Categories
мэдээ үндэсний-бөx

Заал, танхимын барилдааны үеэр 50 орчим бөхөөс допингийн шинжилгээ авна

Монголын үндэсний бөхийн холбоо заал, танхимын барилдааны үеэр 50 орчим бөхөөс допингийн шинжилгээ авахаар болжээ. Энэ тухай мэдэгдэл гаргасан байна.

Бөхийн дэвжээдийн тэргүүн, удирдлагуудад

Допингийн шинжилгээний төлбөрийн тухай

МҮБХ нь үндэсний бөхийн уламжлал, дэг жаягийг зөв зохистойгоор хойч үедээ уламжлуулан үлдээх, цэвэр шударга өрсөлдөөнийг эрхэмлэх зорилт тавин ажиллаж байна.

МҮБХ-ны 2021 оны зургаадугаар сард шинэчлэн баталсан бөхийн барилдааны дүрмийн 7.3 дахь “… Допингийн шинжилгээг авах болон хөндлөнгийн хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улс, аймаг, сумын цолтой 50 орчим бөхөөс заал, танхимын барилдаан болон бэлтгэл сургуулилалтын үеэр явцын шинжилгээг авах бөгөөд дэвжээд тус бүр 2-оос доошгүй бөхийн шинжилгээний зардлыг (Нэг шинжилгээ -1.8 сая төгрөг) МҮБХ-ны допингийн эсрэг сангийн Төрийн банкны 240108298407 тоот дансанд 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны дотор шилжүүлнэ үү.

Төлбөр шилжүүлээгүй тохиолдолд тухайн дэвжээнд харьяалагддаг улс, аймгийн цолтой бөхийг “Монгол бөхийн өргөө”-нд зохиогддог барилдаанд оролцуулах боломжгүй болно хэмээн МҮБХ мэдээллэв.

Categories
мэдээ спорт эдийн-засаг

Төмрийн хүдрийн үнэ 8.1 хувиар өсөв

Төмрийн хүдрийн үнийн өсөлт үргэлжилж, аравдугаар сараас хойш өдрийн дүнгээр хамгийн их буюу 8.1 хувиар өслөө.

Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ үл хөдлөх хөрөнгийн салбарыг чиглэсэн хатуу арга хэмжээгээ сулруулахаар төлөвлөөд байгаа юм. Ийнхүү гангийн эрэлт цаашид өснө гэсэн хүлээлт үүссэн нь голчлон нөлөөлж байна.

Үүнээс гадна БНХАУ-ын төмрийн хүдрийн импорт 11 дүгээр сард сүүлийн нэг жилийн дээд түвшинд хүрлээ. Мөн БНХАУ гангийн гарцад хязгаарлалт тогтоосны дараа төмрийн хүдрийн үнэ тавдугаар сараас хойш 50 гаруй хувиар буурчээ.

Сингапурын биржид төмрийн хүдрийн фьючерс үнэ 0.3 хувиар өсөж, тонн нь 112.9 ам.доллар болоод байна.

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн наадам и-спорт, жүдо, бокс зэрэг 12 төрлөөр зохиогдоно

Зүүн Азийн олимпийн хороодын зөвлөлийн хурал өнөөдөр цахимаар боллоо. Хуралд Зүүн Азийн олимпийн хороодын дэд ерөнхийлөгч, БНХАУ-ын ҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ян Шуан болон тус хороонд бүртгэлтэй ҮОХ-дын төлөөлөл оролцов.

Монголын талаас МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, наадмын Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Улаанбаатар спорт менежмент ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир болон Зохион байгуулах хорооны оролцлоо.

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ЗБХ-ны нарийн бичгийн дарга И.Баатархүү нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлсний дараа “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажлын явцын тайлан мэдээллийг сонсож, улмаар наадам зохиогдох хугацаа болон спортын төрлүүдийг эцэслэн баталлаа.

Зүүн Азийн залуучуудын наадам спортын үндсэн 9-10 төрөлтэй байдаг. Үүн дээр зохион байгуулах орны зүгээс 2-3 спортыг санал болгох боломжтой. Манай улсын зүгээс и-спорт, чөлөөт бөх, боксын төрлийг санал болгосныг Зүүн Азийн олимпын хороодын зөвлөл дэмжин батлав.

Ингэснээр “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам хөнгөн атлетик, бадминтон, сагсан бөмбөг (3х3 болон 5х5), хөлбөмбөг, жүдо, усанд сэлэлт, ширээний теннис, таеквондо, волейбол, и-спорт, чөлөөт бөх, бокс гэсэн 12 төрлөөр зохиогдохоор болов.

