Categories
мэдээ спорт

Т.Түвшинтулга, М.Лхагвагэрэл нар өнөөдөр дагаж барилдана

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр Норвегийн Осло хотод эхэлсэн билээ. Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өндөрлөж, финалд барилдах бөхчүүдийн нэрс тодров.

Манай улсаас маргааш 61 кг-ын жинд ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга, 125 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл нар дагах барилдаан хийнэ.

Т.Түвшинтулга дагахад Туркийн Эмрах Орманоглутай, М.Лхагвагэрэл Австрийн Йоханнес Людуширтай тус тус хүч үзэх юм. Хэрэв манай бөхчүүд өрсөлдөгчөө ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.

Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Цэндбаатар: Жиндээ орох асуудалгүй байлаа, бүх зүйл санаснаар болсонгүй

Монгол Улсын Гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар өнөө жил ДАШТ-д оролцуулж өгөхийг Монголын боксын холбооноос хадаг барин, өвдөг сөгдөн гуйсан. Улмаар ДАШТ-д өрсөлдөх эрх албан ёсоор аваад байсан О.Тулгатай өнөөдөр сорил хийхээр болсон юм.

Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас Э.Цэндбаатар жингээ үзүүлээгүй, тэмцээнд оролцоогүй.

Тэгвэл Э.Цэндбаатар өөрийн цахим хуудсанд 60 кг-ын жинд орсон бичлэгийн хамт “60 кг бол миний үндсэн жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан. Тиймдээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн. Жиндээ орсон. Гэхдээ бүх зүйл санаснаар болсонгүй ээ. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа” гэжээ.


Categories
мэдээ нийгэм

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд 7146 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэв

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7146 иргэн хандсанаас 6,600 удаагийн дуудлага мэдээлэлд амжилттай үйлчилсэн байна. Дуудлагын тоо өмнөх өдөртэй харьцуулахад 11,1 хувиар өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 92 хувьд хувьд амжилттай үйлчилсэн байна.

Иргэдээс, “Ковид-19” коронавирусийн халдвар авсан иргэд хэрхэн яаралтай тусламж авах вэ, яаж эмнэлэгт хэвтэх вэ зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой хүсэлт, гомдол, тусгаарлах байрны мөнгө буцаах, гадаадаас ирэх нислэг, тусгаарлалтын талаарх асуулт лавлагаа зохилон ирж байна.

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд есдүгээр сард 198,492 дуудлага ирснээс 173852 буюу 88 хувьд амжилттай үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улс орнууд вакциныг тэгш хуваарилахын төлөө эвлэлдэн нэгдэхийг уриаллаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Гуравдугаар хорооны Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр БНХАУ тэргүүтэй дэлхийн 75 улс орон вакциныг тэгш хуваарилахын төлөө эвлэлдэн нэгдэхийг уриалжээ.

“Цар тахалд хил хязгаар гэж үгүй тул дэлхий дахин эвлэлдэн нэгдэж, олон талын хамтын ажиллагааг өрнүүлэх нь цор ганц шийдэл юм” гэж улс орнуудын хамтарсан мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.

“Цар тахал болон түүнээс үүдэлтэй үр дагаврыг даван туулж, эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг цар тахлын үр дагаврыг хамгийн ихээр амсаж буй хүмүүсийг хамгаалахын төлөө эв нэгдэл, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, ташаа мэдээлэл, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, гадаадын хүнийг үзэн ядах үзлийн эсрэг тэмцэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг бүх улс орон, холбогдох талуудад уриалж байна” гэж БНХАУ-ын НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Жан Жуний уншиж танилцуулсан мэдэгдэлд дурджээ.

Мөн “COVID-19”-ийн вакциныг дэлхий нийтийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө “нийтийн бараа” гэж үзэх шаардлагатай байгааг онцолжээ. Үүнээс гадна вакцины тэгш хүртээмжийг хангахын төлөө хувь нэмрээ оруулж буй улс орнууд, “ACT”, “COVAX” хөтөлбөрийг сайшаасан байна.

“Гэвч улс орнуудын вакцинжуулалтын хөтөлбөр туйлын жигд бус хийгээд шударга бус байгаа тул вакциныг тэгш хуваарилахад урт зам хүлээж байна. Олон оронд, ялангуяа хөгжиж буй орнуудад вакцины хүртээмж хангалтгүй хэвээр байна” гэж хамтарсан мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

124 ААН түр журам зөрчжээ

МХЕГ-аас өнгөрсөн долоо хоногт орон нутагт 450 аж ахуйн нэгжид хяналт тавьжээ. Шалгалтын явцад, биеийн халууныг хэмжээгүй, сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөгүй, үйлчлүүлэгчийн вакцины тунд хамрагдсан эсэх бүртгэлгүй, ариун цэврийн өрөөгүй зэрэг нийтлэг 830 зөрчил илэрсэн байна. Эдгээр зөрчлийг газар дээр нь арилгуулсан гэж мэдээлжээ.

Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотод 944 аж ахуйн нэгжийг шалгалтад хамруулжээ. Үүнээс 124 нь түр журам зөрчсөн, хоёр нь хариуцлагын гэрээ зөрчсөн, нэг нь цагийн хязгаарлалт зөрчсөн байсан байна. Тэдгээрт холбогдох сануулга өгч ажиллажээ

Categories
гадаад мэдээ

​Киргизстан улс эрчим хүчний хомсдолд оржээ


Төв Азийн Киргизстан улс эрчим хүчний ноцтой хомсдолд орж эхэлжээ. Тус улсын хэрэглэдэг нийт эрчим хүчний ихэнх хэсгийг усан цахилгаан станцаар хангадаг. Мөн гуравны нэг орчмыг нь хөрш улсуудаас импортлодог байна.

Гэтэл энэ жил ган гачигтай байснаас усан цахилгаан станцууд нь хангалттай усны нөөцгүй болжээ.

Тухайлбал Киргизийн эрчим хүчний 40 хувийг хангадаг Токтогулийн усан цахилгаан станцын усны нөөц одоо 12.3 тэрбум шоо метр хэмжээтэй байгаа. Өнгөрсөн оны мөн үед усны нөөц нь 15.2 тэрбум шоо метр байжээ.

Есдүгээр сарын 25-нд Киргизстаны засгийн газрын тэргүүн Улукбек Марипов дээрх усан цахилгаан станцын усны нөөцийг нэмэгдүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллахыг Үндэсний Эрчим Хүчний компанийн удирдлагуудад үүрэг болгосон байна.

Тодруулбал 2022 оны дөрөвдүгээр сар гэхэд Токтогулийн усны нөөцийг 15-16 тэрбум шоо метрт хүргэх даалгавар өгчээ.

Үүнтэй холбоотойгоор Үндэсний Эрчим Хүчний компанийн ерөнхий захирал Талаибек Байгазиев станцыг хэмнэлтийн горимд ажиллуулах, шаардлагагүй эрчим хүчний хэрэглээнүүдийг танах болсноо зарласан байна.

Тухайлбал тэр энэ өвлийг давахын тулд зөвхөн айл өрхүүдийн хэрэглээг үлдээж, гудамжны гэрэлтүүлэг, сурталчилгааны самбаруудыг унтраах арга хэмжээ авах тухай мэдэгджээ.

Байгазиев шийдвэрээ зөвтгөхийн тулд зарим сонирхолтой тайлбар хийснийг Киргизийн хэвлэлүүд мэдээлж байна.

“Ресторанууд хоолоо сурталчлах хэрэггүй. Хэрвээ хүн тухайн ресторанаар нэг удаа үйлчлүүлээд гарсан бол хоолны амт чанар, байрлал зэргийг мэддэг болно. Түүнийг дахин ирүүлэхийн тулд 100 чийдэн асаах шаардлага байхгүй”, “Цэцэрлэгт хүрээлэнгүүд өглөө хүртэл гэрэлтүүлэгтэй байдаг. Хэвийн хүн орой унтахаасаа өмнө 10-11 цагийн үед л цэцэрлэгээр зугаалдаг. Тиймээс өглөө болтол гэрэлтэй байх шаардлагагүй, цэцэрлэг ч гэсэн амрах ёстой” гэх зэргээр Байгазиев ярьжээ.

Киргизстаны нийслэл Бишкек хот гэрэлтүүлэг муутайгаараа алдартай бол бусад жижиг хотууд шөнийн цагаар ихэнхдээ тас харанхуй болдог. Тиймээс Байгазиевын шийдэл эрчим хүч хэмнэхэд тус болохгүй гэж шүүмжлэх хүмүүс байгаа юм.

Саяхан Үндэсний Эрчим Хүчний компанийн хэвлэлийн төлөөлөгч Азамат Курамаев хэвлэлд ярихдаа одоогоор айл өрхүүдийн цахилгааны хэрэглээнд хязгаарлалт тогтоох төлөвлөгөөгүй байгааг мэдэгджээ.

Гэхдээ өвлийн улиралд иргэдийн эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг тул хязгаарлах магадлал өндөр гэж олон хүн болгоомжилж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Экспо Дубай 2020” үзэсгэлэнд Монголын үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна

Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) Дубай хотноо “Экспо Дубай 2020” дэлхийн үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Тус үзэсгэлэн нь “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” сэдвээр 2021 оны аравдугаар сарын 1-ээс 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт зургаан сарын туршид зохион байгуулагдах юм.

“Экспо Дубай 2020”-ын ерөнхий сэдвийн хүрээнд Монгол Улсын павильоныг тохижуулж, аялал жуулчлал, байгаль орчин, байгаль цаг уурын өвөрмөц онцлог, зан заншил, уламжлалт ёс, түүх дурсгалыг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ба боломжуудыг сурталчлан, үндэсний үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүний дээжийг танилцуулж байна

Үзэсгэлэнгийн үеэр 2021 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр “Монголын Үндэсний Өдөрлөг” болон бизнес форум зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд хоёр орны бизнес эрхлэгчдийн хооронд хамтын ажиллагаа эхлүүлэх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хот байгуулалт, төлөвлөлт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа бий болгох, харилцан туршлага солилцох боломжийг нээх юм.

Арабын Нэгдсэн Эмират Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жил тохиож байгаатай холбогдуулан энэ жил Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын нийслэл Абу Даби хотноо Элчин сайдын яам нээн ажиллуулах гэж байгаа билээ.

Үзэсгэлэнд Монгол Улс оролцох шийдвэрийг 2018 онд Засгийн газраас гаргасан бөгөөд оролцох бэлтгэл ажлыг Гадаад харилцааны яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулж, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний Музей, Монголын Үндэсний Номын сан, Зэв дижитал нүүдлийн музей зэрэг байгууллагууд дэмжин оролцож байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: 1811 хүнээс халдвар илэрч, 19 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 1811 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 897 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 914 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 19 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1260 болов.

Сүүлийн 24 цагт 6780 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 20816 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

May be an image of text

Categories
мэдээ спорт цаг-үе

Д.Цэндбаатарын багш: “Бид хоёр маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо” гэдгээ мэссэжээр мэдэгдсэн

Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлөөс ДАШТ-д оролцох тамирчныг тодруулахын тулд сорилго тэмцээнд ялсан Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд халз тулаан явуулахаар шийдвэрлэсэн тухайгаа мэдээлж байв.

Энэхүү халз тулаан өнөөдөр Эрдэнэт хотын Сэлэнгэ амралтын баазад болох байсан юм.

Дүрмийн дагуу тамирчид өнөөдөр 07:00-08:00 цагийн хооронд эрүүл мэндийн үзлэгт орж, ОУХМ О.Тулга жиндээ тэнцжээ. Тамирчдын эрүүл мэндийг өглөө үздэг аж.

Харин МУГТ Э.Цэндбаатар эрүүл мэндийн үзлэгтээ ирээгүй байна.

Эрүүл мэндийн үзлэгийн цаг хаагдсаны дараа Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаас тэмцээний шүүгчээр ажиллах байсан Ц.Батнасанд мэссэж ирсэн тухай zarig.mn сайтад өгсөн тодруулгадаа ярилаа.

Уг мэссэжээр Д.Цэндбаатарын багш Б.Энхтайван “Бид хоёр маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо” гэдгээ мэдэгджээ. Тэрбээр ямар шалтгаанаар халз тулаанд оролцох боломжгүй болсон нь тодорхойгүй байна.

Д.Цэндбаатар “Намайг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах бүх боломжоор хангаж өгөхийг хүсэж байна. Би тэнд өөрийгөө харуулмаар байна.

Би одоо 25 настай. Боксын тамирчны карьер 30 хүрээд л дуусдаг. Өөрөөр хэлбэл, энэ бол миний орох дэлхийн аваргын сүүлчийн тэмцээн. Тиймээс үүнд заавал оролцож, Монголынхоо нэрийг гаргаж, ард түмнээ баярлуулахыг хүсэж байна. Эсвэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах тамирчныг сорилоор сонгохыг хүсэж байна” гэсний дагуу Боксын холбооноос О.Тулгатай халз тулалдуулахаар болсон билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна.