Categories
мэдээ нийгэм

ОХУ-д суралцаж буй оюутнуудын анхааралд

ОХУ-ын Засгийн газар улсынхаа их, дээд сургуулиудад суралцаж буй гадаад оюутнуудыг цар тахлын эсрэг вакцины бүрэн тунг хийлгэсэн эсэхээс үл хамааран танхимын сургалтад хамруулах шийдвэр гаргасантай холбогдуулан дараах мэдээллийг гаргажээ. Үүнд:

-Оросын их, дээд сургуулиуд виз авах шаардлагатай гадаадын оюутнуудын нэрсийн жагсаалтыг бэлтгэж, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, ОХУ-ын Дотоод хэргийн яаманд хүргүүлнэ. Эдгээр жагсаалтыг үндэслэн сургалтын виз олгох зөвшөөрлийг холбогдох яамнаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирүүлснээр, сургалтын виз олгох боломжтой болно.

-ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс виз олгох зөвшөөрөл нь ирсэн оюутнуудын нэрсийн жагсаалтыг өдөр болгон шинэчлэн гаргаж байна. Иймд визний зөвшөөрөл ирсэн эсэхийг 9:00-12:00 цагийн хооронд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд биечлэн очиж шалгах боломжтой. Түүнчлэн цахим шуудан болон утсаар лавлах боломжтой (утасны дугаар: 326037, цахим хаяг: cons_ru@mongol.net). Харин виз олгох зөвшөөрөл ирээгүй тохиолдолд өөрсдийн суралцаж буй их, дээд сургуулийн захиргаанаас тодруулна уу.

-Виз авсан оюутны нэр ОХУ-ын “Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төрийн үйлчилгээний нэгдсэн сан (Госуслуги)”-ийн “Хил нэвтрэх гадаадын иргэдийн жагсаалт”-д бүртгэгдэж хилээр нэвтрэх эрхтэй болно. Энэхүү жагсаалтад бүртгүүлэхийн тулд ОХУ-д зорчихоос 10 хоногийн өмнө зорчих хилийн боомт, товлож буй хугацаа, аялах тээврийн хэрэгслийн төрөл /онгоцоор бол нислэгийн дугаар/ зэрэг мэдээллийг сургуульдаа мэдэгдсэн байна. Уг мэдээллийг үндэслэн сургууль нь тухайн оюутны нэрийг дээрх жагсаалтад оруулж, энэ тухай цахим шуудангаар өөрт нь мэдэгдэнэ.

-Насанд хүрээгүй оюутан зөвхөн нэг асран хамгаалагчийн хамт явж болно. Үүний тулд асран хамгаалагч нь визний зөвшөөрөл авах хүсэлт, холбогдох мэдээлэл, баримт бичгийн хувийг сургуулийн захиргаанд бүрдүүлж өгнө. (Жич: Асран хамгаалагч гэдэгт зөвхөн төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх нь хамаарна)

-ОХУ-ыг зорих оюутнууд нийт хоёр удаа PCR шинжилгээг өгнө. Эхний шинжилгээг хил нэвтрэхээс 72 цагийн дотор өгч, “сөрөг” гэсэн хариуг хэвлэж биедээ авч явна. Хоёр дахь шинжилгээг хил нэвтэрснээс хойш 72 цагт багтаан хийлгэнэ.

Одоогийн байдлаар “МИАТ” компанийн аравдугаар сарын 12-ны өдрийн Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгт, “Аэро Монголиа” компанийн аравдугаар сарын 8 болон 22-ны өдрийн Улаанбаатар-Эрхүү чиглэлийн нислэгт тус тус тийзийн захиалга авахын зэрэгцээ хилийн Алтанбулаг боомтоор ОХУ руу зорчих боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 2636 иргэнийг дархлаажуулна

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 22 цэгт 31 багийн 161 эмч, ажилтан ажиллаж, 2636 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

“Токио-2020” паралимпийн шагналт, Азийн анхны аварга Н.Алтанцэцэг: Хувийн амьдралаа дэлгээд ч хамаагүй мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй хүнд урам, зориг авчирч байвал зорилго минь тэр

Таван тивийг цуурайтуулсан олимпийн бамбарын дөл унтарч амжаагүй тэрхэн зуурт монголчууд “Токио-2020” паралимпийн тамирчдаа алтан медаль, шагналт байрын амжилттайгаар тосон авсан билээ. Анхны гэх амжилтуудын эзэн тамирчин эмэгтэйтэй уулзаж ярилцлаа. “Токио-2020” паралимпийн V байрын шагналт Нямаагийн Алтанцэцэгийн хүрэл медалийн төлөөх барилдааныг олон нийт уухайлан дэмжиж үзсэн.


-“Токио-2020” наадамд амжилттай оролцоод ирсэн танд баяр хүргэе. Монголд анхны гэх амжилтыг тогтоолоо гэж тайлбарлахыг олон хүнээс сонслоо. Паралимпийн төрөлд монголчууд анх удаа олимпийн наадамд шагналт байранд орлоо.

-Сэтгэгдэл маш өндөр байна. Юуны өмнө намайг дэмжсэн нийт монголчууддаа маш их баярлалаа. Паралимпээс анх удаа шагналт байранд орсон монгол эмэгтэй болсондоо баяртай байна. Бас хүмүүсийн халуун хайрыг мэдрэх сайхан байсан.

-Олимпод оролцох эрх авахын өмнөхөн таныг нохойнд уруулж, хүнд бэртэл авсан тухай танай холбооноос мэдэгдсэн. Тэмцээний үеэр бэртэл нь сэдэрсэн үү?

-Олимпод оролцох эсэх нь тодорхойгүй, их хүнд байдалд байсныг эргэн тойрны хүмүүс мэдэх байх. Ялангуяа тэмцээний эрх авах тэмцээнд явахын өмнөхөн бэлтгэлдээ явж байгаад нохойд уруулчихсан. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч охин “Та яаж тэмцээнд явах вэ дээ. Гартайгаа үлдвэл их юм” гэсэн. Үнэхээр ч миний гарын булчин махнаас яах ийхийн зуургүй тасдаад идчихсэн болохоор оёдол тавиулахад онгойсон нүх шахуу юмыг хоёр талаас нь алсаас холбосон байсан. Өвдөлт зовуурь ихтэй байсан ч зорилгоосоо ухраагүй. Өвдөлт одоо ч мэдрэгдэж байгаа. Гэхдээ дэлхийд эхний 8-д эрэмбэлэгдэж байсан болохоор зорилгоосоо ухраагүй ээ. Сая амжилтаа ахиулсандаа ч урам орж, өвдөлтөө мартчихсан, дайрч байсан.

