Categories
мэдээ улс-төр

АН: Маргааш хүний эрхийн төлөө нээлттэй цуглаан зохион байгуулна

Ардчилсан намын “Үндэсний анхдугаар чуулган”-ийг энэ сарын 4-6-ны хооронд зохион байгуулсан бөгөөд тайван жагсаал, чуулган болон цаг үеийн асуудлаар Ардчилсан намын дарга М.Тулгат, Нарийн бичгийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ч.Отгочулуу нар мэдээлэл өглөө.

Ардчилсан намаас Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан маргааш буюу 12 дугаар сарын 10-ний өдөр тайван жагсаал зохион байгуулах гэлээ.

Ардчилсан намын дарга М.Тулгат “Ардчилсан намын “Үндэсний анхдугаар чуулган”-ийг энэ сарын 4-6-ны хооронд зохион байгуулсан. Үндэсний чуулганд нийт 1300 гаруй төлөөлөгч оролцсон. Чуулганаар намын шинэчлэл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн. Маргааш бид хүний эрхийн төлөөх нээлттэй цуглааныг хийнэ. Хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж буй хүмүүс, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

МАН Их хурлаа мөн хийлээ. Хурлаар хүний эрхийн асуудлыг хөндөж байна лээ. Гэтэл МАН ковидын онцгой байдлын үеийн хуулиар далимдуулан хүний эрхийг маш ихээр зөрчсөн. Гэсэн хэдий ч алдаа дутагдлаа ойлгож хүний эрхийг хамгаалахад онцгойлон анхаарах болсон нь сайшаалтай. Хүний эрхийн чиглэлд Ардчилсан нам эрх баригч болон бусад намтай хамтран ажиллахад бэлэн байна” гэв.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Эрх баригч нам хүний эрх хамгаална гэж лоозон барихын оронд хүний эрхтэй холбоотой хуулийн төслүүдэд хяналт тавих хэрэгтэй. Энэ асуудлаар Ардчилсан намаас таван хуулийн төсөл бэлэн болгосон. Хуулийн төслүүдийг үе шаттайгаар бүлэг дээр хэлэлцээд явна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн дуудлага 16 хувиар буурчээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас санаачлан ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” мэдээлэл, сурталчилгааны нөлөөллийн аяныг 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Ахуйн гал түймрийн хор уршгийг таниулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга замыг сурталчилах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлд уриалан иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд аяны зорилго чиглэгдэж, энэ хугацаанд цуврал видео, зурагт постер зэрэг нийт 80 контент бүтээж олон нийтэд хүргэж ажилласан нь давхардсан тоогоор 1,9 сая мянган иргэнд хүрсэн байна.

“Мартаж болохгүй” сарын нөлөөллийн аян нь ахуйн гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг ойлголтыг олон нийтэд хүргэсэн, буруу дадлага хандлагад эерэг нөлөөлсөн, шинэлэг, үр дүнтэй ажил боллоо хэмээн тус газрын даргын зөвлөлөөс дүгнээд цаашид улирлын давтамжтай гамшгийн төрлөөр аянг үргэлжлүүлэн зохион байгуулахыг чиглэл болголоо.

2020 оны мөн үетэй харьцуулахад нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 16,9 хувиар, иргэдийн өмч хөрөнгөд учирсан хохирол 18,4 хувиар, нас барсан иргэд 5,8 хувиар тус тус буурсан дүнтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ӨЭМТ-ийн тоног төхөөрөмжийг сайжруулснаар хорт хавдрыг эхэн үед нь илрүүлж байна

Энэ жил Орхон аймгийн ӨЭМТ-үүдэд улсын төсвийн 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4D эхо аппарат, шээс, цусны шинжилгээний аппарат зэрэг 4-5 төрлийн тоног төхөөрөмж олгосон. Тэгвэл Энхжихмандариваа өрхийн эрүүл мэндийн төвд л гэхэд хэвлийн эхо аппаратаар үйлчлүүлсэн иргэдээс өнгөрсөн 7 хоногт хөхний хорт хавдрын эхэн үе, элэгний хорт хавдрын сүүлийн шатандаа орсон 2 иргэний оношийг илрүүлсэн байна. Хөхний хорт хавдар туссан иргэн нь 38 настай бөгөөд биед нь ямар ч зовуурь илрээгүй байсан гэлээ. Уг эмэгтэй урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдах зорилгоор өрхийн эрүүл мэндийн эмнэлэгтээ хандсан нь энэ байжээ. Эдгээр өвчтөнийг 2, 3 дугаар шатлалын эмнэлэгт нарийн шинжилгээ хийлгэх зөвлөгөө өгч шилжүүлсэн байна.

Цаашид өрхийн эрүүл мэндийн төвүүдийг нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр нэмж хангах, боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байгааг эмч нар хэлж байна. Ялангуяа эх барих, эмэгтэйчүүд, дурангийн эмч нар өрхийн эмнэлгүүдэд дутагдалтай байдаг ажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 338 хүнээс халдвар илэрч, 3 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 338 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 213 нь Улаанбаатар хотод, 124 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 1 батлагдсан байна.

Мөн коронавируст халдварын улмаас 3 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.

Гэрийн хяналтад 7301 хүн байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

​Арван их наяд хөтөлбөрийн хүрээнд 12399 өрхөд ипотекийн зээл олгожээ

Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр их наяд гаруй төгрөгийг найм болон зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ оны арванхоёрдугаар сарын байдлаар банкууд 939 тэрбум төгрөгөөр 12399 өрхөд найм болон зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг шинээр олгосон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад санхүүжилт болон хамрагдсан өрхийн тоо даруй хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Задалбал, зээлд хамрагдсан өрхийн 76 хувь нь Улаанбаатарт, 24 хувь нь хөдөө орон нутагт авсан байна. Нийт зээлийн эх үүсвэрийн 583.2 тэрбум төгрөг нь Монголбанкных, 355.8 арилжааны банкуудад олгосон эх үүсвэрээр санхүүжүүлсэн аж.

Ирэх оны хувьд төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтэд төсөв хуваарилаагүй, 10 их наядын хөтөлбөрийн үлдэгдэл санхүүжилт болон зээлийн эргэн төлөлтөөр дахин санхүүжүүлэх байдлаар үргэлжлүүлэх төлөвтэй байна.

Харин 2022 оноос ипотекийн зээлд шинээр хамрагдах хүсэлтэй ч урьдчилгаа 30 хувийн төлбөрөө нэг дор төлөхөд хүндрэлтэй байгаа өрхүүдийн 10 хувийн урьдчилгааг Зээлийн батлан заалтын сангаас гаргаж, иргэд үлдсэн 20 хувиа төлж зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжийг нээхээр ажиллаж байгаа юм байна. Ингэснээр урьдчилгаа төлбөрийн асуудлаас болж зээлд хамрагдаж чадахгүй байгаа өрхүүдэд бодит дэмжлэг болно гэж Зээлийн батлан даалтын сангаас мэдээлсэн. Иргэдийн урьдчилгаа 30 хувийн арван хувийг батлан даасан эх үүсвэрийг сар бүрийн зээлийн эргэн төлөлтөд шингээх байдлаар зохицуулах юм байна.

Categories
гадаад мэдээ

Жо.Байден, В.Путин нар цахим уулзалтаар юу ярив

АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын цахим уулзалт АНУ-ын зүүн эргийн цагаар 10:07, Москвагийн цагаар 18:07 цагт эхлэв. Цахим уулзалтын эхэнд Байден Украины хилийн ойролцоо ОХУ цэргийн хүчээ төвлөрүүлсэнд санаа зовниж буйгаа илэрхийлэн, хариу эдийн засгийн болон бусад хүчтэй арга хэмжээнүүд авна хэмээн сүрдүүлсэн байна. Энэ нь АНУ Оросын эрчим хүчний том төсөл болох Хойд урсгал-2 байгалийн хийн хоолойг зогсоож, дэлхийн банкуудын хооронд мөнгөн гуйвуулга хийгддэг SWIFT системээс ОХУ-ыг хасах зэрэг эдийн засагт хүчтэй нөлөөлөх арга хэмжээнүүд авна гэж сүрдүүлсэн гэсэн үг аж. Үүний хариуд Владимир Путин “ОХУ Украинд довтлохгүй” гээд Украинаас удаа дараа зэвсэгт болон бусад аргаар өдөөн хатгалга хийж, Минскийн гэрээний хэрэгжилтийг “Шилжилтийн үеийн төрийн бодлогын тухай” хуулийн төслөөр санаатай тасалдуулж байгааг буруутган, Умард Атлантын цэргийн эвсэл (NATO) зүүн зүгт хүрээгээ тэлж, ОХУ-ын хилд тулган цохилтын зэвсэг байрлуулахгүй байх найдвартай, хуулиар баталгаажсан баталгааг Жо Байденаас шаардсан байна.

Оросын “Тасс” агентлаг төрийн тэргүүнүүдийн цахим уулзалт нь хакерын дайралтаас сэргийлэн өмнөх захиргааны үед өндөр хамгаалалттайгаар бүтээгдсэн ч ашиглаж чадаагүй байсан тусгай сүлжээг анх удаа ашиглан төрийн тэргүүнүүд цахим уулзалт хийж буйг цохон тэмдэглэсэн байна. Мөн Кремлийн хэвлэлийн алба хоёр удирдагч Вашингтон, Москва хоорондын харилцаа хангалтгүй, ялангуяа дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг хязгаарласан нь хүндрэл учруулж байгааг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Америкийн эрх баригчдын бодлогын үр дагавар гэдгийг В.Путин дурдаад, хуримтлагдсан хязгаарлалтыг хүчингүй болгохыг санал болгосон гэж мэдээлжээ.

Цахим уулзалтын нээлтийн үеийн бичлэг Жо.Байден, В.Путин нарын найрсаг мэндчилгээгээр эхэлсэн ч улмаар хаалттай горимд шилжиж, хоёр цаг гаруй үргэлжилсэн юм. Путин Оросын өмнөд хэсгийн Сочи хот дахь сууцнаасаа цахим уулзалтад оролцжээ. Энэхүү цахим уулзалтын дараа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан сэтгүүлчдэд ерөнхийлөгч Жо Байден “Бид өмнө нь 2014 онд хийх ёстой байсан ч хийж чадаагүй зүйлээ одоо хийхээр бэлтгэсэн” гэж В.Путинд шууд хэлсэн болохыг онцолжээ. Энэ нь 2014 онд Крымын хойг Украинаас салж ОХУ-д нэгдсэн үйл явдлын дараа ОХУ-ын эсрэг авах гэж байсан арга хэмжээг хэлж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, олон улсын банк хоорондын мөнгөн гуйвуулга болох SWIFT системээс ОХУ-ыг хасвал хойд хөршийн хөрөнгө чинээтэй хувь хүн, байгууллагын бүх гадаад данс, хөрөнгө шууд царцан, нефть, хий болон бусад экспортын орлого тодорхойгүй хугацаагаар зогсож эдийн засгийн сүйрэл болно гэсэн үг. Өнөөдөр ОХУ-ын 175 мянган цэрэг,офицер болон армийн техник хэрэгслээ Украины хилийн дагуу байршуулан хэзээ мөдгүй дайралт хийхэд бэлэн болсныг АНУ-ын тагнуулын албаныхан мэдээлсэн. “Уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүд асуудалд өгөө аваатай байсан ч Жо.Байден ерөнхийлөгч АНУ-ын байр суурийг бүх асуудалд тодорхой илэрхийлсэн” гэж Жейк Сулливан онцолжээ. Тухайлбал, АНУ Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах амлалтдаа бат зогсохоо илэрхийлсэн аж. ОХУ-аас Украин руу дайрсан нөхцөлд АНУ-ын улстөрчид болон Европын холбоотнууд нь Москвагийн эсрэг эдийн засгийн хүчтэй арга хэмжээ авахыг Жо.Байденд анхааруулаад байгаа юм байна. Түүнчлэн Украины батлан хамгаалах чадамжийг нэмэгдүүлэхийн тулд АНУ-аас нэмэлт зэвсэг, техник хэрэгсэл нийлүүлэхээс гадна NATO-гийн зүүн хэсгийн холбоотнууд байлдааны бэлэн байдалд байгааг ч Жейк Сулливан мэдэгдэв.Тэрбээр “АНУ болон Европын холбоотнуудын зүгээс үүссэн зөрчлийг намжаахын тулд өргөн хүрээнд ОХУ болон Москвагийн стратегичдийн санааг зовоож буй асуудлуудыг хэлэлцэнэ. Бид хүйтэн дайны эгзэгтэй үед ч амжилттай хэлэлцээ хийж ирсэн туршлагатай” гэж нэмж хэлсэн аж. Уулзалтын үеэр хоёр тал ОХУ-АНУ-ын стратегийн аюулгүй байдлын хэлэлцээг хөндөн, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг бүс нутгийн асуудлуудыг ч авч хэлэлцжээ. Жо.Байден, В.Путин нар өнгөрсөн зургадугаар сард Женевт болсон чуулга уулзалтын үеэр биечлэн уулзсан бол өнгөрсөн долдугаар сард утсаар яриад байсан юм.

Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалтын дараа Ерөнхийлөгч Жо.Байден үдээс хойш Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер Ангела Меркель, Италийн Ерөнхий сайд Марио Драгхи болон Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон нартай уулзжээ. Энэ уулзалт нь Германы канцлер Ангела Меркельтэй хийсэн холбоотнуудын сүүлчийн уулзалт юм. Учир нь энэ уулзалтаас хойш Ангела Меркелийн оронд Олаф Шольц Германы канцлерийн албыг залгамжлах юм. Мөн Ерөнхийлөгч Жо.Байден Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихаар төлөвлөсөн байна.

Энэхүү уулзалтын дараа ОХУ-ын хэвлэл, мэдээлэл хоёр улсын төрийн тэргүүн яриа хэлэлцээг цаашид үргэлжлүүлж, өөрсдийн төлөөлөгч нартаа “хөндөгдсөн эмзэг асуудлын талаар бодитой зөвлөлдөх уулзалт” эхлүүлэхийг даалгахаар тохиролцсон гэж байгаа бол ОХУ Украинд халдахаас сэрэмжилж АНУ “хүчтэй арга хэмжээ” авахаар бэлтгэж байна гэж Цагаан ордон мэдэгдлээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 9000 иргэнийг дархлаажуулна

Улаанбаатар хотод өнөөдөр 172 суурин, 17 явуулын, 13 түр цэгт 204 багийн 914 эмч, ажилтан ажиллаж, 9000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг, их, дээд сургуулиудад 17 явуулын баг ажиллана.

Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын ЗГКХ-ын ажлын баг хуралдав

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Ажлын багийн хуралдааныг өчигдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.

Хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг, хятадын талаас БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал Сүнь Шучян ахлан оролцлоо.

Ажлын багийн хуралдаанаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны энэ оны явцыг дүгнэж, 2020 онд зохион байгуулсан ЗГХК-ын XVI хуралдааны Протоколын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны зарим тулгамдсан асуудлаар санал солилцов. Тухайлбал, хоёр улсын хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг сэргээх, БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг түргэтгэх, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн агуулгыг эцэслэн тохиролцох зэрэг асуудлаар санал солилцож, цаашид хоёр талын хооронд ажлын түвшний мэдээлэл солилцоог сайжруулахаар тохиролцов.

Categories
мэдээ нийгэм

“Бүрдэл майнинг” ХХК-ийн уурхайн хамгаалагчид иргэд рүү хийн буугаар бууджээ

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Баян” Базараагийн мэдлийн компани болох “Бүрдэл майнинг” ХХК-ийн уурхайд өчигдөр /2021.12.06/ хамгаалагчид нутгийн иргэдийн дунд зөрчилдөөн маргаан үүсч иргэд рүү хийн буугаар бууджээ.

Тодруулбал, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15-16 цагийн үед усан бууны хаягдалыг олборлохоор уурхайн бүсэд орсон Заамар сумын нутгийн иргэд буюу гар аргаар алт олборлогчид руу хамгаалалтын албаны, ээлжийн ахлах Мөөжиг гэгч нь хэд хэдэн хүн рүү санаатайгаар чиглүүлэн буудаж ноцтой гэмтэл учруулжээ.

Хэргийг төв аймгийн Заамар сум, Монгол сов гэх газарт байрладаг цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд хохирогчдын гэмтлын зэргийг тогтоохоор шүүх эмнэлэгт ханджээ. Улмаар хамгаалалтын албаны ажилтныг галт зэвсэг, хийн буу ашиглах зөвшөөрөлтэй эсэхийг тодруулж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Чуулган: Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдрийн /2021.12.09/ чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.


1. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

2. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

3. Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

4. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/