Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Ковидын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар ярилцлагаа эхэлье. Засгийн газрын үйл ажиллагааг та хэр дүгнэж байна вэ?
-Хүний анхан шатны хэрэглээний маш олон бараа бүтээгдэхүүн хомсдож, үнэ нь нэмэгдэж байна. Хоол хүнс, эм тариагаа худалдан авах чадалтай хүмүүс улам бүр багасч байна. Бизнесүүд орлогогүй, өр зээлэндээ баригдаад бизнесээ чирж явахаас илүүтэй өөрийнхөө аяга хоолны мөнгийг яах уу гэдэгтээ тулаад “Яадгаа барна” гэгчээр хүнд байдалд орчихлоо. Дундаж анги нь нимгэрээд, улс орны эдийн засгийг нуруун дээрээ авч яваа хэдийн үүрэх ачаа улам л зузаарлаа. Энэ Засгийн байж байгаа царай. Засгийн газар авлига, төсөв хоёрыг нь бүрдүүлдэг хэдэн том уурхайн асуудлаа л анхаарч суугаагаас олон хүний амь, амьжиргааг залгуулдаг жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудыг үл ойшоосон байдалтай хоёр жил явлаа. Статистикаас харахад, хичнээн компани, аж ахуйн нэгж хаалгаа барив, хэд нь орлогогүй, үйл ажиллагаа нь доголдсон, икс тайлан гаргасан байдалтай байна. Үндсэн хуулиар хүлээсэн аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргээ нэг иймэрхүү л хэрэгжүүлж байна. Хууль биелүүлэх тухайд бол хэрэгжүүлсэн ганц хууль нь Ковидын хууль байх. Энэ хуулиар халхавчилж УИХ-ын хяналтгүйгээр төсвийн мөнгийг яаж үрэн таран хийдгийг нэг сайн харуулах шив дээ. Бас засгийн их мөнгөөр иргэдийн тархийг өөрсдийн хулгайн мөнгөтэйгөө угаах “пи-ар угаалгын машиныг” хэрхэн угсарч чаддагаа сүртэй үзүүлсээн, үзүүлсэн. Үзүүлж харуулах юмандаа бол энэ Засгийн газар мундаг байгаа. Хийх ёстой ажлууд нь л эзэнгүйдчихээд байгаа болохоос. Засгийн газарт өөрсдийн дураараа аашлах аашиндаа зарах мөнгө бол байна. Харин иргэний бизнес, эрх чөлөө, эрүүл мэндэд чиглэсэн мөнгө, бодлого бол алга. Ийм Засгийн газрыг зөв зохистой ажиллаж байна гэж хэлэх их л зулгуу юм болох болов уу.
Нөгөө талдаа ардчилал, хүний эрхийн нөхцөл байдлыг хар. Засгийг шүүмжилсэн, асуудалд хэрсүү хандаж, бодит байдлыг хэлсэн болгоныг хорьдог шоронжуулдаг, хэрэг тохох гэж зүтгэдэг боллоо. Өнөөх алдарт шударга бусын хонгилоо өргөтгөөд юу ч болгоод байгаа юм бүү мэд. Энэ Засгийн газрыг хүний эрхийн хэмжүүрээр харахад бодлогын маш том ухралтууд хийж байна.
-Та сая хэллээ,ухралтууд гэж. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа чинь гэмт хэрэг шүү гэж харуулах гээд байна уу?