-Уучлаарай, таныг ийм сул хараатайг тайлбарлагчийн ярианаас л мэдлээ. Та шилээ авчихаар бүр бэрхшээлтэй болдог уу?

-90 хувь хараагаа алдсан гэж оношилдог. Шилээ зүүхээр ойр зууртаа боломжийн харна аа. Дэвжээн дээр гарахдаа шилээ авах шаардлагатай учраас барьц, мэхээ мэдрэмжээрээ тооцоолдог.

-Анх тамирчин болох сэдлийг хэн өгсөн бэ?

-Миний бие Увс аймагт төрж, өссөн. Манайх 2004 онд Эрдэнэт хотод шилжиж ирсэн. Тухайн үед хүүхдүүдтэйгээ хамт амьдарч, зургаан нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж, бариа засал хийдэг байлаа. Орхон аймгийн Хараагүйчүүдийн холбооны тэргүүн Сандагдорж нэг өдөр намайг дуудаад “Миний охин барилдах уу? Чи бөхийн удамтай юм байна” гэсэн. Тухайн үед шууд л зөвшөөрсөн. Баярлаад л, бэлтгэл хийж эхэлсэн. Манай аав Аймгийн хурц арслан Нямаа гэж бөх хүн байсан. Аав минь ч тэр үед их дэмжиж, таатай хүлээж авсан. Тэр үед, одоо ч намайг дэмжиж, тусалж ирсэн бүх хүнд баярлаж талархаж явдгаа хэлье. Нэг тамирчны хүч, хөдөлмөр, амжилтын ард маш олон хүн байдаг юм шүү дээ. Д.Нямхүү даргатай Монголын Паралимпийн холбооны хамт олонд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, хоёр багшдаа, багшийнхаа нөхөрт, хоол зүйчдээ гээд маш олон хүнд баярлалаа гэж хэлье. Сая олимпод оролцох багт хоол зүйч зөвлөж хамтран ажилласан нь бидний амжилтыг ахиулахад их дөхөм байсан. Сэтгэл зүйч томилсон байсан ч харамсалтай нь ирээгүй.

-Тамирчин хүнд сэтгэл зүйн дэмжлэг ихээхэн нөлөөтэй байдаг. Тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй паралимпийн тамирчдыг үл тоомсорлох, ялгаварлах хандлага манай нийгэмд байгаа нь нууц биш. Та өөрийн сэтгэл зүйг хэрхэн даван туулдаг вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд өөрийгөө ялан дийлээд бусдын адил хэвийн амьдралаар амьдрахад амаргүй. Орчны хүртээмж бусад зүйлээс шалтгаалаад бид хэн нэгний гарт, хэн нэгэн хүнээс хараат болчих гээд байдаг талтай. Миний хувьд харааны бэрхшээлтэй ч гэлээ энэ бүхнийг даван туулж, аль болох бусдад гай болохгүй, өөрөө өөрийнхөө амьдралыг авч явахыг хичээж ирсэн. Зовлон, шалтаг тоочоод байвал хэн ч амжилтад хүрэхгүй. Паралимпийг телевизээр үзүүлсэн бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст урам зориг, итгэл төрүүлэхэд нэмэртэй байсан байх.

-Таныг орон гэргүй явааг сэтгүүлчид анзаараад, олж хараад сурвалжилж, хандив хүссэн байсан. Олимпийн шагналт байрын тамирчин зуны амбаарт амьдарч байна гэхээр зарим хүн итгэхгүй байх шиг ээ?

-Та бүхний харсан зүйл үнэн байсан. Танихгүй хүмүүс битгий хэл, таньдаг, ойр дотны гэж бодож явдаг зарим нэг найз нөхөд, ах дүүс “Алтаа, энэ үнэн юм уу? Чи үнэхээр амбаарт амьдарч байгаа юм уу” гэж утасдсан. Аавынхаа нэр хүндийг бодсонгүй гэх хүн ч байсан. Багаасаа өөртөө баримталж ирсэн зарчим бол хэн нэгэнд гай болохгүйхэн шиг амьдрах. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл өөрийнхөө сонгосон зам мөрөөр явж ирсэн. Би хичээж байгаа. Хөдөлмөрлөж байгаа. Гэхдээ надад тулгамдсан хэрэгцээ, шаардлагыг олж харж туслахаар шийдсэн тэр сэтгүүлчид баярлаж байгаа. Тамирчин хүний хувьд маш хурдан сэргэлт авч, сайн амрах хэрэгтэй байдаг учраас түрээсийн байраар явах тохиромжгүй. Эрдэнэтээс хотод ирсэн жилээ хөлсний байранд амьдардаг байсан. Нийтийн байранд хүмүүс их шуугилдана. Унтаж амрах боломжгүй шахам, дуу чимээ ихтэй. Хашаанд амар тайван амьдаръя гэхээр маш хол, цаг их алддаг, аюулгүй байдал талаасаа ч амаргүй, бэлтгэлээ тараад шөнө дунд л харьдаг.

Илүү ихийг хийж, амжуулах болно. Эх орноо төлөөлж, олон улсын тэмцээнүүдэд оролцохдоо зарим зардал мөнгийг ээжийнхээ тэтгэврийг зээлж, хашаагаа зарж, аль болох өөрөөсөө зохицуулж ирсэн болохоор жаахан хүнд байдалд орсон нь үнэн. Худал, хуурмаг дүр эсгээд яах вэ. Нөгөө талаас өөрийнхөө тухай яриад өгөөч гэхэд нь татгалзаагүй шалтгаан нь бусад хүмүүст урам зориг өгөх хүсэлтэй минь холбоотой юм. Би яахав ээ, юунд ч амьдарсан, амьдраад л байна. Бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, залууст спортоор хичээллэх, дэлхийд эх орныхоо нэрийг гаргах боломж байдаг шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Олон нийтийн зүгээс намайг дэмжиж, хайрлаж, урам өгсөн, 100 хувь миний талд орсон сэтгэгдлүүд байгааг манай найзууд хэлсэн.

