Categories
мэдээ эдийн-засаг

Ц.Сэдванчиг: Засгийн газрын Ажлын хэсэг, “Эрдэнэс Оюу толгой” компанийн удирдлагын тууштай чанарт итгэж байна

– МИНИЙ НЭРИЙГ АШИГЛАЖ “РИО ТИНТОД ЯВУУЛСАН ЗАХИАНЫ АГУУЛГАА ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРУУД ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ УЧРААС НАЙМАН ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ХЭЛЭЛЦЭЭРТ ОРЖ БАЙНА-

УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Ц.Сэдванчигтай ярилцлаа. Одоогоос найман жилийн өмнө “Рио Тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх ерөнхий захирал Жин Себастиан Жак-д Оюу толгой төслийн санхүүжилтийн талаар илгээсэн захидал хожим нь түүнийг уг албан тушаалаас огцруулах шалтгаан болсон гэдэг. Гэвч найман жилийн дараа буюу өнөөдөр Монгол Улсын Засгийн газар уг захидалд дурдсан асуудлуудаар Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрт орж буй учраас тэрхүү захиаг эргэн сануулж ярилцахаар урьсан юм.


-Монгол Улсын Засгийн газраас томилогдсон, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрээ үргэлжлүүлж буй энэ нөхцөлд найман жилийн өмнө буюу 2013 оны 07 дугаар сарын 19-нд “Рио Тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх ерөнхий захирал Жин Себастиан Жак-д илгээсэн таны захидлыг олж харах нь сонирхолтой байна. Тэрхүү захиа очих үеийн нөхцөл байдал, яагаад бичсэн талаар ярьж өгнө үү?

-Найман жил гэдэг багагүй хугацаа.

Энэ талаар дурсан, урьж ярилцаж байгаад баярлалаа. Захиа тойрсон асуудал 2013 оны долоо, наймдугаар сар буюу наадмын дараахан болсон явдал. Наадмын өмнөх өдөр Баяжуулах үйлдвэрээ нээж, экспортын анхны ачилтаа хийж Оюу толгой компани орлого олж эхэлсэн юм. Тэр хүртэл тухайн үеийн УИХ, Засгийн газар, Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд бүгд л төслийн ажлыг хурдтай, саадгүй явуулахын тулд тууштай дэмжиж байсан юм шүү. Түүнээс өмнө буюу 2009-2013 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд Оюу толгой төсөл зөвхөн зарлага л гаргаж байсан. Ил уурхайг ашиглаж Баяжуулах үйлдвэрээ барьчихлаа. Цаашдаа далд уурхайг оруулахад нэмэлт санхүүжилт хэрэгтэй. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас урт хугацаатай зээл авна. Танай Засгийн газраас зээл авахыг дэмжсэн захиа хэрэгтэй гэдэг асуудлыг хөрөнгө оруулагч талаас хэдэн сар дамжин тавьж ирсэн.

-Яг хэн нь тийм санал тавьж байсан юм бэ?

-“Рио Тинто”-гийн талаас. Хэн нэгэн хүн биш хөрөнгө оруулагч талд төслийн санхүүжилтэд зээл авахыг дэмжсэн захидал хэрэгтэй байсан тухай яриад байна л даа. Олон улсын банк,санхүүгийн 15 байгууллагаас авах зээлийн нөхцлүүд нь үндсэн гэрээ, холбогдох хууль дүрэм зөрчсөн мөн зээл олгогч нарт танилцуулсан санхүүгийн загвар тооцоолол нь ирээдүйд манай талыг их хэмжээний өр зээлийн дарамтад унагах өндөр зардал шингээсэн байсан.

-Ингээд зээл авахтай холбоотой Засгийн газраас явуулах захиаг хөрөнгө оруулагч талд та явуулсан. Та “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх, ерөнхий захиралд энэ захиаг бичсэнээсээ болж ажлаа өгсөн, тийм үү?

