.Хүрэлсүх ч тийм байр суурьтай байсан.

Ийм үед Засгийн газар улс төрийн болон хуулийн алдаа гаргахгүй байх нь цааш сайн ажиллах хөрс суурь гэсэн үг.

-Өнөөдрийн залуучууд та бүхний бүтээсэн улс төрийн суурин дээр тоглолт хийж байгаа шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээнд тоглолтын дүрмийг зааж, зааварлах бүрэн эрх нь та бүхэнд байгаа гэж ойлгож байна. Улстөрчид ёс зүйтэй байх, авлига авдаггүй, ахмад үеийнхээ үгийг сонсдог байх, ард түмнээ түүчээлдэг байх тал дээр хэр үлгэр дуурайлтай байна вэ?

-Аливаа улс төрийн хүчин нэг зүйл дээр тогтдог. Тэр бол жудаг. МАН өнөөдрийг хүртэл миний мэдэхийн энэ ёс жудгийг эрхэмлэж ирсэн. Алдаа зөндөө гарч байсан. Тэгэхдээ ахмад үеэ хүндэтгэдэг, тэднээс суралцдаг, тэд нар шиг болох гэж мөрөөддөг, мөрөөдөлдөө хөтлөгдөж, ажил төрлөө сайн хийх гэж оролддог, ийм ёс зүй, жудаг дээр тогтож ирсэн нам шүү дээ. Үүнийг одоогийн залуучуудад их хэлж байгаа. “Та нар энэ ёс жудгаа хэр зэрэг авч явж чадаж байгаа вэ, Үүн дээр чинь энэ нам, төр хоёр чинь тогтож ирсэн юм. Ёс жудгаа үгүйсгээд ирэхлээр Ан-ын араас орно” гэдэг. Хажиглах юм гарна аа, гарна. Тэгэхдээ намайг сонсоно оо, сонсоно. Хажуугаар нь яваад өнгөрөхөд бас айхгүй ч аягүй л байдаг байх. Айлгаад байх шаардлага ч байхгүй. Зүгээр л хүндэтгэл гэдэг юм байдаг. Би П.Жасрай гуай, Б.Лхагвасүрэн, О.Дашбалбар нартай ойр байсан.Тэд нар жаахан хажиглангуй харцаар харахаар л “Би нэг юман дээр алдсан байна. Юун дээр алдчихав гэж боддог, шаналдаг байсан.Тэд нарын нэг үг мань мэтийн салхитай байх үед тормоз болдог байсан. Ийм зүйл Монголын төрд үгүйлэгдэх шинжтэй болчихлоо. Хэт их залуучууд гэж шуурахаар дунд үеийн чинь ноён нуруу, ахмад үеийн юм чинь хашир байхгүй болдог. Ингээд бөөнөөрөө салхилж яваад харанхуй нүх рүү ойчих алдаа гарахгүй гэх баталгаа байхгүй. Мах комбинатад өдөгч ухна гэж байдаг. Ямаа дагуулж орчихоод цаад тал руу нь үсрээд гарчихдаг. Өнөөх ямаанууд нь доош унаад бойнд ордог. Тийм юм руу орчихв оо гэж эд нарт их захидаг. Том хэмжээний алдаа гаргахад нэг чанга дуугарахад сонсоно оо сонсоно.

-Төрийн аливаа бодлого, шийдвэрийг бодит тооцоо судалгаатайгаар гаргадаг байх ёстой. Гэтэл сүүлийн үед Засгийн газар, төрийн байгууллагууд цахим орчинд тулгуурлаж ажил хийдэг боллоо. Нэг шийдвэр гаргаад иргэдийн эсэргүүцэлтэй тулахаараа тэр дор нь шийдвэрээсээ буцчих юм. Энэ нь гаргасан шийдвэртээ эзэн болж чадахгүй байгаагийн илрэл биш үү. Танд ийм зарчмаар ажлаа явуулж байсан түүх бий юү?

-Би сошиал орчныг огт тоодоггүй. Учир нь хүн бүр сошиалд ороод хүн бүрийг муу хэлээд байгаа юм байхгүй. Тэр рүү орж юмыг хараар харж, жирийн зүйлийг харааж зүхэж таашаал авдаг цөөхөн “мэргэжилтнүүд” байгаа. Над руу дайрдаг 200-300 мэргэшсэн бүлэглэл байдаг. Түүний цаана нарийндаа 10-хан л хүн бий. Ц.Нямдорж гэдэг нэр гарч ирэнгүүт өдөр, шөнөгүй “хараар буддаг”. Би үүнийг залуу сайд нарт хэлдэг. У.Хүрэлсүхийн үед ч хэлж байсан. Одоогийн сайд нарт ч хэлж байна. Энэ бол сүүлийн үед гарч ирсэн зүйл. Би “Та нар цаашид байнгын ийм дарамтад амьдарна. Улс төрд явж байгаа хүн эрсдэл, хариуцлагаа хүлээж явдаг жамтай. Сошиалын давлагаанд орж төрийн ажил, бодлогоосоо ухарвал сайдын албаа өгсөн нь дээр. Санаснаа хийгээд дуус. Тэгээд хариуцлагаа хүлээ” гэж хэлдэг. Жишээ нь намайг барилга байшин их бариулж байна гэж шүүмжилдэг. Би зөндөө бариулсан ш дээ. Эхлээд хууль их бичдэг байлаа. Сүүлдээ засдаг гэж дайраад байхаар нь “тэгвэл больё, нурааж чадахгүй юм хийж үзье гэж бодоод баахан байшин бариулсан. Ордны наад талд 10-аад байшин бариулсан. Цаашаа яривал зөндөө байна. Би бүх суманд байшин бариулж үзсэн. Тэр нь Цагдаагийн кофен. Одоо харж байхад нөгөө хэдэн байшингууд л үлдэж. 100-150 жилийн настай байдаг эд л дээ. Ер нь сайдын албан тушаал хашна гэдэг бол санаснаа хийгээд дуусгах асуудал. Өөрөө битгий хулгай хий. Хуулийнхны цалин мөнгө бага юм чинь хуулийнханд барилга бариулж өгөөд 20-иод жил болж байна. Долоон мянга орчим хүн орон сууцанд орсон. Дөрвөн ч жижиг хороолол, цэцэрлэгтэй нь бариулсан. Миний хариуцаж байгаа салбараас нэг ч гэсэн хүн гал голомт тасалж орон байртай болохоор би өөрөө орон байртай болж байгаа юм шиг их баярладаг. Сүүлд 370 айлын орон сууц бариулсан. Тэнд манай яамны ажилчдын 80 хувь нь орсон.