Ярилцлагын дараа хөгжлийн бэрхшээлтэй 2-3 хүн залгаж ярьсан. “Эгч ээ, танаас маш их урам авлаа. Би барилдаж болох уу? Хаана хандах вэ?” гэх зэргээр асуусан.

-Тамирчин Н.Алтанцэцэг “Токио-2020” олимпийн наадмын С байрын шагнал, Азийн анхны аварга болох хүртэл ямар зовлон, бэрхшээл, юуг даван туулсан бол?

-Их чухал асуулт байна. Өнөөдөр манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэмцээн, уралдаанд оролцох битгий хэл, хэвийн амьдралаар амьдрахад бэрх байна. Алхам тутамдаа тулгардаг орчны хүртээмжгүй байдал, харилцаа, хандлагыг тооцохоо больё. Тамирчин болохыг хүссэн маш олон залуус манай үндэсний шигшээ багт ороод удалгүй буцдаг. Тэд хотод өөрийн гэх гэр оронгүй, над шиг иймэрхүү нөхцөлд, нохой шувуунд бариулах юу ч биш, маш эрсдэлтэй байдалд ордог. Шантраад буцдаг. Жишээлбэл, Өвөрхангайн Чулуунсүх гэж харааны бэрхшээлтэй, тамирчин залуу байгаа. Тэр хэд хэдэн удаа ирж бэлтгэл хийсэн. Дорнодоос ч юмуу, ирье гэсэн мундаг хүүхдүүд байгаа ч хамрагдах боломжгүй болдог. Тиймээс ганцхан би гэхээс илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маш их тулгамдаж байгаа асуудлыг хөндөх чухал байна. Монголчууд 3-хан саяулаа хэрнээ хэчнээн их нөөц, чадвартай гээч. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зөндөө чадварлаг тамирчид байгаа. Даанч нийслэл хотод амьдрах орон байр, орчин алга. Сая бэлтгэлийн үеэр тамирчдыг байрлуулах хугацаа дуусч, Мон-Алтиусаас гуйж байж тав хоносон. Таньдаг айл хунараар очно гэхээр коронавируст халдвараас шалтгаалаад хамаагүй явж болохгүй. Тэгж явж байгаад нэг өдөр нохойд бариулж байгаа нь тэр. Хэрвээ бэлтгэлдээ ойр байсан бол тэгж бэртээ ч үү, үгүй ч үү. Ид бэлтгэлийн үед өдөрт гурван удаа, зургаан цагаар дор хаяж бэлтгэлээ хийх хэрэгтэй болдог. Тэгэхээр хол явж болдоггүй, ойр байх ёстой.

-Танд цаашид төлөвлөсөн зүйл юу байна?

-Спортын амжилтаа ахиулахын төлөө уйгагүй хичээллэнэ. Манай жүдог топ спорт гэдэг. Өмнө нь өөрийнхөө сул талыг илүү мэдрээд, үнэнийг хэлэхэд жаахан бэрхшээдэг байсан бол сая Токио-2020 паралимпэд барилдахдаа өөрийнхөө давуу талыг, хүчийг мэдэрсэн. Мэдээж, медалиас мултрахад хүнд байсан. Гэхдээ яагаад ч юм өөртөө итгэх итгэл минь лавширсан. Харих цаг болоогүй байна, илүү сайн барилдана гэж л өөртөө хэлсэн дээ. Манай удам угаасаа яс сайтай. Аав маань 60 гаруй насандаа Эрдэнэтийн наадамд хоёр давж байлаа. Миний хүү ч барилдаж байгаа. Энэ жил их сургуульд элсэн суралцаж байгаа.

-Тамирчин болохыг хүссэн хүн бүрд боломж байгаа гэж үү?

-Байлгүй яах вэ.Хамгийн гол нь хүмүүст мэдээлэл хүрэхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд манай паралимпийн холбоо ямагт нээлттэй. Спортын төв ордны нэг давхарт очоод /баруун талын хаалга/ уулзаарай гэж захья.

Д.ТУЯА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Санчир: Төр, түмнийхээ хүндэтгэлд талархан “Эзэнт гүрний соёрхолт өв” бүтээлээ барья гээд дахин хоёр жил судалгаа, зураг авалт хийсэн

-ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН МИНЬ ХУВЬД МОНГОЛ МӨРӨӨДЛИЙН УЛС НЬ ЮМ ШҮҮ-


“Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн, соёл судлаач, Төрийн соёрхолт Ц.Санчиртай ярилцлаа. Тэрбээр аян замд явахдаа гэмтэл авч байсан гэдэг. Гэсэн ч өөрийнхөө тухай ярих дургүй нь анзаарагдсан. “Монголын Эзэнт гүрний түүх, соёлыг найман зууны дараа сурвалжлан олж, судлахад нэг хэсэг хүний хувийн амьдрал зориулагдаж байгаа. Үүнийгээ нэг их хэлдэггүй, бидний ажил, Монголын их түүх, соёл гэдэг сэдэвтэй зэрэгцүүлж ярьдаггүй юм” хэмээн тайлбарласан. Энэ эмэгтэй Чингис хаан болон түүний залгамжлагчдын хүрсэн бүх газар нутагт очсон соёл судлаач билээ.


-2021 оны шилдэг ном “Мэргэн ном” цомыг УИХ-ын дарга Г.Занданшатар танд гардуулсан. “Эзэнт гүрний соёрхолт өв” гурамсан боть бүтээлээ бэлэн болгоход бүтэн 12 жил зарцуулсан гэсэн. Эзэнт гүрний өв гэж та юуг онцлох вэ?

-“Номын баяр”-ын хүрээнд Төрийн ордонд УИХ-ын даргын урилгаар очоод, шинэ гурамсан боть маань оны шилдэг “Мэргэн ном” хүртсэн мэдээтэй хамт цом гардан авсан. Энэ олон жилийн хичээл зүтгэл, эрэл хайгуулын үр дүн ном бүтээл минь төр түмэндээ ийн үнэлэгдэж, хүндлэгдэж байгаад туйлын баяртай байна.