Түүнчлэн наадмыг 2023 оны наймдугаар сарын 12-19-ны хооронд найман өдрийн турш зохион байгуулах санал оруулсныг мөн дэмжин баталлаа.

Дүрмийн дагуу наадам зохион байгуулах улсын ҮОХ-ны тэргүүн Зүүн Азийн олимпын хороодын дэд ерөнхийлөгч байдаг. Тиймээс өнөөдрийн хурлаар МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигийг Зүүн Азийн олимпын хороодын дэд ерөнхийлөгчөөр сонгов. Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарыг Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлийн гишүүнээр сонголоо.

Categories
мэдээ нийгэм

ҮСХ: Охид, эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зарцуулж буй дундаж хугацаа нь 4.7 цаг байна

Хүн амын амьдралын хэв маяг, өөрчлөлтийг тодорхойлох зорилготой цаг ашиглалтын судалгааг дөрвөн жил тутамд Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулдаг.

Энэхүү судалгаанд дурдсанаар, Монгол Улсын 12, түүнээс дээш насны хүн ам долоо хоногийн нэг өдрийн 9.2 цагийг унтахад, хоёр цагийг олон нийтийн мэдээлэл ашиглахад, харин спортоор хичээллэхэд ердөө зургаан минут зарцуулжээ.

Цалинтай болон цалингүй хөдөлмөр эрхлэлтийн хувьд хүйсийн ялгаатай байдал ажиглагдаж байгааг мөн онцлов.

Тухайлбал охид, эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зарцуулж буй дундаж хугацаа нь 4.7 цаг байсан бол эрэгтэйчүүдийнх хоёр цаг байна.

Үүнээс гадна 15, түүнээс дээш насны хүн амын цаг ашиглалтын байдлыг хөдөлмөр эрхлэлтийн байдлаар авч үзвэл, хөлстэй хөдөлмөр эрхлэхэд өдөрт дунджаар зургаан цагийг зарцуулжээ. Тус үзүүлэлтийг хүйсээр нь харвал эрэгтэйчүүдийн хувьд 5.9 цаг, харин эмэгтэйчүүд 6.2 цаг байна.





Categories
мэдээ улс-төр

Монгол, Хятадын хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспортыг нэмэгдүүлэх талаар санал солилцов

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Ажлын хэсгийн хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.

Хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг, хятадын талаас БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал Сүнь Шучян ахлан оролцлоо.

Ажлын хэсгийн хуралдаанаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны энэ оны явцыг дүгнэж, 2020 онд зохион байгуулсан ЗГХК-ын XVI хуралдааны Протоколын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны зарим тулгамдсан асуудлаар санал солилцов.

Тухайлбал, хоёр улсын хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн явуулах, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг сэргээх, БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг түргэтгэх, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн агуулгыг эцэслэн тохиролцох зэрэг асуудлаар санал солилцож, цаашид хоёр талын хооронд ажлын түвшний мэдээлэл солилцоог сайжруулахаар тохиролцлоо.

Эх сурвалж: ГХЯ

Categories
мэдээ эдийн-засаг

Арматурын үнэ буурчээ

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлснээр, 2021 онд импортоос хамааралтай барилгын материалын үнэ өмнөх оноос 2.5 дахин өсчээ.

Барилгын гол нэр төрлийн материал, төмөр бүтээц эдлэл болох арматурын үнэ өнгөрсөн долдугаар сараас есдүгээр сард тонн нь 3.2 сая төгрөг хүрч нэмэгдээд байв. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар арматурын дундаж үнэ нэг тонн нь 2.9 сая төгрөг болж буурчээ.

Цементийн дундаж үнэ 185-250 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж буй бол бетон зуурмагийн дундаж үнэ нэг метр куб нь 154 мянган төгрөгөөс 204 мянган төгрөгийн хооронд байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ирэх жил Чойжин ламын сүм музейг бүрэн сэргээнэ

“Дурсгалт барилгын сэргээн засварлалтын өнөөгийн байдал ба ирээдүй сэдэвт” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Соёлын яам, Барилга, Хот байгуулалтын яамны холбогдох мэргэжилтнүүд, сүм хийдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцсон хэлэлцүүлгийн хүрээнд дурсгалт барилгын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал, сэргээн засварлалтын олон улсын туршлага, сэргээн засварлах үйл ажиллагаа, эрх зүйн орчин зэргийг хэлэлцсэн юм.

No description available.

Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын дарга, доктор М.Оюунтулга “Монголд дурсгалт уран барилгын сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалт хийх боловсон хүчин дутмаг Учир нь соёлын биет өвийг сэргээхэд олон төрлийн судалгаа шинжилгээ хийх шаардлага тулгардаг. Гэвч судалгаа, сэргээлт хийх лаборатори, тоног төхөөрөмж зэрэг олон нөхцөл байдал дутмаг байгаа тул биет өвийг сэргээн засварлахад асуудал их гарч байна. Иймд олон улсын мэргэжлийн судлаачтай хамтарч хадгалалт, хамгаалалтын арга зүйг Монголд нутагшуулах, олон улсын стандартыг бий болгох зорилготой байна” гэлээ.

Чойжин ламын музейн захирал Д.Отгонсүрэн “Музей нь түүх соёлын өвийг хадгалан хамгаалах, судлан, сурталчлах үндсэн үүрэгтэй. Чойжин ламын сүм музейн хувьд 1960-аад оноос одоо хүртэл бүрэн сэргээн засварлалт хийгдээгүй ирсэн. Харин ирэх жилд музейг бүтнээр нь сэргээн засварлах төсөв батлагдаж дахин сэргээх боломж олдож байгаад баяртай байна” гэлээ.

Categories
мэдээ спорт

ОУХМ С.Жамбалжамц “Tour of Thailand” уралдаанд түрүүлэв

ОУХМ Сайнбаярын Жамбалжамц “Tour of Thailand” уралдааны аварга болж Монголын дугуйн спортын түүхэнд шинэ хуудас нээсэн амжилтын эзэн боллоо.

Тэрбээр Малайзын мэргэжлийн “Terengganu” багийн тамирчин бөгөөд Спортын төв сургуулиас төрөн гарсан, “Алдар” спорт хороонд бүртгэлтэй, 2021 Азийн чансааны 2 дугаар байрт шалгарсан, холбооны 2021 чансааг тэргүүлэгч дугуйчин билээ.

Тайландын олон улсын олон өдрийн уралдаан нь Олон улсын дугуйн холбоо /ОУДХ/-ны 2.1 ангилал буюу хагас мэргэжлийн багууд оролцдог гэдгээрээ онцлог юм. Монголын дугуйчид ийм ангиллын тэмцээний үе шат /этап/-уудад түрүүлж байсан боловч нийлбэр дүнгээр анх удаа ийнхүү аварга болж байна.

Монголын дугуй холбоо 2022 онд анхны мэргэжлийн багийг байгуулснаар ОУДХ-ны 2.1 ангиллын бүхий л тэмцээнүүдэд орох эрхтэй болж олимпын наадамд оролцох эрхийн оноог цуглуулах боломжтой болж байгаа юм.

Categories
мэдээ спорт

МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурал энэ сарын 20-нд болно

Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн ээлжит бус хурал энэ сарын 20-нд зохион байгуулагдана.

Тус хорооны гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд хуралдаж, тухайн сарын 30-нд товлоод байсан хурлаа дахин хойшлуулж, дээрх өдрийг сонгосон юм.

Уг хурлаар ирэх олимпийн мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүн (ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд)-ийг сонгох юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Японы тэрбумтан Оросын “Союз” хөлгөөр сансарт нислээ

Японы тэрбумтан Юсакү Маэзава “Союз МС-20” хөлгөөр сансарт нислээ. Уг хөлгийг “Союз-2.1а” пуужингаар тойрог замд оруулсан байна. Пуужинг Москвагийн цагаар 10 цаг 38 минутад “Байконур” сансрын буудлаас хөөргөжээ.

“Союз” хөлөг Олон улсын сансрын станцтай /ОУСС/ Москвагийн цагаар 16 цаг 41 минутад залгагдах төлөвтэй байна. Юсакү Маэзава өөрийн туслах Ёзо Хирано, гурван хүний суудалтай “Союз” хөлгийг удирдах Оросын сансрын нисэгч Александр Мисуркин нарын хамт нисжээ. Өдгөө 44 настай Александр Мисуркин өмнө нь хоёр удаа тойрог замд ажиллаж байсан байна.

Маезава туслахын хамт ОУСС-д 12 хоногийг өнгөрүүлэхдээ баримтат кино бүтээж, “YouTube” сувгаар нийтэд үзүүлэхээр төлөвлөсөн байна. Маэзава, Хирано нар 12 жилийн дараа “Союз” хөлгөөр ОУСС руу ниссэн анхны сансрын жуулчид болжээ.

Өдгөө 46 настай Маэзава нь Японы бэлэн хувцасны хамгийн том онлайн дэлгүүрийг үүсгэн байгуулагч юм.