-Та ямартаа ч салбарынхныгаа орон сууцанд оруулсан юм байна. Өөрөө орон сууцад орж чадав уу, сайд аа?

-Байна аа, байна. Орон сууцтай шүү дээ.

-Та түрүүн “өөрсдөө битгий хулгай хий” гэж хэллээ. Гэтэл өнөөдөр төрд гарсан сайд, дарга болсон хүмүүс төрөөс хулгайлдаг, авлига авдаг үйлдэл ар араасаа гарч байна?

-Сайд нар хулгай хийгээд байгаа юм байхгүй. Ер нь авлига гэдэг зүйлийг түрүүн хэлсэн шүү дээ. Систем нь тийм юм. Байнга үүнийг хойноосоо чирч явдаг. Хар мөр шиг. Хүн төрөлхтөн анх үүссэн цагаас эхэлсэн. Чадалтай нь чадалгүйгээ зодсоор өнөөг хүрээ биз дээ. Яг үүнтэй адил өнөөдөр зах зээлийн нийгэм гэдэг зүйл чинь араасаа дагуулдаг зүйл нь энэ. Манайхан амархан юм ярьдаг. Гэмт хэргийг байхгүй болгочихно, авлигыг устгана л гэнэ. Авлигыг хазаарлах асуудлаар намын хурал дээр яриад байгаа зүйлээ тэгш мөрдөх, хэрэгжүүлж чадах асуудал маш хэцүү. Одоо энэ АН-ынхныг хар. Асуудалд холбогдоод яваа манайхны асуудлыг хар. Боловсон хүчний асуудалд болгоомжтой хандахгүй бол болдоггүй. Би одоогийн мөрдөж байгаа системтэй санал таарч байгаагүй шүү дээ. Тухайлбал, сайдаар ажиллаж байхдаа ер нь гаднаас хүн авдаггүй. Энэ бол миний баримталдаг хатуу зарчим. “Та нар хүн санал болгож болно. Тэр хүнд чинь би хүний ёсоор хандана. Гэхдээ одоо байгаа систем дотроос надад хүн санал болго. Тэр хүн чинь харин миний шаардлагыг хангасан байх ёстой шүү” гэдэг журмыг яс мөрддөг. Энэ зарчим дээрээ сайд нь тогтчихоор яаж ч чаддаггүй байхгүй юу. Та нар хулгай хийв. Үгүй шүү. Миний зарчмыг мэддэг болохоор ойлголцоход амар. Миний чихийг халууцуулж байсан дарга бараг байхгүй.

-Ахмад үеийнхэн насаараа “нүдүүлээд” хэр баргийн юмыг тоохгүй хэмжээнд оччихсон биз. Гэхдээ ар гэрийнхэнд нь амаргүй л байдаг байх даа?

-Намайг шүүх нь надад асуудал биш.Энэ бүхнийг дааж амьдарна гэдэг миний гэр бүл, үр хүүхдүүдэд амаргүй асуудал. Би бол нарийндаа үүнийг эс тооцоод явчихсан хүн шүү дээ. Сонголт байгаа юм л даа. Үүний дараа эх орон юу болох вэ гэдэг асуудал. Би энэ хуулийн ялзарсан системд гэмгүй иргэдийг хэлмэгдүүлээд шоронд амьдаараа хатаж байхад нь чимээгүй өнгөрөх үү, энэ улсын том дарга нар нийлж Эрдэнэтийг хулгайлахыг мэдсээр байж чимээгүй өнгөрөх үү гэдэг сонголт надад байсан. Тэр тусмаа 2016 онд манай нам УИХ-ын сонгуульд ялж 64 суудал авч олонх болчихсон байхад энэ асуудлыг гаргаж тавьсан. Гэхдээ би холбогдох хүмүүст нь хэлсэн. “Надад битгий гомдоорой. Та нар ийм юм хийсэн байна. Би явдгаараа явлаа шүү” гэж хэлээд явсан.

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн гэдэгт та 100 хувь итгэлтэй байдаг уу?

-100 биш 200 хувь. Би чинь мэргэжлийн хүн шүү дээ.

-Гэтэл нөгөө талаас няцаалтыг байнга хийдэг шүү дээ?

-Тэр хоёр хүн цагаадна. Цагдаах нь цаг хугацааны асуудал. Намайг анх энэ асуудлыг ярьж байхад миний хажууд байсан хүмүүс хүртэл итгэхгүй байсан. Гурван шатны шүүх арай ингэж хүнийг хэлмэгдүүлэхгүй байлгүй дээ гээд итгэдэггүй байсан. Ийм зүйлийн цаана гарахад мэргэжлийн зөн совин байх хэрэгтэй. Түүний төлөө явах итгэл байх хэрэгтэй. Тэр чинь бол хэрэг дээр хуулийн бүх байгууллагатай дайн хийж байгаа байхгүй юу. Мөрддөг газартайгаа, тагнуул, прокурор, гурван шатны шүүх, ШШГЕГ. Өөрийнхөө удирдаж байсан бүх системийн дээд удирдлагатай байлдаж, тэднийг ажлаас нь зайлуулж байж л эхэлсэн шүү дээ. Наадах чинь бол хоёр хүний хувь тавилангийн асуудал биш. 1937 оны харгис систем, Сталины дэглэм амилаад босоод ирчихсэн юм шиг дүр зураг надад харагдсан. Өнөөдөр энэ хоёрыг ингэж хэлмэгдүүлж байгаа юм чинь маргааш хэн ч байсан эд нар ингэж хандах юм байна гэдэг зүйл бодогдсон. Хоёр гол намаас суурьтай томилгоо нь явагдаж буй нь дандаа тэднээс захиалгатай. Тэрийг чинь нурааж байж л санаа амардаг юм байгаа биз дээ. Би нураасан шүү дээ. Юутай хүйтэй нь бүгдийг нь нураасан. Би хөдлөхгүй бол өнөөдрийн энэ УИХ шал өөр УИХ байж байх байсан. Ийм ийм холын улбаатай зүйл бас байгаа юм. Дахиж Эрдэнэтийг хулгайлах зүрх эд нараас ойрдоо гарахгүй дээ. Тэр чинь бол хоёр намд хөл, гар хумсаа гүв гүнзгий дүрээд зүрхэнд хүртэл гогдоод авчихсан байж л юмыг хийнэ шүү дээ. Удирдлагын түвшинд. Ийм юмыг нураах чинь хэцүү шүү дээ. Одоо над руу дайраад байгаа чинь ерөөсөө үүний хаялга шүү дээ. Би 2016 онд иймэрхүү сэдвүүдийг хөндөж эхлээгүй бол өнөөдөр би энхийн цагаан тагтаа шиг амьтан байх байлаа.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 12 дугаар форум боллоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/ Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны механизм болох хэвлэл мэдээллийн форумыг тасралтгүй 12 дахь жилдээ зохион байгуулж байна.

