Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүний хувийн мэдээллийг цахим сүлжээгээр задалсан бол 5 жил хүртэлх хорих ял онооно

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав.

No description available.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүдээс гаргасан санал болон хуралдаан даргалагчаас төслийн зарим зохицуулалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгснийг баримтлан УИХ-ын гишүүнийг хуралдааны ирцэд бүртгэх, санал хураалт явуулахад биометрик мэдээллийг ашиглах, түүнчлэн хүний хувийн мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулах зорилгоор хувь хүний нууцыг задруулсан, харилцаа холбоо, цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ял оногдуулдаг байх саналыг тус тус боловсруулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрхийг зөрчсөн эрх бүхий албан тушаалтнуудад шийтгэл оногдуулжээ

Увс аймгийн прокурорын газраас энэ онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих болон хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдэж хүүхдийн эрхийг зөрчсөн талаарх 18 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн шалгуулжээ.

Үүнээс гурван хэрэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулж, 15 хэргийг шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авахуулах саналтай шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн 70 орчим хувь нь хүүхдийн дэргэд үйлдэгдсэн байна. Тодруулбал, иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох үед дэргэд нь хүүхдүүд байсан болох нь шалгалтаар тогтоогджээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7-д “…хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг бөгөөд дээрх зөрчил үйлдэгч нарт уг хуулийн заалтаар давхар шийтгэл оногдуулсан байна.

Тус аймгийн Улаангом суманд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил бусад сумтай харьцуулахад их гарсан байна. Иймд Увс аймгийн прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргад албан бичиг хүргүүлж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч ажиллажээ хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг эцэслэн хэлэлцэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороод 11 дүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийн боловсруулах явцын талаар асуулт асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

No description available.

Эцэст нь Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

No description available.

УИХ-ын гишүүн Н.Учрал, Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зохицуулалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу хуулийн этгээд дотоод үйл ажиллагаандаа нийтийн түлхүүрийн дэд бүтэц ашиглах зохицуулалтыг хуулийн төслийн 5 дугаар зүйлд шилжүүлэх санал гаргасныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

No description available.

Түүнчлэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн нэр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төсөл болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг нийцүүлэх, хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг өөрчлөх, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлээр дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн хэмээн танилцуулсан юм.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороодын хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар хамтарсан байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

ШЕЗ-ийн даргыг өнөөдөр сонгоно

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдааныг өнөөдөр /2021.12.09/ 10.00 цагт хуралдуулахаар товложээ.

Тус хуралдаанаар:

  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдааны дэгийг хэлэлцэн батлах
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг сонгох
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэг болон Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.
Categories
гадаад мэдээ

Вакцин хольж тарих нь илүү үр дүнтэй

“AstraZeneca”, “Pfizer” компанийн “Ковид-19”-ийн вакциныг бусад вакцинтай хольж тарих нь тухайн вакцины хоёр тунг тариулснаас илүү үр дүнтэй байгааг Их Британийн судлаачид тогтоожээ. Анагаах ухааны “Lancet” сэтгүүлд даваа гаригт нийтэлсэн Оксфордын их сургуулийн судалгаанд 50-иас дээш насны 1000 гаруй сайн дурын оролцогчид “AstraZeneca”, “Pfizer”-ын вакцины эхний тунг хийлгэснээс есөн долоо хоногийн дараа “Moderna”, “Novavax”-ын вакциныг хоёр дахь тун болгон тарьжээ. Ингэхэд “AstraZeneca”-гийн вакцины араас “Moderna”, “Novavax”-ын вакцин тариулах нь “AstraZeneca”-гийн вакциныг хоёр дахь тунг тариулсан хүмүүсийнхтэй харьцуулахад өссөн бол “Pfizer”-ын вакцины дараа “Moderna”-гийнхыг тариулсан хүмүүст л ийм үр дүн ажиглагджээ. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын зөвшөөрөл хараахан аваагүй байгаа “Novavax”-ын вакциныг хольж тарихад эсрэг биетийн түвшин ижил хоёр тунг тариулснаас дөрөв дахин нэмэгджээ. Эдгээр вакцины хувьд “Moderna”, “Pfizer”-ынхтай харьцуулахад хадгалах нөхцөл нь хялбар юм. Энэхүү судалгаа зарим орны Засгийн газруудын хэдийнэ хэрэгжүүлж эхлээд буй вакцинуудыг хольж тарих шийдвэр нь аюулгүй, үр дүнтэй болохыг улам бататгаж байна. Мөн өөр вакцинуудыг хольж тарих нь омикрон хувилбар тархаж эхлээд буй энэ үед бага, дунд орлоготой орнуудад вакцины нөөцөө үр өгөөжтэй ашиглах, цаашлаад вакцины хомсдолыг зохицуулахад тус нэмэр болох төлөвтэй байна.

“Pfizer” компани коронавирусийн омикрон хувилбарын эсрэг шинэ вакцин шаардлагатай тохиолдолд гуравдугаар сар гэхэд гарган авах боломжтой гэж тус компанийн тэргүүн Альберт Бурла мэдэгджээ. Мөн вирусийн эсрэг эм нь шинэ хувилбарын эсрэг үйлчилнэ гэдэгт итгэлтэй байна хэмээсэн байна. Тэрээр одоогоор шинэ вакцин шаардлагатай эсэх нь тодорхойгүй байгааг онцлоод, энэ бүхэн ойрын долоо хоногуудад тодорхой болно гэв.

А.Бурла “Pfizer”-ын дотуур ууж хэрэглэдэг вирусийн эсрэг эм болох “Паксловид”-ын талаарх асуултад “Бид энэхүү эмээ саяхан илрээд буй шинэ хувилбар, мөн өмнө нь илэрсэн бүх хувилбарын эсрэг үйлчилнэ гэдэгт маш итгэлтэй байна. Коронавирусийн мутаци өөрийн сөртөнгийн уураг дээр явагдаж байгаа бол манай эм вирусийн бүх уурагт нэгэн адил нөлөөлдөг” гэж хэмээн тайлбарласан байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ

Ховд аймгийн Дөргөн сумын Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн “Далай нуур” гэдэг газарт Иргэн Э / 38 настай, эрэгтэй/ 2021.12.06-ны өдрийн 23:00 цагт Дөргөн сумаас “Агууш-Арал” гэдэг газар руу /мотоциклтой/ яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2021.11.08-ны өдрийн 10:15 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, тус сумын иргэд 100 км зам туулан 13:30 цагт очиж тус сумын “Уур барагдаг” гэдэг газар Далай нуурын эргээс 2 км, 5 метр гүнд живсэн байсан цогцосыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас автозамын тээвэрлэлт эхэлнэ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Эрээнээс ирэх ачаа тээвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 20 хоногийн дотор бэлтгэл хангах тохирсон. Бид бэлтгэл хангагдсан эсэхийг өчигдөр туршилт хийж эцсийн байдлаар шалггалаа. Өнөөдөр бичиг цаасны ажлаа дуусгаад, маргаашнаас автозамын тээвэрлэлт эхэлнэ.

Маргаашнаас эхлэн вирус илрэхээс өмнөх Монголоос Эрээний талд гарсан байсан 150 орчим ачаатай машиныг гаргана. Өөрөөр хэлбэл чингэлэгт шилжүүлэхгүйгээр автомашинтай ачааг гаргана. Үүний дараа чингэлэг тээвэрлэлт хийгдээд явна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэний нийг­­мийн байгууллагууд шилэн дансны хөдөлгөөнд нэгдэв

Авлигын эсрэг олон улсын өдөртэй холбогдуулан Иргэний нийг­­мийн байгууллагууд шилэн дансны хөдөлгөөнд нэгдэж байгаа талаар “Шилэн дансны хөдөлгөөн” эвс­­лээс мэдээлж байна.

Төрийн бус байгууллагуудын төлөөлөл “Эрүүл мэнд, боловсролын байгууллагууд нэгдсэн шилэн дансны хөдөлгөөнийг эхлүүллээ. Тус хөдөлгөөнөөс улсын төсөв батлахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ба төсвийн хяналтын сонсголыг жил бүр зохион байгуулах хуулийн шаардлагыг хангуулна.

Төсвийн ил тод байдлын индексийг жил бүр гаргаж, баг, сум, дүүргийн ИТХ-ын дэргэд иргэдийн хяналтын бүлгийн төлөөлөл байршуулна” гэв.

Хөвсгөл далайн эзэд ТББ-ын тэргүүн Б.Баярмаа “Монгол орон энэ төсөвтөө 1.3 их наядыг гаднаас зээлнэ гэсэн. Бид ирээдүйн өв сангийн мөнгөө хоослоод ирээдүйдээ өр үлдээсээр байна. Иймээс иргэний нийгмийн байгууллагууд төсөвтөө эзэн болж, хяналт тавьж байж амьдралаа дээш татна. Төсөв бол УИХ-ын гишүүдийн амлалтыг хэрэгжүүлдэг хөрөнгө биш” хэмээв.

Иргэд орон нутгийн, хороо, багийнхаа төсвийг өөрсдөө хянадаг болох хэрэгтэй гэж төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрнэ

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо нутгийн хойд хэсгээр цас орж, 10-наас ихэнх нутгаар хүйтэрч, говь, тал хээрийн нутгаар салхитай байна.

2021 оны 12 сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 10-нд нутгийн зарим газраар, 11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энхийг сахиулагч эмэгтэйчүүд ирэх онд Монголд чуулна

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй олон улсын эмэгтэй алба хаагчдын олон улсын хурлыг Улаанбаатар хотноо ирэх онд зохион байгуулна. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч цэрэг хандивлагч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын хуралдаанд цахимаар оролцож үг хэлэхдээ мэдэгдлээ.

БНСУ НҮБ-тай хамтран зохион байгуулсан дээрх хуралдааны 2 дахь өдөр буюу өчигдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үг хэлэхдээ, “Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэнээс хойш 60 жилийн хугацаанд НҮБ-ын зорилго, үйл ажиллагааг хүндэтгэн дэмжиж, сайн санааны туслалцаа үзүүлэх, зуучлах, эвлэрүүлэх талаар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж ирлээ. Монгол Улс цэргийн алба хаагчдынхаа бэлтгэл, ур чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд шаардлагатай байгаа Түргэн байрлах хүчний рот, Инженерийн рот, явуулын мэс заслын хүчин чадавхитай Цэргийн хээрийн II шатны эмнэлгийг тус тус шинээр оролцуулахаар төлөвлөж, бэлтгэлээ хангаж байна.

Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээрх НҮБ-ын уриалгыг дэмжиж энхийг сахиулах ажиллагаанд шинээр оруулах цэргийн багуудыг тодорхой хэмжээний сэргээгдэх эрчим хүчний хүчин чадавхтайгаар үүрэг гүйцэтгэхэд онцгой анхаарал хандуулж байгаа”-гаа дуулгав.

Үүний зэрэгцээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” 1325 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, 15 хувьд хүргэхээр зорин ажиллаж байгааг дурдсан юм. Энэ ажлын хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцоо, тэдний туршлага сургамжийн талаар олон улсын хурлыг Улаанбаатар хотноо 2022 онд зохион байгуулж ажиллахаа онцоллоо. Цаашид Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, НҮБ-ын дүрэм, Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр батлагдсан мандаттай НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоогоо өргөжүүлэхийн тулд идэвхтэй ажиллана гэдгээ илэрхийлэв.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч цэрэг хандивлагч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын хуралдааныг 2014 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, Батлан хамгаалахын болон гадаад харилцааны сайд, олон улсын байгууллагын тэргүүнүүд, эрдэмтэн судлаачид оролцдог байна.

Энэ удаагийн хуралдааныг Ази тивд анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгч оролцож, энхийг сахиулах ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй сорилтууд, цаашдын бодлого тодорхойлох талаар хэлэлцэж байна. Хуралдаанд БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррис нар цахим мэндчилгээ дэвшүүлж, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд, Гадаад хэргийн сайд нар нээж үг хэлсэн талаар БХЯ-наас мэдээллээ