Categories
гадаад мэдээ

Чилид ойн түймэр дэгдэж, 12 мянга гаруй га талбай шатжээ

Чили улсад их хэмжээний ойн түймэр дэгдэж, 12 мянга гаруй га талбай шатжээ.

Энэ талаар тус улсын Дотоод Хэргийн Яамны харъяа Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлжээ.

Тус улсын өмнөд болон төв хэсэгт гал түймэрт өртөөд байгаа аж. Гал түймрийн ихэнхийг нь унтраасан гэсэн мэдээлэл байна. Хамгийн том түймэр Чилийн төв хэсэгт орших засаг захиргааны бүс болох хоёр муж, 32 дүүргийг багтаасан, 31842.3 км² нутаг дэвсгэртэй Арауканияд гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх сараас 5 хувиар буурчээ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс хоёр их наяд төгрөгөөр өсчээ.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл нэг их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 771 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 138.4 тэрбум төгрөгөөр, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 30.9 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

Лам нар дүүргийн эмнэлгүүдэд 21.5 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж хандивлалаа

Монгол лам нарын чуулган фэйсбүүк группээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Асралын аян-3” хүмүүнлэгийн аяныг өнөөдөр зохион байгууллаа.

Тус аянд нийслэл хот, орон нутаг, гадаад улс оронд шавилан суугаа олон лам хуврагууд хандив өргөж оролцдог бөгөөд үндэсний тусгаар тогтнолын баяраар уламжлал болгон зохиодог байна.

“Асралын аян-1” аяны хүрээнд коронавирус Монголд тархаж эхлэх үед лам нарын чуулган группээс түүчээлж, 20’000’000 сая төгрөгийн хандиваар тухайн үед хомс байсан бээлий маск зэргийг УОК-т хандивлаж байв.

No description available.

Харин “Асралын аян-2” аяны хүрээнд өнгөрсөн жил буюу 2020 онд Улаанбаатар хотын дүүргүүдэд хоол хүнсний дутагдалд орсон 300-гаад айл өрхүүдээр хүнсний зүйлс тарааж, УОК-т бэлэн мөнгө, маск бээлий зэрэг эд зүйлсийг хандивлав.

Энэ удаагийн “Асралын аян-3” аяны хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагтай 21.5 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг Улаанбаатар хотын дүүргүүдийн 11 эмнэлэгт хандивлажээ. Тодруулбал, Эх нялхас, БГД-ийн хүүхдийн эмнэлэг, СХД-ийн хүүхдийн эмнэлэг, Түлэнхийн төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг , Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ЧД-ийн эмнэлэг, Нэгдүгээр төрөх “Өргөө” амаржих газар, БЗД амаржих газар, “Хүрээ” амаржих газар, Багануур дүүргийн эмнэлэгүүдэд хандивлалаа.

No description available.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Япон улс 2025 онд сансрын нисгэгчдээ саран дээр буулгана

Япон улс Саран дээр газардах ажиллагааг АНУ-тай хамтран хэрэгжүүлэх аж. Дэлхийн хиймэл дагуулын ойр орчмын болон гадаргуу дээр хэрэгжүүлэх өргөн хүрээний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл юм байна.

Японы Засгийн газар сансрын нисгэгчдээ Саран дээр буулгах бодолтой байна. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио мягмар гараг /2021.12.28/-т Токиод болсон сансар судлалын стратегийн хурал дээр хэлсэн үгэндээ дурдав.

Эл хөтөлбөрийг АНУ-тай хамтран хийхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, арванхоёрдугаар сард Японы сансар судлалын агентлаг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох сансрын нисгэгчдийг шинээр бүртгэх ажлын хүрээнд зохих өргөдлийг хүлээн авч эхэлсэн. Өргөдлийг 2022 оны гуравдугаар сарын 4 хүртэл хүлээн авах аж.

Одоо Японы сансар судлалын агентлагийн сансрын нисгэгчдийн корпус долоон хүнээс бүрдэж байгаа ба гишүүдийн дундаж нас 52 байна. 2030 он гэхэд Сарыг идэвхтэй судлах төлөвтэй байгаа бөгөөд тэр үед гишүүдийн зөвхөн хоёр нь л хөтөлбөрийг гүйцэтгэх боломжтой, харин бусад нь тэтгэвэртээ гарах юм.