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн ээлжит форум 2021 оны 11 дүгээр сарын 24-нд танхим болон цахим хосолсон хэлбэрээр болж өнгөрлөө. Энэ удаагийн форумыг Хятадын талын саналын дагуу “Хүн төрөлхтөний хамтын нэгдлийг цогцлоох нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж, улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр орны хэвлэл мэдээллийн гүйцэтгэж буй үүрэг, оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлоо солилцсон юм.

Хэвлэл мэдээллийн форумын нээлтэд, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар, ГХЯ-ны гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Д.Булган үг хэлж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ дэвшүүлэн оролцсон бол Хятадын талаас Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Шюй Линь нар нээж үг хэллээ. Хоёр орны хооронд тогтоосон Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хэвлэл мэдээлэл ойлголцол, итгэлцлийн гүүр болон ажиллаж ирснийг талууд онцоллоо.

МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа илтгэлдээ “Хятадын гадаад сурталчилгааны сувгууд, тэрчлэн монгол хэл дээрх мэдээ мэдээллийн сувгууд нийгмийн сүлжээнд идэвхтэй нэвтэрч байна. Монголын чөлөөт хэвлэл, хэвлэн нийтлэх эрх чөлөө, нийгмийн сүлжээний үнэгүй платформууд үүнд өргөн боломжийг бий болгож байна. Харин Хятадын хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин манайхаас өөр. Тэнд Монголын талаарх мэдээ мэдээлэл, оюуны бүтээл, соёлын контент, түүнчлэн бизнес эрхлэгчдийн зар сурталчилгааг нэвтрүүлэхэд босго өндөр. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхдээ энэ талаар анхааран ажиллах шаардлагатай байгааг” илтгэлдээ дурдлаа.

Форумын төгсгөлд хоёр тал цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тусгасан тунхаг бичгийг гаргаж, цар тахлын дараа харилцан сэтгүүлчдээ солилцон үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийнхэн манлайлагч, санаачлагч, оролцогч байх, илүү санал санаачилгатай ажиллахаар тохиролцсон юм.

Мөн энэ удаагийн форумын үеэр хоёр талын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь хоёр талын урт хугацааны хамтын ажиллагааны үр дүн юм. Тодруулбал, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо ӨМӨЗО-ны “Өдрийн сонин”-той, Өвөрмонгол радио телевиз “Боловсрол” суваг телевизтэй уран сайхны кино нэвтрүүлэх, Өвөрмонголын радио телевиз UBS телевизтэй уран сайхны кино солилцооны, Ордос радио телевиз Өвөрхангай аймгийн “Хас” телевизтэй, Ордос мэдээллийн сайт Ховд аймгийн khovd.mn сайттай хамтын ажиллагааны гэрээг тус тус байгууллаа.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН АЖЛЫН АЛБА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Их, дээд сургуулиудын амралт энэ сарын 13-наас эхэлнэ

Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр болов.

Их, дээд сургуулиудад энэ долоо хоногийн хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн горимын дагуу үргэлжилнэ. 12 дугаар сарын 13-ны өдрөөс амралт эхэлнэ. 2 дугаар сарын 15-ны дотор багтааж шалгалтыг танхим болон цахим гэсэн хувилбараар зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Categories
гадаад мэдээ цаг-үе

ОХУ-д “омикрон” хувилбарын 2 тохиолдол илэрлээ

ОХУ-д Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсаас ирсэн хоёр зорчигоос коронавирусний омикрон хувилбар илэрлээ. Африкаас ирсэн зорчигчдыг тусгаарлаж байжээ.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Роспотребнадзор байгууллагаас мэдээлснээр Өмнөд Африкаас Орост очсон нийт 10 зорчигчоос коронавирус илрүүлсэн байна.

“Өмнөд Африк болон хөрш зэргэлдээ орнуудаас ОХУ-д буцаж ирж буй бүх иргэдийг хил дээр шалгаж, үзлэгт хамруулан, тусгайлан бэлтгэсэн ажиглах байранд тусгаарлаж байна” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: RBC

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Агаарын чанарын мэдээллийг даваа гариг бүр танилцуулна

БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НМХГ, ЦУОШГ, “Таван Толгой Түлш” ХХК “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ”, “Утаагүй, угааргүй, ухаалгаар хэрэглэе” аяны хүрээнд агаарын чанарын мэдээллийг 7 хоног бүрийн даваа гарагт нэгтгэн, тогтмол танилцуулна.

Агаарын бохирдлыг багасгахаар хийж буй ажлууд болон Улаанбаатар хотын агаарын чанарын нөхцөл байдлыг тогтмол мэдээлснээр иргэдийг үнэн, бодит мэдээллээр хангах, угаарын эрсдэлээс сэргийлэх давуу талтай. Иймд ЦУОШГ-аас хотын уур амьсгал, цаг агаарын параметр, агаарын температур, салхины эрчим, даралтын орон, агаарын чанарт нөлөөлөх цаг үеийн нөхцөл байдалтай тогтмол танилцах боломжтой.

Агаарыг гэр хорооллын болон тээврийн хэрэгслийн утаа голлон бохирдуулж байгаагаас гадна байгаль, цаг уур, физик, газар зүйн онцлог ч нөлөөлж байна. Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд агаар дахь тоосонцрын агууламж өмнөх оныхтой харьцуулахад 50 орчим хувиар багассан ч агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо, хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа нь агаарын чанарт нөлөөлж байгааг БОАЖЯ мэдээлэв.

Улаанбаатар хотын автомашины тоо 2019 онд 569 мянга орчим байсан бол энэ оны 2 дугаар сарын 8-ны байдлаар 622 мянга орчим болж нэмэгджээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 53 мянгаар буюу 8.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx цаг-үе

МҮБХ: Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хаслаа

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өчигдөр /202112.06/ боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Монголын Үндэсний бөхийн холбооны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав.

Мөн Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа.

Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан:

  • Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021 оны 12-р сарын 04-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд/-ыг нэг жилээр /давтан үйлдэл/,
  • Сумын заан Ё.Гантулга /11-р сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд/,
  • Сумын заан О.Баяржаргал /11-р сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд/ нарын барилдах эрхийг зургаан сараар хаслаа.

Эх сурвалж: Монголын Үндэсний бөхийн холбоо

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Ганболд: Ирээдүйн өв сан үүсгэх байтугай ач, гучийнхаа олж болох боломжийг бүгдийг нь идээд сууж байна

“Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ирэх оны төсөвт орсон анхаарал татах нэг сэдэв бол Ирээдүйн өв сан байгаа. Наад зах нь 30 жилийн хугацаанд санг арвижуулна гэж хууль баталчихаад дөрвөн жилийн дараа өөрчилчихлөө. Байгалийн баялгийн үр шимийг ирээдүйдээ хадгална гэчихээд буцаж байгаа үйлдэлд та ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Ашигт малтмалын экспортоос тодорхой хэмжээний нөөц хуримтлуулж дараагийн үедээ зориулсан сан үүсгэе гэсэн санаан дээр нэгдэж төр засаг шийдвэрлэж байсан. Үүнийг амжилттай хэрэгжүүлж байгаа улс орнуудаар жишээ авч, манай Засгийн газар, УИХ-ын гишүүд, эрх баригчид маш олон удаа, ялангуяа Норвеги руу айлчилж тэндээс туршлага судалж, хэд хэдэн удаа хүмүүс урьж байсан удаатай. Энэ сан уг нь их энгийн. Айл өрх өөрийнхөө төсөв, орлогыг хэрэгцээтэй зүйлдээ зарцуулж, тодорхой хэсгийг нь хуримтлал үүсгэж хадгаламжиндаа хийдэгтэй адилхан. Бид ядуу улс, тийм боломж бололцоо байхгүй гэж тайлбарлах нэг хэсэг нь байхад бодит амьдрал дээр тийм боломж бололцоо ямар их байгааг энэ их үрэлгэн төсөв, эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтуудаасаа бэлээхэн харж байна шүү дээ. Наад зах нь бид нар ямар их хэрэгцээгүй, өндөр үнэтэй пантом барьж байгаа билээ. Богд Зонхов гээд 32 тэрбумаар дуулиан тарилаа. Сүүлдээ энэ чинь энгийн үзэгдэл болчихлоо. Байнгын ийм үзэгдэл иргэдийг ч дөжрүүлж байна. Иргэд ингэснээрээ төр засагт итгэх итгэл нь улам байхгүй болж байдаг. Төр засгийн өнгөрсөн 30 жилийн нөхцөл байдлыг та бид бүгд мэдэж байгаа. Засгийн газрын дундаж наслалт 1.3 жил гэсэн статистик байдаг. Ийм богино хугацаанд яаруу сандруу орж ирж байгаа хүн бол мэдээж ирээдүйгээ 10 жилээр төлөвлөхгүй. Түүнийг яаж ч “Алсын хараа 2050 он” гэж бичээд хэрэгжилт нь явахгүй байгааг амьдаар харж байна. Ямар ч Засгийн газрын тэргүүн үүнийг хийх гэхээр нөгөө талд нь байгаа олонх нөгөөхөө огцруулах, олонхынхоо хэлбэрээр Үндсэн хуульд олгогдсон нөхцөл байдлынхаа дагуу эрх мэдлийг нь авах сонирхолтой. Оршин тогтнож, тэр эрх мэдлээ алдахгүйн тулд нөгөө сонгуулийн тогтолцооны дагуу жижигхэн олон бутархай, мажоритор, жалга дов руу бүгдээр нь нийтийн дундаас бүрддэг төсвийн хөрөнгийг тарамдаж цацдаг. Уг нь Ирээдүйн өв сан манайх шиг ийм улсад гарцаагүй байх ёстой. Гэтэл манай эрх баригчдад ирээдүйн өв сан чухал биш олон нийтийг аргалж зальдах, хуурах зорилгоор хүүхдийн мөнгө, хадгаламж гэж хувиргах гэж оролдож байна.

Нөгөө л ярих дуртай Норвеги ч байна уу, уул уурхайгаа амжилттай хөгжүүлж байгаа улс орнуудад энэ бол заавал байдаг хуримтлал. Уул уурхайгүй улс орнууд хүртэл хуримтлалаа бий болгодог. Энэ бүх юмыг бид нар хийж явах ёстой юм. Харамсалтай нь ирээдүйн өв хөрөнгө сан байтугай ирээдүйн үр хүүхэд ач гучийнхаа олж болох боломжийг бүгдийг нь идээд, зээл тавиад явж байгааг бодит эдийн засгийн үзүүлэлтүүд харуулж байна шүү дээ.

-Та Засгийн газрын өрийг хэлж байна уу?

-2016 онд Засаг авсан нам юу амлаж байлаа. Энэ бүх өрийг дарна гэсэн шүү дээ. Гэтэл өр маань багассан уу, өссөн үү гэдгийг бага сургууль төгссөн хүн ч тооцож чадна. Үе, үеийн Сангийн яам, Монголбанк нь өр буураад байна гэж яриад байдаг. Гэтэл эцсийн дүнд өр өсч байгааг бүгд харж байгаа. Тэгэхээр ард иргэдээ ийм мунхаг тэнэг юм шиг харьцдаг удирдлага байгаад харамсалтай байна. Мэдээж үүнийг зохицуулна гэхээр нэг хүнээс хамаарсан биш, бүхэл бүтэн нам, намын олон гишүүдийн эсрэг талд нэг хүн өөрчилнө гэдэг аль ч Ерөнхий сайдад хэцүү. Үүнийг ойлгож байна. Түүнийг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ үүнийг нэгэнтээ эрх барьж байгаа намыг толгойлж байгаа, Засгийн газрын тэргүүлж байгаа бол эмх цэгцэнд нь оруулах ёстой. Энэ бол аль ч Засаг төрийн үеийнхэн, намын даргынх нь хийх ёстой амласан амлалт. Үүнийг биелүүлэхгүй байгаа бол өнөөдөр ардчилсан улс орны онцлогоор түүнийг үгүйсгэж байгаа, буруу жишгээр төсвийн хөрөнгийг барилга хөшөөнд зарцуулах гэж суулгаж байгаа гишүүдээ олон нийтэд ил тод зарла. Ингэж олон нийт тэд нарт хариуцлага тооцдог байх ёстой.