-Намайг энэ захиаг дур мэдэн явуулсан болохоор халагдсан гэдэг. Энэ захиа бол нэг компанийн захирал дураараа явуулчихаар хэмжээний агуулгатай захиа биш. Тэр үеийн манай салбарын сайд, Ерөнхий сайдын түвшинд олон сар ярилцаж захианы төслийг би бэлтгэж, миний нэрээр “тухайн үед зээлийн нөхцлүүдийг хүлээн авах боломжгүй” тухай 6 зүйлээр тайлбар хийсэн захиа юм шүү дээ.Үүнээс хойш сарын дараа би ажлаа өгсөн.

-Тэр үед миний санаж байгаагаар анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д заасан 5.1 тэрбум ам.долларын зардал 7 тэрбум гаруй ам.доллар болж өсөөд, гэрээг өөрчилнө гэхээр л манай талд урьдчилгаа болгож өгсөн 250сая ам.доллараа нэхэж шахдаг байлаа шүү дээ. Та “Рио”-д захидал бичээд ажлаа өгсний дараа хэвлэлд “Монгол Улс 24 тэрбум ам.долларын өрөнд унаж магадгүй” гэснийг найман жилийн дараа буюу саяхнаас хөрөнгө оруулагчид зөвшөөрч хэвлэлд хэлж эхэллээ. Энэ өрийг тухайн үед та Засгийн газарт тайлбарлаж байсан уу? Үүнийг л захиа бичих үндэслэл байсан болов уу гэж боддог.

-Гурван ч сайдын хамтарсан тушаалаар анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн шалтгааныг анхан шатны баримттай тулгаж шалгах 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багтаван сар гаруйн хугацаанд ажиллаж байсан тэдний дүгнэлтийг харж амжаагүй би ажлаа өгсөн. Ер нь Засгийн газар анх гэрээ байгуулах эрх авахдаа төсөл хэрэгжих хугацаанд Монголын талын өгөөж 53 хувь буюу 30 тэрбум гаруй ам.доллар, хөрөнгө оруулагч талын өгөөж 47 хувь буюу 25 тэрбум гаруй ам.доллар байхаар танилцуулж УИХ-аас зөвшөөрөл олгосон 57 дугаар тогтоолыг батлуулсан байдаг. Тэгэхээр “Рио Тинто”-гийн зүгээс далд уурхайд төслийн санхүүжилт авахаар санхүүгийн байгууллагуудад тавих зээлийн нөхцлүүдийг зөвшөөрчихвөл дээрх өгөөжийн харьцаа өөрчлөгдөж Монгол Улсад хохиролтой болох тодорхойгүй бөгөөд эрсдэлтэй асуудлыг УИХ-д танилцуулах шаардлагатай гэж тайлбарладаг байсан. Санхүүжүүлэгч нарт төсөлд шаардлагатай нийт зээлийн дүнг 24 тэрбум ам.доллар гэж танилцуулсан байдаг. Тэр зээлийн шугам нээгдмэгц эхлээд 4 тэрбум ам.доллар, дараа нь 6 тэрбум ам.доллар гээд явахад богино хугацаанд Монгол Улс 10-аад тэрбум ам.долларын өрөнд унах тооцоо харагдаж байсан. Хөрөнгө оруулагчид анхнаасаа л зээлийн асуудлыг дангаараа буюу Оюу толгой компанийн ТУЗ-ийн саналын авахгүйгээр Лондонд шийдээд, зээлдэгчидтэй тохирсон байсан. Тухайлбал, 2012 оны 12 дугаар сард “Эрдэнэс Оюу толгой” компанийн төлөөлөл Лондонд очиж зээлдүүлэгчидтэй хийсэн уулзалт дээр нь Монгол Улсын хууль, талуудын гэрээг зөрчсөн зээлийн нөхцөл ярьж байна шүү” гэсэн байр сууриа илэрхийлсэн байдаг ч хөрөнгө оруулагчид тоогоогүй юм. Тэр хөрөнгө оруулагч талын Засгийн газраас хүсээд байсан дэмжлэгийн захиа буюу /Comport letter/ гэгч нь бодит агуулгаараа тэр зээлийг авахыг Засгийн газраас зөвшөөрсөн бичиг юм. Ингээд Засгийн газрын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу би уг захианы төслийг бэлдсэн. Засгийн газар хянаад намайг явуул гэсэн. Дараа нь үүнээс болж намайг “Ажлаа өг” гэсэн. Ажлаа өгсний дараа би “Миний нэрийг ашиглаж Рио Тинтод явуулсан захианы агуулгаа Засгийн газар хэрэгжүүлэх ёстой” гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан.