2019 оны хавар АНУ-ын NASA Сарыг судлах хөтөлбөрийн төслийг зарласан ба Токио 2019 онд Америкийн Сарны хөтөлбөрт нэгдэх шийдвэрээ мэдэгдсэн. Үүний хүрээнд Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам болон NASA хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан удаатай.

Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмж нийлүүлэх, Сарны гадарга дээрх мэдээлэл солилцох, Саран дээр явагчийг хамтран бүтээх, мөн Японы сансрын нисгэгчдийг Сар руу илгээх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Categories
мэдээ нийгэм

Ирэх оны нэгдүгээр сарын цаг агаарын төлөв

2022 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ гарчээ.

Энэ сард агаарын дундаж температур нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас/ОЖД/ дулаан, тодруулбал: Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар), бусад нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас ахиу, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтийн ихэнх нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар ОЖД–ийн орчим цас орно.

Арав хоног болгоны дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтэрнэ. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12–14 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

2022 оны нэгдүгээр сарын агаарын дундаж, температурын урьдчилсан мэдээ:

2022 оны нэгдүгээр сарын нийлбэр температур, хур тунадасны урьдчилсан мэдээ:

Зургуудийн тайлбар: Д-агаарын температур ОЖД-аас дулаан, И – хур тунадас ОЖД – аас ахиу, Б-хур тунадас ОЖД-аас бага, Н-агаарын температур, хур тунадас ОЖД-ийн орчим.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна. Хур тунадас Хангайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтэрнэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 4–8 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас ОЖД–аас бага орох төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–4°С–аар хүйтэрнэ.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Хэнтийн ихэнх нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–4°С–аар хүйтэрнэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй байна.Салхи ихэнх хугацаанд 4–8 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим, хур тунадас Дундговийн хойд хэсгээр ОЖД–аас бага, Өмнөговийн баруун хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–4°С–аар хүйтэрнэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Мөнгөний нийлүүлэлт 177.5 тэрбум төгрөгөөр өсчээ

Mөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 16 хувиар өсөж 27 их наяд төгрөгт хүрлээ. Мөнгөний жилийн өсөлтийн 10.2 нэгж хувийг төгрөгийн хадгаламж, 7.9 нэгж хувийг төгрөгийн харилцах, 1.0 нэгж хувийг гадаад валютын харилцах, 0.5 нэгж хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, -3.6 нэгж хувийг гадаад валютын хадгаламж тус тус бүрдүүлж байна. Өмнөх сартай харьцуулахад мөнгөний нийлүүлэлт 177.5 тэрбум төгрөгөөр өсөхөд улсын байгууллагын төгрөгийн харилцах, хувийн байгууллагын гадаад валютын харилцах нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм

Таван хүнд Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд цол олголоо

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дипломат цол хүртээх тухай зарлиг гаргалаа.

Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, нэр бүхий дипломатуудад Монгол Улсын Ерөнхийлөгч дипломат цол хүртээж, цолны тэмдэг, “Алтан гэрэгэ”-ийг гардуулав.

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦОЛЫГ:
  • Элчин сайд асан Равдангийн Болд,
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт Нямсамбуугийн Буяндэлгэр,
  • “Монголын Элчин сайд нарын клуб”-ийн ерөнхийлөгч Доржпаламын Гэрэл,
  • Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн зөвлөх Жанчивдоржийн Ломбо,
  • Ахмад дипломатч Готовдоржийн Луузан нарт тус тус хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ монгол төрийн алтан аргамж болсон дипломат алба нь үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхлыг олон улсын эрхзүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангадаг амин чухал салбар гэдгийг онцоллоо. Мөн төр түмний итгэл найдвар, төрийн эрхэм дээд цолыг дагаж ирсэн үүрэг хариуцлагаа улам өндөрт өргөж, өөрсдийн хуримтлуулсан арвин их мэдлэг туршлагаа залуу хойч үедээ зааж сургахын зэрэгцээ улс эх орондоо улам их зүйл хийж бүтээхийг хүсэв.