Тун товчхондоо Монголын эзэнт гүрний баруун жигүүр Ил хаадын анхны нийслэл Мараге хотноо Хүлэгү хааны байгуулсан одон орны туурь дээр 2009 оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн энэхүү бүтээл маань Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан бүх улс, хот сууринд ажилласан судалгаа, зураг авалтын дээж юм. 2017 онд “Төрийн соёрхол” хүртсэнийхээ дараа төр, түмэндээ талархан, эзэнт гүрний уудам нутгаа туулж, дахин хоёр жил ажилласан юм. 2019 оны долдугаар сард гурамсан ботийн хэвлэлийн дизайн, орчуулга, хөрвүүлэг зэргийг бүрэн дуусгаж хэвлүүлэхэд бэлэн болсон. Хэвлэлийн зардал, сүйтгэл хайсаар дахиад хоёр оныг үдэхэд ч судалгааны ажил маань шинэ мэдээ сэлтээр сэлбэгдэж байлаа. Тэгээд саяхан 30 дахь “Номын баяр”-ын босгон дээр хэвлэгдэж дууслаа. Зөвхөн гүйцэтгэлийн шатанд хэвлэлийн дизайны ажил жил гаруй, хэвлэх үе шат гурван сар гэх мэт одоо тоочиход богино илэрхийлэгдэж байгаа ч бүтэн 12 жил зарцуулсан бүтээл юм аа.

Монголын эзэнт гүрний түүх, соёлын жимээр тухайлан ертөнцийг байлдан дагуулагч Чингис хаан болон түүний залгамжлагчдын эрхшээн захирсан, хураан нэгтгэсэн, сэргээн босгосон, бүтээн байгуулсан мянга гаруй газар очсон урлаг, соёл судлаачийн хувьд Эзэнт гүрний өв гэж асар өргөн талбарыг хамарч хариулах сэдэв. Нэгээхэн хэсэг нь энэ бүхий л бүс нутагт байгаа түүх соёл, төр нийгэм, шинжлэх ухааны бүтээн байгуулалт, баримтат өв билээ.

-“Шинжлэх ухаан, урлаг соёл, эрдэм боловсролыг тэтгэсэн үедээ монголчууд дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан” гэж та дүгнэсэн байна лээ. Их хаадын мөрөөр явсан таны хувьд монголчууд гэж хэн бэ?

– Мянга, түм, буман жилийн түүхт үндэстний зөвхөн найман зуун жилийн өмнөх байлдан дагууллын түүх, соёлыг манайх судалдаг. Түүнээс Монгол нутаг бол хүн төрөлхтний нэгэн өлгий, Монголын эзэнт гүрэн бол бүтээн байгуулалтын бахархалт түүх, монголчууд бид язгуураас удирдагч, тэргүүлэгч, асар үнэнч чанартай бүтээн байгуулагч, шинжлэх ухаанч, байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой хөгжиж дэвжиж, үе үеийн эзэнт гүрнийг эрхшээн захирч явсан үндэстэн.

-800 жилийн өмнө Хүлэгү хааны зарлигаар байгуулагдсан одон орны оргилын туурь дээр гэхэд л 30 гаруй удаа очсон гэсэн. Энэ туурь нь Монголын эзэнт гүрний баруун хязгаар Ил хаант улс буюу өнөөгийн Иран улсад байдаг юм байна. Дэлхийн одон орон судлалын шинжлэх ухаанд монголчууд ямар хувь нэмэр оруулсан бол?

-1253 онд Мөнх хаанаас зарлиг аваад, Монголын эзэнт гүрний баруун жигүүрийг тохинуулахаар Хархорумаас цэрэглэн хөдөлсөн Хүлэгү хаан 1256 онд Хазарын тэнгист хүрсэн байдаг. Улмаар Монголын эзэнт гүрний Ил хаадын анхны нийслэл Мараге хотыг байгуулж, тэнд урлаг, соёл, уран барилга, шинжлэх ухааны асар их шинэчлэл хийсэн түүхтэй. Тэдний нэг бол өдгөө ч Мараге хотын Расадхан толгод дээр буурь, туурь нь байдаг “Хүлэгү хааны одон орны оргил” юм. Мөнөөх одон орны оргилын хүрээнд 400 номтой номын сан, одот тэнгэрийг судалдаг багаж хэрэгсэл хийдэг байсан урлан, олон улсаас ирсэн одон орончид, эрдэмтдийн орон сууц зэрэг шинжлэх ухааны бүхэл бүтэн хотын хэмжээнд бүтээн байгуулалт хийгдсэн байдаг. Хүлэгү хааны одон орны оргилоос Монголын эзэнт гүрний Их Юань Улсын нийслэл Хаанбалгаст эрдэмтдийг урьж, Хубилай хааны одон орны хүрээлэнг өргөтгөж байсан зэрэг баримт сэлт нь манай дэд боть болох “Монголын эзэнт гүрний шинжлэх ухааны төв, одон орны оргилууд” астрономийн шинжлэх ухааны тухай нэг сэдэвт бүтээл болсон. Монголын эзэнт гүрний байлдан дагууллын түүхээр энэ олон жил аялан судалгаа хийхдээ бидний түүхийн бахархалт баримтыг илтгэсэн найман одон орны хүрээлэнгийн буурь тууринаа очиж байлаа. Төмөрийн Улс, Их Моголд ч энэ бүтээн байгуулалт залгамж чанартайгаар үргэлжилсэн байдаг. Тухайлбал, монгол хаадын байгуулсан одот тэнгэрийн орчил хөдөлгөөнийг судалдаг хүрээлэнгүүдийн барилга байгууламж бүгд монгол гэрийн загвараас авсан, дугуй хэлбэртэй, бөмбөгөр оройтой, нумыг бэлгэдсэн хаалга цонхтой, монгол хээн чимэглэлийг номин чулуугаар шигтгэж хийсэн байх жишээтэй. Уран барилга, хот байгуулалт, урлаг соёл, дүрслэх урлагийн бүхий л салбарт уялдаа холбоотой хөгжиж ирсэн. Энэ тухай мөн манай шинэ бүтээлийн тэргүүн боть “Монголын эзэнт гүрний уран барилга, хот байгуулалт” бүтээлд дэлгэрэнгүй бий.

-“Иракт нэг газар нь бөмбөг дэлбэрч байхад, нөгөө газар нь музей байгуулж байдаг” гэж та хэлсэн. Тэр үймээн самуунтай газарт ч манай өвөг дээдсийн ул мөр арилаагүй байв уу?

-Монголын эзэнт гүрний баруун жигүүр Ил хаадын хязгаар буюу өнөөгийн Иран, Ирак зэрэг арав гаруй оронд монгол түүх, соёл, уран барилга, хот байгуулалт, одон орон, шинжлэх ухааны асар их дурсгал бий. 1256 оноос бүтэн зууныг Монгол тугийн дор өнгөрүүлсэн бүс нутаг шүү дээ. Энэ үеийг “Монголын үе”, “Ил хаадын үе” гэж нэрлэдэг. Энэ үед Монгол хаад “Мөнх тэнгэрийн хүчин” дор хэмээх монгол бичигтэй тамгаа дарж, зарлигаа айлдаж, зоосоо дэлдүүлж, орд өргөөгөө сүндэрлүүлж, одон орны оргилууд байгуулж, шинжлэх ухааныг сайшаан дэлгэрүүлж, эрхшээн захирсан бүс нутагтаа цаасан мөнгийг нэвтрүүлж, зоосон мөнгөний үйлдвэрлэлийг өндөр хэмжээнд хөгжүүлсэн. Цаашлаад шил, шаазан, шавар, үнэт эрдэнэсийн дурсгалуудад монгол хээ чимэг, хийц маяг нэвт шингэж урлаг, соёлын цоо шинэ түвшинд хүрсэн. Энэ бүх буурь, туурь, дурсгал өнөө ч энэ бүс нутагт бий. Гэхдээ энэ зуун бол мэдээллийн зуун, соёлын зуун. Найман зууныг мэнд түүчээлсэн монгол түүх соёлын дурсгалууд энэ зуунд устах эрсдэлд орж байгаа бүс нутаг. Тийм учраас бид устаж, сүйдэхээс нь урьтаж ядаж “Дуу, дүрс бичлэгийн баримтат өв”-д буулгах гэж цаг нартай уралдан ажиллаж ирсэн билээ.

-Цагаан монголчуудын тухай та номдоо оруулсан. “Тэнгэрийн монголчуудыг 800 жил хүлээлээ” гэж тэд хэлжээ. 1227 онд эх нутгаасаа гарсан тэд одоо хэдүүлээ болсон бэ, биднийг хэрхэн төсөөлдөг бол?

-1227 оны хавар буюу Чингис хааны сүүлчийн байлдан дагууллын үеэр Хөхнуур Төвөдийн өндөрлөгт тархан суурьшсан монголчуудын нэгээхэн хэсгийг өнөөдөр Цагаан монголчууд гэдэг. Өдгөө 241 мянгуулаа. Найман зууны тэртээд нүүдлийн соёлтой, мал аж ахуйтай байсан бол цаг нийгмийн эрхээр суурин соёлтой, газар тариалан эрхэлдэг болсон ч хувцас зүүсгэл, идээ шүүс, хэл ярианд нь бидний түүх тамгалагдан үлдсэн ард түмэн. Тэд биднийг “Тэнгэрийн монголчууд” өөрсдийгөө “Газрын Монголчууд” гэдэг. “Энэ амьдралдаа амжихгүй шиг байна ирэх амьдрал гэж байгаад өөрөө сонгож болдогсон бол гүрний голомт Монгол Улсдаа адуу ч болтугай болж төрөхсөн” гэж ярьдаг. Ерөөс дэлхийн монголчуудын минь хувьд Монгол мөрөөдлийн улс нь юм шүү.

-Сүүлийн 18 жил та суурин үедээ хоногт 20 цаг ажиллаж, аян замд өдөр бүр 15 кг аппарат камер, нөүтбүүк планшет, ном дэвтэр үүрч, өдөр бүр дунджаар 30-50 км алхаж “Устах эрсдэлд буй соёлын дурсгалууд”-аа дуу, дүрс бичлэгийн баримтат өвд буулгасан гэж саяхан нүүр номдоо бичсэн байна лээ. Танд хувийн амьдрал гэж байдаг уу?

-Номын багш минь хүн судлаач, шинжлэх ухааны доктор Ж.Батсуурь хэмээх нэрт эрдэмтэн байсан. Оюутан байхаас минь л эхэлж “Хүн өдөрт дөрвөн цаг унтахад бие физиологийн хувьд бүрэн сайн амралт болдог. 40 хувийн өлсгөлөн байхад тархи сайн ажилладаг гэж багш маань сургадаг байв. Тэр цагаас л өдөрт дөрвөн цаг амарч сурсан. Суурин үед өдөрт 20 цаг ном хэвлэл болон бусад ажлаа амжуулдаг. Аян замд бол нэг газраас нөгөөд хүрэх галт тэрэг, автобус, онгоцонд тэмдэглэл, судалгаагаа буулгаад яг зорилтот газраа очоод, дээр хэлсэн шиг аппарат камер, ном хэвлэл, нөүтбүүк төхөөрөмж зэрэг 15 кг орчим ажлын зэвсгээ бариад боломжтой бүхий л цагт ажилладаг даа. Хүн болгонд хувийн амьдрал бийн адил надад ч бас байлгүй л яах вэ. Миний хувьд ажилдаа бүх цаг хугацаа, анхаарал, боломжоо хандуулдаг.

-Та “Замд гарах зардал мөнгөө базаахаар урландаа ажилладаг” гэсэн. Урлах хобби, гарын ур тань хаанаас эхтэй вэ?

-Зурах, урлах минь ааваас эхтэй. Миний аав мутрын ур, ухааны ур, мэлмийн ур тэгш сайхан хүн байлаа. Ажлынхаа чөлөө заваар модны мужаан, төмрийн дархан хийдэг, үйл хүртэл урладаг байсан. Намайг оюутан болдог жил аав минь хоёр өрөө байрандаа өөрөө тавилга хийж байсан. Би загварыг нь гаргаад, аав минь гурвын банзыг нэг аравны тав болтол гараар харуулдаад, долоо хоног хатдаг ч маш гоё үнэт мебель шиг гүйцэтгэлтэй болдог тосон лакаар лакдаад хийж байв. Бага ах минь ч уран хүн байсан. Нисэх онгоц, усан онгоцны загвар хийдэг, би түүнээс нь суралцдаг байлаа. Сургууль төгссөн цагаас арьсан эдлэл оролдож, аян замынхаа зардал мөнгийг олж эхэлсэн. Зундаа суурин байж өөрөө тохижуулсан угсармал байрны зоорийн давхрын урландаа цөөн чанартай бүтээл хийгээд гадагшаа борлуулаад, мөнгөө дуустал замд явдаг байлаа.

-“Монгол Улсын Төлөө Зүтгэе!” тангарагтай офицерийн гэр бүлд төрж, эх оронч үзлээр хүмүүжсэн би хувьтай хүн” гэж та нэг удаа бичсэн. Гэр бүл, нутаг ус, аав, ээжийнхээ тухай яриач?

-Дорнод хилийн торгон заагаас Дархан хотын барилга гээд эх орныхоо энхийн манаа, их бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан эрхэм хүн миний аав Тогтохын Цэрэндорж. Цэргийн хүний тушаалыг түүний гэр бүл, үр хүүхдүүд хамтдаа биелүүлдэг гэж би боддог. Аавын минь алба, амьдралыг бүхий л цаг үед даруугаар үүрэлцэж явсан хүн миний ээж. Цэргийн хүн олон хүний үлгэр жишээ, загвар болж амьдардаг. Тушаал өгдөг шигээ үүрэг хүлээдэг хүн байдаг. Тийм болохоор хэлсэн бол гүйцэтгэдэг, эхэлсэн бол дуусгадаг, үнэнч тууштай, эх оронч эрхэм зан чанарууд аав, ээжээс минь бидэнд өвлөгдсөн.

Монголын Эзэнт гүрний түүх, соёлын жимээр тууштай зүтгэж буй минь аав, ээжийн ач гавьяа, өндөр дээдэс, өрлөг түүхийн буян заяа билээ.

-Та дэлхийн 50 гаруй улс орноор явж судалгаа хийсэн гэхээр амаараа дүүрэн хэлтэй хүн үү. Соёл судлаач гэдэг таны үндсэн мэргэжил үү?

-Миний үндсэн мэргэжил урлаг судлаач, уран зургийн багш. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд соёл судлалын салбарт ажиллаж байна. Монголын Эзэнт гүрнээс дэлхий даяар тархан суурьшсан монголчууд болон монгол өв соёлын дурсгалууд гэдэг асар өргөн салбарыг хамардаг. Эзэнт гүрний түүх соёлоос гадна хими, физик, газарзүй, эрдэс баялаг, эдийн засаг, инженер технологи, астрономи, анагаах ухаан, геометр, геологи зэрэг шинжлэх ухааны олон салбарт бүтээлчээр эрэл хайгуул хийх, судлах, суралцах шаардлагатай болдог. Жишээ нь “Төрийн Соёрхол” хүртсэн “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” хэмээх олон улсад анх удаа монгол бичиг, кирилл үсэг, англи, перс хэлнээ эрхлэн гаргасан номынхоо Монголын эзэнт гүрний шил, шаазан, шавар дурсгалууд гэсэн бүлгүүдэд хими, физикийн салбараас эрэл хайгуул хийх хэрэгтэй болсон. Монголын эзэнт гүрний үеийн дүрслэх урлагийн дэг сургуулийн тухай бүтээл хэдий ч жишээ нь шилэн урлалд шаардагддаг эрдэс бодисын шинж чанарыг судлах хэрэгтэй болдог. Энэ бүгдийг найман зууны тэртээд монголчууд урлагийн бүтээлдээ судлан ашиглаж эрхшээн захирч байсан бүс нутгийн урлаг, соёлд шинэчлэл хийсэн байдаг. Манай шинэ бүтээлийн гутгаар боть “Монголын Эзэнт гүрний урлаг, соёл” бүтээлд эдгээр баримтат өвүүдийг болон Монголын эзэнт гүрний дүрслэх урлагийн дэг сургуулийг баринтагласан.

-2017 онд “Төрийн соёрхол” хүртсэнийхээ дараа Төрийн ордноос гараад арай ч урлангийнхаа арьс, материалдаа явалгүй оффистоо очиж, ном бүтээлийн ажилтай өнжиж байлаа” гэж дурссан байна лээ. Хүмүүс шагналаа угаана гээд бөөн юм болдог. Харин та яаж “угааж” байв?

-2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын шадар туслах Түвшин гэдэг хүн манай ажил руу залгаж маргааш Төрийн ордонд хуралтай гэсэн. Маргааш нь өнөө хуралд очсон хүн “Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө”-нд Ерөнхийлөгчийн зарлиг айлдах үед л “Төрийн соёрхол” хүртэж байгаагаа мэдсэн. Шагнал авах гэж ямар ч өргөдөл, анкет, хүсэлт шат шатны байгууллагад илгээж үзээгүй, их тулгамдсан. Төрийн соёрхол хүртэх үе миний амьдралын маш үнэ цэнтэй мөч байсан. Тэнгэрт дэвшсэн аав, ээж, ах нар минь бодогдсон. Туулсан зам, үүрсэн зовлон, үзсэн дурсгал, уулзсан элэг нэгтнүүд минь бодогдсон. Тэр өдөр би мөнөөх дуудагдсан хуралд суучихаад, урлангийнхаа арьс, материалыг авах төлөвлөгөөтэй гарсан. Тэгээд “Төрийн Соёрхол” хүртсэн учраас шууд оффис руугаа буцсан. Утас, холбоогоо унтраагаад ажлаа хийгээд суулаа. Их зүйл бодогдсон. Хүмүүс төр засгийн өндөр шагнал хүндэтгэл хүртээд аав, ээж, гэр бүлдээ очдог байх. Тэр өдөр л би төдийгөөс өдий хүртэл юу туулснаа дахин тунгаасан. Тэгээд таны хэлсэнчлэн одонгоо “угаахгүй” гэж дотроо бодсон. Хоймортоо залах аав, ээж минь тэнгэрт дэвшсэн учраас найр хийхгүй л гэсэн юм. Би өөрөө ч найрлаж цэнгээд, идэж уугаад, баярлаж наадамлаад байдаг хүн биш. Ээжээсээ хойш баяр наадмын урилганд очилгүй, шинэ хувцас хийлгэлгүй дөрвөн жил болсон байсан.

Харин төр, түмнийхээ өндөр хүндэтгэлд “Эзэнт гүрний соёрхолт өв” бүтээлээ барья гэж шийдээд, дахин хоёр жил гүйцэтгэлийн шатны судалгаа, зураг авалтаар ажилласан даа. Төрийн өндөр цол шагналыг олонтойгоо ёслохгүй бол болохгүй гэж учир мэдэх улс хэлсээр, бас олны хүлээлт өндөр байсан тул Цагадайн улс, Төмөрийн улс, Алтан Ордын судалгаа зураг авалтаа амжилттай дуусгаад, ёслохоор шийдсэн юм. Гүйцэтгэх захирал, дүрслэлийн антропологич Б.Цэрэнтэйгээ зөвлөлдөж, салбар бүрийн эрхэм сайхан зочдыг урьсан үйл ажиллагааг номын анд Э.Цолмон найздаа даатгасан юм. “Монгол Улсын Төлөө” тангараг өргөж бүхий л амьдралаа зориулсан эгэл офицерийн охины “Төрийн соёрхолд хүндэтгэл үзүүлэх”-д Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам гүн хүндэтгэлтэй хандаж, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цэргийн дуу Бүжгийн эрдмийн чуулга 75 хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн нь эх түүхийн мөрөөр эзэнт гүрнээ туулж яваа өчүүхэн бидэнд асар өндөр хүндэтгэл болж байлаа.

Найз нөхөд, ТАСАМ-ыг дэмжигчид гээд түмэн олныхоо хайр хүндлэлээр өдий зэрэгт хүрч тэр бүгдийн их ихдэхгүй бага багадахгүй дэм тусаар судалгааны гал тасраагүй тул хүн болгоныг уримаар байсан ч байр савны хүрэлцээ багтаамжаас хамааран 300 зочинтой хүндэтгэлийн үйл ажиллагаа болсон. Бүгд л эрвийх дэрвийхээрээ оролцсон. “Чингис хаан” зочид буудал гэхэд холоос ирсэн зочдыг маань байрлуулсан. “Хүннү айр” компани элэг нэгт монголчуудын маань төлөөллийг нислэгээрээ дэмжсэн. Энэ мэтээр олны олон таван цэн болж, төрийн өндөр дээд хишигтээ хүндэтгэл үзүүлсэн дээ.

-“Аян замын зардал сүйтгэл олно гэдэг Исламын дайнтай улсуудад ажиллахаас ч хэцүү асуудал байдаг” гэж та хэдэн жилийн өмнө хэлж байжээ. Одоо ч ийм хэвээрээ юү эсвэл өөрчлөгдсөн үү?

-Хэвээрээ шүү (инээв). Манайх төрийн бус, ашгийн бус байгууллага. Судлаач бид өөрсдийн зорилго тэмүүллээр өдий хүртэл судалгааны гал таслалгүй ажиллаж байна. Тун товчоор арьсан урлалынхаа ашиг тусаар, ном бүтээлийнхээ дэмээр өдий зэрэгтэй ажиллаж байгаа. Сүүлийн үед түүх, соёлдоо хүчээ өгөх, хандив дэм өргөх хүмүүс нэмэгдсээр байгаад талархдаг. Бид хэдийгээр төрийн бус байгууллага ч Монгол Улсын Төрөөс Соёлын талаар баримтлах бодлого, Монгол Судлалын талаар баримтлах бодлого, Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлал зэрэг эрхзүйн олон чухал ач холбогдолтой үйл хэргийг хэрэгжүүлж яваа. Энэ чухал ажлыг төрийн бус байгууллагын хувиар л хийсээр ирсэн. Дээр хэлсэн зүйл бол төрөөс төсөв мөнгө хөөцөлдөх үед ийм, тийм бэрхшээл их гардаг гэсэн зүйрлэл гэх үү дээ. Энэ бол ес, арван жилийн өмнөх төрийн албаны хүнд суртал, уялдаа холбоогүй байдал, авлига хахууль, танилын нүүр, тал тохойн тухай бидний мэдэрсэн бэрхшээл. Зорилтот бүс нутаг, зорьсон түүх дурсгал, угсаатнуудаа устаж, сүйрэхээс нь өмнө гэсээр ажил төрөлдөө төрийнхөө дэмийг хүртэх боломж ховор л байна.

-Та дурсамжийн номоо бичих үү?

-Чингис хаан болон түүний залгамжлагчдын хүрсэн бүх газар нутагт очсон соёл судлаач хэдий ч, амьдралынхаа 18 жилийг энэ л алс хол, хэцүү бэрх аян замд өнгөрүүлсэн ч замын тэмдэглэл ердөө ганцыг хэвлүүлсэн. “Жахангүшейн замаар” буюу Ертөнцийг байлдан дагуулагчийн замаар гэж. Хувийн тэмдэглэл, дурсамжийн номоо бичиж хэвлүүлэхээс илүү тэр цаг хугацаа, зардал мөнгөөр ажил төрлөө амжуулж, аялан судалгаандаа зарцуулсан нь дээр гэж үздэг.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин хонь өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 2, Санчир гариг. Билгийн тооллын 26, Үнэг одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 06:53 цагт мандан, 18:30 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 8-10 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус , өдөртөө 8-10 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 8-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Хэнтэйн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Увс Нууруудын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, ө­дөртөө 8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

НҮБ: Хүнсний үнийн индекс сүүлийн нэг жилд 33 хувиар өссөн

Сүүлийн нэг жилд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Латин Америкт байгалийн гамшиг нэлээдгүй тохиож байна.

Үүнтэй холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний экспортоор тэргүүлэгчдийн нэг Бразилд ургац хураалт буурч, хүнсний үнэ өсөөд байгаа аж. Тухайбал: өнгөрсөн сард жүржийн үнэ гурван долоо хоногт 20 хувиар өссөн бол элсэн чихрийн үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрч өсжээ. Энэ нь цаашлаад дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс өсөх гол хүчин зүйл болж байгаа юм.