-Таны захидалд дээр ярьсанчлан их хэмжээний дүнтэй хэлцэл хийхдээ ТУЗ болон Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлээгүй дараалал алдагдсан, зөвхөн 66 хувийнхны эрх ашгаар шийдвэрлээд байгааг шүүмжилсэн. Яг энэ алдааг “Дубайн гэрээ” гэгддэг санхүүжилтийн төлөвлөгөөн дээр давтсан гэж ойлгож болох уу?

-Дубайн гэрээ нэртэй төслийн санхүүжилтийн төлөвлөгөө гэгчээр далд уурхайд 15 банкнаас урт хугацаатай зээл авахыг зөвшөөрсөн гэж ойлгож байгаа. Би ажлаа түүнээс өмнө өгсөн учраас яг ямар дарааллаар явсныг сайн мэдэхгүй.

-Тэр үед л Н.Алтанхуягийн Засгийн газар таныг ажлаас чөлөөлөх бус, таны захидлыг дэмжиж ажилласан бол Монголын тал бага алдах, ногдол ашиг авахаас эхлээд одоогийн энэ Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсгийн яриад байгаа бүх асуудлыг тэр үед шийдчих боломж байсан уу?

-Миний харамсаж явдаг зүйл тэр шүү. Тухайн үед төр, засгийн удирдлагууд нэг байр суурьтай, хэлж ярьж байсандаа хатуу зогсож тэр захианд тайлбарласан зургаан асуудлыг шийдээд явсан бол “Дубайн гэрээ” ч төрөхгүй, одоогийн Ажлын хэсэг ч найман жил өнгөрсний дараа яг тэдгээр асуудлыг шийдэх гээд цаг хугацаа алдаж суухгүй байхсан гэж бодож байна.

-Нэг дурсамж сөхье. 2013 оны 2-р сарын 1-нд, УИХ-ын чуулган дээр та Оюу толгой төслийн талаар мэдээлэл хийсэн. Үүний дараа хөрөнгө оруулагч тал “Танай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Оюу толгой төслийг дэмжих байр сууриа ингэж өөрчилж байгаа бол цаашид Рио Тинто танайд нэг цент ч өгөхгүй” гэсэн байдаг. Ийм дарамт хэр их ирж байв?

-Таны хэлсэн тэр өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцсон. Хөрөнгө оруулагч талхэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлд бүрэн мониторинг хийдэг учраас тэр танилцуулгыг болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын байр суурийг харсан. Үүний дараа Хувьцаа эзэмшигчдийн хурал болов. Тэр хурал дээр Лондонгоос “Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал, ноён Хардинг ирж оролцсон бөгөөд сонин юм их болсон. Тухайлбал, хөрөнгө оруулагчид Оюу толгой компанийн байранд хийнэ гэхэд манай Засгийн газрын гурван гишүүн Төрийн ордонд хийнэ гэж зөрнө. Дундыг бариад Их тэнгэрт тэр хурлыг хийсэн. Сонин сонин үйл явдал тэгэхэд их болсон. Тэгэхэд л таны асуусан дээрх үгийг хэлсэн юм. Бүр “Цаашид Оюу толгой төсөлд нэг цент ч өгөхгүй” гэж тодорхой хэлсэн. Хамгийн айхавтар нь тэр үед Хардинг захирал “Танай Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын илэрхийлсэн байр суурийг харлаа. Ярилцаж тохирсноосоо их өөрчлөгдсөн байна. Би найман жилийн өмнө ганц хүүгээ ослоор алдахдаа л ингэж гутарч, гашуудаж байсан” гэсэн юм. Тэр маш нөлөөтэй хүн байсан.

-Гэтэл найман жилийн дараа буюу өнөөдөр Засгийн газраас УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг томилогдон хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж байна. Үр дүнгийн мэдээллийг сонсоход анхных гэх олон ахиц дэвшил гарч байна. Хөрөнгө оруулагч тал Засгийн газраас хүлцэл өчлөө, цар тахлын хүнд үеийг давах туулахад зориулж, гүний уурхайн ажил удааширсан нь бидний буруу гээд “ногдол ашгийн урьдчилгаа” өгье гэлээ. Ногдол ашиг хуваарилаагүй байж ногдол ашгийн урьдчилгаа өгч буй нь “хачирхалтай” боловч хэлэлцээр үр дүнтэй л яваа. Таны бодол, үнэлгээг сонсмоор байна?

-Намайг ажиллаж байх үед бол хөрөнгө оруулагч тал хэлэлцээрийн үеэр Засгийн газарт мөнгө санал болгож байгаагүй. Тухайн үед андуураагүй бол ТЭЗҮ ёсоор 2018 онд далд уурхайг ашиглалтад оруулж 2021 онд ногдол ашиг хуваарилахаар байсан. Одоо явагдаж байгаа хэлэлцээртдалд уурхайд авсан санхүүжилттэй холбоотой ногдол ашиг хуваарилах хугацаа хэт ухарсныг наашлуулах тухай яриа болж байх шиг байна. Мөн 34 хувьд ногдох өр /2.4 тэрбум доллар гэх шиг болсон/-ийг тэглэх чухал асуудал ч нааштай яригдаж байна гэж ойлгож байгаа. Одоо хэлэлцээр хийж буй Засгийн газрын Ажлын хэсгийнхэн ч, “Эрдэнэс Оюу толгой” компанийн удирдлага ч өндөр боловсролтой залуус учраас мэдлэг, мэдээлэл сайтай, асуудлын мөн чанараа ойлгож тууштай ажиллаж байгаа санагддаг. Улс төрийн эр зориг, эх оронч хандлагынхаа хувьд миний найман жилийн өмнө бодож, сэтгэж, ажиллаж байсантай тун ойрхон санагдаж байгаа учраас итгэж байна. Гэхдээ тэд багагүй эрсдэл хүлээж ажиллаж байгаа учраас санаа, сургамж болох болов уу гэсэндээ таны хүсэлтийг авч ярилцлага өглөө. -Танд баярлалаа.

У.ОРГИЛМАА

Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн үнэ өсчээ

Лондонгийн Металлын Бирж дээр зэсийн үнэ омикрон мутаци гарснаас хойш тасралтгүй буурсан үзүүлэлттэй байна.Тодруулбал, зэсийн үнэ хамгийн сүүлийн мэдээгээр 9526 ам.доллар байсан бол өнөөдөр 9,647 болж 121 орчим ам.доллароор өссөн байна.

Үнэт металлын үнэ дэлхийн зах зээлд өсөх нь манай улсад ашигтай юм. Учир нь 2022 оны төсвийн төсөлд зэсийн үнийг 8,900 ам.доллар гэж тооцсон. Энэ үнээ барьж чадвал манай улсын төсөв бүрдүүлэлт ирэх онд тооцооллоос илүү гарч, илүү их ашиг өгөөжөө өгөх юм. Ташрамд, зэсийн баяжмалыг ирэх онд 1.2 сая тонныг экспортолно хэмээн тооцсон байдаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын байдлаар хүнд сурталтай холбоотой 1252 дуудлага бүртгэгджээ

“Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “Авлигатай тэмцэх улс төрийн хүсэл, зориг, эрх зүйн орчин, хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.

