Categories
мэдээ нийгэм

Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.

“Засгийн газраас төв суурин газрын иргэдийн хүнсний нөөц бүрдүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллах шийдвэр гаргалаа. Энэ ажлын хүрээнд махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод 30-аас доошгүй цэгт ил задгай болон агуулахын худалдаа гаргана. Энэ долоо хоногт багтаан байршлыг тодорхой болгох юм. Цэг байгуулж байгаагийн учир нь Улаанбаатар хотын хоёр талд бэлтгэж байгаа махыг цөөхөн худалдааны төвүүдээр зах зээлд нийлүүлдэг тул төвлөрлийг сааруулахаар дээрх шийдвэрийг гаргасан юм. Иргэд өвлийн идэшээ базаадаг үе эхэлж байна. Энэ жил өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаан дээр шүлхий өвчин гарсантай холбоотойгоор аймгуудаар малын шилжилт хөдөлгөөнийг хориглож, махны экспортыг түр хугацаанд хязгаарласан. Иймд махны бизнес эрхлэгчид, малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулж эдгээр төвүүдээр дамжуулан нийлүүлэлт хийхийг хүсье” гэлээ.

Categories
мэдээ спорт

Г.Ганбаяр Олон улсын хэмжээний мастер цол хүртлээ

Монголын шигшээ баг төдийгүй Унгарын “Пушкаш академи”-ийн тоглогч Ганболдын ГанбаярОлон улсын хэмжээний мастер цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.

Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад оролцохоор эх орондоо ирсэн Г.Ганбаярт МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар цол тэмдэгийг нь гардуулсан юм.

Г.Ганбаяр нь Монгол улсаас Европ тивийн клубтэй мэргэжлийн хөл бөмбөгчиний гэрээ байгуулсан анхны тоглогч гэдгийг хөл бөмбөг сонирхогчид мэднэ.

2013 оноос Монгол улсын 14, 17, 19, 23 хүртэлх насны шигшээ багуудад тоглож ирсэн Г.Ганбаяр өдгөө үндэсний шигшээ багт дуудагдан, тоглож байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

​ЭХЭМҮТ-ийн эмч ажлын байран дээрээ нас баржээ

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлт хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Х нь 2021 оны арваннэгдүгээр сарын 02-03-нд шилжих шөнө энгийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ээлжийн эмчээр жижүүрлэн ажиллаж байсан юм. Их эмч Х нь 2021 оны арваннэгдүгээр дүгээр сарын 03 өдрийн өглөө ажлын байран дээрээ гэнэт нас баржээ.

Их эмч Х нь ажил үүргийнхээ дагуу өвчтөнгүүдээ үзэж дуусаад амрахаар амрах өрөөндөө орж амарсан гэнэ. Эмчийг өрөөнд нь орсноос хойш хэсэг хугацааны дараа сувилагч дуудахаар очиход зүрх нь зогссон байдалтай байсан бөгөөд яаралтай тусламжийн арга хэмжээг авсан боловч зүрх, амьсгал сэргээгүй.
Талийгаач Х нь хуваарийн дагуу ажилдаа гарахдаа ямар нэгэн зовиургүй байсан бөгөөд нас барсан шалтгааныг тодруулахаар шүүх эмнэлгийн шинжилгээний баг ажиллаж байгаа юм.
Талийгч Х нь ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт 16 жил ажиллаж байсан туршлагатай эмч байлаа.
Гүн эмгэнэл илэрхийлье

Categories
мэдээ нийгэм

“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд 120 гаруй алба хаагч оролцож байна

“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан БХЯ, ЗХЖШ, түүний харьяа Зэвсэгт хүчний 011, 186, 234, 7780 дугаар анги, ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Ар тал хангалтын 115, Уул уурхайн аврах ангийн 09 дүгээр анги, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны газар, МХЕГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Зэвсэгт хүчний анги, салбаруудын алба хаагчид усны мандалд хөлөг онгоцыг усны гүнээс хөндлөн эрэг рүү татах ган татлага /тросс/-ыг холбох ажиллагаанд хөвөгч гүүрийг бэлтгэн тусгай зориулалтын нэгжид холбож татах ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Онцгой байдлын байгууллагын усчин аврагчид 12-16м-ийн гүнд живсэн хөлөг онгоцыг ган татлагаар холбох, бэхлэх, салгах, хөшүүрэг хийх, гүн хэмжих, хөлгийг дотор, гадна талаас нь битүүмжлэх, хязгаар хөвүүр тэмдэгтийг байрлуулах 100 удаагийн шумбалтын даалгаврыг гүйцэтгэлээ.

Алба хаагчид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин тусгай зориулалтын техник хэрэгслийг горимын дагуу ашиглаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: ​Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтын тоог нэмэгдүүлэв

“Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт орууллаа. Ингэснээр Алтанбулаг, Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эдийг татан авах боломжийг нэмэгдүүллээ.
Манай улс эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын үйлдвэрлэлийн түүхий эд, туслах материалыг БНХАУ, ОХУ, БНСУ, БНЭУ-аас импортолдог.

БНХАУ-ын Эрээн боомт түр хугацаагаар хаагдсантай холбоотой 2021 оны аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Эрээн боомтод ханган нийлүүлэх 17 байгууллагын 37 ачаа, Тяньжин боомтод 14 байгууллагын 21 ачаа саатаад байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: Эрчим хүчний үнэ тарифыг ирэх оны зургадугаар сарын 1-нийг хүртэл нэмэхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Үүний дотор бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцтай холбоотойгоор дараах ажил, арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна.

  • Төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах зорилгоор механикжсан агуулахыг нийслэлийн өмчид шилжүүлэн авч, удирдлага, менежментийг хариуцан ажиллах
  • Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 11, 12 дугаар сард махны өргөтгөсөн худалдааг хүртээмжтэйгээр 30-аас доошгүй байршилд зохион байгуулах, шуудан хүргэлтийн үйлчилгээг ашиглан айл өрхөд өвлийн идшээ татан авах нөхцөлийг бүрдүүлэх
  • Хүн амын хаврын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, худалдан борлуулах ажлыг зохион байгуулах
  • Хөдөө аж ахуйн корпорац байгуулах. Уг байгууллагаар дамжуулан хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц, улаан буудайн нөөц бүрдүүлэх замаар үнийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх
  • Эрчим хүчний үнэ тарифыг 2022 оны зургадугаар сарын 01 хүртэл нэмэгдүүлэхгүй байх
  • Хүнсний бүтээгдэхүүн, хүнсний сав баглаа боодол, бусад нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг Гашуунсухайт, Ханги, Бичигт боомтоор нэвтрүүлэн, импортлоход аймгийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийг хилийн боомтуудад татан ажиллуулж, шуурхай арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Мөн импортоор оруулж ирэх хүнсний зориулалттай ачааны хагас болон битүү вагоныг гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудлаар хуулийн төсөл боловсруулан шийдвэрлүүлэхийг Сангийн сайд болон Зам тээврийн хөгжлийн сайд нарт үүрэг болгов.

Товч мэдээ
· Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн баталлаа.
· Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо 2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдах Эдийн засаг, худалдааны Монгол Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрлөө.
· “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Сүхбаатар” хөлөг онгоцыг музей болгоно

Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг 2021 оны аравдугаар сарын 01-нээс зохион байгуулж байна. Тус ажиллагаанд ОБЕГ, ЗХЖШ, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар зэрэг байгууллагын 120 гаруй алба хаагч оролцож буй юм. Хөлөг онгоцыг энэ долоо хоногт татан гаргахаар ажиллаж байна.

Засгийн газрын өнөөдрийн /2021.11.03/ хуралдаанаар Хөвсгөл нуурын усанд 36 жил байсан “Сүхбаатар” хөлөг онгоцны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цаашид аялал жуулчлал, музей болгож ашиглах талаар саналаа танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хөвсгөл аймгийн Засаг даргад, тус хөлөг онгоцыг татан гаргахад оролцсон алба хаагчдыг урамшуулах асуудлыг шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайдад даалгажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гашуунсухайт, Ханги боомтоор хүнс, гол нэрийн бараа бүтээгдэхүүнээ импортолно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

“Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах, тээвэрлэлтийг зохион байгуулах ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт тодорхой ажлуудыг хийлээ. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний импортын шокийн байдал үүссэн. Бараа бүтээгдэхүүнийг татан авах хил гаалийн боломжийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Гашуунсухайт, Ханги боомтоор хүнс болон гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг импортлох нөхцөлийг бүрдүүлнэ. Үүнтэй холбоотойгоор тус хоёр боомтод Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний лаборатори байгуулах, хүнс болон эм, эмнэлгийн хэрэгслийг авто тээврээр нэвтрүүлэх боломжийг энэ долоо хоногтоо багтаан шийдвэрлэхээр боллоо.

Мөн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын 30 доошгүй цэгт ил задгай болон агуулахын худалдааг бий болгохоор боллоо. Энэ жилийн өвөлжилтийн байдал хүнд байгаа учир малын махны экспортыг түр хугацаагаар хязгаарласан. Иймээс бизнес эрхлэгчиддээ хандаж хэлэхэд дээрх төвүүдээр дамжуулан махаа борлуулаарай.

Эдийн засгаа сэргээх 10 их наяадын хөтөлбөрт хөдөө аж ахуйн салбарт хуваарилагдсан 500 тэрбум төгрөгөөс ашиглагдаагүй байгаа эх үүсвэр буюу 150 тэрбум төгрөгийг гурил болон тэжээл үйлдвэрлэгчдэд гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор боллоо” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Аккумляторыг олон улсын стандартад нийцүүлэн дахин боловсруулдаг болно” гэв

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун аюултай хог хаягдлын тээвэрлэлт, устгалын талаар өгүүлснийг хүргэж байна.


Хог хаягдлыг дахин боловсруулах, дахин боловсруулах боломжгүйг нь дарж устгах устгалын байгууламжийн газрын асуудлыг нийслэл болоод улсын хэмжээнд шийдэж чадаагүй байна. Аюултай хог хаягдлыг шатааж устгадаг, ландфильдэж дарж устгадаг байгууламжийн газрын асуудлыг Засгийн газар шийддэг. Үйлдвэр барих газрыг судлаад байршлыг тогтоохоор зарим хороо, дүүргийн иргэд эсэргүүцдэг. Өнгөрсөн хугацаанд бид Багануур дүүрэгт 10 га газрыг төлөвлөөд, Засгийн газрын шийдвэр гарсан боловч тус дүүргийн иргэд эсэргүүцээд шийдэлд хүрээгүй.

Аюултай хог хаягдал бидний дэргэд маш ихээр зэрэгцэн оршиж байдаг. Приус машины батарей, бензин болон дизель хөдөлгүүрт машины аккумлятор гэхчлэн аюултай хаягдлын асуудал хурцаар тавигдаж байгаа. Байгаль орчныг бохирдуулж буй аккумляторын хэд хэдэн үйлдвэр байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас хаасан.

Харин саяхнаас байгаль орчинд ээлтэй, олон улсын стандартад нийцсэн технологийг мөрдүүлж ажиллах гурван компанид Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэг жилийн хугацаатай түр зөвшөөрөл өгсөн. Тэдгээр компаниуд шинэ технологио нэвтрүүлснээр автомашины аккумляторыг дахин боловсруулалтад оруулаад эхлэх юм.

Түүнчлэн аюултай хог хаягдлын нэг томоохон хэсэг нь эмнэлгүүдээс гарч буй хүнд халдварлах эрсдэл бүхий хог хаягдал юм. Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэж, устгах үүрэг бүхий хоёр компани ажилладаг. Хотын баруун бүсийн эмнэлгүүдийн хаягдлыг “Элемент медикал” ХХК, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт, зүүн бүсийн хаягдлыг “Элемент” ХХК Налайх дүүрэгт халуун уураар халдваргүйжүүлж, шатаах зууханд шатааж байгаа.

-Хог хаягдлыг шатаахаар агаарын бохирдол үүсэх үү. Хог боловсруулах үйлдвэрийн стандарт, норм хэр хангагдаж байгаа вэ?

-Шатаах зуух цельсийн маш өндөр температурт ажилладаг, нарийн шүүлтүүртэй байдаг. Зуухны стандарт нарийн чанд. Шаталтаас гарч буй хортой хий, нэгдлүүдийг нарийн шүүлтүүрээр шүүдэг учир агаарын стандартад нийцэж байгаа. Нөгөө талаас ахуйн хог хаягдал, барилгын хог хаягдал, аюултай хог хаягдлын стандартын талаарх танилцуулгыг бид гаргасан байдаг. Стандартыг хэрэглэгчид, СӨХ, иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгааг хийх юм. Хог хаягдлыг хэрхэн ангилан ялгах вэ, хэрхэн зөв хадгалж тээвэрлүүлэх талаар сургалт зохион байгуулна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Х.Нямбаатар: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.


Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Шүгэл үлээгчийн эрхзүйн тухайн хуульд шүгэл үлээгч гэж хэн бэ гэдгийг тодорхойлсон. Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээж, гомдол мэдээллээ албажуулж ирүүлсэн иргэнийг хэлнэ. Тодорхой компани, байгууллагууд зах зээлд үнийн хөөрөгдөл үүсгэх гэж байгааг мэдээлэх зэрэг нь шүгэл үлээгчийн хийх үйлдэл юм.

Хэн нэгнийг гутаан доромжлох, баримтгүй зүйлийг олон нийтэд түгээхийг шүгэл үлээгч гэхгүй. Гаднын улсуудын энэ талаарх хуулийг судалсан. Шүгэл үлээгчээс авсан мэдээллийг сэтгүүлчид нууцлах эрхтэй. Энэ нь эрэн сурвалжлах сэтгүүлзүйд давуу тал үүсгэнэ. Шүгэл үлээгчийн гаргасан нийтийн эрх ашиг сонирхлын эсрэг хийж буй үйлдлийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаад урамшуулахаар хуульчилсан. 100 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэлх урамшуулалтай байхаар зохицуулсан” гэв.