НҮБ-аас гаргадаг хүнсний үнийн индекс сүүлийн нэг жилд 33 хувиар өссөн байна. Энэ нь бага орлоготой айл, өрхүүдэд ихээхэн хүндрэл учруулахаар байгаа ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Сайхан бүсгүй шалгаруулах “Miss Asia in USA” тэмцээнд П.Шүүдэрцэцэг оролцоно

Арваннэгдүгээр сарын 20 нд АНУ Лос-Анжелес хотод болох 33 дах удаагийн сайхан бүсгүй шалгаруулах “Miss Asia in USA” тэмцээнд Монгол Улсаа төлөөлж жүжигчин П.Шүүдэрцэцэг оролцохоор болжээ.

Харин дуучин С.Сэрчмаа Монгол Улсаасаа анх удаа уг тэмцээнд ая дуугаа өргөхөөр болсон байна. Тэрбээр АНУ-д тойрох тоглолтоо хийж буй билээ.

Categories
мэдээ нийгэм

Агаар ариутгах 1000 төхөөрөмж хандивлалаа

“Эс Ар Жи Эм” ХХК-аас коронавирусийн хариу арга хэмжээний үйл ажиллагаанд оролцож байгаа болон ор дэлгэн ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад агаар ариутгах төхөөрөмж бэлэглэлээ. Уг төхөөрөмжийн нэг бүрийн үнэ нь 2.2 сая төгрөг бөгөөд нийт 1000 төхөөрөмжийг НОК-т хандивлаж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өнөөдөр “Өргөө”, “Хүрээ” амаржих газар болон Нийслэлийн Түргэн тусламжийн төвд уг төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Энэхүү төхөөрөмж нь гипохлорит натри буюу бактери устгагч бодисыг үйлдвэрлэх онцлогтой, ердийн давсаар гипохлоритын сулруулсан уусмал үйлдвэрлэж, агаарт мананцар үүсгэн, ариутгах ажиллагаатай юм. Түүнээс гадна агаар чийгшүүлэх, ионгүйжүүлэх зэрэг бусад үйлчилгээг давхар үзүүлэх хүчин чадалтай аж. Нян бактери антибиотикт дасал үүсгэдэг бол гипохлорит натри нь бактери устгах сонгодог үйлчилгээтэй байдаг учир аппарат ариутгах зэрэг үйлчилгээнд түлхүү хэрэглэдэг байна. Хиймэл бөөрний аппарат буюу гемодиализийн аппаратын ариутгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд гипохлорит натрийг байнга хэрэглэдэг гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэллээ. Дээрх технологи нь Япон Улсад олон жил туршигдсан технологи юм.

Нийслэлийн “Хүрээ” амаржих газар нь жирэмсэн эхчүүд болон нярайд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үйл ажиллагаа явуулж байгаа барилга нь хуучны технологиор баригдсан учир халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай байдаг. Хагалгааны өрөө болон бусад өрөө, тасалгаанд агааржуулалт нэн чухал учир энэхүү төхөөрөмж маш чухал ач холбогдолтой юм. “Хүрээ” амаржих газар ковидын тусламж үйлчилгээ үзүүлэхээр 30 ор дэлгэн ажиллаж байна.

Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь төвийн зургаан дүүргийн хэмжээнд таван салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хоногтоо 120 гаруй албан хаагч 24 цагийн турш үүрэг гүйцэтгэдэг. Эмч нар нийслэлийн сая гаруй хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа халдвар авах, байгууллага дотор халдвар тараах өндөр эрсдэлтэй байдаг учир агаар цэвэршүүлэгч нэн шаардлагатай байсан гэдгийг Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн ээлжийн ахлагч, их эмч Г.Гантуяа онцолж байлаа.


Нийслэлийн “Өргөө” амаржих газар өнөөдрийн байдлаар 200 ор дэлгэн жирэмсэн эхчүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа юм. Үйлчлүүлэгчдийн амьсгалж байгаа агаар цэвэр байх нь эмчилгээний үр дүн сайнаар нөлөөлдөг. Амьсгалын замын өвчин их үед, иргэдийн уушгинд ирж байгаа ачаалал өндөр тохиолдолд агаарыг цэвэр байлгах шаардлагатай. Коронавирусийн халдвар авсан иргэдээс гадна жирэмсэн эхчүүд ч цэвэр агаарт байх нь чухал гэдгийг Нийслэлийн “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэг хэллээ.


Categories
мэдээ нийгэм

“Шинээр нээгдэх Дижитал музейг Франц кино, бичлэгээр хангах боломжтой” гэв

Франц улсын нийслэл Парис хотноо зуны XXXIII олимпын наадам зохион байгуулагдахтай холбогдуулан Монгол-Франц хоёр орны спорт-олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хоёр орны тамирчдыг шууд ярилцлагад оруулан туршлага солилцуулан сэдэлжүүлэх, Парисын олимп хүртэлх хугацаанд Франц хэлний сургалтад хамруулах, Франц улсаас ирэх сайн дурын ажилтнуудыг орон нутгийн Олимпын зөвлөл, олимпын танхимуудад томилолтоор ажиллуулах хэлбэрээр олимпизмын үзэл санааг сурталчлах болон улс орны тухай нэвтрүүлэг, өдөрлөгийг зохион байгуулах зэрэг чиглэлээр МҮОХ-той хамтран ажиллах талаар санал солилцов.

Зочид төлөөлөгчид МҮОХ-ны төв байранд байрлаж буй Олимпын музейг үзэж сонирхов. Мөн шинээр нээгдэх дижитал музейг Франц орныг сурталчлах кино, бичлэгээр хангах боломжтой талаар мэдэгдэв.

Монгол-Францын төв нь 2004 оны арваннэгдүгээр сарын 29-нд байгуулагдсан ба франц хэл, соёл болоод боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Франц хэлтнүүдийн бүтээл, туурвилыг дэмжих, сошиал сувгуудыг ашиглан мэдээлэл хүргэх чиглэлээр идэвхтэй ажилладаг төрийн бус байгууллага юм.