Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Сайнбаяр: Тэрбум мод тарина гэж байхаар сая тонны шатахууны агуулах барих хэрэгтэй

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Улсын хэмжээнд шатахууны хомсдолд орсон нь юунаас үүдэлтэй гэж та бодож байна вэ?

-Шатахуунтай холбоотой үүсээд буй хүндрэл бол төрийн харалган бодлогын илрэл. Энэ асуудлыг би АМГТГ-тай холбоотой гэж харж байгаа. Тус агентлаг өөрийн чиг үүргийн хүрээнд улсын нөөцийг бүрдүүлж, хүрэлцээнд нь хяналт тавих ёстой. Тэд сар бүр мэдээ авч, бүртгэл явуулдаг. АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны хомсдол үүсэхээс долоо хоногийн өмнө хоёр удаа хэвлэлийн хурал хийхдээ худлаа ярьсан болж таарч байна. Анх хоёр долоо хоногийн шатахууны нөөц байгаа гэж мэдэгдэж байснаа дараа нь долоо хоногийн нөөцтэй хэмээн мэдэгдсэн. Хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүс ийм хариуцлагагүй мэдээлэл хийх нь асар их хор уршигтай.

Нийгэмд шатахууны хомсдол үүсэх гэж байна гэсэн худал мэдээлэл тарааснаас Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд өдөр тутам оролцдог 600 мянган тээврийн хэрэгслийн жолооч нарын дийлэнх нь банкийг дүүргэсэн. Тиймээс байсан жаахан нөөц нь богино хугацаанд багассан. Улсын стратегийн гол бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлээгүй хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой. Хариуцлага хүлээлгэх хүмүүсийн нэрс нь ч тодорхой байна. Баримтгүй, худлаа ярьдаг дарга нарыг төрөөс зайлуулах хэрэгтэй. Шатахуун импортлогч компаниуд 2021 оны хоёрдугаар сараас эхлэн алдагдалтай ажилласан.

Тэд үнэн учраа хэлээд байхад Монгол Улсын Засгийн газраас иргэдэд таалагдахын тулд үнийг хүчээр бариулсан. Үүний гор өнөөдөр гарч байна. Сонгуулийн өмнө шатахууны үнийг хүчээр барьдаг уламжлалтай болж байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Үнийг нь чөлөөлөх хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд газрын тосны шатах тослох материалын 120 мянган тонн агуулахтай. Өөрөөр хэлбэл, улсынхаа сарын хэрэглээг ч нөөцлөх агуулах сав байхгүй гэсэн үг.

-Нийт 120 мянган тонн агуулахын нөөцийн хэдэн хувь төрийн мэдэлд, хэдэн хувь нь хувийн аж ахуйн эзэмшилд байна вэ?

-Нийт 120 мянган тонн агуулахын 108 мянган тоннын агуулахыг хувийн аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг. 2017 онд Концессын гэрээгээр шатахууны агуулах барих асуудлыг Засгийн газар ярьж байсан. Бүр гэрээг нь үзэглэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа. Энэхүү 100 мянган тоннын агуулахын ажил хэдэн хувьтай явж байгааг салбарын сайдаас асуух хэрэгтэй. Ер нь төр нефтийн үйлдвэр гэж ярихаас өмнө саваа бэлдэх хэрэгтэй. Нөөц бүрдүүлэх ёстой. Яг үнэнийг хэлэхэд Ц.Эрдэнэбаярын яриад байгаа Монгол Улс шатахууны тэдэн өдрийн нөөцтэй гэж хэлдэг мэдэгдлүүд нь баттай эх сурвалжийн мэдээлэл биш шүү. Тиймээс нэн тэргүүнд 2022 оны эхний улиралд багтааж Монгол Улсын Засгийн газар 100 мянган тонн агуулахаа ашиглалтад оруулах хэрэгтэй. Үнэндээ Монгол Улс тэрбум мод тарина гэж байхаар сая тонны шатахууны агуулах сав барих хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс тэрбум мод тарина гэж байхаар гуравхан сая иргэдийнхээ амьдралд тулгамдаад байгаа шатахууны асуудал, тэр дундаа агуулах савны асуудалд анхаарсан нь дээр.

-Хотын дарга хэдэн өдрийн өмнө мэдээлэл хийхдээ манайд 17 мянган тонн шатахууны нөөц байсан хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр нөөц байсаар байтал шатахуун импортлогчид хомсдол үүсгэсэн юм биш үү?

-Хотын дарга Д.Сумъяабазарын хувьд 17 мянган тонн шатахууны нөөц байсан гэж бүдүүн тойм мэдээлэл хийсэнд би хувьдаа харамсаж байгаа. Улстөрчид нэр хүнд олохын тулд, өөрөө баатар болж тодрохын тулд нийгмийн анхааралд байгаа асуудлаар баталгаагүй, судалгаагүй дуугардгаа болих хэрэгтэй. Үнэхээр 17 мянган тонн шатахууны нөөц байсан юм бол АМГТГ дээр аль аль компанийн ямар агуулах саванд байгаа талаарх мэдээлэл нь байх ёстой. Улсдаа томоохон агуулах эзэмшдэг Тэс, МТ, Петровис юмуу яг аль компанид байсныг нээлттэй зарлах хэрэгтэй. Тэр ч бүү хэл иргэд хонон өнжин хэдхэн шатахуун түгээх станцын гадаа дугаарлахаас өмнө зарлах хэрэгтэй биз дээ. Бүхэл бүтэн нийслэл хотыг удирдаж байгаа хүний амнаас тийм хариуцлагагүй үг гардаг байж болохгүй. Үнэхээр тийм хэмжээний нөөц байсан юм бол шатахуун импортлогч компаниуд нөөцөө гаргах ёстой. Ямар нэгэн байдлаар тооцоо судалгаатай, баримттай юм ярихгүй бол хэн нэгний цуурхлаар асуудалд хандаж болохгүй. Бүх зүйл цаасан дээр тооцоотой, нотолгоотой л байх ёстой.

-Шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг асуудал яригддаг. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Тэднийг үгсэн хуйвалдахаас өөр аргагүйд төр өөрөө хүргэдэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Роснефть” үнээ нэмээд нефть импортлогчдыг алдагдалд оруулж байна. Төр энэ асуудал дээр эрт төлөвлөж, бодлогын зохицуулалт хийгээд явчихсан бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй. Гэтэл компаниуд аргаа бараад дампуурлын ирмэгт ирээд 600 төгрөгөөр үнээ нэмэхээр төр тэднийг буруушааж байгаа нь утгагүй. Өнөөдөр шатахуун импортолж байгаа компаниудаас нэг нь л дампуурахад энэ салбарт томоохон доголдол үүснэ. Ер нь төр оролцоно гэдэг сайн менежер хийхийг хэлээд байгаа юм.

-Шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Эргээд шатахууны үнэ буурсан ч бараа бүтээгдэхүүний үнэ буудаггүй асуудлаас үүдэн иргэдийн нуруун дээр ачаалал ирдэг шүү дээ?

-Шатахууны хомсдолоос үүдэн үнэ нэмэгддэг асуудалд ШӨХТГ-аас анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй. Манай байгууллагаас хуурч шатахууны асуудлыг баталгаатай, нотолгоотой дэлгэн гаргаж ирж байсан. Гэтэл ШӨХТГ-аас хуурамч шатахуун Монголд байхгүй хэмээн мэдэгдэж байсан. Тэд ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж байхынхаа оронд шатахууны хомсдолоос үүдсэн үнийн хөөрөгдлийг арилгах ёстой. Өнөөдөр иргэд зөвхөн АИ-92 гэсэн шатахуунд ач холбогдол өгөөд байна л даа. Энэ төрлийн шатахуун Монгол Улсын нийт хэрэглээний 25 хувийг л эзэлдэг буюу жилд 400-500 мянган тонныг хэрэглэдэг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, тээврийн хөлс нэмэгдэнэ гэдэг бол дизелийн түлштэй холбоотой асуудал. Дизелийн түлшний үнэ тогтвортой, хомсдол үүсээгүй байхад үнэ нэмэгдэж байгаа асуудал бол үгсэн хуйвалдаж, зохиомлоор үнээ нэмсэн гэдэг асуудал хүнсний бүтээгдэхүүн импортолж байгаа комданиудтай холбоотой асуудал. Энэ компаниудыг ШӨХТГ шалгалт хийж торгох ёстой. Иргэд АИ-92 хомсдоод тээврийн хөлс нэмэгдсэн гэж ойлгоод байдаг. Тийм юм байхгүй, үнэ өсөх үндэслэлгүй гэдгийг манай байгууллага судалгаагаар тогтоосон. Мэргэжлийн хяналтын байгууллагууд энэ асуудалд анхаарал хандуулж, ажлаа хийх хэрэгтэй.

-Шатахууны чанартай холбоотой асуудлын талаар танай байгууллага байнга шүүмжлэлтэй ханддаг ч холбогдох төрийн байгууллагууд танай мэдээллийг үгүйсгэсэн хариу өгдөг нь ямар учиртай юм бол?

-Манай холбоо Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газартай хамтраад энэ оны дөрөвдүгээр сард шалгалтаар явсан. Бидний хувьд дээж авах процесст нь оролцсон. Түүнээс хойш ажлын дүгнэлт гаргах явц дээр Ашигт малтмал газрын тосны газрын алба хаагчид өөрсдөө оролцоод явж байсан. Энэ шалгалтаар шатахууны чанар үнэхээр муу байгаа гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтаас тогтоочихоод байхад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга нь өөрөө “Монголд өнөөдөр хуурамч шатахуун байхгүй ээ” гээд өөрийнхөө хийсэн ажлыг үгүйсгэчихэж байгаа юм. Хоёрдугаарт, АМГТГ нь “Энэ ажлын хэсгийн дүгнэлт хууль бус” гээд өөрсдийнхөө явсан ажлыг бас үгүйсгэчихэж байгаа юм. Гуравт, Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг хүчингүй болгуулах гээд импортлогч компаниуд Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Хэрвээ энэ акт хүчингүй болох юм бол Монгол Улсад бензин, дизелийн түлшний чанар стандарт гэж яриад хэрэггүй.

-Цаашид дахин улсаараа шатахууны хомсдолд орохгүйн тулд бид юу хийх ёстой вэ?

-Шатахуун, шатах тослох материалууд нь Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүн. Энэ асуудал дээр яалт ч үгүй төрийн оролцоо чухал. Гэхдээ төр оролцоно гээд ирэхээрээ үнэ ярьдаг. Үнийг барих гэж оролддог. Тэгэхээр “Үнэ дагаж чанар юм уу, чанар дагаж үнэ юм уу” гэсэн асуудал урган гарна. Төр оролцохдоо хэрэглэгчдэдээ сонголт өгчих.

Өнөөдөр Монголд нефтийн үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөлтэй найман үйлдвэр бий. Тэр найман үйлдвэр дээр үйлдвэрлэл явуулаад “Монгол 92” нэртэй шатахуун гаргачих. Үнэхээр ОХУ-аас импортолж байгаа сайн чанарын түлш байвал түүнийгээ “Роснефтийн түлш” гээд тодорхой үнэ тавьчих. Гарал үүсэл нь тодорхойгүй бүх төрлийн бензинийг нэг саванд хийгээд нэг үнээр шахдагаа л больчих юм бол хэрэглэгчид хохирохгүй гэдгийг бид удаа дараа хэлж байгаа. Энэ зарчмаар зах зээлийн сонголт өгөх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр төр хэтэрхий их туйлширч үнийг нь бариад байна. Өнөөдөр Монголд нефть импортолдог 118 компани бий. Тэдний дунд томоохонд тооцогдох 14 аж ахуйн нэгж байгаа. Тэдгээр компани Монгол Улсын нийт шатахуун, шатах тослох материалын 80 хувийг импортолж байна. Монгол Улсын төсвийн 15.5 хувийг бүрдүүлж байна. Тэдний хүчинд Монгол Улс шатахуунаар тасарчихгүй байгааг санах хэрэгтэй.

Өнөөдөр бид нефтийн үйлдвэр гээд яриад байгаа ч уг үйлдвэр хаанахын ямар технологиор шатахуун үйлдвэрлэж, боловсруулах юм бэ гэдэг асуудал ч тодорхой болоогүй байна. Монголын нефть энэ үйлдвэрийн технологийн шаардлагад нийцэж байгаа эсэх талаар хэн ч сөхөж ярихгүй байна. Энэхүү салбарын эрдэмтэд энэ асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Дэлхий дээр 4-5 төрлийн нефть бий. Монголын нефть тосорхог учраас бензинд зориулсан уу, дизель түлшинд зориулсан уу гэдгийг өнөөдөр нефтийн үйлдвэрийнхэн ч тайлбарлаж чадахгүй байна. Тэгэхээр бид нефтийн үйлдвэр гэж сүржигнэхээсээ өмнө улсын мэдлийн сая тонны шатахууны агуулахтай болчих хэрэгтэй. Ингэж чадвал Монгол Улс дотоодынхоо зургаан сарын хэрэглээг нөөцөлчихнө гэсэн үг.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан өрхийн эмч Д: Коронавирусээр өвдсөн иргэдийн ёс зүйгүй байдал эмч, ажилчдыг туйлдуулж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Цар тахлын шинээр бүртгэгдэх тохиолдол улсын хэмжээнд буурахгүй, нас баралт өмнөх өдрүүдээс нэмэгдсээр байна. Нэг хороонд коронавирусийн 300-гаас дээш тооны батлагдсан тохиолдол илэрвэл тус хороонд тусламжийн нэмэлт баг ажиллуулах зохион байгуулалтыг хийж байгаа юм. Ийм хороо нийслэлийн хэмжээнд 35 байна. Түүнчлэн эмнэлгүүдэд хүний нөөцийн судалгаа хийхэд 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, бусад 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна” гэж мэдээлсэн. Үүнээс үүдэн 600 орчим эмч, эмнэлгийн ажилтан улсын хэмжээнд шаардлагатай байгаа аж. Бид энэ асуудлын хүрээнд зарим дүүрэг, хорооны эмнэлгийн дарга, ажлаасаа гарсан эмч, сувилагч нартай холбогдож ярилцлаа.


Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Урнаа: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс одоогоор нэг ч эмч, сувилагч ажлаасаа гараагүй

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн даргатай холбогдоход “Одоогоор нэгдсэн эмнэлэг дээр ажлаасаа гарсан эмч, сувилагч алга. Өрхийн эмнэлгүүд л хэцүү байна, залуу эмч нар ч их шантарч гараад байгаа ажиглагдсан. Түүнчлэн жирэмсний амралттай байсан хүмүүс хүүхдээ ой гарантай болгоод эргээд ажилдаа орчихдог байсан бол одоо ийм их ачаалалтай үед орохгүй гэж хэлж байна” гэлээ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны эмнэлгийн дарга Ё.Сугарсүрэн: Наймдугаар сараас хойш манай өрхийн эмнэлгээс гурван эмч, нэг сувилагч ажлаасаа гарсан

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны өрхийн эмнэлгийн даргатай холбогдож ярилцлаа.


-Улаан бүсэд ажиллаж байгаа 500 гаруй эмч, сувилагч өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо хүн ам ихтэй шүү дээ. Хорооны эмнэлгийн ачаалал ямар байна вэ?

-Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 40 гаруй мянган хүн амтай. Хүн ам ихтэй бөгөөд коронавирусийн тархалт, өвчлөл хамгийн өндөр байна. Өдөрт 92-250 тохиолдол илэрч, эмч сувилагч нар их ачаалалтай ажиллаж байна. Манай өрхийн эмнэлэг долдугаар сараас эхлээд хүний нөөцийн дутагдалд ороод эхэлчихсэн.

-Танай хорооны эмнэлэг нийт хэчнээн эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй вэ. Одоогоор хэдэн хүн ажлаасаа гарсан бэ?

-Манайх хуучин 26 эмч, эмнэлгийн ажилтантай байсан. Наймдугаар сарын сүүлээр нэг эмч, нэг сувилагч ажлаа хаяад явсан. Сая есдүгээр сард хоёр эмч ажлаасаа гарсан. Мөн өнөөдрийн байдлаар хоёр эмч, хоёр сувилагч коронавирусийн халдвараар өвдчихсөн, одоо бол хүний нөөцийн хомсдолд орчихлоо. Ажилд авна гэсэн зар тавьсан боловч ирэх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд олдохгүй байна.

-Тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн хэчнээн хувь нь бүртгэлгүй хүмүүс байна вэ?

-Энэ хороонд бүртгэлтэй иргэдээсээ илүү бүртгэлгүй явуулын, хөдөө орон нутгаас ирсэн, байр түрээсэлдэг 20 мянга гаруй хүн бий. Хүмүүс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шилжилт хөдөлгөөн хийж ирдэггүй шалтгаан нь хангалттай сургууль, цэцэрлэг байхгүйтэй холбоотой. Ганц сургуультай, тэр нь хүрэлцээ муу. Хүмүүс хүүхдээ сургууль, цэцэрлэгтэй байлгахын тулд хуучин хаягаасаа шилжиж ирдэггүй. Нөгөө талаараа настай, группт байдаг хүмүүс бас ирэхгүй. Шалтгаан нь Баянзүрх дүүрэг хамгийн олон хүн амтай дүүрэг учраас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад төвөгтэй, ачаалал ихтэй газар. Коронавирусийн халдвар аваад манай хорооноос тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 62 орчим хувь нь түр оршин суудаг, явуулын хүмүүс байна.

-Наймдугаар сараас хойш гурван эмч, нэг сувилагч ажлаасаа гарсан гэж байна. Эмч, сувилагч нар юунаас болоод ажлаасаа гарч байна вэ?

-Тийм. Наймдугаар сарын сүүлээр эмч, сувилагч хоёр ажлаа хаяад, утсаа унтраагаад ор сураггүй алга болсон. Тодорхой хугацааны дараа холбогдоод ажлаас гарсан шалтгааныг нь тодруулахад тариа хийлгүүлж байсан хүн нь “Та нар хэтэрхий удаан байна” гэж загнаад сувилагчийг барьсан тортой юмаараа цохисон гэж байгаа юм. Ер нь коронавирусийн халдвараар өвдсөн хүмүүс эмч, эмнэлгийн ажилтан л ам руу нь коронавирус шахчихсан юм шиг уур, уцаараа гаргадаг. Харин ажлаасаа гарсан эмчийн өрөөнд коронавирусээр өвдсөн өвчтөн орж ирж загнаад, сандлаар цохино гэж далайсан байгаа юм. Түүнээс болоод эмч айгаад дахиж ажилдаа ирэхээ больчихсон. Ер нь ажлаас гарч байгаа эмч, сувилагч нарын гол шалтгаан бол иргэдийн ёс зүйгүй харилцаа хандлага юм.

-Коронавирусийн халдвар тархсанаас хойш эмнэлгийн байгууллага, эмч, эмнэлгийн ажилчид маш их ачаалалтай ажиллаж байгаа. Ажилласныхаа хэрээр цалингаа авч чадаж байгаа юу?

-Одоо хийж гүйцэтгэж байгаа ажилдаа таарсан цалин авч чадахгүй байгаа шүү дээ. Өглөө найман цаг гэж ажилдаа ирээд орой таван цаг 30 минутад тарах ёстой. Гэтэл өдөр цайны цагаараа ч цайгаа ууж чадахгүй, орой найман цаг гээд л ажлаасаа буудаг. Гэр бүлийнхэн нь татгалзаад ажлаас нь гаргаж байна.

-26 дугаар хорооны эмнэлэг хүний нөөцийн хомсдолд аль наймдугаар сараас орсон юм байна. Цаашдаа яах вэ, яаж хүний нөөц бүрдүүлэх вэ?

-Ажлын зар тавиад ч хүн ирэхгүй байна л даа. Бид ажилд авна гэсэн зар тавихдаа зөвхөн хөдөлмөрийн насны хүн гэж бичихгүй байгаа. Тийм байхад ч ажиллах хүн ирэхгүй байна. Өмнө нь бол сайн дураараа ажиллах гээд ирдэг байсан, одоо огт ирэхээ больсон. Тэгэхээр ойрын өдрүүдэд Анагаахын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад төгсөх курсийн оюутнуудыг тодорхой хугацаанд ажиллуулж байна. Яваандаа хүний нөөцөө бүрдүүлэхэд хэцүү болоод л байна. Цаашдаа юу болохыг үнэндээ би хэлж мэдэхгүй.

Үргэлжлүүлэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны эмнэлэгт их эмчээр ажиллаж байгаад ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан эмч Д-тэй холбогдож ярилцлаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.

-Сайн байна уу. Та эмнэлэгтээ хэдэн жил ажилласан бэ, яагаад ажлаасаа гарахаар болов?

-Би өрхийн эмнэлэгтээ их эмчээр хоёр жил гаруй ажилласан. Манай 26 дугаар хорооны хувьд нэлээн хүн ам ихтэй. 40 гаруй мянган оршин суугчтай, гэвч хороондоо ганц л өрхийн эмнэлэгтэй. Манай хорооны 20 гаруй мянган хүн л үндсэн оршин суугчийн бүртгэлтэй. Гэтэл түр оршин суугчдад эм, эмнэлгийн тусламж үзүүлэх санхүүжилт нь орж ирдэггүй. Түүнээс гадна хэл ам ихтэй. “Та нар миний татварын мөнгөөр цалинждаг хэрнээ яагаад олигтой ажилладаггүй юм” гээд эмч нараа барьж авч зодно. Ковидын энэ үед бүр ч их эрсдэлтэй болчихсон. Залуу эмч нар шантрахаас өөр аргагүй болсон шүү дээ. Шөнө орой амраахгүй, утсаар зөвлөгөө өгөхөөр дарамтална. Энэ мэт шалтгаануудаас болоод ажлаасаа гарсан даа.

-Зарим иргэд цахим хуудсаар “Эмч хүн тангараг өргөсөн бол буцах ёсгүй” гэхчлэн их л шүүмжлэлтэй хандах юм?

-Хүмүүс эмчийн ёс зүй л гэж их ярьдаг. Гэтэл урьдаар хувь хүний ёс зүйг ярих ёстой, энэ талаар огт ярьдаггүй. Юм л бол “Чамайг хэлдэг газар нь хэлнэ, ажилгүй болгоно” гэдэг. Коронавирус гараагүй байхад ачаалал харьцангуй гайгүй байсан бол одоо маш их ачаалалтай. Түүний хажуугаар сэтгэл санааны

дарамттай, над руу цөөнгүй удаа юм авч шидэж байсан, миний мэдэх хоёр, гурван ч сувилагчийн биед халдсан. 11 цагаас нааш тарахгүй, уг нь бид ч гэсэн ардаа амьдралтай, үр хүүхэдтэй хүн шүү дээ.

-Ачаалал маш их байгаа, ажилласан цагаараа цалингаа авч чадсан уу?

-Цалингийн хувьд харьцангуй гайгүй. Цалингаас гадна төрөөс ирж байгаа санхүүжилт муу. Жишээлбэл, гадуур коронавирусийн халдвар авсан иргэдэд өрхөөс нь 160 мянган төгрөгийн эм бэлдмэл өгч байгаа. Гэтэл манай хороонд амьдарч байгаа 40 мянган хүний 20 мянган нь түр оршин суух хаягтай учир энэ хүмүүст 160 мянган төгрөгийн санхүүжилт ирдэггүй. Ингээд эерэг гарсан хүн болгонд эм бэлдмэлээ хүргэхийн тулд санхүүжилтээ танаад байдаг. Энэ мэт асуудлаас болоод иргэд их бухимдаж уурладаг.

-Тантай хамт ажиллаж байсан эмч, сувилагч нараас гарсан хүн бий юү?

-Надтай хамт ажиллаж байсан хоёр гурван ч эмч ажлаасаа гарсан.

-Та одоо юу хийж байгаа вэ. Өөр ажилд орох бодол бий юү?

-Одоо суръя л гэсэн бодолтой байна. Гэхдээ нэг ачаалал багатай газар анкет бөглөчихсөн байгаа. Одоогоор бол гэртээ хүүхдээ хараад л сууж байна.

-Зөвхөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гэлтгүй хаа сайгүй л эмч, эмнэлгийн ажилчид ажлаасаа гарсаар л байна. Цаашид эмч, эмнэлгийн ажилчдыг ажлаас нь гаргахгүйн тулд юун дээр анхаарах шаардлагатай байна?

-Эмч, эмнэлгийн ажилчдыг хамгаалах хууль эрх зүйн орчин байх ёстой. Мөн тухайн эмчийн ажлын ачааллыг зохицуулж өгөхгүй бол цаашид улам хүний нөөцийн хомсдол үүснэ. Нэг иргэн миний өрөөнд орж ирээд намайг харааж, дарамтлах үед ядаж намайг хамгаалдаг хуультай байх хэрэгтэй байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх бич өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 03, Адъяа гариг. Билгийн тооллын 27, Их морь одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 6:54 цагт мандан, 18:28 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 5-7 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, ө­дөртөө 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-д халдвараар нас барсан хүний тоо 700 мянга давжээ

АНУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо орон нутгийн цагаар баасан гаргийн оройны байдлаар 700 мянга давсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн тоо мэдээлэл харууллаа.

Цар тахал дэгдсэнээс хойш тус улсын хэмжээнд “COVID-19” халдварын 43.6 сая тохиолдол илэрч, 700 258 хүн нас баржээ.

Түүнээс Калифорни муж улсад хамгийн олон буюу 69 225 хүн, Техаст 65 529 хүн, Нью-Йоркт 55 416 хүн, Флоридад 55 299 хүн нас барсан байна. Мөн Пенсильвани, Иллинойс, Нью-Жерси, Жоржиа, Мичиган, Охайо муж улсад 22 мянга гаруй хүн халдварын улмаас нас баржээ.

“COVID-19” халдварын үзүүлэлтүүдээрээ дэлхийн улс орнуудаас нэгдүгээрт бичигдсэн хэвээр байгаа АНУ-д дэлхий даяар илэрсэн халдварын нийт тохиолдлын 18 гаруй хувь, нас барсан тохиолдлын 15 орчим хувь нь бүртгэгдсэн байна.

АНУ-д халдвараар нас барсан тохиолдлын тоо энэ оны хоёрдугаар сарын 22-нд 500 мянгад, зургаадугаар сарын 15-нд 600 мянгад хүрчээ. Тодруулбал, 500-гаас 600 мянгад хүрэхэд 113 хоног зарцуулсан бол ийнхүү 108 хоногт 600-гаас 700 мянгад хүрсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Итгэмжлэх жуух бичгээ авсан Элчин сайдууд

Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард 24 улсад суух Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцсэн. Гадаад харилцааны яамнаас өгч буй мэдээллээр өмнө нь элчингүүдийн 50 хувь улс төрөөс 50 хувь мэргэжлийн дипломат томилдог жишиг байсан. Энэ удаад 80 хувь нь мерит зарчмаар томилогдож байгааг онцолсон билээ.

Хуулийн дагуу уг томилгоог УИХ-аар хэлэлцэж дэмжсэний дараа Ерөнхийлөгч ёсчлон батлаад, итгэмжлэх жуух бичгийг нь гардуулдаг. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өчигдрийг /2021.10.01/ хүртэл дараах Элчин сайдуудад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулжээ.

  • Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайхан
  • Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэг
  • Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүү
  • Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр
  • Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэн
  • Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатар
  • Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанцэрэнгийн Эрдэнэдаваа
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жигжээгийн Сэрээжав
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбажавын Ганболд
241520698_270983827998875_1910645733202632276_n
241970847_4070138409779818_7895074191551500326_n
241175525_1252708038509489_7347179180519876038_n
241334536_527415418362100_4560297164169628919_n
285151-01102021-1633063168-443125671-244105032_3143773795910622_2251039264201377808_n
243975202_649376859783403_8799376164567809939_n-124012-1533607309
244071484_157658316520529_402680196934081418_n-124010-2087276167
243770198_388141272816577_7746641340793688353_n-124008-1883549977
244112255_351613283317603_4652196436061758_n-124005-1653908800

ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ АВАХААР ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ЭЛЧИН САЙД НАР

  • Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мижиддоржийн Цэнгэг,
  • Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болд
  • Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянаа
  • Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдЭнхтүвшингийн Булган
  • Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалаг
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуяг
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жамсрангийн Бямбасүрэн
  • Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин
  • Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сосорбарамын Энхбаяр
  • Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдСайннямбуугийн Баатаржав
  • Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүү
  • Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх
  • Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раднаабазарын Алтангэрэл
  • Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүх
  • Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийдэлгэрийн Батбаяр
Categories
гадаад мэдээ

Европт байгалийн хийн үнэ хамгийн дээд хэмжээнд хүрчээ

Европт байгалийн хийн үнэ Баасан гаригт хамгийн дээд хэмжээнд хүртэл өссөн нь өвлийн улиралтай золгож буй Европын хэрэглэгчдийн хувьд хүнд цохилт болж байна.

Оросын төрийн мэдлийн Газпром компани аравдугаар сард хийн хоолойн хүчин чадлын дөнгөж гуравны нэгийг ашиглахаар болжээ. Тиймээс “Yamal-Europe” байгалийн хийн хоолойгоор дамжин өнгөрөх хийн нийлүүлэлт өнгөрсөн Пүрэв гариг гэхэд 77 орчим хувиар буурчээ.

Нийлүүлэлт ийнхүү буурснаар баруун хойд Европт хийн хэрэглээний хомсдол үүсч, цаашлаад ирэх өвөл хийн үнэ улам нэмэгдэх эрсдлийг дагуулж буй талаар “Goldman Sachs” мэдээлэв. Тухайлбал, Баасан гаригт Голландын “TTF” төвд нэг мегаватт цаг тутамд өнгөрөх хий 97.73 еврогийн үнэ хүрсэн нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Царт тахлын нөхцөл байдлаас эргэн өндийж буй Азийн улс орнууд байгалийн хийн зах зээлд хатуу өрсөлдөөнийг бий болгож байгаа билээ. Тухайлбал, Хятад улс өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан үнийн өсөлтийг үл харгалзан шингэрүүлсэн байгалийн хий авахаар зорьж байгаа юм.

Гэсэн хэдий ч Европын зүгээс “Газпром” компанид шүүмжлэлтэй хандаж буй. Европын парламентын хэсэг хууль тогтоогч энэхүү үнийн өсөлтөд тус компанийн оролцоо байгаа эсэхийг нягтлахыг Европын комиссоос хүссэн байна. Тус компани “Хойд урсгал-2” хийн хоолойг ашиглалтад орох хугацааг түргэвчлүүлэх үүднээс “шахалт үзүүлэх оролдлого хийлээ” гэж тэд үзжээ.

Харин энэ оны эхтэй харьцуулахад хийн нийлүүлэлтээ 15.3 хувиар нэмэгдүүлээд буй Газпром компани гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байгааг Кремль Баасан гаригт дахин мэдэгдсэн юм. Мөн “Газпром”-ын хамгийн том үйлчлүүлэгчдийн нэг Германы “Uniper” компани Орос улс гэрээгээр хүлээсэн бүх үүргээ биелүүлж байгааг баталсан байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийн анхны хичээлийг заалаа

Өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр ханган шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог дэмжих зорилго бүхий “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийн нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Уг хөтөлбөрийг УИХ-ын дарга Г.Занданшатарын УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан, “People in Need” олон улсын ТББ хамтран хэрэгжүүлж байгаа юм.

УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа хөтөлбөрийг нээж үг хэлэхлээ, “Ардчилсан нийгэмд эрүүл энх, эрх тэгш хөгжин дэвжиж сайн сайхан амьдрахад иргэдийн идэвх оролцоо хамгаас чухал байдаг. Дэлхийн улс орнууд үүнийг хүүхэд залуусаас нь эхлүүлээд олон төрлийн хөтөлбөрөөр дэмждэг. Үүнтэй адилаар өнөөдөр бид залгамж халаа болсон өсвөр үеийнхэнийгээ шийдвэр гаргах үйл явцад оролцуулах, дэмжих, идэвхтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх, мөн Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, дэлхий нийтэд тулгараад байгаа асуудлуудыг танин мэдэх, шийдвэрлэхийн төлөө хамтрах, оролцоог хангах зорилготой “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийг эхлүүлж байна” гэв.

Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад өсвөр үе, хүүхэд залуучуудад чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бүх талтай хамтран ажилладаг, байнгын ажиллагаатай платформ болох зорилготой гэдгийг тэрбээр тэмдэглэн хэллээ. Энэ удаагийн хөтөлбөр уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр зохион байгуулагдаж байгаа бол удаад нь НҮБ-ын Суурин төлөөлөгчтэй хамтран хүүхдүүдийн эрүүл мэнд, зөв хэрэглээний талаар сургалт зохион байгуулах аж.

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцсон нийслэлийн хүүхдүүд агаар, хөрсний бохирдол, хог хаягдлын асуудлыг түлхүү хөндөж байсан бол орон нутгийн хүүхдүүд булаг, шандаа хамгаалах, цөлжилттэй тэмцэх, мод тарих шаардлагын талаар, уг асуудалд шийдвэр гаргачид огт анхаарал хандуулахгүй байгааг шүүмжилж, өөрсдийн зүгээс ямар оролцоотой байж болох талаар асуудал дэвшүүлж байсан гэдгийг тэрбээр тэмдэглэв.

Хөтөлбөрийн нийт оролцогчид олон төрлийн сургалтад хамрагдахын зэрэгцээ баг болж, хамтран, хөтөлбөрийн зохион байгуулагчид болон мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр төсөл хэрэгжүүлэх юм байна. Х.Булгантуяа гишүүн “УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргын хувиар, Монгол Улсыг шинэчлэн өөрчлөх өсвөр үеийнхэний санал шийдэл, санаачилгыг хүлээн авахад бид бэлэн байна. УИХ, түүний Байнгын болон Дэд хороод, Засгийн газрын үүд хаалга 1.1 сая монгол хүүхдийн өмнө нээлттэй байна” хэмээлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улс дахь НҮБ-ын Суурийн зохицуулагч Тапан Мишра үг хэлсэн юм. Хүүхэд, залуу хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн конвенцоор энэхүү эрхийг баталгаажуулсан байдгийг тэрбээр дурдав. Тодруулбал, Монгол Улсын төр засаг хүүхдүүдийн амьдралд нөлөөлж буй аливаа шийдвэр гаргалтад хүүхдүүдийн оролцоог хангах, шийдвэр гаргалтад нөлөөлөх орон зайг бүрдүүлэх, боломжоор хангах үүрэгтэй хэмээн тайлбарласан. НҮБ-ын Хүүхдийн сан энэ чиглэлээр зарим аймагт хамтын ажиллагаа өрнүүлж эхэлсэн бөгөөд Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн хүүхэд, залуус орон нутгийнхаа шийдвэр гаргах үйл явцад аль хэдийнэ оролцоод эхэлсэн байгааг ноён Тапан Мишра энэ үеэр дуулгасан.

“Өсвөрийн Парламент” байгуулсан нь хүүхдийн оролцоог үндэсний түвшинд хангах нэгэн чухал алхам болно гэж найдаж байгаагаа тэрбээр илэрхийлээд “Хөтөлбөрт оролцогчид ангийнхан, найз нөхөд, үе тэнгийнхэнийхээ, улс орныхоо өнцөг булан бүрд байгаа хүүхэд нэг бүрийн дуу хоолойг төлөөлөх болно. Энэ бол маш нэр хүндтэй хариуцлага. Тиймээс зоригтой байж, итгэлтэйгээр дуу хоолойгоо илэрхийл гэж миний зүгээс зөвлөх байна” гэв.

Ноён Тапан Мишра, “Өсвөрийн Парламент” нь хүүхдийн нас, төлөвшлийг харгалзан, үзэл бодлыг нь бүрэн ойлгох хэрэгцээ, харилцан хүндэтгэл дээр суурилсан насанд хүрэгчид-хүүхдийн хооронд мэдээлэл солилцох, ойлголцох гүүр гэдгийг онцлоод УИХ-ын гишүүд, нийт шийдвэр гаргагчдад хандан “Хүүхэд залуусыг анхааралтай сонсоорой, тэд бол бидний ирээдүй юм шүү” хэмээн уриалав. Мөн тэрбээр хөтөлбөрийн оролцогчдыг харилцан хүндэтгэлтэй, эрч хүчтэйгээр оролцож, бие биенээ сонсохыг уриалж “Энэ хөтөлбөр нь дэлхий нийтэд шийдвэр гаргагчид, хүүхэд залуусын хамтын ажиллагааны амжилттай жишээ болтлоо өргөжин, хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Хөтөлбөрийн оролцогчдыг төлөөлж танхимаар оролцож буй нийслэлийн Хан-Уул дүүргийн төлөөлөл, “Шинэ Монгол” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Наранцацралт, цахимаар оролцож буй Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар сургуулийн 11Б ангийн сурагч М.Хүслэн нар мөн үг хэлж, нийт оролцогчдодоо амжилт хүслээ.

Хөтөлбөрийн нээлтийн дараа “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийн оролцогч хүүхэд нэг бүрийг танилцуулав. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг улс орон даяар 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд нээлттэй зохион байгуулсан бөгөөд нийт 1000 гаруй хүсэлтээс 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл 76 хүүхдийг шалгаруулсан байна. Мөн хүүхдийн оролцооны улсын хэмжээний байгууллагуудын төлөөлөл 14 хүүхдийн хамт нийт 90 оролцогчтойгоор “Өсвөрийн Парламент” хөтөлбөр эхэлж байна.

Улс орны ирээдүй болсон хүүхэд, залуусын төлөөлөлтэй уулзаж, ардчилал, хүний эрхийн боловсролыг хүүхэд ахуй цагаас нь олгох, бүтээлч сэтгэхүйтэй, хүчирхэг монгол хүнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой парламентын боловсрол хөтөлбөрийн анхны хичээлийг зааж байгаадаа баяртай байгаагаа УИХ-ын дарга хэллээ. Хүний эрхийн талаарх үзэл бодлоо илэрхийлсэн хөтөлбөрийн оролцогчдын видео бичлэгээр түүний хичээл эхэллээ. Хүний эрхийн талаар хүүхдүүдийн хэлж байгаа бүхнийг нийт монголчууд нийгмийн гэрээ болох Үндсэн хуульдаа “Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” хэмээн тусгасан байдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглэсэн. Энд дурдагдаж буй, монголчуудын байгуулахаар зорьж буй “ардчилсан нийгэм”-ийн талаарх суурь ойлголтыг тэрбээр тайлбарлаж өгсөн юм. Үргэлжлүүлэн тэрбээр хүний эрхийн талаар, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын талаар, Монгол Улсад хүний эрхийг хэрхэн баталгаажуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар хийсэн юм. Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт тусгагдсан иргэн бүрийн баталгаатай эдлэх 18 эрхийн талаар нэгбүрчлэн тайлбарлаж, харилцан ярилцав. Хичээлийн төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар, хүн эрхээ баталгаатай эдлэх ёстой ч, тэрхүү эрх нь өөр нэгний эрхээр хязгаарлагддаг гэдгийг цохон тэмдэглэв. Хүний эрхийн суурь бол бие биенээ хайрлан, хүндэтгэдэг байх гэдгийг тэрбээр сануулж “Нэг нэгнээ, эх дэлхийгээ хайрлаж, хүний эрхийг хүндэтгэе” хэмээн уриалаад хүүхэд залууст сурлага, хөдөлмөрийн амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ хяналт шалгалтаар 954 зөрчлийг илрүүлж, 63.3 хувийг арилгуулжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлага, цагийн хязгаарын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу есдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд улсын хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 1394 (орон нутагт 450, нийслэлд 944) аж ахуйн нэгж байгууллага, иргэн хамруулан хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар орон нутгийн хэмжээнд 830 зөрчил илрүүлэн 61.2 хувийг арилгуулсан бөгөөд орох хэсэгт ажилтан, үйлчлүүлэгчийн вакцины тунд хамрагдсан эсэх, эмнэлгийн магадлагааг шалгах ажилтныг томилж ажиллуулаагүй, биеийн халууныг хэмжээгүй, сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөгүй зөрчил дутагдал нийтлэг илэрч байна. Түүнчлэн ажилчид гар угаах нөхцөлгүй, үйлчлүүлэгч үнэ төлбөргүй үйлчлүүлэх ариун цэврийн өрөөгүй, шууд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалсан, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй зөрчил илэрчээ.

Нийслэлийн хэмжээнд хяналт шалгалтад хамрагдсан аж ахуй нэгж, байгууллагад 124 (түр журам зөрчсөн 121, хариуцлагын гэрээ зөрчсөн 2, цагийн хязгаарлалт зөрчсөн 1) зөрчил илрүүлж 77.4 хувийг арилгуулсан байна.

Хяналт шалгалтын явцад нийт 954 зөрчлийг илрүүлэн 604 буюу 63.3 хувийг арилгуулж, 149 заалт бүхий 47 зөвлөмжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 63 заалт бүхий 10 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, Сүхбаатар аймгийн нэг аж ахуйн нэгжээс шаардлага хангахгүй 17 нэр төрлийн, 119 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлсэн байна.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын асуудлаар санал хуваагджээ

БНАСАУ-ыг пуужин харвасантай холбогдуулан зохион байгуулсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан нэгдсэн зөвшилцөлд хүрэлгүйгээр өндөрлөжээ.

БНАСАУ мягмар гарагт хойд нутгаасаа зүүн зүгт пуужин харвасан бөгөөд түүнээс нэг хоногийн дараа Пёньян шинээр бүтээсэн дуунаас хурдан “Хвасон-8” пуужингийн анхны туршилтаа хийснээ мэдэгдсэн юм.

Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Аюулгүй Зөвлөл АНУ, Их Британи, Францын хүсэлтийн дагуу баасан гарагт яаралтай хаалттай хуралдаан хийжээ.

Энэхүү зөвлөлийг 10 дугаар сард даргалж буй, Кени улсаас НҮБ-д суугаа Элчин сайд Мартин Кимани сэтгүүлчдэд мэдээлэхдээ, хуралдаанаас мэдэгдэл гаргахгүй гэжээ. Түүний хэлснээр, хуралдааны үеэр төлөөлөгчид өөрсдийн санал бодлоо илэрхийлжээ.

НҮБ-ын эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ болон Европын гишүүд баллистик пуужин турших нь Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчих тул холбогдох мэдэгдэл гаргахыг уриалжээ. Гэвч БНХАУ, ОХУ эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

Аюулгүйн Зөвлөлийн энэхүү уулзалтыг анх пүрэв гарагт товлоод байсан ч БНХАУ хуралдаан хийхэд дурамжхан байгаагаа илэрхийлсэнтэй холбоотойгоор хойшлуулсан гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ.

Тус зөвлөл есдүгээр сарын 15-нд буюу Пёньяныг баллистик пуужин харвасны дараа яаралтай хуралдсан ч мөн л нэгдсэн зөвшилцөлд хүрч чадаагүй юм.