-Баялгийн санг амжилттай удирдаж байгаа улс орнууд ямар нөхцөлтэй ажилладаг юм бол. Манайд бол багагүй хөрөнгө төвлөрч эхлээд л гар дүрчихлээ?

-Ирээдүйн өв сан гэдэг нэгдүгээрт гар дүрэх боломжгүй мөнгө байх ёстой. Өвчин эмгэг, цар тахалд зориулах Эрсдэлийн сан гэж бий. Манай улсын орлого уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаардаг. Гэтэл төсвөө дандаа дээд боломжинд нь хийдэг. Төсөвт алдагдал үүсэнгүүт ханш, татвараар нөхөх гэж явсаар эдийн засгийн зөв голдирол алдагддаг.

Хамгийн их яригдаж байгаа жишээг харахад урьд өмнө нь магадгүй нэг хөшөө, ач холбогдол багатай барилга байгууламжийн босдог үнийг дараа жил, тэрний дараа жил нь төсөв дээр өсгөөд тавьчихдаг. Түүнийгээ инфляциар тайлбарлачихна. Уг нь манай улсад инфляци харьцангуй тогтвортой байх боломжтой. Хамгийн гол нь эсрэгээр нь хулгайн эдийн засгаа эрс шийдэмгий зогсоож ард иргэдийн гар дээр авдаг цалин мөнгө бодит зах зээлийнхээ эдийн засгийн түвшинд хүрэх ёстой. Уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь хямд зардаг биш, анхан болон дунд шатны боловсруулалтуудаа хийж нэмүү өртөг үүсгэн, ажлын байр бий болгож эдийн засагтаа тэлэлт үүсгэмээр байна. Хэмнэсэн мөнгөнөөсөө эхний ээлжинд ирээдүйн өв сан гэхээс илүү өр төлбөрөө төлж барагдуулах хэрэгтэй. Утгагүй хөшөө, найр наадам, шаардлагагүй бүх зардлуудаа хасах ёстой. Дарга нар хүртэл автобусаар зорчдог болоход хэмнэлт шүү дээ. Дарга нар машинд суух ёстой гэсэн заалт Үндсэн хуулинд байхгүй. Энэ бол ядуу улсад байх ёсгүй зардал.

-Үрэлгэн төсвөө баталчихлаа. Үүнийг зогсоох улс төрийн эр зориг хэн нэгэн улстөрчөөс гарсангүй?

-Нэг талдаа мэдлэг мэдээлэл болон ойрын зайны тоглолттой улстөрчид байгаад байна. Дунд нь нэг, хоёр эрүүл сэтгэж, түүнийг өөрчилье гэсэн сэтгэлтэй, бодолтой улстөрчид байгаа ч эсрэг талынхаа балансыг олж чадахгүй байна. Түүндээ барьцаалагдчихаад эргээд тэд нартаа найр тавьж өгч байгаа нөхцөл байдал харагдаж байна.

-Тийм улстөрчийг нэрлээч?

-”Алсын хараа 2050” гээд бичсэн эрх баригч намын дарга, Ерөнхий сайд байна шүү дээ. Энэ хүн гудамжнаас гарч ирсэн нь үнэн. Ард иргэдийн шударга ёс, эрх тэгш боломж алдагджээ, үүнийг бий болгоё гэж гарч ирсэн. Үүнийг нь олон нийт дэмжиж уухайлж гаргаж ирсэн. Энэ хүний бодол нь ярьж байгаа шигээ байж магадгүй. Гэхдээ үйлдэл нь тэгж гарч ирж чадахгүй байна. Өнөөдөр өөрөө мэдэхгүйгээр өөр гишүүд Богд Зонховын хөшөөг 32 тэрбумаар төсөвт суулгаад явж байна. Цар тахлын үед ийм нөхцөл байдлыг нь мэдэхгүйгээр өөрийг нь огцуруулах чадвартай олонхууд тулгалтуудаа хийж байгаа дүр зураг бас харагдаж байна. Гүйцэтгэх засаглалыг удирдаж байгаа энэ хүний мэдлэг боловсрол, гарал үүсэл ярихаас илүү манай улс төрд байгаа хүчний балансыг тооцож анхаарах ёстой. Үүн дээр удирдагч хүн бол зоригтойгоор ард иргэд, олон нийттэйгээ нийлж ажиллах ёстой. Үнэхээр бодож ярьж байгаа зүйлийнх нь эсрэг олонх нь тоглолт хийж барьцаалж байгаа бол олон нийттэйгээ нийлж байж хүч орно.

Нөгөө талдаа манай нийгэм үүнд маш буруутай. Олон нийт, иргэний нийгэм маань дэндүү хүлцэнгүй байна. Манайхаас өндөр хөгжилтэй улс орон жилдээ жижиг жижиг асуудал дээр, бүр бэлгийн цөөнхийн асуудалд хүртэл хэдэн зуун мянгаараа жагсаж, төр засгаа эсэргүүцдэг. Үнэ тариф тав, 10 центээр өсөхөд л жагсдаг. Хуулинд жаахан өөрчлөлт орсны төлөө ард түмэн нь эвлэлдэн нэгдээд эсэргүүцээд залруулж чаддаг. Хөгжсөн том улс гүрнүүд жилд тав зургаан удаа том жагсаал хийж байхад манайх шиг дампуу, худалч улстөрчидтэй, 30 жил хууртаж байгаа нийгэмд өнгөрсөн хугацаанд дөрөв, тавхан удаа л жагслаа. Нөгөө талд нь манай нийгмийн хариуцлагагүй сонголт бас бий. Ахуй амьралаараа сонголт хийчихнэ. Хүнийг харагдах өнцөг байдал дээр, гоё ярьж, гоё монгол дээл өмсчихсөн, хазгай шлёп тавьчихсан, “Монгол ялна” гэчихээр эмордог. Тэр эморолдоо өөрсдийнхөө итгэл үнэмшлийг өгчихдөг. Хямдхан хэлбэрээр өөрийнхөө асар том эрх мэдлийг үнэгүйдүүлж зардаг болчихсон. Үүн дээр нь манай олон нийтийн тархийг мэдээллээр цэнэглэх, мэдлэгийг нь хөгжүүлэх үүрэгтэй хэвлэл мэдээлэл, олны танил хүмүүс нь бүгд худалдагддаг. Эрх мэдэлтнүүдийг зодох гэж байгаадаа биш тэд нарыг зөв ажлаа хийгээд, хэлсэн амлалтаа биелүүлэхийн тулд хэвлэл мэдээлэл, олон нийт, эрх мэдэлгүйчүүд нэг талдаа байх ёстой. Түүнээс биш эрх мэдэлгүй хэрнээ нэгнийгээ доромжилж болохгүй. Та бид хоёрын ярилцлагын дараа комментыг нь уншаарай. Чи муу өөрөө хулгайч, алт худаг, байгаль орчин сүйтгэсэн, том хамарт гээд хаа хамаагүй юм ярьж эхэлдэг. “Алтан Дорнод Монгол” компанийг ямар орос хүн байгуулаад хэр хэмжээний нөхөн сэргээлтгүй газар хаясан талаарх мэдээллүүд хэвлэл мэдээллийг хуудаснаа шарлаагүй байгаа. Түүнийг яаж нөхөн сэргээсэн талаар тухайн үед тайлангаа тавьсан, Байгаль орчны яам хүлээж авсан. Монгол Улс өнөөдөр дотоодын алтны компаниудаас жилд 20 тонн алт авч байна. Энэ бол нэг тэрбум ам.доллартай тэнцэх, эдийн засгийг 10 орчим хувиар тэлэх хэмжээний өгөгдөл. Баялгийг гаргаж ирж баялаг болгон, олон хүнийг ажлын байртай болгож, Алт эрдэнэсийн сан, валютын нөөцийг арвижуулж байгаа чинь сайн үйлс. Тэгэхээр манай иргэдийн өөрсдийнх нь буруу. Сонголт, дүгнэлт, өнгөц зүйлд эмордог. Элий балай юманд асар их анхаарч, лайк дардаг. Үнэн хэрэг дээрээ өөрийнхөө эрх, эрх члөөөний төлөө эвлэлдэн нэгдээд төр засгийн буруутай үйл ажиллагааны эсрэг гараад жагсдаг хүн хэд билээ.

-Шударга ёс, эрх тэгш нийгэм шаардаж байгаа залуус жагсаж тэмцээд эхлэхээр цагдаж хориод байдаг дүр зураг харагддаг болж. Ардчиллын үнэт зүйлс үгүй болж байна гэх халаглах хүмүүс олширч байна уу даа?

-Нэг талдаа нийгмийн эрэлт нь байна. Шударга бус юм эргэн тойронд байна. Эсэргүүцмээр байдаг, өөрчилмөөр байдаг. Өөрчлөлтийг манлайлах хүмүүс, түрүүн хэлдгээр нийгмийн сэтгэл зүй эморол руугаа их ханддаг. Олонхынх нь итгэл үнэмшил нь хугарчихсан. Яагаад гэвэл ард нь тэр байгаа, энэ байгаа гэж хараад байдаг. Үүнээс болоод тэмцэл нь газар авч чаддаггүй, иргэний нийгмийн дэмжлэг төдийлөн далайцтай авч чадахгүй байгаад байдаг. Тэгэхээр уг нь асуудлыг нь харах ёстой юм. Зөв асуудал тавиад байна уу, буруу асуудал хөндөөд байна уу гэж. Бидний нэг онцлог хүн нь хэн бэ гэж харах гээд байдаг. Чи муу хулгайч, чи Эрдэнээгийн хүүхэд бол асуудал ярих эрхгүй гэх мэт. Ийм байдлаар хандаад байгаад том дутагдал байгаад байгаа юм.

Нөгөө талд нийгмийн шударга бус зүйл хавтайрчихсан, нүдэн дээр ил байгаад байна. Аль ч улсад иймэрхүү процесс явагддаг. Тэгж яваад энэ дундаас шаариг тийм тоон дээр буудаг гэдэг казиногийн дүрмээр ч юмуу, Лениний онолоор тэсвэр тэвчээрийн аяга нь дүүрээд халих моментэн дээр санамсаргүй нэг удирдагч гарч ирж магадгүй. Тэр нь азтай улс оронд зөв чиглүүлээд явна. Эсвэл магадгүй Уго чавес шиг нөхөр гарч ирээд самрах эрсдэлтэй. Бухимдсан уймарсан нийгэм дээр сөрөг талын удирдагч гарч ирэх магадлал дийлэнх. Тиймээс нийгэм өөрөө хэрсүү, ухаалаг, дүн шинжилгээ хийж боддог байх ёстой. Ботууд, хэвлэл мэдээлэл, сошиал инфлүүсэр гээд байгаа хүмүүс нийгэмдээ зөв сайныг уриалдаг байх ёстой. Ходоод, ахуйгаараа барьцаалагдаж буруу зүйл ярьдаг байх ёсгүй. Ер нь үйлийн үр гэж философи утгаараа аль ч хүн төрөлхтний амьдралд байдаг. Буруу үйл болгон буруу үр дүн л авчирна. Тиймээс бид үүн дээр филсофи утгаараа ч, эдийн засгийн утгаараа ч зөв хандах ёстой. Нийгмийн хариуцлага, улс төрийн өнцгөөсөө ч тэр. Бид бүдүүлэг яриагаар бол дэндүү орк байна. Үүнийг овжин зальтайнууд нь ашиглаж удирдагч болж тоглож байна. Ингээд нийгмээ, эдийн засагаа оркжуулж улс орныхоо ирээдүйг мөхөл рүү аваачиж байна. Ийм газар нутаг, ийм газрын баялагтай ийм цөөхөн хүн ам яаж ийм ядуу дорой буурхай амьдарч чадаж байна гэж гайхмаар. Үүнийг геополитик гэж худлаа тайлбарладаг бас нэг орк хэсэг байдаг. Тэд бол худлаа эрдэмтэн орк хэсэг.

Хятадын Засгийн газрын ордонд ч юмуу, Оросын Кремльд ч юмуу, Америкийн Цагаан ордонд Монголыг яаж хорлох вэ, яаж дорой буурай болгох вэ гэж боддог, төлөвлөгөө боловсруулдаг хэн ч байдаггүй юм. Ганц нэг жишээ байна. Усан цахилгаан станц бариулахгүй гэж. Тэр нь жижиг бизнесийн ашиг сонирхол л төдий. Том утгаар нь оросууд биднийг хөгжүүлэхгүй байгаа юм, хятадууд биднийг эзлэх гэж байна гэдэг. Уучлаарай тэр оросууд, америкууд, хятадууд цар тахлын үеэр пантом барьчих, үзмэргүйгээр музей барьчих, Богд Зонховын музей барьчих, зүгээр байгаа музейгээ нураачих, өр хамаагүй, бүгд 570 аваад уначих гэсэн гадаадын төр засгаас бодлого байхгүй шүү. Энэ бол бидний дотооддоо новширч байгаагаа, хулгайгаа нуух гэсэн халхавч.

Хоёулаа зүгээр хийсвэрээр төсөөлье л дөө. Маргааш энэ ярилцлагын дараа сайд дарга нар УИХ-ын гишүүд бүгд автобусанд суугаад, Засгийн газрын бааз бүгд приус авчихвал Оросын Засгийн газар, Хятадын Засгийн газар сандрах уу, уурлах уу. Хорлоё гэж бухимдах уу. Үгүй ш дээ. Бид өөрсдөө ийм тэнэг орк байж, тэнэг орк хүмүүс сонгож улс орноо л тоглуулж байна. 1.5 сая м.кв газар нутагтай болтлоо агшаад ийм дорой буурай болсон улс цаашаа агшаад дэлхийн газрын зураг дээрээс байхгүй болох магадлал өндөр шүү.

-АН сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж чадахгүй байгаагийн нэг илрэл энэ биш үү?

-1990 онд АН-ын үзэл санаа бидэнд таалагдаж хоёрдогч хүчнээр дэмжиж гаргаж ирсэн. АН бол нийгмийн платформ дээр гарч ирсэн нам. Одоо харин больсон, нийгмээсээ тасарчихсан. Яагаад гэвэл эрх баригч байхдаа яг л МАН-тай адилхан үйлдлүүд хийж байсан. Эрх мэдлийг өөрсдийнхөө мөнгө хийдэг зэвсэг болгосон. Ард иргэд ингээд л ардчилал гэдэг ойлголтод чинь итгэхээ байчихсан. Ардчиллыг манлайлж гарч ирсэн, тэр үед хамгийн ядуу, энгийн байсан удирдагч нар хамгийн баян бизнестэй боссууд болчихсон. Нөгөө ард иргэд нь модон жорлонтойгоо л үлдсэн. Тэгэхээр сөрөг хүчин байх ямар ч боломжгүй. Органик сөрөг хүчин хүний тооноосоо үл хамаарч оршин тогтнодог. Бид 2000 оны парламентыг мэднэ. 72 суудалтай өнөөдрийн МАН ялчихсан байхад ганц бие даагч Л.Гүндалай сөрөг хүчин хийдэг байсан. Бүр өнөөдрийн 11 хүнтэй АН-аас том сөрөг хүчин байж чадсан. Энэ бол факт.

Тэгэхээр бид нар сөрөг хүчин гэдэг нийгмийн плаформ дээр хэн хуурахгүй, бодитоор амьдарч чадаж байгаа тэр хүн нь дэмжлэг авч хөдөлгөж чадна.

-Саяхан АН их хурлаа хийж, шинэ даргаа сонголоо гээд мэдэгдэж байсан. Тун удалгүй нөгөө талынх нь гишүүд эсрэг байр сууриа илэрхийлсээр байна. Сөрөг хүчний байдал бас л базаахгүй нь. Өнөөгийн манай улс төрийн нөхцөл байдалд ямар гарц байна гэж хардаг вэ?

-Би үзэл санааны хувьд ардчилсан. Би ардчиллыг дэмжиж, 89, 90, 91 онд болж байсан Сүхбаатарын талбай, Ялалтын талбай, Үйлдвэрчний төв зөвлөлийн өмнөх талбай, Залуучуудын соёлын төвийн гаднах бүх жагсаалууд дээр очдог байсан. Орилдог, баярладаг байсан. Бид Баруун Европ, Америк шиг болно гэж итгэдэг байсан. Бид нарын хүсэл мөрөөдөл энгийн л байсан. Тэр үед уриалж байсан хүмүүс тийм л юм ярьж байсан. Харин бид нар тэр Баруун Европ, Америк шиг болоогүй. Тэр болдог цаг хугацаа Япон, Герман, Өмнөд Солонгосын түүх байсан. Эдгээр улс 20 гаруйхан жилийн хугацаанд өөрчлөгдсөн. Харин манайд 31 жил өнгөрчихсөн, ямар ч ахицгүй. Өчүүхэн ахицтай. Хэдэн халтар байшингууд баригдсан, хэдэн дарга нар, хэдэн бизнесүүд нь өр зээлтэй, том том машин унадаг болчихсон.

АН олон нийтийн дэмжлэгийг аваад бүхэл бүтэн 70 жил тогтчихсон тогтолцоог ялж гарч ирж байхдаа олон нийт дээр суурилж байсан юм. Гэтэл өнөөдрийн АН намын байгууллагын бүтцэд орчихсон. Даргатай, нарийн бичгийн даргатай, тэр нь фракцуудын төлөөллүүд, наймаанууд, тохироонуудтай. Хэн тэрийг санхүүжүүлэх вэ, тэр нь мөнгөтэй, компанийн захирал байх ёстой, УИХ-ын гишүүн байх ёстой. Тэр нь тэр босстой эв зүйгээ олдог байх ёстой, нөгөөх нь тэр өмнөх босстой ойлголцож чаддаг хүн байх ёстой, түүний ашиг сонирхлыг хангаж явах ёстой гэх мэт. Ингэхээр л сөрөг хүчинд нийгмийн дэмжлэг байхгүй болчихоод байгаа юм. Үүн рүү хиймлээр элсэж орно гэдэг үр дүн гарахгүй. Үүний баталгаа нь 2016, 2020, 2021 оны сонгуулиуд харуулж байна. Манай намын онолоор бол 2016 онд үнэмлэхүй болчихсон МАН 2020 онд саваад АН хуу хамна, ялалтыг авна гэж бодож байсан. Үгүй л байгаа биз дээ. Энэ чинь нийгмээсээ тасарчихсан, төөрчихсөн, МАН-2 гэдэг нам болчихсон шүү дээ.

Нийгэм өөрөө үүнийг ялгаж салгаж уур амьсгал өөр болж, улс төрийн манлайлж байгаа эрх барьж байгаа нам нь өөрөө яаралтай Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж улс төрийн намуудаа цэгцлэх хэрэгтэй. Эхний ээлжинд хүнтэй хүнгүй, нэг хүний бүлэглэлийн, мафийн 36 намаа дахин аттестачлалд оруулах хэрэгтэй. Сонгогчийн насны 2.4 сая иргэнийхээ ядаж нэг хувь буюу 24.000 хүний хурууны хээгээр баталгаажуулсан саналаар намуудын босгыг тавих хэрэгтэй. 1992 оны 801 хүний гарын үсэг биш. 24.000 хүн гэдэг дэмжигчийн хувьд том үзүүлэлт гарч ирнэ. Ингээд бодлогын, зүүн төвийн баруун төвийн социал либералаараа хуваагдаж тоотой гурав, дөрвөн нам л гарч ирнэ. Бусад нь тэр шалгуурыг хангаж чадахгүй. Ингэж улс төрийн намуудаа гаргаж ирэх хэрэгтэй. Дараа нь тунгалаг санхүүжилтийг нь ил тод болгох ёстой. Сонгуулийг бүрэн төсвийн хөрөнгөөр хийж, улс төрийн намуудыг хөрөнгө босгохыг болих хэрэгтэй. Ингэхдээ найр наадам шиг сонгууль хийдэг, мөнгө тараадаг биш. Тодорхой нэг хоёр сонин, телевизээр зөвхөн нэр дэвшиж байгаа хүмүүсийнх нь цээж зураг, төгссөн сургууль, мэргэжил, ажилласан хугацаа, ямар төслүүд дээр ажилаасан, ямар мэргэжлээр мэргэшсэн, аль төслүүд нь амжилттай болсон, нурсан гэдгийг олон нийтэд нээлттэй тавих ёстой. Ийм хүмүүсийг сонгож гаргаж ирэх сонголтыг иргэдэд өгөх ёстой. Иргэдийн сонголт гээгдэхгүйн тулд пропорцианаль шинж чанарыг оруулах ёстой. Холимог, эсвэл зуун хувь пропорцианаль болох ёстой. Ингээд олон намын оролцоотой парламент бүрдүүлээд олонх болсон Засгийн газар нь айдастай, үгэнд оромжтой, чичрээстэй, мэлзэхгүй, тансаглахгүй, аархахгүй болно. Ингэж нийгмийнхээ үгийг сонсдог, нийгмийнхээ ташуурыг хүлээж авдаг төр засагтай нийгэм хөгждөг. Ийм л тогтолцоо чухал. Дахиж МАН нэг, хоёр, гурав намыг байгуулаад хэрэггүй. Өнөөдрийн байгаа намууд бүгд л тийм болчихсон. МАН-ын охин компаниуд шиг болчихсон шүү дээ.

-Тантай ярилцсаных дөрвөн сая ам.долларын хэргийн явцыг асуухгүй өнгөрч болохгүй. Энэ хэрэг яагаад таг болчихов?

-Энэ бол 2018 оноос хойш явж байгаа хэрэг. АТГ-т өгсөн, бүх юмыг нь тогтоосон. Намайг хохирогч байх байр сууринаас, миний мөнгийг ямар данс руу яаж орсныг бүгдийг нь тогтоосон. Гэтэл мөрдөн байцаагчийг солиод прокурор руу өгсөн. Ингээд Нийслэлийн прокурорын дарга байсан, хэрэгт холбогдоод ажлаа өгчихсөн байгаа н.Нямдорж прокурор дээр хэрэгсэхгүй болсон. Тиймээс дахиад гомдол гаргасан. АТГ-т очсон, дахиад хэрэгсэхгүй болох гэж байна гэсэн мэдээ авсан. Ил тод баримттай, гардуулчихсан хэрэг өнөөдөр гурван жилийн хугацаанд шийдэгдэж чадахгүй байна. Гэтэл энэ хэргийн гол хариуцлагч Голомтын н.Баясгалан, н.Дорлигжав нар Женко Х.Баттулга гэдэг Ерөнхийлөгчийн хамгийн ойрын хүн байсан. Яагаад энэ хэрэг явахгүй байгаагийн шалтгаан энэ байна. Голомтын н.Баясгалан Гашуунсухайтын төмөр зам, Богдхаан төмөр зам, цахилгаан станц гээд бүх том төслүүдийг тендергүйгээр, ҮАБЗ-өөр нууцын зэрэглэлд оруулж байгаад авч байна. Нөгөө дабль стандарт гээд байгаа чинь үүнийг хэлж байгаа юм. Өргөдөл өгөөд гомдол гаргахаар буцаад жаахан сэргээж шалгадаг юм. Нөгөө талд өргөдөл өгөөд өрвөлзөхөөр миний эсрэг мэдээллүүд гарна, яаж газар сүйтгэв гээд, ямар том хамартай вэ гээд тэнэг хар пи-ар явуулна. Татварын байцаагч нар, мэргэжлийн хяналтаас ирж компани жаахан шалгадаг юм. Би яваад л байгаа, бууж өгөөгүй. Би наймаалцаагүй.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин үхэр өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 7, Ангараг гариг. Билгийн тооллын 4, элдэв тэнгэртэн одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 8:27 цагт мандан, 17:00 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Их цасан буух улирал (7 цаг 03 мин)-д эхэлнэ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно, бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр 24-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Ганц онгорхой хаалга руугаа галзуу нохой шиг боргохын хэрэг байна уу” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Засгийн газрын ХЭГын дарга Ц.Нямдорж “Бээжин, Москвад асуудлаа
шийдүүлдэг байсан нөхцөлөөс гараад 30
жил л хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг
зарчмаар төр улсаа авч явах гэж оролдож
байгаа он жилүүд шүү дээ” гэснийг IV, V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Эрүүл мэндийн сайдын
зөвлөх О.Батбаяр “Өмнөд Африкт
үүсээд буй омикроны давлагаа
1-2 сарын дараа дэлхийн олон
улсад үүсэх эрсдэлтэй” гэлээ.

Олон улсын харилцааны
судлаач-профессор Д.Баярхүү “Дэлхийн 193 улстай дипломат
харилцаатай Монгол Улс зөвхөн Эрээнээс
хамааралтай байгаа нь эмгэнэл” хэмээв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ганц онгорхой хаалга руугаа галзуу
нохой шиг боргохын хэрэг байна уу” хэмээн өгүүллээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “МОБИКОМ хэрэглэгчдээ төөрөгдүүлж, иргэдийн халаасыг тэмтэрч байна” гэлээ.

“Америкийн архиваас олдсон
Монгол хөгжмийн түүх”-ийг “Америкийн Монголчууд” нүүрээс уншаарай.

Энэ удаагийн “Урлан” буланд Ноолууран зураг
урлаач А.Баасансүрэн “Ноолууран зулмал зураг яг л
зулхай хийдэг монгол аргаар бүтдэг” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМