Categories
мэдээ нийгэм

www.e-mongolia.mn сайтад QR кодоор нэвтэрдэг боллоо

“e-Mongolia” шинэчлэгдэж, бүх насныхан ашиглахад хялбар хэрэглэгчийн интерфейстэй болжээ. Тодруулбал, www.e-mongolia.mn сайтад хандахад, иргэний бичиг баримт цахимжсан бөгөөд ажил бүтээхэд тань туслах багц үйлчилгээ, иргэдийн хамгийн эрэлттэй үйлчилгээг төвөггүйхэн олж, авах боломжтой болсон байна.

Үүний зэрэгцээ www.e-mongolia.mn сайт руу QR кодоор нэвтрэх боломжтой болсон байна. QR кодоор нэвтрэхийн тулд та НЭВТРЭХ гэсэн цэсийн сонгоно. Энэ үед QR код гарч ирэх бөгөөд та гар утас дахь e-mongolia аппликейшнээрээ QR кодыг уншуулан сайт руу хялбар нэвтэрнэ.

Мөн e-mongolia гар утасны аппликейшн шинэчлэгдэж пин кодоор нэвтрэх боломжтой болсон байна. Иргэн та e-mongolia гар утасны аппликейшн рүү нэг удаагийн код, банкны эрх эсвэл тоон гарын үсгээрээ нэг удаа нэвтрэн орж, өөрийн хамгийн сайн мэдэх 4 оронтой тоогоор пин код үүсгэж, цаашид зөвхөн пин кодоор хялбар нэвтрэх боломжтой юм.

Categories
гадаад мэдээ

Францын ерөнхийлөгч асан Саркози хорих ял сонслоо

Францын ерөнхийлөгч асан Николя Саркози 2012 онд сонгуулийн кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн хэргээр нэг жилийн хорих ял сонссон талаар Парисын шүүх Пүрэв гаригт мэдээлэв. Саркози 2007-2012 оны хооронд Францыг удирдсан бөгөөд дахин сонгогдохоор өрсөлдөхдөө хууль ёсны хязгаараас хоёр дахин их мөнгө зарцуулсан болох нь тогтоогджээ.

Тэрбээр үүнийг үгүйсгэж сонгуулийн кампанит ажилд огт оролцож байгаагүй гэж мэдэгдсэн ч шүүх түүнийг “Хуулийн дээд хязгаарыг давсан зардал гаргаж байгааг бичгээр анхааруулсан ч сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлсээр байсан” гэжээ.

Саркози үүнээс долоон сарын өмнө хээл хахуулийн хэрэг болон нэр нөлөөгөө ашиглан бусдын мөнгийг завшсан хэргээр гурван жилийн хорих ял сонссон юм. Шүүх хурлаар Саркози “L’Oreal”-ийн сүүлчийн өв залгамжлагч Лилиана Беттенкурын сэтгэцийн байдлыг ашиглан түүнээс хандивын мөнгө гаргуулах тохиролцоог прокурортой хийсэн болох нь тогтоогджээ. Саркози үүний хариуд тус прокурорт Монакогийн нэр хүндтэй ажлыг санал болгож байжээ.

Гэвч Саркози шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаад байгаа аж.

Categories
гадаад мэдээ

“Merck” компанийн эм “COVID-19”-ийн эрсдэлийг 50 хувиар бууруулжээ

Америкийн “Merck”, “Ridgeback Biotherapeutics” эмийн компанид гарган авсан эм “COVID-19” халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдэлийг 50 хувиар бууруулж буйг судалгаагаар тогтоожээ.

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ вирусын эсрэг үйлчилгээтэй “молнупиравир” хэмээх энэхүү эмийг яаралтай журмаар ашиглахыг зөвшөөрвөл халдварын эмчилгээнд ашиглах анхны дотуур ууж хэрэглэх эм болно.

“Merck”-ийн мэдээлснээр, судалгааны гуравдугаар үе шатны урьдчилсан дүнгээр “молнупиравир” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, цаашлаад нас барах эрсдэлийг ойролцоогоор 50 хувиар бууруулжээ.

Тодруулбал, судалгааны 29 хоногийн хугацаанд “молнупиравир” уусан өвчтөнүүдийн 7.3 хувь нь эмнэлэгт хэвтсэн бол плацебо уусан хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт 14.1 хувьтaй байжээ. Мөн тухайн хугацаанд эм уусан өвчтөн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол плецобо уусан найман өвчтөн нас барсан байна.

Ийнхүү “Merck” судалгааны үр дүндээ тулгуурлан Хүнс, эмийн чанарын хяналтын газраас “аль болох ойрын хугацаанд” зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

“Молнупиравир” нь вакцин биш, харин коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэх боломжтой эмчилгээ юм. Энэхүү эмийг дотуур ууж хэрэглэнэ. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, ийм эмийг гарган авах нь “COVID-19”-өөс ангижрах дараагийн боломж байх магадлалтай байна. Тодруулбал, ийм эм нь вирустэй эрт үед нь тэмцэж, шинж тэмдэг илрэхээс урьдчилан сэргийлэх боломжтой.

“Merck” судалгааны үр дүнгээ хүлээх хугацаандаа эмийн тунгуудыг үйлдвэрлэж байсан бөгөөд энэ оны эцэс гэхэд 10 сая тунг үйлдвэрлэх төлөвтэй байна. АНУ-д одоогийн байдлаар “COVID-19”-ийн эмчилгээнд хэрэглэх вирусний эсрэг нэг эмэнд зөвшөөрөл олгоод байгаа нь “ремдесивир” юм. Гэхдээ энэ эмийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд судсаар хийх тул эрт хийгээд өргөн хүрээгээр хэрэглэх боломжгүй байна.

Categories
мэдээ нийгэм

АН-ын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

Монголын төр, нийгмийн 20 дугаар зууны нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд өнөөдөр ХҮН-ын удирдлагууд, гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.

Одоогоос 23 жилийн тэртээ буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт амиа алдсан юм.

Цэцэг өргөх ёслолын үеэр НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, “С.Зориг агсан бол ардчиллын бэлгэ тэмдэг болж, түүхэнд мөнхөрч үлдсэн хүн. Харамсалтай нь С.Зориг агсны хэргийг улс төрчид өнгөрсөн он жилүүдэд сонгууль бүрийн өмнө лус төржүүлж гаргаж ирдэг. Энэ бол туйлын увайгүй үйлдэл” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, “С.Зориг агсан бол үзэл санаа, үйл хэргийн удирдагч. “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэдэг үг нь өнөөдөр, ирээдүйд улам бүр үнэ цэнтэй байна. Ирээдүйд учрах бүх зүйлийг бид Монгол хүний саруул ухаанаар даван туулна” гэв.

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, “С.Зориг бол тухайн үеийн төр нийгмийн зүтгэлтнүүдийн сор болсон улс төрч байлаа. Энэ хүнийг хөнөөсөн хэргийг илрүүлэх цаг хугацаа хангалттай байсан. Тиймээс түүний амиа алдсан хэргээр улс төржихөө больж, захиалчгийг илрүүлж хариуцлага хүрээлгэх ёстой” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Нас баралтын шалтгааны 51 хувийг зүрх, судасны өвчлөл эзэлж байна

Коронавирусийн халдвар аван эмчлүүлж байсан иргэдээс 19 хүн өнгөрсөн 24 цагт нас барсан болохыг ЭМЯ мэдээллээ.

Эдгээр иргэн архаг хууч өвчний эндсэн хэмээн ЭМЯ мэдээлсэн бөгөөд нас баралтын шалтгааныг харвал

  • 51% – зүрх судасны өвчний
  • 16.1% – чихрийн шижин
  • 9.4% – бөөрний эмгэг
  • 7.5% – элэгний эмгэг
  • 7.2% – мэдрэлийн эмгэг
  • 5.2% – халдвар
  • 3.6% – хэт таргалалт

байжээ.

Иймхүү архаг суурь өвчний улмаас

  • 0-20 насны нэг
  • 21-40 насны хоёр
  • 41-60 насны гурав
  • 61-80 насны 10
  • 80-аас дээш насны гурван хүн энджээ.
Монгол Улсад цар тахал гарснаас хойших өнгөрсөн хоёр жилийн хугацаанд коронавирусийн халдвараар эмчлэгдэж байсан 1,241 хүн амиа алдлаа. Сүүлийн долоо хоногийн хугацаанд л гэхэд 125 хүн эндсэн харамсалтай тоо байна.

КОВИД-19-ийн дельта хувилбар тархаад байгаа энэ үед иргэн бүр өөрийгөө эрсдэлээс сэргийлж, амны хаалтаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Сэлэнгийн нутгаар ахиу хэмжээний нойтон цас орно

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөө шөнө Увс, Завхан, маргааш өдөр Хөвсгөлийн нутаг, Булган, Хэнтийн хойд хэсгээр, 02-03-нд шилжих шөнө Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 10 сарын 01-ний 20 цагаас 10 сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 8-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Хэнтэйн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Увс Нууруудын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

“One Championship”-ын тулаан Монголд болно

Холимог тулааны Ази тивийн хамгийн том холбоо One Championship-ын “Road to One – 2022” тэмцээн Монголд болно.

Энэ талаар тус холбооны үүсгэн байгуулагч Чатри Ситиодтон мэдээлсэн бөгөөд энэ долоо хоногт нээлтээ хийсэн “Мөсөн өргөө” буюу “Steppe Arena”-д зохиох аж.

One Championship-ын дэд ерөнхийлөгч Рич Франклин “Steppe Arena бол дэлхийн стандартад нийцсэн Монгол дахь анхны байгууламж” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 2461 хүнээс халдвар илэрч, 19 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 2461 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 1298 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 1163 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 19 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1241 болов.

Сүүлийн 24 цагт 8254 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 20764 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • Хөнгөн: 11588
  • Хүндэвтэр: 6654
  • Хүнд: 2158
  • Нэн хүнд: 364 хүн байна.
Categories
мэдээ спорт цаг-үе

Хакухо М.Даваажаргал зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлалаа

Японы мэргэжлийн сумогийн домогт аварга Хакухо өчигдөр буюу Баасан гарагт Токио хотноо хэвлэлийн хурал зохион байгуулж, зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлажээ.

Одоо 36 настай тэрбээр 20 жил барилдахдаа 45 тэмцээнд түрүүлж, Япон улсын эзэн хааны цомыг өргөсөн түүхэн дээд амжилтаар сүмогийн замналаа өндөрлүүлж байна. Өчигдрийн хэвлэлийн хуралд Хакухо өөрийг нь 15 настай байхаас эхлэн дасгалжуулсан дэвжээний багш Мияагинотой хамт оролцжээ.

“Би анх сумод ирэхдээ ёкозуна цолтой болохыг л мөрөөдөж байсан. Гэхдээ хэзээ ч 45 тэмцээнд түрүүлнэ гэж төсөөлж байгаагүй. Би алхам алхмаар ахисаар өнөөдрийн энэ амжилтад хүрлээ” гэж хэлэхдээ Хакухогийн хоолой зангирч байв.

Сүүлийн нэг жилийн хугацаанд тэр баруун өвдгөндөө найман сарын зайтай хоёр удаа хагалгаа хийлгэсэн юм. Уг бэртлийнхээ улмаас зургаан тэмцээн дараалан өнжсөн Хакухо энэ оны долдугаар сарын барилдаанд эргэн ирж, ганц ч унаагүй 15 даваагаар төгс ялалт байгуулж байв. Гэхдээ өвдөгний бэртэл нь сэдэрч, дэвжээнд гарах бүртээ мөстэй алчуур тавьж өвдөлтөө намдааж байсан тул зодог тайлах шийдвэр гаргасан юм байна.

Хакухо өчигдөр бас өөрийн багш Мияагинод хүндэтгэл үзүүлжээ. “Үнэнийг хэлэхэд хэн ч бэлтгэлд дуртай байдаггүй. Гэхдээ би багшийнхаа итгэлийг алдахгүйн тулд улам их хичээн бэлддэг байлаа. Багшийнхаа магтаалыг сонсох нь миний хүсэл байсан юм” гэж тэр ярьжээ.

Олимпийн мөнгөн медальт, Монголын үндэсний бөхийн дархан аварга Мөнхбатын хүү Даваажаргал 2001 онд анх Японд сүмо барилдахаар ирж байсан юм.

Тэрбээр 2006 онд дээд зиндаанд анхны түрүүгээ авч байв. 22 насандаа ёкозуна цол хүртсэн Хакухо 2015 оны нэгдүгээр сард домогт аварга Тайхогийн 32 түрүүлсэн дээд амжилтыг эвдэж байжээ.

Зодог тайлсны дараа тэр Мияагино дэвжээндээ багшлах гэнэ.

Хэвлэлийн хурлын үеэр Хакухо үлдэж байгаа цорын ганц ёкозуна цолтон Тэрүнофүжид амжилт хүсээд сүмогийн ертөнцөд олон сайн залуу бөх төрж гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Categories
мэдээ улс-төр

ХҮН-ын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

Монголын төр, нийгмийн 20 дугаар зууны нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд өнөөдөр ХҮН-ын удирдлагууд, гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.

Одоогоос 23 жилийн тэртээ буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт амиа алдсан юм.

Цэцэг өргөх ёслолын үеэр ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Найдалаа, “С.Зориг агсан бол Монголд ардчиллыг авч ирсэн манлайлагчдын нэг. Тиймээс бид ардчилсан үзэл санааг дэмжиж, жил бүр цэцэг өргөдөг. С.Зориг агсны үлдээсэн ардчиллын үзэл санаа, үнэт зүйлийг хөгжүүлж, өнөө цаг үед тохируулан Монгол хүн бүр ажил хийх, бизнес хийх, бүтээн байгуулах эрх чөлөөг бэхжүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, бизнесийн эрх чөлөөг монголчууддаа өгөх хэрэгтэй. Үүний төлөө нам, нас харгалзахгүйгээр нэгдэх нь чухал. Үүнд ХҮН манлайлан оролцоно” гэлээ.

Дашрамд дурдахад, АН-ын удирдлагууд өнөөдөр 11.00 цагт С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэх юм.