Тэрбээр “Төрийн албан хаагчдын дунд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, авлига ашиг сонирхлын зөрчилд холбогдох, шударга бусаар давуу тал олж авах зэрэг хууль бус үйлдлүүд байсаар байна.

“Транспарэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч нийт 180 улс, орноос 110-т эрэмбэлэгдсэн нь маш чамлалттай үзүүлэлт. Шалгуур үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж үзэхэд өмнөх онтой адил оноо авсан ч таван байраар ухарчээ.

Төрийн байгууллагуудын ойлголтын зөрүү, ажлын арга барилын ялгаа байгууллагуудын соёл, ажлын чиг үүргийг нэн тэргүүнд тавьдаг зэргээс шалтгаалаад авлигатай тэмцэх ажлыг хойш нь татаж байна.

Ерөнхий сайдын 2021 оны долдугаар сарын 16-ны өдрийн 120 тоот захирамжаар авлигын төсөөллийн индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хэсгээс эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан Ерөнхий сайдаар батлуулан хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа.

Төлөвлөгөөнд хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, цахим үйлчилгээний чанарыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, олон нийтийг мэдээллээр хангах ажлыг эрчимжүүлэх зэрэг нийт дөрвөн том чиглэлийн хүрээнд 50 арга хэмжээ авахаар ажиллаж байна.

2021 оны долдугаар сараас хойш төрийн байгууллагын хүнд суртал, авлигын шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч дүн шинжилгээ хийж ажиллаж байна. 11-11 тусгай дугаарт арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг хүртэл 2242 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс авлигын гэмт хэргийн шинжтэй 21 гомдол гарсныг АТГ-т шилжүүлсэн. Хүнд сурталтай холбоотой 1252 дуудлага бүртгэгдсэнийг холбогдох төрийн байгууллагад шилжүүлэн ажиллаж байна.

Дийлэнх гомдлыг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зургийг цахимаар авахтай холбоотой байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

“БНХАУ-тай чингэлэг ачаа солилцох хамтарсан туршилт өнөөдөр эхэлсэн” гэв

Зам тээврийн хөгжлийн сайд Д.Халтар мэдээлэл өглөө.

Тэрээр “Өнөөдөр өглөөний байдлаар Эрээн талаас дундын бүс дээр хоёр чингэлэг оруулж ирсэн. Ийнхүү туршилт эхэллээ гэсэн үг. Одоо Хятадын тал цаашдаа хэрхэх тухай дүгнэлт хийж байгаа байх. Өнөөдөр Гадаад харилцааны дэд сайд Замын-Үүдэд очсон. Эрээнд байгаа Консулын газрынхантай холбогдоод Эрээний ардын Засгийн ордынхонтой ярилцаж, хэлэлцэнэ. Үдээс хойш шийднэ гарна гэж найдаж байна. Дундын бүсэд байгуулсан чингэлгийн талбай нь 50 орчим чингэлгийн багтаамжтай юм билээ. Гэхдээ энэ нь эхний шатных. Цаашдаа нөхцөл байдлыг харж байгаад нэмэгдүүлэх тал дээр анхаарна. Хавраас ачааны эргэлт их болоод эхлэхээр өдөрт 100-аас дээш чингэлэг татах тал дээр анхаарна. Айлын талаас тавьж байгаа шийдвэрт хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Ковид19 халдварын нөхцөл байдлын улмаас хил гааль хаасан” гэлээ.

Categories
гадаад мэдээ

ДЭМБ ирэх оны эхний хагаст багтаан “Спутник V” вакцинд зөвшөөрөл олгоно

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) ирэх оны эхний хагаст багтаан Спутник V вакцинд шуурхай горимд ашиглах зөвшөөрөл олгох төлөвтэй байгааг ОХУ-ын гадаад хэргийн яам өчигдөр мэдээлжээ.

“Өөрийн үйлдвэрийн Спутник V вакциныг гадаад зах зээлд гаргах тал дээр бид Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сантай идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ бол манай чиг үүрэгт багтсан ажил. ДЭМБ удахгүй вакцинд маань зөвшөөрөл олгоно гэдэгт бид найдаж байгаа. Ирэх оны эхний хагаст багтах байх гэж би бодож байна” гэж тус яамны эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Дмитрий Биричевский хэлсэн байна.

Түүний баталснаар одоо зөвшөөрөл олгоход зөвхөн бичиг цаасны ажил үлдээд байгаа гэнэ.

Коронавирусийн эсрэг үйлчилгээтэй Спутник V вакциныг одоогоор дэлхийн 71 улс хүн амынхаа дархлаажуулалтад ашиглаж байгаа ч ДЭМБ хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.

Уг вакциныг ОХУ-ын засгийн газар 2020 оны наймдугаар сарын 11-нд албан ёсоор бүртгэж авснаар дэлхийд анхдагч болж байжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“e-Mongolia” улсын төсөвт 4.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” 2020 оны аравдугаар сарын 01-нд олон нийтэд танилцуулагдсан цагаас хой төрийн 57 байгууллагын 571 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia” системд нэгтгээд байгаа бөгөөд 4,9 сая удаагийн төрийн үйлчилгээг амжилттай үзүүлж, төлбөртэй үйлчилгээнээс 4,8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Систем нэвтэрснээр Монгол улсын иргэн төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах унааны зардал, хугацаанаас үүдэлтэй зардал (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр), төрийн үйлчилгээ авахад шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал зэрэгт нийт 52,8 тэрбум төгрөг хэмнээд байна.

Тус систем үйлчилгээгээ цахимжуулжсан төрийн байгууллагуудыг харьяалах яамдаар нь багцлан танилцуулж байна.

Харъяалах яам e-Mongolia системд холбогдсон үйлчилгээ
ЭМЯ 5
ХХМТГ 4
БШУЯ 5
ЭХЯ 18
ХНХЯ 38
ЕС 29
БХБЯ 33
СЯ 57
Шадар сайд 54
ХЗДХЯ 134
Нийслэл 97
ХХААХҮЯ 77
ЗТХЯ 9
ЗГХЭГ 1
ГХЯ 4
БОАЖЯ 2
УУХҮЯ 1
УИХ 3

“e-Mongolia” систем өнөөдөр 2 сая гаруй иргэн давхардсан тоогоор 6 сая гаруй үйлчилгээг цахимаар авсан ажээ. Үүний зэрэгцээ гар утасны аппликейшн идэвхтэй хэрэглэгчийн тоо 806,286 болж өссөн байна. Тус системд 2021 оны 10 дугаар сараас эхлэн орон нутгийн нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг цахимжуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Төв, Хөвсгөл, Булган, Дархан-уул, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг зэрэг долоон аймаг нутгийн захиргааны байгууллагынхаа үйлчилгээг цахимжуулаад байна.

Эрэлттэй үйлчилгээ: Нэг шатлалт

Үйлчилгээний нэр
1 Вакцины гэрчилгээ
2 Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
3 Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа
4 Жолоочийн лавлагаа, мэдээлэл
5 Иргэний үнэмлэхийн лавлагаа
6 Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл
7 Жолоодох эрхийн оноо
8 Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
9 Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /иргэн/
10 Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт

Эрэлттэй үйлчилгээ: Олон шатлалт

Үйлчилгээний нэр
1 Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох
2 Иргэний үнэмлэх дахин авах
3 Гадаад паспорт дахин авах
4 Шүүхийн шийдвэрийн архивын лавлагаа (НАГ)
5 Дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал (НЦУГ)
Categories
гадаад мэдээ

“Инстаграм” компани өсвөр үеийнхний хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авав

Мета (хуучнаар Фэйсбүүк) компанийн эзэмшдэг “Инстаграм” үйлчилгээ өсвөр үеийнхний хэрэглээг хязгаарлах арга хэмжээг авснаа өчигдөр зарлажээ.

“Take A Break” нэртэй энэ функцийг ашигласнаар Инстаграм үйлчилгээний аппликэйшн өөрөө хэт удаан хэрэглэж байгааг нь өсвөр насныханд сануулж, түр завсарлахыг зөвлөх юм байна.

Шинэ функцийг өчигдрөөс эхлэн АНУ, Их Британи, Ирланд, Канад, Шинэ Зеланд, Австралийн зах зээлд нэвтрүүлсэн бол ирэх оны эхээр дэлхийн бусад бүх улсын зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Фэйсбүүк компанид ажиллаж байсан Фрэнсис Хоген хэмээх эмэгтэй саяхан тус компани орлого олохын тулд нийгэмд хортой агуулгыг түгээх, дэмжих бодлого баримталдаг тухай баримт мэдээллийг задруулсан билээ.

Тухайлбал Инстаграм үйлчилгээ өсвөр насныхны, ялангуяа охидын сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хоолны дуршлыг бууруулах, зарим тохиолдолд амиа хорлох сэдэл төрүүлдгийг харуулсан Фэйсбүүкийн дотоод судалгааны материалыг тэр ил болгосон юм.

Үүнтэй холбоотойгоор АНУ болон Европын орнуудын эрх баригчид Инстаграм үйлчилгээнд тавих хяналт зохицуулалтаа чангатгах талаар хэлэлцэж байна.

Инстаграм компани өчигдөр бас эцэг эхчүүд хүүхдийнхээ хэрэглээг хөндлөнгөөс хянах зориулалттай шинэ функцийг ирэх оны эхээр нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлжээ.

Бас өөрийг нь дагаагүй хэн нэгнийг нийтлэлдээ холбох (tagging or mentioning) боломжийг өсвөр насны хэрэглэгчдийн хувьд хаахаар төлөвлөснөө зарласан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Хөвсгөл аймаг: Мал тооллогод 700 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна

Хөвсгөл аймагт мал, тэжээвэр амьтдын 2021 оны жилийн эцсийн тооллого хоёр дахь өдрөө үргэлжилж, тооллогод 700 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Энэ жилийн хувьд малыг нэг бүрчлэн нүдээр үзэж тоолж байна аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу хэллээ. Хяналтын тооллогыг нийт малчин өрхийн 10 хувьдхийхээр төлөвлөж байгаа гэнэ. Тус аймаг өнгөрсөн онд 5 500 553 толгой мал тоолуулж, улсад тэргүүлсэн. Үүнээс 271528 толгой адуу, 501080 толгой үхэр, 2284 толгой тэмээ, 2622814 толгой хонь, 2102847 толгой ямаа тоолуулсан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Автомашины төмөр хийцэд хавчуулагдан хоёр хүн нас баржээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн Хөх хөтлийн даваа гэдэг газар автомашин осолдож, хоёр хүн нас баржээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас арванхоёрдугаар сарын 8-ны 00:20 цагт осол гарсан тухай мэдээллээ.

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход “Хово ZZ3257N” загварын нүүрс ачсан /51 тн/ ачааны автомашин, “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж “Киа Бонго” автомашин дотор зорчин явсан С /19 настай, эрэгтэй Цагаан-Уул сумын харьяат/, О /25 настай, эрэгтэй Бүрэнтогтох сумын харьяат/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байжээ. Аврагчид цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Оросуудад дахиад нэг “Давст уул”-аа бэлэглэчихгүй л байлгүй

Төрийн ордоны урдхан талд зарим иргэдийн хувьд түүхэн дурсгалт барилга байгууламж төдийхөн нэр зүүсээр удаж байгаа Чойжин ламын сүм оршдог. Уг сүм нь түүхэн дурсгалт барилга гэхээсээ өнөөдөр ч ач холбогдол нь оршиж, үүргээ гүйцэтгэж буй Төрийн сахиусны өргөө гэгддэг. Тодруулбал, энэхүү сүмийг төрийн их сахиусны лагшин, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан 1904-1908 онд бүтээн байгуулжээ.

Хамгийн ихээр сонирхол татдаг зүйл нь, 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Монголын бүх сүм хийдийг устгачихаад хотын төв дэх Чойжин ламын сүмийг хэвээр үлдээсэн байдаг нь санаандгүй хэрэг огтоос биш.Эдүгээ ч Чойжин ламын сүмийн Монгол төрийг сахин хамгаалах рид хувилгаан чадал хэвээр гэдэг бөгөөд Төрийн ордоны дээрх төрийн далбаа, Чойжин ламын хийдийн гол сүмийн ганжир, Төв цэнгэлдэхийн арын соёмботой багана, Богд уулын “…Монгол Улс мандтугай” гэсэн бичиг бүхий соёмботой энгэр нэгэн шугамд оршиж төрөө хамгаалж байх учиртай гэнэ. Социализмын үед ч төрийн сахиусаа хамгаалж Чойжин ламын хийдийн өмнөд этгээдэд Богд уулыг халхалсан өндөр барилга барихгүйгээр төлөвлөн зохицуулж байжээ.Чойжин ламын сүм Төрийн ордон хоёр хараа хараандаа оршиж байх ёстой гэдгийг Монголын төрийн үе үеийн удирдагчид ойлгож, сахиж иржээ. Тиймээс ч Төрийн ордоноос Чойжин ламын сүм хүртэлх зайд “Ленин клуб”-ийг эс тооцвол өндөр байшин баригдалгүй өнөөг хүрсэн байгаа юм. Тиймээс энэ байрлалд монгол ч тэр, гадаадынх ч тэр өндөр барилга байгууламж барих учиргүй. Манай улсын үе үеийн удирдагчид Орост очихоороо зуйрганадаг. Тухайлбал, манай улсыг 44 жил удирдсан Маршал Ю.Цэдэнбал өөрийн төрсөн бууц Давст уулаа Орост өгчихсөн түүхтэй. Ирэх оны эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаа. Айлчлалаа үр дүнтэй байлгахын тулд олон асуудалд анхаарал хандуулж байгаа сурагтай. Тэр дундаа Ленин клубийн газрыг ОХУ-д өгөх талаар яриа чих дэлсэх болов. Хэдийгээр бид мөнхийн хөршүүддээ найр тавих нь зүй ёсны хэрэг ч өгч болох, болохгүй зүйл гэж бий. Өвөг дээдсээс уламжилж ирсэн өндөр тахилгатай дэг жаягийг эвдэж, тоглоом тохуу хийх учиргүй л баймаар. Энэ бол мухар сүсэг огтоос ч биш. Монголчууд бид эцгийн гал голомтоос өвлөгдөн ирсэн бурхан шашинаараа тоглоом тохуу хийдэггүй л биз дээ. Эцгээсээ хойш аав минь ингэж сүсэглэдэг байж билээ хэмээн зул асааж, сан тавьдаг. Үүн лүгээ адил хэлмэгдүүлэлтийн үеийг ч хэлмэгдэлгүй давсан түүхэн ёс заншилдаа үнэнч хандахыг Ерөнхийлөгчөөс шаардаж байна. Дахин бас нэг “Давст уул”-аа оросуудад бэлэглэчихгүй л байлгүй. Ёс заншил, тусгаар тогтнол, монголчуудын эрх ашгийн эсрэг байсан хүмүүс түүхэнд хэрхэн тэмдэглэгдэн үлдсэнийг өнөөдөр харж л байгаа байлгүй.

Ер нь төрд ажиллаж байсан, ажиллаж байгаа хүмүүсийг түүх ямар ч өршөөлгүй хэн нь хэн бэ гэдгийг тод дэлгэн харуулдгийг мэдэж л байгаа байлгүй дээ.

Г.ХУЛАН