Categories
мэдээ нийгэм

“Дурсгалт өвийн газрыг бусдад шилжүүлсэн асуудлыг шалгуулна” гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр А/1032 тоот захирамж гаргаж, Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан, түүхийн дурсгалт өв “Гоожингийн өндөр”-ийг хамгаалалтад авч, газар эзэмших эрхийг цуцаллаа.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Гоожингийн өндөр хэмээх энэхүү барилгад Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн амьдарч байсан, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байсан, мөн Богд хааныг энэ барилгад 50 гаруй хоног хоригдож байсан түүхтэй. Энэхүү түүхт барилгыг Монгол Улс тусгаар тогтносны 110 жилийн ойгоор нийслэл хот хамгаалалтдаа авлаа.

Цаашдаа хотынхоо өв соёлыг хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө ажиллана. Улаанбаатар хотын түүхэн үйл явдалтай холбоотой төдийгүй Улаанбаатар хотын анхны европ хийцийн барилга гэдгээрээ онцлог юм. Үе үеийн төр засгийн байгууллагууд хамгаалсаар ирсэн энэхүү барилгын газрыг эзэмших шийдвэрийг иргэнд хууль бусаар олгосон асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ. Дурсгалт өвийн газрыг бусдад шилжүүлсэн асуудлыг шалгуулна. Нэг зүйлийг онцлон дурдахад газар бол төрийн өмч. Улсын өмчийг хамгаалалтдаа авч байгаа нь маш зөв шийдвэр” гэсэн юм.

Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойн өдөр түүх, соёлын дурсгалт өв болсон “Гоожингийн өндөр” хэмээх түүхэн барилгыг хамгаалах, цаашлаад сэргээн засварлах түүхэн шийдвэрийг өнөөдөр олон нийтэд танилцуулсан юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн баярын өдөрт зориулан хүндэтгэлийн хуралдаан хийв

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2021 оны арван нэгдүгээр сарын 10-ны өдөр захирамж гаргаж, Үндэсний бахархал, төрт ёс, түүх цадаг, өв соёлынхоо уламжлалыг нандигнан, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн баярын өдөрт зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2021 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдрийн Лхагва гарагт 12.00 цагаас Төрийн ордны хуралдааны “Их Хуралдай” танхимд хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ.

Уг захирамжийн дагуу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн баярын өдөрт зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан 12.00 цагт гишүүдийн 76.3 хувь нь хүрэлцэн ирснээр эхэллээ.

No description available.

Хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан. Энэ үндсэн дээр үндэсний бахархал, төрт ёс, түүх цадаг, өв соёлынхоо уламжлалыг нандигнан, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн баярын өдөрт зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулж буйг онцлов.

Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Засгийн газрын гишүүд болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын удирдлагууд оролцов. Мөн гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн байгууллагуудын тэргүүн нар, НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд хүндэтгэлийн хуралдаанд цахимаар оролцлоо.

No description available.

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлэв. Улсын Их Хурлын дарга үгийнхээ эхэнд, тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсан түүхт 110 жилийн ой, Зүрхний бичлэг шиг үйл явдалтай 100 жилийн төгсгөл 2021 оны сүүлчийн долоо хоногийн мэндийг ирээдүйд үүнээс илүү сайхан 100 жилийн эхлэл, шударга нийгэм, цэцэглэн хөгжсөн Монголыг үр хүүхдүүддээ үлдээхийн төлөө зорьж яваа ЭХ ОРОНЧ монгол хүн бүхэнд өргөн дэвшүүллээ.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, монгол үндэстэн бусдын хараат болж, дарлал хоцрогдолд нэрвэгдэж, үндэсний эрх чөлөөгөө алдаад байсан гашуун цагт 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал мандсан юм.

Шинэ тулгар Монгол Улс өдгөөгөөс 110 жилийн өмнөх энэ өдөр буюу 1911 оны арван хоёрдугаар сарын 29-нд VIII Богд Жибзундамбыг тусгаар улсынхаа хэмжээгүй эрхт Эзэн хаанаар өргөмжилж, улсаа Монгол, оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээж, 5 яамтай Засгийн газраа байгуулсан нь Монгол орон дахин бие даасан, тусгаар улс болсноо дэлхий ертөнцөд тунхаглан зарласан хэрэг байлаа. Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын Шинийн 9-ний энэ түүхт өдөр улсаа сэргээн мандуулсан монголчууд “Тэнгэрийн цаг ирэв” хэмээн баясаж, баярын нулимс асгаруулан залбирч, мөргөж байсан нь уг үйл явдлыг нүдээр үзсэн гэрчүүд, гадаад улс орнуудын элч төлөөлөгчдийн дуртгал, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хуудсанд тэмдэглэгдэж үлдсэн байдаг хэмээн онцлов (УИХ-ын даргын хэлсэн үгийг доорх холбоосоор http://www.parliament.mn/n/rh3yn бүрэн эхээр нь танилцана уу).