-Магадгүй ээ. Ер нь хөөсөрсөн нэр хүндтэй, хийсэн ажилгүй, хоосон пи-ар хөөсөн хүмүүс л бусдын үгнээс айх айдас ихтэй болчихдог. Айдас ихтэй удаан явбал сүүлдээ өвчин болно. Өвчин гэснээс, ковидын хорио цээрээр далимдуулж сэтгүүлчдийг худалдан авч, мэдээллийн нэг урсгал бий болгох гэж оролдохоос эхлээд иргэдийн санаа бодлыг хянаж, чиглүүлэх, айлгаж ичээх зорилготой гэж янз бүрээр ажил хийгдэж л байна. Жагсаал цуглаан хоёр янз байдаг тухай Засгийн мөнгөөр сурталдаж, “зөв жагсдаг хүмүүс ийм байдаг, буруу жагсдаг хүмүүс ийм болчихсон юм” гээд эрх баригчдын эсрэг дуу хоолой гаргаж байгаа иргэдийг галзуу солиотой, шантаажилдаг, хийх юмгүй, ажилгүй архичин, бараг Монголын дайсан гэх шахуу юм хэлж байх. Ийм байдлаар иргэний байр суурийг хүчгүй болгоно гэдэг эрх баригчдын шунал ардчиллын хэм хэмжээнд баригдахгүй болсны л илрэл. Ийм Засгийн газар аюултай. Дээр нь авлига, ашиг сонирхлын зөрчил гаарч байна даа. Үүний илрэл хаа сайгүй гарч байгаа дабл стандартууд.Дарга нарт үйлчилдэггүй, иргэнд үйлчилдэг хуультай.Чиглүүлсэн зорилтот хүмүүстээ хуулийн нэрээр хатуу чанга хандаж, юугаар ч хамаагүй гогдож, дуулгавартай болтол нь шоглож болдог. Дуугүй болохгүй бол далд хийчихдэг. Харин өөрсдийн хүмүүсээ аюултай гэмт хэрэг хийсэн ч хуулиас гадна байлгаж, хариуцлагаас зувчуулж чадаад байдаг. Энэ их аюултай үзэгдэл. Хууль алагчлаад, хоёр янз үйлчлээд ирэхээр хуулийн нэр хүнд унаж, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа хүлээн зөвшөөрөгдөхөө байдаг. Хууль сахиулагчид шударга иргэдтэйгээ зөрчилдөөд, эрх баригчид жирийн иргэд рүүгээ цагдааг турхираад байхаар цагдаагийн албан хаагч, энгийн хууль сахиулагчид иргэдийн нүдэнд бууны ноход төдий харагдаж эхэлнэ. Иргэд ийм нийгэм, ийм хууль сахиулагч, ийм хуулийн байгууллага, ийм тогтолцоог хүсч сонгууль өгдөггүй, ийм зүйл хүсч татвар төлдөггүй. Иргэдийн итгэж байгаа албан ёсны тогтолцоог үгүй хийгээд double standart үүсгээд авлигыг үнэт зүйлээ болгоод эхэлбэл нөгөө талд нь хууль бол худлаа юм байна, хэн эрх мэдэлтэнд ойр байсан нь, албан тушаалтны аяыг харсан нь, авлигийн сүлжээнд багтсан нь энэ улс оронд хүн шиг амьдрах юм байна гэдэг уралдаан руу орно.
-Хүний эрхийн төлөө дуугардаг хуульч, өмгөөлөгчид манайд байна уу?
-Хүний эрхийн төлөө зоригтой дуугардаг, хууль ёсыг хамгаалдаг хуульчидтай байх их чухал. Эргэн сануулахад, 2008 оны долдугаар сарын 1-нд иргэд үзэл бодлоо илэрхийлээд эрх баригчдад дуу хоолойгоо хүргэх гэж оролдсоны эцэст үймээнд хүрч, таван хүний амь нас үрэгдсэн. Үйлдвэрийн дамжлага шиг бөөн бөөнөөр нь таслаад олон залуусыг шоронд явуулсан. Энэ үйл явдлуудыг өмгөөлөх хуульч тэр үед олдоогүй. Яагаад олддоггүй гэхээр Хууль зүйн сайдтайгаа зөрчилдөх зоригтой өмгөөлөгч тэр үед бараг байсангүй. Хууль зүйн сайд нь өмгөөлөх эрхийнх нь зөвшөөрлийг олгодог. Бас буцаагаад авчихдаг эрх мэдэлтэй байсан. Ингээд Засгийн газраас, Хууль зүйн яамнаас, хувь улстөрчөөс хүний эрхийг хамгаалдаг хуульчдыг бие даалгаж, гаргах ёстой гэж үзээд Хуульчийн холбоог байгуулаад лицензийг нь мэргэжлийн холбоо нь өгдөг болгож хувиргаад, тусад нь гаргасан. Харамсалтай нь, Ц.Нямдорж сайд болоод Хуульчдын холбоог задлаад дахиад Хууль зүйн яамны хамааралтай болгосон. Одоо иргэнийхээ үндсэн эрхийг эдэлснийхээ төлөө шоронд ороод өмгөөлөл үзүүлэх гэж байгаа өмгөөлөгчийг цагдаагийн байгууллага барьж хориод хэрэг үүсгээд дарамталж байхад түүний төлөө дуугарч байгаа мэргэжлийн холбоо, хуульчид байна уу. Буцаад л 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр дээрээ оччихсон байна. Эрх мэдлүүдийг задлах гэж оролдсон оролдлого бүрийг буцаагаад эвдээд төвлөрүүлээд байна. Энэ төвлөрөл эцсийн дүндээ мангас босгож ирнэ. Энэ нь эргээд хэнд аюултай юм, иргэдэд л аюултай.