No description available.

Түүнчлэн, эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн монгол түмэн, Богд эзэн хаан болон улс төрийн манлайлагч удирдагч нар Монгол Улс цаашид олон улсын жишгийг даган, тухайлбал Англи, Швед зэрэг улс шиг Үндсэн хуульт Хаант засгийн хэлбэрийг сонгох ёстой гэж төсөөлж байсан юм. Иймээс Америкийн олон улсын хуульч эрдэмтэн Хэнри Уйтоны зохиосон Олон улсын эрх зүйн үндсийг тодорхойлсон бүтээлийг “Түмэн улсын ердийн цааз”, “Түмэн улсын албан цааз” хэмээх нэртэй хоёр дэвтэр болгон орчуулж, судалж байжээ. Мөн Ерөнхий сайд Т.Намнансүрэн билгүүн номч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээнд Үндсэн хуулийн эх боловсруулах даалгавар өгч, “Улсын эрх” хэмээх удирдамжийн шинжтэй баримт бичиг боловсруулсан нь бидэнд уламжлан иржээ.

1914 онд хоёр танхимтай парламент буюу Улсын Дээд, Доод хурлыг байгуулсан нь олон улсын жишгийг харгалзан парламентат ёсонд шилжих гэсэн анхны оролдлого байлаа. 1912-1913 онд хааны зарлигаар Халхын 86 хошууг 92 болгож, тамгатай 13 хутагтын шавиас бүрдсэн засаг захиргааг эмхлэн байгуулжээ. 1912 онд Бүгд ерөнхийлөн захирах яам, Гаалийн яам, Шашин төрд туслах сайдын яамыг нэмж байгуулснаар гүйцэтгэх засаглалын тогтолцоо бүрдсэн байна. “Зарлигаар тогтоосон Монгол улсын Хууль зүйлийн бичиг” хэмээх 65 дэвтэр хууль журмыг боловсруулан баталж, түүгээр 1912-1919 онд төр захиргаа, эдийн засаг, сургууль, гадаад бодлого гэх мэт нийгмийн бүхий л хүрээний харилцааг зохицуулж байсныг дурдав.

Улсын Их Хурлын дарга цааш хэлэхдээ, Орост иргэний дайн дэгдэж, Монгол дахь нөлөө нь суларсныг Дундад Иргэн Улс ашиглан 1918 онд цэргийн батальоныг Монголд оруулж, улмаар 1919 онд цэргийн хүчээр цөмрөн орж, Монголын сюзернитетийг устгаснаар Үндэсний хувьсгалын үйл хэрэг түр тасалдсан билээ. Гэсэн ч 1911 оны үндэсний ардчилсан хувьсгалын шууд үргэлжлэл болж, 1921 онд Ардын хувьсгал ялан мандсан түүхтэй. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын угтал байсан юм.

Ардын засаг төрийг тогтоон, шинэ улс гэрээ эмхлэн цэгцлэх үйл хэрэгт ард түмний итгэл хүндэтгэлийг хүлээсэн, ёс журамтай хүмүүсийг сонгохыг чухалчилж байсан нь 1923 онд баталсан “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”-д бүрэн тусгалаа олсон байдаг. Уг дүрэмд “Улсын ба аймаг, хошуу, сум, баг, арван гэрийн даргад хүртэл аливаа албан тушаалтан буюу тус бүрийн хурлын төлөөлөгчдийг сонгоход цөм эрхбиш ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх, олны тусыг бодох бөгөөд цэвэр шударга, чадвал бичиг үсэгт боловсронгуй, өөр өөрийн оролдсон явдлыг магадаар бүтээн чадах хүнийг сонговол зохино. Гагцхүү арван гэрийн даргад бичиг үсэгт боловсроогүй боловч төв шударга хүн бол сонгож болно” гээд, албан тушаалтан ба хурлын төлөөлөгчдийг сонгохдоо “…дэмий ноёд баяд ба ураг төрлийг нүүрчлэх, эзэрхэг харгисын сүрээс айх ба эд ашигт шунах зэргээр зусарч бялдууч, ховдог авлигач, хааш яаш хүнийг сонгох зэргийн гэм өдүүлэх аваас сонгосон, сонгогдсон хоёр этгээдийг цөм улсын цаазыг зоримогоор зөрчсөн хууль ёсоор хүндэд яллан, уул тушаалын орыг өөр хүн сонгуулна” гэсэн байдаг. Эдгээр зарчим өдгөө ч чухал ач холбогдолтой хэвээр байгааг онцоллоо.

Улмаар 1924 оны арван нэгдүгээр сарын 26-нд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхаглан зарласан. Ийнхүү Монгол улс түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрх олгосон Азийн анхны орон болж, улс орондоо анх удаа парламентат ёсыг Улсын Их Хурал, Улсын Бага Хурал хэлбэрээр буй болгосон нь түүхэн дэвшил байлаа.

Ардчилсан үзэл монгол нүүдэлчдийн цусанд байсан бөгөөд эзэн Чингис хааны төр улсаа түвшитгэх бодлого, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оны хувьсгал, 1921 оны Ардын хувьсгалын үзэл санаа анхнаасаа л ардчилсан суурьтай байсан юм.

Ардчиллын төлөөх энэ үзэл санаа үр хөврөлөө тээсээр 1990-ээд онд нийт нийгмийг хамарч, тэр нь Ардчилсан хөдөлгөөн болон өрнөснөөр 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал ялсан билээ. Энэхүү хувьсгал нь Монгол орон хүн төрөлхтний хөгжлийн жам ёсны замд хөл нийлэх, ардчилсан засаглал, зах зээлийн эдийн засгийн харилцааг сонгон, улс орноо цоо шинэ замаар удирдан хөтлөх шинэ ирээдүйг нээсэн билээ.

Зуун жилийн өмнө өвөг дээдсийн минь зорьж байсан Үндсэн хуульт байгуулал, засаглалын тогтолцооны үндсэн үзэл баримтлал 70 жилийн дараа 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуульд дахин тусгалаа олж, өдгөө бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоохын төлөө хичээн зүтгэж байна хэмээн тэмдэглэлээ.

Өнгөрсөн зуунд бид тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа сэргээн мандуулахын төлөө тэмцэж амжилтад хүрсэн бол шинэ зуунд Монгол улсаа хөгжүүлж, эдийн засгийн хувьд бие дааж тусгаар тогтносон, цэцэглэн мандсан улс болгон хувиргах ёстой. Бид энэ зорилтыг хэрэгжүүлж байж улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа хайрлалгүй тэмцсэн өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалын өмнө нүүр бардам зогсох эрхтэй болно.

Шинэ Үндсэн хуулиа батлан мөрдөж эхэлсний 30 дахь жилийн ой шинэ он дөнгөж гарсны дараа тохионо. Өнгөрсөн 30 жилд олсон ололт, туршлага сургамжаа цэгнэн үзсэний үндсэн дээр Үндсэн хуульдаа 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтийг амилуулан хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг Улсын Их Хурлын гишүүд Та бидэнд ард түмэн минь өгсөн.

Монголын ард түмний сонголтоор сонгогдсон найм дахь парламент сонгодог парламентын засаглалыг тогтоох, цахим парламент болох, ард түмний засаглах эрхийг хангаж, иргэдтэйгээ хамтран хууль баталдаг тогтолцоог бүрдүүлэх, парламентын боловсролыг иргэддээ түгээх, парламентад сахилга, хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх зэрэг чиглэлээр хичээн зүтгэж байна.

Парламент хууль батлахын зэрэгцээ түүний биелэлтэд эн чацуу анхаардаг болох сонгодог парламентын хөгжлийн дараачийн шинэ үе шат хэдхэн хоногийн өмнө баталсан Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулиар эхэлж байна.