-Эрхээ эдэлсэн залуусыг хорьсон, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа Засгийн газар хариуцлага хүлээх ёстой биш үү. Бүр цаашилбал огцрох ч шаардлага үүслээ гэж харах хэсэг байна?
-Иргэнээ зовоож буй Засгийн газар тогтвортой байна гэдэг иргэний зовлон тогтвортой үргэлжилнэ л гэсэн үг. Ардчилсан нийгэмд муу удирдагчаас, муу бодлогоос, иргэдийн амьжиргаанд хөнөөлтэй төрийн арга ажиллагаанаас цус урсгахгүй салах боломж нь Засгийн газрыг өөрчлөх, эрх баригчдыг солих. Ардчилсан нийгэмд өөрт нь олгогдсон боломж энэ. Олон ургальч нийгэмд шүүмжлэл байнга л байдаг. Сэтгэлд таагүй, бухимдам үнэлэлт дүгнэлтүүд ч гарч ирнэ. Энэ бол ардчилалд байдаг л үзэгдэл. Үүнийг эрүүл саруулаар хүлээж аваад алдаа байгаа бол бодлогоо засварлаад, буруу ойлгогдсон бол тайлбараа хийгээд, зөв гэж бодож буй бол үндэслэлээ ойлгуулаад явах нь зөв. Харин сөрөг дуугарсан дуу болгоныг нухчин дараад, жоохон хүүхэд нүдээ аньчихаар нуугдчихна гэж боддог шиг гажуу бодоод байх бол буруу байна. Ардчиллыг ингэж гажуудуулж болохгүй. Амьдрал чинь үнэхээр болж байгаа бол засаг тогтвортой байх нь зөв. Амьдрал болохгүй байгаа бол Засаг солигдож байсан нь дээр. Иргэд өргөдөл бичээд, албан тушаалтантай уулзаад ямар нэгэн байдлаар болохгүй байна, энэ бодлого чинь алдаатай байна гэх мэтчилэн үгээ хэлэх эрх чөлөө ардчилсан нийгэмд байгаа. Энэ бүхэн амжилтгүй болвол арай чанга дуугаар олуулаа хэлэхийн тулд жагсаж цуглах эрх ч бас байгаа. Ямар ч нөхцөлд энэ эрхийг үгүйсгэж болохгүй. Энэ нь өөрөө ардчилсан нийгмийн суурь нь. Иргэд нь ийм эрхгүй Оюун-Эрдэнэ шиг мундаг удирдагчтай байна гэдэг бол социализм ш дээ. Эрхээ эдэлсний төлөө иргэнээ барьж хорьж байгаа Засгийн газар ардчилсан гэж хэлэхэд эргэлзээтэй.
-Хуулийн байгууллага иргэндээ хүрч үйлчилж чадаж байгаа гэж та харж байна уу?
-Ардчилсан улс орны хуулийн философи, суурь зарчим, хуулийн байгууллагуудын үндсэн ажил нь иргэний эрхийг хамгаалах, хуулийн дагуу иргэнд үйлчлэх.Энэ философи, зарчим, ажлын арга барил Монголд угаасаа байгаагүй. Бий болгох гээд л урагш нэг арагш хоёр алхаад л явж байна. Шилжилтийн үеийн хамгийн том сорилтуудын нэг.
-Шүүхийн тухай хуулийн өөрчлөлтийг магтан сайшаасаар л байна. Үнэхээр шүүх хараат бусаар ажиллах үндэс суурь нь тавигдчихав уу?
-Өргөс авсан юм шиг ганц хуулиар бүхнийг шийдэхгүй. Зайлшгүй хийх ёстой эхний алхам бол мөн. Эхний алхам хийгдчихлээ гээд цаана нь хийгдэх ёстой олон алхам өөрөө хийгдчихнэ гэж найдаж огт болохгүй. Шүүхийн тухай хуулийг дагаж процессын хуулиуд гарах ёстой. Хууль сахиулах ажиллагааг ч бас нэг мөр болгож бүрэн хуульчлах ёстой. Зарим албадыг шинээр зохион байгуулж, Мөрдөх албаны чадавхыг нэмэгдүүлэх, хуулийг нь боловсронгуй болгох, хууль зүй, дотоод хэргийн чиг үүрэг, эрх мэдлийг задлах шаардлага ч байгаа. Прокурорын босоо удирдлагын тогтолцоог хуульч мэргэжилтнүүдийн бие даасан мэргэжлийн үйл ажиллагаатай нийцүүлж өөрчлөх ёстой. Хачирхалтай нь Монгол Улс бүр Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай гээд хуулийн нэрнээсээ хүртэл хүнийг зөвхөн хорьж мөрдөхөд зориулсан зорилготой тийм хуультай. Хуулийн зорилго, философи нь ийм байхад хүнийг далд хийчихээд араар нь гүтгэж харлуулж, ар гэрийг нь шаналгаж шантаажилж, өөрт нь эрүү шүүлт тулгаж хэрэгт унагадаг арга барил хуулийн байгууллагуудын нэрийн хуудас болох нь арга ч үгүй юм даа.Тэр хуулиа ядаж шүүхээс авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай гэж өөрчлөх, нэрийг нь солих төдий бус зохицуулалтыг нь өргөсгөөд хорьж мөрддөггүй, үр нөлөөтэй хүний эрхийг хөсөрдүүлдэггүй шударга ёсны олон зарчим арга барилтай болох гээд их зүйл байна. Хуулийн салбарт огт байхгүй хууль ч олон. Байгаа хуулиудад нь буруу философитой хуулиуд ч олон бий. Арга механизмын хувьд алдаатай хуулиуд ч олон байгаа. Энэ бүгдийг өөрчлөхөд УИХ-ын гишүүдийн хүч, боломж хангалтгүй. Энэ бүхнийг бодож боловсруулж урт хугацаанд төлөвлөж хийдэг мэргэжлийн газар нь Хууль зүйн яам.
-Ерөнхий сайд асан М.Энхсайхан манай сонинд өгсөн ярилцлагадаа “ҮАБЗ дээр ямар ч хамаагүй асуудлыг хэлэлцдэг болсон. Тэнд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн удирдлагаас гадна Ерөнхийлөгч бий. Яг үнэн хэрэгтээ зөв томьёоллоор явбал шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх гэсэн гурван эрх мэдлийн тэргүүн нь төрийн гурван толгой л доо. Ингээд харахаар төрийн гурван толгойны нэг нь Дээд шүүхийн дарга байх ёстой. Гэтэл тэрийгээ үргэлж “паасалдаг” гэж хэлсэн удаатай. Тэгэхээр ҮАБЗ-д дээд шүүхийн дарга байх ёстой гэсэн үг үү?
-Энэ бол маш буруу. Шүүх бие даасан, хараат бус ажилладаг. Дээд шүүх Захиргааны байгууллага шиг доод шүүхдээ үүрэг даалгавар өгдөг байгууллага огт биш. Түүнтэйгээ адил Дээд шүүхийн Ерөнхий шүүгч гэдэг хүн бүх шүүгчийн дарга гэсэн үг ерөөсөө биш. Харин эсрэгээрээ тэнд яахаараа УИХ-ын дарга байгаад байгаа юм гэж бодох ёстой. Бусад улс оронд ҮАБЗ гэх механизм дотор ихэнхдээ гүйцэтгэх эрх мэдлийн албан тушаалтнууд байдаг. Дотоод хэргийн сайд, Батлан хамгаалах сайд, Цагдаагийн дарга,Тагнуулын дарга гэх зэрэг албан тугаалтнууд багтдаг. ҮАБЗ-д УИХ-ын дарга огт байж болохгүй. УИХ-ын дарга нь ҮАБЗ-д байдаг улс дэлхийд байхгүй. Үндсэн хуулиараа эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гээд хуваасан. Энэ гурван эрх мэдэл нэг газар төвлөрөх юм бол яаж дарангуйлал болох тухай Монтескье онолоо боловсруулж гаргаж ирсэн байдаг. ҮАБЗ-д дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг оруулна гэдэг бол автоматаар дарангуйллыг дэмжиж байгаа хэрэг. Харин яаж ҮАБЗ-өөсөө УИХ-ын даргыг гаргах ёстой вэ гэдгээ ярих ёстой.
-Нэг намын засаглал тогтчихлоо, энэ бол сайн зүйл биш, дарангуйлал тогтох нь ээ гэсэн байр суурийн тухайд та юу хэлэх вэ?
-Сүүлийн найман жил нэг нам хэт олонхоороо бүх эрх мэдлийг гартаа авчихлаа. Бүх эрх мэдлийг гартаа авчихсан хүмүүс бусадтай харилцан ярилцах нь багасч, нийгмээ иргэдээ сонсох нь холддог л доо. Тэд шинжлэх ухааны дүгнэлтүүд, баримт, статистик, судалгааны үр дүнгүүдээр бодлого гаргахаасаа илүү бид олонх болчихсон, эрх мэдлээр дутахгүй юм чинь гэсэн хандлагаар илүү түрэмгий, хүч түрсэн ажлын арга барилд дасгачихдаг. Энэ арга барил аюултай. 100 хүнтэй ярилцаж ойлголцъё гэхийн хооронд хоёул, гурвуулаа яриад нөгөө 100 хүнийг цагдаа шүүхээр нь чимээгүй болгоё гэдэг тийм арга хандлага руу явна ш дээ. Бид олонх, эрх мэдэлтэй тэгээд юу гэх гээд байгаа юм гэдгээр хандаад эхлэхээр их буруу, заримдаа зэрлэг бүдүүлэг арга барилууд амилж эхэлнэ. Энэ дадал болсон буруу зуршил, арга барилаасаа салмааргүй санагдаад эхлэхээр яаж эрх мэдэл дээрээ хадагдах уу, хэрхэн хүч чадлаа хадгалж үлдэх үү гэдгээ бодож эхэлнэ. Ер нь эрх мэдэл хэт төвлөрсөн хүмүүс маш их алдаа хийдэг. Араас нь хууль үйлчилдэг, ардчилсан механизмууд ажилладаг Засгийн газар шинээр гараад ирэхээр энэ хүмүүсийн хийсэн олон үйлдлүүд хуулийн хувьд гэмт хэрэг болчихсон байдаг.Дараагийн хүмүүс гарч ирээд бидний асуудлыг гэмт хэргийн түвшинд тавих юм бол шоронд орно, олсон нэр хүнд хүрээлэл, эд хөрөнгө нь алга болно гэдэг тэр хүмүүсийн хувьд маш том айдас. Энэ айдсаасаа шалтгаалаад аль болох хуульгүй, дахиад өөрсдийн дураар байдаг он цаг хугацааг үргэлжлүүлэх гэж оролдож эхлэхээр дарангуйлал гэдэг зүйл үүсдэг. Яг одоо бол Монголд дарангуйлал тогтлоо гэж хархаахан хэлж болохооргүй байна. Харин бодитойгоор эрх мэдлийн түрэмгийлэл явж байна. Эрх мэдлийн түрэмгийллээр тэд баялгаа олно,үе удмаараа амьдрах сууриудаа хийнэ,тэрнээсээ салахгүй амтанд нь ороод хүч хэрэглээд ч болтугай бүтээснээ хамгаална гэхээрээ дарангуйлал руу очно.
-УИХ-ын нөхөн сонгууль болж өнгөрлөө. АН өвдөг шороодчихлоо. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай юу?
-Мэдээж хэрэг сонгуулийн тогтолцоогоо өөрчилж нийгэмд байгаа төлөөллүүдийн дуу хоолойг нь шийдвэр гаргах, эсвэл хяналт тавих түвшинд нь аваачихгүй бол ардчиллын гажиг улам бүр ихсээд бодит байдлаараа хуурмаг сонгуулийн ардчилал руу орчих гээд байна. Сонгуулийн ардчиллын гажиг үүсч байна гэж харж байгаа болохоос арай ч нэг намын дарангуйлал руу орчихгүй байх гэж горьдож байна. Сонгуулийн тогтолцоог өөрчилж пропорцианаль элементүүдийг оруулж ирэх ёстой. Тэгж байж бодит байдал дээр олон нийтийн санал хаанаа жин дарж, яаж хуваагдаж байгаа нь харагдана. Мажоритар гэж ярьдаг энэ тогтолцоо бол маш олон сонгогчдын саналыг үхүүлдэг тогтолцоо. Нөхөн сонгуулийн бодит байдлыг харахад ирц нь хүрээгүй. Нийт сонгогчдын тал хувь нь ирж саналаа өгөөгүй. Ирж саналаа өгсөн хүмүүсийн хэдэн хувийн саналыг авав. Бодитойгоор хараад нийт сонгогчидоо харьцуулаад үзэхээр 10 хүний гурвынх нь саналаар сонгогдчихоод 100 хувийн эрх мэдэл аваад, үлдсэн 60,70 хувийг нулимаад явна гэдэг бол ардчилал ерөөсөө биш. Мэдээж АН-ын сул байгаа нь бурууг хуваалцах үндэслэл мөн. Цаг үеэ мэдэрдэггүй, сонгогчдынхоо дуу хоолой санал хүслийг ойлгодоггүй, бид л байх ёстой гэдгээр 10,20 жилийн өмнөх алхаж байсан алхмаараа энэ цаг үед нийгэмтэйгээ зэрэгцэж алхах гэж оролдож байгаагийн горыг бид амсаж байна. Хоёрт, МАН-ынхан маш сайн сонгуулийн тактиктай болчихсон байна. Сонгууль эхлэхийн өмнө хүмүүс ярьж л байсан. Тэд ирцийг хамгийн бага хэмжээнд нь барина. Ирц дотроо ялах саналаа худалдаж авна, багцална. Үлдсэн хэсгийг нь бөөгнүүлэхгүйн тулд тарамдуулж задалж хуваана. Тийм учраас мөнгийг нь өгч байгаад ч болтугай захиалгатай нэр дэвшигчдээ нэр дэвшүүлнэ. Ийм л сонгуулийн тактик менежмэнтээр яваад авч байгаа санал. Сүүлийн сонгуульд алдаа гарсан. Сонгуулийн ирц хүрээгүй бол сонгууль хүчингүй байх ёстой. Энэ бол ардчиллын нэг гол шалгуур. Үндсэн хуульд сонгуулийн хэд хэдэн зарчмыг нэрлэн заасан. Тухайлбал сонгуульд нийтээрээ, чөлөөтэй оролцох ёстой. Нийтээрээ гэдэг зарчим хамгийн багадаа сонгогчдын 50+1 оролцож хүчин төгөлдөр болно гэсэн зарчим. Гэтэл энэ нөхөн сонгууль дээр бүх нийтийн гэдэг Үндсэн хуулийн зарчим үйлчлээгүй. Үндсэн хуулийн зөрчилдөөнтэй асуудлыг СЕХ өргөн барьсан. СЕХ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал яригдана. Тэд хууль руу бурууг чихэх гэж оролдох байх. Хуульд зохицуулалтгүй, хууль тогтоогч бүрхэгдүүлж орхисон нь хууль тогтоогчийн алдаа гэх зэргээр хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэдэг юм руу явуулах байх. УИХ дээр тангараг өргүүлснээрээ УИХ-ын дарга болон УИХ өөрөө Үндсэн хууль зөрчлөө гэдэг маргаан Цэц дээр очиж магад. Цэц нь яаж шийдэх вэ гэдэг бас асуудал л даа.
-Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөж байгаа. Энэ хэр зөв юм бэ. Улс төрийн соёлын хувьд нэлээд таагүй үзэгдэл гэж харах ч хэсэг байна?
-Хуулиар бол хязгаарлалт байхгүй. Гэхдээ улс төрийн соёл, ардчиллын хариуцлага гэж юм бий. Ардчилсан нийгэмд өрсөлдөөнт улс төрийг чухалчлан хүлээн зөвшөөрдөг. Сонгогчдыг төөрөгдүүлэх алхам хийж болохгүй. Үзэл бодол, арга ажиллагаа, үнэт зүйлийн ялгаатай намууд гишүүд дэмжигчид, сонгогч олон нийтэд өөр өөр мөрийн хөтөлбөр, бодлого, үзэл баримтлалыг санал болгож сонгуульд өрсөлдөөд тэдний итгэл саналыг авчихаад, эрх мэдэлд очоод дээрээ хүзүү сээрээрээ хэлхэлдээд итгэл үнэмшлийнхээ төлөө явж байсан олон мянган хүмүүсийг хуураад нэг ашиг хонжооны бүлэглэл болж хувирвал залиланд суурилсан гэмт бүлэг маягийн юм болно.Итгэл үнэмшлийн хувьд их таагүй үзэгдэл. Улс төрийн соёлын хувьд маш бүдүүлэг үйл явдал. Тиймээс иргэд ийм явдлыг МАНАН гэж шүүмжилж, жигшиж зэвүүцээд байгаа биз дээ.