Эрх зүйн хувьсгалыг Эдийн засгийн, Нийгмийн бодлогын хувьсгалтай хамтатган өрнүүлэх ёстой гэж бид үзэж байна. Бидний өвөг дээдэс тэртээ 100 гаруй жилийн өмнө эдийн засгийн хувьд бие даасан байдлаа хангахыг эрхэмлэн чухалчилж байсныг бид ч үргэлжлүүлэх учиртай. Хөгжлөө тэтгэх эдийн засаг, өсөлтийн үр өгөөж нь иргэддээ, айл өрх бүхэндээ хүрэх боломж нөхцөлийг хангасан Эдийн засгийн хувьсгал хийх цаг нэгэнт болсон. Уул уурхайд түшиглэсэн ганц тулгуурт эдийн засгаа дор хаяж 2-3 тулгууртай болгоход Эдийн засгийн хувьсгал, Шинэ сэргэлтийн бодлого чиглэж байна.

Нийгмийн бодлогын хувьсгал Халамжаас хөдөлмөрт шилжих тулгуур зарчимд суурилж, монгол хүнээ дэлхийн түвшний боловсролтой болгож, эрүүл Монголыг төлөвшүүлэхэд чиглэх ёстой гэж үзэж байна. Үйлдвэрлэлийг хөгжүүлж, иргэн бүхэн хөдөлмөрлөж байж, улс орон хөгжинө. Ажилтай хөдөлмөртэй иргэн байхын тулд боловсрол мэдлэг эзэмших ёстой. Энэ зорилгоор Боловсролын шинэчлэл хийхээр бид зорьж байна.

Эрүүл монгол хүн л ихийг бүтээж, эх орноо хөгжүүлж чадна. Эрүүл мэндийн салбарыг иргэндээ ээлтэй, чадварт суурилсан, шинжлэх ухааны ололт, шилдэг тоног төхөөрөмжөөр хангагдсан, хүн бүхэнд хүрч үйлчлэх зөв тогтолцоотой болгон хөгжүүлэх эхний алхмуудыг хийж эхлээд байна.

Ийнхүү Эрх зүйн, Эдийн засгийн, Нийгмийн бодлогын гурван хувьсгал хийх нь Монгол орон сэргэн мандах, хөгжин дэвших түлхүүр хүчин зүйл болно гэдэгт итгэлтэй байна хэмээн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцоллоо.

Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэлсэн юм.

No description available.

Монголчууд арван тавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулж, Монгол Улсын тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарласан түүхэн үйл явдлыг тохиолдуулан 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улсад Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөсний 100 жилийн ойг тэмдэглэх тухай” 399 дүгээр зарлиг гаргаж байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эл зарлигыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 180 дугаар тогтоол гарч, ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороог Шадар сайдаар ахлуулан байгуулж, түүхт ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулсан байдаг.

Улмаар Монгол Улсын Их Хурлын 2011 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, жил бүрийн арван хоёрдугаар сарын 29-ний өдрийг “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” болгож, нийтээр тэмдэглэхээр хуульчилсан юм.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярын өдөр тохиож буйтай холбогдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2011 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр Төрийн ордонд хийсэн байна.

Ийнхүү Монгол Улсын Их Хурал Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойд зориулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хоёр дахь удаагаа зарлан хуралдуулав.

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж, үйл ажиллагаага явуулж ирсэн өнгөрсөн 31 жилийн хугацаанд Улсын Их Хурал 15 удаа хүндэтгэлийн хуралдаан хийсэн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Барилгын салбарын зээл 5.5 тэрбум төгрөгөөр буурчээ

Хувийн байгууллагын зээлийн үлдэгдэл өмнөх сараас 170.0 тэрбум төгрөгөөр өсчээ.

Хувийн байгууллагын зээлийн үлдэгдлийн сарын өөрчлөлтийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар ангилан харуулбал, бөөний болон жижиглэн худалдаа салбарын зээл 90.6 тэрбум, уул уурхайн салбарын зээл 27.5 тэрбум, боловсруулах үйлдвэрлэлийн салбар 9.1 тэрбум, ус хангамж, сувагжилтын системийн үйл ажиллагааны салбарын зээл 6.8 тэрбум, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарын зээл 6.4 тэрбум төгрөгөөр тус тус өсөж, үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарын зээл 36.5 тэрбум, тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбарын зээл 16.7 тэрбум, хөдөө аж ахуйн салбарын зээл 6.1 тэрбум, барилгын салбарын зээл 5.5 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.